Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 201/МА2019/00012

 

 

 

 

 

“ДНАА” ОНӨААТҮГазрын

нэхэмжлэлтэй, Г.А-д холбогдох хэргийн талаар

 

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Ж.Долгормаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 15-ны өдрийн 138/ШШ2019/00301 дүгээр шийдвэртэй “ДНАА” ОНӨААТҮГазрын нэхэмжлэлтэй, хариуцагч Г.А-д холбогдох Үйлчилгээний төлбөр 1889855.08 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хариуцагч Г.А-гийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 05 сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.О, хариуцагч Г.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч “ДНАА” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Г.А нь 2014 оны 11, 12 сар, 2015 оны 01-12 сар, 2016 оны 01-12 сар, 2017 оны 01-12 сар, 2018 оны 01-12 сар, 2019 оны 01 сарын үйлчилгээний төлбөрт нийт 1 889 855.08 төгрөгийг төлж барагдуулаагүй тул дээрх төлбөрийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Г.А нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн ... дугаар байрны ... тоотод оршин суудаг бөгөөд манай байгууллага хангагч байгууллагын хувьд уг орон сууцны цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээг үзүүлдэг. Г.А нь урьд өмнө нь өр төлбөртэй байсан учир усны тоолуур тавьж өгөөгүй нь үнэн. Манайх өр төлбөртэй айлуудын цэвэр усыг хязгаарладаг. Ингэж хязгаарлахдаа усны тоолуурыг нь салгаж, цэвэр усыг нь зогсоодог. Гэтэл Г.А нь одоо хүртэл ус хэрэглэсээр байгаа. Тоолуурын оронд богино холболтоор холбоод ус хулгайгаар хэрэглэж байгаа болохыг нь бид фото зургаар баталгаажуулж шүүхэд өгсөн. Төлбөрийн өргүй болсон тохиолдолд тоолуурыг нь тавьж өгч болно. Гэвч манайх Г.А-гаас цэвэр, бохир усны төлбөр огт нэхэмжлээгүй. Зөвхөн халаалт, усны суурь хураамж болон дулааны суурь хураамж, хог тээвэр, ус халаасны төлбөрийг л нэхэмжилсэн. Бид усыг задгайгаар айл өрхүүдэд бичдэггүй. Мөн алданги нэхэмжлээгүй. Гэрээний хувьд гэрээнийхээ хугацааг сунгуулаарай гэж олон удаа хэлсэн боловч гэрээгээ ирж сунгуулдаггүй. Мөн байрныхаа бичиг баримтыг авчраад оршин суугчийн бүртгэлээ өөрчлүүлэх ёстой гэдгийг хэлсэн боловч бичиг баримтаа авчраагүй учраас хуучин бүртгэлээрээ явж байгаа. Манай байгууллага сар болгон төлбөрийн мэдээллийг оршин суугчийн гар утас руу явуулдаг. Цаасан баримт өгдөг байснаа болиод удаж байна. Г.А нь төлбөрөө сар бүр банкин дээр очиж төлдөггүй учраас төлбөрийн баримтанд ямар ямар төлбөр бичигддэг талаар мэдэхгүй байна. Эсхүл манай байгууллагын утсаар холбогдоод хэдэн төгрөгийн төлбөр гарсан задаргааг лавлах бүрэн боломжтой.

Иймд хариуцагчаас орон сууцны үйлчилгээний төлбөрт өмнөх шүүхийн шийдвэрээр гаргуулсан 2014 оны 10 сарын төлбөрийн үлдэгдэл 17 493.75 төгрөг, 2014 оны 11, 12 сарын төлбөр 91 771.2 төгрөг, 2015 оны төлбөр 505 762.78 төгрөг, 2016 оны төлбөр 412 406.35 төгрөг, 2017 оны төлбөр 411 948.20 төгрөг, 2018 оны төлбөр 409 204.80 төгрөг, 2019 оны 01 сарын төлбөр 41 268 төгрөг буюу нийт 1 889 855.08 төгрөгийг нэхэмжилж байна. Манайх урьд нь буюу 2014 оны 10 сард Г.А-гаас 2013 оны 02 сараас 2014 оны 10 сар дуусталх хугацааны төлбөрт 633984.75 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу шүүхийн шийдвэр гарсан. Гэвч төлбөр хийгдэхгүй явсаар байгаад 2017 оны 10 сард уг төлбөрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаар албадан гүйцэтгүүлсэн. Үүнээс үлдэгдэл 17 493.75 төгрөгийг Г.А нь төлөөгүй байгаа тул уг мөнгийг нэхэмжлэлийн шаардлага дээр нэмж нэхэмжилсэн байгаа. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.А шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх Хэрлэн сумын 7 дугаар багийн ... дугаар байрны ... тоотод оршин суудаг нь үнэн. Би хүүтэйгээ ам бүл хоёулаа амьдардаг учраас усны тоолуур тавьж өгөөч гэж удаа дараа ДНАА-д хүсэлт гаргаж байсан. Гэтэл танайх өртэй гээд тоолуур тавьж өгдөггүй. Хүүтэйгээ хоёулхнаа амьдардаг, усны тоолуургүй атал сар бүр 40 гаруй мянган төгрөг автоматаар бичээд байдаг учраас би хүлээн зөвшөөрдөггүй юм. Усаа задгайгаар бичдэг. Нийтийн аж ахуйгаас надад нэг ч удаа төлбөрийн задаргаа бичсэн баримт өгч байгаагүй.Нэг ч удаа манайхаар орж ирдэггүй, иргэддээ мэдээлэл өгч санал хүсэлтийг нь хүлээж авч үйлчлэх ёстой байгууллага байтал ус зэвтэй байна уу, танайх тоолуургүй яаж байна гэх мэтээр огт орж ирж санал хүсэлт авч байгаагүй. Одоо хүртэл ус зэвтэй гоождог. Манайд усны тоолуур тавьж өгөхгүй болохоор нь би Нийтийн аж ахуйн слесарийг нь дуудаж уян холбоогоор холбож байгаад усаа авдаг. Би ус хулгайгаар хэрэглээгүй. Мөн миний ээж 2013 онд нас барсан байтал одоо болтол оршин суугчийн бүртгэл нь Сэржмядаг гэсэн нэрээр ам бүл 3 гэж явдаг. Надтай огт гэрээ байгуулаагүй. Өмнө нь гэрээтэй байсан боловч гэрээгээ сунгаагүй. Иймд миний бие зөвхөн тэтгэврийн мөнгөөр амьдардаг учир нэхэмжлээд байгаа мөнгийг төлж чадахгүй. Усны тоолуур тавьж өгөөгүй цагт би нэг ч төгрөг төлөхгүй. Мөн 2014 оны 11 сараас эхэлж мөнгө нэхэмжилсэн байна. Хөөн хэлэлцэх хугацаа гэж байдаг. Надад мөнгөө төл гэж нэг ч удаа хэлж байгаагүй гэжээ.

            Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 15-ны өдрийн 138/ШШ2019/00301 дүгээр шийдвэрээр:

            Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т заасныг баримтлан хариуцагч Г.А-гаас орон сууцны үйлчилгээний төлбөрт 1 233 009.35 /нэг сая хоёр зуун гучин гурван мянга есөн төгрөг гучин таван мөнгө/ төгрөгийг гаргуулан “ДНАА” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 656 845.73 /зургаан зуун тавин зургаан мянга найман зуун дөчин таван төгрөг далан гурван мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45 188 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.А-гаас улсын тэмдэгтийн хураамжид 34 142 төгрөгийг гаргуулан “ДНАА” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт олгож, ...шийдвэрлэжээ.

Хариуцагч Г.А давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Миний бие нэхэмжлэгч “ДНАА” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас гаргаж өгсөн нотлох баримттай бүрэн танилцаж ойлгож чадаагүй, нэмэлт нотлох баримт ч гаргах аргагүй буюу нэг ёсондоо эрхээ хангуулах боломжит хугацаагүйгээр шүүх хуралдааны өмнө танилцуулж гарын үсэг зуруулсан нь шүүхийн шийдвэр миний эсрэг гарахад нөлөөлсөн гэж үзэж байна.

Шүүхээс миний татгалзаж буй үндэслэл болох Г.А гэх иргэнтэй ус дулаан хангамж нийлүүлэх тухай гэрээг байгуулаагүй гэж маргаж байхад шийдвэртээ энэ талаар дурдаж дүгнээгүй нь шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Ер нь манай аймагт ганцхан байх төрийн өмчит үйлдвэрийн газрын монополь байдлаас болж иргэд хохирч байна. Үйлчилгээний байгууллага бол хэрэглэгчийг дээдлэн бүрэн үйлчилгээ үзүүлж чадахгүй одоо болтол манай усны тоолуур тавьж өгөхгүй хохироогоод байгаад шүүх арга хэмжээ аваагүй.

Надаар төлүүлэх шийдвэр гарсан мөнгөн төлбөр нь сард хэдэн төгрөг төлөх нэхэмжлэлтэй гэдэг нь ойлгомжгүй. Энэ талаар шүүх шийдвэртээ ойлгомжгүй хэт ерөнхий тусгаж үндэслэх хэсэгтээ маргааны үйл баримтыг дэлгэрүүлж бичээгүй нь шүүхээр шийдүүлсэн хэргээ ч ойлгохгүй маргахад хүргэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. Би нотлох баримттай бүрэн танилцаад нэмэлт нотлох баримт зэргийг гаргах боломжит хугацаагаар хангуулж эрхээ бүрэн эдэлмээр байна” гэжээ.

                                                         ХЯНАВАЛ:

 

            Нэхэмжлэгч “ДНАА” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй хариуцагч Г.А-гаас үйлчилгээний төлбөрт 1889 855.08 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч Г.А нь  өөрийн амьдардаг Хэрлэн сумын 7 дугаар баг, ... дугаар байрны ... тоотын 2014 оны 11, 12 сар, 2015 оны 01 сараас 2019 оны 01 сарыг дуусталх хугацааны үйлчилгээний төлбөр болох байрны дулаан буюу халаалт, хог тээвэр, усны суурь хураамж, ус халаасны төлбөрийг төлөөгүй болох нь зохигчдын тайлбар, сар бүр төлөх төлбөрийн тооцооны хуудас, төлбөр тооцооны дэлгэрэнгүй тайлан гэх баримтуудаар нотлогдож байна. /хх-ийн 4-8, 29-32 дахь талууд/

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэсэн хуулийн шаардлагатай нийцсэн байна.

 

            Хариуцагч Г.А шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, хэргийг боломжит хугацааны өмнө танилцуулаагүй гэсэн давж заалдах гомдол гаргасан байна.

            Хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг судалж үзэхэд хариуцагчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан гэдэг нь тогтоогдохгүй байна. Тухайлбал, анхан шатны шүүх нэхэмжлэлийг 2019 оны 01 сарын 29-ний өдөр хүлээн авч, 2019 оны 02 сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, 2019 оны 02 сарын 04, 02 сарын 13, 03 сарын 01-ний өдрүүдэд хариуцагч Г.А-тай өөрийнх нь 89949436 дугаар бүхий утсаар ярьж шүүхэд ирэхийг мэдэгдэхэд, хариуцагч нь “Би очихгүй ээ, нэхээд байгаа мөнгийг төлөхгүй, та нар албаддаг газраараа албадаад ирүүл, НАА манай төлбөрийг задгайгаар бичдэг, тоолуур тавьж өгдөггүй” гэж хэлээд  шүүхэд ирээгүй байна. /хх-ийн 1, 9-12 дахь талууд/

            Анхан шатны шүүх 2019 оны 03 сарын 19-ний өдөр “Хариуцагчийг албадан ирүүлэх тухай” захирамж гаргаж хариуцагч Г.А-г албадан ирүүлэх ажиллагааг гүйцэтгэхийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгаж, захирамжийн нэг хувийг мөн өдрөө Цагдаагийн газарт хүргүүлсэн байна. /хх-ийн 13-16 дахь талууд/

            Цагдаагийн газраас хариуцагч Г.А-тай утсаар ярьсны дараа хариуцагч шүүхэд ирж, нэхэмжлэлийн нэг хувийг 2019 оны 03 сарын 21-ний өдөр гардан авч, хариу тайлбараа ирүүлжээ. Уг тайлбарт “... нэг сард ямар үндэслэлээр хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна...” гэж дурдсаны дагуу  нэхэмжлэгч талаас хариуцагч Г.А-гийн төлөөгүй үйлчилгээний төлбөрийн сар бүрийн  баримтыг нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн байна.

            Мөн анхан шатны шүүхээс хариуцагч Г.А-г шүүхэд ирж хэргийн материалтай танилцах талаар өөрийнх нь эзэмшдэг ... дугаар утас руу ярьж мэдэгдэхэд “ эмнэлэгт хэвтэж байна, эмнэлгээс гарах боломжгүй байна, 2019 оны 04 сарын 13-нд эмнэлгээс гараад хуралдаа шууд очьё” гэсэн хариу өгсөн байна. /хх-ийн 42, 48, 49 дэх талууд/

            Хэргийн 51 дэх хуудсанд авагдсан баримтаар /баримт №6/ анхан шатны шүүх хариуцагч Г.А-д хэргийн материалтай танилцуулсан байна.

            Дээрх баримтуудаас үзэхэд анхан шатны шүүх нь хариуцагч Г.А-д хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэх боломжийг хангасан байх тул хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй тул гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Хариуцагч Г.А-гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 34142 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

            Хариуцагч Г.А-гийн тайлбарт дурдсан “ НАА компани нь байрны оршин суугчийн нэрийг солиогүй, гэрээ байгуулаагүй, усны тоолуур тавьж өгөөгүй гэсэн” асуудал нь энэ маргаанд хамааралгүй юм.

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 15-ны өдрийн 138/ШШ2019/00301 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Г.А-гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.2,  60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Г.А-гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 34142 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

        

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Л.НАРАНБАЯР

   ШҮҮГЧИД                                                               Ж.ДОЛГОРМАА

                                                                                  З.ЭНХЦЭЦЭГ