Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 1061

 

 

 

 

 

 

 

 

 

БГДТХ

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2019/00548 дугаар шийдвэртэй, БГДТХ нэхэмжлэлтэй, “А” ХХК-д холбогдох, татварын өрд 802 301 18.60 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оргилмаа, хариуцагчийн төлөөлөгч Д.Сайнбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч БГДТХ итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оргилмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “А” ХХК нь 2014 оны 10 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 802 301 188.60 төгрөгийн өртэй байна. Бид дээрх татварын тайлангаар баталгаажсан өрийг төлүүлэхээр Татварын ерөнхий хуулийн дагуу удаа дараа мэдэгдэл хүргүүлэн шаардлага тавьж, мөн хуулийн 63 дугаар зүйлд заасан татварын өрийг үл маргах журмаар гаргуулах ажиллагааг хийж гүйцэтгэн татвар төлөгчийн харилцах банк дахь дансыг хаасан боловч өр төлбөрийг барагдуулаагүй. Иймд Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасны дагуу “А” ХХК-иас 802 301 188.60 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч “А” ХХК-ийн төлөөлөгч Д.Сайнбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Би “А” ХХК-ийг 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр шилжүүлэн авсан ба тухайн үед нэмэгдсэн өртгийн албан татварын өртэй байсныг огт мэдээгүй. Компанийг шилжүүлж авахаас өмнө тус өрийн асуудал үүсч, эрүүгийн журмаар шалгагдаж байсан.

Эрүүгийн журмаар холбогдуулан шалгаж, холбогдох компаниуд нь татварын тайландаа залруулга хийн, татварын буцаан төлөлт хийснээр өр бүрэн барагдсан гэх үндэслэлээр прокурорын газрын 944 дүгээр тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Надад гаргаж өгөх нотлох баримт байхгүй. Баянголын дүүргийн Татварын хэлтсээс гарган өгсөн 14 хуудас баримтад тухайн компаниуд 2014 онд худалдан авалт хийсэн нэмэгдсэн өртөгийн татварын буцаан төлөлт хийгдсэн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх: Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 55 дугаар зүйлийн 55.1, 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “А” ХХК-иас 261 503 123  төгрөг гаргуулан, нэхэмжлэгч БГДТХт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 540 798 065 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгон, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч БГДТХ нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч “А” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1 465 466 төгрөг гаргуулан, улсын төсвийн дансанд оруулж шийдвэрлэжээ

 

Нэхэмжлэгч БГДТХ итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оргилмаа давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад буруу үнэлэлт, дүгнэлт өгсөн байна. 2014 онд Цагдаагийн Ерөнхий газрын дэргэдэх Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанд эрүүгийн журмаар холбогдуулан шалгаад дүүргийн 2 дугаар прокурорын газрын 944 тоот тогтоолоор 802 301 188 төгрөгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Дээрх прокурорын тогтоолоор төлбөрийг бүрэн төлж барагдуулсан ба худалдан авалт хийсэн хуулийн этгээд бүр өөрт ногдох нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд ногдол хийх замаар барагдуулсан гэх баримтуудыг шүүх үнэлж, судлаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч БГДТХ итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оргилмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: БГДТХ нэхэмжлэлтэй, “А” ХХК-д холбогдох 802 301 188.60 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч БГДТХ нь хариуцагч “А” ХХК-д холбогдуулан нэмэгдсэн өртгийн албан татварын өрд 802 301 188.60 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч тал эс зөвшөөрч, “...эрүүгийн журмаар холбогдуулан шалгах явцад холбогдох компаниуд нь татварын өрийг бүрэн барагдуулсан...” гэх үндэслэл заан нэхэмжлэлээс татгалзжээ.

Анхан шатны шүүх дээрх маргааныг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хариуцагч “А” ХХК-аас 261 503 123 төгрөг гаргуулан нэхэмжлэгч талд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 540 798 065 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оргилмаа нь хариуцагч “А” ХХК-аас татварын өрд 802 301 188.60 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзаж, үндэслэлээ “...эрүүгийн хэрэгт хий бичилт хийж өр үүсгэсэн, ...компани нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан борлуулалт хийгээгүй, ...22 аж ахуйн нэгж байгууллагууд залруулга хийсэн” гэж давж заалдах шатны шүүх хуралдааны явцад тайлбарласан болно.

Нэхэмжлэгч БГДТХ нь тус байгууллагын хуулийн зөвлөх Э.Оргилмаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхийг итгэмжлэлээр олгосон байх тул түүнийг эрх бүхий этгээд гэж үзнэ.

Иймд давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2017/00548 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Баянгол дүүргийн Татварын хэлтсийг хариуцагч “А” ХХК-иас нэмэгдсэн өртгийн албан татварын өр 802 301 188.60 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч БГДТХ нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжнаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчид хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

                             ШҮҮГЧИД                          А.МӨНХЗУЛ

               Ч.ЦЭНД