Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2025/ШЦТ/111

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ,

улсын яллагч П.Шижиртуяа,

шүүгдэгч Д.Б******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Д.Б*******д холбогдох эрүүгийн 2515000000101 дугаартай, 304/2025/0110/Э индекстэй хэргийг 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, М******* овогт Д*******гийн Б*******, ******* аймгийн ******* суманд 1991 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, эрэгтэй, 34 настай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Булган аймгийн ******* сумын ******* 3 дугаар багийн “******* ” гэх газарт оршин суух бүртгэлтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: .

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Д.Б******* нь 2025 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Булган аймгийн ******* сумын 3 дугаар баг ******* гэх газарт байх, иргэн Ц.Оы гэрт хохирогч Б.Өийн “утас чинь холбогдохгүй, хаагуур юу хийгээд явдаг юм бэ” гэснээс үүдэлтэйгээр хэрүүл, маргаан болж *******р хохирогч Б.Өийн “нүүрэн тус газарт алгадах, өшиглөх” зэргээр цохиж зодон хохирогчийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.Б******* нь 2025 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Булган аймгийн ******* сумын 3 дугаар баг ******* гэх газарт оршин суух иргэн Ц.Оы гэрт эхнэр Б.Өийн “...утас чинь холбогдохгүй, хаагуур юу, хийгээд явдаг юм...” гэж хэлсэн зүйлээс шалтгаалан үүссэн маргааны явцад Б.Өийг цохих, өшиглөх зэргээр зодож биед нь  “зүүн гуя, баруун гуяны гадна, урд, ар, дотор, хэвлий, баруун шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдлоо.

1.2.Нотлох баримтын үнэлгээ

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

Мөрдөн байцаалтын шатанд цугларсан:

-Хохирогч Б.Өийн: “... 2025 оны 05 дугаар сарын 11-ний өдөр нөхөр болох Б*******ы утас нь холбогдохгүй хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан болохоор эмээ дээрээ очсон юм болов уу гээд хадам эмээ болох Оы гэрт нь очиход байхгүй байсан. Би 10-14 цаг хүртэл хүлээж байгаад машины дугуй нь хагараад хээр байгаа юм болов уу гэж бодоод гараад хайж байтал манай зуслангийн бууцны орчимд нөхөртэйгөө таарсан. Эмээгийнд ороод би нөхрөө “хаагуур юу хийгээд сураггүй алга болчихдог юм бэ” гэхэд манай нөхөр Б******* адуу малаа хараад завгүй явж байна гээд хоорондоо маргалдсан. Маргалдаж байгаад манай нөхөр намайг зодсон.

Би маргааш өдөр нь буюу 05 дугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн ******* сумын эмнэлэгт ирж үзүүлсэн. Миний бие тэр чигтээ хөхөрсөн байсан. Манай нөхөр Б******* нь тухайн үед хромон гуталтай байсан. Миний баруун хөлийн гуя хэсэг рүү 1 удаа өшиглөсөн. Дараа нь миний баруун хөлийн шилбэ хэсэг рүү 1 удаа өшиглөсөн. Миний баруун шанаа хэсэг рүү гараа атгаж байгаад 1 удаа цохсон. Миний хэвлий буюу давсаг хэсэг рүү 1 удаа өшиглөсөн. Миний зүүн суга хэсэг рүү араас 1 удаа өшиглөсөн. Миний баруун цээж хэсэгт гараа атгаж байгаад 1 удаа цохсон. Миний зүүн гарын шуу хэсэг рүү 1 удаа өшиглөсөн.

...Би Б*******тай гэрлээд 13 жил болж байна. 13 настай эмэгтэй, 10 настай эрэгтэй, 7 настай эрэгтэй 3 хүүхдийн аав ээжүүд. Б******* нь урьд өмнө нь намайг зодож цохиж байгаагүй. Саяны тохиолдолд намайг зодсон. Гэр бүлийн хүмүүст хэрэлдэж маргалдах тохиолдол байлгүй яах вэ. Гэхдээ надад гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан тохиолдол байхгүй. Урьд өмнө нь гэр бүлийн хүчирхийллийн талаар цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгч байгаагүй. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Би сэтгэл санааны хохирол, сэтгэцийн дүгнэлт гаргуулах шаардлагагүй. Б*******д гомдол санал байхгүй... ” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 06-10, 11-14 дэх тал/,

-Гэрч А.Мын: “...Би 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ******* сумын эрүүл мэндийн төвийн ээлжийн эмчийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд ******* сумын 3 дугаар багт Б.Ө гэх эмэгтэй 2025 оны 05 дугаар сарын 11-ний өдөр нөхөр Д.Б*******д зодуулсан гэж үзүүлэхээр ирсэн. Би ямар зовуурьтай байгааг асуухад зүүн гар даагдахгүй, юм атгаж чадахгүй, толгой өвдөж, юм хазах үед эрүү баруун тал руугаа өвдөж байна гэсэн.Би үзэхэд баруун цавь, 2 хөл хэвлий, зүүн суганы орчим, цээж хэсгээр хөхөрсөн эмзэглэлтэй биеийн олон хэсгийг хамарсан өнгөц гэмтэлтэй байсан...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 16-19 дэх тал/,

-Гэрч Ц.Оы: “...2025 оны 05 дугаар сарын 11-ний өдөр манай бэр Ө нь Орхон аймаг явах гээд манайхаар ирсэн. Б*******ыг хайгаад урагшаа адууны хашаа руу явсан. Төд удалгүй тусдаа машинтай манай зээ хүү Б*******, эхнэр нь болох Ө нар хоорондоо хэрэлдээд орж ирсэн. Тэгээд тэр 2 хоорондоо зодолдоод байсан. Би боль гэж хэлээд гэрээс гаргасан. Тэр 2 машиныхаа тэнд очоод дахиад зодолдоод байсан. Тэгээд гэрт орж ирж хоол идэж байгаад бэр Ө Б*******ыг цагдаад өгнө гэж хэлж байсан. Тэгээд Б*******, Ө хоёр сарваганаад ноцолдож унаж босоод зууралдаад л байсан. Урьд өмнө нь зөндөө хэрэлддэг бас зодолддог байсан. Ө үхрээ, Б******* адуугаа маллахад анхаарч санал зөрөлдөн хэрэлдэж эцэстээ зодолдоод дуусдаг...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-22 дахь тал/,

-Гэрч Х.Дгийн: “...Би 2025 оны 05 дугаар сарын 11-ний өдөр гэртээ хэвтэж байсан чинь гадаа Б*******, Ө нар нь орилолдоод хадам ээж О болиоч гээд орилж байсан. Тэгээд би гараад харахад Ө машин түшээд зогсож байсан. Б******* наанаас нь очоод алхаж байхаар нь би хөгшин хүний хажууд больцгоо гэхэд хэрэлдэхээ больж хадам ээжийн гэр лүү орцгоож хоол унд идсэн. Өөр надад мэдэх зүйл байхгүй. Би ойр биш болохоор сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,

-Гэрч Ц.Гын: “...Би 2015 онд ******* суманд ажиллаж амьдардаг байхдаа танилцаж байсан. Б*******, Ө нарыг сайн танина. Гэрээр нь орж гардаг найз нөхдийн холбоотой хүн. Би Б*******ыг цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа талаар мэдээгүй. Манай найзууд болох Б*******, Ө нар нь хоорондоо маш сайхан харилцаатай хүмүүс байдаг. Хэрүүл маргаан барагтаа гаргаж байгаагүй. Миний мэдэхээр лав хэрэлдэж зодолдож байгаагүй. Гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан гэж бодохгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-28 дахь тал/,

-Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Энхбатын Хүний биед хийх шүүх эмнэлгийн шинжилгээний 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 179 дугаартай:

1.Магадлуулагч Б.Өийн биед зүүн шуу, цээжний баруун дээр, зүүн гарын бугалга, зүүн суга, зүүн гуя, баруун гуяны гадна, урд, ар, дотор, хэвлий, баруун шилбэнд цус хуралт, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.3.Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хоёроос дээш удаагийн үйлдлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл.

4.Цаашид ерөнхий биеийн хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.

5.Дээрх зүүн гуя, баруун гуяны гадна, урд, ар, дотор, хэвлий, баруун шилбэнд цус хуралт гэмтлүүд нь хүний эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Зүүн шуу, цээжний баруун дээр, зүүн гарын бугалга, зүүн суганы цус хуралт, баруун шилбэний зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй гэх дүгнэлт / хавтаст хэргийн 36-37 дахь тал/,

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б*******: “...мэдүүлэг өгөхгүй...” гэв.

зэрэг нотлох баримт болно.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн  шийдвэрлэхэд хангалттай байна.

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Д.Б******* нь бага боловсролтой, монгол хэлээр уншиж, бичиж чаддаг бөгөөд өөрийгөө өмгөөлөх хүсэлтээ илэрхийлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон болно.

1.4.Эрх зүйн зүйн дүгнэлт

Улсын яллагч: “...Шүүгдэгч Д.Б******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан болон шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтын хүрээнд хохирогч Б.Өийн биед олон удаагийн давтамжтай халдаж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан. Энэ гэмт хэрэг гэрч Оы гэрийн гадаа үйлдэгдсэн. Мөн гэрч М, Д нарын мэдүүлгээр гэмт үйлдсэн болох нь тогтоогддог. Иймд шүүгдэгч Д.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна....” гэв.

Шүүгдэгч: “...байхгүй...” гэв.

Шүүгдэгч Д.Б*******ы үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл байх бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн биед халдаж хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 179 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хохирлын хөнгөн зэрэг тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Д.Б*******ы хохирогч Б.Өийг зодсон үйлдэл нь хохирогчийн бие махбодод учирсан “зүүн гуя, баруун гуяны гадна, урд, ар, дотор, хэвлий, баруун шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэлтэй шалтгаант холбоотой болох нь шүүх эмнэлгийн дүгнэлт гаргасан шинжээч эмч Б.Энхбатын “...Б.Өийн биед учирсан гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр хоёроос дээш удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой...” гэсэн дүгнэлтээр нотлогдож байгааг дурдах нь зүйтэй.

Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан байх бөгөөд шинжээчийн дүгнэлт бүрэн бус, үндэслэлгүй, үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд энэ зүйлд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй, хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах өөр хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасныг баримтлан шүүгдэгч Д.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

1.5. Гэмт хэргийн *******с учирсан хохирол, хор уршиг

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн *******с хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны *******с үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус тодорхойлсон.

Энэ гэмт хэргийн *******с хохирогч Б.Өийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд “...гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн, шүүгчийн туслахаас шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” болохоо илэрхийлсэн байх тул шүүгдэгч Д.Б*******ыг хохирогч Б.Өт төлөх төлбөргүйд тооцов.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...Шүүгдэгч Д.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх саналтай байна...” гэв.

Шүүгдэгч: “...байхгүй...” гэв.

2.2.Эрүүгийн хариуцлага

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 60 дахь тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 61 дэх тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 62 дахь тал/,  гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 63 дахь тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 64 дэх тал/, урьд зөрчлийн хэрэгт холбогдож байсан талаарх лавлагаа /хавтаст хэргийн 65-67 дахь тал/, Булган аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 68, 69 дэх тал/, мал тооллогын баримтын хуулбар /хавтаст хэргийн 70-71 дэх тал/ зэрэг нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Д.Б*******ы хувийн байдлыг тодорхойлов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.Б*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх эрүүгийн хариуцлагын талаарх талуудын санал дүгнэлт, шүүгдэгчийн хувийн байдал болон гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Д.Б*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж шүүх дүгнэв.

Шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан журмын дагуу биелүүлэх, тус журмын дагуу биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Б*******д тусгайлан сануулав.

2.3.Бусад асуудлын талаар

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Д.Б******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч М******* овогт Д*******гийн Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б*******д 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан журмын дагуу биелүүлэх, тус журмын дагуу биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Б*******д сануулсугай.

4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Д.Б******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           С.ЁНДОНСАМБУУ