| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 302/2025/0077/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/83 |
| Огноо | 2025-04-04 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Д.А |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 2025/ШЦТ/83
2025 04 04 2025/ШЦТ/83
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Т даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,
улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А,
шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч С.А,
шүүгдэгч П.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У соён овогт П Г холбогдох эрүүгийн 2513000000084 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, У соён овогт П Г, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ө суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Ө сумын .. дугаар багийн ... дугаар гудамжны ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь Баян-Өлгий аймгийн сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 2,800,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай гэх, РД:БА......
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.Г нь 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан атал 2025 оны 2 дугаар сарын 06-ны шөнө 01 цагийн орчимд согтуурсан үедээ Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт 71-58 БӨТ улсын дугаартай, “Toyota fielder” загварын тээврийн хэрэгслийг жолоодож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
1.Шүүгдэгч П.Г мэдүүлэхдээ: “Миний буруу, буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Ар гэрийн байдлыг минь харгалзаж өгнө үү, эхнэр маань өвчтэй, бага насны хүүхдүүдтэй юм” гэв.
2. Эрүүгийн 2513000000084 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: эрх бүхий албан тушаалтан Ж.Э 2025 оны 2 дугаар сарын 06-ны өдөр хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 05 дахь тал/, эрх бүхий албан тушаалтан Ж.Э-аас жолооч П.Г согтуурлын хэмжээг 2025 оны 2 дугаар сарын 06-ны шөнө 01 цаг 10 минутад шалгасан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 03-04 дэх тал/, жолооч П.Г мэдээлэл лавлагаа /хавтаст хэргийн 13 дахь тал/, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/ЗШ/1039 дугаартай шийтгэвэрийн хуулбар /хавтаст хэргийн 19-21 дэх тал/, Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/19 дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 36-39 дэх тал/, яллагдагч П.Г мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 30-32 дахь тал/, шүүгдэгч П.Г хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
3. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч П.Г холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
Хэргийн үйл баримтын талаар.
4. Шүүгдэгч П.Г нь 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан атал 2025 оны 2 дугаар сарын 06-ны шөнө 01 цагийн орчимд согтуурсан үедээ Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт .... Б... улсын дугаартай, “Toyota fielder” загварын тээврийн хэрэгслийг үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
4.1. Эрх бүхий албан тушаалтан Ж.Э нь 2025 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 05 дахь тал/,
4.2. Эрх бүхий албан тушаалтан Ж.Э-аас жолооч П.Г согтуурлын хэмжээг 2025 оны 2 дугаар сарын 06-ны шөнө 01 цаг 10 минутад шалгахад жолооч П.Г амьсгал дахь спиртийн агууламж 3,60 хувь илэрч, согтууруулах ундаа хэрэглэсэн болохыг тогтоосон тэмдэглэл /хавтаст хэргийн 03 дахь тал/,
4.3. Жолооч П.Г мэдээлэл лавлагаа /хавтаст хэргийн 13 дахь тал/,
4.4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/ЗШ/1039 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх хэсэгт зааснаар холбогдогч П... Г... тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байдал /хавтаст хэргийн 19-21 дэх тал/,
4.5. Яллагдагч П.Г мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2025 оны 2 дугаар сарын 05-ны орой 18 цагийн орчимд манай найз Д, Г нар намайг дуудсан бөгөөд Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байдаг “...” нэртэй хүнсний дэлгүүрээс 2 литрийн савлагаатай 3 сав шар айраг аваад танил ах болох Баянхишигийн “Toyota fielder” загварын ...... улсын дугаартай тээврийн хэрэгслийг авахаар Б гэрт нь очих үед Б гэртээ байхгүй байсан тул түүний гар утсанд нь залгаад хүн хүргээд ирье гэж хэлээд зөвшөөрөл авч уг тээврийн хэрэгслийг аваад хоёр найз болох Д, Г нарыг машинд суулгаад тухайн тээврийн хэрэгслийг би жолоодоод Өлгий сумын 13 дугаар багт “Бөхөн уул”-ын энгэрт очиж машин дотор тухайн шар айргийг хувааж уусан.
Тэгээд цаг нэлээд оройтсон байсан ба шөнийн 00.00 цаг өнгөрч байх үеэр би хоёр найзыгаа гэрт нь хэргэхээр замд явж байхад араас замын цагдаагийн машин ирж зогсоогоод миний жолооны үнэмлэхийг шалгаад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгахаар Цагдаагийн газарт дагуулж ирээд миний согтолтын хэмжээг шалгахаар драйгер үлээлгэхэд надаас 3,60% гарсан бөгөөд манай эхнэр О дуудаж намайг хүлээлгэж өгсөн, тэгээд би гэртээ ирээд амарсан юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-32 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.
5. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч П.Г үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай” дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгч С.А “шүүгдэгч нь зөрчил гаргаж, дараа нь дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож ял шийтгүүлсэн. Тиймээс гэм буруугийн хувьд маргахгүй байгаа. Шүүгдэгч нь хувийн байдлын хувьд хэцүү байгаа. Эхнэр нь сэтгэцийн өвчтэй, одоо жирэмсэн, бага насны хоёр хүүхэдтэй. Тиймээс ар гэр нь шүүгдэгчтэй хамт давхар яллагдах гэж байгаа. Иймд боломж олгохыг хүсэж байна” гэх дүгнэлтийг, шүүгдэгч П.Г нь “миний буруу, бага насны хүүхэдтэй. Гэр бүлээ тэжээж байгаа. Дахин архи уухгүй. Бүх зүйлийг ойлгож байна” гэх тайлбарыг тус тус гаргасан болно.
6. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв гэж үнэлэв.
Эрх зүйн дүгнэлт.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилжээ.
8. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй юм. Уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.
9. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “захиргааны хэм хэмжээний акт” нь Замын хөдөлгөөний дүрэм мөн болох нь дараах байдлаар нотлогдож байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1. “Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг Замын хөдөлгөөний дүрмээр тогтооно”, 4.2. “Замын хөдөлгөөний дүрмийг Засгийн газар батална” гэж заасан байна. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 239 дугаартай “Дүрэм шинэчлэн батлах тухай” тогтоолын хавсралтаар “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийг хуульд нийцүүлэн шинэчлэн баталсан байх тул Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм нь бүх нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн халдлагын зүйл болох бөгөөд шүүгдэгч П.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг чанд баримтлах үүрэгтэй.
10. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт: “-Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно.”, -“Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно.”, -“Тээврийн хэрэгсэл” гэж механикжсан тээврийн хэрэгслийг ойлгоно.” гэж хууль тогтоогчоос тайлбарлажээ.
11. Шүүгдэгч П.Г нь гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд түүний амьсгал дахь спиртийн агууламж 3,60 промиль (%) согтолттой байсан нь эрх бүхий албан тушаалтан Ж.Э жолооч П.Г согтуурлын хэмжээг 2025 оны 2 дугаар сарын 06-ны шөнө 01 цаг 10 минутад шалгасан тухай тэмдэглэлээр тогтоогдсон байна.
12. Шүүгдэгч П.Г нь 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон тул Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/ЗШ/1039 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар холбогдогч П.Г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан тул шүүгдэгч П.Г “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж ойлгоно.
13. Шүүгдэгч П.Г нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/ЗШ/1039 дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхад эрх бүхий албан тушаалтан Ж.Э 2025 оны 2 дугаар сарын 06-ны өдөр хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 05 дахь тал/, эрх бүхий албан тушаалтан Ж.Э жолооч П.Г согтуурлын хэмжээг 2025 оны 2 дугаар сарын 06-ны шөнө 01 цаг 10 минутад шалгасан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 03-04 дэх тал/, жолооч П.Г мэдээлэл лавлагаа /хавтаст хэргийн 13 дахь тал/, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/ЗШ/1039 дугаартай шийтгэвэрийн хуулбар /хавтаст хэргийн 19-21 дэх тал/,
14. Шүүгдэгч П.Г нь 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан атал 2025 оны 2 дугаар сарын 06-ны шөнө 01 цагийн орчимд согтуурсан үедээ Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт ..... улсын дугаартай, “Toyota fielder” загварын тээврийн хэрэгслийг жолоодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн шинжийг агуулсан байна.
15. Иймд гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч П.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
16. Шүүгдэгч П.Г архидан согтуурсан байдал нь гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлжээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
17. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.
18. Шүүгдэгч П.Г гэм буруутай үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учраагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа тул түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
19. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 3 жилийн хугацаагаар хасах саналыг гаргаж байна. Тухайн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа” гэх дүгнэлтийг,
20. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.А “шүүгдэгч П.Г ар гэрийн байдлыг харгалзаж түүнд 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг,
21. Шүүгдэгч П.Г “...хөнгөн ял оногдуулж өгнө үү” тайлбарыг тус тус гаргасан болно.
22. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1. “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч П.Г үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
23. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
24. Шүүгдэгч П.Г эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд тус тус заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэв.
25. Шүүгдэгч П.Г хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч нь 19.. онд төрсөн, ам бүл .., эхнэр, бага насны хүүхдүүдийн хамт амьдардаг, эхнэр нь өвчний улмаас эмчилгээ хийлгэж байгаа, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, урьд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан нөхцөл байдал тогтоогдож байна.
26. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
27. Шүүгдэгч П.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, шүүгдэгчийн ар гэрийн байдал зэрэгт нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.
28. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2. “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж заасныг үндэслэн шүүгдэгч П.Г энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан эрх хасах ял, 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг, мөн Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/19 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хассан эрх хасах ял, 2,800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоов.
29. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
30. Шүүгдэгч П.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдав.
31. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч П.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У овогт П Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч П.Г энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан эрх хасах ял, 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг, мөн Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/19 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хассан эрх хасах ял, 2,800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч П.Г оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд тус сумын Засаг даргын тамгын газарт гудамж, талбай цэвэрлүүлэх ажил хийлгэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч П.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч П.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч П.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАЛГАТ