2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1309

 

    

 

 

 

 

 

    

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           

          Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Төгөлдөр

          Улсын яллагч Н.Түвшинбаяр

          Шүүгдэгч Б.О********** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

          Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** овогт **********-ийн **********-д холбогдох эрүүгийн 2411007590562 дугаар 1 хавтас хэргийг шүүх 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

           Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 19** оны 6 дугаар сарын 4-ний өдөр Дорноговь аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа Чингэлтэй дүүргийн ********** тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,

********** овогт **********-ийн ********** /РД:**********/.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч ********** нь 2024 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо ********** тоотод **********-ийн гэрээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ **********-ийн эзэмшлийн 103.000 төгрөгийн Honnor загварын гар утас болон Хаан банкны виза картыг хулгайлан авч улмаар 2024 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо ********** хөдөлгөөнт АТМ байрлах АТМ1069-с 310.000 төгрөгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хохирогч ********** 413.000 төгрөгийн хохирол учруулсан,

          2024 оны 3 дугаар сарын 9-ний орой 19 цаг 50 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо ********** дугаар сургуулийн зүүн гар талд байрлах CU дэлгүүрээс ********** гээгдүүлсэн iPhone 11 pro загварын гар утсыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, хохирогч ********** 925.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

    Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ********** мэдүүлэхдээ: “********** гэгч нь миний багийн найз бөгөөд тэрээр унтахдаа надад эд зүйлээ өгсөн гэхдээ би түүнд буцааж эд зүйлсийг нь бүрэн буцаан өгсөн. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул өөр нэмж мэдүүлэх зүйлгүй.гэжээ.

Мөн талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-4 дүгээр тал/, хохирогч ********** мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр тал/, гэрч ********** мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар тал/, “Дамно” ХХК-ийн 2024 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн №ЧД1-24-277 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 17-19 дүгээр тал/, ********** овогтой ********** эзэмшлийн ********** дугаар дансны хуулга /хх-ийн 23 дугаар тал/, Хаан банкны ********** дансны хуулга, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 25-28 дугаар тал/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /54-55 дугаар тал/, хохирогч ********** мэдүүлэг /хх-ийн 58 дугаар тал/, “Дамно” ХХК-ийн 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн №ЧД1-24-323 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 62-65 дугаар тал/, Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 66-68 дугаар тал/ зэргийг шинжлэн судлав.

    Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

     Гэм буруугийн талаар

1. Шүүгдэгч  ********** нь 2024 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо ********** тоотод ********** гэрээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ********** эзэмшлийн 103.000 төгрөгийн Honnor загварын гар утас болон Хаан банкны виза картыг хулгайлан авч улмаар 2024 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо Баянбүрд ********** АТМ байрлах АТМ1069-с 310.000 төгрөгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хохирогч Б.Алтансүхэд 413.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-4 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ********** өгсөн: “Өчигдөр буюу 2024 оны 2 дугаар сарын 26-ны өдөр манай найз ********** манай гэрт ирээд бид 2 уулзсан. Тэгээд гэрт 1 шилтэй архи хувааж уугаад би унтаад өгсөн. Гэтэл ********** миний хаан банкны картыг манай хүүхдийн Honnor загварын гар утсыг аваад явчихсан. Гэтэл би өглөө сэрээд интернэт банкаар орж үзтэл миний данснаас 310.000 төгрөгийн зарлага гарсан байсан. Мөн манай хүүхдийн утас алга болчихсон байсан. Бид хоёр нэг шил архи л уусан. Тухайн үед манай 9 настай хүүхэд хамт байсан. Өчигдөр ********** ирэх үед ********** картаа өгч гаргаад архи авхуулсан. Тэгээд тэрнээс хойш хараагүй. ********** дугаарын данстай карт байгаа. Миний дээрх данстай картаар 2024 оны 2 дугаар сарын 26-ны өдөр 13 цаг 58 минутад 300.000 төгрөг, 14 цаг 08 минутад 10.000 төгрөг АТМ-с гаргаж авсан байсан. Honnor загварын гар утас нь 200.000 төгрөгийн үнэтэй утас байсан. Яг ямар утас гэдгийг нь би хэлж мэдэхгүй ч би өөрөө хүүхдэдээ авч өгч байсан. Ямар нэгэн содон шинж тэмдэггүй хар өнгийн утас байгаа юм. Би утсыг 100.000 төгрөгөөр үнэлж байна. ********** өөр хүн манайд орж ирээгүй. Бид 3 хамт байж байгаад би унтаад өгсөн ба ********** намайг унтсаны дараа явчихсан байсан. Тэгээд эдгээр зүйлс алга болчихсон юм. ********** дугаарын утастай. ********** ер нь дандаа л нэг хувцастай явж байгаа харагддаг юм. Тухайн үед ********** нь хар өнгийн урт adidas-н ханцуйн дээрээ 3 цагаан зураастай куртик, саарал өнгийн кепк малгайтай, хар өнгийн жинсэн өмд, хагас түрийтэй цусны гуталтай явж байсныг би санаж байна. Тийм ээ би энэ зураг, бичлэгийг харлаа. АТМ-с гүйлгээ хийгээд байгаа adidas-н хар куртиктэй, саарал кепк малгайтай хүн нь ********** мөн байна. Харин хамт явж байгаа хүнийг нь би танихгүй ээ. Огт харж байгаагүй юм байна. ********** надад бэлнээр 130.000 төгрөгийг тухайн хэрэг болсон өдрөөс хэд хоногийн дараа өгсөн. Мөн самсунг А30 гэх гар утсыг өгсөн. Үүнээс хойш дахиж холбогдоогүй алга болчихсон байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ********** өгсөн: “Би өөрийн хүү **********, ач ********** нарын хамт ЧД-н 8 дугаар хороо усан сангийн 4-48 тоот хашаанд амьдардаг. Би тэр хашаа нь дотор гэрт, хүү харин байшинд нь байдаг юм. 2024 оны 2 дугаар сарын 26-ны өдөр би хүүгийндээ ортол манай ач “эмээ миний утас олдохгүй байна” гэхээр нь би “сайн хайгаад үз ээ” гээд хэлтэл ач хүү маань “аавын найз ********** ах ирчихсэн байсан. Миний утсыг авчхаагүй байгаа даа. Эмээ та залгаад үз дээ” гэхээр нь би хүүгийнхээ утаснаас ********** дугаарыг хайлгатал ********** гэх дугаар байсан. Тэгээд би энэ дугаар руу өчигдөр залгаад “чи хаана байгаа юм бэ? Чи юу хийж яваа юм бэ?” гэхэд ********** “намайг ********** архинд явуулсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би ********** “чи манай хүүгийн утсыг хараагүй биз” гэхэд “хараагүй ээ” гэж хэлсэн. Ингээд үүнээс хойш ********** утас нь холбогдохоо байсан. Тэгээд байж байтал манай ач хүү “эмээ энийг хардаа ********** ах аавын картнаас мөнгө авчихсан юм шиг байна. Та хардаа” гээд харуулсан. ********** данснаас 300.000 төгрөг, 10.000 төгрөг тус тус гарсан байсан. Тухайн үед ********** гэртээ согтуу унтаж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар тал/,

 “Дамно” ХХК-ийн 2024 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн №ЧД1-24-277 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 17-19 дүгээр тал/,

********** овогтой ********** эзэмшлийн ********** дугаар дансны хуулга /хх-ийн 23 дугаар тал/,

Хаан банкны ********** дансны хуулга, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 25-28 дугаар тал/,

2. Шүүгдэгч  ********** нь 2024 оны 3 дугаар сарын 9-ний орой 19 цаг 50 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо ********** дугаар сургуулийн зүүн гар талд байрлах CU дэлгүүрээс ********** гээгдүүлсэн iPhone 11 pro загварын гар утсыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, хохирогч ********** 925.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /54-55 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ********** өгсөн: “2024 оны 3 дугаар сарын 9-ний өдөр хичээлээ тараад 19 цаг 50 минутын үед Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо ********** дугаар сургуулийн зүүн талд байрлах CU сүлжээ дэлгүүрт найз охин ********** хамт үйлчлүүлж байгаад найз охиноо таксинд суулгахаар өөрөө гар утсаа дэлгүүрийн үүдний хэсгийн ширээ нь дээр орхиод гарсан. Би найз охиноо таксинд суулгаад 5 орчим минутын дараа утсаа авахаар ороход миний утас байхгүй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 58 дугаар тал/,

 “Дамно” ХХК-ийн 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн №ЧД1-24-323 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 62-65 дугаар тал/,

Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 66-68 дугаар тал/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Улсын яллагчийн зүгээс: “Шүүгдэгч ********** нь 2024 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо ********** тоотод ********** гэрээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ********** эзэмшлийн 103.000 төгрөгийн Honnor загварын гар утас болон Хаан банкны виза картыг хулгайлан авч улмаар 2024 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо Баянбүрд ********** хөдөлгөөнт АТМ байрлах АТМ1069-с 310.000 төгрөгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хохирогч ********** 413.000 төгрөгийн хохирол учруулсан, 2024 оны 3 дугаар сарын 9-ний орой 19 цаг 50 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо ********** дугаар сургуулийн зүүн гар талд байрлах CU дэлгүүрээс **********н гээгдүүлсэн iPhone 11 pro загварын гар утсыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, хохирогч ********** 925.000 төгрөгийн хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйчлэлийн талаар маргаагүй болно.

   Эрх зүйн дүгнэлт:

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

“Хулгайлах” гэмт хэргийн тухайд:

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм. Бага хэмжээний хохирол гэдэгт гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээний хохирол учирсныг ойлгоно.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

“Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийн тухайд:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэм хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

“Гээгдэл эд хөрөнгө” гэж өмчлөгч, эзэмшигчийн эзэмшлээс хүсэл зоригоос гадуур алдагдсан ба хэн нэгэн илрүүлж олсон аливаа этгээдийн эзэмшилд байгаа эд юмсыг (эд хөрөнгө) хэлдэг.

“Завших” гэж алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшил байгаа, өөрийн эд хөрөнгө биш гэдгийг мэдсээр байж өөрийн өмчлөл эзэмшилд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг ойлгоно.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгоно гэж заасан бөгөөд шүүгдэгч ********** нь хохирогч ********** гээгдүүлсэн зүйлсийг олж аван 925.000 төгрөг авч бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан.

Шүүгдэгч нь тус гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд нь хор уршиг зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч ********** гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “....Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй...” гэж,

513.1 Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй.”  гэж тус тус заасны дагуу шүүгдэгч ********** нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй

Хохирогч ********** нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 413.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд түүнд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “хохирол төлбөрөө авсан, гомдол саналгүй” гэсэн бол хохирогч ********** нь 925.000 төгрөг / “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан/ төгрөг нэхэмжилсэн.

Шүүгдэгч ********** зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг завсарлуулсан.

Шүүх хуралдааныг завсарлуулсан байх хугацаанд ********** зүгээс хохирогч ********** 600.000 төгрөг /БЗД, ЧД, СБД-н Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 100900005406 тоот дансанд байршуулсан/ нөхөн төлсөн тул шүүгдэгч ********** 325.000 төгрөгийг гаргуулж хохирогч **********олгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах  саналтай байна.” гэх дүгнэлтийг гаргасан бол шүүгдэгчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Хулгайлах”, мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.

Шүүх шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, чанар, хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасныг журамлан шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялын нэг хоногоор тооцон нийт эдлэх ялыг 7 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ********** оногдуулсан 07 /долоо/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэв.

Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ********** нь 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 3 сар 23 хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч ********** нь өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг тэмдэглэв.  

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ********** овогт ********** “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах”,

          “Завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

           2. Шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасныг журамлан шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн сольсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ********** оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 07 /долоо/ сарын хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ********** оногдуулсан 07 /долоо/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ********** 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон 3 /гурав/ сар 23 /хорин гурав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ********** 325.000 төгрөгийг гаргуулж хохирогч ********** олгосугай.

8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч ********** Төрийн сангийн 100900005406 дугаартай дансанд байршуулсан 600.000 төгрөгийг хохирогч ********** шилжүүлэхийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

10. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч шүүгдэгч ********** урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

       13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********** урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС