Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2022/01684

 

 

 

 

 

 

 

 

2022 08 03

181/ШШ2022/01684

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А ББСБ ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Г-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 5,402,338.07 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б, А.А,

Хариуцагч: Б.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч А ББСБ ХХК нь хариуцагч Б.Г-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,430,693.36 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг 28,553,29 төгрөгөөр багасгаж, хариуцагч Б.Гаас 5,402,338.07 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

А ББСБ ХХК нь 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 20/с/18 тоот Зээлийн гэрээгээр хариуцагчид 3,653,910 төгрөгийг сарын 3,3%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь манай ББСБ-аас олгосон зээлээр Сайн Интернэшнл ХХК-иас Iphone11 рromax загварын гар утас худалдан авсан.

2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс хариуцагчийн зээлийн эргэн төлөлт нь төлөгдөх графикт өдөр нь байсан. Сард 222,786 төгрөг төлөхөөр 24 сарын хугацаатай гэрээ хийгдсэнээс хариуцагч маань эхний сарын төлөлтийг хугацаанд нь төлөөд, 11 дүгээр сарын төлбөрийг төлөхгүй явж байгаад 12 дугаар сарын төлөлтийг төлснөөс хойш огт эргэн төлөлт хийхгүй байсаар 2021 оны 3 дугаар сард 200,000 мянган төгрөгийн төлөлт хийсэн. Зээлдэгчийн төлсөн 645,600 төгрөгөөс үндсэн зээлийн үлдэгдлээс 181,886.85 төгрөгийг, үндсэн хүүгийн үлдэгдлээс 445,678.45 төгрөгийг хассан.

Зээлийн гэрээний 2.1.9-т гэрээний үүргийг зөрчих гэж энэхүү гэрээгээр хүлээсэн үүргийг зөрчсөн үйлдэл эс үйлдлийг, 3.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нь зээлдэгч зээлийн эргэн төлөх хуваарийн гэрээний 4.2.3 дахь хэсгүүдийг ноцтой зөрчсөн байна. Энэхүү зээлдэгчийн ноцтой зөрчил нь зээлийн гэрээний 7.2 дугаар хэсэгт заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 7.3-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй.

Энэ эрх үүссэний дагуу манайх шүүхэд нэхэмжлэл гаргаад 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар зээлдэгчийн дансны хуулгаар үндсэн зээлийн үдэгдэл 3,472,023.15 төгрөг, үндсэн хүү 1,681,87.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 271,082.84 төгрөг, нотариатын зардал 6,500 төгрөг, нийт 5,430,693.36 төгрөгийг нэхэмжилсэн.

Мөн манай байгууллага ковид-19 цар тахлын улмаас харилцагч нарын төлбөрийн чадвар муудаж байгаа нөхцөл байдлыг харгалзан 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нэмэгдүүлсэн хүү огт тооцохгүй байх, түүнээс өмнө тооцогдсон нэмэгдүүлсэн хүүний авлагаас хөнгөлөхөөр шийдвэрлэсэн бөгөөд зээлийн нөхцөл өөрчлөх боломж олгон, зээлийн төлөлтөд уян хатан хандан ажиллаж байгаа.

Засгийн газрын шийдвэрийн дагуу 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл бодогдсон 28,355.29 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүнээс хасаж нэхэмжлэлийн шаардлагыг бууруулж, нэмэгдүүлсэн хүүд 242,727.58 төгрөг, үндсэн хүүд 1,681,087.37 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 3,472,022.15 төгрөг, нотариатын зардал 6,500 төгрөгийг хариуцагч Б.Гаас гаргуулахаар нэхэмжилж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Б.Г нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг эс зөвшөөрч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анх Сайн интернешнл ХХК-ийн зар сурталчилгааны дагуу IPhone 11 promax загварын утас лизингээр авах гэж очсон. А ББСБ ХХК-ийн эдийн засагчаас зээл авсан. Эхэндээ зээлээ төлж явсан ч корона гараад бизнесийн маань бүх үйл ажиллагаа зогсож зээлээ төлж чадахгүй болсон. Уг зээл маань ирээдүйн орлого дээр үндэслэж олгосон зээл учраас ирээдүйн орлого маань бүхэлдээ тасалдсан. Үндсэн зээлийнхээ төлөлтийг хэд хуваагаад барагдуулах хүсэлтэй байна. Хүүний хувьд анх авснаас хойш 600 мянга гаруй төгрөгийн хүү төлсөн. Нэхэмжилж байгаа 1,600,000 гаруй төгрөгийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэрэг нь арай өндөр байна. Бүх нийтээр хөл хорионд орсон ямар ч орлогогүй болсон. Бизнесийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан бол гэрээний дагуу төлөх ёстой дүн. Гэхдээ бүх нийтийн хөл хориотой, зарим бизнес дампуурсан ийм нөхцөлд хүү болон нэмэгдүүлсэн хүүг өнөөдрийн байдлаар төлж чадахгүй. Зээлийн хүүг хугацаа хэтэрснээс хойш зогсоож, шүүхэд нэхэмжлэлээ гаргах ёстой байтал зээлийн хүүг зогсоохгүй явсаар байгаад 1,600,000 гаруй төгрөгийн хүү тооцсон. Нэхэмжлэгчээс 3 сая гаруй төгрөгийн зээл авсан ба одоо 2 сая гаруй төгрөгийн хүү надаас нэхэмжилж байгаа нь өндөр байна. Миний хувьд нэхэмжлэгчид 4,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн үлдэгдэл 3,472,022.15 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 527,978 төгрөг, нотариатын зардал 6500 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө. Зээлийн хүүгээс үлдэх 1,153,109 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 242,727.58 төгрөгийг зөвшөөрөхгүй гэв.

3. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж 101,842 төгрөг төлсөн баримт, А ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Итгэмжлэл, Монголын нотариатчдын танхимын мөнгөний тасалбар, 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн Зээлийн гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Зээлдэгчийн мэдээллийн хуудас, Зээлдэгчийн хүсэлт, өргөдөл, Бараа хүлээлгэн өгсөн акт, оршин суугаа хаягийн тодорхойлолт, Зээлийн тооцоолол зэрэг баримтуудыг ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Б.Г-т зээлийн гэрээ байгуулан 3,653,910 төгрөгийн зээл олгосон боловч зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу зээл, түүний хүүг төлөх үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээг цуцалж, зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 3,472,022.15 төгрөг, үндсэн хүүд 1,681,087.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 242,727.58 төгрөг, нотариатын зардал 6,500 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж тайлбарлав.

3. Хариуцагч Б.Г нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн үлдэгдэл үндсэн зээлийн үлдэгдэл 3,472,022.15 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 527,978 төгрөг, нотариатын зардал 6500 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, ковидын цар тахлын нөлөөллийн улмаас зээлээ төлөх боломжгүй болсон тул зээлийн хүүгээс үлдэх 1,153,109 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 242,727.58 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргав.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Зохигчид 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр №20/с/18 дугаар Зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр А ББСБ ХХК нь зээлдэгч Б.Г-т 3,653,910 төгрөгийг жилийн 39.6 хувь, сарын 3.3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасны дагуу зээл, зээлийн үндсэн төлбөр болон хүүг сар бүр зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцжээ./хх8-10/

Иймд шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний үүргийн харилцаа үүссэн, зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж дүгнэлээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээх-ээр заасан.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх, хэрэв гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын маргаагүй тайлбараар нэхэмжлэгч нь хариуцагч Б.Г-т зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн болох нь тогтоогдсон тул хариуцагч нь зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасны дагуу буцаан төлөх үүрэгтэй.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан.

Хариуцагч Б.Г нь дээрх гэрээнд заасны дагуу зээл, түүний хүүг сар бүр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, зээлийн дансны хуулга зэргээр тогтоогдсон.

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээний хугацаанаас өмнө гэрээг цуцалж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан шаардах эрхтэй.

Зээлдэгч Б.Г нь зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 181,886.85 төгрөг, зээлийн хүү 445,678.45 төгрөг, нийт 645,600 төгрөгийг тус тус төлж, тус зээлийн үлдэгдэл 3,472,023.15 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 1,681,087.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 242,727.58 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна. /хх17/

Хариуцагч Б.Г нь нэхэмжлэгч А ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээлийн үлдэгдэлд 3,472,023.15 төгрөг, зээлийн хүүд 527,978 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн.

4.2. Талууд зээлийн гэрээний 3.1.3-т зээлийн хүүг жилийн 39,6 хувь, сарын 3,3 хувь гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Иймд нэхэмжлэгч А ББСБ ХХК нь гэрээ цуцлах хүртэлх хугацааны хүүг шаардах эрхтэй. Хариуцагчийн зүгээс зээлийн хүүгийн төлбөрөөс 1,153,109 төгрөгийг зөвшөөрөхгүй, хүүг зогсоож өгнө үү гэж нэхэмжлэгч байгууллагад хандсан гэж тайлбарласан боловч энэ тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

Түүнчлэн хариуцагч нь Зээлийн гэрээний 5.1.9-д Зээлдэгч зээлийн гэрээний үүрэг зөрчсөн бол зээлийн гэрээг цуцлах, зээлийн гэрээний үүргээ биелүүлэгүйн улмаас А-д учруулсан хохирлыг нэхэмжлэх, хохирлыг төлүүлэх эрхээ хэрэгжүүлээгүй гэх тайлбар гаргасан боловч гэрээ цуцлах нь нэхэмжлэгчийн эрх учраас нэхэмжлэгчийг эрхээ хэрэгжүүлэхийг шаардах боломжгүй.

4.3. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зээлийг тогтоосон хугацаанд төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцож болно гэж заасан. Тухайн зохицуулалтаар нэмэгдүүлсэн хүүгийн дээд хязгаарыг тогтоосон бөгөөд талууд дээрх хязгаарын дотор нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг тохиролцож, тогтоосноор нэхэмжлэгчид нэмэгдүүлсэн хүү шаардах эрх үүснэ.

Талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээний 3.1.6-д зээлийн нэмэгдүүлсэн хүүг Зээлийн хүүгийн 20 хувь байна гэж заасан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасан зохицуулалтад нийцээгүй, талуудыг нэмэгдүүлсэн хүүг харилцан тохиролцож тогтоосон гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй байна.

4.4. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж, 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно. гэж тус тус заажээ.

Хариуцагч Б.Г зээлийн гэрээний үүрэг зөрчсөний улмаас нэхэмжлэгч нотариатын үйлчилгээний хөлсөнд 6,500 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан төлбөрийн баримтаар тогтоогдож байх тул энэхүү зардлыг хохиролд тооцож хариуцагч Б.Гаас гаргуулах нь зүйтэй.

Иймд хариуцагч Б.Гаас үндсэн зээлийн үлдэгдэл 3,472,023.15 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 1,681,087.37 төгрөг, нотариатын зардал 6,500 төгрөг, нийт 5,159,610.52 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэв.

5. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101,842 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 97,504 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т заасныг удирдлага болгон хариуцагч Б.Гаас 5,159,610.52 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 242,727.55 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101,842 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 97,504 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ