Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 20

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр даргалж, шүүгч С.Байгальмаа, М.Энхмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ

Иргэдийн төлөөлөгч Д.Нэргүй, Ц.Батбаяр

Улсын яллагч Б.Ичинхорол

            Насанд хүрээгүй хохирогч Б.Б

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Мөнхнаран

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунцэцэг

Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр дэх сум, Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б-д холбогдох 201623010047 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад шүүгч С.Байгальмаагийн хэлэлцүүлсэнээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс халх, бага  боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн гэх  Э.Б

 

Шүүгдэгч Э.Б нь 2015 оны 02 дугаар сар, 2015 оны 06 дугаар сарын 10-ны үед, 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр өөрийн хамтран амьдрагч П.М-гийн гэрт дагавар охин насанд хүрээгүй Б.Б-г удаа дараа давтан үйлдлээр хүч хэрэглэн хүчиндсэний улмаас жирэмсэлж, хохирогчид хүнд хор уршиг  учруулсан  гэмт хэрэгт  холбогджээ.

 

                                                                          Т О Д О Р Х О Й Л О Х нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Насанд хүрээгүй хохирогч Б.Б-гийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Намайг анх 12 настайгаас эхлэн манай хойд аав оролдож эхэлсэн. Намайг шөнө унтаж байхад хажуугаар ороод мээм базаад, бэлэг эрхтэн оролдоод  байдаг байсан. Тэгэхээр нь би гарыг нь цаашлуулахаар чимхээд байдаг байсан. Маргааш нь ээжид хэлнэ гэхээр ээж дүү нарыг чинь ална шүү гээд байдаг юм... Тийм учраас би айгаад хэлдэггүй байсан юм...” гэсэн мэдүүлэг. /хх 38-39 дүгээр хуудас/

... Намайг анх 2015 оны 02 дугаар сарын сүүлээр хойд аав хүчиндэж байсан. Тухайн үед манай бага дүү төрсөн байсан ба түүний төрсөний гэрчилгээг авахаар манай ээж яваад гэрт эзэнгүй байсан юм. Дараа нь 2015 оны 06 дугаар сарын 10-аар сургууль амарсан байхад, намайг гэрт байхад хойд аав хүчиндсэн юм. Хамгийн сүүлд 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүчиндсэн. Би цагаан сарын амралтаар Улаанбаатар хотоос Бор-Өндөр суманд ирчихээд 2016 оны 02 дугаар сарын 17-ны орой Улаанбаатар хот руу явах ёстой байсан юм. Тэгээд хойд аав намайг хүчиндсэний дараа би Улаанбаатар хот руу явсан. Намайг 2015 оны 02 дугаар сарын сүүлээр, 2015 оны 06 дугаар сарын 10-аар, 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүчиндэхдээ 16 насанд хүрээгүй гэдгийг маань мэдэж байсан. Учир нь хойд аавтай хамт амьдраад 5 жил болж байгаа учраас мэдэж байгаа. Бид нарыг байнга дарамталдаг байсанд гомдолтой байна. /хх-ийн 104-р хуудас/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.М мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Би сая 2016 оны 06 дугаар сард мэдсэн. Яаж мэдсэн гэхээр манай охин 2016 оны 05 дугаар сарын 05-нд тараад Бор-Өндөрт ирсэн. Тэгээд ирээд 2 хоногийн дараагаар би охиноо “ямар их таргалаа вэ” гэж хэлж байсан юм. Тэгээд хоол ундаа идэж уухгүй, хачин болчихоод байхаар нь яасан юм бол гэхээр цаашаа хараад уйлаад байсан. Тэгээд орой нь унтах гээд хувцасаа тайлахаар нь харсан чинь бие нь язарчихсан байсан. Тэгээд би охиноо “яагаад уйлаад байгаа юм бэ, хэн чамайг жирэмсэн болгочихсон юм бэ” гэхэд “аав намайг ийм болгочихсон” гэхээр нь “хэзээ чамайг ийм болгосон юм бэ” гэхэд “би цагаан сарын амралтаар гэртээ ирээд 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр явсан. Явах энэ өдөр таныг гараад явсаны дараагаар намайг түлхэж унагаагаад хаалга түгжээд хүчиндсэн” гэж хэлсэн” ... Миний охин урьд өмнө нь ямар ч хүнтэй бэлгийн харьцаанд орж байсан асуудал байхгүй. Би охиноосоо асуухдаа “яагаад ээждээ хэлж болоогүй юм бэ. Тухай бүрд нь хэлэхгүй яасан юм бэ” гэсэн чинь “би танаас айгаад хэлж чадахгүй байсан юм” гэж  хэлж байсан. Урьд  нь 1 жил гарангийн өмнө гэртэй байж байхдаа намайг гэрээс гараад ороод ирэх хооронд охины хажуугаар хэвтчихсэн, цээж рүү нь  гараа хийж байснаа намайг хараад гараа авахаар нь  “чи яаж байгаа юм бэ” гэсэн чинь “чамд ерөөсөө хамаагүй, чи яасан муу санаатай юм бэ” гэж хэлж байсан. Тэрнээс хойш би охиноо заавал дүү нартай нь орхидог байсан. Охины мэдүүлэг дээр байсан 2 дээл байсан. Одоо тэр дээлүүд нь байхгүй. Нөхөр хөдөө явахдаа өмсөж явчихаад хаячихсан юм шиг байгаа юм” /хх 41-42 дугаар хуудас/

“Би тухайн үед сандраад буруу зөрүү мэдүүлсэн байхаа, тэгээд он, сар, өдрийг нь  буруу, зөрүү хэлчихжээ. Би охиноо жирэмсэн болсоныг 2016 оны 06 дугаар сарын 21-нд гэртээ ирсэн хойно нь мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/

 

Гэрч М.А-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 03 дугаар сарын сүүл, 04 дүгээр сарын эхээр Б надад “сарын тэмдэг сүүлийн 2-3 сар ирэхгүй байна. “Жирэмсэн болохоор яадаг юм бэ” гэж асуусан. Тэгэхээр нь би “жирэмсний тест аваад үз” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр тест аваад шалгасан чинь 2 зураастай жирэмсэн  гэж гарч ирсэн. Тэгээд  би юу болсон талаар асууж тодруулахад “2016 оны 02 дугаар сарын  эхээр гэртээ байж байсан чинь гаднаас аавын найз орж ирээд “аав, ээж хоёр чинь хэзээ ирэх юм бэ гэхээр нь мэдэхгүй байна гэж хэлтэл намайг хүчиндсэн гэж” хэлж байсан. Тэгээд би жирэмсэн болчихсон юм шиг байна гэж хэлсэн. Надад хоёр удаа хүчиндүүлсэн гэж ярьж байсан” гэсэн мэдүүлэг. / хх-ийн 61-62 дугаар хуудас /

 

Шүүгдэгч Э.Б-ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  “... Надад сонсгож буй зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би М гэдэг эмэгтэйтэй 2011 оноос хойш хамтран амьдарч байна. 2015 оны 06 дугаар сард сургууль хичээл амарчихсан байсан юм... би Б-тай анх бэлгийн харьцаанд орж байсан юм. Тэгээд Улаанбаатар хотоос 2016 оны 02 дугаар сард цагаан сараар амралтаараа гэртээ ирээд байсан. 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр М 2 хүүхдээ дагуулаад Бор-Өндөр сумын төв рүү ажилтай явсан байсан... тэгэхэд би Б-тай дахин бэлгийн харьцаанд орсон” гэх мэдүүлэг /хх 127-128 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Э.Б-ийн хүч хэрэглэн хүчиндсэний улмаас хохирогч Б.Б жирэмсэн болсныг нотолсон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ДНХ-ийн шинжээч, БУ-ын доктор С.Ганболдын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 9418 дугаартай дүгнэлт болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Б-ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдож байх тул түүнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүхээс үзлээ. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунцэцэг нь энэ хэрэгт прокурорын зүйлчилж ирүүлсэн зүйл ангийг зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь хүнд хор уршиг учирсан нь тогтоогдохгүй байна. Иймд зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэх үндэслэлтэй гэж мэтгэлцэж байгааг шүүхээс дараах байдлаар няцааж байна.

 

Шүүгдэгч Э.Б хохирогч Б.Б-г 14 нас 6 сартайгаас нь эхлэн удаа дараа хүчиндэж үүний улмаас жирэмсэн болсон нь хохирогчийн амь насанд шууд аюултай нөхцлийг бүрдүүлж буй хэрэг бөгөөд улмаар 16 нас 1 сар 9 хоногтойдоо хүсээгүй хүүхэд төрүүлсэн нь хохирогчийн бие махбодийн цаашдын хэвийн өсөлт хөгжилд сөргөөр нөлөөлсөн байна.

Мөн насанд хүрээгүй хүүхэд нь оюун санааны хөгжлийн түвшингийн хувьд бэлгийн харьцааны үйлдлийн үр дагаврыг ойлгох чадвар бүрэн тогтоогүй байдгаас шалтгаалан жирэмсэн болсоноо мэдэлгүй цаг алдан, улмаар үр хөндүүлэх боломжгүйд хүрч хүүхдийн амьдралаар амьдрах эрхтэй насандаа өөрөө хүүхэд төрүүлэн бусдад үрчлүүлэхэд хүрсэн, энэ бүхэн нь сэтгэл зүйн хувьд  хямрал үүсэх, өөртөө итгэлгүй болоход хүргэсэн байгаа явдал бөгөөд хохирогч Б.Б-гийн бие махбодь, сэтгэл зүй болон цаашдын амьдралд хүнд хор уршиг учирсан байна гэж үзэх үндэслэлтэй байх тул хэргийн зүйлчлэлийг тохирсон байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Э.Б-нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг нь түүнд ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэн үзэх үндэслэл болно.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  

283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

Т О Г Т О О Х  нь:

 

1. Шүүгдэгч Э.Б-ийг давтан үйлдлээр насанд хүрээгүй хохирогч Б.Б-д хүч хэрэглэн хүчиндэж хүнд хор уршиг учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

        2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Э.Б-д 15 /арван тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт  зааснаар ялтан Э.Б-д оногдуулсан 15 /арван тав/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар ялтан Э.Б-ийн цагдан хоригдсон 181 /нэг зуун наян нэг/ хоногийг ял эдэлсэн хугацаанд  нь оруулан тооцсугай.

 5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, ялтан Э.Б-ийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

 6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505.1 дэх хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогч Б.Б-нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.М-гаар төлөөлүүлэн цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болохыг дурдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар ялтан Э.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дэх  хэсэгт  зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосоноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Э.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                  ДАРГАЛАГЧ                                      Р.БАТБАЯР

                                      ШҮҮГЧИД                                     С.БАЙГАЛЬМАА

                                                                                            М.ЭНХМАНДАХ