Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 104/ШШ2017/00155

 
 

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 104/ШШ2017/00155

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* тоотод оршин суух, /РД:*******ын *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Налайх дүүргийн 2 дугаар хороо, *******-т холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн, 2016 оны ээлжийн амралтын мөнгө 901220 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага бүхий иргэний хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.*******, түүний өмгөөлөгч С.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцон гаргасан тайлбартаа: Миний бие *******-т 2010 оны 10 дугаар сараас эхлэн жолоочийн албан тушаалд томилогдон ажилласан. Гэтэл 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажлаас чөлөөлөх тухай тушаалаар сахилгын зөрчил гаргасан гэж надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан. Би ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүйг хамт ажиллаж байсан хүмүүс мэднэ. Намайг ажлаас чөлөөлөхөд удирдлагуудаас удаа дараа дарамт шахалт үзүүлж байсан. Мөн миний эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бүтэн жилийн бичилт хийгээгүй ба 2016 оны 7 дугаар сард амарсан амралтын мөнгийг гарт олгоогүй, 2016 оны 9, 10, 11 дүгээр саруудын цалинг дутуу бодож оруулсан. Иймд *******-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.Мөн 2016 оны ээлжийн амралтын мөнгө 901220 төгрөгийг аваагүй байгаа тул гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Миний бие энэ байгууллагад 6 жилийн хугацаанд ажиллахдаа 2016 оны 3 дугаар сарын 03 өдөр архи уусан гэх шалтгаанаар сахилгын шийтгэл 3 сарын хугацаатай цалингийн 20 хувь суутган арга хэмжээ авагдсанаас өөр арга хэмжээ авагдаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухай бүрд биелүүлэх, хагас бүтэн сайн өдрийн амралтын өдрүүдэд ч ажиллаж байсан. Энэ байдал нарядаар батлагдана. Д.Наранбаярын тайлбарт 2016 оны 02 сарын 22-ны өдөр шилэн кабель тасалж байгууллагад 114464 төгрөгийн хохирол учруулсныг шүүх шийдэхдээ 621000 төгрөг болгон шийдсэн гэжээ. Би оны 02 сарын 22-ны өдөр ажилд гарсан нь үнэн боловч миний хувьд кабель тасалсан тухайгаа мэдээгүй, маргааш нь ******* дарга дуудаж чи кабель тасалсан байна гэсэн, би энэ газраар чинь байнга явж хог ачдаг тул таслаагүй гэж хэлсэн. Гэтэл шүүхийн шийдвэр гарч манай байгууллагаас 524965 төгрөгийг гаргуулан Холбооны газарт олгосон байсан. Гэтэл ******* дарга чиний буруугаас болсон, тал хувийг цалингаас чинь суутгаж авлаа гээд 2016 оны 07 сард амралтын мөнгө 901220 төгрөгөөс суутгалаа гээд надад нэг ч төгрөг ирээгүй юунд суутгасныг ч ойлгоогүй. Нийгмийн даатгалын дэвтэр 901220 төгрөг гэж бичигдсэн байсныг олж харсан боловч чухам юунд суутгагдсан болохыг мэдээгүй. Мөн 2010 онд шинэ машин өгсөн. Даац багтаамжийг бүрэн ашиглахгүй, рейс гүйцэхгүй, нярадын бус ажил гүйцэтгэдэг гэх хэл ам гардаг гэсэн байна. Хэрэв тийм хариуцлагагүй хандаж байсан бол цаг тухай бүрд арга хэмжээ авч шийдэж байхгүй, намайг байгууллагын аварга, мөнгөн шагналаар шагнагдаж байсан. Мөн 2016 оны 06 сарын 27-нд 1-р хороо , амралтын хог ачих ажлын даалгавартай гараад хог ачаад нарядын бус хог ачих гэж яваад замын хажуу руу машин унагаж, Шаравсэнгийн биед гэмтэл учруулсан тул ажлаас халах гэтэл битгий халаач, би машин тэргээ засья гэж гуйсан тул халаагүй гэжээ. 2016 оны 06 сарын 27 өдөр нарядаар хог ачсан нь үнэн. Вин-Ван амралтын хогийг ачаад буцаад ирж явах замд морьтой жуулчид хажуугаас орж ирээд тэднээс болгоомжилж, замын хажуу руу дартал шаварт гулсаж, замын хажуу руу орсон. Гэхдээ машин унаагүй хажуулдаад зогссон асуудал болсон нь үнэн. Нарядын бус ажил хийгээгүй, ачаагүйг тогтоогоогүй байж, нарядын бус ажилд явж байгаад машин гэмтээсэн мэтээр гүтгэсэнд гомдолтой байна. Би албан үүргээ гүйцэтгэж явсан машинд гэмтэл учраагүй, би машинаа засъя, намайг битгий халаач гэж гуйсан гэдэг худлаа. 2016 оны 12 сарын 25-нд 47-96 УБС машинаар бункер суллах нярад авч ажил гүйцэтгэж байхдаа задгай тэвшийг унагаж, арын хаалгыг салгаж, тэвш өргөгчийн хойд нугасанд цав суулгаж рамны хөндлөн травесыг тасалж, зөв талын хойд дохиог хонхойлгосон. 2 хажуугийн хамгаалалтад чихэгдсэн зэрэг эвдрэл гэмтэл гаргасан гэжээ. Бункер суллах нарядыг амарч байхад бүтэн сайн өдөр дуудаж өгөхөд би ажилд гарсан. Тэр үед надад машин өгөөгүй байсан. Тэр өдөр 47-96 УБС машиныг өгч хог ач гэсэн. Дээр бичээд байгаа шиг энэ машиныг гэмтээгээгүй. Урьд нь энэ машиныг ******* даргын дүү Дамдин Насанбат барьж байгаад хаяад явсан байсныг надад өгч хог зөөх болсон. Тэгэхэд тормозны хүрээ 3.4 хэсэгт хагарсан, буруу талд цуурсан байсныг скочоор нааж гарсан. Машины тэвш ачигдсан хогийг хойш буулгах үед хойш шидэгдэж буудаг. Тэр үед унагасан гэдэг худлаа. Урьд нь хагарсан байсныг би мэдээгүй, траверс тасарсан, хойд дохио хагарсан, хаалга хонхойсон, 2 хажуугийн хамгаалалт чихэгдсэн зэрэг гэмтлийг би учруулаагүй, урьд нь тийм байдалд байсан болохыг ачигч Төмөрхуяг сайн мэднэ. Би 3 хоног барьж ажилд гарсан. Тэгэхэд гэрэл дохиог наасан бусдыг мэдээгүй, ачигч Төмөрхуяг ачааг буулгадаг учир би мэдэхгүй. Эзэмшиж байсан нөхдүүдээс машиныг хүлээж авч тооцоо хийгээгүй, намайг халах шалтгаан болгож гүтгэж байгаад гомдолтой байна. 12 сарын 27-ны өдөр хурал хийж байна гэж ойлгогдохоор юм болоогуй. Наянбаяр надад хэлэхдээ ******* дарга танд муу юм чинь халах тушаал гаргачихья, он гараад таныг эргүүлж авъя гэсэн. Би 2016 оны 07-р сараас бүтэн цалин авч байгаагүй гэхэд болно. 9,10,11-р сард цалингаа хагас дутуу авсан. Энэ тооцоог сайн гаргаж мэдэхгүй, цалингийн талаар ярихад дарга ******* байнга дарамталдаг, ня-бо Ундармаагаас асуухад дарга битгий өг, харин танд бага ч гэсэн цалин өгдөг гэж хариулдаг учир би хэнээс асуух билээ. Одоо бодоход 2016 оны 7 дугаар сараас 5000914292 тоот дансаар 250000 төгрөг авснаас хойш амралтын мөнгө 901220 төгрөг ирээгүй. Шүүхийн хялбаршуулан шийдсэн захирамжаар Холбооны газарт төлөх мөнгийг дарга ******* миний буруугаас байгууллага мөнгө төлөх боллоо, цалингаас чинь суутгана гэж байсан тул суутгасан байх, чухам хэдэн төгрөг суутгасан болохыг мэдээгүй. Надаас авах ёсгүй мөнгийг цалингаас суутгасанд гомдолтой байна. Иймд *******-аас 2016 оны 7 дугаар сард олгогдох ёстой байсан ээлжийн амралтын мөнгө 901220 төгрөг, мөн оны 09, 10, 11 саруудад үндсэн цалинг дутуу олгосон мөнгийг гаргуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс хойшхи ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, 2016 оны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийн нөхөн бичилтийг хийлгүүлж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******, ******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус байгууллагад жолоочоор ажиллаж байгаад удаа дараа ажлын дутагдал, зөрчил гарган 2016 оны 12 сарын 27-нд даргын тушаалаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдаж ажлаас чөлөөлөгдсөн болно. Ажлаас чөлөөлөх Инженер техникийн ажилчдын хурлын шийдвэр танилцуулахад шууд гарч яваад дахин ирээгүй албан ёсоор тушаал шийдвэр аваагүй боловч тушаалын төслийг албан тушаалтанд мэдэгдэхгүйгээр авч явсан. 2016 оны байдлаар ажил үүрэг гүйцэтгэх явцдаа гаргасан алдаа дутагдлын талаар хэлэхэд 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ажил үүрэг гүйцэтгэж байх үедээ анхаарал болгоомжгүйгээс болж 24-33-р байрны хооронд татсан 24 корын шилэн кабель тасалж, Монголын цахилгаан холбоо ХХК-д 1146464,85 төгрөгийн хохирол учруулсаныг шүүхийн шатанд 2 байгууллага тохиролцож 621500 болгон шийдвэрлүүлсэн. Тухайн үед Н.*******д замын хөдөлгөөний дүрэм биелүүлэх, ажил гүйцэтгэх үедээ анхаарал болгоомжтой байх талаар удирдлагын зүгээс хэлж сануулж байсан. Н.******* нь 2010 оны 10 сараас ажиллаж эхэлсэн. Байгууллагын тусгай зориулалтын хамгийн их даац багтаамжтай, шинэ машиныг удирдлага итгэл хүлээлгэн өгч ажиллуулсан боловч даац багтаамжийг бүрэн ашиглахгүй, рейсийн тоо гүйцээхгүй, нарядын бус ажил үүрэг гүйцэтгэдэг гэх мэт хэл ам удаа дараа гаргаж байсан учир 2016 оны 3-р сараас машиныг өөр жолоочид өгч ГАЗ-53 машин хариуцуулан өгсөн. Н.******* нь байгаль цаг уурын нөхцөл хүндэрсэн байгууллага бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байх үед бусадтай нийлж архи ууж, ажил цалгардуулсан учир даргын 2016 оны 03 сарын 03-ны Б/12 тоот тушаалаар 3 сарын хугацаатай цалингийн 20 хувиар шийтгэл хүлээж байсан. 2016 оны 06-р сарын 27-нд I хороо , амралтын хог ачих ажпын даалгавартай гарсан. Үүний дагуу Вин-Ван амралтын хог ачаад цааш нарядын бус амралтын хогийг ачих гэж яваад замын хажуу руу машин унагаж гараагүй, ачигч Шаравсэнгийн гэмтлийн талаар гарсан хохирлыг байгууллага төлсөн зэргээс хамааралтай жолооч Н.*******г ажлаас халах талаар мэдэгдсэн боловч машин тэргээ засч байгууллагыг хохиролгүй болгоно намайг ажлаас халахгүй байхыг хүсч байна гэх мэтээр амлалт өгсний улмаас ээлжийн амралтын хугацаандаа машин бэлэн болгох үүрэг өгч халаагүй юм. 9 дүгээр сард амарч ирээд өөрийн хариуцсан машин байгаагүй тул ээлжийн жолоочоор ажиллах, мөн энгийн наряд гүйцэтгэх зэргээр ажлын ачаалал багассан учир 11 сарын 01-ээс 60 хувиар цалинжуулж байгууллагад 11 хоногийн ажил гүйцэтгэх даргын Б/43 тоот тушаал гарсан2016 оны 12 дугаар сард ажлын ачаалал нэмэгдсэн учир 60 хувиар цалинжуулах тушаалыг цуцлан 2016 оны 12 сарын 12-ны Б/47 тоот тушаалаар үндсэн цалинг олгож, зөөврийн тэвш бүхий Бопд Репд маркын машин хариуцуулж өгсөн. 2016 оны 12 сарын 25-нд тусгай зориулалтын зөөврийн тэвш бүхий Бопд Репд 47-96 УБС маркын машинаар бункер суллах наряд авч ажил гүйцэтгэж байх үедээ уг машины задгай тэвшийг унагаж, арын хаалгыг салгаж, тэвш өргөгчийн хойд нугасанд цав суулгаж, үндсэн, рамны хөндлөн траверсийг таслаж, зөв талын хойд дохиог хагалсан, зөв талын хаалганы дээр хонхойсон, 2 хажуугийн хамгаалалт дотогш чихэгдсэн зэрэг эвдрэл гэмтэл гарсан учир машин 7 хоног ажилд гараагүй сул зогсож засвар үйлчилгээ гагнуурын ажил хийгдсэн2016 оны 12 дугаар сарын 26-нд ажилдаа ирээгүй учир байгууллагын техникийн комисс гарч машинд акт тогтоон 27-ны өдөр инженер техникийн ажилчдын хуралд өөрийг нь оролцуулан ярилцаад ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан2017 оны 07 дугаар сард удирдлагын зөвлөлийн хурлаар Н.*******г өмнө нь сахилгын шийтгэл авсан учраас дараагийн арга хэмжээ нь ажлаас халах нь зөв юм гээд хурлын тэмдэглэл гарсан. 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс Н.*******г ажлаас халагдсан  гэж ойлгоод холбооны шилэн кабел тасалсны төлбөрийн 50% болон 310000 төгрөг, машин унагасан актны төлбөр нийлээд 500483 төгрөгийг цалингаас нь суутгаж авсан. Гэхдээ машин унагасны төлбөр 210 гаруй мянган төгрөг байснаас үлдэгдэл хүрэлцэхгүй байсан тул 150000 төгрөгийг байгууллагыг хохиролгүй болгохын тулд бүгдийг нь авсан. 901220 төгрөгийн цалин гэдэг нь ажилсан хоног бүтэн орж, амралтын мөнгө нь 20 хоногийн 459000 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл, татвар, үйлдвэрчний эвлэлийн татвараа суутгаад наадмын өмнө 7 сард урьдчилгаа 250000 төгрөгийг Н.*******гийн дансанд шилжүүлсэн гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон зохигчийн гаргасан тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.******* *******-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, 2016 оны 9-11 дүгээр сарын үндсэн цалингийн дутуу олгосон мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2016 оны ээлжийн амралтын мөнгө 901220 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн ба шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж оролцов.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, Н.******* бусадтай нийлэн архи ууж, ажил цалгардуулсан учир даргын 2016 оны 3 сарын 3-ны Б/12 тоот тушаалаар 3 сарын хугацаатай цалингийн 20 хувиар шийтгэл хүлээсэн. Мөн нарядын бус амралтын хогийг ачих гэж яваад замын хажуу руу машин унагаж, ачигч Шаравсэнгийн гэмтлийн талаар гарсан хохирлыг байгууллага төлсөн. Мөн 2016 оны 12-р сарын 25-нд тусгай зориулалтын зөөврийн тэвш бүхий Dong Feng 47-96 УБС маркын машинаар бункер суллах наряд авч ажил гүйцэтгэж байх үедээ уг машины задгай тэвшийг унагаж, арын хаалгыг салгаж, тэвш өргөгчийн хойд нугасанд цав суулгаж, үндсэн, рамны хөндлөн траверсийг таслаж, зөв талын хойд дохиог хагалсан, зөв талын хаалганы дээр хонхойсон, 2 хажуугийн хамгаалалт дотогш чихэгдсэн зэрэг эвдрэл гэмтэл гарсан учир машин 7 хоног ажилд гараагүй сул зогсож засвар үйлчилгээ гагнуурын ажил хийгдсэн2016 оны 12 дугаар сарын 26-нд ажилдаа ирээгүй учир байгууллагын техникийн комисс гарч машинд акт тогтоон 27-ны өдөр инженер техникийн ажилчдын хуралд Н.*******г оролцуулан ярилцаад ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч талаас шаардлагаа нотлож, Н.*******гийн 000225910 дугаар нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбар, Хас банкны Н.*******гийн нэр дээрх 5000914242 тоот дансны хуулга;

Хариуцагч талаас тайлбараа нотлож *******-ын улсын бүртгэлийн гэрчилгээ, Налайх дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/50 дугаар Д.Наянбаярыг ажил, албан тушаалд томилох тухай захирамжийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбарууд, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-ын 2016 оны 7 дугаар сарын эхний цалингийн цэс, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-ын даргын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/43 дугаар зарим ажилчдыг сул зогсоох тухай, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/47 дугаар ажлын зайлшгүй шаардлагаар ажиллуулах тухай, 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/52 дугаар Н.*******г ажлаас чөлөөлөх тухай, 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/12 дугаар сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалуудын нотариатаар гэрчлэгдсэн хуулбарууд, Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 104/ШШ2016/00205 дугаар шийдвэрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбар, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-ын 2016 оны 12 дугаар сарын 27-ны, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрүүдийн удирдлагын зөвлөлийн хурлын тэмдэглэлүүд, Н.*******гийн цалингийн цэс, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-ын хөдөлмөрийн дотоод журмын, ажлын байрны тодорхойлолт, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-ын Н.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний нотариатаар гэрчлэгдсэн хуулбарууд;

Зохигчийн хүсэлтээр шүүхээс бүрдүүлэгдсэн Н.*******гийн 2016 оны цалингийн тооцоо, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-ын даргын 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 дүгээр ээлжийн амралтын хуваарь батлах тухай тушаал, 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 дүгээр тушаалын хавсралт, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-ын 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн удирдлагын зөвлөлийн хурлын протокол зэрэг баримтууд нь бичмэл баримтын хуулийн шаардлага хангасан тул үнэлэв.

Нэхэмжлэгч талаас ирүүлсэн Налайх тохижилт үйлчилгээ, ОНӨААТҮГ-ын тамгатай боловч тухайн байгууллагын баланк, огноо, дугаар байхгүй Н.*******г ажлаас чөлөөлөх тухай тушаал, хариуцагч талаас 2017 оны 02 сарын 17-ны өдөр ирүүлсэн тайлбар, түүнтэй хавсаргаж ирүүлсэн гэрэл зураг, 2016 оны 06 сарын 28-ны өдрийн техникийн комиссын акттай хавсаргаж ирүүлсэн гэрэл зураг, техникийн комиссын гишүүд болох нягтлан бодогч, нярав, жолооч нар танилцан гарын үсэг зураагүй, тамга, тэмдэг дарагдаагүй техникийн комиссын актууд зэрэг баримтууд бичмэл нотлох баримтын хуулийн шаардлага хангаагүй учир тус тус үнэлээгүй болно.

Нэхэмжлэгч Н.******* нь 2013 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан жолоочоор ажиллаж байсан ба 2014 оны 7 дугаар сарын 26-ны өдөр түүний хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан бөгөөд талууд хөдөлмөрийн гэрээг цуцлах санал тавиагүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т зааснаар хөдөлмөрийн гэрээ анх заасан хугацаагаар сунгагдан ажиллаж байжээ.

Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-ын даргын 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, Хөдөлмөрийн дотоод журмын 7.3 дахь заалтуудыг үндэслэн ... жолооч Н.*******... нар нь байгаль цаг уурын хүндэрсэн нөхцөлд байгууллага дээр онцгой нөхцөл байдал үүссэн үед ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэж, үлгэр дууриалалгүй хандлага гаргаж, улмаар жолооч Н.*******... нарын үндсэн цалинг 3 сарын хугацаатай, 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, сахилгын шийтгэлийн арга хэмжээг 2016 оны 3 дугаар сараас эхлэн тооцож, Н.*******д ногдуулсан уг сахилгын шийтгэлийн арга хэмжээ 2016 оны 5 дугаар сард дууссан үйл баримтад талууд маргаагүй.

Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-ын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/52 дугаар тушаалаар Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, 132 дугаар зүйлийн 132.1 дэх заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 7.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн жолооч Н.*******гийн хөдөлмөрийн гэрээг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөр дуусгавар болгожээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудад дүгнэлт өгөв.

Нэхэмжлэгч Н.******* 2010 оны 10 сарын 18-ны өдөр тохижилт үйлчилгээ НӨҮГ-ын жолоочоор ажиллаж, 2013 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 1 жилийн хугацаатай, жолоочийн ажил үүргээ гүйцэтгэж, цалин хөлсөө авах зэрэг талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний гол нөхцлөө тохиролцсон хөдөлмөрийн гэрээ байгуулж, хүчин төгөлдөр болсон байна.

Хариуцагч Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-ын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/52 дугаар тушаалаар Н.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 мөн хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, Хөдөлмөрийн дотоод журмын 7.3-д заасныг тус тус үндэслэл болгожээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8.-д хөдөлмөрийн гэрээг ажилтны буюу ажил олгогчийн санаачилгаар цуцалсан гэх заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан ажилтан сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш гаргасан байхыг ойлгох бөгөөд зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай ба хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан нь баримтаар тогтоогдоогүй, давтан гаргасан зөрчлийн хугацаа өмнөх зөрчилд сахилгын шийтгэл хүлээсэн бол нэг жилээс хэтрээгүй байх ба Налайх дүүргийн Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-ын хөдөлмөрийн дотоод журмын 7.3 дахь заалт тодорхой байхгүй байна.

Нэхэмжлэгчийг Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-ын даргын 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар байгаль цаг уурын хүндэрсэн нөхцөлд байгууллага дээр онцгой нөхцөл байдал үүссэн үед ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн гэж Н.*******... нарын үндсэн цалинг 3 сарын хугацаатай, 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, сахилгын шийтгэлийн арга хэмжээг 2016 оны 3 дугаар сараас эхлэн тооцож, 2016 оны 5 дугаар сард дууссан нь Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-ын даргын 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар нотлогдож;

мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.*******г нарядын бус амралтын хогийг ачих гэж яваад замын хажуу руу машин унагаж ажилд гараагүй, ачигч Шаравсэнгийн гэмтлийн талаар гарсан хохирлыг байгууллага төлсөн2016 оны 12-р сарын 25-нд тусгай зориулалтын зөөврийн тэвш бүхий Dong Feng 47-96 УБС маркын машинаар бункер суллах наряд авч ажил гүйцэтгэж байх үедээ уг машины задгай тэвшийг унагаж, арын хаалгыг салгаж, тэвш өргөгчийн хойд нугасанд цав суулгаж, үндсэн, рамны хөндлөн траверсийг таслаж, зөв талын хойд дохиог хагалсан, зөв талын хаалганы дээр хонхойсон, 2 хажуугийн хамгаалалт дотогш чихэгдсэн зэрэг эвдрэл гэмтэл гарсан учир машин 7 хоног ажилд гараагүй сул зогсож, засвар үйлчилгээ гагнуурын ажил хийгдсэн2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ажилдаа ирээгүй гэх тайлбар гаргаж, уг тайлбараа нотлож бичмэл баримтын хуулийн шаардлага хангасан баримтыг ирүүлээгүй. Харин дээрхи зөрчлийг гаргасан гэж үзэн Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 7.3 дахь заалтыг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь хөдөлмөрийн сахилгын давтан зөрчил гаргасан гэх үйл баримтыг үгүйсгэж байна.

Иймд нэхэмжлэгч Н.*******г Налайх дүүргийн Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-ын жолоочийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзнэ.

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 104/ШШ2016/00205 дугаар шүүгчийн захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 9648 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Налайх холбооны газарт олгож шийдвэрлэсэн бөгөөд уг хэрэгт хариуцагч Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ нэхэмжлэгч Н.*******г буруутай гэж үзэн тал хувь 310750 төгрөгийг гаргуулсан нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нягтлан бодогч ажилтай *******гийн 310750 төгрөгийг Н.*******гийн цалингаас авсан гэх тайлбараар нотлогдож, түүний цалин болон амралтын мөнгөнөөс суутгасан, мөн Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ нь эд хөрөнгийн хариуцлагын гэрээг хуульд заасны дагуу Н.*******тай байгуулалгүйгээр 66-29 НАА улсын дугаартай авто машиныг нарядын бус ажил үүрэг гүйцэтгэсэн гэж машин засварын зардалд 190000 төгрөгийг түүний цалингаас суутгасан нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт /410000:21.5=19069 х ажилгүй байсан нийт 72 хоног=1372968төгрөг, цалин, ээлжийн амралтын олговорт нэхэмжилсэн 901220 төгрөгөөс 500483 төгрөг, 2016 оны 9, 10, 11 дүгээр саруудын цалингийн зөрүү 172869 төгрөг, нийт 2046320 төгрөгийг хариуцагч Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-аас гаргуулан нэхэмжлэгч Н.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 400737 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзнэ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.-т Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж заасан тул 2046320 төгрөгөөс шимтгэл, хураамжийг холбогдох байгууллагад төлж, нэхэмжлэгчийн дэвтэрт 2017 оны дүгээр сарын 27-ны өдөр хүртэл хугацааны сар тутмын нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгав.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 26182 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-аас хариуцан төлөх улсын тэмдэгтийн хураамж 15664 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, мөн улсын тэмдэгтийн хураамж 39683+70200=нийт 109883 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118, 160 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.*******г Налайх дүүргийн Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-ын жолоочийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д зааснаар хариуцагч Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-аас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1372968 /нэг сая гурван зуун далан хоёр мянга есөн зуун жаран найм/ төгрөг, ээлжийн амралтын олговрын зөрүү 500483 /таван зуун мянга дөрвөн зуун наян гурав/ төгрөг, цалингийн зөрүү 172869 /нэг зуун далан хоёр мянга найман зуун жаран ес/ төгрөг нийт 2046320 /хоёр сая дөчин зургаан мянга гурван зуун хорь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 400737 /дөрвөн зуун мянга долоон зуун гучин долоо/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-т заасныг баримтлан олговорт олгогдох нийт 2046320 /хоёр сая дөчин зургаан мянга гурван зуун хорь/ төгрөгөөс шимтгэл хураамжийг холбогдох байгууллагад нь төлж, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт үргэлжлүүлэн 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүртэлх хугацааны сар тутмын нөхөн бичилт хийхийг Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-т үүрэг болгосугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 26182 /хорин зургаан мянга нэг зуун наян хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хариуцан төлөх улсын тэмдэгтийн хураамжид 15664 /арван таван мянга зургаан зуун жаран дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, улсын тэмдэгтийн хураамж нийт 109883 /нэг зуун есөн мянга найман зуун наян гурав/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ