| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 2003002650170 |
| Дугаар | 2021/ДШМ/308 |
| Огноо | 2021-03-25 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Т.Серикжан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 2021/ДШМ/308
Б.Б холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Б.Зориг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.О
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Х.Даваахүү,
нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 01 дугаар сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/72 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Х.Даваахүүгийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Б холбогдох 2003002650170 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 3 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
/,
Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 03 дүгээр сарын 27-ны шөнө 23 цаг 00 минутын үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Хөдөө Аж Ахуйн Яамны урд замд “Тоёота Приус-20” загварын 53-34 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Я.Г-ийг мөргөж, амь нас хохирсон, мөн хэргийн газрыг зориуд орхиж зугатаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Б.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Б-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэргийг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Б тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус зааснаар Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 900.000 төгрөгөөр торгох ялыг 60 хоногоор тооцож, нийт эдлэх хорих ялыг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Б оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Бгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолж, шүүгдэгч Б.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сиди-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Б.Бгийн №1150333 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий Газрын Бүртгэл хяналтын төвд шилжүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч Х.Даваахүү давж заалдах гомдолд болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Б нь хэрэг үйлдэгдсэн үеэс эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг 100 хувь төлж барагдуулж бусдад төлөх төлбөргүй бөгөөд анх удаа тохиолдлын шинжтэй, болгоомжгүй үйлдлийг үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг нь гэмт хэргийн ангилалын хөнгөн гэмт хэрэгт багтдаг. Б.Б нь нас залуудаа алдсандаа маш их гэмшиж байгаа байдлыг харгалзан хорихоос өөр төрлийн ял болох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр тэнсэж, 1 жилийн хорих ялыг өөрчилж өгнө үү.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэж байна. Учир нь, хэрэг үйлдэгдэх үед Борхүү нь сэтгэл санааны хувьд цочиролд орж сандарсан. Энэ байдал нь үргэлжилж байсан нь Сэтгэц судлалын үндэсний хүрээлэнгийн эмч нарын өгсөн мэдүүлэгээр нотлогдож байдаг. Хэргийн газрын үзлэг дээр өөр байсан, цагдаагийн ажилтанд жолооч би гэдгээ хэлж, үзлэгт оролцож өөрийн биеэр согтууруулах ундаа уусан эсэхийг шалгуулах үйлдлийг хийсэн цагдаагийн албан хаагчид эрэн сурвалжлах ажиллагаа хийгээгүй. Үнэхээр зугтаасан гэж үзэх бол өөрийгөө илэрхийлж ирсэн гэж үзэх боломжтой гэж үзэж байна. Санаатай үйлдэл биш тул зугтсан гэх үйлдэл эргэлзээтэй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдолд болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие санамсар болгоомжгүй байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн тус хэрэг үйлдсэн цагаас хойш өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, тус хэрэгт маш их гэмшиж дахин гэмт хэрэг үйлдэхгүй болохыг амлаж байна. Хувийн баталгаа гаргаснаас хойш гэмт хэрэг зөрчил гаргаагүй болно. Өөрийн өмгөөлөгч Х.Даваахүүгийн саналыг дэмжин оролцож байна. Миний бие Дотоод Хэргийн Их Сургуулийн цагдаагийн сургуулийн “Цагдаа, Эрх зүйч мэргэжлээр төгсөх курсэд суралцаж байгаа. Миний эхнэр Л.Хулан 9 сар гарантай өнөө маргаашгүй төрөх тул миний болон ар гэрийн байдлыг минь харгалзан үзэж, нийгэмшин төлөвших боломж олгож хорихоос өөр төрлийн /тэнсэн харгалзах/ ялаар шийтгэж, ялыг хөнгөрүүлж өгнө үү. …” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэр бүлээ төлөөлж шүүх хуралдаанд оролцож байна. Хүнээ алдсан харамсалтай хэрэг гарсан боловч нөгөө талдаа хүндэтгэлтэй хандсан. Оршуулгын зардал болон бусад зардлыг иргэний журмаар барагдуулахаар тохиролцож, нэхэмжлэлийг барагдуулна гэсэн учраас гомдолгүй гэсэн бичиг хийж өгсөн. Гэтэл өнөөдрийг болтол үлдсэн хохирлыг барагдуулаагүй байна. Монгол Улсын хэмжээнд зам тээврийн осол их гарч байгаа боловч иргэдийн хариуцлага хэвээр байгаад харамсаж байна. Хохирол барагдуулах талаар үнэн, зөв дүгнэлт хийж өгнө үү. ...” гэв.
Прокурор Т.Серикжан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтад нийцсэн, хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Б.Б холбогдох 2003002650170 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 03 дүгээр сарын 27-ны шөнө 23 цаг 00 минутын үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Хөдөө Аж Ахуйн Яамны урд замд “Тоёота Приус-20” загварын 53-34 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “Арван зургаа.Явган хүний гарц нэвтрэх” зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан “...Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасах, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө. ...” гэсэн заалтыг зөрчиж явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Я.Г-ийг мөргөж, амь нас хохирсон, тус хэргийн газрыг зориуд орхиж зугатаасан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Оийн: “...2020 оны 3 дугаар сарын 27-ны шөнө 23 цагийн үед над руу Улаанбаатар хотоос хамт явсан гэх залуу утсаар суманд байгаа хүн лүү надад хэлээд өгөөч гэсэн байсан, дараа нь Улаанбаатар хотод байгаа дүү нартай холбогдож, осол гарч, нас барсан гэж мэдсэн. ...” /1-р хх 31-32/,
гэрч Д.Б: “...Талийгаач Я.Гбид хоёр урагшаа төв зам дагуу алхаад “Нэгдэлчин” зочид буудал руу хальт ороод ажиллаж байгаа юу гэж асуучихаад, гарцаар зорчих хэсгийн урдаас хойш чиглэлтэй би талийгаачийн зүүн гар талд хоорондоо нэг алхам зайтай алхаж явсан. Гэнэт миний зүүн гар талаас марк, дугаарыг нь хараагүй, цагаан өнгийн жижиг машин маш хурдтай ороод ирсэн. Би сандраад урагшаа тэмүүлж зугатаасан, ард түс гэх чимээ гарсан, талийгаач зүүн хойд зүгт үсрээд явсан. Харин осол гаргасан машин чигээрээ яваад өгсөн. ...” /1-р хх 118/,
гэрч Э.М: “...Б.Б их хурдтай, автомашинуудын дундуур сүлжээд яваад байх шиг байсан. Миний бие наашаа, цаашаа болоод байхаар нь хурдтай явж байна гэж бодоод урагшаа зам руу харахад 1 болон 2 дугаар эгнээнд машинууд зогсчихсон байсан ба 3 дугаар эгнээд машин байхгүй байсан шиг санагдаж байна. Тэгээд 3 дугаар эгнээ рүү орж байхад гэнэт ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлтэй явган хүний гарцаар 2 хүн урд, хойно ороод алхаад явж байсан ба Б.Б тэр хоёр хүний хойно нь явж байсан хүнийг мөргөөд шууд чигээрээ Бөхийн өргөө чиглэлтэй яваад өгөхөөр нь би чи чинь хүн мөргөчихлөө шүү дээ гээд хэлсэн чинь одоо хоёулаа гэртээ харих уу, яах уу гээд их л сандарсан байдалтай байхаар нь “...юу яриад байгаа юм бэ, чи бид хоёр хаана, ямар сургуульд сурдаг билээ. Тэгж болохгүй шүү дээ, хаа саагүй камер байгаа шүү дээ...” гэж хэлэхэд Б.Б машинаа Бөхийн өргөөний хажууд очиж зогсоод, машинаа тэнд үлдээгээд бид хоёр хэргийн газарт гүйж очсон чинь автомашинд мөргүүлсэн хүн дээшээ харсан байдалтай замын хойд талын эгнээнд хувцас нь дээшээ шуугдчихсан байрлалтай хэвтэж байсан. ...” /1-р хх 120-121/,
гэрч Б.М: “...Арслантай гүүр өнгөрөөд Хөдөө Аж Ахуйн Яамны уулзвар дөхөж явтал машины зүүн талаар нэг машин их хурдан орж ирээд уулзварын баруун талын явган хүний гарцаар гарч явсан энгийн хувцастай 40-50 орчим настай баймаар ахыг явган хүний гарцан дээр мөргөөд зогсолгүй цааш яваад өгсөн. Хурдаа хасаагүй, тормос гишгээгүй, 1 дүгээр эгнээгээр яваад өгсөн. Тэгээд Бөхийн өргөөний уулзвараар урагшаа эргэсэн байх цагаан өнгийн Тоёота Приус машин байх шиг харагдсан. Нэг хойноос нь явдаг юм бил үү гэж бодоод, мөргүүлсэн явган зорчигчид тусламж үзүүлэх гээд тэндээ үлдээд өөрийн эзэмшлийн 99255707 дугаарын гар утсаар цагдаа 102-т, эмнэлэг 103-т дуудлага өгсөн. ...” /1-р хх 124/,
гэрч Н.Ч: “...Хөдөө Аж Ахуйн Яамны уулзвар дээр буцаж эргээд автобусны буудлын хажууд явж байхад машины хойд талд түс хийх чимээ гарсан. Манай нөхөр сонсоогүй юм шиг байсан, чи зогсоод машины хойд талд нэг юм унах шиг боллоо, гараад үзээд ир гэсэн. Манай нөхөр машинаас буугаад гарч үзээд зам тээврийн осол болсон, хүн мөргүүлсэн юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд би машин дотор сууж байхдаа өөрийн эзэмшлийн 88009794 дугаарын гар утсаар 103 түргэн тусламжийн төвд холбогдож болсон ослын талаар хэлсэн. Гэтэл “та 102 цагдаагийн утсанд дуудлага өг” гэсэн. Тэгсэн замын цагдаагийн утсанд холбож өгсөн, би дахин болсон ослын талаар хэлсэн. ...” /1-р хх 126/,
Б.Бгийн яллагдагчаар мэдүүлсэн: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг би хүлээн зөвшөөрч байсан. Харин 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хүлээн зөвшөөрмөөргүй байна. Учир нь тухайн үед би шоконд орсон байсан учраас гэнэт чи хүн мөргөсөн гэж манай найз Мөрөн хэлсэн. Тэгээд зогсоол дээр машинаа байрлуулаад хэргийн газарт гүйгээд очсон. Санаатай хэргийн газрыг орхиж яваагүй. Тухайн үед миний гар утас цэнэг дууссан байсан учраас тэнд байсан хүмүүс болон цуг явсан Мөрөнд цагдаа, эмнэлэг дууд гэж хэлсэн. ...” /1-р хх 240/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 806 дугаартай: “...Талийгаачийн цээжний зүүн хэсэгт 1,2,3,4,5,6,7,8-р хавирганы хоёрлосон болон гурвалсан хугарал, хүзүүний 1-р нугалам дээд хэсгийн бүрэн бус мултрал, хүзүүний 2-р нугалам доод болон сээрний 4-р нугалам доод хэсгийн бүрэн салсан хугарал, зүрхний зүүн чихэвчний задарсан шарх, үнхэлцэг хальсны урагдал, гол судасны нум уруудах хэсгийн тасрал, язрал, зүүн уушигны дээд дэлбэн дунд дэлбэн шарх, цээжний хөндийдөх цус хуралдалт /1000 мл цус/, баруун шилбэ, тахилзуур ясны ташуу сэлтэрсэн, зүүн дунд чөмөгт ясны хөндлөн далд хугарал, дагзанд язарсан шарх, зүүн дал, зүүн өгзөгт зулгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлийг авсан дарааллыг тогтоох боломжгүй. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь дээрх цээж, мөчдийн хавсарсан гэмтлээр нас баржээ.” /1-р хх 144-148/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 1696 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас олдсон хар хөх өнгийн наалттай, хуванцар хагархай эд зүйлүүд нь Тоёота Приус 20 маркийн 53-34 УБЦ улсын дугаартай автомашины зүүн их гэрлийн бүрхүүл мөн байна.” гэх дүгнэлт /1-р хх 157-162/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 1920 дугаартай “...дэлгэцийн цагаар 2020-03-27, 22:44:35 секундэд дэлгэцийн зүүн дээд буланд явган хүний гарцын тэмдэг, тэмдэглэгээгээр зам хөндлөн гарч явсан явган зорчигчийг авто замын дэлгэцийн цаанаас наашаа чиглэлтэй урсгалын 3 дугаар эгнээний орчимд очих үед дэлгэцийн цаанаас наашаа чиглэлтэй зорчиж явсан хүнийг Тоёота Приус-20 маркийн автомашин зүүн урд хэсгээрээ мөргөж байна.” /1-р хх 207-209/,
Тээврийн цагдаагийн албаны 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 241 дугаартай: “Тоёота Приус-20 маркийн 53-34 УБЦ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Гурав. Жолоочийн үүрэг: 3.5-д Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх: б/осолд өртсөн хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/ ...тэмдэглэлүүдэд уг газартаа буцаж ирэх. ...г/тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог, нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осол холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах. Арван зургаа. Явган хүний гарц нэвтрэх: 16.1-д “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасах, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө” гэх заалтуудыг зөрчсөн үндэслэлтэй байна.” /1-р хх 215-216/ гэх шинжээчийн дүгнэлтүүд,
автомашинд үзлэг хийсэн: “Тоёота Приус-20 загварын 53-34 УБЦ улсын дугаартай автомашины дотор болон гадна үзлэг хийхэд урд талын нүүр нь хар нүүрэвчтэй, улсын дугаар нь доош харсан байдалтай, капот хонхойж эвдэрсэн, зүүн урд их гэрэл хагарсан, урд талын гупер зүүн талдаа хонхойсон, зүүн урд талд байрлах чирэгчийн тал унасан, зүүн урд талын крыло зурагдсан байв.” гэх тэмдэглэл /1-р хх 14-15/,
хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн: “Хөдөө Аж Ахуйн Яамны эсрэг урд талаас хойш чиглэлд гарч явсан явган зорчигчийг мөргөөд, явган зорчигч зорчих хэсгийн хойд талын эсрэг урсгал руу шидэгдэн, уг цагаан өнгийн суудлын автомашины зүүн талын гэрэл нь асахгүй, зүүн чиглээд нэгдүгээр эгнээгээр “Бөхийн өргөө”-ний уулзвар луу цагаан өнгийн Тоёота Приус маркийн улсын дугаар нь харагдахгүй тээврийн хэрэгсэл зорчиж байлаа.” гэх тэмдэглэл /1-р хх 28-29/,
зам тээврийн ослын үзлэгээр тогтоосон байдал, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 12-13, 16-21/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.
Шүүгдэгч Б.Бгийн “Тоёота Приус-20” загварын 53-34 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөө Аж Ахуйн Яамны урд замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “Арван зургаа.Явган хүний гарц нэвтрэх” зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан “...Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасах, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө. ...” гэсэн заалтыг зөрчиж явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Я.Г-ийг мөргөж, амь нас хохирсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн 3 дахь зүйлд заасан “...Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас ...хүний амь нас хохирсон...” гэсэн хүндрүүлэх шинжийг, тус гэмт хэрэг үйлдсэн хэргийн газрыг зориуд орхиж зугатаасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлд заасан “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...Энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан...” гэсэн шинжийг тус тус бүрэн агуулсан байна.
Анхан шатны шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хэргийн бодит байдалтай нийцсэн төдийгүй Б.Бгийн үйлдлүүдийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг тогтооход хангалттай байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.
Шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн буюу хохирогч талд учирсан хохирлын төлбөрийг хэрэгт байгаа баримтаар үндэслэлтэй тооцож шийдвэрлэсэн байна.
Гэрч Д.Б: “...Гэнэт миний зүүн гар талаас марк, дугаарыг нь хараагүй, цагаан өнгийн жижиг машин маш хурдтай ороод ирсэн. Би сандраад урагшаа тэмүүлж зугатаасан, ард түс гэх чимээ гарсан, талийгаач зүүн хойд зүгт үсрээд явсан. Харин осол гаргасан машин чигээрээ яваад өгсөн. ...” /1-р хх 118/,
гэрч Э.М: “...Б.Б тэр хоёр хүний хойно нь явж байсан хүнийг мөргөөд шууд чигээрээ Бөхийн өргөө чиглэлтэй яваад өгөхөөр нь би “чи чинь хүн мөргөчихлөө шүү дээ” гээд хэлсэн чинь “одоо хоёулаа гэртээ харих уу, яах уу” гээд их л сандарсан байдалтай байхаар нь “юу яриад байгаа юм бэ, чи бид хоёр хаана, ямар сургуульд сурдаг билээ. Тэгж болохгүй шүү дээ, хаа саагүй камер байгаа шүү дээ” гэж хэлэхэд Б.Б машинаа Бөхийн өргөөний хажууд очиж зогсоод, машинаа тэнд үлдээгээд бид хоёр хэргийн газарт гүйж очсон. ...” /1-р хх 120-121/,
гэрч Б.М: “...явган хүний гарцаар гарч явсан энгийн хувцастай 40-50 орчим настай баймаар ахыг явган хүний гарцан дээр мөргөөд, зогсолгүй цааш яваад өгсөн. Хурдаа хасаагүй, тормос гишгээгүй, 1 дүгээр эгнээгээр яваад өгсөн. ...” /1-р хх 124/ гэх мэдүүлгүүд,
хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн: “Хөдөө Аж Ахуйн Яамны эсрэг урд талаас хойш чиглэлд гарч явсан явган зорчигчийг мөргөөд, явган зорчигч зорчих хэсгийн хойд талын эсрэг урсгал руу шидэгдэн, уг цагаан өнгийн суудлын автомашины зүүн талын гэрэл нь асахгүй, зүүн чиглээд нэгдүгээр эгнээгээр “Бөхийн өргөө”-ний уулзвар луу цагаан өнгийн Тоёота Приус маркийн улсын дугаар нь харагдахгүй тээврийн хэрэгсэл зорчиж байлаа.” гэх тэмдэглэл /1-р хх 28-29/,
Тээврийн цагдаагийн албаны 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 241 дугаартай: “Тоёота Приус-20 маркийн 53-34 УБЦ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Батсайхан овогтой Борхүү нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Гурав. Жолоочийн үүрэг: 3.5-д Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх: б/осолд өртсөн хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/ ...тэмдэглэлүүдэд уг газартаа буцаж ирэх. ...г/тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог, нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осол холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах. ...” гэх заалтуудыг зөрчсөн нь үндэслэлтэй байна.” /1-р хх 215-216/ гэх шинжээчийн дүгнэлт зэргээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг үйлдсэн Б.Бгийн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйлдэл нь нотлогдож тогтоогдсон байна.
Шүүхээс Б.Б:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэсэн ялаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах “...дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэсэн ялаас торгох төрлийн сонгож, 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулсан,
хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээ, нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдалд тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ гэж давж заалдах шатны шүүх дүгнээд шүүгдэгч Б.Бгийн “...оногдуулсан ялыг хөнгөрүүлж, тэнсэж өгнө үү...”, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүүгийн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдээгүй тул хэрэгсэхгүй болгож, ...тэнсэх эрүүгийн хариуцлага хүлээлгэж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/72 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Х.Даваахүү нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ