2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1314

 

 

   

 

 

 

 

  

                              

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Золзаяа

Улсын яллагч Ц.Сайнхүү

Гэрч Ж.Г********

Хохирогч Б.Э********, түүний өмгөөлөгч Г.Цэрмаа, Ц.Осоржамаа

Шүүгдэгч Г.Г********, түүний өмгөөлөгч Э.Мөнхзолбоо, Г.Цолмон нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******** овогт ********-рийн ********-д холбогдох эрүүгийн “2306051322443” дугаар 2 хавтас хэргийг шүүх 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 19** оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засаг, статистик мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо ********тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,

           ******** овогт ********-рийн ******** /РД:********/.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч ******** нь 2023 оны 10 дугаар сарын 4-ний өдөр хохирогч ********-ийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа ******** гэх хүн рүү мөнгө шилжүүлэх гэж байгаад данс руу андуурч шилжүүлсэн төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөлд байгаа гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 13.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.            

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “9 дүгээр сарын 25-ны өдөр миний төрсөн өдөр болдог. 2022 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр миний бие төрсөн өдрөө тэмдэглэхгүй гэж бодож байтал миний хуурай ах “төрсөн өдрийг чинь тэмдэглэе, ах нь бүх зүйлийг нь зохицуулъя. Найз нөхдөө дууд” гээд зайсанд байрлах “********” гэх газар намайг дуудсан. Тэгээд би өөрийн найз нөхдийг дуудаад 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй төрсөн өдрөө тэмдэглэсэн. Миний хэлээд байгаа хуурай ахыг ******** гэдэг. Төрсөн өдөр дээр түүний таньдаг хүн болох ******** хүрэлцэн ирсэн. ******** надаас эгч байсан тул түүнийг эгч л гэж хүлээж авсан. Төрсөн өдөрт ирсэн хүмүүсийн зүгээс бэлэгтэй ирсэн бөгөөд ******** нь над дээр винотой ирсэн. Тухайн өдөр ******** надад аягүй гоё сэтгэгдэл төрүүлсэн бөгөөд дотроо гоё эгчтэй танилцлаа даа л гэж бодсон. Би анхнаасаа ******** таньж мэдэхгүй, ******** гэх ахын урилгаар миний төрсөн өдөр дээр ирсэн зочин. Би ******** гэх ахын хамт “********”-д амьдардаг байсан тэгээд төрсөн өдрөөс хойшоо ******** хэд хэдэн удаа уулздаг болсон. Тэгээд ******** нь “чи ер нь хол наанаа байж яадаг юм бэ? би өөртэйгөө ойрхон “********” хотхонд байр зохицуулъя” гээд намайг яармагаас авч ирсэн. ******** гэр нь өөрөө “********” хотхонд байдаг. Тэгээд би мэдээж хүний сэтгэлийг бодоод бид хамтдаа “********”-д байж эхэлсэн. ******** гэр нь ойрхон учир гэр рүүгээ орж гарах байдлаар амьдарч байсан. Тэрний дараагаар бид хамт амьдардаг тул нэлээн дотно болсон. Би чинь эгч гэдэг байж байгаад сүүлдээ чи болоод хосын статустай болсон. Дараа нь “12 сарын сүүлээр аяллууд маш хямдхан байна. Гадагшаа явъя. Шинэ-Оноо гадаад өнгөрөөе” гээд бид Вьетнам руу явсан. Тэндээ бол маш аз жаргалтай хосын статустай, аялагч нарын дунд аз жаргалтай байсан. Тэгээд хүн чинь дасна би ******** нэлээн дассан. Ирсний дараагаар буюу 1 сарын сүүлээр “миний биеийн юм ирэхгүй байна хүүхэдтэй болж байх шиг байна” гэхээр нь миний зүгээс маш их баярласан. Би бол хүүхдэд маш их хайртай учир баярласан. “За за тэгээд жирэмсэн юм бол надад бичиг юм аа үзүүлээрэй” гэсэн. Тэгээд нэг сарын сүүлээр хэвлэмэл байдлаар надад хүүхдийн эхоны зураг үзүүлж байсан. Түүний дараа сар бүр viber-аар надад сар бүр эхоны зураг, эмчийн бичиг үзүүлж байсан. Тэгээд би чинь итгэж, маш их баярласан. Би чинь охинтой болохыг их хүсдэг бид хоорондоо ярилцаж байгаад бүр охиндоо “********” гэдэг нэр өгье гээд тохирсон байсан. Тэгээд ******** чинь бага сартай байна гээд халамжлаад гэдэс этрийг нь тэвэрч байгаа юм чинь. Дараа нь бид Турк, ОХУ-н улс руу аяллаар явсан. ******** Турк руу жил болгон найзуудтайгаа явдаг “хувцас хунар, нэхий маш хямдхан байдаг. Хоёулаа явъя” гэж байсан бол ОХУ-руу “Орос хүнс бол хамгийн сайн байдаг. Ойрхон хил гараад ирье” гэж байсан. Бид хамтдаа 3 удаагийн аялалд явсан. Эрэгтэй хүн жирэмсэн эмэгтэй гэдэс нь ямар байдгийг мэдэхгүй. ******** надад хүүхдийнхээ хүйсийг “охин” гэж хэлж байсан. Тэгээд би чинь гэдсийг нь илээд л оройдоо дуу дуулж өгдөг байлаа. За за хөөрхөн охинтой болчихлоо гэж баярлаж байсан. Манай ээж чинь хотод ирсэн үедээ ******** хоночихсон, энэ 2 чинь бүр надад хэлэхгүйгээр ээж охин 2 болчихсон, хамаатан садантай нь танилцаад, гадуур дэлгүүр хэсээд их сүрхий байсан байна лээ. Дараа нь би мэдсэн. Хамгийн их гомдсон зүйл нь юу вэ? гэхээр бид хоёр “хамтын амьдралтай, хүүхэдтэй болж байгаа юм чинь агаарт байя” гээд “хамтарч зуслангаа байгуулцгаая” гэх фейсбүүк группээс ******** гэх захиралтай барилгын компанийн захиралтай танилцаж уулзалт хийсэн. Энэ үйл явдал хаанаас эхлэлтэй вэ? гэхээр Туркэд хамт хэвтэж байхдаа фейсбүүк хараад “Ганаа энэ их аятайхан төсөл байна. Улаанбаатарт очоод хамтдаа уулзъя” гэж байсан. Тэгээд би зөвшөөрсөн. ******** нь надаас өмнө ******** уулзаад “урьдчилгааг гаалийн бүрдүүлэлтээр хийгээд хүүг хамгийн багаар” гээд тохирчихсон юм байна лээ. Миний зүгээс хоёр гурав дахь удаагийн уулзалт дээр л очсон. 3 – 4 удаа юм уу даа Найрамдал өөр хаана хаана билээ газар хаусыг нь судалсан. Тэгээд хамгийн аятайхан нь найрамдлын тэнд төв замдаа ойрхон нэг газар буюу 75мк газар 158.000.000 болж байсан байх аа тэрийг авахаар болсон. Урьдчилгааг нь гаалийн бүрдүүлэлт мөн миний мэргэжил болох борлуулалт, маркетинг нь хийж өгье гэдэг байдлаар уулзаад тохирсон байсан. Манай ээж завсраар нь нэг ирэхдээ ******** хардаад байсан. “Миний хүү жирэмсэн хүн гэж ийм байдаггүй юм аа. Одоо 5 – 6 сар өнгөрлөө гэдэс нь ерөөсөө томрохгүй байна. Чи юу гэж бодож байна” гэхээр нь “та юу яриад байгаа юм бэ? би эмнэлгийн бичгийг нь үзсэн. Би хөөрхөн охинтой болох гэж байгаа” гээд ээжийгээ чимээгүй болгож байсан. Манай нэг найз банканд эдийн засагч хийдэг бөгөөд миний зээлийн мэдээллийг судалж үзээд “чам дээр зээл гарах боломжтой” гэж хэлж байсан. Тэгээд зээлийг ******** дээр зээл авах уу? гээд судалж байтал түүний өөрийн данс нь шүүх дээр битүүмжлэлтэй байна гээд өөрийнх нь ээж болох ******** дансыг ашигладаг байсан. Би энийг нь анзаардаг байсан хэрнээ битүүмжийг мэдээгүй. Тэгээд би зээл авахаар болоод банк бус дээр байгаа зээлээ хаах хэрэгтэй юм байна гээд 10 сарын 4-ний өдөр над руу мөнгө хийсэн. Бид хамтдаа шийдсэн байсан. Тэгээд сансарт 2 дүүтэйгээ хамт хоол хийж идэж хоночхоод маргааш нь буюу 10 сарын 5-ны өдөр банк бус дээр тохирсны дагуу зээлээ хаасан. Тэгээд маргааш нь ээж над руу залгаад “миний хүү би чамд хэлсэн биз дээ. Наадах чинь жирэмсэн биш гэдэг талаар баттай хүнээс мэдлээ. Чамтай ярьж дууссаны дараа н.Долгор гээд эмчтэй бичсэн зурвасыг чам руу явуулъя” гэсэн тэгээд би “юу яриад байгаа юм бэ?” гээд шоконд орсон. Би хүүхдээ хэдэн сарын дараа төрнө гээд итгээд л байж байсан. Чат руугаа ороод хартал ******** гээд эмчтэй бичсэн зурвас, Туркт болсон зүйл гээд аймар аймар зүйл харсан. Тэрийг одоо энд хэлээд харлуулаад яах вэ? Угаасаа өөрөө мэдэж байгаа. Үүнийг хараад би шоконд ороод гомдоод бүр зүрх хүртэл салганасан. Охиныхоо нэрийг хүртэл бодчихсон байсан шүү дээ. Энэ явдлыг 10 дугаар сарын 6-ны өдөр ээж над руу залгаж хэлсэн. Тэгээд би гомдоод салгалаад аймар хэцүү байдалтай байгаа ч гэсэн ******** хэлтэл тэрээр “би амиа хорлоно, гэрт чинь цусаа гоожуулаад байж байя” гээд аймар аймар зүйл ярьсан. Тэгээд ээж рүүгээ ярьтал “миний хүү зүгээр хүрээд ир” гээд би Дархан руу явсан.******** нь байрыг бүгдийг нь битүүмжлээд миний өвөөгөөс 3 үе дамжиж ирсэн хөөргөнөөс эхлээд өмсөж байсан оймс, турсикийг битүүмжлээд Улиастайд байдаг найзындаа аваачаад шатаахыг нь шатаагаад, хүүхдүүддээ өгч өмсүүлэхийг нь өмсүүлсэн байна лээ. Гэх мэт зүйлс болсон. Тухайн үед би ******** дасчихсан. Хөөрхөн хүүхэдтэй болох юм байна, сайхан байртай болох юм байна, амьдрал сайхан болох юм байна гээд итгэчихсэн байсан. Би “********” ХХК-д ажилладаг, гар дээр 5 – 7 сая төгрөгийн цалин авдаг байхад ******** “үгүй ээ чи одоо ингэж цаг алдаж байхаар хоёулаа хувиараа хөдөлмөр эрхэлье. Чи чадвартай юм чинь хоёулаа хувиараа хөдөлмөр эрхэлье” гэхээр нь ажлаасаа хүртэл гарсан. Бүтэн жил хууртагдаад ажилгүй, хүүхэдгүй болсон хүн чинь шоконд орно шд ээ. Тэгээд 10 дугаар сарын 9-ний өдөр Цагдаагийн газраас над руу “******** ээ чи залилах гэмт хэрэг үйлдсэн байна” гэхээр нь “уучлаарай би хэзээ ч залилан хийгээгүй. Надаас мэдүүлэг тайлбар авч болно” гэхэд намайг миний машины дугаар зэргээр эрэн сурвалжилсан байна. Ер нь бол процесс ийм байна. Бид хоёр гэр бүлийн статустай байсан. Сайхан амьдрах боломж байсан. Өнөөдөр ийм нөхцөл байдалтай ингээд зогсож байгаа нь харамсалтай байна. Би ийм газар ингээд анх удаа зогсож байна.” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би ******** хэлж байгаачлан ******** гэх залуугийн нутгийн буюу ******** сумын хүүхэн. Энэ хүний хэлж байгаа бүх зүйл гүтгэлэг. Хэлж байгаа зүйлтэй нь санал нийлэхгүй байна. Бид хоёр түүний төрсөн өдрөөр танилцсан нь үнэн. Нэг орой над руу согтуу залгасан. ******** нь согтууруулах ундааны зүйл нэлээн хэрэглэдэг, хэд хэдэн удаа уулзахад дандаа л согтуу байдалтай байдаг байсан. Надад “айлд байх хэцүү байна. Писда” гээд элдэв хараал урсгаад “чи намайг яармагаас ирээд авчих, би гадаа байна” гэсэн. Тухайн үед өвлийн улирал байсан тул би түүнийг машинтайгаа очиж авсан. Хэрвээ энэ хүн над руу залгаагүй байсан бол би энэ хүнд сайхан сэтгэл гаргахгүй байсан. Би одоо маш их харамсаж байна. ******** надад хэлэхдээ “ 2 – 3 компанид ажилд орох гэж байгаа” гээд л өдөр болгон хослол өмссөн л хүн байдаг байсан. Түүний ам бол аймар шд ээ өөрийнх нь хажууд шударга л хэлье. Би түүнд “чи залуу хүн шүү дээ. Ажил хийгээч ээ” гэж хэлдэг байсан. Тэгтэл “би одоо “********” ХХК-д ажилд орохоор болчихлоо. Сарын цалин нь 5.000.000 төгрөг юм байна. Тэгээд одоо нийгмийн даатгал төлнө” гэж байна гэхээр нь “өө нийгмийн даатгал төлөх юм бол болж байна шд ээ. Нийгмийн даатгал хэрэгтэй шд ээ” гэж хэлж байсан. Тэрнээс биш би энэ хүнтэй хамтран амьдраад би гэрийнхээ хажууд авчраад тэжээгээд байсан зүйл байхгүй. Эмэгтэй хүний хувиар түүнд зовлон ярьсан. Түрүү хэлсэнчлэн ******** гэх хүн рүү байн байн залгаад “1.000.000 төгрөг зээлээч” гэхээр нь “яасан юм бэ?” гэхэд ******** “********"-ы захиралд намайг 1.000.000 төгрөг өгөх ёстой гэж хэлсэн байна. Намайг фейсбүүк дээр тавих гээд байна 1.000.000 төгрөг зээлээч” гэж байсан. ******** нь харилцах банкны 2 данстай. Би өнөөдөр өрх толгойлсон эмэгтэй. Миний нөхөр өнгөрчихсөн тэгээд ******** намайг объектоо болгож байсан юм байна лээ. Би шүүхэд 40.000.000 сая төгрөг төлж дансны битүүмжээ арилгуулсан. Хүний л амьдрал миний талийгаач нөхөр өөр хүнтэй явалдаад хүүхэдтэй болсон юм байна лээ үүний дагуу 40.000.000 төгрөг төлсөн. Би 13.000.000 төгрөгийг хэзээ ч сайн дураараа ******** өгөөгүй. ******** нь өмнө нь ******** улсын дугаартай Приус 41 маркийн тээврийн хэрэгсэл унадаг байсан. Тухайн машиныг манай дүү ******** да хүрээ зах дээр 2 сар байлгасан. ******** машинаа манай дүүгээр заруулаад мөнгөө данс руугаа хийлгэсэн. Би түүний машины урьдчилгаа мөнгийг өгсөн. ******** залилуулсан. Авах ёстой юм аа авна. Түүнтэй хамт амьдраад бэлгийн харьцаанд орсон зүйлгүй. Би хүний хуучин хувцсаар яах вэ? дээ. Би утас нь дээрээ бичлэг хийсэн байгаа, хажууд гэрч нар ч байсан. Би өөрөө банкны өр зээлтэй, өчнөөн асуудалтай байж хүнд зүгээр мөнгө өгөхгүй. Би 13.000.000 төгрөгийг май гэж өгсөн зүйлгүй. 13.000.000 төгрөг аваад нуруугаа харуулах гэж байхад би эрх бүхий байгууллагад хүсэлтээ гаргаад прокурор ажлаа хийсэн. Надаас 85.000.000 төгрөг нэмээд 13.000.000 төгрөг нэхэмжилж байна. Ээж нь хүртэл надаас гуйж мөнгө авч байсан. Ээж нь иргэний хариуцлагаа хүлээгээд Дархан-Уул аймгийн шүүхээр ороод авсан мөнгөө хүлээн зөвшөөрч 3.670.000 төгрөгөө өгсөн.” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ж.Г************ шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би ************ жирэмсэн биш гэдгийг түүний том бэр болох ************ 10 дугаар сарын 6-ны өдөр мэдсэн. Миний бие ************ ямар нэгэн байдлаар мөнгө гуйж байгаагүй, тэрээр өөрөө мөнгө шилжүүлдэг байсан. Түүний өгсөн мөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу буцаан өгсөн. ************ нь намайг өөрөөс нь мөнгө авсан гэх утгатайгаар шүүхэд өгсөн байсан. Уг нь надад мөнгө өгөхдөө “ээж минь амттай зүйл авч ид” гээд мөнгө өгч байсан. Бас данс руу хийсэн мөнгөнийхөө 1.500.000-г нь өөрөө авч байсан. ************ 2023 оны 11 дүгээр сараас эхлан таньж мэддэг болсон. Гэрт нь хүртэл очиж хонодог байсан. ************ өөрийгөө гэр бүлийн харилцаатай гэж боддог байсан. Учир нь тэрээр миний хүүтэй хайр сэтгэлийн холбоотой байсан. Тэд хамт амьдардаг байсан. ************ жирэмсэн мөн жирэмсэн биш гэдгийг бэрээс нь сонссон. Бэр нь бид хоёрыг өрөвдөөд жирэмсэн биш гэдгийг нь бид хоёрт хэлсэн гэсэн. ************ хүү хоёрын маань харилцаа ************ жирэмсэн биш гэдгийг мэдээд дуусгавар болсон. ************ өөрийнхөө ажлын мөнгийг миний хүүгийн дансаар дамжуулан ашигладаг байсан гэсэн. 13.000.000 төгрөгийг машины зээл дарах гэж л миний хүүд өгсөн гэж бодож байна.” гэжээ.

Мөн талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 1 дүгээр тал/, хэрэг бүртгэлтийн хугацаа сунгах тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 1-10 дугаар тал/, хэргийг нэг мөрдөгчөөс нөгөө мөрдөгчид шилжүүлэх тухай мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын тогтоол /1-р хх-ийн 11 дүгээр тал/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 12-14 дүгээр тал/, хөрөнгийн шилжилт хөдөлгөөний хязгаарлах тухай мөрдөгчийн санал /1-р хх-ийн 15-16 дугаар тал/, хохирогч ************ мэдүүлэг /1-р хх-ийн 20-21 дүгээр тал/, хохирогч ************ дахин өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 22-24 дүгээр тал/, хохирогч ************ дахин өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 27-29 дүгээр тал/, гэрч ************ мэдүүлэг /1-р хх-ийн 32-33 дугаар тал/, гэрч ************ мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар тал/,гэрч ************ мэдүүлэг /1-р хх-ийн 41-42 дугаар тал/, гэрч ************ мэдүүлэг /1-р хх-ийн 44-45 дугаар тал/, шүүгдэгч ************ сэжигтнээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 48-51 дүгээр тал/, гэрч ************ мэдүүлэг /1-р хх-ийн 56-57 дугаар тал/, гэрч ************ мэдүүлэг /1-р хх-ийн 62-63 дугаар тал/, дансы хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 66-80 дугаар тал/, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын зөвшөөрөл /1-р хх-ийн 81-82 дугаар тал/, Хаан банкны 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дугаар 29/9515 албан тоот /1-р хх-ийн 83 дугаар тал/, хохирогч ************, шүүгдэгч ************ нарын харилцах зурваст үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 92-105 дугаар тал/, хохирогч ************ шүүгдэгч ************ өгсөн гэх мөнгөний тооцоо /1-р хх-ийн 112-116 дугаар тал/, хохирогч ************ шүүгдэгч ************ нарын харилцах зурвас /1-р хх-ийн 177-179 дүгээр тал/, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хэлтэст шүүгдэгч ************ гаргасан гомдол /1-р хх-ийн 186-190 дүгээр тал/, гэрч ************ хохирогч ************ нарын харилцах зурвас /1-р хх-ийн 194 дүгээр тал/, амины орон сууц захиалгаар бариулах гэрээ /1-р хх-ийн 230-234 дүгээр тал/, шүүгдэгч ************-н яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 1-2 дугаар тал/, хохирогч ************ Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сайнхүүд гаргасан гомдол /2-р хх-ийн 28-29 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч ************ нь 2023 оны 10 дугаар сарын 4-ний өдөр хохирогч ************ Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа ************ гэх хүн рүү мөнгө шилжүүлэх гэж байгаад данс руу андуурч шилжүүлсэн төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөлд байгаа гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 13.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

            Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 12-14 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ************ өгсөн: “Би 2022 оны 9 дүгээр сарын сүүлээр ************ гэх залуутай найзаараа дамжуулаад танилцсан. Тухайн үед өөрийгөө “бизнес хийдэг, үл хөдлөх хөрөнгөтэй хувийн компанитай, компанийн захирал хийдэг, хамтарч ажиллах найдвартай хүн хэрэгтэй байна.” гэж хэлж байсан. “Гадаадаас бараа оруулж ирдэг, ковидоос болоод бизнес зогссон” гэж надад хэлж байсан. Таниснаас хойш надтай хааяа уулздаг, танилцснаас хойш над руу залгаж уулздаг байсан. Уулзахаараа л мөнгө авдаг байсан. Би 2022 оны 10 дугаар сард надтай уулзахдаа “************” ХХК-д ажилд орох гэж байгаа, цалин 5 сая урьд нь авсан зээлээ төлнө гэж хэлж байсан. Надтай уулзаж байх үеэрээ тансаг хэрэглээтэй, боломжийн бололцоотой гэж надад итгүүлж байсан. Тэгээд надтай “хамтарч бизнес хийе, байнга хүний доор ажиллана гэж юу байсан юм, би борлуулалтын захирал хийдэг учраас туршлагатай хүн, би худлаа хэлдэггүй хууран мэхлэхэд дургүй” гэж хэлсэн. Явц дундаа “надтай дотно харилцаатай болъё” гэж ярилцсан. Миний нөхөр нас бараад хоёр гаруй жил болж байгаа, миний сэтгэл дундуур, сэтгэл санааны хямралд орсон байх үед надтай бэлгийн харьцаанд орохыг шаардсан. Намайг дургүй, халамцуу байх үед бэлгийн харьцаанд орохыг шаардаж бэлгийн харьцаанд орсон. Би хэд хэдэн удаа гэрт нь очиж байсан. Бэлгийн харьцаанд орсныхоо дараа 2022 оны 11 дүгээр сар хавьцаа “Худалдаа хөгжлийн банк болон машины зээлтэй байгаад байна, чи надад мөнгө зээлээч” гэж хэлж байсан. Тэгээд тэр явдлаас хойш сар болгон багадаа 1 сая төгрөг, түүнээс их бага хэмжээгээр мөнгө зээл нэрийдлээр авдаг байсан. “Бичил глобус” гэх банк бус санхүүгийн байгууллагад ************ ************ улсын дугаартай приус загварын машин барьцаанд байсан. Тэгээд 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр өөрийн хүү болох ************ ************ тоот данснаас ************ данс руу 10.100.000 төгрөг, өөрийн ээж ************ данснаас ************ тоот данснаас 3.050.000 төгрөгийг хийж, 13.031.000 төгрөгийг “Бичил глобус”-ын зээлд өгч машинаа чөлөөлсөн. ************ надад хэлэхдээ “би их хэмжээний мөнгө зээлэхийн тулд ямар ч өр зээлгүй байх ёстой” ************ тухайн мөнгийг авахдаа “удахгүй аавынхаа нэр дээр байгаа хашаа байшинг барьцаалж зээл аваад зээлсэн мөнгөнүүдээ буцаагаад төлье, хаан банкнаас 100.000.000 төгрөг зээлнэ” гэж хэлсэн. Манай танил дүү болох ************ ************ өөрийн ************ 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр нотариат ороод манай дүүгээр гайгүй үнээр заруулахаар болоод хүлээлгэж өгсөн. Тухайн машин нь 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 25 сая төгрөгөөр зарж өгөөд 25 сая төгрөгийг ************ өгсөн. “Бизнесээ эхлүүлэхийн тулд аятайхан машин, гар утастай өнгөлөг байхгүй бол болохгүй байна” гэж надад хэлж байсан. ************ машингүй байх үедээ “унаа тэрэггүй хэцүү байна” гээд ************ кровн загварын машины урьдчилгаа болох 17 сая гаруй төгрөгийг авч банк бусаар зээл авсан. Би урьдчилгаа мөнгийг 2023 оны 6 дугаар сарын 6-ны өдөр ээж ************ ************ тоот данснаас 10.100.000, 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 1 саяар нэг удаа, 900.000 төгрөгөөр 1 удаа 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр /машин авдаг өдөр/ 5 саяар нэг удаа, 800.000 төгрөгөөр нэг удаа үлдэгдэл ************ данс руу хийж үлдэгдэл 37.800.000 төгрөгийг “Их ирээдүй” банк бус санхүүгийн байгууллагаас лизингээр авсан. Машин зарсан гэх хүний дугаар ************. Би түүнд мөнгө өгснийхөө дараа гэрт нь “очоод мөнгөө авъя, би зээлээ хаамаар байна” гэж шаардтал намайг зодож миний биед гэмтэл учруулсан. 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хуучин машинаа зарсан мөнгөөрөө 23.500.000 төгрөгөөр зээлээ дарсан байсан. Түүний дараа намайг гэртээ дуудаж “зээлээр авсан машиныхаа мөнгийг бүрэн төлөхгүй бол болохгүй байна” гэж хэлээд 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр ээж ************ данснаас 7.500.000 төгрөгийг ************ данс руу хийсэн. Тэгээд ************ 7.000.000 төгрөгийг банк бусын данс руу хийсэн. Үлдэгдэл 7.197.175 төгрөг үлдсэн байсан. Түүний дараа 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ************ нь “Юнителийн захирлаас нь ************ дугаарыг худалдаж авах гээд байна 2 сая төгрөг зээлээч” гэж хэлээд надаас аваад дугаар авч буй хүн рүүгээ шилжүүлсэн. ************ надтай танилцсанаас хойш мөнгө байвал шоудаж, хүүхэнтэй зугаацдаг байсан. Би түүнээс мөнгөө авч чадахгүй байсан учраас ************ иргэний үнэмлэх болон компанийн гэрчилгээг авсан байгаа. ************ намайг төөрөгдөлд оруулж, итгэл эвдэж мөнгө зээлчхээд түүнийгээ буцааж өгнө гэж худлаа ярьж хууран мэхэлсэн. Мөн би 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр би ************ зайгаа авч харьцахаа больсон байх үедээ ************ данс руу 13.000.000 төгрөг андуурч хийж тухайн мөнгөөр ************ нь банк бус дээр байсан зээлээ бүрэн хааж машинаа өөрийнхөө нэр дээр шилжүүлсэн. Түүнд ямар нэгэн үл хөдлөх хөрөнгө болон эд хөрөнгө байхгүй гэдгийг цагдаагийн байгууллагад хандсанаас хойш мэдсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 20-21 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ************ өгсөн: “Би ************ гэх хүнийг танихгүй. Би утсаар ярьж ажлын шугамаар гаалийн бүрдүүлэлт хийх гэж 2023 оны 2 – 3 удаа ярьж байсан. Тухайн үедээ 2023 оны 10 дугаар сарын эхээр “гүйлгээ хийх гэж байгаад андуурч хийсэн” гээд миний ************ гэсэн дугаар руу залгаж байсан. Би 2023 оны 10 дугаар сарын эхээр иргэн ************ гаалийн бүрдүүлэлтийн мөнгө 13.000.000 төгрөг авах байсан. Тэгсэн иргэн ************ нь тухайн өдрөө буюу 2023 оны 10 дугаар сарын эхээр над руу залгасан. Би яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. ************ “чам руу хийх гэж байгаад андуурч өөр хүний данс руу 13.000.000 төгрөг хийчихлээ, энэ дугаар руу залгаад өгөөч” гээд тухайн үедээ 8888 гэж хэлсэн дугаар өгсөн. Сүүлийн орныг нь мэдэхгүй байна. Тухайн үед би тэр дугаар руу 2 удаа өөрийн ************ гэсэн дугаараар залгасан боловч гар утсаа авахгүй байсан. Тэгээд гаалийн бүрдүүлэлт хийх байсан болохоор ************ ярьж мөнгө 2 удаа хувааж авсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 32-33 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ************ өгсөн: “... тэгээд байж байтал ************ “эрээнээс машин Замын-Үүдэд ороод ирсэн байна. Гаалийн бүрдүүлэлт хийх гэж байна” гэж хэлээд хүнтэй утсаар ярьж байснаа мөнгө шилжүүлэхдээ гэнэт уулга алдаад “өө яанаа” гээд хэлэхээр нь “юу болсон бэе” гэж асуухад “би гаалийн бүрдүүлэлтийн мөнгө хүн рүү шилжүүлэх гэж байснаа ************ дансанд андуураад шилжүүлчихлээ” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 41-42 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ************ өгсөн: “... ингээд бид 3 яриа хөөрөлдөөд сууж байх үед ************ хүнтэй утсаар яриад мөнгө төгрөг шилжүүлэх дансны дугаар аваад шилжүүлэг хийх гэж байхдаа данс андуураад ************ данс руу 13.000.000 төгрөг шилжүүлсэн. ************ мөнгө шилжүүлснийхээ дараа данс андуурсан гэдгээ мэдээд шууд орилоод бахираад босоод ирсэн. Тэгэхээр нь би түүнд хандан “за тэр ************ чинь буцаагаад шилжүүлжих байлгүй дээ” гээд хэлж тайвшруулж байсан. Тухайн үед ************ рүү залгахад утсаа авахгүй байх шиг байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 44-45 дугаар тал/,

Дансы хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 66-80 дугаар тал/,

Хохирогч ************, шүүгдэгч ************ нарын харилцах зурваст үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 92-105 дугаар тал/ зэрэг бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Улсын яллагчийн зүгээс: “Шүүгдэгч ************ нь 2023 оны 10 дугаар сарын 4-ний өдөр хохирогч ************ Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа ************ гэх хүн рүү мөнгө шилжүүлэх гэж байгаад данс руу андуурч шилжүүлсэн төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөлд байгаа гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 13.000.000 төгрөгийн хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэх дүгнэлтийг;

Хохирогч ************ зүгээс: “Хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх хүсэлтэй байна. Миний өчнөөн мөнгийг авч залилсан хэр нь гэм буруугүй гээд зогсож байгаад нь гомдолтой байна.” гэх тайлбарыг;

Хохирогч ************ өмгөөлөгч Г.Цэрмаагийн зүгээс: “Миний үйлчлүүлэгч болсон үйл явдлыг үнэн зөв мэдүүлж байсан. ************ “хохирогчийн ээж ************ 59.465.000 төгрөг, хүү ************ мөнгө гээд нийт 85.000.000 төгрөгийг удаа дараа авч нийтэд нь төлнө” гэх итгэл үнэмшил төрүүлж “бага хүүтэйгээр авсан зээлээ бүгдийг нь төлнө” гэх төөрөгдөлд оруулах замаар миний үйлчлүүлэгчийг залилсан. Хохирогчтой анх танилцахдаа захирал ажилтай гэж итгэл төрүүлсэн. Мөн цалингийн машины дугуй зэргийг урьдчилан төлчих гэж залилсан. Энэ талаар хохирогч бүрэн дүүрэн хэлдэг. Буцааж зээл аваад төлнө гэх талаар удаа дараа миний үйлчлүүлэгчийг төөрөгдөлд оруулж байсан. Тиймээс шүүгдэгчийн үйлдлийг бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулсан гэж үзэж байна. Зугаалсан гэх төлбөр нэг ч удаа миний үйлчлүүлэгчийн дансанд ороогүй. Мөнгө төгрөгөө нэхээд очихоор хэл амаар доромжилсон зэрэг асуудлаар цагдаагийн байгууллагаар шалгагдаж шийтгэл хүртэл авч байсан. Шүүгдэгчийн хувьд бусдын эд хөрөнгийг шилжүүлж авахад хохирогчтой хувийн дотно харилцаатай байсан мэтээр мэдүүлдэг. Дотно харилцаатай байсан бол яагаад байр түрээслэх болсон. Хохирогч өөрөө хүсээгүй л бол мөнгө төгрөг өгөх шаардлагагүй. Ийм учраас шүүгдэгчийг гэм буруутайд тооцож өгнө үү.” гэх дүгнэлтийг;

Хохирогч ************ өмгөөлөгч Ц.Осоржамаагийн зүгээс: “Миний бие шүүхийн шатнаас эхэлж хохирогчийн өмгөөлөгчөөр оролцож байгаа. Хавтаст хэрэгтэй танилцахад анхнаасаа миний үйлчлүүлэгч залилуулсан, андуурч шилжүүлсэн гэх талаар гомдол гаргасан. Прокурор 13.000.000 төгрөг дээр хэрэг үүсгэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Хэрэгт ямар ажиллагаа дутуу байна вэ? гэхээр шүүгдэгчийн хувийн байдлын талаар огт тогтоогоогүй байдаг. Тухайн мөнгө цаашаа яаж гарсан талаар ямар нэгэн баримт бичиг байдаггүй. Орон сууц захиалгын гэрээг байгуулаад тус мөнгийг авсан гэж яриад байна. Тухайн гэрээ 9 дүгээр сарын 18-ны өдөр хийгдсэн байдаг. 10 дугаар сарын 5-ны өдрөөс эхлээд 2023 оны 09 дүгээр сарын 28-ныг хүртэл тус мөнгийг авсан байдаг. Түрүүн хэлэхдээ ************ гэх дансаар 1.000.000 төгрөгийг гаргасан гэж байна. Энэ талаар ямар нэгэн шалгасан нотлох баримт байдаггүй. Мөн ************ гэх байр түрээслэгчийг асууж тодруулж байцаалт аваагүй. ************ гэх хүнд мөнгө шилжүүлэхдээ ломбардын ажилтан гэж хэлж шилжүүлсэн байгаа. Тэр хүнийг мөн тодруулаагүй. Тухайн зээлийг төлж хаагаад машин авсан байдаг. 13.000.000 төгрөг тэдний данс руу орсон боловч үүнтэй холбоотой ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй. Тиймээс хэргийг прокурорт буцаах шаардлагатай гэж үзэж байна.” гэх дүгнэлтийг;

Шүүгдэгч ************ зүгээс: “Би дээрээ хоёр эгчтэй. Багаасаа маш хүмүүжилтэй өссөн. Эмэгтэй хүнд гар хүрэх битгий хэл гар далайж үзээгүй. Намайг ************ нь янз янзаар л хэлж байна. Нэгдүгээрт, хүмүүжилтэй холбоотой. Хоёрдугаарт, миний бие их дээд сургуулийнхаа төлбөрийг амьд хөгжимтэй дуу дуулаад өөрөө олдог байсан. Дээрээс нь би дотуур байранд үс засаж мөнгө олдог байсан. Эцэг эхээсээ би нэг ч төгрөг авахгүйгээр их сургуулийнхаа төлбөрийг төлдөг байсан. Тэгээд МСS группийн юнителээс эхлүүлээд сарын 15.000.000 төгрөгийн цалинтай ажил хийдэг байсан. Мөн сүүлийн жилүүдэд маш олон тооны хүмүүсийг удирдаж ажиллаж байсан. Яагаад би мэдүүлэг дээр асар их хэмжээний баримт өгсөн бэ? гэхээр миний нийгмийн даатгал, банкны лавлагаа, сири, Монгол, Англи хэл дээр бүх баримтаа гаргаж өгсөн. Энийг шүүгч болон ямар хүн хараад намайг 13.000.000 төгрөг дээр залилан хийхээр хүн биш гэдгийг нотолж өгнө. Өнөөдөр миний Монгол улсад төлсөн татвар, эрхэлсэн ажил, сурсан мэргэжил, өссөн хүмүүжил маань батлах болов уу гэх үүднээс тэдгээр баримтуудыг хавсаргасан. Шүүгчээс хүсэж байгаа зүйл юу вэ гэхээр карма гэж байдаг. Өнөөдөр хэрэг яаж шийдэгдсэн байсан ч эргээд үнэн бол хэзээ нэгэн цагт ялах байх гэж бодож байна.” гэх тайлбарыг;

Шүүгдэгч ************ өмгөөлөгч Г.Цолмонгийн зүгээс: “************ нар нь хувийн буюу гэр бүлийн шинжтэй харилцаатай байсан. Мөн 3 удаа хамт гадагшаа явсан. Энэ болгон дээр зардал гарсан. Хаус авахаар хамт очиж гэрээ хийсэн. Машиныхаа зээлийг төлье гээд төлсөн гэх ийм үйл баримтууд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас тодорхой харагддаг. Мэдээж зээлтэй хүнд их хэмжээний зээл гарах боломжгүй. Монгол банканд өр зээлийн харилцаа байдаг гэдгийг энэ зааланд байгаа бүх хүн мэдэж байгаа. Энэ бол нийтэд илэрхий байдаг асуудал. ************ гэдэг хүний мэдүүлэг бол туйлын тогтворгүй байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн 3 мэдүүлэг бүгд зөрдөг. Гаргасан гомдлынхоо утгатай зөрдөг. Өнөөдрийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг гэх мэтчилэн бүгд зөрүүтэй. Гэрч нарын мэдүүлэгтэй ч зөрдөг. Ийм нөхцөл байдалтай байна. ************ эмчтэй нийлж хуурамч бичиг баримт үйлдэж ************ хуурсан гэх үйл баримт ч тогтоогдсон. Ялангуяа ************ машиныг эвдэж байгаа үйлдэл зэргээс харахад хохирогчийн үйлдэл, сэдэл, санаа, зорилго ямар байгаа нь тодорхой харагдаж байна. Хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгийн тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд “...хэрэгт ач холбогдол бүхий үндэслэл журмын дагуу олж авсан баримтыг нотлох баримт гэж үзнэ...” гэж хуульчилсан байдаг. Мөн ашиг сонирхлын зөрчилгүй этгээдийг гэрч гэнэ. Гэрч ************ мэдүүлэг нь шууд нотлох баримт биш. ************ нь “...10 дугаар сарын эхээр гүйлгээ хийх гэж байгаад андуурч гүйлгээ хийсэн гэж над руу залгаж байсан...” гэх асуудал л ярьдаг. ************ гэх хүн нь тухайн гүйлгээг андуурч хийгээд ************ тухайн мөнгийг нь авчихсан гэх асуудал огт ярьдаггүй. Энэ асуудлын талаар шууд харсан гэрч биш. Тиймээс ************ мэдүүлгийг яллах талын нотлох баримт болгох үндэслэлгүй гэж үзэж байна. Гэрч ************ нь “...хүнтэй утсаар ярьж байгаад мөнгө шилжүүлэх гэж байгаад уулга алдаад байхаар нь яасан бэ?” гэхэд “************ данс руу андуураад шилжүүлчихлээ” гээд сэтгэл санаагаар унаад байсан...” гэх мэдүүлгээс үзэхэд ************ нь мөн адил хэргийг шууд харсан гэрч биш. ************ найз нөхдийн харилцаатай, хэрэгт үнэн зөв мэдүүлэг өгөх нь эргэлзээтэй, ашиг сонирхлын зөрчилтэй этгээд гэж үзэж байна. Гэрч ************ “...шилжүүлэг хийх гэж байгаад 13,000,000 төгрөгийг андуураад шилжүүлчихлээ гэж орилоод босоод ирсэн. ************ бол новш, дандаа саадаг, эр янхан...” гэх зэргээр мэдүүлэг өгсөн байдаг. Тухайн өгсөн мэдүүлгээс шууд субьектив санаатай гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч рүү шууд чиглэсэн үйлдэл гаргаж байна. Энэ нь ашиг сонирхлын зөрчилдөөн үүсгэж байна. Эдгээр гэрч нарын мэдүүлгийг үндэслэж яллах дүгнэлт үйлдэж хүнийг яллах боломжгүй шүү дээ. Хавтаст хэрэгт нэг чатны зураг байдаг. Тухайн чатны зургийг мөн нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй. Энэ баримт өнөөдрийн миний компьютерын зураг гаргаж өгсөнтэй адилхан нотлох баримтын шаардлага хангахгүй баримт гэж үзэж байна. Хэрвээ энийг нотлох баримтын хүрээнд авч үзэх гэж байгаа бол мөрдөгч тухайн гар утсанд үзлэг хийгээд, ямар утаснаас хийсэн чат юм гэх талаар тэмдэглэл үйлдэх хэрэгтэй байсан. Ийм яаж хавтаст хэрэгт оруулсан нь мэдэгдэхгүй баримтаар хүнийг яллаж боломжгүй гэж үзэж байна. ************ хурал эхэлж байхад өөрөө ч хэлсэн. Тиймээ би нэр зургийг нь өөрөө өөрчлөөд хадгалчихсан юм гэж мэдүүлсэн. Мөн хэлэлцүүлгийн шатанд тухайн үед одоо барьж байгаа утастайгаа байсан. Энэ утсаараа шилжүүлэг хийсэн гэх талаар мэдүүлсэн. Гэвч хавтаст хэрэгт авагдсан чатны зураг айфоне загварын гар утаснаас авсан зураг байдаг. Самсунг гар утасны зураг болон айфоне загварын гар утасны ялгааг хүн болгон мэддэг. Энэ хэрэг дээр хуулийн байгууллага хууль зөрчсөн хэд хэдэн асуудал байдаг. Үүн дээр мөн анхаараасай гэж хүсэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1,2,3 дахь хэсэг, мөн тус хуулийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд бусдын данс, тээврийн хэрэгсэл, орон байрыг битүүмжлэх, шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах ийм хуулийн байгууллагын буюу прокурорын тогтоол гарах ёстой. Хуулийн байгууллага үнэхээр туйлын шударга, ямар нэгэн байдлаар нөлөөлөлгүй ажиллаж чадсан юм уу гэх эргэлзээ төрөхөөр байдал гарсан байдаг. Энхцэцэг нь 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 16 цаг 45 минутад цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байдаг. Энэ хавтаст хэргийн 14 дүгээр талд авагдсан байдаг. Гомдол гаргаснаас хойш 10 минутын дараа ************ мэдүүлэг авч эхлээд 18 цагт дууссан. Өөрөөр хэлбэл ажлын цаг дууссаны дараа мэдүүлэг авах ажиллагаа дууссан. Гэтэл мөрдөгч ************ гэх хүн тухайн өдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр шууд шилжилт хөдөлгөөн хязгаарлах тухай санал гаргаад прокурор тогтоол гаргасан. Энэ нь тухайн 10 минутад багтааж гаргаад байгаа юм уу, 18 цагаас хойш гаргаад байгаа юм уу. Хоёрдугаарт, гомдлын шатанд байгаа хэрэгт холбогдогчоос буюу сэжигтэн этгээдээс мэдүүлэг аваагүй байж яагаад хамаг юмыг нь хязгаарлаад байгаа юм бэ, яагаад ийм дураараа аашилж байгаа юм бэ. Ажлын бус цагаар санал гаргасан. Тогтоол гаргасан асуудал яригдана. Гэмт хэрэг үйлдэж олсон тухайн эд хөрөнгийг устгах, шилжүүлэх, үрэгдүүлэх энэ үндэслэл бүхий сэжиг байвал хязгаарлаж болно гэж заасан. Гэвч ямар үндэслэл бүхий сэжиг байсан юм. Яагаад эдгээр эд хөрөнгийг хязгаарлаад байгаа юм. Тэгэхээр хууль зөрчиж гаргасан энэ шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэж хүсэж байна. Түүнчлэн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан дээр яригдсан хэргийн материал болон нэмж хийсэн ажиллагаагаа танилцуулаагүй, шүүхэд шилжүүлж байгаа гэдгээ хэлэхгүй нууцаар шилжүүлсэн, яллах дүгнэлтэнд гомдол гаргах эрхийг хязгаарласан ийм асуудлууд байх тул миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэх дүгнэлтийг;

Шүүгдэгч ************ өмгөөлөгч Э.Мөнхзолбоогийн зүгээс: “Улсын яллагчийн яллах дүгнэлтэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж оруулж ирсэн гэж ойлгосон. Өөрөөр хэлбэл ************ үйлдлийг төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас гэх хоёр нөхцөл бүрдсэн байхыг хэлнэ гэж ойлгож байгаа. Нэгдүгээрт, төлбөр тооцооны алдаатай гүйлгээ байсан уу? гэдэг дээр дараах дүгнэлтийг гаргаж байна. Хохирогчийн мэдүүлэг бол гомдол гаргаснаас авхуулаад мөрдөн шалгах ажиллагаа болон өнөөдрийн шүүх хуралдааны явц хүртэл маш олон удаагийн алдаатай, туйлбаргүй байсан гэдэг дээр анхаараасай гэж хүсэж байна. Ямар зөрүү байсан бэ? гэхээр хамтын амьдралтай байсан эсхүл байгаагүй гэж мэдүүлсэн. Анхны гомдол дээр миний найз гэж мэдүүлсэн боловч дараагийн мэдүүлэг дээр дотны харилцаатай залуу гэж ярьсан бол өнөөдрийн шүүх хуралдаан дээр хамтын амьдралтай байсан болохыг нь нотлох олон бичгийн баримт байхад хамтын амьдралтай байгаагүй гэж Монгол Улсын нэрийн өмнөөс явагдаж байгаа шүүх хуралдааны оролцогч болон шүүгчийг үл хүндэтгэж худал мэдүүлсэн асуудлыг анхаараасай гэж хүсэж байна. Дараагийн ноцтой асуудал юу вэ? гэхээр эмчтэй хуйвалдаж жирэмсэн биш хүн жирэмсэн гэх баримтыг хуурамчаар үйлдэнэ гэдэг бол байж боломгүй асуудал. Өнөөдөр шүүх танхим болон бодит амьдрал дээр ч байж боломгүй, ёс зүйгүй асуудал гэж үзэж байна. Өнөөдөр төрийн өмнө тангараг өргөсөн улсын эмчтэй хуйвалдаж худлаа баримт бүрдүүлээд түүнийгээ хавтаст хэрэгт нотлох баримтын хэмжээнд судалсны дараа наад эмчийг чинь би таних төдий л хүн. Энэ чатыг бичээгүй гээд мэлзээд зогсож байгаа хүн тухайн 3 гэрчид нөлөөлөх, ямар нэгэн байдлаар худал мэдүүлэг өгүүлэх бүрэн боломжтой хүн гэж үзэж байна. Хохирогчийн өнөөдрийн шүүх хуралдаанд гаргаж байгаа биеийн хэлэмж, шүүх танхимыг үл хүндэтгэж байгаа ёс зүйгүй хүн тухайн 3 гэрчид нөлөөлөхөд ямар асуудалгүй. Тиймээс дээрх нөхцөл байдлыг анхаараасай гэж хүсэж байна. Дараагийн асуудал нь бүтэн нэг жил хамт амьдарсан, бүр удаа дараа аялалд явсан, хайр сэтгэлийн холбоотой байсан, ийм ноцтой үйл баримтыг үгүйсгэж байгаа байдал болон ямар эх сурвалжаар нотлогдохгүй байгаа баримтыг үндэслэж улсын яллагч яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлж байгаа асуудлыг ойлгохгүй байна. Мэдүүлэг чинь нотлогдох ёстой. Үйл баримт чинь давхар эх сурвалжаар нотлогдох ёстой. Гэтэл яагаад нэг ч эх сурвалж байхгүй байхад зөвхөн 3 гэрчийн мэдүүлэг болон хохирогчийн туйлбаргүй мэдүүлэг дээр үндэслэж миний үйлчлүүлэгчид ял оноох гээд зогсож байгааг ойлгохгүй байна. Энэ хүний насан туршид нь үлдэх хар түүх болно шүү дээ. Цаг хугацааны хувьд үйл баримтыг судалж үзэхээр 2022 оны 10 дугаар сараас 2023 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд харилцаа холбоотой байсан. Энэ хугацаанд энэ хоёр хүн нь хосын харилцаатай байсан гэдгийг ярилаа. ************ салахгүйн тулд жирэмсэн гэх худал баримтыг эмчээр гаргуулж байгаа маш олон харилцсан чатнууд байдаг. Өнөөдрийг хүртэл ************ хажуудаа тогтоох үүднээс эдгээр зүйлсийг хуурамчаар бүрдүүлж, худал жүжиг тавьж ирсэн. Өөрийнх нь данс битүүмжтэй байсан талаар өөрөө хүртэл мэдүүлж байна. Тиймээс өөрийнхөө нэр дээр зээл авах боломжгүй байсан нь нотлогдож байна. Өөрөөр хэлбэл ************ мэдүүлэг эх сурвалжтай бүх баримтаар тогтоогдож байна. Тиймээс төлөвлөгөөний дагуу хийсэн гэрээ нь энэ үйл баримтыг нотолж байна. Үүний дагуу зээлээ төлчхөөд яагаад одоо андуурагдсан гүйлгээ гэж үзэж байна вэ? Бүр төлөвлөөд шилжүүлсэн байхад андуурагдсан гэж шилжүүлсэн үйл баримт тогтоогдохгүй байна. Тиймээс энэ нь анхнаасаа ************ гэх хүнд гомдсон шаналсан эмэгтэй хүний гомдлыг ойлгож байна. Энэ гомдол нь эцэслэж явсаар байгаад өс хонзонгийн сэдлээр гомдол гаргасан байна. Тиймээс энэ асуудлыг манай прокурорын байгууллага ялгаж, гэмт хэргийн сэдэл нь төрсөн юм уу гэдэг асуудлыг дүгнээгүй байна гэж үзэж байх тул миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.

            Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мун хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос ************ үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн нөхцөл байдалтай харьцуулан тэднийг нягт нямбай хянасны үндсэн дээр гэмт хэргийг сэргээн дүрслэх замаар хэргийн болж өнгөрсөн жинхэнэ нөхцөл байдлыг бүрэн бодитой тогтоож энэ тухай хууль зүйн дүгнэлт гаргадаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэм хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийдэггүй ба хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд “завших сэдэлт” төрж, шамшигдуулан, захиран зарцуулснаар тухайн гэмт хэргийн шинж бүрэн тогтоогддог. Өөрөөр хэлбэл уг алдаатай гүйлгээг бусдынх гэдгийг мэдсээр байж өөрийн өмч мэт захиран зарцуулахдаа бусдын өмчийг эзэнд нь буцааж өгөхгүй гэх туйлын санаа зорилгоор хөрөнгийг захиран зарцуулсан буюу завшсан байдаг.

“Завших” гэж алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшил байгаа, өөрийн эд хөрөнгө биш гэдгийг мэдсээр байж өөрийн өмчлөл эзэмшилд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг ойлгоно.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч ************ нь 2023 оны 10 дугаар сарын 4-ний өдөр хохирогч ************ андуурч шилжүүлсэн 13.000.000 төгрөгийг завшсан болох нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 12-14 дүгээр тал/, хохирогч ************ мэдүүлэг /1-р хх-ийн 20-21 дүгээр тал/, гэрч ************ мэдүүлэг /1-р хх-ийн 32-33 дугаар тал/, гэрч ************ мэдүүлэг /1-р хх-ийн 41-42 дугаар тал/, гэрч ************ мэдүүлэг /1-р хх-ийн 44-45 дугаар тал/, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 66-80 дугаар тал/, хохирогч ************, шүүгдэгч ************ нарын харилцах зурваст үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 92-105 дугаар тал/ зэргээр шүүгдэгчийн гэм бурууг хангалттай нотолсон гэж үзсэн тул хураангуйлан дараах байдлаар шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн дүгнэлтэд шүүх няцаалт өгсөн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгоно гэж заасан бөгөөд шүүгдэгч ************ нь хохирогч ************ андуурч шилжүүлсэн 13.000.000 төгрөгийг авч бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан.

Шүүгдэгч нь тус гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд нь хор уршиг зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч ************ төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөлд байгаа гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирогч ************ зүгээс: “Хохирол төлбөрт 98.000.000 төгрөг нэхэмжилж байна.” гэх тайлбар, хохирогчийн өмгөөлөгч ************ зүгээс: “Хэргийг прокурорт буцааж өгнө үү.” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүгдэгч ************ холбогдох хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр талуудын гаргасан хүсэлт, гомдлын дагуу урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд хянан хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж тогтоосон байх тул хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү буцаахгүй.” мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “урьдчилсан хэлэлцүүлгийн үед хэргийг буруу тусгаарласан, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн бол шүүх өөрийн санаачилгаар, эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ” гэж тус тус заажээ. Хуулийн дээрх зохицуулалтаас харахад гэм буруугийн хуралдаан буюу шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү буцаахгүй буюу гэм буруугийн хуралдаанаас хэргийг прокурорт буцаах хуулийн зохицуулалт байхгүй. Түүнчлэн хохирогч ************ өмгөөлөгч ************ хүсэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй байх тул хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Харин ************ мэдүүлэгт дурдсан “шүүгдэгч ************ мөнгө өгч залилуулсан буюу 98.000.000 төгрөг нэхэмжилж байна” гэх асуудал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй буюу хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл хохирогч ************ шүүгдэгч ************ нар 2022 оны 9 дүгээр сараас 2023 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд дотно харилцаатай байсан төдийгүй, харилцан тохиролцож мөнгө өгч байсан байх тул залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна. 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ************ нь хохирол төлбөрт 98.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч 85.000.000 төгрөгийн хохирол төлбөрийг нотлох баримтын шаардлага хангаагүй гэх үндэслэлээр хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгч ************ 13.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Энхцэцэгт олгож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчийн зүгээс: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэх саналыг гаргасан бол бусад оролцогч нарын зүгээс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт  хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасан бөгөөд шүүгдэгч ************ шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөлд байгаа гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж хуульчилжээ.

   Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан ажилд орохыг хүсэгчийн анкет /1-р хх-ийн 214-230 дугаар тал/, татварын ерөнхий газрын иргэнд олгох тодорхойлолт /2-р хх-ийн 5 дугаар тал/, нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүний тодорхойлолт /2-р хх-ийн 6 дугаар тал/, эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /2-р хх-ийн 7 дугаар тал/, эрүүл мэндийн даатгал төлөлтийг шалгах хуудас /2-р хх-ийн 8-10 дугаар тал/, нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /2-р хх-ийн 11 дүгээр тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /2-р хх-ийн 12 дугаар тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /2-р хх-ийн 13 дугаар тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /2-р хх-ийн 14 дүгээр тал/, төрсний бүртгэлгүй лавлагаа /2-р хх-ийн 15 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Энэ хэрэгт тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлөхөө илэрхийлсэн зэргийг Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

            Шүүхээс шүүгдэгч ************ ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч ************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

            Бусад асуудлаар:

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч ************ “Хаан” банкны ************ тоот дансны шилжилт хөдөлгөөн, ************ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах тухай прокурорын зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч ************ овогт ************төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөлд байгаа гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************ 800 нэгжтэй тэнцэх хэмжээний 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************ нь шүүхээс оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 03 /гурав/ сарын сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************ нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ************ 13.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч ************ олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч ************ “Хаан” банкны ************ тоот дансны шилжилт хөдөлгөөн, ************ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах тухай прокурорын зөвшөөрлийг хүчингүй болгосугай.

8. Шүүгдэгч ************ нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ************ урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл ************ урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Э.ЧИНГИС