Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 104/ШШ2017/00063

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 104/ШШ2017/00063

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Багахангай, Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: ******* тотод оршин суух Шаргалзуут овгийн *******/РД:*******/

            Хариуцагч: *******

            Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, ниийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг шаардсан нэхэмжлэлийг шүүх 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А., түүний өмгөөлөгч Ж.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ихэрбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмлжгч А. шүүхэд болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбарлахдаа: Налайх дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 13 тоот захирамжаар Налайх дүүргийн “Цэцэрлэгжүүлэлтийн алба” ОНӨААТҮГ-ын даргаар томилогдон ажилласан. 2016 оны 9 дүгээр сард орон нутгийн сонгуульд нэр дэвшиж хуульд заасны дагуу үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр Налайх хотын захирагчийн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Б/05 тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Сонгууль өнгөрсний дараа ажилдаа эргэж орох хүсэлтийг хотын захирагчид гаргасан. Захирагч 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Б/14 тоот захирамжаар” Цэцэрлэгжүүлэлтийн алба” ОНӨААТҮГ-ын даргын ажил албан тушаалд томилсон. Үүрэгт ажлаа зохих ёсоор гүйцэтгэж байтал шинээр томилогдсон Дүүргийн Засаг дарга Ч. орон нутгийн сонгуульд нэр дэвшсэн, улсын төрийн намын үйл ажиллагаанд оролцсон үндэслэлээр эрхэлж байсан ажил албан тушаалаас хуульд заагаагүй үндэслэлээр чөлөөлсөн. Түүний гаргасан шийдвэрийг хуулийн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговор 2718.086 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэв.

            Хариуцагч ******* Ч. шүүхэд гаргасан тайлбартаа: Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 05 дугаар тогтоолоор “Цэцэрлэгжүүлэлтийн алба”-ыг  Засаг даргын харьяа байгууллага болсонтой холбогдуулж Дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/324 дүгээр захирамжаар “Дүүргийн Засаг даргын харьяа байгууллагын бүтцийг батласан.  /Захирамжийн хуулбарыг хавсаргав./

“Цэцэрлэгжүүлэлтийн алба”-ны дарга А. ажил, албан тушаалыг хашиж байхдаа Ардчилсан намаас сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд нэр дэвшсэн шалтгаанаар ажлаасаа бүрмөсөн чөлөөлөгдөж, иргэдээс олонхийн санал авч чадаагүй ялагдал хүлээснийхээ дараа буцаж ажилдаа хууль бусаар томилогдсон байна. Өмнөх Засаг дарга Х.******* өөрөө сонгуулийн үр дүнгээр ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөсөө өмнө Засаг дарга, Ардчилсан намын даргын албан тушаалаа урвуугаар ашиглан намаасаа нэр дэвшүүлж, орон нутгийн сонгуульд оролцуулсан өөрийн намын гишүүнийг ажилд нь буцаан томилуулах хууль зөрчсөн захирамжийг Налайх хотын Захирагчаар гаргуулан, хууль бус томилгоо хийгдсэнийг дүүргийн Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд хуульд нийцүүлэн шийдвэрлэж, А.Тулгыг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/47 дугаар захирамжаар Цэцэрлэгжүүлэлтийн албаны даргын ажил, албан тушаалаас чөлөөлсөн юм.

Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэгт “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч нь төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх,  хэрэв улс төрийн намын гишүүн бол намын гишүүнээс түдгэлзэж, тухайн төрийн албан тушаалд томилогдсон өдрөөс хойш 7 хоногийн дотор энэ тухайгаа байгууллагын захиргаа болон харьяалах намдаа бичгээр албан ёсоор мэдэгдэнэ.” гэж заасан. Дээрх заалт нь төрийн албан хаагчийн төрийн албан тушаал эрхлэх шалгуур, төрийн албан тушаалд тавигддаг шаардлага юм. Энэ шаардлагыг хангаагүй хэнийг ч төрийн албан тушаал эрхлэхийг хуулиар хориглодог.  Гэтэл А. нь орон нутгийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж, улс төрийн үйл ажиллагаа илт явуулсан байхад, намаасаа гараагүй, түдгэлзээгүй намын гишүүн хүнийг төрийн албанд буцаан томилж Налайх хотын Захирагч хууль зөрчсөн шийдвэр гаргасан.

Хуульд зааснаар А. төрийн албан хаагчийн хувьд намын гишүүнээсээ түдгэлзэж, энэ тухай Ардчилсан намд болон удирдах байгууллагадаа өргөдөл, мэдэгдлээ албан ёсоор өгч бүртгэлд хамруулан төрийн албан хаагчийн хувийн хэрэгтээ хадгалуулах ёстой.

 Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх, нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино” гэж заасан.

Нэгэнт төрийн албанаас чөлөөлөгдсөн хүн нийтийн албан тушаалд буцаан томилогдохоор нэр дэвшсэн бол хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг(ХАСУМ)-ийг байгууллагын эрх бүхий албан тушаалтнаар дамжуулан Авлигатай тэмцэх газарт хүргүүлэх  ёстой.

Гэтэл Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчин, А.ар дахин ХАСУМ гаргуулалгүй томилсон байна.

Хуульд төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд даргыг төрийн жинхэнэ албан хаагчтай адилтган үзсэн байна.

 

Мөн “А.Тулгыг ажил, албан тушаалаас чөлөөлөх тухай” Засаг даргын 2016 оны Б/47 дугаар захирамжид Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5 дахь заалтыг зөрчин шууд шүүхэд гомдол гаргасан. Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн дарга, дэд даргыг төрийн жинхэнэ албан хаагчтай адилтган үзсэн учир тухайн төрийн албан хаагч гомдлоо дээд шатны Засаг даргад, эсвэл Нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлд эхэлж гаргах ёстой байсан.  Эцэст нь А.Тулгын “... урьд эрхэлж байсан дүүргийн Хангамжийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.” гэж шүүхэд нэхэмлэл гарган будилсан, шүүх ийм үндэслэлтэй нэхэмжлэл хүлээн авсан нь ойлгомжгүй байна.

Дүүргийн Засаг даргын захирамж хууль, тогтоомж, төрийн албаны зарчим, хэм хэмжээнд нийцэж байгаа тул А.Тулгын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ханган биелүүлэх боломжгүй юм. Иймд иргэн А.Тулгын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.******* шүүх хуралдаанд хариуцагчийн тайлбарыг дэмжиж тайлбарлахдаа: Хариу тайлбараа дэмжиж оролцож байна. Нэхэмжлэгчийн гаргасан “Төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа намаас орон нутгийн сонгуульд нэр дэвшиж, улс төрийн намын үйл ажиллагаанд оролцсон гэж ажлаас халсан” гэсэн тайлбар, “Сонгуульд нэр дэвшихдээ Сонгуулийн тухай хуулийг зөрчөөгүй”  гэсэн хоёр тайлбар нь хоорондоо зөрчилдөж байна. Үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн гэдэг нь нотлогдохгүй байна. Налайх хотын захирагчийн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/05 дугаар захирамжаар  А. тухайн албан тушаалаас чөлөөлөгдсөн байдаг. Чөлөөлөгдсөн гэдэг  нь албан тушаалд эргэн ажиллах боломжгүй нөхцлийг ойлгодог. Гэтэл 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/15 дугаар захирамжаар буцаан томилсон байдаг. Буцаан томилсон хотын захирагчийн захирамжийг хууль бус гэж үзэж байна.  Мөн Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6.-д зааснаар чөлөөлөгдөх хүсэлтээ тавилгүйгээр намын үйл ажиллагаанд оролцсон нь хууль зөрчиж байна. Мөн Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4.т заасан заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Буцаан томилогдохдоо Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг гаргалгүйгээр томилогдсон нь хууль бусаар томилогдож албан үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн баримтууд, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч А.  2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Налайх хотын захирагчийн Б/14 тоот захирамжаар “Цэцэрлэгжүүлэлтийн алба” ОНӨААТҮГ-ын даргаар томилогдон ажиллаж байсан бөгөөд ******* төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа намаас орон нутгийн сонгуульд нэр дэвшиж, улс төрийн намын үйл ажиллагаанд оролцсон үндэслэлээр 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 4/47 тоот захирамжаар ажлаас халагдсан байна.

Хариуцагч Налайх  дүүргийн Засаг дарга ажилтантай байгуулсан гэрээг цуцлахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.8-д “хууль тогтоомжид заасан бол тухайн нутаг дэвсгэр дэх төсвийн байгууллагын ажилтанг холбогдох дээд байгууллагын удирдлагатай зөвшилцөн томилох, чөлөөлөх” гэснийг,  мөн Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д  “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, хөдөлөгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх, хэрэв улс төрийн намын гишүүн бол намын гишүүнээс түтгэлзэж, тухайн төрийн албан тушаалд томилогдсон өдрөөс хойш 7 хоногийн дотор энэ тухайгаа байгууллагын захиргаа болон харьяалах намдаа бичгээр албан ёсоор мэдэгдэнэ” гэснийг,  мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т “Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилсан”-аар цуцална” гэснийг, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3 “захиргааны акт гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах,” 40.2.5 “захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах” гэсэн заалтуудыг үндэслэсэн байна.

Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргаж буй үндэслэлээ Засаг дарга эрх хэмжээний хүрээнд Налайх хотын Захирагчийн гаргасан шийдвэрийг өөрчилсөн. Ажилтан Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д заасан төрийн албан хаагчийн төрийн албан тушаал эрхлэх шалгуур, төрийн албан тушаалд тавигддаг  шаардлагыг хангаагүй хэнийг ч төрийн албан тушаал эрхлэхийг хуулиар хориглодог” гэж тайлбарлан Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 сарын 24-ний өдрийн 05 тоот тогтоол 1 хуудас /хх-12/, Налайх дүүргийн Засаг даргын 2016 оны 12 сарын 02-ны өдрийн А/324 тоот захирамж 2 хуудас /хх-9/ баримтыг шүүхэд ирүүлсэн.

Налайх дүүргийн “*******” ОНӨААТҮГ нь 2016 оны 9 сард болсон орон нутгийн сонгуулиас өмнө Налайх хотын захирагчийн ажлын албанд харъяалагддаг байсныг Налайх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 11 сарын 24-ний өдрийн 2016 оны 11 сарын 24-ний өдрийн 05 тоот тогтоолоор дүүргийн Засаг даргын дэргэдэх байгууллага болгон өөрчилсөн байна. /хх-14/ 

Нэхэмжлэгч А.Тулгын эрхэлж байсан Налайх дүүргийн “*******” ОНӨААТҮГ-ын даргын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 9 дүгээр зүйлийн 9.1.4, Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолын 7 дугаар хавсралтад заасан төрийн үйлчилгээний байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын зэрэглэлийн ТҮ-9-д хамаарна.   Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д  зааснаар төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулахаар заасан  учраас А.Тулгын хөдөлмөрлөх эрхтэй холбоотой маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д зааснаар ерөнхий харьяаллын буюу иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэнэ.

Нэхэмжлэгч А. Орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшихдээ Сонгуулийн тухай хуулийн 154.4-т зааснаар сонгуулийн жилийн 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байх” шаардлагыг хангасан нь Налайх хотын Захирагчийн 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/05 захирамжаар тогтоогдсон./хх-18/

Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлж байгаа төрийн албан хаагч ёс зүйн хэмжээг болон улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй төвийг сахихтай холбогдсон зохицуулалтыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн ажил олгогч Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журам, контрактаар тодорхойлох ёстой. Контрактын гэрээ нь хөдөлмөрийн гэрээний төрөл бөгөөд хөдөлмөрийн контракт нь өмчлөгч этгээдээс эд хөрөнгө өмчлөх эрхийн тодорхой хэсгийг бусдад шилжүүлэх зорилгоор байгуулсан хөдөлмөрийн хугацаатай гэрээний нэг төрөл. Контрактын гэрээний талууд үр дүнг заавал дүгнэдэг. Энэ утгаараа Налайх хотын Захирагч нэхэмжлэгч А.Тулгыг ажил албан тушаалаа эрхэлж байхад Үр дүнгийн  байгуулсан нь агуулга, үр дүнгийн хувьд контрактын гэрээ байна.

Нэхэмжлэгч А. төрийн үйлчилгээний албан хаагч учраас Төрийн албаны тухай  хуулийн 15 дугаар зүйлээр хориглосон үйлдэл, үйл ажиллагаа хамаарахгүй.

Орон нутгийн хурлын сонгуульд оролцсоны дараа нэхэмжлэгч А.  Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 4-т заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхээ эдэлж урьд эрхэлж байсан ажилдаа эргэж орох хүсэлт гаргасныг Налайх хотын захирагч хүлээн авч 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Б/14 тоот захирамжаар “Цэцэрлэгжүүлэлтийн алба” ОНӨААҮГ-ын даргын ажилд томилсоныг ******* хууль бус гэж үзсэн нь ойлгомжгүй байна.

Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 10-д заасан ...Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний хувьд хүнийг ялгаварлан гардуурхахийг, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т хөдөлмөрийн харилцаанд....үзэл бодлоор нь ялгаварлахыг хориглосон байхад Захирамжийн 1 дэх заалтанд “...намаас орон нутгийн сонгуульд нэр дэвшиж, улс төрийн намын үйл ажиллагаанд оролцсон” гэсэн нь дээрх хуулийн заалтыг ажил олгогч зөрчсөн байна..

Ажил олгогч ажилтантай байгуулсан гэрээг хүссэн үедээ бус гагцхүү хуульд тусгагдсан шалтгаан, нөхцөл бодитой бүрдсэн тохиолдолд цуцлана. Хуульд заагаагүй үндэслэлээр гэрээг цуцлаж ажилтны хөдөлмөрлөх эрхийг зөрчих эрхгүй.

            Нэхэмжлэгч А.Тулгыг 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “Цэцэрлэгжүүлэлтийн алба” ОНӨААТҮГ-ын даргын ажилд томилогдохдоо Авилгын тухай хуульд зааснаар хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг мэдүүлээгүй уг албанд томилогдсон үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгоогүй, энэ тухай Дүүргийн Засаг даргын захирамжид дурьдагаагүй байна. 

Ажил олгогч хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлийн талаар ажилтантай байгуулсан гэрээгээр тохиролцож тодорхойлох ёстой. Гэтэл хариуцагчийн тайлбарт дурьдсан фактуудыг А.тай байгуулсан Үр дүнгийн гэрээнд тусгаагүй атлаа зөрчил гэж үзэж тайлбар ирүүлсэн нь үндэслэлгүй. 

Иймд хариуцагч *******  “Цэцэрлэгжүүлэлтийн алба” ОНӨААТҮГ-ын дарга А.тай байгуулсан гэрээг  хуульд заагаагүй үндэслэлээр цуцалж ажлаас халсан хууль бус шийдвэр гаргасан нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан Налайх дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ....тоо захирамжаар тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар А.Тулгыг  урьд эрхэлж байсан “Цэцэрлэгжүүлэлтийн алба” ОНӨААТҮГ-ын даргын ажилд эгүүлэн тогтоож  энэ хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны олговор 1.712.347 төгрөгийг Налайх дүүргийн Засаг даргын тамгын газраас гаргуулж,  нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн олговор  1.005.739,29төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

Мөн нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоосонтой холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.,46.2-т зааснаар А.Тулгын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг Дүүргийн Засаг даргын тамгын газарт даалгав.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасантай холбогдуулан хариуцагч Налайх дүүргийн Засаг даргын тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 42.364 төгрөгийг гаргуулж улсын орлого болгов.

Нэхэмжлэгч А. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар тус шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 72 дугаар шүүгчийн захирамжаар чөлөөлөгдснийг дурьдах нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118, 156 дугаар зүйлийн 156.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ  НЬ:

            1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Тулгыг Налайх дүүргийн “*******” ОНӨААТҮГ-ын захирлын  ажил албан тушаалд эгүүлэн томилсугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д зааснаар Налайх дүүргийн Засаг даргын тамгын газраас ажилгүй байсан хугацааны олговор  1.712.347 /нэг сая долоон зуун арван хоёр мянга гурван зуун дөчин долоо/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.д олгож, 1.005.739 /нэг сая таван мянга долоон зуун гучин ес/ төгрөг  29 /хорин ес/ мөнгөнд  холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-д заасныг баримтлан А.Тулгын ажилгүй байсан хугацааны нийгмийн  даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, энэ тухай бичилт хийхийг Налайх дүүргийн Засаг даргын тамгын газарт үүрэг болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан Налайх дүүргийн Засаг даргын тамгын газраас улсын тэмдэгтийн хураамж 42.364// төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А. тус шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 72 дугаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурьдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ хуулийн 119.4-т зааснаар хуралдаанд оролцсон тал шүүхийн шийдвэрийг хуульд заасан хугацаанд бичгээр үйлдсэнээс  хойш 14 хоногийн дотор өөрөө хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг гардан авах  үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй нь энэ хуулийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

:ДАРГАЛАГЧ                                       Л.ЭНХБИЛЭГ