Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2022/03255

 

 

 

 

 

 

 

 

2022 07 18 101/ШШ2022/03255

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: хххххххххххххххххх тоот хаягт оршин суух, Ч.н Сын /РД: ...........0/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .............................. тоот, К стрийт сууц өмчлөгчдийн холбоонд /РД: гэрчилгээний дугаар ......... холбогдох

Цалин 1,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэгийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.С,

Хариуцагч К стрийт сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал Г.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Нэхэмжлэгч Ч.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ч.С миний бие Баянзүрх дүүргийн 14-р хороонд байрлах К стрийт СӨХ-д 2022 оны 01 сарын 21-ний өдрөөс үйлчлэгчийн ажил хийсэн. Сууц өмчлөгчдийн холбооны дарга Г.М 2 орцыг 400,000 төгрөгөөр тооцон, 96 айлтай, 12 давхар, 2 орц хүлээлгэн өгсөн ба сарын цалинг маань 800,000 төгрөг гэж тохирсон.

Би 2022 оны 01 сарын 21-ний өдөр Г.Мы өгсөн мөнгийг ажилд зуучилсан н.Эгшиглэнгээр дамжуулан 45,000 төгрөг авсан бөгөөд К стрийт СӨХ-ийн захирал Г.Маас 2022 оны 01 сарын 31-ний өдөр 150,000 төгрөг, 2022 оны 02 сарын 22-ны өдөр 250,000 төгрөг, 2022 оны 03 сарын 07-ны өдөр 250,000 төгрөг, 2022 оны 03 сарын 21-ний өдөр 300,000 төгрөг, 2022 оны 04 сарын 05-ны өдөр 350,000 төгрөг тус тус хүлээн авсан.

Би цаг наргүй ажилласан ба уг нь 3,000,000 төгрөг нэхэмжлэх байсан ч хүн чанараа бодоод 1,000,000 төгрөг нэхэмжилж байна.

Би өөрийгөө 2022 оны 04 сарын 04-ний өдөр хүртэл ажилласан гэж үзэж байгаа бөгөөд энэ хүний танил нь юм уу хүмүүс миний хувин, саванг авчихаад ажиллуулахгүй байсан гэв.

 

Хариуцагч К стрийт сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал Г.М шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн 14-р хороонд байрлах 123А, 123Б байрны сууц өмчлөгчдийн холбоо албан ёсоор байгуулагдаагүй, өмнө нь хариуцаж байсан дарга ажиллахаа больсон учир уг байруудыг компанийн зүгээс түр хариуцаж ажиллахыг даалгасан тул 2022 оны 01 сарын 10-ны өдрөөс Г.М би хариуцан ажиллахаар болсон.

Тухайн үед буюу 2022 оны 01 сарын 10-ны үед сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээ гараагүй, тамгаа аваагүй байсан.

Орцны үйлчлэгч байхгүй учраас би 2022 оны 01 сарын 21-ний өдөр самушил буюу цагийн ажилд зуучлагчтай холбогдоод цагийн ажилтан авч орцондоо цэвэрлэгээ хийлгэсэн бөгөөд Ч.С эгч ирж цэвэрлэгээ хийсэн ба уг өдөр түүнд ажлын хөлс 45,000 төгрөгийг зуучлагч руу шилжүүлээд зуучлагч Ч.С эгчид мөнгийг нь өгсөн.

Цагийн ажилтаны зарын дагуу ирсэн Ч.С эгч үйлчлэгч хэрэгтэй бол эгч нь энэ ажлыг хийж чадна гэсэн ба мөн сууц өмчлөгчдийн холбоонд ч гэсэн үйлчлэгч хэрэгтэй байсан тул 2022 оны 01 сарын 24-ний өдрөөс сарын 800,000 төгрөгийн хөлстэй ажиллахаар амаар тохирсон.

Би түүнд сууц өмчлөгчдийн холбоо албан ёсоор байгуулагдаагүй, баримт бичгээ авч чадаагүй, гэрчилгээ гараагүй, тамга тэмдгээ аваагүй, айлуудаас төлбөр авч эхлээгүй гэдгээ хэлсэн бөгөөд албан ёсоор гэрчилгээ, тамга тэмдгээ авангуут гэрээ байгуулна гэдгээ хэлсэн.

2022 оны 03 сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн хөгжлийн төвөөс гэрчилгээгээ авсан ба гэрчилгээ авангуутаа Татварын ерөнхий газарт 2022 оны 03 сарын 17-ны өдөр хүсэлт гарган бүртгүүлж, Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсээс 2022 оны 03 сарын 22-ны өдөр регистрийн дугаараа авч 2022 оны 03 сарын 22-ны өдөр тамгаа захиалан 2022 оны 03 сарын 24-ний өдөр Худалдаа хөгжлийн банкинд данс нээлгэсэн.

2022 оны 03 сарын 24-ний өдөр тамгаа авмагц Ч.С эгчтэй уулзах гэхэд ажил дээрээ байхгүй байсан ба утас нь холбогдохгүй байсан. Сүүлийн 2-3 өдөр ажилдаа ирээгүй, цэвэрлэгээ муу байгаа талаар гомдол ирээд байсан ба 2022 оны 04 сарын 04-ний өдөр холбогдоход нэг тийшээ явсан гэж хэлж байсан бөгөөд цэвэрлэгээ муу байгаа талаар хэлэхэд тэгвэл би ажиллахаа болилоо гэсэн. Ингээд ажиллаагүй.

Ч.С эгчид 2022 оны 01 сарын 21-ний өдөр зуучлагч н.Эгшиглэнгээр дамжуулан 45,000 төгрөг өгсөн К стрийт СӨХ-ийн өгөх мөнгийг би өөрийн дансаар түүн рүү шилжүүлдэг байсан ба Г.М би өөрийн данснаас түүний Хаан банкны данс руу 2022 оны 01 сарын 31-ний өдөр 150,000 төгрөг, 2022 оны 02 сарын 22-ны өдөр 250,000 төгрөг, 2022 оны 03 сарын 07-ны өдөр 250,000 төгрөг, 2022 оны 03 сарын 21-ний өдөр 300,000 төгрөг, 2022 оны 04 сарын 05-ны өдөр 350,000 төгрөг, нийт 1,345,000 төгрөг өгсөн.

Ингэхдээ 2022 оны 01 сарын 31-ний өдөр өгсөн 150,000 төгрөгийг Ч.С эгч бичиг баримт, банкны картаа гээсэн гэсэн тул бэлнээр өгсөн. Бусад мөнгийг түүний Хаан банк дахь 5429849203 тоот данс руу нь шилжүүлж байсан.

Мөн оршин суугчдаас төлбөр авч эхлээгүй байсан тул хог, тээвэр, харуул хамгаалалтын төлбөрийг компаниас төлж байсан. Ажилчин авах зар өгсний дагуу 123Б байрны үйлчлэгчээр С.Амаржавхланг ажилд авсан бөгөөд хамаатан садан биш ба түүнд Ч.С эгчийн авсантай адил цалин олгож байсан.

Ч.С эгч манайд 2022 оны 01 сарын 24-ний өдрөөс 2022 оны 03 сарын 30-ны өдөр хүртэл ажилласан бөгөөд настай хүн, эгч хүн учраас би хүндэтгэлтэй ханддаг байсан. Нөгөө байрны үйлчлэгчтэйгээ эвтэй ажиллахыг сануулж байсан ба түүнд хатуу цаг тогтоож байгаагүй, цэвэрлэгээгээ хийсэн бол явж болно гэдэг байсан. Хамгийн сүүлд ажлаа хэл чимээгүй орхиод явсан. Би түүнд хийсэн ажилд нь тохирсон цалин өгсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

Талуудын ирүүлсэн нотлох баримтууд:

Нэхэмжлэгч Ч.С нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, иргэд СӨХ-ийн төлбөр төлдөг гэх иргэдийн гарын үсэг бүхий баримт зэргийг нотлох баримтаар ирүүлжээ.

 

К стрийт сууц өмчлөгчдийн холбоо нь сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээ, Ч.Сод мөнгө шилжүүлсэн баримтууд, К стрийт СӨХ-ийн Худалдаа хөгжлийн банк дахь 463048572 тоот дансны хуулга, Г.Мы Хаан банк дахь 5935309044 тоот дансны хуулга зэрэг баримтыг ирүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.С нь хариуцагч К стрийт сууц өмчлөгчдийн холбоонд холбогдуулан цалин 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгч Ч.С нь 2022 оны 01 сарын 21-ний өдрөөс 2022 оны 04 сарын 4-ний өдөр хүртэл К стрийт сууц өмчлөгчдийн холбоонд үйлчлэгчээр ажилласан бөгөөд 3,000,000 төгрөг нэхэмжлэх ёстой ч 1,000,000 төгрөг нэхэмжилнэ,

Хариуцагч К стрийт сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал Г.М нь ажилласан хугацаа, хийсэн ажилд нь тохирсон цалин өгсөн хэмээн тус тус тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч Ч.С нь 2022 оны 01 сарын 21-ний өдөр цагийн ажилтан зуучлах албаар дамжуулан Баянзүрх дүүргийн 14-р хороон дахь 123А, 123Б байрны орцонд цэвэрлэгээ үйлчилгээ хийн мөн өдрөө цалин хэмээн 45,000 төгрөгийг К стрийт сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал Г.М зуучлагч рүү шилжүүлсэнийг хүлээн авсан талаараа тайлбарлаж байх ба талууд энэ талаар хэн аль нь маргахгүй байна.

К стрийт сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал Г.М нь 2022 оны 01 сарын 21-ний үед холбооны гэрчилгээ гараагүй, тамга тэмдгээ хүлээн аваагүй байсан, үйлчлэгч шаардлагатайг хэлэхэд Ч.С ажиллахаар болсон тул тэрээр 2022 оны 01 сарын 24-ний өдрөөс сарын 800,000 төгрөгөөр 123А байрны орцны үйчлэгчээр ажиллах болсон гэж тайлбарласныг нэхэмжлэгч Ч.С эсэргүүцээгүй.

Баянзүрх дүүргийн 14-р хорооны 123А, 123Б байрны бүх гишүүдийн хурлын тогтоол, тэмдэглэл, хүсэлт, холбогдох материалыг хянан үзээд Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх нь К стрийт сууц өмчлөгчдийн холбоог мөн дүүргийн сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэсэн ба Г.Мыг 2022 оны 01 сарын 22-ны өдрийн удирдах зөвлөлийн хурлаар гүйцэтгэх захирлаар томилсоныг Баянзүрх дүүргийн хөгжлийн төв 2022 оны 03 сарын 09-ний өдөр бүртгэлд бүртгэжээ.

Дээр дурдсан байдал К стрийт сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх ба тус холбоо 2022 оны 03 сарын 23-ны өдөр тамгаа захиалан 2022 оны 03 сарын 24-ний өдөр Худалдаа хөгжлийн банкинд 463048572 тоот данс нээлгэн 2022 оны 03 сарын 30-ны өдрөөс гүйлгээ хийсэн нь уг дансны хуулгаар тогтоогдлоо.

/ХХ-ийн 48-50 дугаар тал/

Уг байдлаас дүгнэхэд нэхэмжлэгч буюу үйлчлэгч Ч.Стой 2022 оны 01 сарын 24-ний өдөр хариуцагч тал буюу К стрийт сууц өмчлөгчдийн холбоо нь хөдөлмөрийн гэрээг байгуулах боломжгүй нөхцөл байдал бүхий байсан ба түүнд ажлын хөлсийг бэлнээр нь болон иргэн Г.Мы дансаар түүний Хаан банк дахь 5429849203 тоот данс руу шилжүүлж байсан талаар нэхэмжлэгч Ч.С маргаагүй.

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, 359.2-т Энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно гэж заажээ.

Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг хүлээх бөгөөд энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил үйлчилгээ байж болохыг шаардах ба дээрхээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээ аман хэлбэрээр байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч Ч.С нь 2022 оны 01 сарын 24-ний өдрөөс 2022 оны 04 сарын 04-ний өдөр хүртэл ажилласан гэх боловч түүнтэй хариуцагч тал 2022 оны 03 сарын 24-ний өдрөөс 2022 оны 04 сарын 04-ний өдөр хүртэл хугацаанд холбогдож чадаагүй болохоо тайлбарлахад тэрээр үүнтэй холбоотой маргаагүй ба хариуцагч тал Ч.Сыг 2022 оны 03 сарын 30-ны өдөр хүртэл ажилласан гэж тайлбарласан тул түүнийг ажлласан хугацааг хариуцагч талын тайлбарласнаар тооцох үндэсдэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ч.С нь хариуцагч талд 2022 оны 01 сарын 24-ний өдрөөс 2022 оны 03 сарын 30-ны өдрийг хүртэл ажиллах хугацаандаа 2022 оны 01 сарын 31-ний өдөр 150,000 төгрөг, 2022 оны 02 сарын 22-ны өдөр 250,000 төгрөг, 2022 оны 03 сарын 07-ны өдөр 250,000 төгрөг, 2022 оны 03 сарын 21-ний өдөр 300,000 төгрөг, 2022 оны 04 сарын 05-ны өдөр 350,000 төгрөг, нийт 1,300,000 төгрөг хүлээн авсан болох нь талуудын тайлбар болон мөнгө шилжүүлсэн баримтаар тогтоогдсон ба зохигч энэ талаар маргаагүй.

/ХХ-ийн 34-36, 49, 56-58 дугаар тал/

Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч Ч.С 2022 оны 01 сарын 24-ний өдрөөс 2022 оны 03 сарын 30-ны өдрийг хүртэл ажилласан хугацаандаа ажлын хөлсөнд 1,733,333 төгрөг авах байсан ба тэрээр 1,300,000 төгрөг авсан бөгөөд үлдэх 433,333 төгрөгийг хариуцагч К стрийт сууц өмчлөгчдийн холбооноос гаргуулах нь зүйтэй. /1 сар-800,000 төгрөг, 1 хоног 26,666 төгрөг/

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т заасныг баримтлан хариуцагч К стрийт сууц өмчлөгчдийн холбооноос 433,333 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Сод олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 566,667 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Ч.С нь хариуцагч К стрийт сууц өмчлөгчдийн холбоо иргэдээс сууц өмчлөгчдийн холбооны төлбөр авч байсан болохыг нотолно хэмээн иргэдийн гарын үсэг бүхий огноо тодорхойгүй баримт ирүүлсэн ба энэ нь Ч.Сын нэхэмжлэлтэй К стрийт сууц өмчлөгчдийн холбоонд холбогдох цалин нэхэмжилсэн хэрэгт хамааралгүй тул нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т заасныг баримтлан хариуцагч К стрийт сууц өмчлөгчдийн холбооноос 433,333 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Сод олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 566,667 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.Сын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 27,30 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Ч.Соос 1,200 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч К стрийт сууц өмчлөгчдийн холбооноос 13,649 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Сод олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН