| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 302/2025/0084/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/89 |
| Огноо | 2025-04-14 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Д.А |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/89
2025 04 14 2025/ШЦТ/89
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Т даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,
улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Д,
шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Т.Б,
шүүгдэгч Х.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А-ээс хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2513000000092 дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авсныг 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Монгол Улсын иргэн, И а овогт Х А, 2... оны .. дугаар сарын ..-ны өдөр Баян-Өлгий аймгийн У... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг эх, дүү нарын хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Ө... сумын ... дугаар багт оршин суудаг, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, РД:БК.....
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Х.А нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атал 2025 оны 2 дугаар сарын 10-ны орой 20 цагийн орчимд 92-41 БӨҮ улсын дугаартай “Toyota prius” загварын тээврийн хэрэгслийг жолоодож Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ина” супермаркетын ойролцоо засмал замаар хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3 дэх хэсгийг тус тус зөрчсөний улмаас зорчигч болох насанд хүрээгүй хохирогч Д.Е мөргөж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, улмаар хэргийн газрыг зориуд орхиж зугтааж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалт, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
Нэг: Гэм буруугийн талаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан мэдүүлэг, дүгнэлт.
1. Шүүгдэгч Х.А мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч талд туслалцаа үзүүлсэн, иргэний нэхэмждэгчид 1 сая төгрөгийг төлж өгсөн ба үлдсэн 3,097,828 төгрөгийг төлж өгөх болно” гэв.
2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Д мэдүүлэхдээ: “Одоо нэхэмжлэх зүйл байхгүй, хүүхэд маань эрүүл болж хөл дээрээ босох хүртэл нь шүүгдэгчийн зүгэээс тусалж байхыг хүсэж байна. Бид өөрсдөө хөдөө амьдардаг. Хүүхдээ дахин эмнэлэгт хэвтүүлэх гэхээр хөдөө мал дээр хүн байхгүй болчихоод байна. Тиймээс шүүгдэгч тал хүүхдэд маань харж хандахыг хүсэж байна. Цаашид хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэв.
3. Улсын яллагчаас гаргасан дүгнэлтэд: “Шүүгдэгч Х.А-ын үйлдсэн гэмт хэрэг нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж дээрх ялыг нэмж нэгтгэн нийт хугацааг 1 жил 6 сараар тогтоож, хязгаарлалтын бүсийг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрийн хэмжээгээр тогтоох саналыг гаргаж байна” гэв.
4. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан дүгнэлтэд: “Шүүгдэгч нь 2025 оны 2 дугаар сарын 10-ны өдөр тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох явцад Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчиж, зорчигч насанд хүрээгүй хохирогч Д.Е мөргөж, осол гаргаж, улмаар түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, хэргийн газраас зориуд оргож, зугтсан явсан. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж, прокурортой эрүүгийн хариуцлагын талаар тохиролцсон. Уг саналыг өмгөөлөгчийн хувьд дэмжиж байгаа. Хохирогчид 3,000,000 төгрөгийг төлж барагдуулсан. Цаашид гарах зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Хохирогч бас тэгж хүсэж байгаа юм байна. Мөн иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөрөө төлөхөө шүүгдэгч илэрхийлж байгаа” гэв.
5. Шүүгдэгч Х.А нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атал 2025 оны 2 дугаар сарын 10-ны орой 20 цагийн орчимд 92-41 БӨҮ улсын дугаартай “Toyota prius” загварын тээврийн хэрэгслийг жолоодож Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ина” супермаркетын ойролцоо засмал замаар хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3 дэх хэсгийг тус тус зөрчсөний улмаас зорчигч болох насанд хүрээгүй хохирогч Д.Е мөргөж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, улмаар хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 03-06 дахь тал/, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хавтаст хэргийн 07 дахь тал/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хавтаст хэргийн 10 дахь тал/, иргэн Х.А-ын согтуурлын хэмжээг шалгахад согтууруулах ундаа хэрэглээгүй болохыг тогтоосон тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 12-13 дахь тал/, 92-41 БӨҮ улсын дугаартай “Toyota prius” загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 22-24 дэх тал/, Цагдаагийн ерөнхий газрын “иргэн Х.А тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй тухай” лавлагаа /хавтаст хэргийн 29-32 дахь тал/, “Ина” супермаркетын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, СД бичлэг, мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хавтаст хэргийн 39-48 дахь тал/, насанд хүрээгүй хохирогч Д.Е-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 56 дахь тал/, гэрч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 58 дахь тал/, шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч ажилтай, цагдаагийн хошууч К.Х 2025 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 192 дугаартай “...иргэн Д.Е-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох”-ыг тогтоосон дүгнэлт /хавтаст хэргийн 74-75 дахь тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 126 дахь тал/, гэрч Ж.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 129 дэх тал/, иргэний нэхэмжлэгч А.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 135 дахь тал/, Хаан банкны депозит дансны хуулга /хавтаст хэргийн 138-139 дэх тал/, яллагдагч Х.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 121, 123 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
6. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
7. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдэх, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
8. Шүүгдэгч Х.А нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
9. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Д нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “насанд хүрээгүй хохирогч Д.Е-ыг эмчлүүлэхэд шүүгдэгч Х.А тусалж байгаа, гарсан мөнгө зардлыг авах болно, санамсаргүй явдал болсон, Х.Ад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” хэмээн гарын баримтаа /хавтаст хэргийн 145, 147 тал/, мөн шүүх хуралдаанд “одоо нэхэмжлэх зүйл байхгүй, хүүхдээ эмчлүүлэхэд цаашид гарах зардлыг шүүгдэгч Х.А-оос нэхэмжлэх болно” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Х.А-ыг энэ шийтгэх тогтоолоор хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Д-т төлөх төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Д нь энэ шийтгэх тогтоолоор тогтоогдсон насанд хүрээгүй хохирогч Д.Е-ын эрүүл мэндэд учирсан хүнд хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой цаашид шүүгдэгч Х.А-аас нэхэмжлэх зүйл байгаа гэж үзвэл нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.
10. Харин Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1. “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ: 12.1.1.гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад;” гэж заасан байх ба мөрдөн шалгах ажиллагааны үед иргэний нэхэмжлэгч А.А насанд хүрээгүй хохирогч Д.Е-ад эрүүл мэндийн тусламж үзүүлэхэд гарсан зардал 4,097,282 төгрөгийг эмнэлгийн байгууллагаас төлсөн тул уг 4,097,282 төгрөгийг шүүгдэгч Х.А-аас нэхэмжилсэн байх ба шүүгдэгч Х.А нь мөрдөн шалгах ажиллагааны үед эрүүл мэндийн даатгалын санд 1,000,000 төгрөгийг төлж өгсөн /хавтаст хэргийн 168 дахь тал/, үлдсэн 3,097,282 төгрөгийг төлж өгөхөө сайн дураараа илэрхийлсэн байна. Иймд шүүгдэгч Х.А-аас 3,097,282 төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын сангийн дансанд оруулах нь зүйтэй.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар.
11. Улсын яллагчийн санал болгож, шүүгдэгч Х.А-ын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж дээрх ялыг нэмж нэгтгэн нийт хугацааг 1 жил 6 сараар тогтоож, хязгаарлалтын бүсийг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрийн хэмжээгээр тогтоох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч Х.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
12. Иймд шүүгдэгч Х.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж шийдвэрлэв.
13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1. “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.”, 2. “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно: 2.3.зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг; 2.4.хорих ялын нэг хоногийг.” гэж зааснаар шүүгдэгч Х.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар оногдуулсан 1 жил 3 сарын зорчих эрхийг хязгаарлах ялд нэмж нэгтгэж, шүүгдэгч Х.А-ын эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоов.
14. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ад зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ түүний оршин суугаа нутаг дэвсгэр болох Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас явахыг хориглож, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэв.
15. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
16. Шүүгдэгч Х.А-д оногдуулсан 1 жил 6 сарын сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван наймдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
17. Шүүгдэгч Х.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн СД 1 ширхэгийг эрүүгийн 2513000000092 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалах нь зүйтэй.
18. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Х.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, мөн “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И.. а овогт Х А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн,
мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Х.А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,
мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд нэмж нэгтгэж, шүүгдэгч Х.А-ын эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А-д зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ түүний оршин суугаа нутаг болох Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Х.А-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван наймдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч Х.А нь энэ шийтгэх тогтоолоор хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Д-т төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Д нь энэ шийтгэх тогтоолоор тогтоогдсон насанд хүрээгүй хохирогч Д.Е-ын эрүүл мэндэд учирсан хүнд хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой цаашид нэхэмжлэх зүйл байгаа гэж үзвэл нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
9. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.-Ааас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 3,097,282 төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд оруулсугай.
10. Шүүгдэгч Х.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн СД 1 ширхэгийг эрүүгийн 2513000000092 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалсугай.
12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Х.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, мөн “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд гардаж авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАЛГАТ