2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1431

 

 

 

 

 

 

 

 

 

 2025            5            29                                  2025/ШЦТ/1431

 

              

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам хөтлөн

улсын яллагч Б.Бат-Эрдэнэ

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: ***

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч *** 2025 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 30 дугаар гудамж 1 тоотод оршин суух, хохирогч Т.Батцэцэгийн байшингийн цонхыг хагалан нэвтэрч, байшинд байсан авдарнаас эмэгтэй хүний булган малгай 1 ширхэг, эмэгтэй хүний эко шуба 1 ширхэг, монгол гутал 1 хос зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 830.000 төгрөгийн хохирол учруулсан,

үргэлжилсэн үйлдлээр 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороо, Зүүнсалааны 6 дугаар гудамж 603 тоотод байрлах хохирогч *** эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.405.490 төгрөгийн хохирол учруулсан “хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би өмнө нь мөрдөн байцаалт дээр мэдүүлгээ үнэн зөвөөр ярьсан. Тиймээс дахин ярихгүй. Хулгай хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би аль болох хулгай хийхгүй байх юмсан, аав, ээжийгээ баярлуулах юмсан, эхнэр хүүхэдтэй ч болъё гэж байнга боддог. Гэвч жаахан архи уухаар л хулгай хийчихдэг юм. Тэгээд архинаас гарахаар архины эмчилгээнд явах хүсэлт гаргасан боловч нойр булчирхайн өвчтэй хүнийг явуулж болохгүй гээд намайг аваагүй. Би 20 гаруй жил аав, ээжийгээ зовоолоо. Нэг хохирогчийн хохирлыг буцааж өгсөн. Хохирогч Батцэцэгт өгөх хохирлын 830.000 төгрөгийг манай ээж төлж барагдуулсан гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч *** “... манай гэр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээл 30-1 тоотод байдаг бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 01-ээс хойш байрандаа очоод энэ тоотод 3 оюутан дүү маань амьдрах болсон. Дүү нар амраад 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хөдөө явсан бөгөөд би хамгийн сүүлд 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн орой ирсэн. Тэгэхэд зүгээр байсан ба түүнээс хойш хүн ирээгүй байж байгаад өнөөдөр буюу 2025 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 20 цагийн үед ирэхэд байшингийн нэг цонх хагарсан байдалтай байсан. Авдраас эмэгтэй хүний булган малгай, эмэгтэй бор өнгийн эко шуб, шинэ хос монгол гутал зэрэг алдагдсан. Би эко булган шубийг 250.000 төгрөгөөр, булган малгайг 200.000 төгрөгөөр, монгол гутлыг 300.000 төгрөгөөр тус тус үнэлж байна. 40x45 см хэмжээтэй цонхны шилийг 80.000 төгрөгөөр үнэлнэ” /хх-н 82/ гэж,

хохирогч ***“... 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдөр гэрээсээ гараад Зүүнсалаанд байдаг зуслангийн байшин руугаа явахаар болсон юм. Тэгээд 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороо, Зүүнсалааны 6 дугаар гудамж 603 тоотод ирэхэд байшингийн маань цонх хагарсан байдалтай байсан. Гайхаад харсан чинь дотор нь хүн явж байгаа харагдсан. Тэгэхээр нь зугтчих байх гээд байшингаа тойроод, урд цонхны тэнд очоод зогсож байтал цонхоор гарч байхаар нь шууд татаж унагаагаад, барьж аваад цагдаагийн байгууллагад хандсан ба удалгүй цагдаагийн алба хаагч нар ирээд үзлэг хийсний дараа нэг бүрчлэн шалгахад бурхны мөнгө ойролцоогоор 30 гаруй мянган төгрөг, хөөрөг алдагдсан байсан” гэж тус тус мэдүүлсэн байна.

 

Мөн “Тэргүүн үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 25/006 дугаартай хөрөнгийн үнэлгээний магадалгаа /хх-н 23-24/, Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 58-59/,

“Тэргүүн үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 25/009 дугаартай хөрөнгийн үнэлгээни магадалгаа /хх-н 90-91/,

Эрүүгийн мөрдөгчийн 2025 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн “Хэргийн газраас гэрэл зургийн аргаар бэхжүүлж авсан гутлын мөр нь урьд өмнө 11 удаа ял шийтгэл эдэлж байсан ***/-ын 2025 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр өмсөж явсан гутлын мөртэй ижил төстэй байна” гэсэн тэмдэглэл /хх-н 132/,

яллагдагч ***аас хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн бор өнгийн өвлийн гутал 1 хосыг хураан авсан тэмдэглэл /хх-н 101-102/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 541 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн “БХД 24-р хороо, Зээл 301 тоотод хулгай орсон хулгай орсон гэх ХГҮ-т хавсаргах” гэж эхлээд “2025 оны 1 сарын 02 өдөр”-ийн хэргийн газрын зэргийн үзүүлэлт дээрх “Зураг №5 Гутлын мөрийг харуулав” гэсэн тайлбартай баруун гулын мөр нь хээний ерөнхий шинжээрээ шинжилгээнд тэнцэнэ. Дээрх хээний ерөнхий шинжээрээ тэнцэж буй баруун гутлын гүн мөр нь ойролцоогоор 179-189 см орчим өндөртэй хүний, 42-43 размерын баруун гутлаар үүсэн байж болно. Харин шинжилгээнд ирүүлсэн 1 ш гутлын мөрийн хүрээнд биеийн жин, биеийн онцлогийг тогтоох боломжгүй. Хэргийн газрын зургийн үзүүлэлт дээрх “Зураг №5 Гутлын мөрийг харуулав” гэсэн тайлбартай баруун гутлын гүн мөр нь шинжилгээнд харьцуулах загвар болгон ирүүлсэн оролцогч ***аас хураан авсан гэх бор өнгийн хос гутлын баруун гутлын улаар үүссэн байж болно” гэсэн дүгнэлт /хх-н 105-111/ гэсэн нотлох баримтууд хэрэгт авагджээ.

 

Эрүүгийн хуульд “хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол гэмт хэрэгт тооцогдохоор, уг гэмт хэргийн хүндрүүлэх нэг шинжийг хүн байнга амьдрах ... зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн бол гэж хуульчилсан.

 

Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч ***ыг үргэлжилсэн үйлдлээр “хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах ... зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцож, түүнд хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгч ***т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчмыг баримтлахын зэрэгцээ шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзав.

Тухайлбал, шүүгдэгч *** урьд өмнө шүүхээр 9 удаа өмчийн эсрэг буюу “хулгайлах” гэмт хэрэгт ял шийтгүүлж байжээ.

 

Тэрээр хамгийн сүүлд буюу 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 296 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 134 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 00 жил 03 сар 17 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан байна.

 

Шүүгдэгч ***ын хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан хугацаа 2025 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр дуусгавар болохоор байсан боловч тэрээр энэ хугацаанаас 10 хоногийн өмнө буюу 2025 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр дахин “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу мөн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотой:

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-н 30/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 31/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 52/ гэсэн баримтууд хэрэгт авагджээ.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч *** учирсан хохирол биет байдлаар буцаан төлөгдсөн, харин хохирогч *** учирсан 830.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч *** төлж барагдуулсан байх тул тэрээр бусдад төлөх төлбөргүй болно.

 

Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж,

 

шүүхийн шийдвэр /шийтгэх тогтоол/ хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар тооцогдон хураагдаж, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст хадгалагдаж байгаа “MIU 23077-8-260 /2.5/ гэсэн бичиглэл дугаартай 1 хос гутал”-ыг устгаж, устгасан талаараа шүүхэд хариу мэдэгдэхийг цагдаагийн тус хэлтэст даалгаж шийдвэрлэлээ.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. ***ыг үргэлжилсэн үйлдлээр “хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах ... зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ***ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 134 дугаартай захирамжаар хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж эдлээгүй үлдсэн 00 жил 03 сар 17 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн шүүгдэгч ***ын биечлэн эдлэх хорих ялын хугацааг 2 /хоёр/ жил 3 /гурав/ сар 17 /арван долоо/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Шүүгдэгч ***т оногдуулсан 2 жил 3 сар 17 хоногийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч ***т авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн түүнд “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авч,

хорих ял эдлэх хугацааг 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болохыг тус тус дурдаж,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар тооцогдон хураагдаж, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст хадгалагдаж байгаа “MIU 23077-8-260 /2.5/ гэсэн бичиглэл дугаартай 1 хос гутал”-ыг устгаж, устгасан талаараа шүүхэд хариу мэдэгдэхийг тус хэлтэст даалгасугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***т авагдсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  О.ЖАНЧИВНЯМБУУ