Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 49

 

“Б Э И” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд

       холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                   Г.Банзрагч

                                  Д.Мөнхтуяа

                                  Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:         Л.Атарцэцэг

Нарийн бичгийн:    Т.Өлзийтүвшин

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2016 оны 06 дугаар сарын 02-ны А/174 дүгээр тушаалын “Б Э И” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, тус компанийн газар эзэмших эрхийг сэргээхийг хариуцагчид даалгах, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/179 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтын хүснэгт хэсгийн 4 дэх хэсэгт заасан газар ашиглах эрхийг “Г” ХХК-д олгосон хэсгийг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/556 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2017/0708 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч: Өмгөөлөгч Ж.Оюунболд,

Гуравдагч этгээд: Итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энх-Амгалан нар,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Оюунболдын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.         

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 17ы өдрийн 128/ШШ2017/556 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 40 дүгээр 40.1.5, 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг тус тус үндэслэн нэхэмжлэгч “Б Э И” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/179 дүгээр тушаалын “Б Э И” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг сэргээхийг хариуцагчид даалгаж, мөн сайдын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/179 дүгээр тушаалын “Г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2017/0708 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0556 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Оюунболд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2017/0708 дугаар магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 123 дугаар зүйлийн 123.2.1-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн нь “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагыг хангаагүй гэж үзэн хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. Магадлалын “ХЯНАВАЛ” хэсэгт “Анхан шатны шүүх хэрэгт хамааралтай нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй хэргийг шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангагдаагүй байх тул дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаав” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

5. “Газрын төлбөрийн талаарх нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй” тухайд: Нэхэмжлэгч болох “Б Э И” ХХК нь 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргатай “Улсын тусгай хамгаалалтай газар нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гурвалсан гэрээг” байгуулсан байдаг бөгөөд дээрх гэрээний 2 дугаар зүйлийн 2.4б-д “бүгд үнэ 1 жилд 11,880,000 төгрөг” гэж заасан, мөн гэрээний 2.4в-д “газрын төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улирал бүрийн эхний сарын 25-ны дотор Хан-Уул дүүргийн Газрын албаны дансанд төлөх” үүрэг хүлээсэн. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч “Б Э И” ХХК нь Хан-Уул дүүргийн Газрын албаны Улаанбаатар хотын банкны дансанд 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 3,000,000 төгрөг, 04 дүгээр сарын 11-ний өдөр 3,000,000 төгрөг, 06 дугаар сарын 06-ны өдөр 3,000,000 төгрөг, 09 дүгээр сарын 26-ны өдөр 3,000,000 төгрөг нийт 15,000,000 төгрөгийг газрын төлбөрт төлсөн байдаг бөгөөд хариуцагчийн зүгээс энэ талаар маргаагүй.

6. Харин Хан-Уул дүүргийн Газрын албаны 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 13/948 тоот албан бичгээр ирүүлсэн лавлагаагаар нэхэмжлэгчийн газрын төлбөрийн үлдэгдлийг 2014 онд 3,328,000 төгрөг, 2015 онд 22,056,000 төгрөг, 2016 онд 4,762 төгрөг, нийт 30,146,000 төгрөгийн үлдэгдэлтэй гэсэн байна. Талуудын хооронд 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан гурвалсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.4г-д “Эрх бүхий байгууллагын шийдвэрээр газрын төлбөрийн хэмжээ өөрчлөгдөх тохиолдолд гэрээнд өөрчлөлт оруулна” гэж заасан байх бөгөөд нэгэнт гэрээнд нэмэлт өөрчлөлт ороогүй тохиолдолд гэрээний газрын төлбөрийн хэмжээ өөрчлөгдөх үндэслэлгүй, хариуцагчийн зүгээс өөрсдийн татгалзлын үндэслэлийг нотлох үүрэгтэй. Мөн нэхэмжлэгч талд газрын төлбөрийн хэмжээ нэмэгдэж буй талаар огт мэдэгдээгүй шүүхэд нотлох баримт гаргаж өгөөгүй, энэ талаар хүсэлт гаргаагүй, газрын төлбөрийн хэмжээг талуудын хооронд байгуулсан гэрээгээр зохицуулсан байх тул нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагагүй гэж үзэж байна.

7. “Б Э И” ХХК-ийн удирдлага солигдсон тул одоогийн төлөөлөх эрхтэй этгээдээс нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж буйг тодруулсны үндсэн дээр нэхэмжлэл гаргах эрхтэй эсэхэд дүгнэлт өгөх тухайд: “Б Э И” ХХК 2010 оны 02 дугаар сарын 19-ний өдөр анх үүсгэн байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгэгдсэн бөгөөд Компанийн тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу өөрчлөлт хийж цаг тухайд нь бичилт хийлгэж байсан нь тус компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээнээс харагдана. Нэхэмжлэл гаргах үед тус компанийг итгэмжлэлгүйгээр бүрэн төлөөлөх эрхтэй этгээд нь Түвдэндорж овогтой Баяраа байсан бөгөөд 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр иргэн Дашзэвэг овогтой Сайнсанаа тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй болсон бөгөөд энэ нь хавтас хэрэгт авагдсан Оюуны өмч, улсын бүртгэлийн газраас шүүхэд ирүүлсэн “Б Э И” ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагаагаар тогтоогдоно. Түүнчлэн маргааны явцад 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгч “Б Э И” ХХК-ийн захирал Д.Сайнсанаа нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэж байсан нь тус нэхэмжлэлийг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаагийн илэрхийлэл юм. Тиймээс нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг дэмжиж байгаа эсэхийг тодруулах шаардлага байхгүй болно.

8. “Б Э И” ХХК-ийн газар ашиглах эрх хүчинтэй байх хугацаанд “Г” ХХК-ийн газар ашиглахыг хүссэн хүсэлтэд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга ямар нэгэн давхцалгүй гэж тодорхойлсон нь ямар учиртай болохыг нягтлаагүй тухайд: “Б Э И” ХХК-ийн газар ашиглах эрх хүчин төгөлдөр байх хугацаанд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Ширэндэв нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт хүргүүлсэн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 398 дугаар албан бичигт гуравдагч этгээд “Г” ХХК-ийн Арцатын амны хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар ашиглахыг хүссэн газар нь бусад газар ашиглагч нарын газартай давхцалгүй гэж тодорхойлсон нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”’ гэж заасныг зөрчсөн, хуурамч баримт үйлджээ. Нэгэнт цаг хугацааны хувьд нэхэмжлэгчийн газар ашиглах эрх хүчинтэй байхад тус газар дээр ашиглах эрх хүссэн гуравдагч этгээдэд тус газар давхцалгүй гэсэн бичиг хийж өгсөн нь хууль зөрчсөн үйлдэл болох нь тодорхой байна. Өөрөөр хэлбэл үүнийг тодруулах нь хэрэгт ямар ч ач холбогдолгүй болно. Харин Ц.Ширэндэндэвийн энэхүү хууль бус үйлдлийн талаар тодруулж шалгуулах гэж байгаа бол холбогдох газарт нь хандах ёстой.

9. “Г” ХХК-ийн тухайд ашиглах хүссэн 4 га газрын нэгж талбарын зургийг газар ашиглах эрх олгодог өдөр буюу 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “Bizzcad” ХХК-иар хийлгүүлсэн, уг газрыг ашиглах хүсэлтийг ч мөн өдөр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад гаргасан байгааг тодруулах тухайд: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж маш тодорхой заасан. Мөн хуулийн 32, 33 дугаар зүйлд хүсэлт гаргах, шийдвэр гаргах талаар заасан байна. Түүнчлэн Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 35, 36 дугаар зүйлд хүсэлт гаргах хэрхэн шийдвэрлэх талаар тусгасан. Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт болох “Тусгай хамгаалалтай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-ын 3 дугаар зүйлд газар ашиглах зөвшөөрөл олгох асуудлыг тусгасан байна. Журмын 3.2 дахь хэсэгт “Шаардлага хангаагүй тохиолдолд татгалзсан шалтгаан үндэслэлийг тодорхой бичсэн албан тоотыг иргэн аж ахуйн нэгж байгууллагад 15 хоногийн дотор явуулна. Дээрх шалгуурыг бүрэн хангасан тохиолдолд байгаль орчны нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгүүлнэ” гэж заасан байгаа нь хууль тогтоомж болон журмын хүрээнд хүсэлт гаргасан аж ахуйн нэгжийн материалыг судалж үзсэний үндсэн дээр тодорхой хугацааны дотор олгохоор зохицуулсан нь нэг өдрийн дотор дээрх бүхий л баримтыг хянан шалгах боломжгүй гэдэг нь тодорхой юм. Гэтэл “Г” ХХК-ийн газар ашиглахыг хүссэн 4 га газрын эргэлтийн цэгийг газарт бэхэлсэн нэгж талбарын зургийг газар ашиглуулах шийдвэр гаргадаг өдөр буюу 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “Bizzcad” ХХК-иар хийлгүүлсэн нь хэрэгт авагдсан байдаг.

10. Түүнчлэн “Г” ХХК нь уг газрыг ашиглах хүсэлтийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад мөн өдрөө буюу 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр гаргаж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг нь А/179 тушаалаар “Г” ХХК-д газар ашиглах эрхийг 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр олгож шийдвэрлэсэн байна. А/179 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтын хүснэгтийн 3, 4, 5 хэсэгт зааснаар “Г” ХХК-д Хан-Уул дүүргийн Арцатын аманд 13 га, Арцатын аманд 4 га, Нүхтийн задгайд 2,5 га нийт 19,5 га газар олгосон байгаагаас Арцатын аманд олгосон 4 га газар нь “Б Э И” ХХК-д олгосон газартай давхцаж байна. Дээрх бүхий л зураг, хүсэлт, албан бичгүүд нэг өдөр хийгдэж тухайн өдрөө “Г" ХХК-д 19 га газар олгогдсон сайдын тушаал байгаа нь хууль зөрчсөн байна.

11. Давж заалдах шатны шүүхийн дээрх тодруулах шаардлагатай гэж үзсэн асуудлууд нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй хавтаст хэрэгт авагдсан баримтаар шийдвэрлэж болох асуудлууд болно. Шүүх хуралдааны асуулт хариултын шатанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс хариуцагчид нэг өдрийн дотор хүсэлтийг хүлээн авч газар ашиглах эрхийг шийдвэрлэх боломжтой юу гэж асуухад тийм гэсэн хариулт өгч байсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан бөгөөд шүүхээс дээрх асуудлыг тодруулах боломж байхгүй харин шүүхээс зөв дүгнэлт хийх ёстой.

12. Иймд, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2017/0708 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/556 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

13. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл муутай болжээ.

14. “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газрыг 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгч “Б Э И” ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/174 дүгээр тушаалын холбогдох заалт Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасантай нийцээгүй байна.

15. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч “Б Э И” ХХК-ийн газар ашиглах эрхийг дээрх хуульд заасны дагуу дуусгавар болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

16. Тухайлбал, нэхэмжлэгч нь 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Хан-Уул дүүргийн Засаг дарга болон Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргатай байгуулсан “Газар ашиглах тухай” гурвалсан гэрээнд зааснаар газрын төлбөрийг жил, улирал бүр хуваан сарын эхний 25-ны дотор Хан-Уул дүүргийн Газрын албанд төлөх үүрэг хүлээж, 2015 оны 05 дугаар сарын 25, 2016 оны 01 дүгээр сарын 27, 2016 оны 04 дүгээр сарын 11, 2016 оны 06 дугаар сарын 06, 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрүүдэд тус бүр 3,000,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөгийг газрын төлбөрт төлсөн, энэ талаар хариуцагч үгүйсгэж маргаагүй болно.

17. Мөн Хан-Уул дүүргийн Газрын албаны 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 13/948 тоот албан бичгээр газрын нэхэмжлэгчийн төлбөрийн үлдэгдлийг баталгаажуулж хүргүүлсэн, 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар төлбөрийн үлдэгдлийг баталгаажуулж акт үйлдсэн баримтууд хэрэгт авагджээ.

18. Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг дуусгавар болгосон захиргааны байгууллагын маргаан бүхий актын үндэслэл нь “...төлбөрөө төлөөгүй” гэх бөгөөд “..газрын төлбөрийг жил бүр нэмсэн, ...энэ талаар мэдэгдэж байгаагүй” гэх нэхэмжлэгчийн тайлбарт хамаарах нотлох баримтыг бүрдүүлэх нь маргааны үйл баримтад чухал ач холбогдолтой биш юм.

19. Үүнээс гадна нэхэмжлэгч нь газар ашиглах гэрээг захиргааны байгууллагатай 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан, гэрээ байгуулсан өдрөөс хойш 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 1 жил 6 сар өнгөрч байхад газар ашиглах эрхийг дуусгавар болгож байгаа нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “...2 жил дараалан” гэх шаардлагыг хангаагүй байна.

20. Түүнчлэн газар ашиглах эрх дуусгавар болсон асуудлаар захиргааны байгууллагын шийдвэрт нэхэмжлэгч нь гомдол гаргах эрхтэй, шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гартал тухайн газарт газар эзэмших эрхийн гэрчилгээ шинээр олгохгүй талаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3, 40.5-д тодорхой заасан байтал захиргааны байгууллага нэхэмжлэгчид хуулиар олгосон эрхийг хангах боломж олгохгүйгээр нэг өдрийн дараа буюу 2016 оны А/179 дүгээр тушаалаар түүний ашиглаж байгаа газарт давхцуулан гуравдагч этгээд “Г” ХХК-д газар ашиглах шийдвэр гаргаж дээрх хуулийг зөрчжээ.

21. Захиргааны байгууллагын маргаан бүхий захиргааны актууд нь холбогдох хуульд нийцээгүй нь илэрхий байхад энэ талаар нотлох баримт бүрдүүлээгүй, шалгах шаардлагатай гэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлгүй.

22. Давж заалдах шатны шүүх дээрх байдлаар хэрэгт ач холбогдолгүй, шаардлагагүй нотлох баримтыг бүрдүүлэх талаар дүгнэлт хийж буцаасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “... ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах...” заасантай нийцээгүй байна.

23. Иймд магадлалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах нь зөв байна.

24. Харин анхан шатны шүүх, хэргийн оролцогчдын маргаагүй буюу “орц, гарцын асуудлыг дүгнэсэн, “Г” ХХК-д олгосон газар нь бүхэлдээ давхцалтай биш байхад маргаан бүхий 2016 оны А/179 дүгээр тушаалаар “Г” ХХК-д олгосон 4 га газрын зөвхөн “Б Э И” ХХК-ийн газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгох нь зөв байжээ.

25. Дээр дурдсан үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2017/0708 дугаар магадлалыг хүчингүй болгож, 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 556 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...”Г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай” гэснийг “...“Г” ХХК-ийн ашиглаж буй газартай давхцалтай хэсгээр нь хүчингүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгч “Б Э И” ХХК-иас хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              М.БАТСУУРЬ

  ШҮҮГЧ                                                       Л.АТАРЦЭЦЭГ