Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 130/ШШ2018/00261

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б аймгийн У сумын 7 дугаар багт оршин суух, А Ткийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн У сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, Б аймгийн У сумын хүүхдийн цэцэрлэг /эрхлэгч А.Е/-д холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Тк, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Т, хариуцагч байгууллагын төлөөлөгч А.Е, хариуцагч байгууллагын өмгөөлөгч Х.З, орчуулагч К.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн У сумын хүүхдийн цэцэрлэгийн манаачийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсжээ.

Нэхэмжлэгч А.Тк шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Тк миний бие Б аймгийн У сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны тушаалаар манаачаар ажилд орсон. Улмаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан болно. Манаачаар ажиллаж байх хугацаанд ажлын хариуцлага алдаж, ямар нэгэн алдаа дутагдал гаргаж, сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй юм. Гэтэл У сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/03 дугаартай А.Ткийг ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргаж, намайг ажлаас чөлөөлсөн явдлыг дараах үндэслэлээр хууль бус болсон гэж үзэж шүүхэд эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ийнхүү нэхэмжлэл гаргаж байна. Үүнд: 1. А.Тк намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн тухай тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг баримтлан эрхийн акт буюу тушаал, захирамж гаргах ёстой. Учир нь, ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь хэсэгт заасныг тус тус баримталжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д ...ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна... гэж заасан байх ба энэ үндэслэл тогтоогдсон тохиолдолд ажлаас халах сахилгын шийтгэл авахаар зохицуулагдсан.

Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д ...Хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно... гэжээ. Мөн хуулийн 40.1.4-т заасан зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар зохицуулагдсан журам юм.

Тэрээр, хариуцагчаас дээрх хуулийн заалтуудыг давхар баримталсан нь хууль бус бөгөөд хуулийн 131 дэх хэсэгт заасан нь ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах хэлбэр, харин 40 дүгээр зүйлд заасан нь хөдөлмөрийн гэрээг цуцлах зохицуулалт байх тул хуулийн дээрх заалтуудыг давхар баримтлах ёсгүй гэж үзэж байна.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д ...мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон... гэж заасан байх ба энэхүү хуулийн заалт нь тухайн байгууллагын нягтлан бодогч, нярав нарт хамааралтай бөгөөд миний хувьд зөвхөн тухайн байгууллагын эд хөрөнгийг хулгайд алдахгүй байх ажил үүргийг гүйцэтгэдэг бөгөөд 40.1.5-д заасан зөрчлийг гаргаагүй.

Түүнчлэн, тухайн тушаалын гарчиг хэсэгт нь ажлаас чөлөөлөх гэсэн мөртлөө тушаалын 1 дэх заалтаар ажлаас халсугай хэмээн тодорхойлжээ. Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байх ёстой. Хуулийн тус шаардлагад захиргааны актаар ямар шийдвэр гаргасан эсэх нь тодорхой байх явдал хамаарна. Гэтэл хариуцагч ямар шийдвэр гаргасан эсэх нь тодорхой биш байна. Тодруулбал, маргаан бүхий захиргааны актаар намайг сахилгын шийтгэл авч, халсан эсэх эсвэл ноцтой зөрчил гаргасан гэж үзэж хөдөлмөрийн гэрээг цуцалсан эсэх нь тодорхой биш байна. Хариуцагч нь тус хоёр шийдвэрийн зөвхөн аль нэгийг нь гаргах, өөрөөр хэлбэл тушаалдаа аль нэг зүйл заалтыг хэрэглэх ёстой байсан.

2. У сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч тушаалдаа: ...тус байгууллагын манаач А.Тк удаа дараа ажлын цагаар архи ууж, хариуцсан ажилдаа хайхрамжгүй хандаж, төрийн албан хаагчийн ёс зүйг ноцтой зөрчсөн... гэжээ. Эрхлэгчийн тушаалдаа үндэслэл болгосон зөрчлүүдийг би гаргаагүй, өөрөөр хэлбэл ажлын цагаар архи уугаагүй, хариуцсан ажлаа цаг тухайд нь чанартай гүйцэтгэдэг, төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчиж байгаагүй болно. Тухайн өдрийн үйл явдлын талаар ярихад би тухайн өдөр буюу 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ээлжинд гарч байсан. Би гэртээ цайгаа уухаар очсон бөгөөд гэртээ очиход хөдөөнөөс нэг ах маань ирсэн байна. Би тэр хүмүүсийн хамт айраг уугаад сууж байгаад эхнэртэйгээ муудалцаад эхнэрээсээ болж цагдаад баригдсан маань үнэн. Тэрнээс биш ажлаа орхиод явсан асуудал байхгүй. Урьд нь надад цалин хасах арга хэмжээ авсан гэж байна. Тухайн үед цалин олгохдоо цалингаас маань хасагдсан юм шиг байсан. Гэхдээ цалин хасах арга хэмжээ авсан тушаал гарсан гэдгийг мэдээгүйИймд А.Тк намайг урьд эрхэлж байсан У сумын Хүүхдийн цэцэрлэгийн манаачийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б аймгийн У сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч А.Е шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомдол гаргагч А.Тк нь 2016 оны 12 дугаар сард У сумын хүүхдийн цэцэрлэгт манаач-ын ажлын байранд томилогдож, 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан билээ. А.Тк нь ажилд томилогдох мөчид архи дарс, согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй талаар баталгаа гаргаж өгч, амлалт авч ажилд томилогдсон юмГэтэл ажиллах хугацаанд дараах төрлийн сахилгын ноцтой зөрчлүүдийг удаа дараа гаргаж, сахилгын шийтгэл хүлээж байсан болно. Үүнд:

1. А.Тк нь 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр архидан согтуурч, жижгээр танхайрсан зөрчил гаргасны учир У сум дахь Цагдаагийн хэсгийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 тоот Албан мэдэгдэл ирсэн тул үүний дагуу А.Ткийг хамт олны хурлаар хэлэлцүүлж Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-д зааснаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан болноЭнэ талаар У сумын Цагдаагийн хэсгийн дарга Асылбект тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ний өдрийн 19 тоот албан бичгээр хариу мэдэгдсэн билээ.

2. А.Тк нь У сумын хүүхдийн цэцэрлэгийн манаачаар ажиллаж байсан хугацаанд 2017 оны 03 дугаар сарын 19-ний өдөр архидан согтуурч, гэр бүлийн амгалан тайван байдал алдагдуулж, хүн зодсон зөрчил гаргасны учир Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн шүүхийн шийтгэврээр 10 хоногийн хугацаагаар баривчлах арга хэмжээ авагдсанЭнэ талаар А.Ткт хариуцлага тооцуулах тухай У сумын Цагдаагийн хэсгийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 45 тоот албан мэдэгдлийг ирүүлснээр А.Ткийг хамт олны хурлаар авч хэлэлцэж, 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн хурлын тэмдэглэлийн шийдвэрлэсэн нь хэсгийн б заалтаар дахин сануулах шийтгэл ногдуулсан болно.

3. Манаач А.Тк нь хоёр удаа сануулах арга хэмжээ авч, хамт олноор хэлэлцүүлж зөвлөгөө өгч, шүүхээс 10 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл хүлээлгэсэн боловч, ажлын цагаар ажлын байранд архи ууж, сахилгын зөрчлийг давтан гаргасан тул 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хамт олны хурлаар хэлэлцэж, хамт олны саналыг үндэслэж, У сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай" Б/33 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2 зааснаар сарын цалинг 20 хувиар 3 сар хүртэл хасаж сахилгын шийтгэл ногдуулсан юм.

4. Манаач А.Тк нь 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 01 цагийн үед ажил үүргээ гүйцэтгэж байхад архи ууж, согтууран, харуул манааны ажлын байрыг орхиж өөрийн гэрт очиж, гэр орондоо гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зөрчил гаргаж Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс баривчлах шийтгэл хүлээсэн

2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр А.Ткийн ээлжинд гарах өдөр байсан. 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр өглөө 8 цагт ажилд гараад дараагийн өдөр өглөө дараагийн ээлжинд түлхүүрээ хүлээлгэж өгөх ёстой. Гэтэл тухайн өдөр А.Тк шөнийн 03 цагийн үед архи ууж, согтууран, харуул манааны ажлын байрыг орхиж өөрийн гэрт очиж, гэр орондоо гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байна. Тэгээд өглөө 07 цагийн үед цагдаа Б над руу залгаад танай цэцэрлэгийн манаач А.Тк шөнө архи уугаад гэртээ агсам тавьсан гэж хэлсэн. Бид нар цэцэрлэгийн түлхүүрийг цагдаагаас авсан. А.Ткийн архи уусан гэдэг нь түүний согтуурлын хэмжээг шалгасан тэмдэглэлээр нотлогдож байгаа ба энэхүү зөрчилд нь Б аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс баривчлах шийтгэл хүлээсэн бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн мөрдөгчийн 03 тоот мэдэгдэлд зааснаар сахилын хариуцлага тооцохыг үүрэг болгосноор 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ажилчдын хурлын хуралдааны шийдвэрийг үндэслэж, У сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А.Ткийг ажлаас чөлөөлөх тухай А/03 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-д заасныг баримталж Хөдөлмөрийн гэрээний 2.3 дахь заалтад заасан ноцтой зөрчлийг давтан буюу удаа дараа гаргасныг үндэслэж Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасныг үндэслэж ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан болно.

А.Тктэй байгуулсан 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний 2 дахь хэсгийн 2.3-д заасан сахилгын ноцтой зөрчил-ийг 2017 оны 01дүгээр сарын 01-ний өдөр гаргасан, 2017 оны 03 дугаар сарын 19-ний өдөр гаргасан, 2017 оны 10 дугаар сарын 20-ний өдөр гаргасан, 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр тус тус гаргасан нь Б аймгийн У сумын Цагдаагийн хэсгийн зөрчил шалган шийдвэрлэсэн материал, албан мэдэгдлүүд, хамт олны хурлын удаа дараагийн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож, мөн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэврээр хоёр удаа баривчлагдаж байснаар хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан нь нотлогдож байна.

Тухайн үед А.Тк өөрөө бас хамт олны хуралд оролцсон учраас энэ талаар мэдэж байгаа. Байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд хэрвээ ажилтан ажлын цагт архи уусан, ажлын ямар нэгэн алдаа зөрчил гаргасан бол заавал шат дараалсан арга хэмжээ авах биш шууд ажлаас чөлөөлж болно гэж заасан. Би нэхэмжлэгч А.Ткт эхний удаа сануулсан, дараа нь цалингаас нь хассан, хамгийн сүүлд ажлаас чөлөөлсөн.

А.Ткийн зөрчилд сахилгын шийтгэл оногдуулахад Хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-д заасан сахилгын шийтгэл ногдуулах хуулийн хугацаа хэтрээгүй, мөн хуулийн 131.3-д зааснаар сахилгын шийтгэлийг давхардуулж ногдуулаагүй учир ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн явдал байхгүй.

У сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Акийг ажлаас чөлөөлөх тухай А/03 тоот тушаалд Хөдөлмөрийн хуулийн 131 зүйлийн 131.1.3-д заасан ажлаас халах шийтгэл ногдуулах заалт, мөн түүний гаргасан зөрчил нь Хөдөлмөрийн гэрээний 2.3 дахь заалтад заасан ноцтой зөрчил, түүнчлэн тухайн зөрчлийг давтан гаргасан тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасныг баримталсныг буруутгах үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ талаарх гомдол гаргагч А.Ткийн гомдол үндэслэлгүй гэж үзнэ. Гомдол гаргагч А.Ткийн гаргасан зөрчил тус бүр нь эрх бүхий байгууллагын шалган тогтоосноор батлагдсан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-д зааснаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан болно. Мөн манай байгууллагын ажилтан цалин авахдаа цалингийн цэст гарын үсэг зурж танилцдаг. А.Ткт цалин хасах арга хэмжээ авсан тухай тушаал байгаа. Бид нар тухайн үед энэ асуудлыг хамт олны хурлаар авч хэлэлцсэн. Тухайн үед А.Тк өөрөө хүлээн зөвшөөрсөн. Иймд Хөдөлмөрийн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар А.Ткийн У сумын хүүхдийн цэцэрлэгийн манаач-ын ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Тк нь Б аймгийн У сумын хүүхдийн цэцэрлэгийн манаачийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч маргажээ.

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

1). Нэхэмжлэгч А.Тк хариуцагч Б аймгийн У сумын хүүхдийн цэцэрлэгт 2016 онд манаачийн ажилд томилогдож, ажил олгогчтой 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээг байгуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, зохигч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Улмаар 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ажил олгогч буюу У сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн А/03 дугаартай тушаалаар тус байгууллагын манаач А.Тк удаа дараа ажлын цагаар архи ууж, хариуцсан ажилдаа хайхрамжгүй хандаж, төрийн албан хаагчийн ёс зүйг ноцтой зөрчсөн гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11-р зүйлийн 11.1.2 дахь заалт, цэцэрлэгийн дотоод журмын 15.1.2 дахь хэсгийг үндэслэж үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байжээ.

Хавтаст хэрэгт авагдсан 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ажил олгогч болон ажилтан А.Тк нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-д эрхлэх ажил, албан тушаал цэцэрлэгийн манаач, 1.8-д Бямба, ням гаргуудад 24 цаг бусад үед өглөө 0900-1000, 1.9-д хөдөлмөрийн гэрээний хугацаа 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 25-ны хүртэл нэг жилийн хугацаатай гэрээ байгуулсан байна.

Гэтэл уг цэцэрлэгийн манаачийн орон тоо байнгын орон тоо болох нь зохигч нарын тайлбараар нотлогдож байгаа ба үүнд талууд маргаагүй бөгөөд ажил олгогчоос Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна гэснийг зөрчиж ямар учраас хугацаатай байгуулсан талаарх тохиролцсон байдлаа гэрээндээ тусгаагүй буюу заагаагүй байх тул мөн хуулийн 23.3-д зааснаар уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд буюу хугацаагүй байгуулсан гэрээ байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч буюу ажил олгогчоос байнгын ажлын байранд ямар учраас хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан үндэслэлээ нотолж чадаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д зааснаар ажилтан А.Тктэй байгуулсан энэхүү хөдөлмөрийн гэрээ нь хугацаагүй гэрээ гэж үзлээ.

Хариуцагчаас миний бие ажилтны ажлыг жил бүр дүгнэхийн тулд хугацаатай гэрээ байгуулсан гэж тайлбарлаж ажилтан А.Тктэй 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн хугацаагүй гэрээг нотлох баримтаар ирүүлсэн боловч энэхүү гэрээнд зурсан ажилтан А.Ткийн гарын үсэг нь түүний гарын үсэг биш болох нь 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 28 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул уг хөдөлмөрийн гэрээг нотлох баримтаар үнэлээгүй буюу шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй болно.

Харин 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ажил олгогч болон ажилтан А.Тк нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.3-д

-ээлжинд гарсан үед байгууллагаа эзгүй орхих,

-өөр хүнийг ажилд тавих, байгууллагын өмч хөрөнгийг хууль бус ашиглах, цэцэрлэгийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй байх,

-ажлын байранд ажлын цагаар архи ууж бусдад танхайрсан нөхцөл бүрдүүлсэн

-хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан,

- бусдыг хэл амаар доромжлох,

- байгууллага, хувь хүний нууцыг тараах,

- хамт олны удирдлагын эсрэг элдэв гүтгэлэг сөрөг ухуулгыг явуулах,

- хөдөлмөр хамгаалал осол аюулгүй эрүүл, ахуйн дүрмийг биелүүлээгүй бол, мөн тус цэцэрлэгийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хамт олны хурлаас баталсан Хөдөлмөрийн дотор журмын 15.1.2-т хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн,15.1.3-т ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, согтуугаар албан ажлаа эрхэлсэн бол сахилгын ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар нэрлэн заасан байжээ.

-Нэхэмжлэгч А.Тк нь 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр тус цэцэрлэгийн манаач А.Жээс ажил хүлээж авч ээлжинд гарсан болох нь манаач нарын тэмдэглэлийн дэвтрийн 6 дугаар хуудсанд: 01 сарын 3-ны өдөр манаачийн ажлыг Ткт хүлээлгэж өглөө. Манаачинд гарсан А.Ж гэсэн, мөн нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд: ...тухайн өдөр манаачийн ажлыг манаач А.Жээс хүлээж авсан гэх мэдүүлэг, 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №03 дугаартай мөрдөгчийн мэдэгдэл зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

2). Нэхэмжлэгч А.Тк 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр манаачийн ажил үүргийг гүйцэтгэх хугацаандаа өдөр ажлын цагтаа архи ууж ажлын газрыг эзэнгүй орхиж гэртээ очиж эхнэрээ бусадтай харилцахыг хязгаарлаж хэрүүл, маргаан үүсгэсэн нь хавтаст хэрэгт авагдсан:

- Б аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 09 дугаартай шийтгэврээр А.Тк нь 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн орой архидан согтуурсан үед нэг гэр бүлд хамт амьдарч байгаа эхнэр болох Ө.Еийг бусадтай харилцахыг хязгаарласан, хэрүүл маргаан үүсгэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т зааснаар 30 цагийн албадан сургалтанд хамруулж, 10 /арав/ хоногийн хугацаагаар баривчлах захиргааны шийтгэл ногдуулсан байдал,

- 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №03 дугаартай мөрдөгчийн мэдэгдэлд: ... 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 цагийн үед тус сумын Хүүхдийн цэцэрлэгийн манаач А.Тк ажил үүргээ гүйцэтгэж байх үед согтууруулах ундаа хэрэглэж ажлын байраа орхиж гэрт нь очиж эхнэрээ бусадтай харилцахыг хязгаарлаж, хэрүүл маргаан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн ... гэх,

-2018 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэлд: Б аймаг дахь Цагдаагийн газрын У сум дахь цагдаагийн хэсгийн цагдаа, цагдаагийн д/а С.Б би У сумын 7 дугаар багийн иргэн Арыстан овогтой Ткт МЕТА алкотестер маркийн багажаар согтуурлын хэмжээг шалгаж үлээлгэхэд аппаратын тоо 0,34 промиллер зааж, согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдов гэж А.Тк болно хөндлөнгийн гэрч байлцуулж гарын үсэг зуруулж баталгаажуулсан байдал,

- 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б аймаг дахь Цагдаагийн газрын У сум дахь Цагдаагийн хэсгийн цагдаа, цагдаагийн д/а С.Б бичсэн баримтад: У сум дахь Цагдаагийн хэсгийн цагдаа цагдаагийн дэд ахлагч С.Б би тус сумын хүүхдийн цэцэрлэгийн манаач Арыстан овогтой Тк нь 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ээлжийн үүрэг гүйцэтгэх хугацаанд согтууруулах ундаа хэрэглэсэн байсан ба 2018 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн өглөө 0730 цагт цэцэрлэгийн түлхүүрийг А.Ткээс авч манаач Ө.Алтынбект хүлээлгэж өгсөн гэх,

-01 дүгээр сарын 04-ний өдөр Баас түлхүүр аваад гаднаас нь нээсэн гэх манаач Алтынбекийн гарын баримт зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

-Мөн нэхэмжлэгч А.Ткийн шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Би тэр өдөр ажлын газраас үдийн цай уухаар гэртээ очсон. Хөдөөнөөс ах маань ирж, ахтай хамт айраг уусан. Би архи уугаагүй гэх мэдүүлгээс дүгнэхэд тэрээр хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчилд тооцохоор нэрлэн заасан зөрчил буюу ээлжинд гарсан үед байгууллагаа эзгүй орхисон байх ба архи биш айраг ууснаа бичгийн нотлох баримтаар нотолж чадаагүй бөгөөд багш Ө.Н, Ө.М нар нь 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр А.Тк нь ажлын байранд архи уугаагүй гэж тодорхойлолт өгсөн боловч тэрээр архи уусан болох нь хавтаст хэрэгт авагдсан 2018 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэлээр нотлогдож байх тул багш Ө.Н, Ө.М нарын тодорхойлолтоор ажлын цагт О.Тк нь архи уугаагүй, айраг уусан гэж үзэх боломжгүй болно.

3). Ажил олгогчоос ажилтан А.Ткт удаа дараа ажлын цагт архи ууж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг алдсан гэсэн үндэслэлээр 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/33 дугаартай тушаалаар түүний үндсэн цалингийг 20%-иар 3 сар хүртэл хасаж сахилгын шийтгэл ногдуулсан тушаал болон 2017 оны 10-12 дугаар сарын цалингийн хүснэгт, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хурлын протокол, мөн тэрээр урьд сануулах сахилгын арга хэмжээ авагдаж байсан гэж 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б аймаг дахь Цагдаагийн газрын У сумын Цагдаагийн хэсгийн №01 дугаар албан мэдэгдэл, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн тус цэцэрлэгийн эрхлэгчийн У сумын цагдаагийн хэсгийн дарга А.Асылбект танаа гэх 19 дугаартай албан бичиг, 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн мөн сумын Цагдаагийн хэсгийн №45 дугаартай албан мэдэгдэл, тус цэцэрлэгийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 33 дугаартай албан бичиг, 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Цэцэрлэгийн ажилчдын хурлын тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудыг ирүүлснийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчид 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр танилцуулсан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч өмгөөллийн үгэндээ 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр А.Ткийн архи ууссан нь тогтоогдохгүй байгаа гэж маргаж байгаа боловч нэхэмжлэгчээс уг иргэний хэргийг хянан шийдвэрлэх хүртэл ажил олгогчийн дээрх тушаалыг эс зөвшөөрч сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул хариуцагч байгууллагын эрхлэгчийн 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/33 дугаартай А.Ткт сахилгын арга хэмжээ авсан тушаал нь хуулийн хүчин төгөлдөр эрхийн акт байна гэж шүүх дүгнэж нэхэмжлэгч А.Тк нь сахилгын арга хэмжээтэй байх хугацаандаа давтан зөрчил гаргасан байна гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгч А.Тк нь хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журамд заасан ноцтой зөрчлийг гаргасан, сахилгын зөрчлийг давтан гаргасан болох нь дээрх үндэслэлээр нотлогдо тогтоогдсон тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ийг баримтлан нэхэмжлэгч А.Ткийн Б аймгийн У сумын хүүхдийн цэцэрлэгийн манаачийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ