| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 302/2025/0089/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/90 |
| Огноо | 2025-04-21 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.А |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/90
2025 04 21 2025/ШЦТ/90
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Т даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,
улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А,
шүүгдэгч О.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дахь зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж х овогт О С-д холбогдох эрүүгийн 2513000000109 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ж х овогт О С, 19.. оны .. дүгээр сарын ...-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ө... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, физик-математикийн багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бул 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн И.. дүгээр гудамжны ... .. айлын орон сууцны ... дугаар байрны .... тоотод оршин суух хаягтай, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, РД:Б.....
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.С нь 2025 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн Их нялхас-1 дүгээр гудамжны А ... айлын орон сууцны ... дугаар байрны ... тоотод байрлах гэртээ эхнэр Б.Б ахуйн шинжтэй маргааны улмаас зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
1. Шүүгдэгч О.С мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
2. Эрүүгийн 2513000000109 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: иргэн Б.Б 2025 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 13 цаг 50 минутад Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/, хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 05-07, 58 дахь тал/, гэрч М.Ж мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 09-10 дахь тал/, гэрч А.Ш мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дахь тал/, шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч ажилтай, цагдаагийн ахлах дэслэгч Х.Е 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 252 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 16-17 тал/, яллагдагч О.С мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52 дахь тал/, шүүгдэгч О.С хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
3. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч О.С холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
Хэргийн үйл баримтын талаар.
4. Шүүгдэгч О.С нь 2025 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Ө... сумын ... дүгээр багийн Их нялхас-1 дүгээр гудамжны А... ... айлын орон сууцны .... дугаар байрны .... тоотод байрлах гэртээ эхнэр Б.Б ахуйн шинжтэй маргааны улмаас зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
4.1. Иргэн Б.Б-аас 2025 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 13 цаг 50 минутад Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/,
4.2. Хохирогч Б.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг. Нөхөртэйгөө гэр бүл болоод 5-6 жил болж байгаа. Дундаасаа 2 хүүхэдтэй.
2025 оны 3 дугаар сарын 01-ний өдөр нөxөр болох С намайг 13 цагийн орчимд гэртээ байхад зодсон. Уг асуудал гарсан шалтгаан нь нөхөр маань тэрний өмнөх өдөр шөнө гэртээ хоноогүй. Нөхөр өөрөө тодорхой эрхэлсэн ажилгүй, хувиараа дэлгүүр ажиллуулдаг. Нөхөр бид хоёр дахиад нэг дэлгүүр түрээсэлж ажиллуулах гэж байсан бөгөөд нөхрөөс гэртээ хонохгүй хаана явж байсан талаар тодруулахад нөхөр маань надад “тэр түрээсэлж ажиллуулах гэж байгаа дэлгүүрт хоноод ирлээ” гэж хэлсэн.
2025 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Цагааннуурт байдаг манай нэг найз цайллагад урьсан байсан. Нөхөр маань тухайн өдрийн өглөө ч биш 12 цаг 30 минутын орчимд гэртээ орж ирсэн. Би нөxpөөc шөнөжин хаана явж байсан талаар асууж, Цагааннуурт урьсан цайллагад хэзээ явж, яаж амжих талаар асууж бид хоёрын дунд маргаан гарсан. Маргаан гараад бид хоёр хоорондоо маргалдаж байхад нөхрийн дуу нь өндөрсөөд, гараа зангидаад над руу дайлж байсан. Тэгэхээр нь би түүнд “чи ямар намайг цохиж сураагүй биш, юундаа гараа зангидаж байгаа вэ” гэж хэлсэн. Тэгэхэд нөхөр маань миний толгой руу гараараа нэг удаа цохиж, миний өмсөж байсан майкны захнаас заамдаж намайг нуруугаар газарт унагаасан. Тухайн үед би хүчтэй газар унасан.
Намайг газар унагаахад би ч гэсэн урдаас нь эсэргүүцээд ноцолдсон бөгөөд намайг нүүрэн тус газар хоёр удаа нударгаар цохисон. Би түүнийг эсэргүүцэж урдаас нь маажсан байсан. Тэгж байтал хоёр настай охин маань ирж аав, аав гэж хэлээд гараас нь барьсан. Тэгээд би уурлаад түүнтэй хэрэлдээд хэл амаар доромжилж юм хэлсэн. Тэрэнд нөхөр маань тэвчихгүй дахин ирээд намайг зүүн талын чихнээс хавсаргаж, дагз хэсгээр цохисон. Тэр үед би хойшоо хананд савж унасан. Тэр үед би гараа хананд цохиж баруун талын гарын шууны гадна хэсэг шалбарч гэмтсэн байгаа. Миний нөхөр өөрөө фитнесээр хичээллэдэг, 70, 80 кг шахдаг хүний гарын цохилтыг би яаж даах билээ дээ.
Шууд хананд савагдаж унасан. Дараа нь би хүргэн болох Ж дуудсан бөгөөд Ж ирэх үед нөхөр бид хоёр зодолдоод дууссан байсан. Ж ирсний дараагаар нөхөр маань над руу бас дайраад салаавч гаргаж ирээд миний аманд хийж байгаад цохисон. Түүнээс болж миний уруулын дотор талаар шалбарсан байгаа. Би энэ талаар хэнд ч хэлээгүй байж байхад нөхөр маань өөрөө түрүүлж очоод миний ээжид “таны охин ингээд намайг зодоод маажсан” гэж хэлсэн байна. Сүүлийн үед миний биеийн юм ирэхгүй байсан бөгөөд нөхөртөө зодуулсны дараагаар нуруу хэсгээр эргэж өвдөөд байхаар би биеийн юм ирэх гэж байгаа юм байна гэж бодсон. Тэгсэн биеийн юм ирээгүй бөгөөд жирэмсний тестээр үзэхэд хоёр сартай жирэмсэн байсан.
Өвдөлт нь гайгүй болох байх гэж бодсон боловч гайгүй болохгүй байхаар нь 2025 оны 3 дугаар сарын 03-ны өдөр эмэгтэйчүүдийн эмчид очиж үзүүлэхэд 3 долоо хоногтой жирэмсэн байна гэж хэлсэн. Доошоогоо улайлттай байгаа юм байна, хүүхэд чинь хөдөлсөн юм шиг байна, доошилсон юм шиг байна, ямар ч байсан 5 дахь өдөр хүртэл буюу 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл харж үзье гэдгээ эмч хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж байна.
...надад уг хэргийн улмаас хохирол учраагүй, мөн би сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй, нөхөрт хуулийн дагуу хариуцлага оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 05-07, 58 дахь тал/,
4.3. Гэрч М.Ж мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2025 оны 3 дугаар сарын 01-ний өдөр амралтын өдөр байсан бөгөөд гэртээ байхад 13 цагийн орчимд хадам эгч Б өөрийн гар утасны дугаараас залгаж “С намайг аллаа, чи хүрээд ирээч” гэж хэлсэн. Би Өлгий сумын 5 дугаар багт байрлах баз болох С гэрт очиход С, Б нар хоорондоо маргалдсан байдалтай байсан. Би юу болсон талаар асуухад Б надад “С өнгөрсөн шөнө гэрт хоноогүй, сая ирлээ, түүнээс болж бид хоёрын дунд маргаан үүсэж, намайг энэ зодсон” гэж хэлсэн. Б би “таны бие гайгүй юу” гэж асуухад Б надад “миний баруун хацар луу хэд хэдэн удаа цохиж, газарт унагааж боосон” гэсэн зүйл ярьсан. Би тэр хүнд эмнэлэгт үзүүлэх уу гэхэд Б надад “яах юм бэ, нөхөр явсан юм чинь би зүгээр, чи ажлаа бодоод явж байхгүй юу” гэж хэлсэн. Тэгээд би яваад өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 09-10 дахь тал/,
4.4. Гэрч А.Ш мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Миний бие 2025 оны 3 дугаар сарын 01-ний өдөр би гэртээ байхад над руу охин болох Б залгаж “энэ С намайг алах юм байна, та Жанарысыг наашаа явуулаарай” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Жанарыст хэлээд Жанарыстай Б бас өөрөө ярьсан юм шиг байна, Жанарыс би мэдээд ирье гэж явсан. Хэсэг хугацааны дараагаар Б нөхөр болох О.С нь манай гэрт хүрээд ирсэн. Хүрч ирээд надад “намайг Б маажсан, надад мөнгө олохгүй явж байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүргэнээ тайвшруулаад цай өгсөн. Тэгээд С манай гэрээс явсан. Тэрний дараагаар хүргэн Жанарыс ирсэн. Жанарыс ирэхэд би түүнээс юу болсон талаар асуухад Жанарыс надад “хоорондоо маргасан байна” гэж хэлсэн. Тэгээд би тэр орой Б-д юу болсон талаар мэдэх гэж түүний гэрт очиход Б хоёр нүд нь хөхөрсөн, нэг талын мөр нь хөхөрсөн, гарын шуу хэсгээр шалбарсан, гуяны бас хэд хэдэн хэсэг нь хөхөрсөн байсан. Би Баас юу болсон талаар асуухад Б надад “С бид хоёр маргалдаад тэгээд С намайг зодсон. Эхлээд миний нүүр хэсэгт цохиж дараа нь намайг газар унагаж боосон. Би боолтонд ороод С-гийн цээж хэсгээс маажсан” гэж хэлсэн. Тухайн өдөр би охин болох Б-ы хажууд хоносон. Маргааш нь бүсэлхий хэсгээр өвдөж байна гэхээр нь эмийн сангаас тест авч ирж үзэхэд хоёр зураас гарч байсан. Эмчид үзүүлээд эм домоо хэрэглэж одоо гайгүй болсон байгаа. Болсон асуудал энэ.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дахь тал/,
4.5. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч ажилтай цагдаагийн ахлах дэслэгч Х.Е 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 252 дугаартай “1. Иргэн Б.Б-ы биед баруун, зүүн дээд зовхи, зүүн мөр, духны баруун хэсэгт тус тус цус хуралттай, баруун тохойнд зулгаралттай гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,
4.6. Яллагдагч О.С-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Гэр бүл болоод 6 жил болж байгаа. Эхнэр бид хоёрын хоорондын харилцаа муудаад хөндийрөөд 2-3 жил болж байна. Яагаад ийм байдалд хүрсэн бэ гэхэд эхнэр маань надад байнга “чи ядуу айлын хүүхэд, чи мөнгө олсонгүй” гэж хэлээд дээрээс нь миний аав, ээж хоёрыг харааж ерөөдөг. Яагаад бэ гэвэл би анх Б-тай гэр бүл болоход манай гэрийнхэн жоохон эсэргүүцэл үзүүлээд аав маань надад “чиний хуримыг чинь хийж өгөх үү, эсвэл том газар байгаа түүнийг авах уу” гэж асуухаар нь эхнэр бид хоёр хурим хэрэггүй дараа нь зарсан ч гэсэн үнэ хүрэх газрыг авъя гэж тохирсон.
Дараа нь эхнэр маань надад “чиний аав, ээж бид хоёрт хурим хийж өгөөгүй, тусалсангүй” гээд байнга яриад тэрнээс болж бид хоёр муудалцдаг болсон. Би анх эхнэртэй гэр бүл болоход ямар нэгэн эд хөрөнгөгүй байсан минь үнэн. Одоо амьдарч байгаа байр, дэлгүүрийг хадам ээж авч өгсөн. Эхнэр заримдаа түүнийг хэлж намайг мөнгө олоогүй гэж хэлдэг. Мөн миний аав ээжийг үзэхгүй тул бид хоёр байнга маргадаг. Түүнээс болж би аав, ээжээс харилцаагаа тасалсан. Аав, ээж хоёрын эсэргүүцсэн үйлдэл нь Б надаас 8 насаар эгч байсан.
Тэгж амьдарч байхад Б бид хоёр 2 хүүхэдтэй болсон. Байранд залгаа дэлгүүр ажиллуулдаг бөгөөд тэр дэлгүүрт сүүлийн үед орлого муудсан. Хажуудаа олон дэлгүүртэй болсон. Тэр болгон дээр Б надад чи мөнгө олсонгүй гэж хэлсэн. Бид хоёр таарамж муутай байсан. 2025 оны 3 дугаар сарын 01-ний өдөр шөнийн цагаар хүргэлтээр бараа хүргэж явсан. Би шөнийн цагаар бараа хүргэж ажилладаг. Тухайн өдөр өглөөний 05 цаг хүртэл хүргэлт хийж яваад, өөр газраас нэг дэлгүүр түрээсэлж авсан байсан, тэр дэлгүүрт очиж хоноод өглөө 11 цагийн үед гэртээ ирсэн. Гэртээ ирэхэд эхнэр үглэж эхэлсэн.
Түүнээс болж бид хоёрын дунд маргаан гарсан. Тэгээд нэг нэгэнтэй ноцолдсон, тэр үед эхнэр намайг цээж хоолой хэсгээс маажсан. Би тухайн үед чимээгүй зогсож байгаад сүүлдээ уур хүрч хэд хэдэн удаа алгадсан. Би хоёр дахь удаа алгадахад Б газар унасан. Би уурлах болсон шалтгаан нь Б миний аав, ээжийг хараасан. Юм. Тэгээд би уурлаад Б-ыг зодсон. Болсон асуудал энэ.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.
5. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч О.С-ы үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлтийг, шүүгдэгч О.С “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбарыг тус тус гаргаж гэм буруугийн талаар мэтгэлцээгүй болно.
6. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэргийн үйл баримтын хүрээнд хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Эрх зүйн дүгнэлт.
7. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хуульчлан тодорхойлсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэх нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
8. Хүний халдашгүй байдлыг Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйл. “Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ: 13/ халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй.” гэж тус тус баталгаажуулжээ.
9. Шүүгдэгч О.С нь 2025 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн Их нялхас-1 дүгээр гудамжны А.. ... айлын орон сууцны ... дугаар байрны ... тоотод байрлах гэртээ эхнэр Б.Б-ыг ахуйн шинжтэй маргааны улмаас зодож, эрүүл мэндэд “...баруун, зүүн дээд зовхи, зүүн мөр, духны баруун хэсэгт тус тус цус хуралттай, баруун тохойнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан иргэний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг нь зөрчсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл буюу гэмт хэрэгт хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдэх шинжийг агуулж байна.
10. Шүүгдэгч О.С, хохирогч Б.Б нар нь 20... оны ... дугаар сарын ...-ны өдөр гэр бүл болсон, эхнэр нөхөр болох нь гэрлэлтийн гэрчилгээний лавлагаа, тэдний мэдүүлгээр тогтоогдож байх ба шүүгдэгч, хохирогч нар нь сэтгэл санааны дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүй гаргахгүй байх үүрэгтэй байна.
11. Шүүгдэгч О.С-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэнээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул улсын яллагчийн гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч О.С-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
12. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын хооронд үүссэн ахуйн шинжтэй маргаан нөлөөлсөн байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.
14. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 505 дугаар зүйлийн 505.1. “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.”, 510 дугаар зүйлийн 510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.”, 511 дүгээр зүйлийн 511.3. “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.” гэж заасан байна.
15. Шүүгдэгч О.С-ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Б-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон байх ба мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Б.Баас “шүүгдэгч О.С-аас нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч О.С нь бусдад төлөх төлбөргүй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
16. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч О.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгэх” дүгнэлтийг,
17. Шүүгдэгчээс “...800,000 төгрөгийг багасгаж өгнө үү” гэх тайлбарыг тус тус гаргасан болно.
18. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1. “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч О.С-ы үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
19. Шүүгдэгч О.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг удирдлага болгов.
20. Шүүгдэгч О.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5. 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
21. Шүүгдэгч О.С нь хувийн байдлын хувьд дээд боловсролтой, физик математикийн багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй нөхцөл байдал тогтоогджээ.
22. Шүүгдэгч О.С нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэг нөхцөл байдал тус бүрд нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.С-ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.
23. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж зааснаар шүүгдэгч О.С-д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
24. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж зааснаар шүүгдэгч О.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
25. Шүүгдэгч О.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
26. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч О.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж х овогт О С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.С-ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.С.д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч О.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч О.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч О.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАЛГАТ