| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Ёндонсамбуу |
| Хэргийн индекс | 304/2025/0100/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/105 |
| Огноо | 2025-06-19 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/105
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
улсын яллагч П.Шижиртуяа,
шүүгдэгч Ч.О*******, түүний өмгөөлөгч Ч.Отгонжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ч.О*******т холбогдох эрүүгийн 2515000000107 дугаартай, 304/2025/0100/Э индекстэй хэргийг 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Х******* овогт Ч*******ийн О*******, Булган аймгийн ******* суманд 1969 оны 07 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, эрэгтэй, 56 настай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Булган аймгийн Б...............................оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар *******.
Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Ч.О******* нь 2024 оны 10 дугаар сарын дундуур өвөлжөө барих зорилгоор Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант 2 дугаар баг “Балрын горхи” гэх газраас 0.5991 м3 шинэс төрлийн модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, өөрийн эзэмшлийн ******* ******* улсын дугаартай “Бонго-3” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид 160,383 төгрөгийн шууд хохирол, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад заасны дагуу 3 дахин үржүүлэн тооцоход 481,149 төгрөгийн шууд бус хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт
Шүүгдэгч Ч.О******* нь 2024 оны 10 дугаар сарын дундуур Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант 2 дугаар баг “Балрын горхи” гэх газраас 0.5991 метр куб шинэс төрлийн модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, өөрийн эзэмшлийн ******* ******* улсын дугаартай “KIA BONGO 3” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид 160,383 төгрөгийн шууд хохирол, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т заасны дагуу ойн санд учирсан экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлэн тооцсоноор 481,149 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдлоо.
Дээрх хэргийн нөхцөл байдал нь яллагдагч Ч.О*******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 117-118 дахь тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-4, 5-7 дахь тал/, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 8-9, 10-13 дахь тал/, эд хөрөнгө /13 ширхэг мод/ битүүмжилсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 15-16 дахь тал/, хууль бусаар мод бэлтгэхэд ашигласан хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 17-18 дахь тал/, эд мөрийн баримтаар хөрөө хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 19 дэх тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 23-24, 25-26 дахь тал/, эд хөрөнгө /******* ******* улсын дугаартай “Бонго-3” маркийн тээврийн хэрэгэсэл/ битүүмжилсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 28-29 дэх тал/, иргэний нэхэмжлэгч Ц.О*******гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дахь тал/, гэрч А.Т*******гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дэх тал/, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн Хүрээлэн буй орчны шинжилгээ хариуцсан шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн ЕГ0325/3873 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 64-69 дэх тал/, “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн №9001903 дугаартай “Bongo3” маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ 6,000,000 төгрөг болохыг тогтоосон дүгнэлт, №ОРХ-912268 дугаартай “цахилгаан хөрөө”-ний үнэлгээ 80,000 төгрөг болохыг тогтоосон дүгнэлт /хавтаст хэргийн 78-81, 85-91 дэх тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоосон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
1.2. Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ч.О******* нь прокурорын хяналтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хүсэлт гаргасан нь гаднын нөлөөгүй, бусдын дарамт шахалтгүй, эрүү шүүлт, хүнлэг бус харьцаа байгаагүй болохыг өөрөө батлан илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэнээр давж заалдах гомдол гаргах эрхээ хязгаарлуулж байгааг ойлгосон байх бөгөөд өөрийн сонгон авсан өмгөөлөгч Ч.Отгонжаргалын хамт шүүх хуралдаанд оролцсон болно.
1.3. Эрх зүйн дүгнэлт
Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн 29.1.7 дахь заалтад “иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэх...”-ийг хориглосон бөгөөд мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “...ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно”, 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт дараах тохиолдолд хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ:
35.4.1.гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэсэн;
35.4.2.зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн;
35.4.3.засварласан, хуурамч, хүчингүй гэрээ, эрхийн бичгээр ойгоос мод бэлтгэсэн... гэж тус тус хуульчлан тогтоожээ.
Шүүгдэгч Ч.О*******ын Ойн тухай хуульд заасан зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл байх бөгөөд хууль бус болох нь илэрхий атал зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн байх тул шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн...” үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хууль тогтоогч тогтоосон байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй, хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах өөр хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ч.О*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
1.4. Хохирол, хор уршиг
Шүүгдэгч Ч.О*******ын гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 160,383 төгрөгийн шууд хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн Хүрээлэн буй орчны шинжилгээ хариуцсан шинжээчийн ЕГ0325/3873 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад заасны дагуу ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцсоноор 481,149 төгрөгийн хохирол учруулсан гэж үзнэ.
Шүүгдэгч Ч.О******* нь 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 481,150 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД:9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд шилжүүлсэн төлсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүйг тогтоолд дурдав.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч: “...Шүүгдэгч Ч.О*******т прокурортой тохиролцсон ялын саналын дагуу Эрүүгийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.О*******ын гэмт хэрэг үйлдэж олсон 13 ширхэг хуурай шинэс мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 80,000 төгрөгийн үнэлгээ бүхий “цахилгаан хөрөө”, “KIA BONGO 3” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл зэргийг тус тус хурааж, улсын орлого болгох албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...: Шүүгдэгч Ч.О******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа анхнаасаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа. Мөн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, хөрөө, гэмт хэрэг үйлдэх замаар олж авсан мод зэргийг улсын орлого болгохыг ойлгож, хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд үүнээс үүсэх үр дагаврыг ухамсарлан ойлгосон байгаа. Мөн хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хууль зүйн үр дагаврыг ч бас сайн ойлгож байгаа. Шүүгдэгч Ч.О******* нь байгаль экологид учруулсан хохирлоо мөрдөн шалгах ажиллагаанд бүрэн төлж барагдуулсан байгаа. Ингээд прокурорын шатанд хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргахад прокурор уг хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байгаа. Иймд шүүгдэгч Ч.О*******т прокурортой тохиролцсон ялын саналын дагуу шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр торгох ял оногдуулж өгнө үү...” гэв.
2.1. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Ч.О******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокурорын санал болгосон бөгөөд яллагдагч Ч.О*******ын хүлээн зөвшөөрсөн ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд нь тохирсон байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ч.О*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж шүүх дүгнэв.
Шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан журмын дагуу биелүүлэх, тус журмын дагуу биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.О*******т тусгайлан сануулав.
2.2. Бусад асуудлын талаар
Шүүгдэгч Ч.О*******ын гэмт хэрэг үйлдэж олсон 0.5991 метр куб, 13 ширхэг хуурай шинэс мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 80,000 /наян мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий “цахилгаан хөрөө”, 6,000,000 /зургаан сая/ төгрөгийн үнэлгээ бүхий “KIA BONGO 3” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус тус хурааж улсын орлого болгож, энэ хэрэгт шүүгдэгч Ч.О******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х******* овогт Ч*******ийн О*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О*******т 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан журмын дагуу биелүүлэх, тус журмын дагуу биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.О*******т сануулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.О*******ын гэмт хэрэг үйлдэж олсон 0.5991 метр куб, 13 ширхэг хуурай шинэс мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “цахилгаан хөрөө”, “KIA BONGO 3” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус тус улсын орлого болгох албадлагын арга хэмжээ хэрэглэхийг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 13 ширхэг шинэс модыг битүүмжилсэн мөрдөгчийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний “дугааргүй” тогтоол, ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “дугааргүй” тогтоолыг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6.Шүүгдэгч Ч.О******* нь энэ хэрэгт баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Оролцогч дээрх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.О*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЁНДОНСАМБУУ