Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 104/ШШ2017/00092

 
 

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 104/ШШ2017/00092

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: ******* тоотод оршин суух, /РД:*******/ *******ийн *******ын

хариуцагч: хэсэг хужир булан 1540 тоотод оршин суух, /РД:*******/ ******* овогт *******ийн *******т холбогдох

хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанднэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагч О.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энх-Амар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.******* О.*******тэй 2011 онд анх танилцаж дотносон, 2013 оны 2 сараас хамт амьдарч байгаад 2014 оны 5 сард хоорондоо таарамжгүй болоод салсан боловч 2014 оны 12 сардаа буцаж эвлэрч амьдраад 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр охин *******э төрүүлсэн. Гэрлэлтээ батлуулаагүй боловч охиноо эцгийнх нь нэрээр овоглосон. Охиноо төрснөөс хойш О.*******ийн ааш зан эрс хувирч өөр хүнтэй явах болсон тул тусдаа амьдраад 8 сар болж байна. Иймээс охин Т.*******д эцэг О.*******өөс хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч О.******* шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гаргасан тайлбартаа: Миний бие О.******* нь хүүхдийн эх болох Г.*******тай 2012 онд танилцаж, үерхэж эхэлсэн. 2014 оноос хамтдаа амьдарч байгаад 2015 онд Г.******* давхар биетэй болж 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр охин ******* төрсөн. Түүнээс хойш охиноо 10 сар хүртэл хамт байсан. Энэ хооронд байнгын хэрүүл маргаантай байдаг байсан. Улмаар би салахаар шийдэж 2 талд амьдарсаар өдийг хүрсэн. Г.*******ын нэхэмжлэлийн дагуу би охиндоо тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.******* хариуцагч О.*******т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч шаардлагаа дэмжиж, хариуцагч О.******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, охиноо тэжээн тэтгэнэ гэж тайлбар гаргалаа.

Иргэн Г.******* О.******* нар 2011 онд танилцан, 2013 оноос дотно харилцаатай болж хамт амьдарч, тэдний дундаас 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр охин ******* төрсөн, охин одоо төрүүлсэн эх Г.*******ын асрамжид эрүүл бойжиж байгаа болох нь зохигчдын тайлбар, Налайх дүүргийн 7 дугаар хорооны 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 225 дугаар, мэндийн төвийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн эрүүл бойжиж байгаа тухай тодорхойлолтууд, 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн охин Т.Амин-Эрдэнийн 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн улсын бүртгэлийн дугаарт төрөлт бүртгэсэн гэрчилгээний нотариатаар гэрчлэгдсэн хуулбар зэрэг баримтуудаар нотлогдож байна.

 

Г.******* О.******* нар гэрлэлтээ бүртгүүлээгүй нь хүүхдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах эцэг эхийн үүргээ хэрэгжүүлэхэд саад болохгүй бөгөөд 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн охин Т.Амин-Эрдэнийг төрүүлсэн эцэг *******өөр овоглон төрсний улсын бүртгэлд бүртгэжээ.

 

Одоо охин Т.Амин-Эрдэнийг төрүүлсэн эх Г.******* асарч халамжилж өсгөж байгаа мөн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар төрүүлсэн хүүхдээ эцэг эх нь асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул цаашид төрүүлсэн эцэг О.*******өөр хуульд заасан журмаар тэжээн тэтгүүлэн, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэстэй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1.-д заасны дагуу анх гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба хангагдсан шаардлагад хариуцагдах улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хариуцагч О.*******т хариуцуулав.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 63 дугаар зүйлийн 63.1.5., 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2., мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т зааснаар 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн охин Т.Амин-Эрдэнийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр төрүүлсэн эцэг О.*******өөр тэжээн тэтгүүлсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т зааснаар хариуцагч О.******* зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй үед гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүйгээр тогтоосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1.-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч О.*******өөс нэхэмжлэлийн хангагдсан дүн дээр тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэмжийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр нэмж тооцож, улсын тэмдэгтийн хураамжид 70 200 /далан мянга хоёр зуу/, 31 248 /гучин нэг мянга хоёр зуун дөчин найм/ бүгд 101 448 /нэг зуун нэг мянга дөрвөн зуун дөчин найм/ төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсогмогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ