Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Данжаадын Уранчимэг |
Хэргийн индекс | 104/2017/00026/И |
Дугаар | 104/ШШ2017/00054 |
Огноо | 2017-02-09 |
Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 104/ШШ2017/00054
2017 оны 02 сарын 09 өдөр | Дугаар 104/ШШ2017/00054 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: ******* тоотод оршин суух, /РД:*******/ Хэрээт овогт Хатанбаатарын *******гийн
хариуцагч: ******* ******* тоотод оршин суух, /РД:/ овогт гийн *******т холбогдох
хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.*******, хариуцагч Х.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ихэрбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.******* шүүх хуралдаанд нэхэмжлэлээ дэмжин гаргасан тайлбартаа: Миний бие 2005 онд Зүүнхараа хотын 3 дугаар 10-н жилийн сургуулийг Х.*******тай хамт төгссөн. 2008 оноос 2009 оны хооронд хамтран амьдарсан. Бид нарын хамтран амьдрах хугацаанд 2009 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүү ******* төрсөн. Х.******* нь өөр эмэгтэйтэй харилцаатай болсны улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон юм. Тэр үеэс хойш хүү ******* маань миний асрамжид амьдарч, өсөж торниж байна. Одоо бид тус тусын амьдралтай болсон учир хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Х.******* шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гаргасан тайлбартаа: Х.******* бид хоёр 2008 оноос эхлэн хамт амьдарч байсан ба 2009 онд бидний дундаас хүү ******* маань мэндэлсэн. 2009 оноос хоорондоо таарч тохирохгүйн улмаас хамт амьдрахаа болисон. Би түүнээс хойш хүүдээ зориулж сар бүр тодорхой хэмжээний мөнгийг хүүгийн ээжид өөрийн сайн дураар өгч байсан. Сүүлийн үед мөнгө өгч чадаагүй нь үнэн. Х.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Гэр бүлийн тухай хуульд болон Иргэний хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэмжийг амьжиргааны баталгаажих түвшингийн доод хэмжээний 50 хувиар тогтоож өгнө үү. Цаашид хүүхдийнхээ сургууль болон бусад хэрэгцээний зүйлийг өөрийн бололцооны хэрээр шийдвэрлэнэ гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.******* хариуцагч Х.*******т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч шаардлагаа дэмжиж, хариуцагч Х.******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хүүгээ ээжийнх нь асрамжид үлдээн, тэжээн тэтгэнэ гэж тайлбар гаргалаа.
Иргэн Х.******* Х.******* нар сурагч байхаасаа хамт нэг ангид суралцан төгсөөд, 2008 оноос эхлэн дотно харьцаатай болон хамт амьдарч, тэдний дундаас 2009 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүү Э.******* төрсөн, хүү одоо төрүүлсэн эх Х.*******гийн асрамжид эрүүл бойжиж байгаа болох нь зохигчдын тайлбар, 2009 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн хүү Э.*******ийн 2009 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр улсын бүртгэлийн Г-3525 дугаарт төрөлт бүртгэсэн гэрчилгээний нотариатаар гэрчлэгдсэн хуулбар, Амь-Эрдэнэ өрхийн эрүүл мэндийн төвийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн эрүүл бойжиж байгаа тухай, Налайх дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 32 дугаар тодорхойлолтуудаар нотлогдож байна.
Х.*******, Х.******* нар гэрлэлтээ бүртгүүлээгүй нь хүүхдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах эцэг эхийн үүргээ хэрэгжүүлэхэд саад болохгүй бөгөөд 2009 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн хүү Э.*******ийг төрүүлсэн эцэг *******аар овоглон төрсний улсын бүртгэлд бүртгэжээ.
Одоо хүү Э.*******ийг төрүүлсэн эх Х.******* асарч халамжилж өсгөж байгаа мөн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар төрүүлсэн хүүхдээ эцэг эх нь асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул цаашид төрүүлсэн эцэг Х.*******аар хуульд заасан журмаар тэжээн тэтгүүлэн, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэстэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1.-д заасны дагуу анх гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба хангагдсан шаардлагад хариуцагдах улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хариуцагч Х.*******т хариуцуулав.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 63 дугаар зүйлийн 63.1.5., 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2., мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т зааснаар 2009 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн хүү Э.*******ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр төрүүлсэн эцэг Х.*******аар тэжээн тэтгүүлсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т зааснаар хариуцагч Х.******* зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй үед гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүйгээр тогтоосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1.-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Х.*******аас нэхэмжлэлийн хангагдсан дүн дээр тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэмжийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр нэмж тооцож, улсын тэмдэгтийн хураамжид 70 200 /далан мянга хоёр зуу/, 31 248 /гучин нэг мянга хоёр зуун дөчин найм/ бүгд 101 448 /нэг зуун нэг мянга дөрвөн зуун дөчин найм/ төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсогмогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ