Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2021/ДШМ/257

 

 

 

П.Т, Б.А-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Б.Зориг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ц.Ганцэцэг,  

шүүгдэгч П.Т, түүний өмгөөлөгч Б.Дима, Б.Цолмон,

шүүгдэгч Б.А-ын өмгөөлөгч Д.Энхтунгалаг,  

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Н.Баасанбат, Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/03 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.Т, түүний өмгөөлөгч Б.Ганболд, шүүгдэгч Б.А-ын өмгөөлөгч Д.Энхтунгалаг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн П.Т, Б.А-т холбогдох эрүүгийн 1806044831409 дугаартай хэргийг 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. 2/;

П.Т нь 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 24 дүгээр байрны 4 тоотод өөрийн нөхөр Б.А-тай маргалдан түүнийг зэвсгийн чАтай зүйл болох хутгаар цээжний зүүн ар хэсэгт хутгалж, цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндийд цус хуралт бүхий эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан,

Б.А- нь 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 24 дүгээр байрны 4 тоотод өөрийн эхнэр П.Ттай маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: П.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар,

Б.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Б.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, П.Тыг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.А-ыг 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар П.Тыг 5 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.А- нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар П.Тд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

энэ хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг сиди, 3 ширхэг компьютер томографикийн зургийг хэрэгт хавсаргаж, 1 ширхэг футболк, хар өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, П.Т, Б.А- нь бусдад төлөх төлбөргүй, урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,

П.Тд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хорих ял эдлэх хугацааг энэ өдрэөс эхлэн тоолж,

Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.10-д зааснаар П.Тын насанд хүрээгүй хоёр хүүхэд болох Ж.О, А.Б нарын асрамжийг шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн байна.

 

Шүүгдэгч П.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие нь хохирогч Б.А-ын биед зүсэгдсэн шарх учруулсандаа харамсан гэмшиж буйгаа илэрхийлж байна. Мөн энэхүү гомдол нь биеэ өмөөрөх санаа зорилгогүй ба зөвхөн хэргийн үнэнийг мэдүүлэн бодит байдлыг шудрагаар тогтоолгох зорилготой болно.

Эрүүгийн 1806044831409 дугаартай хэргийг судлан шинжлэхдээ хохирогчийн биед бодит үзлэгийг хийсэн эмч нар болох Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн гар сарвууны тасгийн их эмч, хохирогчийг эмчлэгч эмч Даваажаргал нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн ба анхан шатны шүүх хуралдаанд гэрчээр оролцож өгсөн мэдүүлэгтээ “Б.А- нь гар сарвууны тасагт 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс хэвтэн эмчлүүлэхдээ анх хэвтсэн үеийн оноштойгоо эмнэлгээс гарсан. Цээжинд зүсэгдсэн шарх оноштой байсан ба өвчний түүхэнд өвчтөний бүхий л оношийг бичих ёстой. Гарт учирсан гэмтэл нь хаах хамгаалах үед үүсэхгүй. Ир үзүүртэй зүйлийг атган шувтрах үед үүснэ” гэж мэдүүлсэн нь Б.А-ын “дайрах үед гараараа хамгаалж хаахдаа гараа гэмтээсэн” гэх мэдүүлгийг худал болохыг гэрчилсэн ба болсон хэргийн бодит байдлыг мэдүүлсэн миний мэдүүлэгтэй тохирч байгааг нотлоно.  

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн цээж хэвлийн тасгийн их эмч Х.Батдэлгэрэх нь Б.А-ын биед функц ажиллагаа хийсэн талаарх мөрдөн шалгах ажиллагааны үеийн мэдүүлэгтээ “Цээжний хөндийд нэвтэрсэн шарх байгаагүй. Хэрэв нэвтэрсэн шарх байсан бол оношийг заавал бичихээс гадна цээжний хөндийд гуурс тавих ёстой. Б.А-т нэвтэрсэн шарх байгаагүй учир гуурс тавихгүй. Функц ажиллагааг зүүн далны 8-9 дүгээр хавирганы түвшинд, плеврийн хөндийн арын байрлалтай хатгалт хийн 20мл цусархаг хольцтой шингэн соруулж авсан. Уг шингэн нь 8+39 нягтралтай тул үрэвслийн үед үүсэх боломжтой. Хэрэв нэвтэрсэн шарх байсан бол шингэний нягтаршил нь 50-иас дээш байх ёстой. Тиймд Б.А- нь нэвтэрсэн  шархтай байгаагүй” гэсэн мэдүүлэг нь хохирогчийн цээжний хөндийд нэвтэрсэн шархгүй байсныг илтгэхийн сацуу Х Батдэлгэрэх эмч нь функц ажилбар хийсэн тухайгаа өвчний түүхэнд үргэлжлүүлэн бичилгүй А4-н 1 ширхэг цаасан дээр эмчийн хувийн тамгагүй үйлдсэн нь Монгол Улсын анагаах ухааны эмчилгээнд мөрдөгдөх дүрэм, журмыг зөрчсөн байх ба шүүхээс “Б.А-ын биенээс эд эсийн дээж авсан эсэхийг Эрүүл мэндийн яамны сайдын баталсан журмын дагуу үз” гэж прокурот буцаасан ч уг дээжийг шалгах, авах талаар ямар ч ажиллагаа хийгдээгүй нь уг функц ажилбараас үлдэх дээж байгаа эсэх, функц ажилбар бодит байдал дээр хийгдсэн эсэх талаарх эргэлзээг төрүүлж байгаа ба үүнийг шалгаж хөдөлбөргүйгээр тогтоох нь уг хэргийн бодит байдлыг тогтооход чухал болно.

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн дүрс оношлогооны эмч Д.Ундармаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “2018 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 19:20 минутанд Б.А-т цээжний рентген харалт болон хэвлийн хэт авиан шинжилгээ хийсэн. Тухайн үед Б.А-ын цээжний хөндийн гэрэлд харахад уушиг болон зүрхний талаас гарсан өөрчлөлт тогтоогдоогүй ба цээжний хөндий болон хэвлийн хөндийд илэрсэн өөрчлөлт тодорхойлогдоогүй” гэх мэдүүлгээс Б.А-ын зүүн дал орчим, 8-9 дүгээр хавирганы байрлалд 15 см гүн орж хутгалуулсан хүний биеийн зүрх, уушиг, цээжний хөндийд гэмтэл байгаагүй нь логикийн хувьд уялдаа холбоогүйг харуулна.

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн компьютер томографийн их эмч О.Оюунбаясгалангийн 2018 оны 5 дугаар сарын 19-ний болон 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрүүдэд хийсэн компьютер томографийн нарийвчилсан 2 удаагийн цээжний зураг, 1 сиди нотлох баримттай Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн анх гаргасан №6463 тоот дүгнэлтэнд тусгагдсан зүүн уушгины плеврийн арын байрлалтай, арьс мах өөхөн давхрагад холимог нягтралтай, цусархаг шингэнтэй, цээжинд зүсэгдсэн шарх бусад хөнгөн гэмтлийн зэргийг нотолсон баримтууд хавтас хэргээс устан алга болсон ба оронд нь Б.А-ын өөрийн 2007-2010 оны хооронд компьютер томографийн эмчээр ажиллаж байсан “Френдшип наран” ХХК хувийн эмнэлгээр гаргуулсан дүгнэлт болон рентген зургийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэсгийн байцаагч Эрдэнэболдыг авч ирэхийг шаардсанаас хойш 1 сар гаруйн дараа “зургаа алга болгосон хайж байгаа олонгуутаа өгье” гэх шалтгаанаар удаан хүлээлгэсний эцэст хавтас хэрэгт өгч, бэхжүүлсэн нь Б.А-ын хувийн нөлөөлөл орсон болохыг илтгэнэ. Энэ талаар байцаагчаас тодруулахад 2007-2010 оны хооронд “Френдшип наран” ХХК-д ажиллаж байсныг нийгмийн даатгалаас тодруулснаар баталгаажна. Үүнтэй холбоотойгоор хэдийгээр эмчлэгч эмч биед бодит үзлэгийг Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн эмч нар Б.А-ын цээжний хөндийд нэвтэрсэн шарх байгаагүй, арьс мах, өөхөн давхрагад шингэнтэй гэж нотлох №6463 тоот дүгнэлтээс бусад шинжээч эмч нарын дүгнэлтүүд нь илтэд бодит байдлыг гуйвуулан хүндрүүлсэн дүгнэлтүүдыг гаргасан.

Б.А-ын биед анхны үзлэгийг хийсэн Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн эмч  Б.Бямбахүү нь өвчний түүхийг нээхдээ цээжинд нэвтэрсэн шарх “үгүй” зүүн дал орчим 8-9 дүгээр хавирганы харалдаа 1.5-2 см орчим оёдол тавив. Хохирогчийн биед зүсэгдсэн шархтай байсныг нотлох боловч 15 см гүн орж хэмээн нэмж бичиж хэргийг санаатай хүндрүүлсэн нь гэмт хэргийн шинжтэй ба нэмэлт шалгалт явуулан бодит байдлыг тогтоох зайлшгүй шаардлагтай болно. Үнэхээр 15 см гүн орж хутгалуулсан хүний арьсыг гаднаас нь битүүлж оёдол тавьдаг практик Монголын төдийгүй дэлхийн анагаах ухааны салбарт байх боломжтой талаар мэргэжлийн салбар зөвлөлөөс тодруулах зайлшгүй шаардлагатай болно. Шүүхийн дээр тэнгэр бий гэх боловч хохирогч Б.А-т хууль сануулан мэдүүлгүүд авагдсан байх хэдий ч хохирогч нь анхан шатны эхний шүүх хуралдаанаар “цээжиндээ гуурс тавиулсан” хоёр дахь анхан шатны шүүх хуралдаанаар Х.Батдэлгэрэх эмчийн “гуурс тавиулаагүй” гэх мэдүүлгийн дараагаар “гуурс тавигдаагүй” гэсэн ба 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаан дээр “эхлээд би хутгалуулсанаа мэдээгүй. Манай дүү Чинзориг орж ирээд “ах аа, таныг хутгалсан байна” гэж хэлэхэд нь гараараа тэмтэрч үзэхэд зүсэгдсэн байсан” гэх мэдүүлгүүд нь өөр хоорондоо илт зөрүүтэй, санаатай хэргийг төөрөгдүүлэх зорилготойг харуулна. Б.А-ын Facebook цахим хуудас миний зөөврийн компьютерт нээлттэй байснаас олж мэдсэн Улсын төв Хоёрдугаар эмнэлэгт цээжний тасгийн их эмчээр ажилладаг Юра овогтой Ганболор гэгчтэй чатаар бичилцэхдээ “гэмтлийн хүндэвтэр зэрэг гарсан байна.” гэхэд Ю.Ганболор гэгч нь “ нөгөө шинжээч эмчтэй чинь уулзсан шүү” гэх ярианы дараа №800 тоот гэмтлийн хүнд зэргийн дүгнэлт гарсан нь Б.А- нь мэргэжлийн давуу талаа ашиглан эмч шинжээч нарт нөлөөлснийг харуулна. Тухайн үед нотлох баримтыг шаардлага хангахгүй шалтгаанаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй билээ. Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн удаа дараагийн дүгнэлтүүд нь нэмж бичсэн “15см гүн орж” гэх үгс болон дээж байхгүй батлагдаагүй функц ажилбарт үндэслэсэн нь иргэн миний эрх зүйн байдлыг хэт дордуулан, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авсан нь миний асрамжинд байдаг бага насны 2 хүүхдүүдийг минь давхар хохироож байгаад үнэхээр гомдолтой байна. Үүнтэй холбоотойгоор, өөрийн 2 хүүхдийг ямарч тохиолдолд салгахгүй ба асрамжийн газарт өгөхийг хүлээн зөвшөөрөхгүй тул өөрийн эцэг, эхийн асрамжинд байлгахыг хүсч байна. Эцэст нь миний бие нь мэс барихдаа Б.А- луу нэг удаа 1 алхам ойртоогүй, дайраагүй, далайгаагүй ба зодуулан ухаан балартахдаа өөрийгөө хамгаалсан үйлдэл байсан билээ. Б.А- нь миний биед хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн материалд хангалттай тогтоогдсон бөгөөд надад сэтгэл санааны болон гоо сайхны насан туршийн хохирол учруулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн хүн бүр эрх тэгш эрхтэй байх хуулийн заалтыг хангаагүй тул эргэн харж хянуулах хүсэлтэй байна. ...” гэв.  

Шүүгдэгч П.Тын өмгөөлөгч Б.Ганболд давж заалдах гомдолдоо: “...Шийтгэх тогтоолыг өмгөөлөгч миний бие 2021 оны 01 сарын 15-ны өдөр гардан авч, өөрийн үйлчлүүлэгч П.Тд хорих 409 дүгээр ангид очиж танилцуулсаны үндсэн дээр түүнийг эс зөвшөөрч буй учир энэхүү давж заалдах гомдлыг гаргав.

Нэг. Хэргийн жинхэнэ бодит нөхцөл байдлыг гэмт хэрэг гарсан шалтгаан, нөхцлийн хүрээнд бүрэн дүүрэн тогтоож огт чадаагүй, 2. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг буюу гэмтлийн зэргийг шинжлэх ухааны үндэслэлтэй буюу эргэлзээгүй байдлаар гүйцэт нотлоогүй, 3. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа учир шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэсэн өмгөөлөгчийн байр суурьтай байна.

Дээрх байр сууриа анхан шатны шүүх хуралдаан дээр маш тодорхой байдлаар илэрхийлсэн боловч Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх түүнд ач холбогдол өгч хууль зүйн дүгнэлт, няцаалт хийлгүйгээр хүлээн аваагүй явдалд гомдолтой байгаа тул дараахь үндэслэлээр давж заалдах гомдол гаргалаа. Үүнд:

1. Прокурорын яллах дүгнэлт хууль бус нотлох баримт, нотлох ажиллагаанд үндэслэсэн тул хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Учир нь:

Шүүгдэгч нар нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд атал аль нэгэнд нь Үндсэн хуульд заасан гэр бүлийн гишүүнийхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй заалтыг олон дахин орхигдуулж байцаалт мэдүүлэг авсан, уг эрхийг тайлбарлаж өгөөгүй байна /нотлох баримт: хх-1, 68, 110/.

2. Хамгийн сүүлд дахин шинжээч томилох тогтоол гаргахдаа прокуророос хууль зүйн маш том, олон алдаанууд гаргасан /хх 2, 215/. Үүнд:

Яллагдагч, хохирогч нарын нэрийг сольж бичсэн. Тухайлбал: нөхөр нь П.Тын биед гэмтэл учруулсан гэж ташаа бичсэн. Хэргийн зүйлчлэлийг буруу бичсэн. Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 гэж хүний амины онц ноцтой гэмт хэрэгт буруутгаж, ийм зүйл ангиар ял сонсгоогүй атлаа шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Прокурорын бүрэлдэхүүнтэй шинжээч томилсон тогтоолыг хэргийн оролцогч нарт тухайлбал: П.Тын өмгөөлөгчид танилцуулаагүй. Хэрэв танилцуулсан бол тогтоолыг уншаад л зүйл ангийг буруу бичсэн болохыг мэдчих бүрэн боломжтой байсан /ЭХХШТХ-27.1.4/. Адаглаж асуулт тавих эрхээ эдлэх байжээ. Шинжилгээний төрөл тодорхой бус, уг шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаар хийлгэсэн гэж үзэх үү, эсхүл шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэсэн гэж үзэх үү. Яагаад гэвэл 2 шинжээчийг Эрүүл мэндийн яамны салбар зөвлөлөөс томилсон байна. Хэрэв ийм бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.3 уу, 27.4 үү гэсэн өөр өөр хууль зүйн зохицуулалт үүсэх бөгөөд тусгай журмуудыг, жишээ нь: тухайн хүн шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна /27.4.2/ гэсэн заалт хэрэгжээгүй байна. Үүнийг процессын ноцтой алдаа гэж үзэж байна.

3. Хамгийн сүүлд гарсан шинжээчийн дүгнэлтийг хууль бус бүрэлдэхүүнтэй гаргажээ /албан бичиг болон тогтоол дээр хийсэн цохолтыг анхаарч үзнэ үү/.

Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн дарга Д.Цогбадрах цээжний хөндийн мэс засал судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга болох Н.Баасанжавт албан тоот явуулж, шинжилгээнд оролцуулах 2 гишүүнийг томилж өгөхийг хүссэн байна /хх 2, 214/.

Энэ дагуу шинжээч эмчээр академич Р.Шагдарсүрэн, анагаах ухааны докгор Л.Амгалан нарыг томилсон байх ба тэр 2 гишүүн тогтоолтой танилцаж, гарын үсэг зурж, татгалзах зүйлгүй гэж өөрсдийн гараар бичжээ. Гэтэл томилогдсон шинжээч эмч академич Р.Шагдарсүрэн уг шинжилгээнд оролцоогүй байна /хх 2, 217/.

Хоёр. Зайлшгүй хийх ёстой байсан ажиллагаанууд энэ хэрэгт бүрэн хийгдээгүй байна. Тухайлбал:    

Хэрэгт ач холбогдол бүхий мэдүүлэг өгөх чадвартай, уг хэргийн цорын ганц гэрчээс мэдүүлэг аваагүй байна. Энэ талаар прокурорт хүсэлт гаргасан байх ба уг хүсэлтийг прокурор хүлээн авч тогтоол гаргасан боловч гэрчээр мэдүүлэг аваагүй орхигдуулжээ. Иймд гэрч Ж.Оюундариас мэдүүлэг авах нь зөв /хх 1, 96-98/.

Хэргийн гол маргаан шинжээчийн дүгнэлтүүд болж байна. Ялангуяа шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн “хүндэвтэр” гэмтэл гэсэн 6463 тоот дүгнэлтийг үндэслэлгүй гэж 800 тоот дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтийг гаргахдаа “зүүн уушигний плеврийн хөндийн арын байрлалтай холимог нягтралтай шингэнтэй /цусархаг/” гэсэн эмч О.Оюунбаясгалангийн 2018 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн цээжний эгц байрлалын рентген зураг /1ш/, 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн цээжний компъютер томографикийн 1 СД, 2 ш зурагнуудад тус тус үндэслэсэн байдаг.

Гэтэл хавтас хэрэгт энэхүү рентген болон компъютер томографикийн зургууд, Сиди нь огт байдаггүй, эмч О.Оюунбаясгалангаас мэдүүлэг аваагүй байна. Тиймд уг алга болсон баримтуудыг олох, устгасан эсэхийг шалгах, гэрчээр мэдүүлэг авах нь хамгийн чухал ажиллагаа болно гэж үзэж байна. Шүүхээс хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан. Ингэхдээ 2 зүйл хий гэсэн. 1-рт “Дахин шинжээч томилж, шинжээч эмч нарын мэдүүлгүүдийн зөрүүг гарга,  2-рт “Ялыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлыг тогтоо” гэжээ. 

Тухайлбал: Шүүгдэгчид хэрэг хариуцах чадвартай эсэхэд эргэлзээ төрж байна. Учир нь шүүх хуралдаан дээр сэтгэцийн эмгэг байдал яригдсан болно. Эрүүгийн хуульд зааснаар бол хэрэг хариуцах чадвар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд заавал харгалзан үзэх гол шинж учир шүүгдэгч нарыг хэрэг хариуцах бүрэн чадвартай эсэхийг тогтоох нь /хэрэгт нэн ач холбогдолтой тул/ зүйтэй юм.

Хохирогч Б.А-ын биенээс эд эсийн дээж авсан эсэхийг сайдын баталсан журмын дагуу эхэлж шалган үз гэж шүүхээс хэргийг прокурорт буцаасан байдаг. Гэтэл уг дээжийг авах эсэх талаар ажиллагаа огт хийхгүйгээр шууд шинжилгээ хийлгэх тогтоолыг прокуророос гаргасан /хх-2, 160, шүүхийн тогтоол үзэх/.

Өөрөөр хэлбэл функц хийж 20 мл шингэн авсан гэдэг. Тэр шингэний дээж хаана байна. Тэр шингэн гэх зүйл нь цус юм уу эсхүл үрэвслээс үүссэн шингэний хольц юм уу гэдгийг шалган үзэх зайлшгүй шаардлага байна. Ингэж гэмээн энэ дүгнэлт маргаангүй болох ёстой хэмээн үзэж байна.

Шүүхийн тогтоолын заалт хангагдаагүй юм. Шинжээч эмч нарын мэдүүлгийн зөрөөг арилгуулья. Эмч Бямбахүү /хх2, 16/, Даваажаргал, Батдэлгэрэх /хх2, 208/, Ундармаа /хх2., 242/ нар цээжний хөндий нэвтэрсэн шарх биш гэж үзэж байхад харин эмч Ганболд, Болороо, Сарангэрэл нар цээжний хөндий нэвтэрсэн гэж өөр өөрөөр мэдүүлэг өгсөн байна.

Шүүх эмнэлгийн эмч нар харилцан зөрөөтэй зүйл ярьж байгаа учир, тэр дундаа сүүлийн дүгнэлт гаргасан эмч нар бүгд нэвтэрсэн шарх гэж үздэг онол, практиктай байгаа тул өөр дүгнэлт гарахгүй гэдэг нь ойлгомжтой байна. Өөрөөр хэлбэл, хэрэв шинжээч эмч Даваажаргал /хамгаалалтын үед учрахгүй/, Батдэлгэрэх, Ундармаа нараар уг дүгнэлтийг гаргуулсан бол цээжний хөндий нэвтэрсэн шарх биш гэж үзэх байсан гэсэн үг. Мэдүүлгүүд “ижил тэнцүү” байна.

Иймд юун төлөө цээжний хөндийн мэс засал судлалын мэргэжлийн салбар зөвлөл байгаа билээ, энэхүү зөвлөлийн гишүүдээр дагнасан байдлаар шинжилгээг дахин хийлгэж дүгнэлт гаргуулах саналтай байна. Тэгэхгүй бол дахиад л, нөгөө л хэдэн шүүх эмнэлгийн эмч нар оролцохоороо энэ дүгнэлтээ батлаад л гаргаж өгнө гэдгийг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн онцгой анхаарч үзэхийг хүсье.

Бие даасан гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд байсаар атал шалгаж үзээгүй байна. Шүүгдэгч П.Т, Б.А- нь гэр бүлийн хамаарал бүхий субъектүүд мөн байх тул Б.А-ын үйлдэл гэр бүлийн хүчирхийлэл байсан эсэхийг зүйлчлэн авч үзэж шалгаагүй байна. Өөрөөр хэлбэл зүйлчлэлийг өөрчлөн хийх ёстой юм.

Өөр бус нэгэн бие даасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байхад түүнийг үл тоох хандлага гаргасан байна. Өвчний түүхэнд Бямбахүү эмчийг 15 см гүн орж гэж нэмж бичсэн байна гэдгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байхад энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулахгүй байгаа нь нэн сонирхолтой ба энэ талаар П.Тын гаргасан хүсэлт, гомдлыг мөрдөгч, прокурор шийдвэрлээгүй орхигдуулжээ /хх-1, 152, 205/. Хардах эрхийн хүрээнд нэгэн зүйл байна. Хүндэвтэр гэмтлийн зэрэг гарсны дараа гэнэт л гэмтлийн зэрэг хүнд болж өөрчлөгдсөн. Хохирогч Б.А- шинжээч нарт нөлөөлсөн байж болзошгүй байдал байна гэж үзэж байна. Учир нь энэ талаар “нөгөө шинжээч эмчтэй чинь уулзсан шүү” гэсэн цахим зурвас Ат ирсэн болох баримтыг /Ганболортой уулзсан гэх, гэр бүлээрээ, өөрөө эмч хүн тул/ анхан шатны шүүх хуралдаанд П.Таас гаргаж үзүүлсэн болно. Иймд хэрэгт хууль бус нөлөө орсон эсэхийг, хууль бус нотлох баримт үйлдсэн бие даасан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг тус тус шалгуулах хүсэлттэй байна. Хэргийн үйл баримтыг жинхэнээр нь буюу бодитойгоор тогтоолгох хүсэлттэй байна. Үүнд П.Тын үйлдэл аргагүй хамгаалалт мөн байсан эсэх, санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан эсэхийг тогтоолгох нь нэн чухал юм.

Тухайлбал: П.Т нь гэр бүлийн хүчирхийлэлд автагдаж аргагүйн эрхэнд гэр бүл, өөрийгөө хамгаалахад хүрчээ. Өөр сонголт түүнд үлдээгүй. Хүүхэд өндөр халуурч өвдчихсөн байгаа үед эх хүн сэтгэл санааны хувьд ямар хүнд хэцүү байдалд байх вэ? гэдэг нь маш тодорхой зүйл юм. Гэтэл энэ талын ажиллагаа хийгдээгүй нь нэн харамсалтай.

Дээрх ажиллагааг зайлшгүй хийх шаардлагатай болох нь гэрч Пүрэвийн “миний охин би хутгалаагүй гэж надад хэлсэн”, Чинзоригийн “Т ааваа, ээжээ аллаа гэж хашгараад гараад ирсэн", Тын “өөрийгөө л хамгаалсан” гэсэн мэдүүлгүүдээр нотлогдож байна /хх1, 17, 62, 71, 110, 121, 213/. 

Жишээ нь: Хохирогч Б.А- “хамгаалахын тулд гараараа хаасан” гэж мэдүүлсэн бол шинжээч эмч Даваажаргал “гараар хаах үед учрах гэмтэл биш харин шувтрах үед үүснэ” гэж мэдүүлдэг /хх1, 204/. Үүнээс үзвэл П.Тын үйлдэлд аргагүй хамгаалалтын шинж байгаа болох нь харагдаж байна гэж үзэж байна.

Гурав. Цээжний хөндий нэвтэрсэн шарх буюу хүнд гэмтэл учруулсан гэдэг хор уршгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндэслэл нь:

1/ Шинжээч Д.Нандинцэцэг анх шинжилгээ хийхдээ цээжний хөндий нэвтрээгүй гэж үзэж хүндэвтэр гэмтлийн зэрэг тогтоосон /хх1, 25/.

            2/ Анхны эмчийн үзлэгт “цээжний хөндий нэвтэрсэн шарх үгүй” гэсэн шууд онош өвчний түүхэнд бичигдсэн /хх1, 33-35/.

3/ Шинжээч Бямбахүү, Ундармаа, Батдэлгэрэх нар хэргийг шүүхээс прокурорт буцаасны дараа мэдүүлэг өгөхдөө цээжний хөндий нэвтрээгүй гэж мэдүүлсэн.

4/ Хэвлийн хэт авиан оношилгоо хийхэд “Хэвлийн хөндийд сул шингэнгүй” гэсэн дүгнэлт гарсан /хх1, 35 /ар хуудас/, эмч Б.Олз-Эрдэнэ.

5/ 15 см гүн орсон гэдгийг сүүлд нөхөж бичсэн болох нь криминалистикийн шинжилгээ хийхэд нотлогдсон /хх-1,149/.

6/ хохирогч гэх Б.А-ын биед анх рентген харалт хийхэд цээжний хөндий болон хэвлийд илэрсэн өөрчлөлт тодорхойлогдоогүй /хх-2, 242/.

7/ Криминалистикийн шинжилгээгээр халдлагын зэвсэг болох хутганд цусны гэх ул мөр илрээгүй /хх-1, 49/.

8/ Орос хэлнээ “Медицинский право”, англиар “medical sceinc, medical law” гэдэг ч юм уу Оросын шүүх эмнэлгийн ном сурах бичгүүдийг үзлээ. Яагаад гэвэл манайд чинь оросоос улбаатай шүүх эмнэлгийн школа байна л даа.

Оросын шүүх эмнэлгийн онол болон практикт цээжний хөндий нэвтэрсэн шарх гэдэгт хий байхыг л ойлгодог юм байна. Хий байхгүй бол шингэн байх эсэх нь огтоос ач холбогдолгүй аж. Учир , цээжний хөндий нэвтэрсэн шарх яагаад амь биед аюултай вэ гэхлээр “хүний бие чинь вакум байх ёстой юм байна. Энэ вакум байдлыг хамгаалсан гол хамгаалалтын хана нь гялтан. Тиймд гялтан цоорсон бол автоматаар хий орно, үүнээс үүсэлтэйгээр хүндрэл нь шингэн хурамтлагддаг гэж үздэг онолтой. Хий орсноор вакум байдап алдагдаж, хүнийг үхэлд хүргэх аюултай юм. Иймээс хүнд гэмтэлд шууд тооцдог байна. Гэтэл хохирогч Б.А-ын цээжний хөндийд хий байгаа, гялтан цоорсон гэсэн ямарч нотлох баримт хавтас хэрэгт байхгүй гэдгийг шүүх онцгой анхаарч үзнэ үү. Машины дугуйгаар бол гялтанг гэдэг нь доторх олгой хаймарыг хэлж байгаа юм. Бид энэ олгой хаймер хагараагүй, харин гаднах резинен дугуйд нь хадаас зоогдсон байхыг дугуй хагарсан гэж үзээд байгаатай адилхан зүйл яриад байна шүү дээ. Иймд хэргийн факт, прокурорын шинжээч томилсон тогтоол, хэргийн зүйлчлэл, шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хэрэг хариуцах чадвар, шинжээчдийн бүрэлдэхүүн, анхан шүүхээс өмгөөлөгчийн саналд өгсөн няцаалт ба дүгнэлт зэргийг нэг бүрчлэн магадлуулж, энэ үндсэн дээр хэргийг прокурорт буцаах саналыг гаргаж байна. Шүүх хуралдаанаар дээр дурдсан ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй бөгөөд процессын ноцтой алдааг засах аргагүй тул дээрх саналыг анхан шатны шүүхэд бүрэлдэхүүнд оруулсан боловч хүлээн аваагүй учир ийнхүү давж заалдав. Дээрх гаргасан дүгнэлт болон саналыг хүлээн авч, хэргийг прокурорт буцааж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өнгө үү. Мөн үүнтэй уялдуулан урьд /миний үйлчлүүлэгч П.Тд/ авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү. ...” гэжээ. 

Шүүгдэгч Б.А-ын өмгөөлөгч Д.Энхтунгалаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үилдсэн гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Б.А-ыг гэм буруутайд тооцох гол үндэслэл болсон нотлох баримт нь Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 12262 дугаартай шинжээчийн дүгнэлт юм. Энэ дүгнэлтэнд авагдсанаар “Тын биед уруулд сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй” гэсэн байдаг. П.Т нь хэрэг болсны дараа Гэмтэл согог судлалын Үндэсний төвд очиж үзүүлсэн байдаг ба тухайн үед үзлэг хийсэн эмч нь эрүүл мэндийн дэвтэрт нь П.Тын дээд уруул орчим улайж хавагнасан хэмээн бичсэн байдаг. Өөрөөр ямарваа нэгэн гэмтлийг тодорхойлоогүй баидаг Улайж хавагнасан гэмтэл нь гадна талдаа сорвижих байдлыг үлдээхгүй бөгөөд хаван бууснаар зүгээр болно хэмээн үзэхээр байна. Өвчтөнд үзлэг хийж байгаа эмч нь нүдэнд харагдаж байгаагаар нь буюу өөрөөр хэлбэл арьс салст гэмтсэн шалтгаан нь зулгарсан, зүсэгдсэн, язарсан хэмээн тодорхой тэмдэглэлийг заавал хийсэн байдаг. Гэтэл П.Тыг үзсэн эмчийн тэмдэглэлд П.Тын уруул орчим шарх үүссэн, арьс салст гэмтсэн гэдэг тэмдэглэгээ авагдаагүй байдаг. Сорив үүсэх шаптгаан нь арьс, салстын бүрэн бүтэн байдал алдагдаж тодорхой хэмжээгээр шарх үүсэж сорвижих процесс явагддаг. Арьс салтстын бүрэн бүтэн байдал алдагдаагүй тохиодолд сорвижих процесс явагдаггүй. П.Тын урууд дээрх сорвийг цаг хугацааны хувьд нарийвчлан тогтоох боломжгүй гэсэн нь П.Т нь уруул дээрх сорвио хэдийд ч авсан байж болохоор байна.

Иймд П.Туупын уруул дээр үүссэн сорвижилтийг үндэслэн Б.А-ыг бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзсэн нь нотлох баримтаар хангалттай нотлогдоогүй байх тул Б.А-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Мөн Б.А-ын зүгээс П.Тд эхнээсээ ямар нэгэн гомдол саналгүй байсан бөгөөд ял шийтгэлийг нь хөнгөрүүлэхэд татталзах зүйлгүй болно. ...” гэв. 

Шүүгдэгч П.Тын өмгөөлөгч Б.Дима тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Ганболдын гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. Энэ хэрэгт өвчтний түүхийг үндэслэж 4 удаагийн шинжээчийн дүгнэлт гаргасны гурав нь “хүнд” гэж гарсан. Гэтэл шинжээчийн дүгнэлтийн үндэслэл болсон нотлох баримт буюу өвчтний түүх нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь, эмч Батдэлгэрэх функц хатгалт хийсэн талаарх он, сар, өдөр, дугааргүй баримтыг өөр өнгийн цаасан дээр бичиж өвчний түүх дотор хавчуулсан байдаг. Мөн өвчний түүх дээр “15 см орсон” гэж бичихдээ “15 см”, “голч” гэх хоёр үгийг нөхөж бичсэн бөгөөд энэ нь шинжээчийн дүгнэлтээр нотлогддог. Ийм байхад уг баримтыг үндэслэж “хүнд” гэсэн дүгнэлт гаргасан нь эргэлзээ төрүүлэхээр буюу маргааны гол цөм болж байгаа юм. Иймээс нэмэлтээр дараах 4 санал гаргаж байна. Үүнд,

- цээжний хөндийн мэс засал судлалын мэргэжлийн салбар зөвлөлөөр дахин дүгнэлт гаргуулах. Одоо хэдэн ч удаа шинжээчийн дүгнэлт гаргуулсан бай “хүнд” гэж гарна. Тиймээс Эрүүл мэндийн яамны дэргэдэх мэргэжлийн салбар зөвлөлөөр энэ хэргийг шийдвэрлүүлэх нь маргааныг таслах гол зүйл болно. Хуурамч гэж үзэж болох баримтаар хүнийг хүнд гэмт хэрэгт холбогдуулсан.

- шарханд анхны үзлэг хийхэд оролцсон Болд гэх эмчийг гэрчээр оролцуулах,

- Оюунбаясгалан гэх эмчийн “хөнгөн” гэж гаргасан дүгнэлт, түүнтэй холбоотой баримтууд хэрэгт авагдаагүй. Анхан шатны шүүх хуралдаанд энэ талаар хэлсэн боловч шалгаагүй байдаг.

- хутганы хатгагдсан чиглэлд криминалистикийн шинжээч томилж, дүгнэлт  гаргуулах хүсэлтэй байна. Учир нь, хутганы хүчний үйлчлэл аль чигт байсан, биет өөрөө хутга руу орсон уу, хүч үйлчилсэн үү гэдэгт эргэлзээ төрж байна. Зөвхөн гялтан гэх зүйд хутганы үзүүр орсон байдаг. 15 см гэдэг нь цээжний хөндий рүү чигээрээ нэвт орсон зүйл биш. Гялтанд хутга хүрэнгүүтээ хавж орсон шинжийг хэлдэг. Тиймээс энэ шинжилгээгээр хутганы хүчний үйлчлэл хааш чиглэсэн байсныг тогтоох, хөдөлгөөнгүй байсан биет рүү хутга чиглэсэн эсэхийг тогтооход энэ шинжилгээ ач холбогдолтой. ...” гэв.

Шүүгдэгч П.Тын өмгөөлөгч Б.Цолмон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Б.Ганболд, Б.Дима нартай санал нэг байна. Энэ хэрэг хүний эрүүл мэндтэй холбоотой гэмт хэрэгт тооцогдох учир шинжээчийн дүгнэлтээс хэрэг яаж шийдвэрлэгдэх нь шууд шалтгаална. Гэтэл хэрэгт 4 удаа хийгдсэн шинжээчийн дүгнэлтүүд өөр хоорондоо маш их зөрүүтэй. Иймээс Эрүүл мэндийн яамны ерөнхий мэс заслын салбар зөвлөл гэх байгууллагаар дахин дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Шүүгдэгч П.Тын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйл буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт буруутгагдсан. Өмгөөлөгчийн зүгээс тухайн үед П.Тын барьж байсан хутга нь санамсар болгоомжгүй байдлаар хохирогч Б.А-ын биед зүсэгдэж шарх үүсгэсэн гэж үзэж байна. Учир нь, цээжний хөндийд хутга орсон бол ямар шарх үүсгэх нь анагаахын шинжлэх ухаанаар тогтоогдсон. Хоромхон зуур ухаан алдаж унах, цээжний хөндийд хий үүссэний улмаас хүний бие махбод хэвийн хэмжээнд ажиллах ямар ч чадваргүй болгодог. Гэтэл хохирогч П.А нь зүсэгдсэн шархтайгаа 6 хоног явсныхаа дараа шингэн  авахуулсан гэх зүйл ярьдаг. Тиймээс цээжний хөндийд нэвтэрсэн шархтай 6 хоног явсан гэх асуудал байж болшгүй, хуурамч дүгнэлт юм. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт давж заалдах шатны шүүхэд талууд дүгнэлт, санал хэлэхдээ ял шийтгүүлсэн этгээдийн хувийн байдал, ял хөнгөрүүлэхтэй холбоотой баримт гаргаж өгч болно гэж заасан учир Болд гэх эмчийн баримтыг гаргаж өгч байгааг хүлээн авна уу. Түүнчлэн тухайн гэмт хэрэг санамсаргүй эсхүл санаатай үйлдэгдсэнийг эмч нар тогтоохгүй.  Хуулийн байгууллага тогтоох тул энэ хэргийг санамсар болгоомжгүйгээр үйлдэгдсэн гэдгийг тогтоож өгөхийг хүсэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хэргийн бодит байдлыг тогтоохын тулд бүх арга хэмжээг авах ёстой гэж заасан. Хэрэгт маш их эргэлзээтэй баримтууд байдаг тул шүүх дээрх хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу “эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан бол шүүгдэгч гэм буруутайд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу шийдвэрлэж өгнө үү. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ... “ гэв.

Прокурор Ц.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Б.А-ын биед учирсан хүнд гэмтлийн үндэслэл болсон 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн “Френдшип наран” оношилгооны төвийн зүсэх КТГ-ын “зүүн талын цээжний хөндийд арын байрлалтай, 2.7 см зузаантай, 8+39 нягтралтай шингэнтэй” гэсэн нь Б.А-ын биед цээжний хөндийн шингэн байгаа талаар нотолж байгаа тухай шинжээчийн дүгнэлтүүд гарсан. Мөн шинжээч эмч нар энэ талаар мэдүүлсэн байдаг. Тиймээс  хүндэвтэр гэмтэл гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 6463 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлгүйг нотолсон 3 удаагийн шинжээчийн дүгнэлт буюу 2018 оны 6 дугаар сарын 29-ний 800 дугаартай, 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 1281 дугаартай, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1168 дугаартай шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдсан. “...Цээжний хөндийд цусан хураа үүссэн нь цээжний хөндийд нэвтэрсэн шарх үүссэнийг нотлох шинж юм. Уушгийг хатгаж гэмтээгээгүй тохиолдолд цээжний хөндийд хий хурахгүй байж болно. Аын зүүн цээжний хөндийд цусан хураа үүссэнийг соруулж авсан байна. Арьс булчинд хавсран цээжний хөндийд нэвтрээгүй шархны үед цээжний хөндийд цусан хураа үүсэхгүй. Анх шархыг шалгах үед цээжний хөндийд нэвтэрснийг тогтоож чадаагүй байж болох ч цээжний хөндийд цусан хураа үүссэн нь цээжний хөндийд нэвтэрсэн шархтай байсныг нотолж байна. Иймээс энэ нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлтүүд, мэдүүлгүүд хэрэгт авагдсан. Иймээс эдгээр баримтуудаар П.Тын хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан болох нь тогтоогдсон гэж үзнэ.

Мөн П.Тыг тухайн үед хэрэг хариуцах чадвартай байсан эсэх, сэтгэл санаа нь цочрон давчидсан байсан эсэхийг шалгах ёстой байсан гэдэг. Гэтэл сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан гэдэг нь анагаах шинжлэх ухааны ойлголт биш, хууль зүйн ойлголт тул үүнийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтооно. Мөрдөн шалгах ажиллагаагаар гэрч, хохирогч нарын мэдүүлэг, тухайн үед авагдсан бусад баримтуудаар сэтгэл санаа нь цочрон давчидсан нөхцөл байдал тогтоогдоогүй.

П.Тын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан асуудал нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12262 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд энэ талаар шинжээч эмч Долгормаагаас мэдүүлэг авсан. Тэрээр “...Тын биед учирсан сорви гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, сорви гэмтэл нь яагаад гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах вэ гэвэл арьсны бүрэн бүтэн байдал алдагдан шарх үүссэн үед эдгэрэл нь сорви болж үлддэг. Шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулж эдгэрдэг тул хөнгөн зэрэгт хамаарна. Шарх гэмтэлд хэмжээ хамааралгүй...” гэж мэдүүлсэн нь хэрэгт авагдсан. Шүүгдэгч Б.А-ын “...тэгэхээр нь би яаж байгаа юм бэ гээд зүүн гараараа нүүрэн тус газар нь цохиод, хөлөөрөө жийсэн чинь хойшоо бөгсөөрөө саваад унасан”, хохирогч П.Тын “...2018 оны 5 дугаар сарын 18-ны орой 23 цагийн үед хэрэлдэж байгаад миний нүүрэн тус газар гараа зангидаж байгаад цохисон, тухайн үед хэд цохисныг мэдэхгүй байна. 4-5 удаа цохисон, тэгээд намайг өшиглөөд унагаасан...” гэх мэдүүлгүүд нь хохирогч П.Тын биед хөнгөн гэмтэл учирсан болохыг нотлодог гэж үзэж байна.

Б.А-ын үйлдэл гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй эсэхийг шалгаагүй гэж өмгөөлөгч нар ярьж байгаа боловч түүний үйлдэл нэг удаагийн, тохиолдлын шинжтэй үйлдэл тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй. Тиймээс түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдлуудад заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шүүгдэгч П.Т, Б.А-т холбогдох эрүүгийн 1806044831409 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 24 дүгээр байрны 4 тоотод байрлах гэртээ П.Т, Б.А- нь хоорондоо маргалдсан, улмаар П.Т нь хутгаар нөхөр Б.А-ын цээжний зүүн ар хэсэгт хутгалж “...цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндийд цус хуралт...” гэсэн хүнд гэмтэл санаатай учруулсан, Б.А- нь эхнэр П.Тын нүүрэн тус газар нь цохиж “...уруулд нь сорви үүсгэсэн...” хөнгөн гэмтэл учруулсан болох нь :

 

хохирогч П.Тын: “...2018 оны 5 дугаар сарын 18-нд манай хүүхэд Баатарсүх халуураад ханиад хүрсэн байсан. Нөхөр А 17 цагийн үед ээж, аавындаа орно гээд гарсан. 21 цаг хүртэл хүлээгээд орж ирэхгүй болохоор нь утас руу нь залгахад утсаа авахгүй таслаад, мессеж бичээд хариу байдаггүй. Тэгээд 23 цаг өнгөрөөгөөд гэрт ороод ирэхээр нь “чи хаашаа явчихдаг юм бэ, хүүхэд халуунтай байхад” гэж хэлсэн чинь “чи залгаагүй шүү дээ, би дуудлагыг чинь хараагүй” гэх зэргээр хэг ёог хийгээд бидний хооронд хэрүүл болсон. Би Аыг хуучин эхнэрийн чинь түлхүүр чамд байна гэсэн, гэтэл А чамд хуучин нөхрийн зураг байдаг гэх зэргээр хэрүүл маргаан болсон. Тэгээд хэрэлдэж байгаад гараа зангидаж байгаад нүүрэн тус газар цохисон. Тухайн үед хэд цохисныг нь мэдэхгүй байна. 4-5 удаа цохисон. Тэгээд намайг өшиглөөд унагаасан. ...Би ямар нэг зүйл барьж авах хэрэгтэй юм байна гэж бодоод гал тогооны тавцан дээр байсан хутгыг барьж авсан.Тэгээд А намайг өшиглөсөн шиг санагдаж байна. Тэр үед миний хутгыг авах гэж байна гээд хутганы ирнээс бариад гараа зүссэн шиг санаж байна.Тэр үед манай гэрт 2 хүүхэд л байсан. Аыг орж ирэх үед манай аав Пүрэв тамхи татах гээдл гараад явсан байсан. ...” /1 хх 110-111/,

хохирогч Б.А-ын: “...Би 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 22 цаг өнгөрч байхад өөрийн гэр рүүгээ орсон юм. Тэгэхэд манай эхнэр Т намайг хаагуур яваад байгаа юм бэ гээд хэрүүл хийж эхлэсэн. Тэгээд намайг нэг удаа нүүр лүү цохиод миний шилийг хагалсан. Тэгэхээр нь би нэг удаа түлхсэн. Тэгсэн намайг зодох уу тэй гэж хэлээд гал тогооны тавиур дээр байсан хар өнгийн иштэй хутгаар нуруунд хутгалсан. Тэгэхээр нь би яаж байгаа юм бэ гэж хэлээд эргэтэл миний гар зүсэгдсэн. Мөн нуруу цус болсон байсан. Би тухайн үед хүүхдээ тэвэрсэн байсан болохоор чигээрээ гарах гэтэл Т түрүүлж гараад ааваа гээд дуудсан. Тэр үед манай дүү Чинзориг гарч ирсэн. ...” /1 хх 8/,

гэрч Б.Чинзоригийн: “...Тын хашгираад байсан дуу сонсогдсон. Тэгээд удалгүй Т ааваа, ээжээ аллаа гээд хашгирсан. Тэгэхээр нь би гэрийнхээ хаалгыг онгойлготол манай ах хүүхдээ тэвэрсэн хувцас нь цус болсон байдалтай байсан. Тэгэхээр нь би яаваа гэж асуутал намайг Т хутгалчихлаа гээд зогсож байсан...” /1хх 17/,

гэрч Л.Аптанцэцэгийн: “...Би хүүгээ дагуулан гэртээ орох гээд орцны хаалга нээтэл "эмэгтэй хүн яанаа" гэж хашгирах дуу гарсан. Тэгэхээр нь би 1 давхарын шатаар гараад иртэл А хүүгээ тэвэрсэн нуруу болон зүүн гарнаас нь цус гарсан гэрийн үүдэн дээр зогсоод цаад талд нь П.Т орилоод зогсож байсан...” /1хх 15-16/,

гэрч Б.Пүрэвийн: “...Б.А- хажуу талын ээжийнхээ гэрт ороод ирье гэж хэлээд орсон. Тэгээд А ирэлгүй 2-3 цаг алга болсон. Тухайн үед Аын бага хүү Баатарсүх, Т хоёр ханиад хүрсэн халуураад байна гэж байсан. Тэгээд орой А ороод ирсэн чинь Т “чи хүүхэд халуураад байхад айлд ороод алга болчих” юм гээд уурлаад хэрэлдэж маргалдах шинжтэй болохоор нь би тамхи татах гээд гараад явсан. ...би гүйгээд гэрт нь яваад орох гэтэл орцонд Аын гарнаас нь цус гарсан шалаар их хэмжээний цус асгарсан, нурууны зүүн ар хэсэгт нь зүсэгдсэн юм шиг цус гарсан байдалтай дэргэд нь Чинзориг болон түүний эхнэр, Аптанцэцэг нар хашгиралдаад байж байсан...” /1хх 171-173/,

гэрч Б.Бямбахүүгийн: “...Би 2018 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 00 цаг 30 минутын үед яаралтай түргэн тусламжийн машинаар хүргэгдэн ирсэн Б.А- гэх хүнийг хүлээн авахаар орж ирэх үед биед нь үзлэг хийсэн. Намайг анх үзэхэд Б.А-ын цээжний ар талд 8, 9 дүгээр хавирганы харалдаа суганы арын шугамаар 15 см орчим хатгагдсан гүн шархтай, 2 талын ирмэг нь хурц, уг хатгагдсан шархыг зонд буюу шалгагч багажаар гүнийг нь үзэхэд 15 см орчим 18 цагийн чиглэлд хавж орсон байдалтай байсан. Арьсан доогуур хавж орсон шархтай байсан. Зүүн гарын сарвууны 2, 3, 4 дүгээр хурууны алган талд хурууны 2 дугаар үений харалдаа зүсэгдсэн шархнуудтай байсан. 3 дугаар хурууны гүн зүсэгдсэн шархтай нугалагч шөрмөс бүрэн тасарсан, хаван хавдар өвчин эмзэглэлтэй байсан. Уушиг чагналтаар 2 талдаа цулцангийн амьсгалтай, хүчилтөрөгчийн хангамж 97 хувьтай байсан ба шархнуудад анхдагч цэгцлэлт хийж ариун боолтоор боож сарвуунд гипс тавьж, цус тогтоох, өвчин намдаах эмчилгээ хийгээд цээж, хэвлий гэмтлийн тэс заслын тасгийн жижүүр эмч Мөнхбат үзээд хэвтүүлсэн. ...” /2хх 200-202/,

гэрч Х.Батдэлгэрэхийн: “...Б.А- гэх хүн 2018 оны 5 дугаар сарын 19-ний өдөр гэмтэл согог судлалын гар сарвууны тасагт хэвтэн эмчлүүлж байхад нь 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр үзлэг хийсэн. Намайг анх үзэхэд цээжиндээ хатгагдсан шархтай, уг шарх нь цээжний зүүн талд далны шугамаар 8-9 хавирганы түвшинд 6-7 см гүн доош чиглэлтэй хатгагдсан шархтай. Баруун гарын 2, 3, 4 дүгээр хуруу зүсэгдсэн шархтай амин үзүүлэлтүүд нь хэвийн байсан. Цээжинд үзлэг хийхэд 2 талын цээжний хөндийд сул хий шингэнгүй КТГ хийлгүүлэхээр явуулсан. 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Улсын нэгдсэн 3 дугаар эмнэлгийн КТГ-ын шинжилгээгээр Б.А-ын зүүн талын цээжний хөндийд маш бага хэмжээтэй цусны хольцтой 8+39 нягттай бага хэмжээний шингэнтэй гэсэн байна. Мөн 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр гар сарвууны эмчлэгч эмч нь үзүүлье гэсний дагуу цээжний хөндийн зүүн талд хатгалт хийж үзэхэд 20мл цусархаг хольцтой шингэн соруулж авсан...” /2хх 208-210/,

гэрч Д.Ундармаагийн: “...2018 оны 5 дугаар сарын 19-ний 19:20 цагт Б.А-т хэвлийн хэт авиан шинжилгээ болон цээжний рентген харалт хийсэн. Тухайн үед би Б.А-ын цээжний хөндийг гэрэлд харахад уушиг болон зүрхний талаас гарсан өөрчлөлт тогтоогдоогүй, хэвлийн хэт авиан шинжилгээнд гарсан өөрчлөлт тодорхойлогдоогүй. Би дүрс оношилгооны эмч учир өвчтөний гадна үзлэгийг хийдэггүй бөгөөд анх хүлээн авсан эмч болон эмчлэгч эмч нь гадна үзлэг хийж биеийн байдалд үнэлэлт өгөөд цээжний хөндийд нэвтэрсэн шарх байж болзошгүй үед хэт авианы шинжилгээ болон рентген харалт хийлгэж зүрх болон уушиг дотор эрхтэн гэмтсэн эсэхийг шалгуулдаг. Тухайн үед би Б.А- гэгчийг үзэхэд цээжний хөндий болон хэвлийн хөндийд илэрсэн өөрчлөлт тодорхойлогдоогүй. Рентген харалт шинжилгээгээр уушигны гялтан хальс гэмтсэнийг тогтоох боломжгүй, харин уушиг, зүрх, хавирганууд гэмтсэн эсэх ерөнхийдөө харагддаг. Харин КТГ-ийн шинжилгээ нь 3 талаас нь үзлэг хийж оношилдог учир рентген харалтаас илүү нарийвчлалтай оношилдог болохоор илүү нарийн мэдээлэл өгнө...” /2хх 243/,

гэрч П.Баярсайханы: “...Тухайн үед Бямбахүү эмч 2018 оны 5 дугаар сарын 19-нд шархыг шалгахад 15 см орчим гүн шархтай, 18 цагийн чиглэлд хавж орсон байрлалтай гэж бичсэн байна. 2018 оны 5 дугаар сарын 21-нд Батдэлгэрэх эмч “...цээжний зүүн талд далны шугамаар 8-9-р хавирганы түвшинд 2см өргөн, 6-7 см гүн доош чиглэлд хатгагдсан шархтай...” гэжээ. Рентгенд харахад цээжний хөндийд сул хий шингэн байхгүй гэж бичсэн байна. ...2018.05.24-д Батдэлгэрэх эмч цээжний хөндийд хатгалт хийж, шингэн 20 мл цус соруулж авсан нь цээжний хөндий нэвтэрсэн гэдгийг баталж байна...” /1хх 230-234/ гэх мэдүүлгүүд,

Б.А-ын биед цээжний хөндий нэвтэрсэн хүнд гэмтэл учирсанг тогтоосон Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 800 дугаартай: “Шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 6443 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна. Б.А-ын биед цээжний зүүн ар хэсэгт цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндийд цус хуралт, зүүн сарвууны 2, 3, 4-р хурууны нугалагч шөрмөсийг тасалж гэмтээсэн шарх тогтоогдлоо. Дээрх цээжний зүүн ар хэсгийн цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндийд цус хуралт гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн, зүүн сарвууны 2, 3, 4-р хурууны нугалагч шөрмөсийг тасалж гэмтээсэн шарх гэмтэл нь ир бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх цээжний зүүн ар хэсгийн цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндийд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, зүүн сарвууны 2, 3, 4-р хурууны нугалагч шөрмөсийг тасалж гэмтээсэн шарх нь 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлээс хамаарна. Дээрх цээжний хөндийд нэвтэрсэн шарх нь цээжний зүүн ар доод хэсэгт далны шугамаар 8-9-р хавирганы түвшинд хатгагдаж зүсэгдсэн арьсан доогуур, 6 цагийн чигт, 15 см гүн хавж орсон байна" гэх дүгнэлт /1хх-н 30-32/, гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1281 дугаартай: “2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн №800 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Б.А-ын биед цээжний зүүн ар хэсэгт цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндийд цус хуралт гэмтэл нь цээжний хөндийн томограммын шинжилгээ /2018.05.21/, ГССҮТ-ийн 05885 тоот өвчний түүхийн 2018.05.24-ний зүүн плеврийн хөндийд хатгалт хийж шингэн цус соруулж авсан зэрэг оношилгоо, эмчилгээнээс батлагдаж байна. Ийм гэмтэл учирсан үед цээжээр өвдөх, шархнаас цус гоожих, цус алдах, амьсгал авах гаргахад зовиурлах зэрэг шинжүүд илэрч болно. Б.А-т учирсан гэмтлүүдэд шингэн сэлбэх, үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах, шарханд анхдагч цэгцлэлт хийх, цээжний зүүн хөндийд хатгалт хийх, зүүн гарын нугалагч шөрмөс залгах мэс засал зэрэг эмчилгээнүүд хийсэн байна. Б.А-ын биед цээжний зүүн ар хэсэгт цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндийд цус хуралт, зүүн сарвууны 2, 3, 4 дүгээр хурууны нугалагч шөрмөсийг тасалж гэмтээсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Цээжний зүүн ар хэсгийн цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндийд цус хуралт гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн, зүүн сарвууны 2, 3, 4 дүгээр хурууны нугалагч шөрмөсийг тасалж гэмтээсэн шарх гэмтэл нь иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цээжний зүүн хөндийд нэвтэрсэн шарх, цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, зүүн сарвууны 2, 3, 4 дүгээр хурууны нугалагч шөрмөсийг тасалж гэмтээсэн шарх нь 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” /1хх 204, 205/, таван шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1168 дугаартай “...Шинжээч эмч Ц.Ганболд, Б.Ариунзул, Ө.Сарангэрэл нарын 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 1281 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Б.А-ын биед цээжний зүүн гар хэсэгт цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийн цусан хураа гэмтэл учирсан нь цээжний хөндийн томограммын шинжилгээ (2018.05.21), ГССҮТ-ийн 05885 тоот өвчний түүхийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр зүүн плеврийн хөндийд хатгалт хийж цус соруулж авснаар нотлогдож байх ба цээжний хөндийд цусан хураа үүссэн нь цээжний хөндийд нэвтэрсэн шарх үүссэнийг нотлох шинж юм. Цээжний хөндийд цусан хураа үүссэн тохиолдолд нэвтэрсэн шарх гэж үзнэ. Цээжний хөндийд цусан хураа үүссэн нь цээжний хөндийд нэвтэрсэн шарх байсныг нотолж байна. Уушгийг хатгаж гэмтээгээгүй тохиолдолд цээжний хөндийд хий хураахгүй байж болно. Б.А-ын зүүн преврийн хөндийд цусан хураа үүссэн байх тул 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр зүүн превийн хөндийд хатгалт хийж 20 мл шингэн цус соруулж авсан байна. Арьс булчинд хавсан, цээжний хөндийд нэвтрээгүй шархны үед цээжний хөндийд цусан хураа үүсэхгүй. Анх шархыг шалгах үед цээжний хөндийд нэвтэрснийг оношилж чадаагүй байж болох ч цээжний хөндийд цусан хураа үүссэн нь цээжний хөндийд нэвтэрсэн шархтай байсныг нотолж байна. Иймд шинжээч эмч Ц.Ганболд, Б.Ариунзул, Ө.Сарангэрэл нарын 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 1281 дугаартай дүгнэлтэнд “Дээрх цээжний зүүн ар хэсгийг цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндийд цус хуралт гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн үндэслэлтэй байна. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлтүүд /2хх 226/,

Б.А-ын биед учирсан гэмтлийг хүнд гэмтэл гэсэн дүгнэлт гаргасан гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1281 дугаартай шинжээчийн дүгнэлтийн бүрэлдэхүүнд оролцсон шинжээч Ц.Ганболд /тэргүүлэх зэргийн шинжээч эмч, мэргэжлээрээ 19 дэх жилдээ ажиллаж байгаа/-ын: “...15см хавж орсон учир зүрх уушгийг заавал гэмтээхгүй байж болно. Ихэнх шархны сувагны ихэнх хэсэг нь цээжний хөндийд ороогүй, бага хэсэг нь цээжний хөндий рүү нэвтэрсэн учир дотор эрхтэнг бага гэмтээсэн байж болно. Иймд гэмтэл учирсан үед цээжээр өвдөх шархнаас цус гоожих цус алдах амьсгал авах, гарахад зовиурлах зэрэг шинжүүд илэрч болно. ...Б.А- ццэжний зүүн хөндий рүү нэвтэрсэн шархтай байсан. 2018.05.21-ний цээжний рентген, КТГ-ийн зургуудад цээжний зүүн талд шингэн цустай, Батдэлгэрэх эмчийн цээжний хөндийд хатгалт хийхэд цус гарсан зэргээр батлагдаж байна. ...” /1хх 227-229, 2хх 221/,

таван шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1168 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргахад оролцсон шинжээч Ж.Ганцэнгэл /ахлах зэргийн шинжээч эмч, мэргэжлээрээ 20 жил ажиллаж байгаа/-ийн: “...Б.А-ын биед цээжний зүүн ар хэсэгт цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийд цусан хураа гэмтэл нь 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн цээжний хөндийн компьютер томограммын шинжилгээ, ГССҮТ-ийн 05885 дугаартай өвчний түүхийн 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр зүүн плеврийн хөндийд хатгалт хийж цус соруулан авснаар тогтоогдож байх бөгөөд цээжний хөндийд цусан хураа үүссэн нь цээжний нэвтэрсэн болохыг нотолж байна. Цээжний хөндийд нэвтэрсэн шарх үүссэн үед цээжний хөндийд цусан хураа үүснэ. Б.А-ын зүүн плеврийн хөндийд цусан хураа үүссэн байсан тул 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр плеврийн хөндийд хатгалт хийж 20 мл соруулж авсан байна...” /2хх 238/, шинжээч Л.Амгалан /АУ-ны доктор, хүний гавъяат эмч/-ын: “...ГССҮТ-ийн дүрс оношилгооны эмч 2019 оны 5 дугаар сарын 19-нд цээжийг гэрэлд харахад хий шингэнгүй байна гэсэн байна. 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн цээжний зурагт онц өөрчлөлт байхгүй байсан. 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр цээжний КТГ-ийн шинжилгээгээр арын хана хаалттай байсан. Үүнийг цээжний хөндийд хатгалт хийж шалгаж үзэх ёстой. Хатгахад 20 грамм орчим цус гарсан байгаа нь цээжний хөндийд нэвтэрсэн шархтайг нь тогтоож байна...” /2хх 241/ гэх мэдүүлгүүд,

П.Тын биед хөнгөн гэмтэл учирсанг тогтоосон Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 12262 дугаартай: “...П.Тын биед уруулд сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт /1хх 121/,

П.Тын биед хөнгөн гэмтэл учирсанг тогтоосон шинжээч эмч Б.Долгормаагийн: “...П.Тын биед учирсан сорви гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Сорви гэмтэл нь яагаад гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах вэ? гэвэл арьсны бүрэн бүтэн байдал алдагдан шарх үүссэн үед эдгэрэл нь сорви болж үлддэг. Шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулж эдгэрдэг тул хөнгөн зэрэгт хамаарна. Шарх гэмтэлд хэмжээ хамааралгүй, дээрх гэмтэл үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй...” /1хх 207/ гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 24 дүгээр байрны 4 тоотод байрлах гэртээ П.Т, Б.А- нь гэр бүлийн асуудлаас шалтгаалан хоорондоо маргалдсан, улмаар

П.Тын хутгаар нөхөр Б.А-ын цээжний зүүн ар хэсэгт хутгалж хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “...Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чАтай зүйл хэрэглэсэн;” гэсэн шинжийг,

Б.А-ын эхнэр П.Тын нүүрэн тус газар нь цохиж “...уруулд нь сорви үүсгэсэн...” хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан..” гэсэн шинжийг тус тус агуулсан байна. 

Иймд анхан шатны шүүхийн  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар”-д заасан “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэснээр хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй,  хэргийн үйл баримтыг тогтоосон дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр уун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял...” шийтгэхээс шүүгдэгч Б.А-т торгох ялыг сонгож, 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулсан нь,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “...таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял...” шийтгэхээс 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чА, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэх болсон нөхцөл байдал, шалтгаан болон тэдний анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэрэгт тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чА, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Эрүүгийн хуулийн шудрага ёсны зарчимд нийцсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Шүүгдэгч П.Тын хохирогч Б.А-ын эрүүл мэндэд хутгаар учруулсан “...цээжний зүүн ар хэсгийг цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндийд цус хуралт гэмтэл...” нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар хүнд гэмтэл болох нь 3 удаагийн шинжээчийн дүгнэлт, уг гэмтлийг яагаад хүнд гэмтэл гэж үзэх талаар шинжээчийн дүгнэлтээ тодруулан мэдүүлсэн шинжээч нарын мэдүүлгээр нотлогдсон тул тус шинжээчийн дүгнэлтүүдийг эргэлзээтэй, бодит байдалд нийцээгүй дүгнэлт гэж үзэх үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хохирогч Б.А-ын биед хүндэвтэр гэмтэл учирсан гэж тогтоосон хамгийн анхны буюу шинжээч эмч Б.Нандинцэцэгийн гаргасан 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 6463 дугаартай: “Б.А-ын биед зүүн сарвууны 3-р хурууны нугалагч шөрмөсний бүрэн тасрал, зүүн сарвууны 2,3,4-р хурууны зүсэгдсэн шарх, цээжний зүүн хажуу талд гүн хатгагдаж, зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагид нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлт /1хх 25/-ийг үндэслэлгүй болохыг Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 800 дугаартай: “Шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 6443 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна. ...” /1хх-н 30-32/ гэсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон ба тус 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 800 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй болохыг дараагийн 2 удаагийн шинжээчийн дүгнэлтээр шинжээч нар дүгнэсэн болно.

Хохирогч П.Тын нүүрэн тус газар цохисон болохоо шүүгдэгч Б.А- үгүйсгэдэггүй бөгөөд Б.А- хохирогчоор “...Тэгэхээр нь би яаж байгаа юм бэ? гээд зүүн гараараа нүүрэн тус газар нь цохиод, хөлөөрөө жийсэн чинь хойшоо бөгсөөрөө суугаад унасан...” /1хх 11/ гэж мэдүүлж байсан төдийгүй П.Т нь тухайн үйл явдал болсны маргааш нь буюу 2018 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлэхэд “...зодуулсан. Дээд уруул хавдсан...“ /хх 124/ байсан байна. Мэргэжлийн шинжээч эмч тус Гэмтэл согог судлалын үндэсний төвийн үзлэг болон  П.Тын биед бодит үзлэг хийж Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 12262 дугаартай: “...П.Тын биед уруулд сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн шинжээчийн дүгнэлтийг гаргасан. Түүнчлэн шинжээчийн  “...П.Тын биед уруулд сорви гэмтэл тогтоогдлоо. ...” гэсэн дүгнэлтийг гаргахдаа үзлэг хийсэн “...Дээд уруулын зүүн хэсэгт 1х0,1см цагаан өнгийн дээд хэсэгтээ үл ялиг хонхогор, доод хэсэгтээ бага зэрэг овгор, хатуувтар сорвитой...” гэсэн нь 2018 оны 5 дугаар сарын 19-ний гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн үзлэгт бичигдсэн “...Дээд уруул хавдсан...” гэсэнтэй байрлалын хувьд тохирч байна. Иймд 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Б.А-ын П.Тын нүүрэнд цохисон үйлдлийн улмаас П.Тын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй.

Б.А-, П.Т нар нь гэр бүлийн асуудлаас шалтгаантайгаар хоорондоо маргалдсан, маргааныхаа улмаас хэн алиныхаа бие рүү хүч хэрэглэн халдсан үйл явдал хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон тул тэдний үйлдэлд гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал байхгүй байна гэж шүүх дүгнэлээ.

П.Тын насанд хүрээгүй хүүхэд Ж.Оюундарь, Б.А-, П.Т нарын насанд хүрээгүй хүүхэд А.Баатарсүх нарын асрамжийн талаархи асуудлыг Гэр бүлийн тухай хуульд зааснаар шийдвэрлэх бүрэн боломжтой учир анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч П.Тын “...Б.А-ын биед хүнд гэмтэл учруулаагүй...”, шүүгдэгч П.Тын өмгөөлөгч Б.Ганболдын “...хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай...”, шүүгдэгч Б.А-ын өмгөөлөгч Д.Энхтунгалагийн “...Б.А- П.Тд гэмтэл учруулсан нь нотлох баримтаар хангалттай тогтоогдоогүй...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/03 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Т, түүний өмгөөлөгч Б.Ганболд, шүүгдэгч Б.А-ын өмгөөлөгч Д.Энхтунгалаг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   О.ЧУЛУУНЦЭЦЭГ

              ШҮҮГЧ                                                          Б.ЗОРИГ

              ШҮҮГЧ                                                          Д.ОЧМАНДАХ