Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/0066

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Ба даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Н,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Д,

Хохирогч К.А,

Шүүгдэгч К.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай  явуулсан шүүх хуралдаанаар, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Ж ургийн овгийн Кн Хт холбогдох 2513000000037 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Ховд аймгийн Үенч суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, модон эдлэл- мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ... дугаар баг /Бөхөн уул/ багийн зам гүүр-33 дугаар гудамжны ....тоотод оршин суух хаягтай, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр /Их булан/ багт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Ж ургийн овогтой Кийн Х, регистрийн дугаар: ...

 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч К.Х нь нь 2025 оны 01 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ... дүгээр /Их булан/ багийн нутаг дэвсгэрт байх гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр К.Аг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, түүний эрүүл мэндэд духны зүүн талд битүү хавдар, цус хуралт, баруун гуяны гадна талд хөх ягаан туяатай цус хуралт, зүүн шилбэнд битүү хавдар, хэвлийн дээд хэсэгт цус хуралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч К.Х мэдүүлэхдээ: “...Ийм асуудалд холбогдсон шалтгаан нь өмнөх өдөр нь бид хоёр хардалтаас болоод хэрүүл маргаан гаргасан, би тухайн үед архи уусан байсан тул урьд өдрийн асуудлыг хэлж, хэрүүл маргаан гаргасан байна.  Одоо би архи уухаа больсон, эхнэрээсээ уучлалт гуйсан, бид хоёр эвлэрч, хамт амьдраад ажил төрлөө хэвийн хийгээд явж байна. Цаашдаа дахин ийм асуудал гаргахгүйгээр бид хоёр сайхан амьдарна гэж бодож байна” гэв.

1.2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч К.А мэдүүлэхдээ:“...Нөхөр К.Хээс нэхэмжлэх зүйл байхгүй.Нөхөр маань надаас уучлалт гуйж, бид эвлэрсэн.” гэв.

2. 2513000000037 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал),

2.2. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хавтаст хэргийн 11-12 дахь тал),

2.3. Шүүгдэгч К.Хийн согтуурлын зэргийг шалгасан баримт (хавтаст хэргийн 5 дахь тал),

2.4.Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч цолтой К.Хайратын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 118 дугаартай “Иргэн К.Ан биед духны зүүн талд битүү хавдартай, цус хуралттай, баруун гуяны гадна талд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн шилбэнд битүү хавдартай, хэвлийн дээд хэсэгт улайсан цус хуралттай гэмтлүүд тогтоогдлоо. Иргэн К.Ан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд болно. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Иргэн К.Ан биед үүссэн гэмтлүүд нь эрүүл мэндийг түр сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 17-18 дахь тал),

2.5. Хохирогч Ж.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Миний нөхөр К.Х нь байнга архи уудаг юм. Өнөөдөр болсон асуудлын хувьд мөн л урьд өдрийнх шигээ архидан согтуураад гадуур явж байсан. Тэгээд би өөрөө 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг шилжих шөнө 00 цагийн үед хүүхдүүдтэйгээ унтаж амарсан. Тэгээд биднийг унтаж амарч байхад нөхөр К.Х 03 цагийн үед гэрт ирээд орилж хашхираад хаалга өшиглөж эхэлсэн. Тэгээд би босож хаалга онгойлгоход надад юм хэлээгүй шууд гараараа болон хөлөөрөө цохиж зодоод эхэлсэн. Тэгээд би орилж хашхираад уйлахад хүүхдүүд маань сэрээд бүгд уйлаад эхэлсэн, тэгж байхад К.Х намайг зодохоо болиод “би эргээд орж ирнэ, ирэх хүртэл чи 20,000 төгрөг олоод бэлэн сууж байгаарай” гэж хэлээд гараад явахад нь би хүүхдүүдээ авч гэрээс зугтаж гараад хөрш айлд очиж тэр хүмүүсээр өөрийн  аавдаа болсон асуудлыг  хэлүүлээд дараа нь цагдаа дуудсан.

-Хохирогч Ж.Агийн дахин өгсөн “Зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаанд болсон асуудлын талаар мэдүүлэг өгсөн тул  би одоо тэр талаар дахиад  яримааргүй байна, хохиролтой холбоотой ямар нэгэн баримт байхгүй, хохирол нэхэмжлэхгүй. Сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, нөхөр К.Хийг уучилж бид эвлэрсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 2-3, 36 дахь тал),

2.6.Шүүгдэгч К.Хийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...Миний бие 1996 онд Ховд аймгийн Үенч суманд төрсөн, айлын бага хүүхэд юм. Улмаар 2004 онд Ховд аймгийн Булган сумын ерөнхий боловсролын сургуульд элсэн орж 2012 онд суурь боловсролын гэрчилгээ авч, 2012 оноос Ховд аймгийн Политехник Коллежид элсэн орж “Модон эдлэл-Мужаан" мэргэжлээр 2015 онд төгсөж байсан юм. Сургууль төгссөн цагаас эхэлж хувиараа ажил хөдөлмөр эрхэлж эхэлсэн ба одоогоор махны үйлдвэрт ажиллаж байна. 2018 онд эхнэртэйгээ анх танилцаж 2019 онд албан ёсоор гэр бүлж болж байсан ба дундаасаа 3 охин хүүхэдтэй юм. Ямар нэгэн хууч өвчин байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.

2.7. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. Үүнд:

-Иргэний үнэмлэхийн болон байнгын оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаанууд  (хавтаст хэргийн 23-24 дэх тал),

-Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 49 дэх тал),

-Үндэсний энгийн гадаад паспортын лавлагаа (хавтаст хэргийн 46-48 дахь тал),

-Жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 50 дахь тал),

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 44 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.

2.8. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар

3.1. Улсын яллагчаас шүүх хуралдаанд “Шүүгдэгч К.Х нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, үйлдсэн нь тогтоогдсон тул гэм буруутайд тооцуулах” дүгнэлтийг гаргасан бөгөөд  шүүгдэгч К.Хаас гэм буруугийн талаар маргахгүй гэдгээ илэрхийлж, улсын яллагчтай мэтгэлцээгүй болно.

3.2. Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоохын тулд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт цугларсан хохирогч К.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 2-3, 36 дахь тал), шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 118 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 17-18 дахь тал), шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлэхэд:

Шүүгдэгч К.Х нь 2025 оны 01 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ согтуугаар ямар нэгэн шалтгаангүйгээр  эхнэр К.Аг гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдлээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь хохирогч К.Агийн мэдүүлэг, шүүгдэгч К.Хийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогджээ.

3.3. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогчоос мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

3.4 Шүүгдэгч К.Хийн согтуурсан үедээ, ямар нэгэн тодорхой шалтгаангүйгээр хохирогч К.Аг гараараа цохих,  хөлөөрөө өшиглөх зэргээр биед нь халдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан дээрх  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангиийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

3.5. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд уг гэмт хэргийг мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр тогтоожээ.

Өөрөөр хэлбэл гэмт этгээд нь хохирогчийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангана.

3.6. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арванхоёрдугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

3.7. Шүүгдэгч К.Х нь согтуугаар хохирогч К.Агийн эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн халдаж, хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгч К.Хийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

3.8. Шүүгдэгч К.Хийн хохирогч К.Аг зодсон үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан духны зүүн талд битүү хавдар, цус хуралт, баруун гуяны гадна талд хөх ягаан туяатай цус хуралт, зүүн шилбэнд битүү хавдар, хэвлийн дээд хэсэгт улайж цус хурсан гэмтлүүд бүхий хөнгөн хохирол хоорондоо шалтгаант холбоотой байна.

3.9. Иймд шүүгдэгч К.Хийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол, яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч К.Хийг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

3.10. Шүүгдэгч К.Х нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй болно.

3.11. Гэмт хэрэг үйлдэхэд шүүгдэгч К.Хийн архи согтууруулах ундаа хэрэглэсэн нөхцөл байдал шууд нөлөөлсөн гэж үзлээ.

3.12. Хохирогч К.А нь шүүгдэгч К.Хээс гэмт хэргийн хохирол, хор уршиг, сэтгэцэд учирсан хохирол зэргийг  нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлсэн тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч К.Хээс гаргуулж, хохирогч К.Ад нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй гэж үзлээ.

Хоёр:Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар

2.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

2.2. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч К.Х нь  хувийн байдлын хувьд урьд гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, тогтмол орлоготой зэрэг нөхцөл байдал тус тус тогтоогдож байна.

2.3. Шүүгдэгч К.Хэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй гэж үзлээ.  

2.4. Улсын яллагчаас шүүх хуралдаанд “Шүүгдэгч К.Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлтийг”,

Хохирогч К.А шүүх хуралдаанд:”...Миний нөхөр К.Х гэм буруугаа хүлээн зөвшөөрч, надаас уучлалт гуйсан.. Надад нөхөр К.Хээс нэхэмжлэх зүйл байхгүй тул түүнд оногдуулах хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэх хүсэлтийг,

Шүүгдэгч К.Х нь “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө ” гэх хүсэлтийг тус тус гаргав.

2.5. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа гэмшиж, хүлээн зөвшөөрч байгаа хувийн байдал, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хохирогч К.Агийн хүсэлт  зэргийг тал бүрээс нь харгалзан, түүний гэм буруугийн хэлбэрт тохируулан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрлөөс торгох ялыг сонгож, шүүгдэгч К.Хийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 (дөрөв) сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэхүү хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгчид сануулж шийдвэрлэв.

2.6. Шүүгдэгч К.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй.

2.7. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Жургийн овгийн Кйн Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Хэд 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Хэд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 4 (дөрөв) сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч К.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч К.Хээс гаргуулж, хохирогч К.Ад  нөхөн төлүүлэх гэмт хэргийн хор уршиггүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг биелүүлэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. 2513000000037 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.Б