| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Осордэлэгийн Жанчивнямбуу |
| Хэргийн индекс | 95/2025/1231/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1426 |
| Огноо | 2025-05-29 |
| Зүйл хэсэг | 18.3.1., |
| Улсын яллагч | Б.Очгэрэл |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1426
2025 5 29 2025/ШЦТ/1426
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж
хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам хөтлөн
улсын яллагч Б.Очгэрэл
шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Д.Амаржаргал
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай, 1 хавтас хэргийг 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: ***
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:
Шүүгдэгч *** нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “***” ХХК-ийн удирдах албан тушаалтан буюу гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа их хэмжээний татварын өрийг нуух, татвар телөхөөс зайлсхийх зорилгоор 2021 оны 2 дугаар сараас 2023 оны 5 дугаар сар хүртэлх татварын тайлант хугацаанд “***” ХХК- иас 22 ширхэг падаанаар 524,038,363.64 (таван зуун хорин дөрвөн сая, гучин найман мянга, гурван зуун жаран гурван төгрөг, жаран дөрвөн мөнгө)-ийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр зориуд худал тодорхойлон, хий бичилтийг бусдаар хийлгэн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 52,403,836.36 (тавин хоёр сая, дөрвөн зуун гурван мянга, найман зуун гучин зургаан төгрөг, гучин зургаан мөнгө)-өөр бууруулсан “татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
Мөрдөн байцаалтын шатанд би бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Манай компанийн үйл ажиллагаа одооноос жигдэрч байгаа. Тийм болохоор татварын өрийг 1 жилийн хугацаанд төлөхөө илэрхийлж Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст хүсэлт гаргасан. Ямар ч байсан татварын өр төлбөрийг даруй хугацаанд төлж барагдуулах болно гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** “... “***” ХХК нь манай Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст харьяалагддаг бөгөөд 2022 оны 2 дугаар сараас 2023 оны 5 дугаар сарын хооронд татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор “***” ХХК-иас 22 ширхэг падаанаар 524,038,363.64 төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгө, бараа, ажил үйлчилгээг худалдан авсан мэтээр Татварын ерөнхий газрын цахим системд хуурамч тайлан илгээж нийт 52,403,836.36 төгрөгөөр татвараа бууруулан, татвар төлөхөөс зайлсхийсэн байна” /хх-н 14-15/ гэж,
гэрч *** “... би Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагчаар ажилладаг юм. Ингээд манай дүүргийн татварын хэлтэст бүртгэлтэй 6159516 тоот дугаартай “***” ХХК-ийн 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацааны албан татвар ногдуулалт төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамжийн дагуу ТЕГ-н 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 3423501744 тоот томилолтоор тус байгууллагын хяналт шалгалтын үйл ажиллагааг татварын албаны мэдээллийн баазад тулгуурлан цахим хяналт шалгалт хийсэн. Тус байгууллагын хяналт шалгалтыг хийхэд “Бүрэн хангайн нуруу” ХХК-ийн барилгын засвар хийх, барилгын материалын худалдаа эрхэлдэггүй, импортоор ямар нэгэн худалдаа авалт хийгээгүй, аливаа бараа материал үйлдвэрлээгүй байна. Тус байгууллагад үл хөдлөх хөрөнгө, авто тээврийн хэрэгсэл байхгүй, 2019-2022 онуудад НӨАТ ноогдох бодит үйл ажиллагаа явуулж НӨАТ ноогдох борлуулалтын орлого олсон эсэхийг тодорхойлох боломжгүй байсан. Тухайн байгууллага 2020-2022 онуудад 14.088.052.755.36 төгрөгийн үнийн дүн бүхий НӨАТ-н борлуулалтын хий бичилттэй падаан үйлдэж хавсралтад дурдсан 63 аж ахуй нэгжийн улсын төсөвт төлөх татварыг 1.408.805.275.64 буруулсан байж болзошгүй нөхцөл байдал үүссэн гэж үзээд цагдаагийн байгууллагад шалгуулахаар өгсөн” /хх-н 18-20/ гэж,
*** *** дугаартай хэрэгт сэжигтнээр “... тэгээд сүүлдээ нөгөө компаниуддаа бараа материал өгөлгүйгээр падаан бичиж өгөөд, бичсэн бараан материалуудын үнийн дүнгийн 10 хувийн 2 хувь болох мөнгийг нь би өөрөө авдаг байсан юм. Би зарим гэрээ хийсэн компаниуд болон тухайн компанид ямар бараа материал хэдэн төгрөгөөр өгсөн талаарх зарим баримтуудыг хэрэгт хавсаргахаар өгнө. Тэгэхдээ зарим компаниудтай гэрээ огт хийлгүйгээр падаан бичиж өгөөд мөнгө авдаг байсан” /хх-н 157-158/ гэж тус тус мэдүүлсэн байна.
Мөн Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын санхүүгийн шинжээч чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Ц.Энхмаагийн 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 47250017 дугаартай мөрдөгчийн магадалгаа /хх-н 26-47/ хэрэгт авагджээ.
Эдийн засгийн гэмт хэргийн бүлэгт хамаарах “Татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэргийн диспозицыг “Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан бол …” гэж Эрүүгийн хуульд тодорхойлсон бөгөөд дараах нөхцөл байдал хангагдсан тохиолдолд гэмт хэргийн шинжтэй гэж үзнэ.
Үүнд: Татвар төлөгчид татвар төлөх үүрэг үүссэн ба төлөх татвар нь эрх бүхий байгууллагаар баталгаажсан; татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор залилах болон бусад хууль бус арга хэрэглэж татварын байгууллагын татвар ногдуулах, татвар хураах эрхэд халдсан; татварын хэмжээг бууруулсан үр дагавар үүссэн; үйлдэл, үр дагаврын хооронд шалтгаанд холбоо тогтоогдсон; гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байх.
Түүнчлэн татвар төлөхөөс зайлсхийх гэдэг нь татвар төлөгч татварын төлөвлөлт, хуулийн аятай боломжуудыг ашиглан, хууль зөрчихгүйгээр буюу хуульд заасан арга хэрэгслээр хамгийн бага татвар төлөхийг эрмэлзэх үйдэл байдаг.
Нөгөөтээгүүр “хууль бус буцаан авалт” хийх, “хууль бус хасалт” хийх, “татвар бууруулах” гэсэн арга хэрэгслээр илрэх ба “Татвар бууруулах” гэдэг нь татварын хуулиар тогтоосон хүрээнээс сонгож болох олон аргаас татварын дарамт хамгийн бага байх аргачлалыг сонгосноор төлбөл зохих татварын дарамтыг багасгадаг.
Татвар төлөгчийн татварын дарамтыг багасгах гэсэн зорилгыг шууд буруутгах аргагүй боловч хуулиар тогтоосон хязгаарыг давж, хэвийн бус аргыг сонгосон нь татвар төлөхөөс зайлсхийсэн гэм буруугийн санаатай үйлдэл болно.
Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд
шүүгдэгч ***ийг хуулийн этгээдийн гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогыг зориуд худал тодорхойлсон “Татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.350.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч *** эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчмыг баримтлахын зэрэгцээ шүүгдэгчийн хувийн байдал /үүнд: анх удаа гэмт хэрэг үйлдсэн/, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөр төлж барагдуулахаа илэрхийлж байгаа зэргийг харгалзав.
Шүүгдэгч ***ийн хувийн байдалтай холбоотой:
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 148/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 150/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-н 152/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-н 151/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-н 156/, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-н 153/, авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-н 154/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.
Хохирол төлбөрийн тухайд:
Шүүгдэгч *** буюу “***” ХХК-иас Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст хандаж “... нэг жил болох 12 сарын хугацаанд татварын 52,403,836.36 төгрөгийг төлж барагдуулах тухай” хүсэлт гаргасан байна.
Дээрх хүсэлттэй холбогдуулж Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс “... өр төлөх хугацааг хойшлуулах, хугацааны хөнгөлөлтөд хамрагдахгүй ...” гэсэн агуулга бүхий хариуг тухайн аж ахуйн нэгжид хүргүүлжээ.
Гэвч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа нь гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх үндэслэл болохыг дурдаад шүүгдэгч ***оос 52,403,836.36 /тавин хоёр сая, дөрвөн зуун гурван мянга, найман зуун гучин зургаан төгрөг, гучин зургаан мөнгө/ төгрөг гаргуулж Татварын ерөнхий газарт олгох нь зүйтэй.
Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ***ийг хуулийн этгээдийн гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогыг зориуд худал тодорхойлсон “Татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийг нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч *** шүүхээс оногдуулсан 1.350.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч ***оос 52,403,836.36 /тавин хоёр сая, дөрвөн зуун гурван мянга, найман зуун гучин зургаан төгрөг, гучин зургаан мөнгө/ гаргуулж Татварын Ерөнхий газарт олгосугай.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***ид урьд авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЖАНЧИВНЯМБУУ