Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 19

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа

            Улсын яллагч П.Эрдэнэбаатар          

            Шүүгдэгч З.Бакытжан нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн шүүгдэгч Мэрхэт овогт Зейнелийн Бакытжанд холбогдох 201723010031 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 06 сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Айраг суманд 1984 оны 09 сарын 11-ний өдөр төрсөн, 33 настай, яс үндэс казак, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Уулын баяжуулах “Бор-Өндөр” үйлдвэрт гагнуурчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р баг 43-р байрны 55 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, ЕТ84091112 регистрийн дугаартай Мэрхэт овогт Зейнелийн Бакытжан.

Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч З.Бакытжан нь 2017 оны 05 сарын 18-наас 19-нд шилжих шөнө 03 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р баг 43-р байрны 55 тоот байранд согтуугаар, хувийн таарамжгүй харьцааны улмаас эхнэр А.Булбултайг зодож, биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

-Шүүгдэгч З.Бакытжаны 2017 оны 05 сарын 23-ны өдөр хэрэг бүртгэлтэд өгсөн “Би 2017 оны 05 сарын 18-ны өдөр өөрийн гэртээ эхнэр Булбултайгийн хамт найз Баттамирын хамт гурвуулаа 2.5 литрийн “Сэрүүн” нэртэй 2 сав пиво хувааж уугаад шөнө 22 цаг 30 минутын үед Баттамирын гэрт очиж 0.75 литрийн “Ерөөл” нэртэй архи хувааж уугаад яриад сууж байхдаа Баттамир нь эхнэр бид хоёрыг хятадын шээс, эрлийз гэж доромжилсон. Тэгээд Баттамир бид хоёрын хооронд хэрүүл маргаан болж Баттамир сүүлдээ бидний эцэг, эх рүү орж Бор-Өндөрийн казакууд бүгд адилхан гэж доромжлоод байхаар нь Баттамирыг 1 удаа алгадсан. Манай эхнэр нэлээн согтсон байсан. Баттамирын тэр доромжлолыг ойлгохгүй надтай хэрэлдээд Баттамирыг өмөөрөөд чи манай найзыг алгадлаа гэснээс болж бид хоёрын хооронд хэрүүл маргаан үүсгэж маргасаар гэртээ ирсэн. Гэртээ ирсэн хойно Булбултай намайг ор зас гэснээс болж бид хоёрын маргаан хүндэрсэн. Намайг Булбултай унтуулахгүй татаж чангаагаад байхаар нь миний уур хүрч Булбултайгийн зүүн нүд орчим нэг удаа баруун гараараа цохисон. Булбултай миний нүдийг ийм болголоо гээд над руу дайраад миний нүүрийг маажаад байхаар нь 2 гарыг нь бариад орон дээр унагаасан. Тэгээд Булбултай цагдаа дуудлаа гэхээр нь дууд дууд гэсэн. Удалгүй цагдаа ирээд намайг аваад явсан. Би нэлээн согтуу байсан. Би гэртээ ирсэн хойно Булбултайтай хэрэлдэж, маргалдаж байхдаа гар хөлнөөс нь базаж түлхэлцэхэд гар хөл нь хөхөрсөн байх. 2016 оны 12 сард Булбултай бид хоёр маргалдаж Булбултайгийн нүд рүү цохиж бага зэрэг хөхрүүлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31, 33-34/,

-Хохирогч А.Булбултайгийн 2017 оны 05 сарын 23-ны өдөр хэрэг бүртгэлтэд өгсөн “2017 оны 05 сарын 18-ны өдөр манай нөхөр Бакытжан нь тог байхгүй байна гээд Баттамир найзыгаа дуудчих гэхээр нь чи яах гэсэн юм, яагаад дандаа Баттамирыг дууд дууд гэдэг юм гэж хэлээд за за би Баттамирыг дуудъя гээд утсаар Баттамирыг гэрт хүрээд ир гээд дуудсан. Манай нөхөр Бакытжан 2.5 литрийн “Сэрүүн” нэртэй пиво 2 савыг авчирч бид гурав хувааж уусан. Баттамир бид хоёр нялх хүүхэдтэй бараг уугаагүй. Орой 21 цагийн үед Баттамир манай гэрт очиж мах чанаж идье гээд гэрт нь очиж мах идэнгээ 2.5 литрийн “Сэрүүн” нэртэй пиво 1 сав, 0.75 литрийн “Ерөөл” архи хувааж уусан. Манай нөхөр Бакытжан Баттамирыг чи нөхрийгөө баривчилгаанд явууллаа гээд тэр хоёр хоорондоо маргасан. Би Бакытжанд чамд хүний амьдрал ямар хамаатай юм гэрлүүгээ явъя гээд явсан. Гэртээ ирсэн хойно Бакытжаныг ор зас би хүүхдээ барьж байна гэхэд Бакытжан би ор засдаг хэн бэ, чадахгүй гээд миний хоолойноос боож, үснээс зулгааж, төмөр сейф мөргүүлээд орон дээр дарж унагаад чамайг ална гэж орилж хашгирч баруун гараараа зүүн нүд рүү нэг удаа цохиж, баруун зүүн шанаа, гар хөл рүү олон удаа цохиж зодсон. Би Бакытжаныг унтсаны дараа цагдаад дуудлага өгсөн. Манай нөхөр цалин буусан үедээ архи пиво гэртээ авчирч уудаг. Чи амьдралаа бод, архи авч байгаа мөнгөө надад өг, хүүхдэдээ юм авъя гэхээр уурлаж хаана таарсан газраа цохьдог. Заримдаа айгаад юу ч хэлж чаддаггүй. Зарим үед гэрийн түлхүүр утас аваад холбоо барих боломжгүй болгодог. 2017 оны 05 сарын 18-ны шөнө 01 цагаас 03 цагийн хооронд болсон. Би Баян-Өлгий аймгаас Бакытжантай гэр бүл болоод Бор-Өндөр суманд ирээд 3 жил болж байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд яг юунаас болж уурлаад намайг зодож цохиод байгаа учрыг нь олохгүй, шөнөдөө нойр хүрдэггүй. Би гадуур явж архи уугаад байдаггүй. Би хүүхдээ хараад гэртээ л байдаг. Гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 08-10/,

-Гэрч Ч.Баттамирын 2017 оны 05 сарын 25-ны өдөр хэрэг бүртгэлтэд өгсөн “2017 оны 05 сарын 18-ны өдөр 14 цагийн үед Булбултай над руу утсаар яриад манайд ирж цай уу гэхээр нь 16 цагийн үед гэрт нь очсон. Гэрт нь очиход Бакытжан унтаж байсан. Булбултай бид хоёрыг гал тогоонд юм яриад сууж байхад Бакытжан босоод гурвуулаа нэг пиво ууя гээд Бакытжан дэлгүүрээс 2.5 литрийн “Сэрүүн” нэртэй пиво 2-ыг авчирсан. Тэрийгээ хувааж уугаад орой 21 цагийн үед бид хэд манайд очиж мах чанаж идээд 2.5 литрийн “Сэрүүн” нэртэй пиво 1 сав, 0.75 литрийн “Ерөөл” архи гурвуулаа хувааж уугаад юм яриад сууж байхад Бакытжан нь танай нөхөр намайг хужаа гэж хэлсэн гэхээр нь өөдөөс нь казак хүнийг харсаар байж хужаа гэж хэлдэг гэсэн чинь Бакытжан гэнэт уурлаад чи намайг хужаа гэж хэллээ гэж ойлгоод чи нөхрийгөө баривчилгаанд явуулсан гээд над руу дайрахад Булбултай чамд хүний амьдрал ямар хамаатай юм гээд ширээний өмнө сандал дээр сууж байгаад шкафны өмнө очоод зогсож байхад Бакытжан явъя гээд гэдэс хавьд нь өшиглөсөн. Булбултай шкаф мөргөөд унаад цагдаа дууд гэж уйлсан. Булбултай явахгүй гээд хүүхдээ тэврээд орон дээр сууж байхад Бакытжан намайг хужаа гэж байхад чамайг ч гэсэн хужаа гэж хэлж л байна ш дээ явъя гээд чангаагаад байхаар нь Бакытжаныг чи өөрөө гэрээс гар гэж хөөж түлхэж гаргах гэхэд намайг зүгээр байгаарай гээд эргэж хараад алгадсан. Тэгээд манай гэрээс гараад арваад минутын дараа эргэж орж ирээд Булбултайг аваад гарсан. Манайхаас гарахдаа тэр хоёр хоорондоо хэрэлдэж маргаагүй гарсан. Маргааш өглөө нь Булбултай над руу утсаар яриад Бакытжан намайг шөнө зодсон гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13/,

-2017 оны 05 сарын 19-ний өдрийн шинжилгээ хийх шинжээч томилох тухай тогтоол /хх-ийн 18/,

-Хэнтий аймгийн Засаг даргын дэргэдэх Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 05 сарын 22-ны өдрийн №50 тоот:

1.А.Булбултайгийн биед зүүн нүдний алимны доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний гадна хажуу хэсэг, зүүн хацар хэсэг, баруун хацарын төвгөр хэсэг, баруун гарын бугалганы гадна дунд хэсэг, зүүн мөрний гадна дээд хэсэг, зүүн гарын тохойны гадна доод хэсэг, зүүн хөлийн шилбэний гадна дээд хэсгүүдийн цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрхи гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт  хамаарна.

4.Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5.Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 19/,

 -Шүүгдэгч З.Бакытжаны ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37/

 -Хохирогч А.Булбултайгийн 2017 оны 06 сарын 09-ний өдөр тус шүүхэд гаргасан “Миний бие З.Бакытжанд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд оролцохгүй. Намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү. Миний бие А.Булбултай нь нөхөр З.Бакытжантай эвлэрсэн тул ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх хүсэлт,

 -Шүүгдэгч З.Бакытжаны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би эхнэр А.Булбултайг зодож, биед нь хөнгөн гэмтэл учруулсан нь үнэн. Эхнэр бид хоёр эвлэрсэн. Дахиж эхнэрийгээ зодохгүй гэдгийг амлаж байна. Би эхнэр А.Булбултайгийн биед учруулсан гэмтлийг хүлээн зөвшөөрч байна. Миний бие шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтийг бичгээр гаргасан. Гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Иймд хэргийг минь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

Шүүгдэгч З.Бакытжан нь 2017 оны 05 сарын 18-наас 19-нд шилжих шөнө 03 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р баг 43-р байрны 55 тоотод согтуугаар, хувийн таарамжгүй харьцааны улмаас эхнэр А.Булбултайтай маргалдаж, улмаар эрх чөлөөнд нь халдаж, биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч А.Булбултай, гэрч Ч.Баттамир нарын мэдүүлэг, шинжээчийн №50 тоот дүгнэлт, шүүгдэгчээс үйлдсэн хэргийнхээ талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч З.Бакытжанд холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, прокуророос зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл, заалт тохирсон байна.

Шүүгдэгч З.Бакытжан нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан нөхцөл байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

-Шүүгдэгч З.Бакытжан нь “хохирогч А.Булбултайд эмчилгээний зардал төлсөн, хохирогч А.Булбултай нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх хүсэлтийг,

-Хохирогч А.Булбултай нь “шүүгдэгч З.Бакытжантай сайн дураараа эвлэрсэн, гомдол саналгүй, хохирол төлбөр бүрэн төлөгдсөн, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх хүсэлтийг тус тус шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч З.Бакытжан нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн байна.

Иймд шүүх уг хүсэлтийг хүлээн авч шүүгдэгч З.Бакытжан нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэний гадна дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч З.Бакытжаныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирогч шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн гэсэн үндэслэлээр хэргийг нь хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч З.Бакытжан нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297.1.1-297.1.4, 298, 301, 303 дугаар

 зүйлд тус тус  заасныг удирдлага болгон   ТОГТООХ нь:


             1.Шүүгдэгч Мэрхэт овогт Зейнелийн Бакытжаныг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Мэрхэт овогт Зейнелийн Бакытжанд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Бакытжаныг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 3.Шүүгдэгч З.Бакытжан нь урьдчилан цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт ирээгүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт байхгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

            4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх  хэсэгт  зааснаар шүүгдэгч З.Бакытжанд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр нь хэрэглэсүгэй.

5.Ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    М.ЭНХМАНДАХ