Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/150

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.М,

орчуулагч, хэлмэрч М.Н,

улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-,

хохирогчийн өмгөөлөгч Х.Т-,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н-,

шүүгдэгч Х.Т- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Я.Д-гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Х-ын Т-т холбогдох эрүүгийн 2413002370330 дугаар хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ...-ний өдөр, Баян-Өлгий аймгийн Ц- суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Ц- сумын 6 дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Х овогт Х-ын Т-, регистрийн дугаар БЛ...........

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Т- нь 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ц- сумын 6 дугаар /Уст тохой/ багийн нутаг дэвсгэр Харганат гэх газарт хохирогч Е.Д-ийн толгой руу чулуу шидэж, түүний эрүүл мэндэд тархины хатуу хальс дээрх цус хуралт, духны зүүн тал, зүүн чамархай, нүүрээр хаван хавдартай гэмтлүүд бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

   Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал, дүгнэлт:

1.Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “…Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүхэд гаргаж байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн биед хүнд хохирол учирсан бөгөөд хэрэгт авагдсан шинжээч эмчийн дүгнэлтээр хохирогчийн гэмтлийн зэргийг тогтоосон. Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн биед хүнд хохирол учирсан бөгөөд хор уршгийн хувьд өнөөдөр хэрэгт авагдсан баримтын хүрээнд эмчилгээний зардалд 1,078,800 төгрөгийг нэхэмжилж байгаа. Цаашид хор уршиг болон сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжилнэ гэдгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч мэдүүлсэн. Эмчилгээний зардал 1,078,500 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах. Сэтгэцэд учирсан хохиролтой холбоотой шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд сэтгэцэд учирсан хохирол нь 3 дугаар зэрэгт хамаарна гэдгийг шинжээч тогтоосон. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс бол энэ 3 дугаар зэрэглэлийг 13 аас 22,99 дахин тэнцэх хэмжээний хөдөлмөрийн чадвар алдсан гэдгийг тооцож болохоор байгаа. Хохирогчийн биед учирсан гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацаанд тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг үндэслэн нөхөн төлбөр тооцоолсон байна.  Тухайлбал, гэмтэл гарсан тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хөдөлмөрийн стандарт хэмжээ нь 660,000 төгрөг байсан хэдий ч 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш шинэчлэгдэн 792,000 төгрөг болж нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хөдөлмөрийн доод хэмжээг тогтоосон холбогдох заалт, журам, стандарт хэмжээг үндэслэн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг дараах байдлаар тооцсон байна. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг үндэслэн тооцож, 22.99 дахин үржүүлсэн дүнгээр буюу өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 792,000 төгрөгийг үндэслэн нийт 18,208,080 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгуулах саналыг прокуророос гаргаж байна. Мөн хэрэг шүүхийн шатанд шилжсэнтэй холбоотойгоор гэрчүүдийг шүүх хуралдаанд оролцуулах ажиллагааг цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлсэн бөгөөд энэ үйл ажиллагаанд нийт 170,800 төгрөгийн зардал гарсан тул уг зардлыг мөн шүүгдэгчээс гаргуулах шаардлагатай гэж үзэж байна.” гэв.

 

2. Шүүгдэгч Х.Т- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би ямар нэгэн шагнал засварлаж, өөрчилж өгсөн зүйл огт байхгүй. Ийм асуудал болоогүй. Энэ тухай үнэн бодит байдлыг тухайн үед тэнд байсан бүх хүнээс асууж шалгаж болно. Миний болон Е.Д-ийн морьд уралдаанд оролцохдоо дөрөвдүгээр байрын төлөө өрсөлдөж, ойролцоо ирсэн. Үүний улмаас маргаан үүссэн. Би тухайн үед дөрөвдүгээр байрны шагналыг Е.Д-т өгөөд өөрөө тавдугаар байрын шагналыг аваад уралдаанаас явсан. Тэр үед Е- гэдэг хүн байгаагүй. Харин Е.Д- биднийг уралдаан дууссаны дараа хөөж ирээд ташуурдаж зодсон. Энэ үйлдлийн талаар “яагаад биднийг ташуурдах ёстой юм бэ?” гэсэн үндэслэлээр би гомдолтой байна. Е.Д- зөвхөн дөрөвдүгээр байрын шагнал аваад зогсоогүй, тавдугаар байрны шагналыг ч булаан авахыг хүссэн мэт ойлгогдсон” гэв.

 

3. Хохирогчийн өмгөөлөгч Х.Т- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Улсын яллагчийн гаргасан саналтай нэг байна. Шүүх хуралдаанд прокурорын зүгээс шүүгдэгчийн гэмт хэрэгт холбогдох үйлдэл, нөхцөл байдал, хор уршгийг үндэслэн санал гаргасан бөгөөд энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд нотлох баримтуудаар баталгаажсан байна. Гол нь уг хэрэгт иргэдийн дүгнэлт гаргах асуудал, шагнал гардуулалттай холбоотой маргаан, тухайн үйлдлийн цаад сэдэл зэрэг нь шүүхийн хэлэлцүүлгээр тодорхой болсон. Шүүх хурлын үеэр гэрч Ес-гийн мэдүүлэгт дурдсанаар, Ө- гэдэг хүн зохион байгуулсан бөгөөд дөрөв, тавдугаар байрны шагналыг тэдгээр нь олгоогүй болох нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна. Ес- нь урьдах шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ уралдааны зохион байгуулалтад оролцсон боловч шагнал гардуулалттай холбоогүй хэмээн тайлбарласан бөгөөд тухайн үйлдэлтэй холбогдуулан шагнал гардуулсан асуудлыг үгүйсгэсэн нь гэрч нарын мэдүүлгээр дахин баталгаажсан байна. Тодруулбал, тухайн уралдааны дөрөв, тав, зургаадугаар байр эзэлсэн уралдаанчдын шагналыг хэн гардуулсан нь тодорхойгүй байгаа бөгөөд Ө- нар уг шагналыг гардаж өгөөгүй нь баримтаар тогтоогдсон. Шагналын гардуулалттай холбоотой нөхцөл байдал нь тухайн үйл явдлын шалтгаан болсон эсэхийг тогтооход чухал бөгөөд дээрх байдлууд нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад дэлгэрэнгүй судлагдсан болно. Мөн шинжээчийн гаргасан 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлтээр хохирогчид учирсан сэтгэцийн гэмтэл нь Эрүүгийн хуулийн хүрээнд “гуравдугаар зэрэглэл”-ийн хор уршигт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон. Энэ үндэслэлээр хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс сэтгэцэд учирсан хохиролд ногдуулах нөхөн төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 792,000 төгрөгийг 22.99 дахин нэмэгдүүлсэн дүнгээр буюу нийт 18,208,080 төгрөг болгон тогтоож, шүүгдэгчээс гаргуулахыг шүүхээс хүссэн. Уг дүгнэлт, шаардлагын үндэслэл нь прокурорын гаргасан яллах дүгнэлттэй нийцэж байгаа тул өмгөөлөгч санал нэг байгаагаа илэрхийлж байна. Мөн эмчилгээний шууд зардалд 1,078,500 төгрөг, шүүхийн ажиллагаанд гэрч оролцуулахтай холбогдуулан гарсан 170,800 төгрөгийн зардлыг шүүгдэгчээс гаргуулах тухай шаардлага гарсан бөгөөд бусад нэмэлт гарсан зардлыг иргэний журмаар нэхэмжлэх боломжтой гэж өмгөөлөгч үзэж байна. Эдгээр нөхөн төлбөрийг нийтэд ил тод, нээлттэй байдлаар тогтоож өгөхийг санал болгож байна. Үнэнч шударгаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна, прокурорын яллах дүгнэлтээр гэм буруутайд тооцох боломжгүй нөхцөл байдал үүсэж байна” гэв.  

 

4. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Тухайн гэмт хэрэгтэй холбогдуулан үүссэн зарим нөхцөл байдал нь тогтоогдсон бөгөөд морины уралдааны үеэр дөрөвдүгээр байрны шагналтай холбоотойгоор маргаан гарсан байдаг. Үүнтэй холбогдуулан 2020 оны наадмын нэг удаагийн уралдааныг зохион байгуулсан комиссоос тухайн үед шагналын сангийн мөнгөн дүнг байр эзэлсэн уяачид олгохоор шийдвэрлэсэн байна. Энэ хүрээнд тавдугаар байрны шагналыг хүлээн авсны дараа тухайн оролцогч уяан дээрээсээ мордоод буцсан бөгөөд тухайн үед хоёр хүүхэд ирж түүний хажууд байсан Ж- гэдэг хүнийг ташуурдаад явсан үйл явдал болсон байна. Энэ нь тухайн үед маргаан дэгдээсэн ч цааш нь газар авч, шууд мөргөлдөөн болсон гэж үзэх үндэслэл харагдахгүй байна. Гэрч Ж-ийн мэдүүлгээр, тухайн хүмүүс нь морьтойгоо байсан бөгөөд тухайн хүнтэй гар хүрэх, чулуу шидэх ямар ч нөхцөл боломж байгаагүй гэж мэдүүлсэн. Мөн хохирогч нь мэдүүлгүүддээ зөрүүтэй зүйл ярьсан, хэд хэдэн удаа мэдүүлгээ өөрчилсөн талаар дурдагдаж байна. Хохирогчийн хүүхэд мөн мэдүүлэг өгсөн бөгөөд анх өгсөн мэдүүлгээрээ яллагдагчийн буруутай үйлдэл байгааг хүлээн зөвшөөрсөн мэт байдалтай байсан боловч дараа нь мэдүүлгээ тодорхой хэмжээгээр өөрчилсөн. Е.Д-ийн мэдүүлэгт дурдсанаар тухайн үед тавдугаар байрны шагнал гардуулж байх үед маргаан болсон ба морины эзэн нь тухайн орчноос чулуу авч, түүний зүг шидсэн. Чулуу нь түүний зүүн чамархайн хэсэгт онож, тэр даруй морио унаж зугтаасан тухай мэдүүлсэн байна. Анхны мэдүүлэг дээрээ мөн тухайн шагнал гардуулж байсан газар дээр гарсан маргааны улмаас газар дээр байсан нэг хүн шүүгдэгчийг нэрлэж, чулуу шидсэн гэж мэдүүлсэн. Чулуу унасны дараа тухайн этгээд морио унаад газар дээрээс явсан хэмээн мэдүүлсэн байна. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзвэл тухайн хэрэгт оролцогчдын мэдүүлэг хоорондоо зөрүүтэй, зарим нь давхардсан боловч зарим үндсэн үйл явдал буюу маргаан гарсан, шагналын асуудалд сэтгэл дундуур байдал илэрсэн, тухайн орчноос чулуу шидсэн гэх үндсэн үйл явдал нь хэд хэдэн гэрчийн мэдүүлгээр баталгаажиж байна. Тэр газарт гарсан үйл явдалтай холбоотойгоор гэрчүүдийн өгсөн мэдүүлгүүд хэрэгт авагдсан боловч мэдүүлгүүд нь хоорондоо зөрчилтэй, уялдаа холбоогүй байна. Гэсэн хэдий ч зарим гэрч нар шүүх хуралдаанд оролцож, хууль журмын хүрээнд мэдүүлэг өгч, тухайн хэрэгт гэрчлэх байр сууриа илэрхийлсэн. Хэрэг болсон газарт, ялангуяа дөрөвдүгээр байрны шагналтай холбоотойгоор маргаан үүссэн нь тодорхой бөгөөд зураг бичлэгээр батлагдаж байгаа. Хохирогчийн зүгээс шагналыг авч үлдсэн, шагналын талбайд зураг авхуулсан нь гэрч нарын мэдүүлгээр болон нотлох баримтаар тодорхой харагдаж байна. Хэрвээ тухайн хүн үнэхээр халдсан, чулуу шидсэн бол шагналын талбайд хамтдаа зураг авхуулахгүй нь ойлгомжтой. Сүүлд нэмэлт мэдүүлэг өгсөн Ж- гэх иргэн болон тухайн үеийн багийн Засаг даргын Ес- гэдэг хүний мэдүүлэг, гэрч нарыг мэдүүлгүүдээс харахад зохион байгуулалттайгаар шагнал олгож байсан нь батлагдаж байгаа. Мөн яллагдагчийн мэдүүлгүүдийг гэрч нар баталгаажуулж, нотолж өгсөн нь хавтаст хэрэгт бүрэн тусгагдсан. Хохирогчийн зүгээс анхны мэдүүлэг, сүүлд өгсөн тайлбарууд нь зөрүүтэй, олон удаа өөрчлөгдсөн нь анзаарагдаж байна. Зодоон болсон эсэх нь тодорхой бус, гэр бүлийн зүгээс ямар нэгэн зөрчил үүсгээгүй гэж мэдүүлж байгаа. Гэвч шагнал тараах үйл ажиллагааны үеэр тухайн газарт зодоон болсон талаар мэдээлэл байгаа бөгөөд баримт, гэрчийн мэдүүлгүүд байгаа ийм зөрүүтэй байдал гарч байна. Зарим гэрчийн хэлснээр, тухайн үед морь унаж байсан хүн толгойн зүүн хэсэг рүү чиглэн чулуу шидэж, улмаар тухайн этгээд морио унаад газар дээрээс явсан тухай мэдүүлсэн. Гэвч тухайн мэдүүлэг нь тухайн газарт болсон үйл явдал, шагнал олголттой холбоотой бүрэн нэг мөр бус байна. Тухайн гэм буруугийн асуудлыг гуравдугаарт авч үзэхэд, хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэрч нарын мэдүүлгүүд нь прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтоох боломжгүй байгаа нь харагдаж байна” гэв.

Эрүүгийн 2413002370330 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: улсын яллагчаас:

5. Иргэн Х.Т-аас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол,мэдээлэлийг хүлээж авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 03-10 дахь тал/,

6. Гэрч Х.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8 дахь тал/,

7. Гэрч Т.Ес-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 11-13 дахь тал/,

8. Гэрч С.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,

9. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч цолтой Х.Е-ын 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 579 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

10. Хохирогч Е.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 38-40, 118-119 дэх тал/,

11. Хохирогч Е.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 118-119 дэх тал/,

12. Гэрч Е.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дэх тал/,

13. Гэрч Х.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 47-49 дэх тал/ болон шүүгчийн захирамжаар нэмэлт ажиллагаа хийсэн нотлох баримтуудыг,

 

14. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н-аас “хохирогч Е.Д-ийн анх өгсөн мэдүүлэг, хохирогчийн эцэг Х.Е-ы мэдүүлэг, Е.А-ын анх өгсөн гэрчийн мэдүүлэг, Т.Ес-гийн мэдүүлэг болон шүүх хуралдааны үед гэрчээр мэдүүлэг өгсөн гэрч Х.Ж-, Т.Ес-, Ш.Р-, Б.Х-, Х.Ж- нарын мэдүүлэг” зэрэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан ба шүүгдэгч Х.Т-, хохирогчийн өмгөөлөгч Х.Т- нараас хавтаст хэргээс нотлох баримт шинжлэн  судлуулаагүй болно.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

15. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

16. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Х.Т-т холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

 

Хэргийн үйл баримт:

17. Шүүгдэгч Х.Т- нь 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ц- сумын 6 дугаар /Уст тохой/ багийн нутаг дэвсгэр Харганат гэх газарт хохирогч Е.Д-ийн толгой руу чулуу шидэж, түүний эрүүл мэндэд тархины хатуу хальс дээрх цус хуралт, духны зүүн тал, зүүн чамархай, нүүрээр хаван хавдартай гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

18. Иргэн Х.Т-аас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 03-10 дахь тал/,

19. Гэрч Х.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний хүү тухайн өдөр Харганатад очоод хоносон ба маргааш нь би өөрийнхөө мотоциклээр очсон болно. Тэгээд тухайн өдөр буюу 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр жороо морины уралдаан болсон ба миний хүүгийн уясан жороо морь нь 4 дүгээр байранд ирсэн болно. Тэгээд морины уралдаан болж дууссаны дараа шагнал өгөх үед миний хүү жороо мориныхоо шагналыг аваад ирнэ гэж явсан ба 15 минутын дараа хэрүүл маргаан болж байхаар нь би яваад очсон болно. Тухайн үед миний хүүгийн шагналыг өгөхгүй хэрүүл маргаан болж байсан ба Ц- сумын иргэн болох Х-ын Т- гэгч тэргүүтэй 5-6 залуу та нарт шагнал өгөхгүй гэж хэрүүл маргаан гаргаж миний хүү Е.Д-ийг зодох гэж дайрахад миний хүү морьтой байсан тул тэд нарт зодуулахгүй гэж зугтаад яваад өгсөн болно. Тухайн үед тухайн залуучуудын нэг нь манай хүүхдийн араас чулуу шидэх үед уг чулуу нь миний хүүгийн зүүн талын дух хэсгийг оносон байна. Тэр үед миний хүү айгаад тэр чигээрээ зугтаад яваад өгсөн ба дараа нь нөгөө залуучууд намайг зодно гэж дайрах үед тэнд байсан хүмүүс тэд нарыг болиулж намайг явуулсан болно. Тэгээд би хүү рүүгээ залгаж хаана байгааг асуухад зугтаад явсан байгаа шууд гэр лүү явна гэхээр нь би юу ч бодолгүй морио портер машинд ачаад Сагсай сумын 3 дугаар багт байрлах гэр лүүгээ яваад очсон болно. Дараа нь 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 23-ны шилжих шөнө 01 цагийн үед миний утас руу С- гэдэг айлаас залгаж байна, таны хүү болох Е.Д- нь ухаангүй гадаа хөдөө хээр хэвтэж байхад нь хүмүүс олоод манай гэрт аваад ирсэн байгаа, та нар хурдан ирээрэй гэхээр нь өөрийнхөө 2 хүүг дагуулаад С-н гэрт яваад очиход миний хүү Е.Д-ийн ухаан санаа нь орсон юм яриад хэвтэж байсан юм. Тэгээд би хүүгээсээ юу болсон талаар асуухад зугтаж байхад Х.Т- болон Б.Х-гийн шидсэн чулуу нь миний толгойг оносон гэж хэлсэн. Тэгээд би Сагсай сумын Эрүүл мэндийн төв рүү дуудлага өгсөн ба сумын төвөөс С.Е- эмч ирээд сумын төв рүү авч ирээд миний хүүгийн биед үзлэг хийгээд шууд аймгийн Нэгдсэн эмнэлэгт авч ирэн хэвтүүлсэн болно...

... Би энэ талаар харсан үзсэн зүйлийнхээ талаар хэлж өгье. Тухайн наадмаар манай хүүгийн уралдуулсан жороо морь 5 дугаар байранд ирсэн, тэгээд хүү маань шагнал гардуулах үеэр би шагналаа аваад ирнэ гэж хэлээд явсан, харин би хүний машинд морьдоо ачуулахаар тэнд үлдсэн бөгөөд хүү явснаас хойш 15 минутын дараа байсан байх шагнал гардуулж байсан газарт ирэхэд манай хүү байхгүй байсан ба харин зүс таних Ж- гэх залуу надад сая энд шагнал гардуулах үеэр танай хүүхдийн морины шагнал дээр маргаан гараад тэгээд тэнд байгаа хэсэг залуус таны хүү Е.Д- болон хажууд нь хамт явсан хүү хоёр луу чулуу шидээд хөөсөн гэж хэлсэн. Тэгээд би тухайн залуучууд дээр ирэхэд тэд нарыг би огт танихгүй залуус байсан. Тэдгээр залуучууд нь бүгдээрээ согтуу байсан. Тэгээд би яагаад маргаан хийж байгаа юм бэ гэж асуухад тухайн залуучуудын хоёр нь ирээд миний унаж явсан морины цулбуур амгай хэсгээс барьсан, харин 2 залуу нь миний хажууд харалдаа ирж зогсоод миний жороо морь 5 дугаар байранд ирсэн, гэтэл танай хүү миний морь 5 дугаар байранд ирсэн гэж маргаан гаргасан гэж хэлэхэд нь би үгүй би зайнаас хараад зогсож байсан шүү дээ, 4 дүгээр байранд Б.Е-ы морь ирсэн, 5 дугаар байранд миний жороо морь ирсэн гэж хэлсэн. Тэгтэл тухайн залуу хариуд нь надад “үгүй, миний морь 5 дугаар байранд ирсэн, гаднаас ирсэн та нарын шагналыг өгөхгүй, битгий олон юм яриад байгаарай...” гэх үг яриагаар над руу дайрч давшилхаар нь би “...за за та нар тэгвэл наад шагналаа авцгаа, та нарт их баярлалаа...” гэж хэлээд зогсож байтал хажуунаас Ц- сумын иргэн Б- гэх хүн ирээд нөгөө хэдэн залуучууд руу хандаад та нар больцгоо, авах шагналаа авчихлаа шүү дээ, наад хөгшин хүнээ яах гээд байдаг юм, явцгаа...” гэж хэлтэл нөгөө залуучууд цаашаа яваад өгсөн, би ч гэсэн эргээд яваад өгсөн юм.

...Ж- гэх залуу тухайн үйл явдлыг харсан зүйлийнхээ талаар надад хэлсэн, ирэхдээ тухайн залуучуудын нэг нь чулуу аваад шидэх үед тухайн чулуу Е.Д-ийн толгойг онож гэмтээсэн байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн .... дахь тал/,

20. Гэрч Т.Ес-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Ц- сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт өглөө 10 цагаас орой 17 цагийн хооронд өдөрлөг зохион байгуулсан ба уг өдөрлөгөөр морины уралдаан болон бөх зохион байгуулсан болно. Миний зохион байгуулсан өдөрлөгт ямар нэгэн зодоон цохион болоогүй ба би орой 17 цагийн морины уралдааны шагналыг тараагаад өөрөө сумын төв рүү яваад өгсөн болно. Тэгээд гэрт ирээд унтаж байхад 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 23-ны өдөрт шилжих шөнө 04 цагийн үед манай гэрт Ц- сумын хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч А.А- ирээд таны зохион байгуулсан өдөрлөгт ямар нэгэн зодоон цохион болсон уу гэж асуугаад ирсэн юм. Тухайн үед би А-т намайг байх үед ямар нэгэн зодоон болоогүй талаар хэлээд явуулсан болно..., Ямар нэгэн зодоон, цохион, маргаан гараагүй. Жороо морины 4,5 дугаар байранд маргаан гарсан. Тэгээд морины комиссоос Сагсай сумын морийг 4, Ц- сумын морийг 5 дугаар байранд оруулахаар шийдвэр гаргасан. Тухайн үед шагнал гардуулаад явсан. Х- гэх хүний морийг 5 дугаар байранд оруулсан.  Харин 4 дүгээр байранд Сагсай сумын морь орсон байгаа. Хохирогч нь 4 дүгээр байрны шагнал авсан. Тухайн үед шүүгдэгч Х.Т- нь би 4 дүгээр байр авах байсан гэж маргаан, зодоон гараагүй. Манай багийн иргэн Ж- гэх хүн тогтворгүй байдалтай, архи, согтууруулах ундааны зүйлийг их хэрэглэдэг. Өөрөө юу хийгээд яваагаа мэддэггүй. Тэрээр гэр бүлийн маргаан гаргаж, зөндөө асуудал гаргаж байсан. Сагсай сумаас ирсэн 2 жороо морь байсан. Тэрний нэгэнд нь уг байрны шагналыг өгсөн. Зураг дээр хохирогч байсан нь харагдаж байгаа. Шүүгдэгчийн морь 4 дүгээр байранд байхад түүний морийг 5 дугаар байр болгож, хохирогчийн морийг 4 дүгээр байр болгосон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-13 дахь тал/,

21. Гэрч С.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Сагсай сумын 7 дугаар багийн бага эмчээр ажилладаг ба тухайн өдөр буюу 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр суманд байхад манай сумын Эрүүл мэндийн төвийн дарга Т.Н- намайг дуудаж Сагсай сумын 3 дугаар багийн иргэн Е.Д- бусдад зодуулсан байдалтай гэмтэл авсан байна, чи яваад аваад ир гэж хэлэхээр нь би цуг ажилладаг А.Т- гэдэг хүний машинаар Сагсай сумын 3 дугаар багийн иргэн С- гэдэг хүний гэр лүү яваад очсон юм. Уг гэрт очих үед Е.Д- оронд хэвтэж байсан ба би тухайн үед эмчийн үзлэг хийж анхны тусламж үзүүлсэн юм. Тухайн үед Е.Д-ийн зүүн талын зовхи хэсэг нь шалбарсан шархтай байсан ба өөр ямар нэгэн гэмтэл байгаагүй болно. Е.Д- нь ухаан санаа эрүүл зүгээр байсан болно. Тэгээд би Е.Д-ийг А.Т-гийн машинд суулгаад сумын төвд авч ирээд ерөнхий эмч Т.Н-д хүлээлгэн өгсөн ба Т.Н- нь Е.Д-ийг аймгийн төв нэгдсэн эмнэлэг рүү түргэнээр явуулсан гэж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,

22. Хохирогч Е.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2024 оны 7 дугаар сарын 21-ний өдөр гэрээс гараад замдаа А-ыг дагуулаад Ц- сумын 6 дугаар багт байдаг Ж- гэх хүний гэрт хоносон юм. Тэгээд маргааш өдөр нь буюу 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Ц- сумын 6 дугаар баг, Харганат гэх газарт тухайн багийн өдөрлөг болж бэсрэг наадам болсон юм. Тухайн наадам өдөрлөг болно гэдгийг өмнө нь Ц- сумын иргэн Ж- гэх залуу бид нарт мэдэгдсэн юм. Тэгээд би тухайн багийн өдөрлөгт оролцож жороо морио уралдуулах санаатай очсон байсан юм. Тухайн морь уралдааны үеэр 17 цагийн үед жороо морины уралдаан болсон бөгөөд тухайн морины уралдаанд би өөрийн хээр зүсмийн морио уралдуулж тухайн жороо морины уралдаанд миний уясан хээр зүсмийн морь 5 дугаар байранд уралдаж ирсэн. Тэгээд морины шагнал гардуулах үеэр би морины шагнал авах гээд шагнал тарааж байсан газарт морио унаад шагнал авах гэж байхад хажуунаас нэг хүн дайрч орж ирээд миний морь 5 дугаар байранд орсон гэж хэлээд нэг залуу тухайн шагналыг булааж авсан. Тэр үед би түүнийг үгүйсгэж хэрүүл маргаан болсон бөгөөд энэ үеэр тухайн морины эзэн гэх 30 орчим насны эрэгтэй хүн газраас чулуу аваад над руу тухайн чулуугаа шидсэн бөгөөд тухайн шидсэн чулуу нь миний толгойны зүүн талын чамархай хэсэгт оносон юм. Тэгээд би шууд морио унаад зугтаад яваад өгсөн. Тэгээд уг газраас 15 км орчим газар яваад миний хойноос найз А-, С-н хүүхэд Ө- нар ирсэн. Тэгээд бид нар хамт Сагсай сумын 3 дугаар баг “Ах хорым” гэх газарт С-н гэрт ирсэн юм. Тэгээд тухайн гэрт ирээд миний хамарнаас цус гараад нэг мэдэхэд ухаан алдаж унасан. Түүнээс хойш юу болсныг сайн мэдэхгүй, нэг мэдэхэд Сагсай сумын эмнэлэгт ирсэн байсан. Түүнээс хойш аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бөгөөд 2024 оны 7 дугаар сарын 27-ны өдөр толгойндоо мэс засал хийлгүүлж 2024 оны 08 дугаар сарын 11-ний өдөр эмнэлгээс гарсан....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-40, 118-119 дэх тал/,

23. Хохирогч Е.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн: “...би эрүүл мэндээрээ хохирсон бөгөөд одоогоор гарсан хохирлын тооцоог гаргаж өгсөн, сэтгэл санааны хохирлыг хуулийн дагуу нэхэмжлэх болно. Мөн гавлын яс нөхөх хагалгааг УлаанБ- хотод очиж хийлгэх бөгөөд цаашид эмч нараас зөвлөгөө авсаны дараа хэдэн төгрөгийн хагалгаа хийлгэхээс шалтгаалаад тухайн зардлыг нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 118-119 дэх тал/,

24. Гэрч Е.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн өдөрлөгт Е.Д- нь өөрийн жороо морио уралдуулсан бөгөөд Е.Д-ийн уралдуулсан жороо морь нь 5 дугаар байранд ирсэн. Тэгээд Е.Д- нь шагнал авахаар очих үед 6 дугаар байранд орсон гэх нэг иргэн ирээд миний морь 5 дугаар байранд ирсэн гэж Е.Д-тэй хэрүүл маргаан гаргаж, улмаар өгч байсан шагнал болох медаль өргөмжлөлийг нь аваад зугтаасан. Тэгтэл Е.Д- түүний хойноос очих үед нь тухайн морины эзэн гэх хар нүдний шил зүүсэн иргэн мориор Е.Д-ийг хөөсөн. Тэгээд Е.Д- мориороо зугтаах үед нь тухайн иргэн нь мориноос буугаад газраас чулуу аваад Е.Д-ийг хойноос нь шидэх үед нь түүний шидсэн чулуу Е.Д-ийн толгой тус газар оносон бөгөөд Е.Д- тэр чигээрээ зугтаад яваад өгсөн. Тэгээд тухайн залуу намайг эргүүлээд хөөхөөр нь би бас зугтаагаад явсан. Тэгээд би өөрийнхөө хүргэн ах болох Ж-ын гэрт ирж цай уучихаад гэр лүүгээ харих замд Е.Д- хаана явж байгаа талаар түүний гар утас руу утасдаж асуухад Е.Д- гэр лүүгээ харьж байна гэж хэлэхээр нь би шууд гэр лүүгээ харьж байтал замдаа Ө-, Худакелди нартай тааралдаж хамт явсан. Тэгээд цаг нэлээд оройтож харанхуй болохын наана замд Е.Д- сууж байсан бөгөөд Е.Д- нь толгой эргээд байна, саяны хүний шидсэн чулуу миний толгойг оносон, түүнээс болж байгаа юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд бид нар хамт цаашаа эргээд С- гэх хүний гэрт ирэхэд Е.Д-ийн толгой эргэж ухаан алдаж унасан. Тэгээд тэр айлд хэвтүүлээд тухайн хүмүүс эмнэлэг түргэн дуудуулсан юм..” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дэх тал/,

25. Гэрч Х.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Ц- сумын 6 дугаар баг Харганат гэх газарт багийн өдөрлөгийн үеэр жороо морины уралдаан болж тухайн уралдаанд хөрш зэргэлдээх сум болох Улаанхус, Сагсай, Ц- сумын иргэд морио уралдуулсан юм. Тэгтэл тухайн жороо морины уралдаанд 5 дугаар байранд 3 морь зэрэгцээд орж ирсэн бөгөөд 5 дугаар байранд ямар ч байсан Е.Д-ийн жороо морь ирсэн бөгөөд түүний араас манай сумын 6 дугаар багийн иргэн Х.Т-ийн морь болон бас нэг хүний хүний морь араас нь орсон. Тэгээд орой тийшээ морины шагнал гардуулах үеэр Ц- сумын иргэн Х.Т- ирээд миний морь 5 дугаар байранд орж ирсэн гээд хэрүүл маргаан хийж эхэлсэн юм. Тэр үеэр би Х.Т-т хандаж чи энд хэрүүл маргаан хийх гээд яах гэсэн юм, чиний морь бараг 6,7 дугаар байранд ирсэн шүү дээ, Сагсай сумын иргэн Е.Д-ийн морь 5 дугаар байранд орсон, үүнд чи битгий хэрүүл маргаан хийгээрэй, муухай зүйл болно шүү, бид нар ч гэсэн өөр сумын наадамд зөөндөө л очиж оролцоно, тэр үед болох байлгүй дээ гэж хэлсэн. Тэгтэл Х.Т- нь надад хандаж чи юугаа мэддэг юм, чи Сагсай сумын хэдэн гуйлгачдыг авч ирээд түүнийгээ өмөөрч байгаа юм уу, чи надаас олж ид гээд над руу салаавч гаргасан юм. Тэгээд би тухайн хэрүүл маргаан гарч байсан газраас нэг л биш болохоор нь холдсон юм. Тэгээд би жаахан зайдуухан газраас харж байтал Х.Т- нь мориноосоо буугаад газраас гарын нударга хэртэй том чулуу аваад дайрах үед Е.Д- нь морио унаад цаашаа эргээд зугтаах үед Х.Т- нь гартаа барьсан чулууг Е.Д- рүү чиглүүлээд араас нь шидэх үед тухайн чулуу Е.Д-ийн толгойг оносон бөгөөд Е.Д- тэр чигээрээ морио унаад цаашаа яваад өгсөн юм. Тэгээд би тухайн газраас холдоод гэр лүүгээ харьсан. Түүний маргааш өдөр нь Е.Д-ийн аав болох Е- гэх хүн над руу утсаар залгаад манай хүү Е.Д-ийг тухайн наадмын үеэр хэрүүл маргаан болж хүмүүс чулуу шидэж толгойг нь хагалж гэмтээсэн байна, чи ямар хүн гэдгийг мэдэх үү гэж асууж байсан юм. Би бодохдоо тухайн үед Х.Т-ийн шидсэн чулуунаас болж Е.Д-ийн толгой нь хагарч, гэмтсэн үгүйг би мэдэхгүй ямар ч байсан Х.Т- нь Е.Д- рүү чулуу шидсэнийг би харсан..., ... Тухайн үед зодоон болж, бие биеэ хөөсөн. Шүүгдэгчийн шидсэн чулуу нь хохирогчийг оносон. Тухай газарт нэлээд олон хүмүүс байсан. Би өөрөө холоос буюу 6,7 метрийн зайтай газраас харж байсан. Чулуу шидсэн үед хохирогч морьтой зогсож байсан. Эхний байрыг Сагсай сумын морь, дараагийн 3 байрыг Ц- сумын морьд, 4 дүгээр байрыг Сагсай сумын морь, 5 дугаар байрыг Сагсай сумын морь авсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47-49 дэх тал/,

26. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч цолтой Х.Е-ын 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 579 дугаартай шинжээчийн “...Е.Д-ийн биед тархины хатуу хальс дээрх цус хуралт, духны зүүн тал, зүүн чамархай, нүүрээр хаван хавдартай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.3-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

27. Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дахь хавтаст хэргийн 38-44 дэх тал/,

28. Гэрч Б.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай хүү А- нь тухайн  өдрийн наадам дуусаад 2024 оны 07 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 02 цагийн үед гэртээ ирсэн. Би түүнээс яагаад оройтсон талаар асуухад, жороо морины шагнал гардуулах үеэр маргаан болж, надтай хамт авсан Х.Е-ы хүү Е.Д-ийн уралдуулсан морь 5-р байранд ирсэн чинь Ц- сумын иргэн миний морь 5-р байранд ирсэн гээд маргаан болж, улмаар тухайн хүн Е.Д- рүү чулуу шидээд толгойг нь гэмтээсэн байна, тэгээд би замд Е.Д-тэй таараад түүнийг С-н гэрт хүргэж өгсөн. Тэр айлд өгөөд Е.Д- ухаан алдаж унасан. Тэгээд би ирэх үед оройтсон байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 46-47 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Эрх зүйн дүгнэлт.

29. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлсон хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

30. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт Монгол Улсын иргэн “халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

31. Шүүгдэгч Х.Т- нь хохирогч Е.Д-ийн толгой руу чулуу шидсэн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч цолтой Х.Е-ын 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 579 дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, түүний идэвхтэй үйлдэл болон хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хоорондоо шалтгаан холбоотой байх ба шүүгдэгч нь өөрийнхөө үйлдлийн хууль бус шинжийг ухамсарласан атлаа хохирогчийн эрүүл мэндэд дээрх байдлаар халдаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн учраас гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

32. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Т- нь 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ц- сумын 6 дугаар /Уст тохой/ багийн нутаг дэвсгэр Харганат гэх газарт хохирогч Е.Д-ийн толгой руу чулуу шидэж түүний эрүүл мэндэд “тархины хатуу хальс дээрх цус хуралт, духны зүүн тал, зүүн чамархай, нүүрээр хаван хавдартай гэмтэл” бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь тогтоогдсон байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл буюу гэмт хэрэгт хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулж байна.

33. Шүүгдэгч Х.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан”-аар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Х.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

34. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н-аас: “...шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү” гэх боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар цагаатгах үндэслэл тогтоогдохгүй байна.

35. Гэмт хэрэг гарахад морины уралдаанд иргэдийн бай шагналд булаацалдаж, маргалдсан нөхцөл байдал, тухайн сумаас морины уралдааны зохион байгуулалт дутмаг, шүүгдэгчийн хуулийн мэдлэггүй байдал зэрэг нөлөөлсөн байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

36. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.”, мөн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5. “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж хуульчилжээ. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 505 дугаар зүйлийн 505.1. “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.”, 510 дугаар зүйлийн 510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.”, 511 дүгээр зүйлийн 511.3. “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.” гэж заасан байна.

37. Хохирогч Е.Д-ээс гэмт хэргийн хохиролд: 1-рт, гавал ясны рентген томограф зураг авахуулсан төлбөр 260,000 төгрөг, 2-рт таксины жолоочийн зардал 16,000 төгрөг, 3-рт, авч хэрэглэсэн эмийн үнэ 132,500 төгрөг, хагалгааны зардал 670,000 төгрөг, нийт 1,078,500 төгрөг нэхэмжилснийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцож шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй байна.

38. Хохирогч Е.Д-, түүний өмгөөлөгч Х.Т- нараас сэтгэл санааны хохиролд Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 18,208,080 төгрөг нэхэмжилсэн ба Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч, сэтгэцийн эмч Б.Б-, сэтгэл зүйч Г.Х- нарын 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн ХОВ0825/060 дугаар дүгнэлтээр хохирогчийн гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг гуравдугаар зэрэглэлд хамаарч байх тул Улсын дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлбөрийн жишиг аргачлал”-ын дагуу прокурорын “Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг үндэслэн тооцож, 22.99 дахин үржүүлсэн дүнгээр буюу өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 792,000 төгрөгийг үндэслэн нийт 18,208,080 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгуулах” санал, хохирогчийн өмгөөлөгчийн “...сэтгэцэд учирсан хохиролд ногдуулах нөхөн төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 792,000 төгрөгийг 22.99 дахин нэмэгдүүлсэн дүнгээр буюу нийт 18,208,080 төгрөг болгон тогтоож, шүүгдэгчээс гаргуулах” хүсэлтүүдийг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 792.000 төгрөгийг 12.5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9,900,000 төгрөгийг гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт тооцож шүүгдэгчээс гаргуулж, илүү нэхэмжилсэн 8,308,080 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

39. Хохирогч Е.Д-ийн өмгөөлөгч Х.Т-аас “...цаашид эрүүл мэндээ эмчлүүлэхэд гарах зардлаа жич нэхэмжилнэ” гэж мэдүүлж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хохирогч, түүний өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна.  

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

40. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 16,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 16,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” дүгнэлтийг, хохирогчийн өмгөөлөгч Х.Т- “…шүүгдэгчид торгох ял бус, хорих ял оногдуулахыг хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс шүүхээс хүсье.” гэх дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н-аас “…Эрүүгийн хуулийн дагуу ялыг хүндрүүлэн үзэх нөхцөл байдалд хамаарахгүй бөгөөд торгох ял оногдуулах боломж байсаар байхад хорих ял оногдуулах шаардлагагүй гэж үзэж байна. Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт анх удаа, хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр холбогдсон, мөн тухайн хэргийн бодит нөхцөл байдал шүүхээр тогтоогдсон тул прокурорын санал болгож буй торгох ял нь хууль зүйн үндэслэлтэй байна. Хэдийгээр шүүгдэгч хохирлыг барагдуулаагүй, гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрөөгүй байгаа ч, ялаас чөлөөлөх, хөнгөлөх хуульд заасан нөхцөлийг бүрдүүлж чадаагүй учраас түүнд оноох ялыг багасгах санал гаргах боломжгүй гэж үзэж байна. Энэ асуудлыг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд эцэслэн шийдвэрлэнэ. Иймд прокурорын саналд бүрэн үндэслэл байгаа гэж үзэж, прокурорын саналд хүндэтгэлтэй хандаж, дэмжиж буй байр сууриа илэрхийлж байна” гэх дүгнэлтийг, шүүгдэгч Х.Т-ээс: “Оногдуулах ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсэж байна” гэх хүсэлтийг тус тус гаргаж, эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцсэн болно.

41. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1. “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Х.Т-ийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

42. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг гэж заасныг тус тус удирдлага болгов.

43. Шүүгдэгч Х.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

44. Шүүгдэгч Х.Т-ийн хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтуудаас үзэхэд эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон нотлох баримтуудаар тогтоогдож байна.

45.  Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

46. Шүүгдэгч Х.Т- нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэгт тус бүрд нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Т-ийг 16,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 16,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

47. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж зааснаар шүүгдэгч Х.Т-т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

48. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж зааснаар шүүгдэгч Х.Т- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

49. Шүүгдэгч Х.Т- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдав.

50. Гэрч Х.Ж-, Т.Ес-, Ш.Р-, Б.Х-, Х.Ж- нарыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хүсэлтээр шүүх хуралд оролцуулсан ба гэрч нарыг тус аймгийн Ц- сумын 5, 6 дугаар багийн нутаг дэвсгэрээс ирүүлэхэд 170,800 төгрөгийн буюу 61 литр А92 бензин зарцуулсан болох нь Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын 2025 оны 03 дугаар сарын 3-ны өдрийн 32/1303 дугаар албан бичиг болон түүнд хавсаргаж өгсөн холбогдох баримтуудаар тогтоогдсон байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Т-ээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 170,800 төгрөг гаргуулан Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт олгохоор шийдвэрлэв.

51. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Х.Т-т авсан хувийн баталгаа гаргах болон “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Х-ын Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Т-ийг 16,000 /арван зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 16,000,000 /арван зургаан сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Т-т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Т- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар шүүгдэгч Х.Т-ээс гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1,078,500 /нэг сая далан найман мянга таван зуу/ төгрөг, сэтгэл санааны хохиролд 9,900,000 /есөн сая есөн зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч Е.Д-т олгож, илүү нэхэмжилсэн 8,308,080 /найман сая гурван зуун найман мянган наян/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Т-ээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 170,800 /нэг зуун далан мянган найман зуу/ төгрөг гаргуулан Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт олгосугай.

 

7. Энэ хэрэгт шүүгдэгч Х.Т- нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Е.Д- нь өөрт учирсан хохирол байгаа гэж үзвэл нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Х.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах, мөн “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                   

 

  

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          А.ДАУРЕНБЕК