Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 201/МА2019/00013

 

 

“МХБ” ТӨХК-ийн

нэхэмжлэлтэй, “ДХ” ХК-д холбогдох

 хэргийн талаар

 

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Ж.Долгормаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 10-ны өдрийн 138/ШШ2019/00291 дугаар шийдвэртэй “МХБ” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “ДХ” ХК-д холбогдох Бүртгэлийн гэрээний үйлчилгээний хөлс 7029558 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.А-гийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 05 сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.У /онлайнаар/, хариуцагчийн төлөөлөгч Д.Ш, хариуцагчийн өмгөөлөгч Д.Урансувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч “МХБ” ТӨХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “МХБ” нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.28-д заасан үнэт цаасны арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий төрийн өмчит хувьцаат компани юм. “ДХ” ХК нь 1993 оны 6 сарын 4-ний өдөр “МХБ” ТӨХК-тай бүртгэлийн гэрээ байгуулан бүртгүүлж, үнэт цаасны арилжаагаа гүйцэтгүүлж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл тус биржид бүртгэлтэй хэвээр байгаа билээ. Үнэт цасны зах зээлийн тухай хуулийн 49.3-т заасны дагуу “МХБ” ТӨХК нь үйлчилгээний хөлс болон урамшууллыг тогтоох эрхтэй байгууллага бөгөөд Үнэт цаасны бүртгэлийн журам батлан дагаж мөрдүүлж, үйлчилгээ хөлсөө тогтоосон. Тус журамд зааснаар жилийн үйлчилгээний хөлсийг тухайн оны 1 дүгээр улиралд багтаан биржийн дансанд төлөхөөр заасан байдаг. Гэвч “ДХ” ХК нь Бүртгэлийн гэрээний 1.1-д заасны дагуу холбогдох хууль журмыг хэлбэрэлтгүй мөрдөх, мөн гэрээний 1.3-д заасны дагуу хураамжаа цаг тухайд нь төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрсэн тул шүүхээр шийдвэрлүүлэхээс өөр аргагүй байдалд хүрээд байна. “ДХ” ХК-ийн төлбөл зохих төлбөр нь 2011 онд 29,558 төгрөг, 2012-2016 онд 6,000,000 төгрөг, 2017-2018 онд 1,000,000 төгрөг буюу нийт 7,029,558 төгрөг төлөхөөр тооцоо байна. Иймд “ДХ” ХК-иас нийт 7,029,558 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ДХ” ХК нь 1993 оны 6 сарын 4-ний өдөр “Хөрөнгийн бирж” ТӨХК-тай бүртгэлийн гэрээ байгуулан бүртгүүлж, үнэт цаасны арилжаагаа гүйцэтгүүлж ирсэн. Үүнээс хойш тус компани нь биржид бүртгэлтэй хэвээр байгаа. Бүртгэлийн гэрээний 1.1-д заасны дагуу холбогдох хууль журмыг хэлбэрэлтгүй мөрдөх, мөн гэрээний 1.3-д заасны дагуу хураамжаа цаг тухайд нь төлөх үүргээ биелүүлэлгүй одоог хүрч байна. Бүртгэлийн хураамж болон хувьцаа арилжаалагдаж байгаатай холбоотой баримтуудыг шүүхэд өгсөн. Гэрээний хугацаа дуусаагүй, одоог хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа учраас хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдахгүй. Хариуцагч тал бүртгэлийн гэрээ байгуулаагүй гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд “ДХ” ХК-аас 2011 оноос 2018 оны бүртгэлийн гэрээний хураамж нийт 7,029,558 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсөн төлөөлөгч Д.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

1. “ДХ” ХК нь 1993 оны 4 сарын 04 өдөр бүртгэлийн гэрээ байгуулаагүй. Энэ тухай гэрээг одоо болтол танилцуулаагүй ДХ түүний төлөөлөх эрх бүхий хүний гарын үсэг зурж баталгаажсан гэрээ хуулбар байхгүй.

2. Нэгэнт гэрээ байгуулаагүй тул төлбөр төлөх үүрэггүй юм.

3. “Есөн эрдэнэ” ХК-тай гэрээ байгуулсан бол өнөөдөр гэрээний үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан.

4. Манай “ДХ” ХК-нд “МХБ” ТӨХК нэг ч удаа төлөх нэхэмжлэл гаргаж байгаагүй. Энэ тухай маргаантай асуудал байсан бол, манай компанитай гэрээ байгуулсан бол эхлээд энэ талаараа манай компанид мэдэгдэж болох байсан. Гэтэл манай компанид огт хандаж байгаагүй.

5. Үнэт цаасны бүртгэлийн журам батласны дагуу ХК-даас бүртгэлийн хураамж авдаг заалттай юм байна. Тэгвэл бид хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлийн хураамжийн журам болон бусад баримт төлбөр төлөх тухай огт мэдээгүй, танилцаагүй, танилцуулаагүй. Иймд манай компани нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

6. Манай компани хөрөнгийн биржээр арилжаа хийгдээгүй.

“ДХ” ХК нь “МХБ” ТӨХК-тай бүртгэлийн гэрээ байгуулаагүй. Албан ёсоор манайхтай гэрээ байгуулж, эрх бүхий хүнээр гарын үсэг зуруулаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

 

            Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 10-ны өдрийн 138/ШШ2019/00291 дүгээр шийдвэрээр:  Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3 дахь хэсэгт заасныг баримтлан “ДХ” ХК-иас 2016-2018 оны бүртгэлийн гэрээний хөлс 2,200,000 /хоёр сая хоёрзуун мянга/ төгрөг гаргуулан “МХБ” ТӨХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2011-2015 оны бүртгэлийн гэрээний хөлс 4,829,558 /дөрвөн сая найман зуун хорин есөн мянга таван зуун тавин найм/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “МХБ” ТӨХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127 430 /нэг зуун хорин долоон мянга дөрвөн зуун гуч/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ДХ” ХК-иас 50 150 /тавин мянга нэг зуун тавь/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “МХБ” ТӨХК-нд олгож, ...шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.А давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг нэхэмжлэгчийн зүгээс эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч “МХБ” ТӨХК нь хариуцагч “ДХ” ХК-с бүртгэлийн гэрээний үүрэгт 7,029,558 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх 4,829,558 төгрөгт холбогдох хэсгийг “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэх хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Тухайлбал:

“ДХ” ХК болон “МХБ” ТӨХК-ийн хооронд 1993 оны 6 сарын 4-ний өдөр байгуулагдсан “Бүртгэлийн гэрээ” өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд гэрээ ямар нэг байдлаар дуусгавар болоогүй.

Мөн бүртгэлийн гэрээнд заасан ёсоор ДХ” ХК-ийн хувьцаа “МХБ” ТӨХК-иар дамжуулагдан нийтэд арилжаалагдсан хэвээр байна. Нэгэнт талуудын хооронд байгуулсан гэрээний үүрэг хэвийн үргэлжилж байгаа учраас ДХ” ХК-ийн 2011-2015 оны хооронд төлөх 4,829,558 төгрөгийн төлбөрийн үүрэг хуримтлагдаж, хойшлогдож байснаас биш тухайн үүрэг хэрэгсэхгүй болох учиргүй юм.

Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 75.1, 76.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэж, хариуцагчийн жил бүр төлөх төлбөрийн үүрэгт тус тусдаа хөөн хэлэлцэх хугацааг тогтоож, нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөнд гомдолтой.

Хариуцагчийн төлбөр төлөх үүрэг нь 2011, 2012, 2013, 2014, 2015 оны төлбөрийн үүрэг боловч эдгээр үүрэг нь нэгтгэгдэн хуримтлагдаж, нийт дүнгээрээ нэг гэрээний үүрэг хэмээн тооцогдож байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна.

Өөрөөр хэлбэл, нэг гэрээний үүрэг гүйцэтгэх хугацааг анхан шатны шүүх өөр өөрөөр тооцож байгаа нь хуульд нийцэхгүй юм. Аливаа нэг гэрээний хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо үүрэг тодорхой хугацааны дотор хэсэгчлэн биелэгдэх байсан хэдий ч үүрэг гүйцэтгэх эцсийн хугацаанаас эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолдог ба нэг гэрээнд нэг л хөөн хэлэлцэх хугацаа тоологдоно.

Гэтэл 2011 оны төлбөрийн үүрэгт 2011 оноос эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолж, 2012 оны төлбөрийн үүрэгт хөөн хэлэлцэх хугацааг 2012 оноос эхлэн тоолох байдлаар нэг гэрээний үүргийн хөөн хэлэлцэх хугацааг харилцан адилгүй тоолох нь Иргэний хуулийн 75.2.1 дэх заалттай нийцэхгүй.

Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч “МХБ” ТӨХК нь хариуцагч “ДХ” ХК-иас “Бүртгэлийн гэрээ”-ний 2011-2018 оны үйлчилгээний хөлс /хураамж/ 7029 558 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч “ДХ” ХК нь /хуучин нэрээр “Е.Э” компани/ нь 1993 оны 06 сарын 04-ний өдөр “МХБ”-д үнэт цаас бүртгүүлэхийг хүссэн өргөдөл гаргаж, мөн өдрөө талууд бүртгэлийн гэрээ байгуулсан ба тус гэрээний 3-т “Бүртгэлийн хураамжийг цаг тухайд нь төлнө.” гэж заасан байна. /хх-ийн 5-6 дахь талууд/

Мөн хариуцагч “ДХ” ХК нь 1996 оны 05 сарын 22-ны өдөр Монгол Улсын Үнэт цаасны хороонд “компанийн нэр өөрчилсөн тухай” албан бичгээр 1996 оны 05 сарын 20-ны өдрөөс “Е.Э” компанийн нэрийг “ДХ” ХК болгон өөрчилж үйл ажиллагаагаа явуулах болсныг мэдэгджээ. /хх-ийн 7 дахь тал/

Хариуцагч талын компанийн нэр өөрчлөгдсөн явдал нь нэхэмжлэгч “МХБ” ТӨХК-тай байгуулсан бүртгэлийн гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.

Нэхэмжлэгч “МХБ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь 2007, 2012, 2015, 2018 онуудад “Үнэт цаасны бүртгэлийн журам” батлан гаргасан бөгөөд уг журамд “... Үнэт цаас гаргагч нь жилийн үйлчилгээний хөлсийг ... тухайн оны нэгдүгээр улиралд багтаан Биржийн дансанд шилжүүлнэ.” гэж заасны дагуу нэхэмжлэгч тал нь хариуцагчаас төлөөгүй хугацааны жилийн үйлчилгээний хөлсийг шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх Иргэний хуульд  заасан хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Хариуцагчийн төлөөгүй байсан 2011-2015 оны үйлчилгээний хөлсийг /хураамжийг/  Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно.”, 76.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, ...үеэс үүснэ.” гэсэн заалтаар хариуцагч нь бүртгэлийн гэрээнд зааснаар 2015 оны хураамжийг 2015 оны 1 улиралд багтаан төлөх үүрэгтэй байжээ. 2015 оны 04 сарын 01-ний өдөр болсноор нэхэмжлэгч  “МХБ” ТӨХК-ийн эрх зөрчигдсөн гэж үзнэ. Эрх зөрчигдсөн тухайгаа нэхэмжлэгч тал мэдэх боломжтой байсан. Энэ хугацаанаас хойш 3 жилийн дотор нэхэмжлэгч тал төлбөрийн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байхад 2011-2019 оны үйлчилгээний хөлсийг бүгдийг төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага  гаргасан нь үндэслэлгүй байна.  

Хөөн хэлэлцэх хугацаа нь шүүх арбитрт нэхэмжлэл гаргах эрхтэй байх хугацааг хэлэх бөгөөд гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг гэрээний зөрчил гарсан, энэ талаар нэхэмжлэгч мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс эхлэн тоолох нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т нийцэхээр байна. Хөөн хэлэлцэх хугацаа нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд үүссэн маргааныг, маргаан үүссэнээс хойш тодорхой хугацааны дотор хянан хэлэлцэх зорилгыг агуулдаг учраас шүүх хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэсэн хуулийн шаардлагатай нийцсэн байна.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд гарсан маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримталсан нь буруу байна.

Хөрөнгийн бирж нь тухайн компанийн гаргасан хувьцааг /үнэт цаасыг/ бусдад арилжиж, худалдагч, худалдан авагч нарыг хооронд нь холбож байгаа тул Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1-т зааснаар худалдааны зуучлагч гэж үзэх нь зүйтэй юм. Харин нэхэмжлэлийн шаардлага нь гэрээний үүрэгтэй холбоотой тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-ийг баримталсныг зөв гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгч “МХБ” ТӨХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “МХБ” ТӨХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 92 223 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 10-ний өдрийн 138/ШШ2019/00291 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, ...” гэснийг “Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1,...” гэж өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “МХБ” ТӨХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.2,  60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “МХБ” ТӨХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 92 223 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

         

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Л.НАРАНБАЯР

ШҮҮГЧИД                                                               Ж.ДОЛГОРМАА

                                                                                З.ЭНХЦЭЦЭГ