| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алагаагийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 101/2017/01935/и |
| Дугаар | 101/ШШ2017/02073 |
| Огноо | 2017-06-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 101/ШШ2017/02073
2017 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 101/ШШ2017/02073
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг 0-р хороолол 0 байр0 тоотод байрлах Д.Д ХХК-ний захирал Х.О /РД:000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг 0-р хороо Golden Vill хотхон 0 тоотод оршин суух Б овогт Ж. Э /РД:00/-д холбогдох,
Барьцаат зээлийн гэрээний төлбөрт 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.З, хариуцагч Ж., хариуцагчийн өмгөөлөгч З.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.О нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ж.Э 5,000,000 төгрөг нэхэмжилсэн боловч хариуцагч тайлбартаа мөнгийг төлсөн гэх утга бүхий тайлбар өгсөн байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна.
Ж.Э уг мөнгийг авахдаа сарын 8 хувийн хүүтэй авсан. Д д ХХК-ийг байгуулан барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулж байсан. Ж.Э манай барьцаалан зээлдүүлэх газраас 4,300,000 төгрөгийг авч өнөөдрийг хүртэл төлөөгүй манай компанийг хохироож байна.
Иймд миний бие нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн Д д ХХК-ний барьцаалан зээлдүүлэх газраас барьцаат зээлийн гэрээний дагуу зээлсэн үндсэн төлбөр 4,300,000 төгрөг хүү 700,000 төгрөг нийт 5,000,000 төгрөгийг хариуцагч Ж.Э гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргаж байна гэв.
Хариуцагч Ж.Э нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Х.О 2015 онд дансаар 1 сая , 2 сая, Б нэр дээр 500,000 төгрөг, Нөүтбок барьцаалан 120,000 төгрөг хөөрөг барьцаалан 500,000 төгрөг авсан. Уг мөнгөнүүдийг Хаан болон Голомт банкны дансаар буцаан төлсөн.
Бид хоёр итгэлцэлийн үндсэн дээр нийт 4,300,000 төгрөг зээлсэн. Бид зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй. О над руу шилжүүлсэн мөнгөнүүд түүний хувийн дансаар над руу шилжиж орсон. Д д компаниас би мөнгө зээлээгүй.
Х.О гэдэг хувь хүнээс зээлсэн. Хүү авах эрхгүй учраас барьцаалан зээлдүүлэх газраас авсан мөнгө мэтээр материал бүрдүүлж байгаа нь үндэслэлгүй. Би хүү 700,000 төгрөгийг зөвшөөрөхгүй бид бичгийн зээлийн гэрээ хийгээгүй.
Х.О Хаан банкны дансаар 2,553,000 төгрөг, Голомт банкны дансаар 800,000 төгрөг нийт 3,353,000 төгрөг төлсөн.
Хөөрөг, нөтбүүк барьцаанд тавьсан төлбөрөө төлөхгүй нөхцөлд барьцааны зүйлийг худалдан борлуулаад шаардлагаа хангуулдаг болохоор 620,000 төгрөг барьцаанд тавьсан зүйлээр хангагдана гэж үзэж байна. Одоо миний төлөх ёстой мөнгө нь 327,000 төгрөгийг төлнө гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д д ХХК нь хариуцагч Ж.Э үндсэн зээл 4,300,000 төгрөг , хүү 700,000 төгрөг, нийт 5,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Ж. Э нь нэхэмжлэгч Х.Отгончимэгийн хувийн дансаар 4,300,000 төгрөгийг цувуулан авч буцаан төлсөн. Одоо төлбөрийн үлдэгдэл 327,000 төгрөгийг төлөх ёстой гэж маргасан.
Нэхэмжлэгч Д д ХХК-ний захирал Х.О нь манай барьцаалан зээлдүүлэх газраас хариуцагч Ж.Э нь 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 2,000,000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 500,000 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 21-ны өдөр 180,000 төгрөг, нийт 4,300,000 төгрөгийг 8 хувийн хүүтэйгээр зээлсэн гэжээ.
Зохигчдын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 2,000,000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 2,000,000 төгрөг нийт 4,000,000 төгрөгийг Х.О Голомт банкны 2720000832 тоот данснаас Ж.Э шилжүүлсэн бөгөөд хариуцагч Ж.Э нь нийт 4,300,000 төгрөг зээлсэнд маргаагүй болно.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн боловч мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д ..зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. гэж зааснаар нэхэмжлэгчид хүү шаардах эрх үүсээгүй байна.
Д д ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулдаг болох нь Улсын бүртгэлийн гэрчилгээ, Баянзүрх дүүрэгт худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх гэрээгээр тогтоогдож байна.
Хариуцагч Ж.Э нь Хаан банкны 000 тоот дансаар нэхэмжлэгч Х.Отгончимэгийн 000 тоот дансанд 2,593,000 төгрөг, Голомт банкны 000 дансанд 800,000 төгрөг, нийт 3,393,000 төгрөг шилжүүлэн тус тус төлжээ.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг барьцаалан зээлдүүлэх журмаар 8 хувийн хүүтэйгээр зээлсэн гэх боловч нэхэмжлэгчид Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээг 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаатайгаар явуулах эрх олгогдож байсан байна.
Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.5-д ...барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заажээ.
Хариуцагч нь Иргэний хуулийн 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр нөтбүүк барьцаалан өөрөө гарын үсэг зурж 120,000 төгрөг зээлсэн болох нь барьцаат зээлийн гэрээ А/137 тоот баримтаар нотлогдож байх тул хүү тооцох үндэслэлтэй гэж үзэж 10 сар 6 хоногийн хүү 97,920 төгрөг гаргуулах нь зүйтэй гэж үзэв.
Харин 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 2,000,000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 2,000,000 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 180,000 төгрөгийн зээл олголтонд хүү тооцох үндэслэлгүй гэж үзэв. Учир нь дээрхи зээлүүдийг олгоход Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээг явуулах эрх олгогдоогүй байсан.
Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.5-д ...барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заасны дагуу зохигчдын хооронд барьцаалан зээлдэх журмаар зээл олгогдсон гэж үзэх боломжгүй.
Иймд хариуцагч Ж.Э 1,004,920 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д д ХХК-д олгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 286 дугаар зүйлийн 286.1, 286.2 -д зааснаар хариуцагч Ж.Э 1,004,920 төгрөг гаргуулан Д д ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,995,080 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д д ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Э 28,668 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д д ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ