Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 21

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ, улсын яллагч П.Эрдэнэбаатар, шүүгдэгч Г.Гэрэлсүрэн, Ч.Сонин-Учрал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хэнтий аймгийн Бор-Өндөр дэх сум, Сум дундын Прокурорын газраас Өндгөн овогт Чулуунбаатарын Сонин-Учрал, Хорчид овогт Гомбосүрэнгийн Гэрэлсүрэн нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201723010021 дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1996 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг Геологийн 03-03 тоотод оршин суух, 2012 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан Өндгөн овогт Чулуунбаатарын Сонин-Учрал /РД:ЛЮ96071411/

Монгол Улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Бэрх тосгонд төрсөн, 20 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын операторчин мэргэжилтэй, ам бүл 3 эцэг, эхийн хамт, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг Геологийн 09-04 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Хорчид овогт Гомбосүрэнгийн Гэрэлсүрэн /РД:СФ96121510/

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Ч.Сонин-Учрал, Г.Гэрэлсүрэн нар нь согтуугаар бүлэглэн Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг Геологийн 03-01 тоотод оршин суух хохирогч Г.Мөнхцэцэгийн гэрт 2017 оны 04 дүгээр сарын 04-өөс 05-нд шилжих шөнө нэвтрэн орж Haier брендийн хөргөгчний хаалга, зургийн жааз, 2 хаалгатай жижиг шүүгээний 2 шургуулга, цахилгаан оёдлын машины эд зүйл зэргийг санаатай гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Г.Гэрэлсүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Тэр өдөр өглөө Улаанбаатар хотоос Бор-Өндөр рүү гарсан. Би өдөр 12 цагт Бор-Өндөрт ирсэн. Сонин-Учрал гэртээ байна хүрээд ир гэсэн. Бид хоёр архи уусан. Бид хоёр хүн хайж яваад айл руу орсон. Айлын байшин руу ороход ухаангүй болсон байсан. Би өөрийгөө захирч чадахааргүй болсон байсан” гэх мэдүүлэг.

Шүүгдэгч Ч.Сонин-Учралын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би Гэрэлсүрэнг утсаар дуудсан. Бид нар нилээд согтсон байсан. Айлын цонх онгорхой байсан юм. Би айлын тумбучка эвдсэн, өөр юу эвдснээс санахгүй байна” гэх мэдүүлэг.

Хохирогч Г.Мөнхцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Өнөөдөр буюу 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өглөө Бор-Өндөр сумын нэгдсэн эмнэлэгт охиныхоо вакциныг хийлгэх гэж нөхөр Мөнхтөрийн хамтаар 09 цагийн үед ирсэн. Ингээд хөдөөнөөс орж ирээд шууд Бор-Өндөр сумын 4 дүгээр баг Геологийн 3-01 тоотод байх байшиндаа иртэл байшингийн баруун талд байх гал тогооны цонхны түгжээ онгорхой байхаар нь хаалган дээрээ яваад очтол байшингийн урд хэсэгт байх 2 цонхны зүүн талын цонх нь дэлгээтэй онгорхой байсан. Тэгэхээр нь гэрт оролгүй онгорхой байсан цонхоор хартал гэрт байсан эд хогшлийг энд тэнд буулгаад хаячихсан байхаар нь хаалгаа онгойлгож байшин дотор ороход үүдний амбаар дотор байсан авдар доторх гутал хувцасыг бүгдийг нь гаргаад хаячихсан байсан ба мөн амбаарны хэсэгт тулаастай байсан баганыг унагачихсан байсан. Ингээд би гэр рүүгээ ороход гал тогооны өрөөнд байсан хөргөгч, хананд өлгөөтэй байсан гал тогооны шүүгээ зэргийг газар унагачихсан мөн л эд хогшил маань энд тэндгүй замбараагүй болчихсон байсан. Ингээд би мөн л том өрөө рүүгээ харахад манай гэрийн тавилгыг бүгдийг нь газар унагачихсан хувцас хунарыг тараагаад хаячихсан байсан ...манай байшингаас алдагдсан зүйл байхгүй байна. Манай гэрт суурин компьютер болон цахилгаан оёдлын машин, индүү, DVD, хивс, авдар дотор шинэ хувцас хунар бүгд байсан. Эдгээр зүйлүүд бүгд байсан болохоор манайхаас алдагдсан зүйл байхгүй гэж бодож байна ...манай гэрийн хөргөгчний дээд хаалга нугасаараа салчихсан, жаазтай зурагны шил нь хагарсан, жааз нь эвдэрсэн, жижиг 2 шургуулгатай шар өнгийн шургуулга зэргийг эвдсэн байсан. Мөн цахилгаан оёдлын машин хажуугаар нь харуулж тос маслыг нь асгаад нэг пивор эд зүйл нь хагарсан байсан. Өөр эвдэрсэн эд хогшил байгаагүй...”гэх мэдүүлэг /хх-н 17-18 хуу/

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 2017.039 дугаартай

  1. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас гэрэл зургийн аргаар бэхжүүлж авсан 1 ш гутлын мөр нь шинжилгээнд тэнцэнэ.
  2. Харьцуулах загварт ирүүлсэн Г.Гэрэлсүрэнгийн өмсөж явсан гэх гутлыг шинжилгээнд авч ирүүлсэн нь шинжилгээний шаардлага хангаж байна.
  3. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас А-4-ийн цаасан дээр тунгалаг наалтууз ашиглан бэхжүүлж авсан гутлын мөр нь харьцуулах шинжилгээний загварт ирүүлсэн Г.Гэрэлсүрэнгийн өмсөж явсан гэх зүүн хөлний гутлын улаар үүсгэгдсэн байна гэх дүгнэлт /хх-н 42 хуу/

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 2017.038 дугаартай

  1. Шинжилгээнд ирүүлсэн “1-цонхны хүрээ дээрээс” гэсэн бичигтэй 1 ширхэг гарын мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ, “2-шилний хагархай гэсэн бичигтэй наалтуузанд бэхжүүлсэн 2 ширхэг гарын мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй.
  2. Шинжилгээнд тэнцэх мөрүүд нь MN004020001017 дугаараар санд бүртгэгдсэн, Чулуунбаатар овогтой Сонин-Учралын зүүн гарын долоовор хурууны дардастай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна гэх дүгнэлт /хх-н 47 хуу/

Хохирогч Г.Мөнхцэцэгийн “2017 оны 04 сарын 03-ны өдөр Сонин-Учрал, Гэрэлсүрэн нар манай гэрт согтуугаар орж хөргөгч жаазтай зураг, ханын модон шүүгээ зэргийг эвдсэн байсан. Дээрх хүмүүс өөрсдийн учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан болно. Мөн бидний зүгээс модон шүүгээгээ ямар нэгэн байдлаар үнэлэхгүй болно. Хөргөгчний дээд хаалганы нугас нь салсан байсныг засварчнаар засуулж одоо хэрэглэж байгаа болно. Засварын мөнгөнд 25000 төгрөг гарсныг дээрх залуучууд төлж барагдуулсан. Мөн жаазтай зураг шиллэхэд 18000 төгрөгний зардал гарсныг Гэрэлсүрэн, Сонин-Учрал нар бүрэн төлж барагдуулсан болно. Иймээс бидэнд цаашид нэхэмжлэх зүйлгүй болно. Өөр манайхаас эвдэрсэн, устсан зүйлгүй болно” гэх нотариатаар гэрчлүүлсэн хүсэлт /хх-н 102 хуу/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 3-7 хуу/, Ял шалгах хуудас /хх-н 71 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв

            Шүүгдэгч Ч.Сонин-Учрал, Г.Гэрэлсүрэн нар нь 2017 оны 04 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг Геологийн 3-1 тоот хашаан дахь иргэн Г.Мөнхцэцэгийн байшингийн цонхоор нэвтрэн орж Haier брэндийн хөргөгчийг түлхэж унаган дээд талын хаалгыг нугасаар нь салгах, шургуулагтай модон шүүгээг эвдэх, зургийн жаазны шилийг хаглах, цахилгаан оёдлын машины хуванцар эд ангийг хаглах зэргээр бусдын эд хөрөнгийг санаатай устгаж, гэмтээсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх нотлох баримтууд, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүдээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.   

Иймд шүүгдэгч Ч.Сонин-Учрал, Г.Гэрэлсүрэн нарыг бусдын эд хөрөнгийг санаатай устгаж, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нарын согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо. Шүүгдэгч нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураараа  нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.   

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт ...шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, 36 дугаар зүйлийн 36.3.3 дахь хэсэгт өөрийгөө өмгөөлөх эрхтэй гэж тус тус заасны дагуу шүүгдэгч нар нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцож өөрийгөө өмгөөлнө гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцуулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

            Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсаг зүйлгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Өндгөн овогт Чулуунбаатарын Сонин-Учрал, Хорчид овогт Гомбосүрэнгийн Гэрэлсүрэн нарыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Сонин-Учирал, Г.Гэрэлсүрэн нарыг тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь зааснаар Ч.Сонин-Учрал, Г.Гэрэлсүрэн нарт оногдуулсан 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Ч.Сонин-Учирал, Г.Гэрэлсүрэн нар нь хэргийн учир цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгүүдэд зааснаар Ч.Сонин-Учрал, Г.Гэрэлсүрэн нарт оногдуулсан  1 жилийн хорих ялыг тэнсэж, тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, энэ хугацаанд Ч.Сонин-Учрал, Г.Гэрэлсүрэн нарт хяналт тавихыг Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дах хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Хэнтий аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ч.Сонин-Учрал, Г.Гэрэлсүрэн нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

                           ДАРГАЛАГЧ                                      Р.БАТБАЯР