| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Осордэлэгийн Жанчивнямбуу |
| Хэргийн индекс | 195/2025/0989/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1377 |
| Огноо | 2025-05-21 |
| Зүйл хэсэг | 17.4.2.2., |
| Улсын яллагч | Э.Оргилбат |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1377
2025 5 21 2025/ШЦТ/1377
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж
хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам хөтлөн
улсын яллагч Э.Оргилбат
шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн *** дугаартай, 1 хавтаст хэргийг 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: ***
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;
Шүүгдэгч *** нь 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдөр “***” ХХК-ийн итгэмжлэн хариуцуулсан ***улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй 235.724.000 төгрөгийн үнэ бүхий 76,040 литр дизель түлшийг тээвэрлэж явахдаа 79.385.520 төгрөг үнэлгээ бүхий 24,964 литр түлшийг хувьдаа завшиж их хэмжээний хохирол учруулсан гэх “хөрөнгө завших” гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул дахин мэдүүлэхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрт холбогдох хэргийн талаар бүгдийг үнэн зөвөөр ярьж мэдүүлсэн. Компанид учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Миний одоо ажиллаж байгаа компанийн зүгээс хохирлыг төлж, би эргээд тус компанитай тооцоотой үлдсэн. Өөрөөр хэлбэл би цалингаасаа тодорхой хэмжээний мөнгө суутгуулж төлөхөөр тохиролцсон байгаа гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** “... манай “***” ХХК нь 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Шунхлай ХХК-ийн хуучин 22-ын товчоонд байрлах агуулахаас түлш ачаад Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах манай компанийн кемп дээр очих ёстой байсан юм. Тухайн өдөр ***улсын дугаартай тээврийн хэрэгсэл, *** улсын дугаартай чиргүүлтэй машиныг тус компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулсан, үндсэн ажилтан болох *** унаж явсан бөгөөд 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 16 цаг 38 минутад хуучин 22-ын товчоонд байрлах Шунхлай ХХК-ийн агуулахаас толгойдоо 38,150 литр, чиргүүлдээ 39,890 литрийн шатахууныг аваад Өмнөговь руу гарна гэж хэлээд шатахуун тээвэрлэсэн машин болон чиргүүлийг унаад явсан байсан. Тэгээд өөрийн унаж яваа ***улсын дугаартай тээврийн хэрэгслийн банканд шатахуун хийлгэхээр 1.500.000 төгрөгийг *** нь өөрийнхөө данс руу шилжүүлэн авсан. *** нь 2024 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт байх кемп дээр очих ёстой байсан боловч очоогүй байсан бөгөөд ***ийн 95883448 дугаарын утас руу нь залгахад холбогдох боломжгүй байсан бөгөөд асаачхаад шууд унтраачхаад байхаар нь би өөрийнхөө 88110408, 94252229 гэсэн 2 дугаараасаа *** рүү мессеж бичиж, мөн залгасан. Тэгээд ***дугаартай машиныг унаж явсан ***тэй 6 хоногийн турш холбогдож чадахгүй байсан болохоор өөрийн компанийн өмч болох ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг жи пи эс төхөөрөмжийг ашиглан хамгийн сүүлд заасан газрыг нь олж тогтооход 2024 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 11 цаг 18 минутад Хан-Уул дүүргийн Морингийн давааны ойролцоо, эзэнгүй хээр газар машиныг маань тавьчихсан байсан.
Тэгээд манай компанийн ажилтан болох Баасандалай, Урангуа, Оюундэмбэрэл, “***” хуулийн фирмийн ажилтан *** нар нь тухайн тээврийн хэрэгсэл байгаа газарт очиж, он сар өдөр заадаг камераар бичлэг хийж баримтжуулсан. “***” хуулийн фирмийн ажилтан *** нь ***ийн утас руу машин орхисон газартаа хүрээд ир гэж дуудахад *** нь ирээд, машиныг онгойлгон өгч, жолооч Оюундэмбэрэлд хүлээлгэн өгсөн. Жолооч Оюундэмбэрэл нь ***тээврийн хэрэгслийг ***өөс хүлээж аваад шууд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах “***” ХХК-ийн кемп дээр авчирсан бөгөөд түлш хүлээж авдаг ***, жолооч Оюундэмбэрэл, *** нарын хамт тухайн тээврийн хэрэгслийг шатахууны хамт нэг удаа, шатахуунаа буулгаж аваад, хоосноор нь нэг удаа зориулалтын жин дээр /пүүн дээр/ жинлэж үзэхэд 24,964 литрийн түлш дутсан. Дутсан 24,964 литрийн түлшийг 1 литр тутмыг 3180 төгрөгөөр тооцоход 79.372.800 төгрөгийн хохирлыг *** нь манай компанид учруулсан. *** нь өөрөө 25 тн түлш дутах байх гэдгийг хэлж байсан бөгөөд манай компанийн зүгээс тооцож гаргасан /дутсан/ 24,964 литрийн түлшийг, хохирлын үнийн дүнг хүлээн зөвшөөрсөн бөгөөд 2024 оны 4 дүгээр сарын 01-ний дотор учруулсан хохирлоо төлж барагдуулна гэж хэлсэн юм. Гэтэл өнөөдрийг хүртэл холбоо сураггүй алга болсон бөгөөд манай компанид учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй байгаа тул цагдаагийн байгууллагад хандаж байна” /хх-н 22-23/,
“... тусгай түлхүүр учраас нэг л ширхэг байдаг. Үнэ цэнтэй шатах дэлбэрэх эрсдэлтэй шатахуун ачиж явдаг учраас тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явж буй жолоочид хариуцуулан өгдөг. Тухайн үед ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг *** жолоодож байсан учраас түүнд л ганц түлхүүр байсан. Жолооч шатахуунаа Өмнөговь аймаг Ханбогд сумын Хайрхан багийн Цагаан хад суурьшлын бүсэд хүлээлгэж өгдөг учраас түлхүүр зөвхөн жолоочид, машины түлхүүрийн хамт явдаг юм. Машинаа 7 хоногийн турш хайсан. Тэгээд морингийн даваанаас олсон. Машинаа олох үед машин цоожтой, шатахуун хадгалах сав торх нь цоожтой, ямар нэгэн эвдэрсэн гэмтсэн зүйл байгаагүй. Тэгээд ***ийг дуудаж ирүүлээд кабиныг нь онгойлгуулаад, шатахуун хадгалах сав, торхыг онгойлгуулаад буцаагаад цоожилсон, энэ үед гар утсаараа бичлэг хийж зураг дарж баталгаажуулж авсан байдаг юм” /хх-н 102-103/ гэж,
гэрч *** “... би Өмнөговь аймагт байрлах компанийн кемп дээр машин техникийн засвар үйлчилгээг хариуцаж ажиллахаас гадна ирж буй шатахуун түлшийг пүүлж авах байсан машиныг Улаанбаатар хотоос 2024 оны 2 дугаар сарын 26-ны өдөр ***ийг өөрийг нь байлцуулан хүлээн авч, урьдчилсан хэмжилт хийгээд Өмнөговь аймаг руу явуулсан бөгөөд нарийн хэмжилт хийж хүлээж авдаг. Тийм учраас өөрийг нь заавал байлцуулж хүлээлгэж өгөхийг шаардаад 2024 оны 2 дугаар сарын 29-ний өдөр кемп дээр албан ёсны хэмжилт пүүлт хийдэг багажаар хэмжиж үзэхэд 24,964 литр шатахуун дутсан. Ингээд *** өөрөө төлнө гээд байхаар нь манай компанийн зүгээс хуульч нартай учраа ол гээд хуулийн баг руу явуулсан юм. Тэгээд хуулийн багаас ***т 1 сарын хугацаа тогтоож өгөөд явуулсан боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулсан зүйлгүй байна. Байгууллагын хувьд гэнэтийн их хэмжээний хохиролд орж хүнд нөхцөлд байгаа” /хх-н 20-21/ гэж,
гэрч *** “... 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдөр *** нь манай компанийн түлш ачсан байсан тээврийн хэрэгслийг унаад Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хад суурьшлын бүс дэх кемп дээр 2 хоногийн дотор хүргэж өгөх ёстой байсан. Тэгсэн боловч *** нь гэнэтхэн холбоогүй алга болчихсон. 2024 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд суман дахь манай компанийн кемп дээр ажилладаг Бөхөө нь “*** утас шөрмөс нь холбогдохоо байлаа, хаана яваа юм бэ?” гэж надаас асуусан. Би ***ийн 95883448 дугаарын утас руу нь залгаж үзэхэд холбогдох боломжгүй байж байгаад 2024 оны 2 дугаар сарын 26-ны өдөр 13-14 цагийн орчимд өөрөө над руу холбогдсон. *** нь “ахаа би ачиж явсан түлшээ алдчихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би компанийн удирдлагад мэдэгдээд компанийн зүгээс хаана байгааг нь хайж олоодох гэхээр нь би ***өөс машин нь хаана байгаа талаар нь асуухад “Хан-Уул дүүрэг, Морин явах замд замын хойд талд байгаа” гэж хэлсэн юм. Тэгээд би ганцаараа ***ийн унаж явсан ***улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр очоод холоос машиныг нь харж зогссон бөгөөд компанийн удирдлагууд ирэхийг хүлээсэн. Компанийн нарийн бичиг Урангоо /80757585/, хуулийн зөвлөх Я.*** /88480424/, компанийн нэг жолооч хамт ирсэн бөгөөд би тэр жолоочийг танихгүй. Тухайн үед *** хамт ирсэн байсан.
Тэгээд нарийн бичиг Урангоо, хуулийн зөвлөх ***, компанийн жолооч, *** бид тав хамт байлцаж, ***өөс тухайн түлш ачиж явсан тээврийн хэрэгслийг хүлээлцэж авсан бөгөөд хуулийн зөвлөх *** бичлэг хийж баталгаажуулсан. Тухайн тээврийн хэрэгсэлд ачсан байсан шатахууныг төмөр болон метрээр хэмжиж үзсэн. Бид нар тухайн тээврийн хэрэгслийг хүлээж авахад машинд ямар нэгэн эвдрэл гэмтэл, хагарсан бутарсан гэмтсэн зүйл огт байгаагүй. Тэгээд машинд ачсан байсан түлшийг пүүлж үзнэ, ***ийг хамт явж хүлээлцэхийг компанийн удирдлагаас хэлсэн бөгөөд би ***ийн унаж явсан ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг хүлээж аваад Өмнөговь аймгийн Ханбогд суманд байх компанийн кемп рүү явж, 2 дугаар сарын 28-ны өдрийн орой кемп дээр очсон. *** 2024 оны 2 дугаар сарын 29-ний өдөр компанийн кемп дээр ирсэн учраас Бөхөө, *** бид гурав түлш хэмждэг зориулалтын пүүн дээр шатахууныг пүүлж үзсэн. ***ийн 76,040 литрийн ачиж явсан түлшнээс 25 тн орчим түлш дутсан. ***ийн унаж явсан тээврийн хэрэгсэлд ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй, зүгээр байсан. Шатахуун түгээх станцын агуулахаас шатахуун түлш ачаад гарахад лацыг шатахуун түгээх станцын ажилчид шатахуун түлш ачсан ачааны лүк хэсгээс зүүж өгөөд лацдаж өгдөг. Тухайн машины ачааны хэсгийн лүкэд далд цоож байдаг бөгөөд тухайн тээврийн хэрэгслийг жолоодож байгаа жолоочид өөрөө түгжээд түлхүүрийг өөрөө авдаг юм. Манай компанийн шатахуун тээвэрлэдэг бүх машинд өөр дээрээ далд цоож байдаг. Шатахуун түгээх станцын агуулахаас шатахуун түлш аваад гарахад тухайн агуулахын ажилчид лацдаж явуулдаг. Шатахуун ачсан лүкний хэсгийн цоожийг цоожилсон цоожны түлхүүр тухайн тээврийн хэрэгслийн кабинд нь байсан. Тээврийн хэрэгсэл өөрөө цоожтой ба түлхүүр ***т өөрт нь байсан. Тухайн тээврийн хэрэгслийг хүлээж авахад тээврийн хэрэгслийн гадна талд хагарсан хугарсан, гэмтсэн, зурагдсан зүйл огт байгааүй. Техникийн ямар нэгэн гэмтэл байхгүй байсан бөгөөд аккумлятор хэвийн, машины түлхүүрийг түлхэхэд машин зүгээр асаж байсан. Харин хий нь алдагдчихсан байсан. Энэ нь техникийн гэмтэлд орохгүй, машиныг нормалтай буюу асаалттай байх үед хий хураагддаг юм” /хх-н 29-30/ гэж тус тус мэдүүлсэн байна.
Түүнчлэн хавтаст хэрэгт хяналтын камерын бичлэгт 2024 оны 8 дугаар сарын 5-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 44-47/, “***” ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн “хохирлын хэмжээ нэхэмжлэх тухай” албан бичиг /хх-н 51-52/, “***” ХХК-ийн автомашины бүрэн бүтэн байдал шатахуун хэмжиж буй камерын бичлэг /хх-н 66-68/, тээврийн хэрэгсэлд нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 77-79/, “***” ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 24/212 дугаартай “Нотлох баримт хүргүүлэх тухай” албан бичиг /хх-н 81-83/, “***” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 24/254 дугаартай албан бичиг /хх-н 91-93/ гэсэн баримтууд авагджээ.
Эдгээр бичгийн нотлох баримтуудаар “***” ХХК-ийн жолооч *** нь тухайн компанийн эзэмшлийн ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож шатахуун тээвэрлэж явахдаа 76,040 литр дизель түлшнээс 79.385.520 төгрөгийн үнэ бүхий 24,964 литр түлшийг хувьдаа завшсан болох нь нотлогдон тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан “Хөрөнгө завших” гэмт хэрэг нь хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа бий болж хэрэгждэг бөгөөд эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдгийг аж ахуй нэгж, албан байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд, зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээхийг ойлгоно.
Улмаар итгэмжлэгдэн хариуцсан этгээдийн хөрөнгө завших үйлдэл бусдын эд хөрөнгийг өмчлөгчид нь тогтоосон хугацаанд буюу хяналт шалгалтгүйгээр буцаан өгөхгүй байх, үнэ хөлсийг нь төлөхгүй, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоосон зэрэг аргаар илэрдэг.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж тодорхойлсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно гэж заасан тул шүүгдэгч ***ийн хохирогч “***” ХХК-д 79.385.520 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд хяналтын прокуророос “их хэмжээний хохирол учруулсан” гэж хөрөнгө завших гэмт хэргийн хүндрүүлэх шинжээр ялласан нь хууль зүйн үндэслэлтэй.
Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд
шүүгдэгч ***ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан “Хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэв.
Шүүхээс шүүгдэгч ***т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал тухайлбал, шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ***ийн хувийн байдалтай холбоотой:
Оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-н 35/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-н 36/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 13/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 32/ зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагджээ.
Хохирол төлбөрийн хувьд:
Хохирогч “***” ХХК-иас “... жолооч Өлзийбат овогтой Өгөөмөр нь тус компанид учруулсан хохирол болох 79.385.520 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болно. Манай байгууллагын зүгээс цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй тул шүүх хуралдаанд оролцохгүйг үүгээр мэдэгдэж байна” гэсэн албан бичгийг шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ***ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан “Хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч ***ийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч ***т оногдуулсан 10.000.000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч *** торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч байгууллага цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6. Эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг CD-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***т урьд авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЖАНЧИВНЯМБУУ