Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 98

 

                     Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мэндсайхан 

Шүүгдэгч Б.Баттулга нарыг оролцуулан   

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хэрээд овогт Баярцогтын Баттулгад холбогдох 1721000010002 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 07 сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.        

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1973 оны 05  сарын 28-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, яс үндэс  халх, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ам бүл 11, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, 42-05 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн Хэрээд овогт Баярцогтын Баттулга. /РД: ЖЭ73052875/  

 

Шүүгдэгч Хэрээд овогт Баярцогтын Баттулга нь согтуугаар 2017 оны 06 сарын 23-ны өдөр 07 цаг 20 минутын орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах “Талын Унага” засварын газрын баруун талд хохирогч М.Батбаярын биеийн нүүрэн тус газарт гараараа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:   

   Шүүгдэгч Хэрээд овогт Баярцогтын Баттулга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Шүр захын хойно байрлах “Талын унага” засварын газрын хажуугаар явж байхад урд нь таньдаг байсан Батбаяртай таараад сайн байна уу гэхэд танихгүй цаашаа яваад өгөрхөөр нь дургүй хүрээд цохьсон байна лээ. Таньдаг байж танихгүй өнгөрлөө гэж маргалдсан юм. Би хохирогчид эмчилгээний зардалд   200000 төгрөг өгч хохиролгүй болгосон. Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэжээ.

            Хохирогч Минжингийн Батбаяр хэрэг бүртгэлтэнд  мэдүүлэхдээ: 2017 оны 06 сарын 23-ны өглөө 07 цаг 20 минутын орчимд ажилдаа явахаар СМУ-гийн хашааны голоор гарч зах руу ордог хэсгийн орчимд явж байхад 3-4 залуучууд халамцуу байсан. Намайг хажуугаар нь өнгөртөл нэг залуу буюу тухайн үед нэрийг нь мэдэхгүй байсан сүүлд мэддэг болоход Баттулга гэдэг залуу нь хажуугаар гарахад намайг “юу байна” гэхээр нь би “юмгүй ээ, ажилдаа явж байна” гээд зөрөөд өнгөрөөд Талын унагын баруун талд очиход араас нэг хүн гар татахад нь эргээд хартал миний нүүр лүү Баттулга нь 2 удаа гараараа цохисон. Аль гараараа цохисныг мэдэхгүй байна. Баттулга намайг цохичихоод “чи намайг яаж ч чадахгүй шүү дээ” гэсэн утга бүхий үг хэлээд буцаад яваад өгсөн. Би тэгэхээр нь хамраа дарахад цус гарсан ба хамраа дарж “Цогт” гуанзны хойд талд байсан хүмүүсээс нойтон салфетка гуйж аваад хамрынхаа цусыг тогтоогоод ажилдаа явсан. Тэгээд би гайгүй байлгүй гээд ажил дээрээ очиход хамар далий болоод нүүр хавдсан байсан. Тэгэхээр нь эмнэлэг явж үзүүлээд зургаа авахуулахад хамар хугарсан байна гэсэн. Ингээд цагдаад хандсан гэх мэдүүлэг. /хх-ийн 12-13/

            Гэрч Наранцэцэгийн Мөнхчулууны хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: Би өдрийг нь сайн санахгүй байна. Би нэг өглөө сэрээд СМУ-д унтаж байхад 07 цагийн орчимд  гаднаас Давка, Баттулга ах хоёр орж ирсэн. Тэр хоёр 1 шил 0.5 литрийн хэмжээтэй архитай орж ирсэн. Ингээд бид гурав архийг байрны гадаа уусан. Мөн тал пиво байсан түүнийг бас хувааж уучихаад Шүр зах руу явсан. Ингээд би СМУ-гийн хашаан дотор байх хиймэл шүдний хойно таньдаг хүнтэйгээ уулзаад 10 орчим минутын дараа нөгөө хоёрынхоо араас очиход Баттулга ганцаараа Шүр захын Нарлаг цайны газрын тэнд зогсож байсан. Ингээд бид хоёр Шүр захын дотор байх билльяард тоглуулдаг хүнтэй цуг би билльяард тоглосон. Харин Батттулга ах билльяардны ширээн дээр унтаад өгсөн. Ингээд 09 цаг өнгөрөөгөөд би Баттулга ахыг Шүр захаас мотоцикльд суулгаж өгөөд явуулсан. Тухайн үед Баттулга ахын архи нь гайгүй болчихсон байсан. Харин орой нь Баттулгын эхнэр нь надруу залгаад Баттулга хүн цохьсон байна гэж хэлсэн. Би Баттулга ахыг хүнтэй маргаж муудсан талаар мэдэхгүй байна. Намайг таньдаг хүнтэйгээ уулзаж байх хооронд л тийм зүйл болсон байх гэх мэдүүлэг. /хх-ийн 16/

            Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 07 сарын 04-ний өдрийн 373 тоот актын дүгнэлтэд

            1. М.Батбаярын биед хамрын хянга ясны цөмөрсөн хугарал, таславчийн муруйлт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун нүдний салстын доор цус харвалт гэмтэл тогтоогдлоо.

     2. Дээрх тогтоогдсон гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр  тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно.   

     3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  

     4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй   гэжээ.

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 06/

Гэрч Ц.Байгалмаагийн мэдүүлэг /хх-ийн 17/

Эмчийн үзлэгийн тодорхойлолт / хх-ийн 19,20/

Хохирогчийн эмчилгээний зардалд 200000 төгрөг төлсөн баримт / хх-ийн 27/

Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн Засаг даргын шүүгдэгч Б.Баттулгын ам бүл, оршин суугаа хаягыг тодорхойлсон тодорхойлолт /хх-ийн 28/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Хэрээд овогт Баярцогтын Баттулга нь согтуугаар 2017 оны 2017 оны 06 сарын 23-ны өдөр 07 цаг 20 минутын орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах “Талын Унага” засварын газрын баруун талд хохирогч М.Батбаярын биеийн нүүрэн тус газарт гараараа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хуульд заасан нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж үзсэн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч М.Батбаярын хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэг, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 07 сарын 04-ний өдрийн 373 тоот актын дүгнэлт, гэрч Ц.Байгалмаагийн мэдүүлэг /хх-ийн 17/, эмчийн үзлэгийн тодорхойлолт / хх-ийн 19,20/, хохирогчийн эмчилгээний зардалд 200000 төгрөг төлсөн баримт / хх-ийн 27/ зэрэг нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна. 

Шүүгдэгч Б.Баттулга нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, согтуугаар үйлдэж, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчид эрүүгийн ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 Хохирогч М.Батбаяр нь эмчилгээний төлбөрт 200000 төгрөг авсан тул шүүгдэгч Б.Баттулгад гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тул шүүгдэгч Б.Баттулгыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Баттулга нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүйг тус тус дурдаж, түүний бичгийн баримтаар хураагдаж ирсэн ЖЭ 73052875  тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь ялаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан тул шүүгдэгч Б.Баттулга нь уг гэмт хэргийг согтуугаар үйлдсэн тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй байна.

Шүүгдэгч Б.Баттулга нь эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй тул торгуулийн ял оногдуулах боломжгүй бөгөөд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.     

Шүүгдэгч Б.Баттулга нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан ял хөнгөрүүлэх  нөхцөл байдалд тооцов. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хэрээд овогт Баярцогтын Баттулгыг хүний эрүүл мэндэд санаатай хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Баярцогтын Баттулгыг 250 /хоёр зуун тавин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар ялтан Б.Баттулга нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих  учрыг мэдэгдсүгэй.     

 4. Ялтан Б.Баттулга нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн түүүний ЖЭ73052875 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.   

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Б.Баттулгад урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1-д  зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д  зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Б.Баттулгад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                       

 

 

                                    ДАРГАЛАГЧ                               Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ