Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/176

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.М

орчуулагч, хэлмэрч Т.Х,

улсын яллагч, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А-,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А-,

шүүгдэгч А.К- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.К-т холбогдох эрүүгийн 2513000000188 дугаар хэргийг 2025 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авсныг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19...... оны ..... дүгээр сарын ....-ний өдөр Баян-Өлгий аймгийн Толбо суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эцэг, эх, бэр эгч, дүү нарын хамт Баян-Өлгий аймгийн ....... сумын .....дугаар /Хонгор өлөн/ багт оршин суудаг, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Б.ш овогт А-ы К-, регистрийн дугаар: БЙ............;

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.К- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 23-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Толбо сумын 5 дугаар /Хөх толгой/ багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн .... БӨТ улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а/ “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...” гэх заалтыг, мөн дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэх заалтыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргаж, зорчигч Б.Н-ын эрүүл мэндэд өвчүү ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн мурийлт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг: Гэм буруугийн талаар:

            1. Прокурор шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч А.К- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал бүрэн нотлогдон тогтоогдож байна. Түүнчлэн шүүгдэгч А.К- нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч үүнээс үүсэх үр дагаврыг ойлгосон, хийсэн хэрэгтээ гэмшиж, хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлсэн, хохирогч гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэж байна. Улмаар шүүгдэгч А.К-ийн дээрх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4 дэх заалтад заасан “Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах саналыг танилцуулахад шүүгдэгч дээрх ялын төрөл, хэмжээг хүлээн зөвшөөрсөн тул түүнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд даруй шилжүүлэхээр тогтоосон. Иймд шүүгдэгч А.К-ийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4 дэх заалтад заасан “Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалтыг хэрэглэх саналыг гаргаж байна” гэв.

            2. Шүүгдэгч шүүх хуралдаанд: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

            3. Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд:  “Шүүгдэгч А.К-ийн үйлдсэн гэмт хэрэг нь бүрэн нотлогдсон учраас гэм буруугийн талаар маргаангүй. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учраас прокурортай ял тохирсон. Тохиролцсоны дагуу шүүгдэгч А.К-ийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж өгнө үү” гэв.

            4. Шүүгдэгч А.К- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 23-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Толбо сумын 5 дугаар /Хөх толгой/ багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн .... БӨТ улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а/ “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...” гэх заалтыг, мөн дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэх заалтыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргаж, зорчигч Б.Н-ын эрүүл мэндэд өвчүү ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн мурийлт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 03-12 дахь тал), зам тээврийн ослын газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг (хавтаст хэргийн 13-16 дахь тал), шүүгдэгч А.К-ийн согтуурлын зэргийг залгахад 1,13 хувийн спиртийн агууламж илэрсэн талаарх баримт (хавтаст хэргийн 17 дахь тал), хүний биед хойшлуулшгүйгээр үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/, хохирогч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 22-24 дэх тал), гэрч Б.Е-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал), Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч цолтой С.К-ийн 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 398 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 33-35 дахь тал), мөрдөгчийн магадалгаа (хавтаст хэргийн 39-40 дэх тал), шүүгдэгч А.К-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 60-62 дахь тал), хохирогч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 66 дахь тал)  зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.  

            5. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

            6. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

            7. Шүүгдэгч А.К- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            8. Энэ хэргийн улмаас хохирогч Б.Н-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогчоос хохирол, төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

            Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

            9. Прокурорын санал болгож, шүүгдэгч А.К-ийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.К-т согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тэнссэн 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд авах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

            10. Иймд шүүгдэгч А.К-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

            11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.К-т согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тэнссэн 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд авч, түүнд хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

            12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.К- нь тэнссэн хугацаанд шүүхээс авсан хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй.

            13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.К-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.

            14. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан, гаргуулах хохирол, төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

            15. Шүүгдэгч А.К- нь цагдан хоригдсон хоноггүй, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.ш овогт А-ы К-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.К-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.К-т согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тэнссэн 1 жил сарын хугацаанд авч, түүнд хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.К- нь тэнссэн хугацаанд шүүхээс авсан хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.К-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

6. Шүүгдэгч А.К- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх хохирол, төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

8. Энэхүү шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.К-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     А.ДАУРЕНБЕК