Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/156

 

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.М,

орчуулагч, хэлмэрч М.Н,

улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-,

иргэний нэхэмжлэгч М.М-,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А-,

шүүгдэгч А.Ж- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Ж-д холбогдох эрүүгийн 2513000000053 дугаар хэргийг 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 15 цаг 17 минутад хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:   

Монгол Улсын иргэн, 19.... оны .. дүгээр сарын ...-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, ...настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ... дугаар /Жасыл бах/ багийн ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух хаягтай, урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 136 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх, Т овогт А-н Ж-, регистрийн дугаар: БИ...........;

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч А.Ж- нь 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар /Жасыл бах/ багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ... БӨҮ улсын дугаартай “Honda Insight” загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа .... БӨТ улсын дугаартай “Тоуоtа Hiaсе” загварын тээврийн хэрэгслийг мөргөсөн, түүнчлэн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан иргэн А.Ж- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодож тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

   Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал, дүгнэлт:

1.Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь шүүхийн шийдвэрээр хасуулсан байхад тээврийн хэрэгсэл жолоодож, өөрийн буруутай үйлдлээрээ бусдад тодорхой хэмжээний хор уршиг учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна.

... Шинжээчийн дүгнэлтээр уг тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл, гэмтлийн үнэлгээ нь 6,225,000 төгрөгөөр тогтоогдсон байна. ...эвдэрсэн тээврийн хэрэгслийн үнэлгээ гаргуулах зорилгоор 490,000 төгрөгийг үнэлгээний байгууллагад төлсөн баримтаа гаргаж өгсөн бөгөөд хэрэгт хавсаргагдсан баримтаар энэ нь нотлогдож, түүнчлэн уг тээврийн хэрэгсэл нь М компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд буюу эм зөөвөрлөх зориулалтаар тогтмол ашиглагдаж байсан тул нэг сараас хойш тээвэрлэлтийн үйл ажиллагаанд үүссэн саатал, зардал зэргээс шалтгаалан компанийн зүгээс 1,833,658 төгрөг, мөн 1,115,345 төгрөгийн нэмэлт зардал гарсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа тул дээр дурдсан тээврийн хэрэгслийн гэмтлийн үнэлгээ болох 6,225,000 төгрөг, үнэлгээ гаргуулах зардал болох 490,000 төгрөг, эм тээвэрлэхтэй холбоотой нэмэлт зардал болох 1,833,658 төгрөг, мөн нэмэлт гарсан бусад зардал болох 1,115,345 төгрөгийг нийлүүлэн нийт 9,664,003 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж иргэний нэхэмжлэгч “М” компанид олгох прокурорын саналыг шүүхэд гаргаж байна.  Мөн иргэний нэхэмжлэгчийн зүгээс тухайн тээврийн хэрэгслийг цагдаагийн газрын прокурорын журамт хашаанд олон хоног байрлуулж, үүнд төлбөр төлсөн бөгөөд уг төлбөрийг танилцуулсан ч баримтыг гаргаж өгөөгүй ба уг хөлсний талаар иргэний нэхэмжлэгч байгууллага хор уршгийн нөхөн төлбөрийн эрхээ нээлттэй үлдээх саналыг шүүхэд гаргаж байгаа.” гэв.

2.Шүүгдэгч А.Ж- мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг санхүүгийн асуудлаас болж төлж өгч чадахгүй байна. Хохирлыг төлж өгөхөө илэрхийлж байна” гэв.

3. Иргэний нэхэмжлэгч М.М- мэдүүлэхдээ: “2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр би Монгол Улсад байгаагүй, гадаадад томилолтоор ажиллаж байсан. Тухайн өдөр манай компанийн жолооч Өлгий сумын 12 багт байрлах эмийн санд оройн түгээлт хийхээр очсон. Түгээлтээ хийчхээд буцах замдаа осолд орсон байна. Осолтой холбоотойгоор манай компанид 1,800,000 төгрөгийн нэмэлт зардал үүссэн тул шүүгдэгч талаас уг зардлыг нөхөн төлөхийг бид нэхэмжилж байна. Энэхүү дүнгийн тайлбар, үндэслэл нь дараах байдалтай байна. Манай компани сар бүр Ховд аймгаас эм, эмнэлгийн хэрэгслийн татан авалтыг 2–3 удаа хийдэг. Ховд аймагт М-ын Баруун бүсийн том агуулах байрладаг бөгөөд түүнээс татан авалтыг зориулалтын дулаан хангамжтай автомашинаар хийх журамтай. Нэг удаагийн тээвэрлэлтийн үед манай машинд дунджаар 150,000 төгрөгийн шатахуун хэрэглэдэг. Гэтэл бид нар энэ машиныг өгснөөс болж манай компани тээвэрлэлтийн үйлчилгээг Мын Ховд дахь салбарын 20 тонн багтаамжтай, тусгай зориулалтын машинаар гүйцэтгэхээс өөр аргагүй болсон. Учир нь эм, эмнэлгийн хэрэгслийг ердийн тээврийн хэрэгслээр зөөх боломжгүй. Тээвэрлэлтийн явцад хөрөх, гэмтэх, муудах зэрэг эрсдэлээс зайлсхийхийн тулд тусгай зориулалтын автомашин шаардлагатай байдаг. Үүнтэй холбоотойгоор гарсан зардлуудын зөрүүг шүүгдэгчээс нэхэмжилж байна. Дээрээс нь осол гарсан автомашин нь тухайн үед журмын хашаанд удаан хугацаанд саатсан бөгөөд бид тухайн машин тэнд олон хоног байгаа талаар анхнаасаа мэдээгүй. Журмын хашаанд байршуулсан хугацаанд гарсан төлбөр, зардал бидэнд дараа нь мэдэгдсэн бөгөөд энэхүү төлбөрийг мөн шүүгдэгч талаас нөхөн төлүүлэхийг хүсэж байна” гэв.

4. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч 2025 оны 01 сарын 26-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгслийн осол гаргасан гэмт хэрэг нь мөрдөн шалгах ажиллагаанд бүрэн нотлогдсон бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй байна, миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, иргэний нэхэмжлэгчийн хохирлыг төлөхөө илэрхийлсэн байгаа” гэв.

 

Эрүүгийн 2513000000053 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд, улсын яллагчаас:

5. Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,

6. Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хавтаст хэргийн 07-08 дахь тал/,

7. Осол, хэрэг гарсан газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 09-14 дэх тал/,

8. Иргэний нэхэмжлэгч М.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 76 дахь тал/,

9. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2024/3111/1265 дугаартай шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 80-81 дэх тал/,

10. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч цолтой К.Х-ын 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 26 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

11. Баян-Өлгий аймгийн Авто тээврийн төвийн мэргэшсэн инженер Е.Ж-ы 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 03 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 56-58 дахь тал/,

12. Иргэн А.Ж-ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 дахь заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хассан талаарх Цагдаагийн ерөнхий газрын лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 63 дахь тал/,

13. Мөрдөгчийн 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн магадлагаа /хавтаст хэргийн 83-84 дэх тал/,

14. Шүүгдэгч А.Ж-ы иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 62 дахь тал/,

15. Иргэн А.Ж-ы оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 64 дэх тал/,

16. Шүүгдэгч А.Ж-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 73 дахь тал/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан ба шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нараас хавтаст хэргээс нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

17. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

18. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч А.Ж-д холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

 

Хэргийн үйл баримт:

19. Шүүгдэгч А.Ж- нь 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар /Жасыл бах/ багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ... БӨҮ улсын дугаартай “Honda Insight” загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа .... БӨТ улсын дугаартай “Тоуоtа Hiaсе” загварын тээврийн хэрэгслийг мөргөсөн, түүнчлэн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан иргэн А.Ж- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодсон үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

20. Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,

21. Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хавтаст хэргийн 07-08 дахь тал/,

22. Осол, хэрэг гарсан газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 09-14 дэх тал/,

23. Иргэний нэхэмжлэгч М.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...эм зөөсөн шатахууны зардал 1,115,345 төгрөг, машины эвдрэл гэмтлийн үнэлгээ 6,225,000 төгрөг, нийт 7,340,345 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 76 дахь тал/,

24. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2024/3111/1265 дугаартай шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 80-81 дэх тал/,

25. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч цолтой К.Х-ын 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 26 дугаартай “...А.Ж-ы биеэс авсан гэх цус нь шинжилгээнд тэнцэнэ. ...цусанд 2,4% промиль спирт илрэв. ...тухайн үед дунд зэргийн согтолттой байжээ...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

26. Баян-Өлгий аймгийн Авто тээврийн төвийн мэргэшсэн инженер Е.Ж-ы 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 03 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 56-58 дахь тал/,

27. Иргэн А.Ж-ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 дахь заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хассан талаарх Цагдаагийн ерөнхий газрын лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 63 дахь тал/,

28. Мөрдөгчийн 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “...жолооч А.Ж- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3, 3.7 а-д заасан заалтуудыг тус тус зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гол шалтгаан болсон байна...” гэх магадалгаа /хавтаст хэргийн 83-84 дэх тал/,

29. Шүүгдэгч А.Ж-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 73 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Эрх зүйн дүгнэлт:

30. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүхээс үнэллээ.

31. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт: “-Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно.”, -“Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно.”, -“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно.”, -Тээврийн хэрэгсэл” гэж механикжсан тээврийн хэрэгслийг ойлгоно.” гэж хууль тогтоогчоос тайлбарлажээ. 

32. Шүүгдэгч А.Ж- нь 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ “Honda insight” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон зөрчил гаргасан байх бөгөөд тус Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ЗШ/1265 дугаар шийтгэврээр шүүгдэгч А.Ж-ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400.000 /дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн /хавтаст хэргийн 80-81 дэх тал/ тул шүүгдэгчийг “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж ойлгоно.  

33. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

34. Шүүгдэгч А.Ж- нь 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар /Жасыл бах/ багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ... БӨҮ улсын дугаартай “Honda Insight” загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа .... БӨТ улсын дугаартай “Тоуоtа Hiaсе” загварын тээврийн хэрэгслийг мөргөсөн, түүнчлэн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан иргэн А.Ж- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйл 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан... үедээ тээврийн хэрэгсэл жолоодож “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн шинжийг агуулж байна.

35. Иймд гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч А.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

36. Шүүгдэгч А.Ж-ы хууль, эрх зүйн мэдлэг дутмаг, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал нь гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлжээ. 

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

37. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

38. Шүүгдэгч А.Ж-ы үйлдсэн гэмт хэргийн улмаас “М” ХХК-д 9,664,003 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан “Хас үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №711 дугаартай “Автомашин техникийн үнэлгээний тайлан” /хавтаст хэргийн 50-52 дахь тал/, шүүх хуралдаанд гаргаж өгсөн нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч нь уг хохирлыг төлж өгөхөө илэрхийлсэн байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ж-аас 9,664,003 төгрөг гаргуулан “М” ХХК-д олгож шийдвэрлэлээ.

39. Харин шүүгдэгч А.Ж- нь “М” ХХК-ийн машиныг Баян-Өлгий аймгийн цагдаагийн газрын журмын хашаанд байршуулсан хугацаанд гарсан төлбөр, зардалыг төлүүлэх хүсэлттэй байна гэж мэдүүлсэн ба энэ талаарх нотлох баримтаа гаргаж өгөөгүй тул хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлж, иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

40. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “...шүүгдэгч А.Ж-д эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А-ээс: “...миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, иргэний нэхэмжлэгчийн хохирлыг төлөхөө илэрхийлсэн тул А.Ж-д хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” дүгнэлтийг гаргасан болно. 

41. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1. “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч А.Ж-ы үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

42. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг гэж заасныг тус тус удирдлага болгов.

43. Шүүгдэгч А.Ж-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд тус тус заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэв. 

44. Шүүгдэгч А.Ж-ы хувийн байдлын хувьд урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь шалгах хуудас /хавтаст хэргийн 82 дахь тал/, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 136 дугаар шийтгэх тогтолын хуулбар /хавтаст хэргийн 90-91 дэх тал/-аар тогтоогдож байна.

45.  Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

46. Шүүгдэгч А.Ж-ыг эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэгт нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан ялын төрлөөс торгох ялыг сонгож, шүүгдэгч А.Ж-ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 450 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.

47. Шүүгдэгч А.Ж-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газарт газар шороо болон мод тарих ажил хийлгэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

48. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ж-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт зургаан цагаар тогтоохоор шийдвэрлэлээ.

49. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ж- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлаж байна.

50. Шүүгдэгч А.Ж- нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ЗШ/1265 дугаар шийтгэврээр оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасах шийтгэлийг эдэлж дууссан үеэс үргэлжлүүлэн энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг эдлүүлэхээр тогтов.

51. Энэ хэрэгт шүүгдэгч А.Ж- нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг дурдав.

52. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч А.Ж-д авсан хувийн баталгаа гаргах болон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овогт А-н Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ж-ы тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 450 /дөрвөн зуун тавь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ж-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт зургаан цагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ж-ы нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ж-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ЗШ/1265 дугаар шийтгэврээр оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасах шийтгэлийг эдэлж дууссан үеэс үргэлжлүүлэн энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг эдлүүлэхээр тогтоосугай.

 

6. Шүүгдэгч А.Ж- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ж-аас 9,664,003 /есөн сая зургаан зуун жаран дөрвөн мянга гурав/ төгрөг гаргуулан “М” ХХК-д олгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч “М” ХХК нь Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын журмын хашаанд машинаа түр саатуулсан хугацаанд төлсөн төлбөрийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж, иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч А.Ж-д авсан хувийн баталгаа гаргах болон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        А.ДАУРЕНБЕК