Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/123

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025             05           14                                       2025/ШЦТ/123                  

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

   

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Т даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.М,  

улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А,  

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М,

шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Т.Бахыт,

шүүгдэгч Н.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А-ээс хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2513000000152 дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсныг 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, У овогт Н Х, 19... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Баян-Өлгий аймгийн У... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 8, эцэг эх, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн У... сумын ...дугаар багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, РД:БК.....

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Х нь төрөөс олгож буй хүүхдийн мөнгөн тэтгэмжийг авах зорилгоор хүү Х.Б нь 2018 оны 5 дугаар сарын 06-ны өдөр нас барсан атал түүнийг нас барсан талаар төрийн холбогдох байгууллагад бүртгүүлэлгүй 2018 оны 6 дугаар сараас 2024 оны 9 дүгээр сар хүртэл хүүхдийн мөнгө 5,880,000 төгрөг, Засгийн газраас 2021 оны 4 дүгээр сард олгосон нэг удаагийн дэмжлэг 300,000 төгрөг, нийт 6,180,000 төгрөгийг халамжийн сангаас талийгаач хүү Х.Б эзэмшлийн Төрийн банкны 2..... тоот дансаар дамжуулан авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар.   

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан мэдүүлэг, дүгнэлт.

           1. Шүүгдэгч Н.Х мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол 3,100,000 төгрөгийг төлж өгсөн ба үлдсэн хохирол болох 3,080,000 төгрөгийг төлж өгөхөө сайн дураараа илэрхийлж байна” гэв.     

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: “...шүүгдэгч Н.Х гэмт хэрэг үйлдэж нийтдээ 6,180,000 төгрөгийн хохирол учруулсан ба үүнээс 3,100,000 төгрөгийг халамжийн санд төлж өгсөн. Үлдсэн 3,080,000 төгрөгийг нэхэмжилж байна“ гэв.    

3. Улсын яллагчаас гаргасан дүгнэлтэд: “Шүүгдэгч Н.Х-ийн үйлдсэн гэмт хэрэг нь тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, түүнд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг саналыг гаргаж байна.

Прокурорын байгууллагаас шүүгдэгч Н.Х-ийн хүү Х.Б нэр дээр авсан Эрдэнэ таван толгой ХК-ны хувьцааны мөнгө болох нийт 661,509 төгрөгийг иргэний журмаар нэхэмжлэх болно” гэв.

4. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан дүгнэлтэд: “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь тогтоогдсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлын зарим хэсгийг төлж өгч, зарим хэсгийг төлж өгөхөө илэрхийлж байгаа тул түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэв.  

5. Шүүгдэгч Н.Х нь төрөөс олгож буй хүүхдийн мөнгөн тэтгэмжийг авах зорилгоор хүү Х.Б нь 2018 оны 5 дугаар сарын 06-ны өдөр нас барсан атал түүнийг нас барсан талаар төрийн холбогдох байгууллагад бүртгүүлэлгүй 2018 оны 6 дугаар сараас 2024 оны 9 дүгээр сар хүртэл хүүхдийн мөнгө 5,880,000 төгрөг, Засгийн газраас 2021 оны 4 дүгээр сард олгосон нэг удаагийн дэмжлэг 300,000 төгрөг, нийт 6,180,000 төгрөгийг халамжийн сангаас талийгаач хүү Х.Б-ий эзэмшлийн Төрийн банкны 2.... тоот дансаар дамжуулан авч, хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Н.Х-ийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 09-10, 54 дэх тал/, гэрч М.Е мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/, Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 12/346 дугаартай албан бичиг, хүүхэд Х.Б-ий төрсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 20-21 дахь тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М-ээс Х.Б-ий хүүхдийн тэтгэмж авч байсан тухай мөнгөний тооцоо /хавтаст хэргийн 26-28 дахь тал/, иргэн Н.Х-ээс хүү Х.Б-ий нас барсныг 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн тухай нас барсны гэричлгээний хуулбар /хавтаст хэргийн 31 дэх тал/, яллагдагч Н.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 48, 51 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

6. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

7. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь бодит байдлыг нууж  нийгмийн халамжийн тэтгэмж авч “Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Н.Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

            8. Шүүгдэгч Н.Х нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            9. Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Н.Х нь нийгмийн халамжийн санд 3,100,000 төгрөгийг төлж өгсөн тухай баримт хавтаст хэргийн 60 дахь талд авагдсан ба шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн үлдэгдэл хохирол болох 3,080,000 төгрөгийг сайн дураараа төлж өгөхөө илэрхийлсэн тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Х-ээс гэмт хэргийн хохиролд 3,080,000 төгрөг гаргуулан халамжийн сангийн дансанд оруулахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар.

10. Прокурорын санал болгож, шүүгдэгч Н.Х-ийн хүлээн зөвшөөрсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, түүнд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

11. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.Х-д оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн 1 жилийн хугацаанд авч, түүнд хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй.     

13. Шүүгдэгч Н.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдав.

14. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Н.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У овогт Н Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэмж авч “Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.Х-д оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн 1 жилийн хугацаанд авч, түүнд хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Х-ээс гэмт хэргийн хохиролд 3,080,000 төгрөг гаргуулан халамжийн сангийн дансанд оруулахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч Н.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Н.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд гардаж авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Х.ТАЛГАТ