| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Ёндонсамбуу |
| Хэргийн индекс | 304/2025/0096/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/106 |
| Огноо | 2025-06-19 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | О.Мөнхтуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/106
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
шүүгдэгч Ж.У*******р нарыг оролцуулан Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.У*******рт холбогдох эрүүгийн 2515000740068 дугаартай, 304/2025/0096/Э индекстэй хэргийг 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Г******* овогт Ж*******ын У*******р, Булган аймгийн ******* суманд 1999 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, ам бүл 3, аав, ээжийн хамт, Булган аймгийн ******* сумын .........................газарт оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, малчин, регистрийн дугаар *******, урьд
-Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 сарын 21-ний өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан,
-Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 204 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тусгай ажил хийлгэх ял шийтгүүлж байсан.
Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч Ж.У*******р нь 2025 оны 02 дугаар сарын 24-ний орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн ******* сумын .............. тоотод оршин суух С.Д*******гийн гэрт С.Б*******ын биед халдан зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ж.У*******р нь 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн ******* сумын .................д оршин суух С.Д*******гийн гэрт С.Б*******ыг зодож биед нь “зүүн гарын шууны тахилзуур ясны хоёрлосон хугарал” гэмтэл бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
1.2.Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:
-Хохирогч С.Б*******ын 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Хутаг- Өндөр сумын цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /ХХ-ийн 04-р тал/,
-Хохирогч С.Б*******ын: “...Би 2025 оны 02 дугаар сарын 24-ний орой ******* сум 1 дүгээр баг Бунхан толгойн урд Д******* гэдэг найзындаа унтаж байсан чинь гаднаас орой 20 цагийн үед У*******р гэгч орж ирээд үгийн зөрүүгүй намайг зодож миний биед халдсан. Тэгээд би тухайн үед “яаж байгаа талаар” асуухад “чамайг харахаар нүд хорсоод байдаг юм. Энэ зэвүүн пизда байгаа ш дээ” гэж хэлээд байсныг нь санаж байна. Тэр үед гэрт Д******* бид хоёроос гадна М******* гэдэг залуу байсан. М******* болсон асуудлын талаар сайн мэдэж байгаа.
...У*******р архи уучихсан байсан. Би архи уучихсан согтоод унтаж байсан. Миний зүгээс гомдолтой байна. Миний гар хугарсан болохоор ямар нэгэн мөнгөний ажил хийж чадахгүй байна. Миний эмчилгээний зардал болон хөдөлмөрийн чадвараа алдсан гээд нийт 4,000,000 төгрөг нэхэмжилж байна... Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгох зорилгоор шинжээч томилуулахгүй. Тэгэх шаардлага байхгүй. Энэ талаараа би өөрийн гараар хүсэлтээ бичиж өгсөн байгаа ...” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 08-09, 11, 14-15 дахь тал/,
-Иргэний нэхэмжлэгч Б.А*******ын: “...хохирогч С.Б******* нь эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 472,439 төгрөгийн эмчилгээ үйлчилгээ авсан, нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 23-24 дэх тал/,
-Гэрч С.Оийн: “...2025 оны 02 дугаар сарын 24-ны өдөр би гарч “00” орчхоод буцаад гарч явсан чинь манай ахын гэрт зодоон болоод байх шиг байсан. Тэгэхээр нь би шууд ахынхаа гэр лүү яваад орсон чинь гэрийн баруун талд орон дээр Б******* гэдэг ах хэвтээгээр цусандаа холилдсон хэвтэж байсан. Хажууд нь У*******рын гар цус болчихсон зогсож байсан. Мөн баруун талын орны хажууд М******* ах, Б нар хэвтэж байсан. Гэрийн зүүн талын орон дээр манай ах Д******* мөн хэвтэж байсан. Тэгээд би уурлаад шууд нөгөө хүмүүсийг гэрээс нь хөөсөн чинь Б гэдэг ах гэрээс гараад явсан. Тэгээд араас нь М*******, Б******* нар гарсан. Нөгөө У*******р нь хэсэг байж байгаад гараад явсан. Тэгээд хэсэг байж байтал нөгөө зодуулдаг Б******* гэдэг ах дахин манай ахын гэр лүү ороод ирсэн. Би түүнийг мэдээд дахин хөөсөн. Тэр үед ах маань унтаад өгсөн. Тэрнээс хойш би дахин тэдний гэрээр ороогүй. ...Тэр үед Б*******ыг У*******р гэдэг залуу зодчихсон зогсож байсан...” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 26-27 дахь тал/,
-Гэрч С.Өн: “...Миний төрсөн ах С.Б******* нь 2025 оны 02 дугаар сарын 24-ний орой ******* сум 1 дүгээр баг ..................урд байдаг Д******* гэдэг айлд орой хэвтэж байхад нь “гаднаас У*******р гэдэг залуу орж ирээд ямар нэгэн юм хэлж ярилгүй шууд зодсон” гэж надад 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр манай гэрт ирээд хэлсэн. Тэгээд би шууд сумын эмнэлэг рүү аваад очсон. Тэгсэн тухайн үед үзлэг хийсэн эмч нь үзэж байсан аа “яаралтай аймгийн эмнэлэг явж гарынхаа зургийг авхуул” гэж хэлсэн. Тэгээд би тэр өдрөө сумын цагдаа дээр ирж болсон асуудлын талаар хэлээд шууд аймаг руу авч явсан. ...Анх үзсэн эмч “зүүн талын хоёр хавирганы сэртэнд гэмтэл авсан байна. Мөн зүүн гар хугарсан байна” гэж хэлээд аймаг яв гэсэн. ...Тухайн хавирганд учирсан гэмтлийг манай төрсөн ах С.Б******* нь Ж.У*******рт зодуулахаас өмнө мотоциклоос унаад авсан байх аа. Урд нь наалт наачхаад яваад байх шиг байсан. Гэхдээ хавирга нь хугарч барьсан юм байхгүй гээд хавирганы зургаа авхуулаагүй юм шиг байна лээ. Би одоо сайн санахгүй байна. Өмнө нь Ж.У*******рт зодуулсныхаа дараахан сумын эмчид үзүүлсэн чинь эмч “зүүн хавирганы сэртэн нь гэмтсэн байж магадгүй” гэж хэлсэн гээд надад хэлж байсан санагдаж байна...” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 29, 31-32, 135-136 дахь тал/,
-Гэрч Х.Мгийн: “...Би Б ахыг зодуулсан талаар 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр мэдсэн.Тухайн үед Д******* гэдэг айлд унтаж байгаад хүнд зодуулчихлаа гэсэн...” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 31-32 дахь тал/,
-Гэрч С.Д*******гийн: “...2025 оны 02 дугаар сарын 24-ны өдөр Б******* бид хоёр орой 20 цагийн үед манай гэрт нэг шил “Хараа” 0,75 граммын архи хувааж уусан. Тэгээд бид хоёр нөгөө архиа уучхаад хоёр талын орон дээр согтоод хэвтээд өгсөн. Тэгсэн гаднаас У*******р орж ирээд нөгөө талын орон дээр хэвтэж байсан Б*******ыг зодоод эхэлсэн гэсэн. Тэгтэл гаднаас миний эмэгтэй дүү О ороод ирсэн гэсэн. Би тухайн үед согтоод хэвтсэн байсан болохоор яг юунаас болоод зодсоныг нь сайн мэдээгүй. Тухайн үед У*******р Б*******ыг зодчихоод гараад явсан гэсэн...” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 34-35 дахь тал/,
-Гэрч Д.Оийн: “...Тухайн өдрийн шөнө 22 цаг 05 минутын үед яаралтай тусламжийн тасаг дээр дуудагдан ирсэн. Тухайн иргэн 02 дугаар сарын 24-ний өдөр хүнд зодуулсан гэсэн. Тэгээд үзлэг хийсэн чинь биеийн олон хэсэгт гэмтлийн өөрчлөлтүүдтэй байсан. Хамгийн том гэмтэл нь зүүн гарын шуу, богтос ясны хавсарсан битүү хугарал байж болзошгүй, зүүн талын 9-11 дүгээр хавирганы битүү хугарал байж болзошгүй байсан. Мөн толгойн олон хэсгийн зөөлөн эдийн гэмтлүүд байсан. Тухайн иргэний гэмтсэн хэсгүүдийг яаралтай тусламжийн хуудас болон эмчийн тодорхойлолтод дэлгэрэнгүй тэмдэглэсэн байгаа. Тухайн гэмтсэн иргэнд эмийн эмчилгээ, зүүн гарын хөдөлгөөн хязгаарласан гөлтгөнө боолт хийсэн. Ингээд өвчтөнийг гэмтлийн нарийн мэргэжилтний оношилгооны зорилгоор Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгт шилжүүлсэн.
Тэр үед тухайн үзүүлж байсан иргэний зүүн талын 9-11 дүгээр хавирганы орчим дарах үед өвдөлт мэдрэгдэж байна гэсэн болохоор нь үзүүлж байсан иргэн С.Б*******ыг “таны зүүн талын хавирга хугарч гэмтсэн байж болзошгүй тул рентген зураг авхуулаарай” гэж хэлсэн. Тэрнээс биш би шууд барьж үзээд хугарсан гэдгийг нь мэдэхгүй. Манайх уг нь рентген зураг авдаг аппарат байгаа. Гэхдээ одоо гэмтэлтэй байгаа учир үзлэг хийхгүй байгаа...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39, 41 дэх тал/,
-Гэрч О.М*******ын: “...Би 2025 оны 02 дугаар сарын 24-ны өдөр Бунхан толгойн урд Д*******гийн гэрт очсон. Би ороод нөгөө архинаас нь хамт хувааж уугаад сууж байтал гаднаас У*******р орж ирсэн. Тэгтэл У*******р, Б******* хоёр хоорондоо маргасан. У*******р Б*******ын зүүн гарын шуу хэсэг рүү хөлөөрөө өшиглөөд зодоод эхэлсэн. Тэр үед гаднаас Д*******гийн дүү охин орж ирээд бид нарыг гэрээсээ хөөж гаргаад бид нар гэр гэр лүүгээ явсан. У*******р Б*******ын зүүн гарын шуу руу 2 удаа өшиглөж, нүүр лүү нь цохих шиг болсон...” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 45 дахь тал/,
-Гэрч Ц.Бын: “...2025 оны 02 дугаар сарын 24-ний орой Д*******гийн гэрээр орсон чинь тэднийд Б*******, У*******р нар байсан. Тэгсэн нэг харсан чинь У*******р нь Б*******ын зүүн гар луу нь өшиглөсөн мөн газар унагааж байгаад өшиглөж харагдсан...” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 47 дахь тал/,
-Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 92 дугаартай:
1.2.Магадлуулагч С.Б*******ын биед зүүн гарын шууны тахилзуур ясны хоёрлосон хугарал, баруун нүдний дээд зовхи, зүүн чихний дэлбэн, доод уруулын дотор хэсэгт шарх, уруулын зүүн дээр, хэвлийн зүүн хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
3.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хоёроос дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
4.5.Магадлуулагч С.Б*******ын биед үүссэн гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд.
6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
7.Магадлуулагч С.Б*******ын зүүн гарын шууны тахилзуур ясны хоёрлосон хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.
Баруун нүдний дээд зовхи, зүүн чихний дэлбэн, доод Уруулын дотор хэсэгт шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Уруулын зүүн дээр, хэвлийн зүүн хэсэгт зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй.
8.Магадлуулагч С.Б*******ын биед хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт / хавтаст хэргийн 58-61 дэх тал/,
-Шинжээч эмч Б.Энхбатын “...Үзлэгийн явцад С.Б*******ын зүүн гарын нарын яс хугарсан байж болзошгүй байсан тул биед ил харагдах шарх сорив зэргийг үзээд С.Б*******ыг “та яваад наад зүүн гарынхаа зургийг авхуулах шаардлагатай” гэж хэлээд явуулсан. ...2-3 хоногийн дараа надад рентген зураг авхуулаад ирсэн. ...Зургийг хараад дүгнэлтээ гаргасан. ...Надад С.Б******* хавирга хугарсан гэж огт хэлээгүй, бас хугарсан хавирганы зураг авч ирж үзүүлээгүй. Шинжээч эмчийн үзлэгээр тухайн хохирогчийн биед харагдах гэмтэл шарх болон эмнэлгийн бичиг баримт, ретген, компютер томографикийг үндэслэн дүгнэлт гаргадаг. Тухайн хохирогчийн хэлсэн зовуурь эмзэглэлээр дүгнэлт гаргах боломжгүй. Тухайн хавирганы эмзэглэл зовуурийг дүгнэлт хэсэгт тусгахгүй. Харин үзлэг, зовуурь хэсэгт тусгана...” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 52, 139-140 дэх тал/,
-Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 10/49 дугаартай албан бичиг, хавсралт / хавтаст хэргийн 18-19 дэх тал/,
-Яллагдагч Ж.У*******рын “...Би С.Б******* гэх хүнийг зодож биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...Би тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Өөрийгөө хянах чадвартай, болсон зүйлийг бүгдийг нь санаж байгаа. Тухайн өдөр С.Б******* надаас өөр хэн нэгэнтэй хэрүүл маргаан, зодоон хийж биедээ гэмтэл шарх авсан зүйл байхгүй. Надаас өөр С.Б*******ын биед халдаж гэмтэл учруулсан хүн байхгүй. ...” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 87-88 дахь тал/
-Шүүгдэгч Ж.У*******рын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Архи ууж согтуурсан үедээ Б*******ын ахын биед халдаж гэмтэл учруулсандаа их харамсаж гэмшиж байна...” гэв.”
зэрэг нотлох баримт болно.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
1.4.Эрх зүйн зүйн дүгнэлт
Шүүгдэгч Ж.У*******рын үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсарт үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий тал тэрээр хохирогчийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүгдэгч Ж.У*******рын хохирогч С.Б*******ын биед зүүн гарын шууны тахилзуур ясны хоёрлосон хугарал, баруун нүдний дээд зовхи, зүүн чихний дэлбэн, доод уруулын дотор хэсэгт шарх, уруулын зүүн дээр, хэвлийн зүүн хэсэгт зулгаралт бүхий гэмтэлтэй шалтгаант холбоотой болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байгааг дурдах нь зүйтэй.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан шинжээчийн дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 92 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд энэ зүйлд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй, хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах өөр хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүгдэгч Ж.У*******р нь холбогдсон хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ж.У*******рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Б*******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд “ хөдөлмөрийн чадвар алдагдсан тул 4,000,000 төгрөгийг нэхэмжилнэ” гэж мэдүүлсэн, шүүгчийн туслахаас шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй” болохоо илэрхийлсэн байх бөгөөд эмчилгээ хийлгэсэн болон бусад гарсан зардлын талаар нотлох баримтаа мөрдөн байцаалтын шатанд болон шүүхэд ирүүлээгүй байна.
Иймд хохирогч С.Б******* нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой гарсан болон цаашид эмчилгээ хийлгэхтэй холбоотой зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг шийтгэх тогто зааж шийдвэрлэв.
Булган аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч С.Б*******ын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан зардалд 472,439 төгрөг зарцуулжээ.
Булган аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэсийн дарга Б.А******* иргэний нэхэмжлэгчээр тогтоогдон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцон байгууллагаас гарсан зардал болох 472,439 төгрөгийг нэхэмжилж, холбогдох баримтыг ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Ж.У*******раас 472,439 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэхээр шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “....Шүүгдэгч Ж.У*******рт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр ял шийтгэх. Уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна...” гэв.
Шүүгдэгч: “...байхгүй...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний мэдээлэл /хавтаст хэргийн 95 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 96, 102 дахь тал/, жолоочийн мэдээлэл /хавтаст хэргийн 97 дахь тал/, урьд зөрчлийн эхэргт холбогдож байсан эсэх талаарх лавлагаа /хавтаст хэргийн 98-100 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 103 дахь тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 104 дэх тал/, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа /хавтаст хэргийн 105 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 106 дахь тал/, -Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 сарын 21-ний өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 110-114 дэх тал/, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 204 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 115-119 дэх тал/ зэрэг нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Ж.У*******рын хувийн байдлыг тодорхойлов.
Шүүгдэгч Ж.У*******р нь учруулсан хохирлыг нөхөн төлсөнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх эрүүгийн хариуцлагын талаарх талуудын санал дүгнэлт, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Ж.У*******рт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,000 нэгжтэй тэнцэх буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж шүүх дүгнэв.
2.3. Бусад асуудал
Шүүгдэгч Ж.У*******р нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Ж.У*******рт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүллээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Г******* овогт Ж*******ын У*******рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.У*******рт 2,000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Шүүгдэгч Ж.У*******рт оногдуулсан 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.
4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.У*******рт сануулсугай.
5.Шүүгдэгч Ж.У*******раас 472,439 /дөрвөн зуун далан хоёр мянга дөрвөн зуун гучин ес/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгуулсугай.
6.Хохирогч С.Б******* нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой гарсан болон цаашид эмчилгээ хийлгэхтэй холбоотой зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг зааж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ж.У*******р нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохи шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.У*******рт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЁНДОНСАМБУУ