Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/180

 

 

      Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

      Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.М,

      Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-,

      Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А-,

      Шүүгдэгч А.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

      Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгг зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.А-т холбогдох эрүүгийн 2513000000227 дугаар хэргийг 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

     Шүүгдэгчийн биеийн байцаалт:

     Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ...-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын .. дугаар /Жана ауыл/ баг, ... дугаар гудамжны ... тоотод оршин суудаг, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Ж.х овогт А-ын А-, регистрийн дугаар: /РДБЮ.........../.

 

     Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.А- нь 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн өглөө 11 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар /Жана ауыл/ багийн нутаг дэвсгэрт хохирогч Я.М-ыг зодож, түүний эрүүл мэндэд нь хамрын таславчийн муруйлт, дээд уруулын оёдолтой шарх гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг: Гэм буруугийн талаар:

            1. Прокуророос шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч А.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай саналыг шүүхэд гаргаж байна.” гэв.

            2. Шүүгдэгчээс шүүх хуралдаанд: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

            3. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд: “Шүүгдэгч А.А-йн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон, гэм буруу дээр маргаангүй байгаа. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчид болон эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг төлж барагдуулсан. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж, торгуулийн ялаар тохирсон. Уг саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү” гэв.

            4. Шүүгдэгч А.А- нь 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн өглөө 11 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар /Жана ауыл/ багийн нутаг дэвсгэрт хохирогч Я.М-ыг зодож, түүний эрүүл мэндэд нь хамрын таславчийн муруйлт, дээд уруулын оёдолтой шарх гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь иргэн Я.М-аас 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээж авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/, хохирогч Я.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 07-08 дахь тал/, хохирогч Я.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дахь тал/, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн нэхэмжпэл гаргах тухай албан тоот, түүний хавсралт /хавтаст хэргийн 43-44 дэх тал/, Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч цолтой Х.Е-ын 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 445 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 09-10 дахь тал/, шүүгдэгч А.А-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 19 дэх тал/, шүүгдэгч А.А-ийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 20 дахь тал/, шүүгдэгч А.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

            5. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

            6. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

            7. Шүүгдэгч А.А- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            8. Хохирогч Я.М- нь “...надад гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул  түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

9. Прокурорын санал болгож, шүүгдэгч А.А-ийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

10. Иймд шүүгдэгч А.А-т Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-т оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /таван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

12. Шүүгдэгч А.А- нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж байна.

13. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч А.А- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг дурдаж байна. 

14. Шүүгдэгч А.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:     

 

1. Шүүгдэгч Ж.х овогт А-ын А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-т оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /таван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Шүүгдэгч А.А- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүгдэгч А.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        А.ДАУРЕНБЕК