Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2021/ДШМ/459

 

      2021            5              13                                      2021/ДШМ/0459                               

 

 

     Ц.Бод холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай                     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор У.Дэндэвдорж,

шүүгдэгч Ц.Бын өмгөөлөгч Г.Бат-Отгон,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

          Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.ГанБ даргалж, шүүгч Д.Чинзориг, Э.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 12 дугаартай шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор У.Дэндэвдоржийн бичсэн 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 05 дугаартай эсэргүүцлээр Ц.Бод холбогдох эрүүгийн 2007000000043 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Ш овгийн Ц-ийн Б,

 

          Налайх хотын ардын шүүхийн 1987 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 53 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

          Налайх дүүргийн ардын шүүхийн 1990 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 56 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар,

          Налайх дүүргийн шүүхийн 1997 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 06 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

             Налайх дүүргийн шүүхийн 1999 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 35 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял, өмнөх 1997 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 06 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас 2 жилийг нэмж нэгтгэн 3 жил 6 сарын хугацаагаар жирийн дэглэмтэй хорих ангид хорих ялаар,

             Налайх дүүргийн шүүхийн 2004 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 3 жил 1 сарын хорих ял, мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 8 жил 2 сарын хорих ял оногдуулж нийт 8 жил 2 сарын хугацаагаар онцгой дэглэмтэй хорих ангид хорих ял оногдуулж, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсон.

             Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар,

             Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 170 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, тус ялыг бүрэн биелүүлээгүй гэх үндэслэлээр ялыг 2019 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 7 дугаартай шүүгчийн захирамжаар торгох ялыг 20 хоног хорих ялаар сольж хорих ялыг биечлэн эдэлж 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр суллагдсан.

 

             Шүүгдэгч Ц.Б Налайх дүүргийн 1 дүгээр хорооны Уурхайчдын 13-560 тоотод архи ууж согтуурсан үедээ 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 14 цагийн орчимд Д.Стай маргалдан улмаар хэвлий тус газар нь нэг удаа хутгалж амь насыг нь хохироож алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

             Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Ц.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар талуудын мэдүүлэг, тайлбар, дүгнэлтүүдийг хянан үзээд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон байх тул дараах нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Үүнд:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон шүүгдэгч нар нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчийн зүгээс хохирогч Д.Сыг өмнө нь 2-3 удаа хутгалж, гарыг нь зүсэж байсан, хохирогчийн дүү Бн биед халдаж бөөрийг нь бяцалж байсан талаар мэдүлсэн болон хэрэгт авагдсан цогцост үзлэг хийсэн тэмдэглэлд хохирогчийн баруун гарын долоовор хурууны хуучин зүсэгдсэн шархны талаар тэмдэглэгдсэн, №09 дугаартай гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтууд авагдсан байх тул шүүгдэгчийн дээрх үйлдлүүдийг мөрдөн шалгах ажиллагаагаар дахин шалгах. Гэрч Б.Эын 2020 оны 2 дугаар сарын 24-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ “... хэсэг хугацааны дараа дахин хүний биед үзлэг хийхэд амин үзүүлэлт хэвинй тогтвортой  зовуурь шаналгаа байхгүй байсан тул зөвлөгөө өгөөд цөгдөө дуудаж өвчтөнийг хүлээлгэн өгсөн” гэсэн мэдүүлэг, “Налайх дүүргийн Эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээний 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн хуудсанд шийдвэрлэсэн байдал гэх хэсэгт Цагдаагийн хэлтэст мэдэгдэж цагдаагийн ажилтанд хүлээлгэн өгөв” гэсэн бичиглэл зэрэг нотлох баримтуудаар хүн хутгалагдсан талаар цагдаагийн байгууллагад мэдэгдсэн гэх боловч тус цагдаагийн хэлтэст 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 19 цаг 20 минутаас 2020 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 19 цаг хүртэл хугацаанд гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгасан ямар ажиллагаа явуулсан талаар тогтоох, 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдөр гэрч Б.Э нь мэс заслын эмчээрр, гэрч Г.Х нь хүлээн авах тасгийн жижүүр эмчээр ажиллаж байхдаа хохирогч Д.Сын биед үзлэг хийхдээ баримтлах хууль тогтоомжийг зөрчиж, үүргээ зохих ёсоор биелүүлээгүй талаар хэрэгт авагдсан бичгийн баримт болон шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлгүүдэд дурдсан байх тул дээрх гэрч нарыг эрүүл мэндийн тусламж үйлчилгээг зохих ёсоор гүйцэтгэсэн эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох зэрэг болно. Иймд шүүгдэгч Ц.Бод холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгүүлэх үндэслэлээр прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ц.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор У.Дэндэвдорж бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдааны явцад “шүүгдэгч Ц.Б нь амь хохирогчийн дүү Д.Бн бөөрийг бяцалж, биед нь халдсан” гэж мэдүүлдэг бөгөөд уг асуудлыг цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулах эрх нь нээлттэй. Түүнчлэн, мөрдөн байцаалтын явцад цогцост гадна үзлэг хийхэд баруун гарын долоовор хуруунд зүсэгдсэн шарх байсан талаар тэмдэглэлд тусгагдаж, гэрэл зургийн үзүүлэлтэд авагдсан, мөн амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдааны явцад “Ц.Б нь амь хохирогч Д.Сыг өмнө нь 2-3 удаа хутгалж, гарыг нь зүсэж байсан” талаар мэдүүлсэн боловч энэ талаар шинжээч эмч С.Төгсбуяны дүгнэлтэд дурдагдаагүй ба энэ талаар дүгнэлт гаргасан шинжээч эмчийг шүүх хуралдаанд оролцуулж тодруулах боломжтой. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдапж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасны дагуу хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах талаар хуульчилсан. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ц.Б нь урьд нь хохирогчийг хутгалж байсан мөн биед нь гэмтэл учруулсан эсэх асуудлыг энэ хэрэгт нэгтгэн шалгах шаардлагагүй буюу шүүгдэгч Ц.Быг амь хохирогч Д.Сын амь насыг хохироож бусдыг алсан гэх хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй гэж дүгнэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж хуульчилсан байдаг. Гэтэл шүүх цагдаагийн байгууллага нь хүн хутгапсан талаарх мэдээлэлтэй холбогдуулан 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 19 цаг 20 минутад хүлээн авснаас хойш 2020 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 19 цаг хүртэл хугацаанд ямар ажиллагаа явуулсан талаар тогтоох нь “шүүгдэгч Ц.Б нь хүнийг алах” гэмт хэргийг шийдвэрлэхэд ямар байдлаар саад учруулж байгаа, дээрх нөхцөл байдлыг тодруулснаар хэргийг шийдвэрлэхэд ямар ач холбогдолтой болох нь тодорхойгүй ба энэ талаар шүүгчийн захирамжид дурдагдаагүй байна. Тухайн хэрэг гарах үед мэс заслын эмчээр ажиллаж байсан Б.Э, хүлээн авах тасгийн жижүүр эмч Г.Х нарыг амь хохирогч Д.Ст эрүүл мэндийн тусламж үйлчилгээг зохих ёсоор үзүүлээгүй гэх асуудлын хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Д.Ст эмнэлгийн ажилтан нь эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор үзүүлсэн эсэх талаар мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Дээрх эмч нарыг амь хохирогчид эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор үзүүлсэн эсэхийг тогтооход тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай нөхцөл байдал үүссэн тул мэргэжлийн шинжээч нараас 3 удаагийн шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Д.Ст эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор, стандартын дагуу үзүүлсэн талаар хоёр удаагийн дүгнэлт гарсан. Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагаагаар эмнэлгийн байгууллагын ажилтны буруутай ажиллагааны улмаас амь хохирогч Д.С нь нас барсан болох нь тогтоогдоогүй тул шүүгчийн захирамжид заасан эмч Б.Э, Г.Х нарыг амь хохирогч Д.Ст эрүүл мэндийн тусламж үйлчилгээр зохих ёсоор үзүүлээгүй эсэхэд дахин мөрдөн шалгаж нэмэлт ажиллагаа хийх шаардлагагүй гэж үзэж байна. Иймд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 12 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.  

 

Шүүгдэгч Ц.Бын өмгөөлөгч Г.Бат-Отгон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь, эмч нарын буруутай үйл ажиллагааг тогтоогоогүй. Эмч Э хэвлийн хөндий рүү нэвтрээгүй гэж оношилсон. Гэтэл тухайн шарх хэвлийн хөндий рүү нэвтэрсэн болох нь задлан шинжилгээгээр тогтоогдсон. Амь хохирогч эмнэлгийн тусламж авч, маргааш нь нас барсан. Эмчийн буруутай үйл ажиллагаа байсан эсэхийг сайн шалгаж тогтоогоогүй. Тухайн үед ЭХО-ны эмч үзээгүй, жижүүр эмчийн бүрэлдэхүүнд ямар эмч нар байсан болохыг тогтоогоогүй. Иймд анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Налайх, Баганхангай дүүргийн прокурорын газраас Ц.Бын Налайх дүүргийн 1 дүгээр хорооны Уурхайчдын 13-560 тоотод архи ууж согтуурсан үедээ 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 14 цагийн орчимд Д.Стай маргалдан улмаар хэвлий тус газар нь хутгалж алсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх Ц.Бод холбогдох хэрэгт шүүгдэгч хохирогчийг 2-3 удаа хутгалж, гарыг нь зүссэн, мөн хохирогчийн дүү Бн биед халдаж бөөрийг нь бяцалсан гэх үйлдлүүдийн талаар дахин шалгах, 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 19 цаг 20 минутаас 2020 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 19 цаг хүртэл цагдаагийн хэлтсээс гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгасан ямар ажиллагаа явуулсан талаар тогтоох, Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн мэс заслын эмч Б.Э, тус төвийн мэдээгүйжүүлгийн эмч Г.Х нар нь 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авах тасгийн жижүүр эмчээр ажиллаж байхдаа хохирогч Д.Сын биед үзлэг хийх явцад хууль тогтоомжийн дагуу үүргээ зохих ёсоор биелүүлсэн эсэхийг шалгах шаардлагатай гэж үзээд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг “хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх”-ээр бичсэн прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч, заримыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хэргээс үзэхэд, шүүгчийн захирамжид дурдсан “шүүгдэгчийн хохирогчийн дүү Бн биед халдаж гэмтэл учруулсан талаар шалгах, Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн мэс заслын эмч Б.Э, тус төвийн мэдээгүйжүүлгийн эмч Г.Х нарын 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авах тасгийн жижүүр эмчээр ажиллаж байхдаа хохирогч Д.Сын биед үзлэг, эмчилгээ хийх явцад хууль тогтоомжийн дагуу үүргээ зохих ёсоор биелүүлсэн эсэх талаар тогтоох” ажиллагааг хийлгэхээр мөрдөн байцаалтын шатанд буцаасан нь үндэслэлтэй байна.

 

Учир нь, талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлэгийн шинжээч эмч С.Чулуунсүхийн гаргасан 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 23 дугаартай “Талийгаач Д.Сын биед цээж, хэвлийн хөндий рүү нэвтэрч зүүн 9 дүгээр хавирга, өрц, чамархай, сэмжийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хурц цус алдалт, хэвлийн хөндий дэх цус хуралт /1700 мл/, голтод цус хуралт, өвчүү ясны далд хугарал, гялтанд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. ... Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ... Талийгаач нь дээрх хатгагдаж зүсэгдсэн гэмтлийн улмаас хурцаар цус алдаж цус алдалтын шокоор нас баржээ. ...” /1хх 56-61/ гэсэн дүгнэлт , эмнэлэгийн тусламж  үйлчилгээг зохих ёсоор биелүүлсэн эсэх талаар хүний их эмч Т.Сын гаргасан 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 3 дугаартай “... Д.С нь бусдад хутгалагдаж биедээ гэмтэл авч Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд 19 цаг 25 минутад хүргэгдэж түүнд зохих шаардлагатай үзлэг, эмчилгээ, үйлчилгээ стандартын дагуу хийгдсэн байна. Налайх дүүргийн эрүүл мэндийн төв нь өвчтөнг 3 цагийн турш ажиглалтанд байлгаж, байнгын хяналтанд амин үзүүлэлтийг хянаж байсан байна. Талийгаач Д.Сын хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шархыг анхны үзлэгээр оношлоход төвөгтэй байж болно. Учир нь, хүний биеийн байрлал, хөдөлгөөний улмаас шархны чиглэл өөрчлөгдөж, анхны шархны мөрийг олоход хүндрэлтэй. Цаана гэмтсэн эрхтэний байдал, шархны хэмжээ мөн алдаж буй цусны эрчим, хэмжээнээс хамаарч илэрч буй шинжүүд нь бүдэг, хэвийн хэмжээний хүрээнд байж болно. 2020 оны 2 дугаар сарын 23-ны орой талийгаач Д.Сын биед үүссэн шарханд эмчилгээ үйлчилгээ үзүүлээд маргааш өглөө нь буюу 2020 оны 2 дугаар сарын 24-нд давтан шинжилгээнд оруулах талаар эмч зөвлөөд явуулж болно. Эмчийн зөвлөсний дагуу 2020 оны 2 дугаар сарын 24-ний өглөө өвчтөн Д.С эмнэлэгт хүрч ирээд эмчилгээ үйлчилгээ авсан бол амь нас аврагдах боломжтой байсан. Өвчтөн 2020 оны 2 дугаар сарын 24-ний өглөө биш, оройн 19 цаг 35 минутад буюу эмчийн зөвлөснөөс 10 цагийн дараа биеийн байдал хүндэрсэн хойно хандсан байна” /1хх 98-99/ гэсэн, шинжээч эмч С.О, М.Энхбаяр, Ө.Сарангэрэл нарын хамтран гаргасан 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 914 дугаартай “2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 23 тоот дүгнэлт үндэслэлтэй, 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 03 дугаартай дүгнэлт үндэслэлгүй, талийгаач Д.Ст шинжилгээ, эмчилгээ үйлчилгээг дутуу хийж буцаасан нь цаг алдсан байна. Тухайн үед цаг алдалгүй, яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн бол амь нас аврагдах боломжтой байсан” /2хх 26-30/ гэсэн, шинжээч эмч Б.У, Ж.Ганцэнгэл, Г.Энхбаатар, Б.Байгалмаа, Б.Баярсайхан нарын хамтран гаргасан 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 73 дугаартай “... 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 03 дугаартай дүгнэлттэй санал нэг байна. 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 914 дугаартай дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Талийгаач Д.Ст анхны эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн тус төвийн мэс заслын тасгийн их эмч Б.Э нь эмчилгээ, үйлчилгээг зохих журмын дагуу үзүүлсэн байна.” /2хх 86-92/ гэсэн харилцан зөрүүтэй, эргэлзээ бүхий шинжээчийн дүгнэлтүүд хэрэгт авагдсан байхад эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтнууд нь амь хохирогчид эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор стандартын дагуу үзүүлсэн талаар хоёр удаагийн дүгнэлт гарсан тул дахин шалгаж нэмэлт ажиллагаа хийх шаардлагагүй гэж прокурор үзсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчжээ.

 

Түүнчлэн, анхан шатны шүүх хуралдааны явцад шинжээч Б.У “... тухайн өдөр 20 цаг 00 минутад Сын биеийн байдал хүндэвтэр, артерын даралт 90/60 байсан. ... Биед учруулсан шархыг шалгаж оёдол тавьсан. Тухайн үед 3 цаг гаран ажиглаад буцаасан байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн хүний эрүүл мэндийн байдал хэвийн, амьсгал хэвийн байсан. Энэ үйл ажиллагаа нь эмнэлгийн дүрэм, журмын дагуу ажилласан гэж дүгнэсэн. ... 3 бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй байна. ... Талийгаачийн хувьд хэвлийн доод хэсэгт учирсан гэмтлээс болж цус алдаж нас барсан. Эмнэлгийн зүгээс стандартын дагуу тусламж, үйлчилгээг үзүүлсэн. ...” /2хх 161-162/ гэж, шинжээч С.О “... Талийгаачийн эмнэлэгт ирэх үед нь шархыг нь оношлохгүйгээр гаднаас нь хараад шууд оёдол тавьсан. Хэрэв оношлоод хаана ямар шарх үүссэнийг мэдсэн бол цаг алдалгүй эмчилгээ хийж амь насанд нь хүрэхгүй байх боломжтой байсан. Зөв оношилсон ч нүдэн дээр ил байсан гүн орсон шархыг наанаас нь оёдол тавихгүйгээр цааш үзэж оношлох ёстой байсан. Анхан шатны үзлэгээ эрэмбэлэх ёстой байсан. ...ЭХО-д үзүүлэх ёстой байсан бөгөөд үүний дараа ямар шинжилгээ хийхийг тодруулан оношлох боломжтой байсан. Шарх нь нүдэн дээр ил, цаашаа орсон хутганы шарх байна. Ийм тохиолдолд ЭХО-д харуулахгүйгээр эмчилгээ хийлгэх боломжгүй. Эхлээд оношоо тавьсны дараа стандартын тухайн яригдана. Энэ хүн хэвлийн хөндийн дотор эрхтэний цус алдалтаас болж нас барсан. Цаг алдалгүй оношлоод тусламж үзүүлсэн бол нас барахгүй байсан. Онош тавьж чадаагүй учир стандарт ярих боломжгүй. ... Талийгаачийг эмнэлэгт ирэх үед шархыг нь оношлохгүйгээр гаднаас нь хараад шууд оёдол тавьсан ...” /2хх 162-163/ гэж эсрэг байр суурьтайгаар тайлбар гаргадаг бөгөөд шинжээч нарын дээрх мэдүүлгийн зөрүүтэй байдлыг нэр мөр болгож дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай гэж үзэж байна. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субъектив тал нь эмнэлгийн мэргэжилтэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өвчтөнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлээгүй, эсхүл зохих ёсоор үзүүлээгүй үйлдэлдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр, харин учирсан хохирол, хор уршигт болгоомжгүй хандсан шинжийг агуулна.

 

Харин эмнэлгийн мэргэжилтэн нь өвчтөний оношийг зөв тогтоогоогүйгээс өвчтөнд буруу эмчилгээ хийж, түүний улмаас эрүүл мэндэд нь хохирол учруулсан эмчийн мэргэжлийн алдааг гэмт хэрэгт тооцох боломжгүй байдаг тул хохирогч Д.Сын амь нас эмчийн буруу оношилсонтой холбоотой эсэх, эсхүл шаардлагатай эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үзүүлээгүй эсэх, Эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг санаатай зөрчсөнөөс хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан эсэхийг тус тус шалгаж тодруулсны эцэст хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иймд хохирогч Д.С нь бусдад хутгалуулан амь насанд нь аюултай хүнд гэмтэл авсны улмаас Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд тусламж авахаар очиход эмч, эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээг хууль тогтоомжид заасны дагуу зохих ёсоор үзүүлсэн эсэх, түүний амь нас хохироход эмнэлгийн мэргэжилтний хуульд заасан буруутай үйл ажиллагаа байсан эсэх талаар зөрүүтэй шинжээчийн дүгнэлтүүдийг нэг мөр болгож, нэмэлт, эсхүл дахин дүгнэлт гаргуулах шаардлагатай байх ба анхан шатны шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

Түүнчлэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон шүүгдэгч Ц.Б нар анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Д.Сын дүү Бн бөөрийг нь бяцартал зодсон ...” /2хх 159, 161/ талаар мэдүүлдэг бөгөөд энэ талаар нэг мөр дахин шалгах шаардлагатай гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт мөн үндэслэлтэй байна.  

 

Харин, шүүгчийн захирамжид дурдсан хохирогчийг өмнө нь 2-3 удаа хутгалж, гарыг нь зүсэж байсан талаар мэдүүлсэн шүүгдэгчийн  үйлдлийг дахин шалгах, 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 19 цаг 20 минутаас 2020 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 19 цаг хүртэл цагдаагийн хэлтсээс гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгасан, ямар ажиллагаа явуулсан талаар тогтоох нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолтой үндэслэл болж чадахгүй тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй байна.

 

Иймд мөрдөн шалгах ажиллагааны явцад хийж гүйцэтгээгүй, орхигдуулсан, хэргийн зүйлчлэл, шүүхийн шийдвэрт нөлөөлж болохуйц эдгээр ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 12 дугаартай захирамжийн дээр дурдсан зарим үндэслэлүүдийг хэвээр үлдээж, мөн прокурор У.Дэндэвдоржийн бичсэн 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 05 дугаартай эсэргүүцлийн мөн дээр дурдсан зарим үндэслэлүүдийг хүлээн авч шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 12 дугаартай шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, прокурор У.Дэндэвдоржийн бичсэн 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 05 дугаар эсэргүүцлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 М.ПҮРЭВСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                                        Б.БАТЗОРИГ