Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 133/ШШ2022/00414

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн, шүүгч Н.Оюунбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар  

Нэхэмжлэгч: ПГ нэхэмжлэлтэй 

Хариуцагч: Д.Н-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Б., прокурор Д.П, хариуцагч Д.Н, түүний өмгөөлөгч Ж.Д, иргэдийн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан гэм хорын хохирол 3,570,572 төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан дахь 100900020080 тоот дансанд оруулах тухай

2. Нэхэмжлэлийн үндэслэл: Д.Н нь 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Говь-Алтай аймгийн Цогт сумын Төгрөг багийн нутаг “Шар сайрын хүрээ” гэх газарт өөрийн эзэмшлийн 74-59 ГАҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ухрах хөдөлгөөн хийх үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийн 10 дугаар бүлгийн 10.4-т заасан “Бусдад саад учруулахгүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэснийг зөрчиж, тээврийн хэрэгслийн ард явган сууж байсан Х.Ц-г мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогджээ.

Д.Н-н дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2016000590032 дугаартай тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна.

Улмаар 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 40 дугаартай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн ба Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Д.Н-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд 42 дугаартай шийтгэх тогтоолоор түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн.

Хохирогч Х.Ц нь Д.Н-н үйлдсэн дээрх гэмт хэргийн улмаас өөрийн биед учирсан гэмтлийг 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс аймгийн Нэгдсэн эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төвд 332 буюу гэмтлийн гаралтай өвчний оношоор оношилгоо хийлгэх, хэвтэн эмчлүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан бөгөөд түүний биед учирсан гэмтэлд тусламж, үйлчилгээ үзүүлсний төлбөрт аймгийн Нэгдсэн эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төвд нийт 3,865,145 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон байна.

Тус аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс “гэмт хэрэгт холбогдсон буруутай этгээдээс эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг хуульд заасны дагуу нэхэмжилж, төрийг хохиролгүй болгож өгнө үү” гэсэн агуулга бүхий хүсэлт ирүүлсэн.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад "гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлэх”-ээр,

Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж тус тус хуульчлан заасан байх тул Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан эмчилгээний зардлыг Д.Н-аас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Д.Н-аас Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан гэм хорын хохирол болох 3,865,145 төгрөгийг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан дахь 100900020080 дугаартай дансанд оруулж өгнө үү.   

3. Хариуцагчийн татгалзал: Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай

4. Хариуцагчийн татгалзлын үндэслэл: Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, ял оногдуулсан.

Миний бие тухайн үед шүүх хуралдаанд орохдоо хохирогч Х.Ц-д учирсан гэх эмчилгээ, сувилгааны зардал, Говь-Алтай аймаг болон Улаанбаатар хотруу явж, эмчлүүлсэн хохирлыг төлж барагдуулсан.

Одоо нэхэмжилж буй гэм хорын хохирол 3,865,145 төгрөгийг тухайн үед хохирогчид төлсөн гэж ойлгож байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.  

5. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт: Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан мөнгөн дүнг даатгалын санд буцааж төлөх нь зүйтэй гэж үзэж байна.

6. Нэхэмжлэгч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 16/105 дугаар албан бичиг

- Эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон тусламж, үйлчилгээний зардлын түүх

- Өвчний түүх/Х.Ц/

- Говь-Алтай аймгийн Цогт сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт

- Иргэний үнэмлэхийн лавлагаа/Д.Н/

- Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоол

- Говь-Алтай аймгийн Прокурорын газрын 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 40 дүгээр яллах дүгнэлт

- Говь-Алтай аймгийн Прокурорын газрын 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2016000590032 дугаар “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоол

- Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 89 дүгээр шинжээчийн дүгнэлт

- Яллагдагчийн мэдүүлэг/Д.Н/

- Хохирогчийн мэдүүлэг/Х.Ц/

7. Хариуцагч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: Үгүй

8. Шүүх бүрдүүлсэн нотлох баримт: Эрүүгийн 2016000590032 дугаартай хавтаст хэрэг/1 хавтас 321 хуудас/

ҮНДЭСЛЭХ нь:

1. Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 16/105 дугаар албан бичиг/хавтаст хэргийн 7 хуудас/-ээр прокурорыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлтийг Говь-Алтай аймгийн Прокурорын газарт гаргажээ.

Уг албан хүсэлтийн үндсэн дээр Говь-Алтай аймгийн Прокурорын газар нь Д.Н-т холбогдуулан эрүүл мэндийн даатгалын санд хохирол учруулсан үндэслэлээр 3,865,145 төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан дахь 100900020080 тоот дансанд оруулах тухай нэхэмжлэл/хавтаст хэргийн 1-3 хуудас/ гаргажээ.

Хариуцагч Д.Н нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч “Нэхэмжилж буй эмчилгээний зардал 3,865,145 төгрөгийг хохирогч Х.Цэцэгмаад төлсөн”/хавтаст хэргийн 66 хуудас/ гэсэн агуулга бүхий тайлбарыг гарган маргажээ.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, хариу тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

2. Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэжээ.

Хуулийн дээрх заалтаас үзэхэд уг шаардах эрх нь “гэм буруутай үйлдлийн улмаас бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учирсан байх”, “нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн байгууллага, бусад хуулийн этгээд нь амь нас, эрүүл мэндэд учирсантай холбогдсон төлбөр, тусламжийг хуульд заасны дагуу эсвэл харилцан тохиролцож буюу гэрээний үндсэн дээр гэм хор учирсан этгээдэд олгосон байх” гэсэн урьдчилсан нөхцөлтэй байна.

Эдгээр урьдчилсан нөхцөл хангагдсан тохиолдолд Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.2 дахь хэсэгт заасны дагуу гэм хорыг хариуцвал зохих иргэн, хуулийн этгээд нь буцаан нэхэмжилсэн шаардлагын дагуу уг хуулийн этгээдийг хохиролгүй болгох үүрэг хүлээнэ.

Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх хэсэгт заажээ.

3. Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/42 дугаар шийтгэх тогтоол/эрүүгийн хавтаст хэргийн 219-225 хуудас/-оор шүүгдэгч Д.Н-ыг Говь-Алтай аймгийн Цогт сумын Төгрөгийн багийн “Шар сайрын хүрээ” нэртэй газарт өөрийн эзэмшлийн 74-59 ГАҮ улсын дугаартай “Mitsubishi Pajero маркийн тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийх үедээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийн 10.4 дэх заалтыг зөрчиж, тээврийн хэрэгслийн ард явган сууж байсан хохирогч Х.Ц-г мөргөж эрүүл мэндэд нь 2 уушгины няцрал бүхий хүнд хохирол гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ. Уг шийтгэх тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр байгаа талаар хэргийн оролцогч нар маргаагүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэжээ.

Хуулийн дээрх заалтын дагуу Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дээрх шийтгэх тогтоолоор нэгэнт тогтоогдсон хариуцагч Д.Н нь эрүүгийн хэргийн хохирогч Х.Ц-гийн биед гэм хор учруулсан үйл баримтыг дахин нотлохгүй.

4. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Х.Ц нь S32/гэмтлийн гаралтай өвчин/ оношоор 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлэх, өндөр өртөгт оношилгоо, шинжилгээ хийлгэх зэргээр эмнэлгийн тусламж, үйлчилгээ авчээ.

Эдгээр эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрт 3,865,145 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн нь Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 16/105 дугаар албан бичиг/хавтаст хэргийн 7 хуудас/, эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон тусламж, үйлчилгээний зардлын түүх/хавтаст хэргийн 8 хуудас/, орлогын е-баримт/эрүүгийн хавтаст хэргийн 26 хуудас/ зэрэг бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх бөгөөд уг үйл баримттай зохигч маргаагүй.

5. Харин хариуцагч Д.Н нь “Эрүүл мэндийн даатгалын сангаас төлөгдсөн    эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний авсны төлбөр 3,865,145 төгрөгийг эрүүгийн хэргийн шүүх хуралдааны үеэр хохирогч Х.Ц-д төлсөн” гэж маргаж байгаа нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсонгүй. Тодруулбал:

5.1. Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/42 дугаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Шүүгдэгч Д.Н нь шүүхийн өмнөх шатанд хохирогчид эмчилгээний төлбөрт 4,600,000 төгрөг төлсөн талаар талууд мэдүүлсэн, гэм буруугийн шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон 4,427,250 төгрөгийг нөхөн төлөхөөр завсарлага авч хохирлыг нөхөн  төлсөн...” гэжээ./Эрүүгийн хавтаст хэргийн 223 хуудас/

5.2. Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/42 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлд “Даргалагчаас: шүүгдэгчээс гэм хорын хохиролд 4,427,250 төгрөг гаргуулах үндэслэлтэй, шүүгдэгч: өнөөдөртөө багтаагаад төлье, шүүгдэгчийн өмгөөлөгч: хохирол 4,427,250 төгрөг төлсөн баримтыг гаргаж өгөв” гэжээ./Эрүүгийн хавтаст хэргийн 213 хуудас/

5.3. Мөнгөн шилжүүлгийн баримтад “Гүйлгээний дүн 4,427,250 төгрөг, хүлээн авагчийн мэдээлэл Khuder Tsetsegmaa, шилжүүлэгчийн мэдээлэл Davaakhuu Naranjav гэжээ./Эрүүгийн хавтаст хэргийн 196 хуудас/

Дээрх бичмэл нотлох баримтаас үзэхэд хариуцагч Д.Н нь хохирогч Х.Ц-д эрүүгийн хэргийн шүүхээс тогтоосон 4,427,250 төгрөгийн хохирлыг бэлэн бусаар төлсөн үйл баримт тогтоогдож байхаас бус эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний авсны төлбөрт эрүүл мэндийн даатгалын сангаас төлөгдсөн 3,865,145 төгрөгийг төлсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Энэ тохиолдолд шүүх дээрх бичмэл нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.

6. Эрүүгийн 2016000590032 дугаартай хавтаст хэрэгт эрүүл мэндийн даатгалын сангаас төлөгдсөн хохирогч Х.Ц-гийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний авсны төлбөрт 3,865,145 төгрөгийг хариуцагч Д.Н-ыг төлсөн гэх нотлох баримт авагдаагүй байгааг дурдах нь зүйтэй.

Хариуцагч Д.Н нь  “Эрүүл мэндийн даатгалын сангаас төлөгдсөн    эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний авсны төлбөр 3,865,145 төгрөгийг төлсөн” гэх татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолсонгүй.

7. Дээрх үндэслэлээр  нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлсөн Говь-Алтай аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч Д.Н-аас эрүүл мэндийн даатгалын санд учруулсан гэм хорын хохирол 3,865,145 төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан дахь 100900020080 тоот дансанд оруулах эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Энэхүү шийдвэрээр “Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан мөнгөн дүнг буцааж төлүүлэх нь зүйтэй” гэсэн иргэдийн төлөөлөгч Б.О-гийн дүгнэлтийг эрх зүйн үндэслэлтэй гэж үзсэн олно.

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт “төсвийн байгууллагын нэхэмжлэл”, 41.1.14 дэх хэсэгт “прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн иргэний болон бусад хэрэг маргааныг хянан шийдвэрлүүлэхээр гаргасан нэхэмжлэл” нь тус тус улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр заажээ.

Хуулийн дээрх заалтын дагуу Говь-Алтай аймгийн Прокурорын газар нь Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлж, Д.Н-т холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдав.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ”, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт “...Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно...”, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу шүүхээс хангагдсан нэхэмжлэлийн үнийн дүн 3,865,145 төгрөг ногдох улсын тэмдэгтийн хураамж 76,792 төгрөгийг хариуцагч Д.Н-аас гаргуулан улсын орлого болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1, 513.2, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлсөн Говь-Алтай аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч Д.Н-аас эрүүл мэндийн даатгалын санд учруулсан гэм хорын хохирол 3,865,145/гурван сая найман зуун жаран таван мянга нэг зуун дөчин тав/ төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан дахь 100900020080 тоот дансанд оруулсугай.    

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1. 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Наранжаваас 76,792/далан зургаан мянга долоон зуун ерөн хоёр/ төгрөг гаргуулан улсын орлого болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3,  41.1.14 дэх хэсэгт заасны дагуу Говь-Алтай аймгийн Прокурорын газар нь нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлж, хариуцагч Д.Н-т холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.МӨНХБАТ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ц.ҮЙТҮМЭН

ШҮҮГЧ                                                Н.ОЮУНБИЛЭГ