Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/118

 

 

 

 

 

 

 

 

 

 2025           05           13                                       2025/ШЦТ/118                                                            

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Т даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж,

улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д,  

хохирогч Х.С,

шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, улсын ахлах өмгөөлөгч С.Т,  

шүүгдэгч У.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар  

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт У А холбогдох эрүүгийн 2513000000115 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ш овогт У А, 19... оны ... дугаар сарын ...-ний өдөр Баян-Өлгий аймгийн Ө.... суманд төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Ө... сумын ... дугаар багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 171 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх, РД: БЭ....

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч У.А нь 2025 оны 1 дүгээр сарын 06-ны өдрөөс 2025 оны 1 дүгээр сарын 07-ны өдөрт шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр, оршин суугаа байранд хамт архи уусан хохирогч Х.С-ийн эзэмшлийн 5.... тоот данснаас 2 удаагийн үйлдлээр 700,000 төгрөгийг түүний мобайл банкийг ашиглан өөрийн эзэмшлийн 5..... тоот данс руу шилжүүлэн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас гаргасан мэдүүлэг.

1.Шүүгдэгч У.А мэдүүлэхдээ: “...Би тэр үед гэртээ байсан. Манай гэрт Т болон С гэдэг хоёр хүн ирсэн. Т нь манай хүүхдийн биеийн тамирын бэлтгэлийн багш байгаа. Энэ хоёр хүн манай гэрт ирж толгой засах зүйл байна уу гэсэн. Би гадаа гараад мөнгө хайх гээд сууж байхад С нь “битгий санаа зовоорой, би чамд мөнгө шилжүүлье” гэсэн учраас би зөвшөөрсөн. С нь тухайн үед миний байрны ус болон цахилгааны төлбөрийг миний дансанд шилжүүлсэн. Гэртээ архи, хүнс гээд олон зүйл авсан. Тухайн үед миний дансанд өөрөө мөнгө шилжүүлсэн. Бид хоёр гэрээсээ ерөөсөө гараагүй. Манай хүүхдүүд гаднаас бүх зүйлийг нь авчирч өгсөн. Миний утсыг хүүхэд маань бариад явж байсан. С мөнгийг миний данс руу шилжүүлсний дараа өөрийнхөө утасны сүлжээг хааж байсан. Яагаад гэвэл түүн рүү олон хүн залгасан. С манай гэрт 3 хоносон. 3 хоногийн дараа хүүхэд маань надад “энэ хүнийг гэрт нь явуулаарай, ямар нэгэн зүйл болж магадгүй, олон хоног болсон шүү дээ” гэсэн учраас би Сийг сэрээж “гэртээ хариарай” гэж гэрт нь явуулсан.

С мөнгөө өөрөө шилжүүлж байсан учраас хүүхдүүд маань 10 давхрын дэлгүүрээс хүнс, архи авчирч өгч байсан. 300,000 гаруй төгрөг гарсан байх. 3 хоног гэртээ байх хугацаанд өөрийнхөө идэж уух зүйлийг миний хүүхдүүдээр авхуулж байсан.

…тухайн үед цахилгааны төлбөрт 56,000 төгрөг, усны төлбөрт 44,000 төгрөг гарсан байсан. Тэрийг шилжүүлсэн. Түүнээс гадна хүүхдүүдэд бэлэг гэж 50,000 төгрөг шилжүүлсэн.

С нь өөрөө мөнгийг миний данс руу шилжүүлсэн, түүний дагуу миний хүүхдүүд юм авч байсан” гэв.

2. Хохирогч Х.С мэдүүлэхдээ “...Би Т гэдэг залуутай хамт А гэрт очсон. А нь намайг танина гэж тайлбарлаж байна. Гэтэл би түүнийг огт танихгүй. Сүүлдээ би А-ийн гэрт нь очиж “надаас ийм мөнгө алга болсон байна, та хэд мэдэж байгаа юу” гэж асуусан чинь “цагдаагаар шийдүүлээрэй, бид нар хараагүй, мөнгө аваагүй” гэсэн.

…Тэр үед А надад “А гэдэг хүний ах нь юм байна шүү дээ, танай ээжийг танина” гэж надад ярьсан болохоос биш, тэр үед би А-ийг анх удаа л харсан. Урьд нь ч гэсэн гэрт нь огт очиж байгаагүй. Т-тай хамт А-ийн гэрт очиж 1-2 шил архи уухдаа цахилгаан, дулаан, усны төлбөрөө төлж чадахгүй байна гэсэн учраас туслах зорилгоор төлбөрийг төлсөн. Тухайн үед дэлгүүрээс авхуулж байсан зүйлийн төлбөрийг би төлж байсан.

Харин 200,000 төгрөг, 500,000 төгрөгийг би сайн дураараа шилжүүлээгүй. Тухайн мөнгийг А нь шөнө дунд шилжүүлж авсан байна. Шөнө би босоогүй унтаж байсан. Би энэ хүмүүсийн хажууд байхдаа мөнгө шилжүүлсэн. Тэр үед миний мобайл банкны нууц кодыг мэдсэн байж болзошгүй гэж хардаж байна. Сүүлдээ би гэрт нь очиж “надаас 700,000 төгрөгийн зарлага гарсан байна. Та нар мэдэж байгаа юу” гээд асуусан чинь “мэдэхгүй, цагдаагаар шийдүүл” гэсэн учраас би цагдаагийн байгууллагад гомдол гаргасан.

…би өөрөө А-ийн данс руу 700,000 төгрөгийг шилжүүлээгүй, түүний хүүхдүүдэд юм авчирч өгөөрэй гэж хэлээгүй” гэв.   

3. Эрүүгийн 2513000000115 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: иргэн Х.С-ээс 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 10 цаг 30 минутад гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/, иргэн Х.С-ийн Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт бичгээр гаргасан гомдол, түүнд хавсаргасан Хаан банкны 5197087901 дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 03-04 дэх тал/, хохирогч Х.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 24, 51 дэх тал/, Хаан банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 5197/169 дугаартай албан бичиг, иргэн У.А-ийн Хаан банкан дахь 5180934301 дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 19-20 дахь тал/, гэрч А.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 47 дахь тал/, гэрч А.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 48 дахь тал/, яллагдагч У.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 45 дахь тал/, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 5/189 дугаартай тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 54 дэх тал/, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/171 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 55-58 дахь тал/, яллагдагч У.А-ийн хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг тус тус яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судлав.  

4. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.  

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч У.А-ийн  холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

5. Хэргийн үйл баримт.

Шүүгдэгч У.А нь 2025 оны 1 дүгээр сарын 06-ны өдрөөс 2025 оны 1 дүгээр сарын 07-ны өдөрт шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр, оршин суугаа байранд хамт архи уусан хохирогч Х.С-ийн эзэмшлийн 5... тоот данснаас 2 удаагийн үйлдлээр 700,000 төгрөгийг түүний мобайл банкийг ашиглан өөрийн эзэмшлийн 5..... тоот данс руу шилжүүлэн авсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:  

5.1. Иргэн Х.С-ээс 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 10 цаг 30 минутад гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,

5.2. Иргэн Х.С-ийн Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт бичгээр гаргасан гомдол, түүнд хавсаргасан Хаан банкны 5197087901 дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 03-04 дэх тал/,

5.3. Хохирогч Х.Сийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие 2025 оны 1 дүгээр сарын 06-ны орой 17 цагийн үед найз Т-тай Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр, Спорт хорооны гадна тааралдсан, бид хоёр өмнө нь Ерөнхий боловсролын 5 дугаар сургуульд хамт ажиллаж байсан болохоор ойрд уулзаагүй учраас нэг хоёр шил архи уухаар болоод “хаана уух вэ” гэж ярилцаж байхад Т нь надад “нэг таньдаг айл байгаа, тэнд очоод уучих уу” гэхээр нь “тэгье” гээд Т-тай хамт Мэргэжлийн боловсролын сургуулийн ард байдаг нийтийн байрны нэг давхарт нэг айлд очсон.

Уг айлын эзэн нь А гэх 40-50 орчим насны эмэгтэй, 6-11 дүгээр ангийн хоёр охины хамт байдаг юм байна лээ, тэгээд тэднийд 1 шил архи уугаад архи дууссаны дараагаар Т, А бид гурав хамт дэлгүүрт гараад 115,000 төгрөгөөр архи, ус ундаа зэргийг авсан, тэр үед би Хаан банкныхаа мобайл банкаар ..... гэж нэвтэрч ороод пин кодоо У.А-ийн дэргэд байхдаа оруулсан, тэгээд ахиад тэдний гэрт нь очоод архи ууж байхдаа У.А-ийн хоёр охинд шинэ жилийн баярын бэлэг гээд 50,000 төгрөгийг У.А-ийн 5180934301 тоот данс руу өөрөө “Шинэ жилийн баярын мэнд” rэх утгатай шилжүүлсэн.

...Тэгээд дэлгүүрээс авч ирсэн архи, пиво зэргийг Т, А бид гурав хамт хувааж ууж байгаад би согтоод А-ийн гэрт унтчихсан байсан өглөө нь босоод ахиад бид гурав үлдсэн 2 шил архийг хувааж ууж дуусгаад орой 21 цагийн үед хүргэн М руу залгаад намайг ирж аваад гэрт хүргээд өг гэж дуудаад гэртээ хүргүүлээд унтаж амарсан.

...маргааш нь өөрийнхөө дансны хуулгыг интернэт банкаар орж үзэхэд 50,000 төгрөгийн шилжүүлэг хийсний дараа 500,000 төгрөг, 200,000 төгрөгөөр тус тус 2 удаагийн гүйлгээ хийгдсэн бөгөөд уг мөнгийг А-ийн данс руу шилжүүлэг хийгдсэн байхаар нь түүнд хэд хоногийн дараа очоод “чи миний данснаас 700,000 төгрөгийг шилжүүлж авсан байна, чи мөнгийг минь буцаагаад өгчих” гэхэд тэрээр “цагдаад өгөөд шалгуулаарай” гэж хэлсэн тэгэхээр нь цагдаад гомдол гаргаж байна.  

...миний бие хохирол болох 700,000 төгрөг нэхэмжилнэ. Өөр надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.

...би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24, 51 дэх тал/,   

5.4. Хаан банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 5197/169 дугаартай албан бичиг, иргэн У.А-ийн Хаан банкан дахь 5.... дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

5.5. Гэрч А.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Т гэх найзындаа хамт архи ууж байсан хэд хоносон талаар надад хэлсэн. Өөрийнх нь данснаас мөнгө гарсан байна гэж гэртээ ирээд эрүүл болоод маш их уурласан. Өмнө архи ууж гадуур явдаг байсан ч гэртээ хонохгүй гадуур дотуур хонож явсан асуудал байгаагүй.

... Манай нөхөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсам согтуу тавьдаггүй, дуугүй ноомой хүн болдог. Бага ангийн багш мэргэжилтэй хүн тул байнга хүүхдүүдтэй харьцдаг тул их зөөлөн даруу хүн юм.

... Манай нөхөр мөнгөнд маш нарийн ханддаг, аливаа зүйлд тооцоотой их нарийн хүн. Согтсон үед ч өөрөөсөө мөнгө гаргах дургүй, хүүхдэд мөнгө төгрөг өгөх, хүнд мөнгө зээлэх тийм үйлдэл гаргадаггүй, аливаад тооцоотой нарийн хүн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47 дахь тал/,

5.6. Гэрч А.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манай хадам аав Х.С нь 2025 оны 1 дүгээр сард гэртээ ирэхгүй алга болсон бөгөөд бид нар 2-3 хоног хайж байсан юм. Яг хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байна, хадам аав маань өөрийнхөө гар утаснаас над руу залгаад “Мэргэжлийн сургуулийн дотуур байртай залгаа байрны 1 давхраас намайг ирээд ав” гэж хэлсний дагуу би дотуур байрны хажууд очоод хадам аав руу залгасан боловч утсаа авахгүй 30-40 минут болсон.

...Тухайн орчимд хүлээж байхад манай хадам аав өөрөө байрны орцоор гарч ирэхэд нь машиндаа суулгаж гэрт нь хүргэж өгсөн. Тухайн үед манай хадам аав архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.

6. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа, мөн мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гэм буруугийн шүүх хуралдаанд хэргийн оролцогч нараас гаргасан тайлбар, дүгнэлт.

7. Улсын яллагчаас:  “шүүгдэгч У.А-ийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай” дүгнэлтийг,

8. Хохирогч Х.С-ээс: “...би У.Ад 200,000 төгрөг, 500,000 төгрөг, нийтдээ 700,000 төгрөгийг шилжүүлээгүй. Би мөнгөө буцааж өгөх талаар удаа дараа хэлсэн. Би сайн дураараа уг мөнгийг өгөөгүй” гэх тайлбарыг,

9. Шүүгдэгч У.А-ээс “...700,000 төгрөгийг хулгайлж аваагүй, хохирогч Х.С нь өөрөө шилжүүлж, миний хүүхдүүдээр эд зүйл авахуулсан” гэх тайлбарыг,

10. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Өмгөөлөгчийн хувьд энэ хэрэг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн байдлаар дүгнэлтээ гаргаж байна.  Тухайн мөнгийг дансандаа орсон, захиран зарцуулсан үедээ У.А нь хохирогчтой хамт байсан. Хоёулаа ухаангүй согтуу, У.А хохирогч С-ийн хажуугаас нь гараагүй байдлуудыг нь хохирогч өөрөө тайлбарлаж өгсөн. У.А уг мөнгийг захиран зарцуулах ямар ч боломжгүй. Захиран зарцуулсан хүмүүс нь У.А-ийн хоёр хүүхэд нь байсан нь хэргийн байдал дээр тогтоогдож байна. Мөн 2025 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр мөнгө гарснаас хойш 08, 09-ний өдөр хохирогч Х.С нь шүүгдэгч У.А-тэй хамт байсан. Энэ хугацаанд гэрт сууж байгаад шилжүүлэг хийгээд хүүхдүүдээр юм авахуулж захиран зарцуулсан асуудал хэрэгт тогтоогдож байна.

Өнөөдөр хамт захиран зарцуулж, идэж ууж хэрэглэчихэд хулгай болгоод миний үйлчлүүлэгчээс дахин мөнгө гаргуулах гэж байгаа асуудал байна. Хохирогчийн ар гэрийн асуудал байна уу, 700,000 төгрөг гаргуулах гээд ямар санаа байгааг нь мэдэхгүй байна.

Хулгайлах гэмт хэрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авдаг ба хохирогч Х.С нь тухайн үед 200,000 төгрөг, 500,000 төгрөгийг шилжүүлснийг мэдэхгүй байх боломж байхгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл тухайн мөнгө гарах болгондоо гар утсанд мэдээлэл ирдэг.  Тухайн мөнгөнүүд гарсны дараа 2 өдөр У.А-тэй архидаж, бүх эд зүйлийг нь хэрэглэж идэж уучихад өнөөдөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

Тийм учраас хэргийн бодит байдлыг нь тогтоож шийдэхийн тулд хэргийг дахин 30 хоногоор буцааж энэ асуудлыг нь тогтоох шаардлага байна. Өөрөөр хэлбэл хэргийн бодит байдлуудыг нь тогтоогоогүй” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

Эрх зүйн дүгнэлт.

11. “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан”-аар тодорхойлжээ.  

12. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.

13. Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтууд болох иргэн Х.С-ээс 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 10 цаг 30 минутад гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, иргэн Х.С-ийн Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт бичгээр гаргасан гомдол, түүнд хавсаргасан Хаан банкны 5197087901 дугаартай дансны хуулга, хохирогч Х.С, шүүгдэгч У.А нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Хаан банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 5197/169 дугаартай албан бичиг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж, эдгээр нотлох баримтуудыг хооронд нь харьцуулж, эх сурвалжийг магадлах аргаар шалгаж, үнэлэхэд тухайн цаг хугацаанд хохирогч Х.С нь шүүгдэгч У.А-д цахилгаан, усны төлбөрт 40,000-50,000 төгрөг, шинэ жилийн бэлэг гэж 50,000 төгрөгийг тус тус өөрөө сайн дураараа өгсөн байх ба харин хоёр удаагийн гүйлгээгээр нийт 700,000 төгрөгийг “1234” гэх утгаар хохирогч нь өөрөө зөвшөөрч шүүгдэгч У.А-ийн Хаан банкан дахь 5.... дугаартай дансанд шилжүүлээгүй нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгч У.А-ийг гэм буруугүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа тул шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж дүгнэлээ.  

14. Шүүгдэгч У.А нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ мэдсээр байж өөртөө ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй бөгөөд хулгайн эд зүйлсийг бүрмөсөн, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлснээр “Хулгайлах” гэмт хэрэг төгссөн гэж үзэх үндэслэлтэй.  

15. Мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч У.А-ээс бусад этгээд хохирогч Х.С-ийн гар утсан дахь мобайл банкийг ашиглан 700,000 төгрөгийг шилжүүлж авсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

16. Иймд улсын яллагчийн гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй тул хүлээн авч, шүүгдэгч У.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

17. Гэмт хэрэг гарахад хохирогч Х.Сийн архидан согтуурсан байдал, шүүгдэгч У.А-ийн амар хялбар аргаар хөрөнгөтэй болох зорилго, шунахайн сэдэлт нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.    

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

18. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

19. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн  510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан.

20. Шүүгдэгч У.А-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.С-т 700,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд тогтоогдсон тул шүүгдэгч У.А-ээс гэмт хэргийн хохиролд 700,000 төгрөг гаргуулан хохирогч Х.С-т олгохоор шийдвэрлэв.  

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

21. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.А-д 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” дүгнэлтийг,

22. Хохирогч Х.С-ээс “эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан хэлэх зүйлгүй” гэх тайлбарыг,

23. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...энэ гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус ажиллагаа нөлөөлсөн, гэмт хэрэг гарсан байдал, хохирлын хэр хэмжээ, шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч У.А-д 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” дүгнэлтийг тус тус гаргасан байна.  

24. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1. “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч У.А-ийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг гэж заасныг тус тус удирдлага болгов.

25. Шүүгдэгч У.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

26. Шүүгдэгч У.А-ийн хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч нь 1984 онд төрсөн, өрх толгойлсон эмэгтэй, 2 хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд нь 1 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан байна.

27.  Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

28. Шүүгдэгч У.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэгт нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч У.А-ийг 6 сарын  хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэв.

29. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.А-д зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ түүний оршин суугаа нутаг дэвсгэр болох Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас явахыг хориглож, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэв.

 

30. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.А нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.  

 

31. Шүүгдэгч У.А-д оногдуулсан 6 сарын сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван наймдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.  

32. Шүүгдэгч У.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдав.

33. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч У.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт У А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.А-ийг 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Ад зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ түүний оршин суугаа нутаг дэвсгэр болох Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.А нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч У.А-д оногдуулсан 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван наймдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч У.А-ээс гэмт хэргийн хохиролд 700,000 төгрөг гаргуулан хохирогч Х.С-т олгосугай.

7. Шүүгдэгч У.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч У.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл хугацаанд шүүгдэгч У.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.                  

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Х.ТАЛГАТ