2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1355

 

 

   

 

 

 

 

  

                     

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг

Улсын яллагч Л.Төгсжаргал

Шүүгдэгч Б.Н********* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд хаалттай явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********* овогт ********* ********* холбогдох эрүүгийн “2406076560272” дугаар 1 хавтас хэргийг 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 19**  оны 6 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “*********” хотхоны галчаар ажилладаг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамтаар Сүхбаатар дүүргийн ********* тоотод оршин суух хаягтай, урьд

            Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ********* дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж,

            ********* овогт ********* /РД:*********/.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч ********* нь 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Toyota Aqua маркийн тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байхдаа хохирогч ********* цүнхтэй эд зүйлээ орхиж буусныг мэдсээр байж авч явсан, цүнхэнд байсан 900.000 төгрөгийг хувийн хэрэгцээндээ зарцуулж, бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 999.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.            

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ********* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Тухайн өдөр такси үйлчилгээнд явж байхдаа хохирогчийг эд зүйлээ миний машинд үлдээснийг мэдсэн. Үлдээсэн эд зүйлийг авч явсан нь миний буруу. Буцаагаад өгье гэж бодож байсан боловч тухайн өдөр өөр ажилтай яарч байсан тул буцааж өгч чадаагүй. Хохирогчид хохирол төлбөрт 300.000 төгрөг нөхөн төлсөн.” гэжээ.

Мөн мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаас гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4-5 дугаар тал/, хохирогч ********* мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар тал/, “Дамно” ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №БЗД2-25-88 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 18-21 дүгээр тал/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-25 дугар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч ********* нь 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Toyota Aqua маркийн тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байхдаа хохирогч ********* цүнхтэй эд зүйлээ орхиж буусныг мэдсээр байж авч явсан, цүнхэнд байсан 900.000 төгрөгийг хувийн хэрэгцээндээ зарцуулж, бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 999.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4-5 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ********* өгсөн: “Би ********* дугаар буудалд ахтайгаа хамт машин засдаг ажил хийдэг. 2024 оны 10 дугаар сарын 8-ны өдөр миний цалин буугаад 700.000 төгрөгөөр Нарантуулаас хувцас, гар утас аваад 16 цагийн үед далай хүү үйлчилгээний төвийн Хаан банкны салбараас цалингийн үлдсэн мөнгө болох 1.000.000 төгрөгийг авах гээд хаан банканд очерлож байхдаа 22-23 орчим насны нэг залуутай танилцсан. Тэгээд би мөнгө авсны дараа тэр залууд “би чиний машины банкийг дүүргэж өгье чи ахдаа нэг гайгүй зочид буудал олоод өгөөч” гэсэн. Дараа нь тэр залуугийн шар өнгийн Toyota Aqua машинд хамт архи уудаг хоёр танил дүүтэйгээ суугаад ********* хуучин эцсийн буудлын баруун талд байдаг “*********” гэх буудалд орсон. Орсны дараа буудлын хүнтэй ярилцаж байхад машины жолооч гараад яваад өгсөн. Тэгээд манай хоёр дүүгийн нэг нь надад “ах та цүнхээ аваагүй юм биш үү” гэхээр нь би жолооч залуугийн араас гүйж гарахад тэр явсан байсан. Цүнх нь дотор Нарантуул захаас өчигдөр авсан шинэ хувцаснууд, гар утас байсан ба 900.000 төгрөг байсан.

Би тухайн үед архи уучихсан байсан бөгөөд тухайн таксины банкийг нь бензинээр дүүргэж өгөөд үлдсэн мөнгөөр нь би архи болон бусад эд зүйлс авсан байснаа мартаад өмнөх мэдүүлэг дээрээ 900.000 төгрөг байсан гэж мэдүүлэг өгсөн байсан юм. Миний таксинд үлдээдэг цүнх нь дотор ажлын хувцас болон бэлэн 700.000 төгрөг байсан. Мөн буцаагаад гар утас цүнхэ авчихсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар тал/,

“Дамно” ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №БЗД2-25-88 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 18-21 дүгээр тал/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн: “... бичлэгийг эхлүүлэхэд 55 секунтын урттай байх ба Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ********* төвийн гадна талбай хэсэг харагдаж байна. Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд улбар шар өнгийн Toyota Aqua маркийн тээврийн хэрэгсэл ********* төвийн гадна талбай хэсэг харагдаж байна. Үзлэгийг цааш үргэлжлүүлж бичлэгийг эхлүүлэхэд 55 секундын урттай байх ба ... тээврийн хэрэгслээс хар өнгийн хувцастай дотроо улбар шар өнгийн цамцтай болон саарал өнгийн гадуур хүрэмтэй үл таних эрэгтэй хүн бууж ирээд малгайтай хар өнгийн хувцастай дотуураа улбар шар өнгийн цамцтай үл таних эрэгтэй тухайн онгорхой байгаа арвай төвийн үүд рүү тал биеэрээ ороод зогсож байгаа харагдана.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-25 дугар тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

        Улсын яллагч “Шүүгдэгч ********* нь 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Toyota Aqua маркийн тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байхдаа хохирогч ********* цүнхтэй эд зүйлээ орхиж буусныг мэдсээр байж авч явсан, цүнхэнд байсан 900.000 төгрөгийг хувийн хэрэгцээндээ зарцуулж, бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 999.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйчлэлийн талаар маргаагүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мун хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэм хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

“Гээгдэл эд хөрөнгө” гэж өмчлөгч, эзэмшигчийн эзэмшлээс хүсэл зоригоос гадуур алдагдсан ба хэн нэгэн илрүүлж олсон аливаа этгээдийн эзэмшилд байгаа эд юмсыг (эд хөрөнгө) хэлдэг.

“Завших” гэж алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшил байгаа, өөрийн эд хөрөнгө биш гэдгийг мэдсээр байж өөрийн өмчлөл эзэмшилд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг ойлгоно.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгоно гэж заасан бөгөөд шүүгдэгч ********* нь хохирогч ********* гээгдүүлсэн зүйлсийг олж аван 999.000 төгрөг авч бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан.

Шүүгдэгч нь тус гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд нь хор уршиг зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч ********* гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ********* нь хохирол төлбөрт 999.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч ********* нь 300.000 төгрөг нөхөн төлсөн. Иймд шүүгдэгч *********700.000 төгрөгийг гаргуулж хохирогч ********* олгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Улсын яллагчийн зүгээс: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэх саналыг гаргасан бол шүүгдэгчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт  хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасан бөгөөд шүүгдэгч ********* шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж хуульчилжээ.

   Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 47 дугаар тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 48 дугаар тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 49 дүгээр тал/, нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хх-ийн 50 дугаар тал/,  нийгмийн халамж, дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүний тодорхойлолт /хх-ийн 51 дүгээр тал/, эрүүл мэндийн даатгал төлөлтийн талаарх лавлагаа /хх-ийн 52-55 дугаар тал/,  үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 56 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Энэ хэрэгт тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг баримтаар нөхөн төлсөн, төлөхөө илэрхийлсэн зэргийг Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

Шүүх шүүгдэгч ********* эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

            Шүүхээс шүүгдэгч ********* ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч ********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

            Бусад асуудлаар:

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч ********* нь өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг тэмдэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ********* овогт ********* “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* 450 /дөрвөн зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэг зааснаар шүүгдэгч ********* оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч ********* оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ********* 700.000 төгрөгийг гаргуулж хохирогч *********д олгосугай.*

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалсугай.

7. Шүүгдэгч ********* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ********* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч ********* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Э.ЧИНГИС