Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2025/ШЦТ/131

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025            05           19                                          2025/ШЦТ/131                                                              

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Т даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж,

улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д,

хохирогч О.Э, Ж.А,

шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч С.Алтай,

шүүгдэгч Б.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Б З-т холбогдох эрүүгийн 2513000000055

дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:     

Монгол Улсын иргэн, Х овогт Б З, 1988 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ө.... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эцэг эх, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Ө... сумын ... дугаар багийн .... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:БЮ.....

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч Б.З нь 2025 оны 1 дүгээр сарын 05-ны орой 19 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан хууль сахиулагч буюу Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа-зохицуулагч О.Э, тус газрын олон нийтийн цагдаа ажилтай Ж.А нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас гаргасан мэдүүлэг.

1. Хохирогч О.Э мэдүүлэхдээ: “...хэргийн талаар мэдүүлгээ өгсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв. 

2. Хохирогч Ж.А мэдүүлэхдээ: “...мэдүүлгээ өгсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

3. Шүүгдэгч Б.З мэдүүлэхдээ: “...би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна, хохирогч нараас уучлалт хүссэн. Иргэний нэхэмжлэгч Ж.-ы нэхэмжилсэн 150,000 төгрөгийг сайн дураараа төлж өгөхөө илэрхийлж байна” гэв.  

4. Эрүүгийн 2513000000055 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын цагдаа-зохицуулагч ажилтай О.Э-гаас 2025 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/, цагдаагийн албан хаагч О.Э-гийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 04-05 дахь тал/, иргэн Ж.Х-ы эзэмшлийн 47-94 БӨА улсын дугаартай, “Toyota corolla” загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 06-09 дэх тал/, цагдаагийн албан хаагч О.Эгийн энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, СД бичлэг /хавтаст хэргийн 10-11 дэх тал/, хохирогч О.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 15, 60 дахь тал/, гэрч Ж.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/, иргэний нэхэмжлэгч Ж.Х-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/, шинжээч “Ашид билгүүн” ХХК-ний 2025 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн БӨА-24-0005 дугаартай үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 29-33 дахь тал/, хохирогч Ж.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 58 дахь тал/, шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч ажилтай, цагдаагийн ахлах дэслэгч Х.Е-ын 2025 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 214 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 63-64 дэх тал/, шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч ажилтай, цагдаагийн хошууч К.Х-ын 2025 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 202 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 69-70 дахь тал/, яллагдагч Б.З-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 54, 85 дахь тал/, шүүгдэгч Б.З-ийн хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

5. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.З-ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

Хэргийн үйл баримтын талаар.

6. Шүүгдэгч Б.З нь 2025 оны 1 дүгээр сарын 05-ны орой 19 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан хууль сахиулагч буюу Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа-зохицуулагч О.Э, тус газрын олон нийтийн цагдаа ажилтай Ж.А нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

6.1. Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын цагдаа-зохицуулагч ажилтай О.Э-гаас 2025 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх -тал/,

6.2. Цагдаагийн албан хаагч О.Э-гийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 04-05 дахь тал/,

6.3. Иргэн Ж.Х-ы эзэмшлийн 47-94 БӨА улсын дугаартай, “Toyota corolla” загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 06-09 дэх тал/,

6.4. Цагдаагийн албан хаагч О.Эгийн энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, СД бичлэг /хавтаст хэргийн 10-11 дэх тал/,

6.5. Хохирогч О.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2025 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр томилгоо, хуваарийн дагуу Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хөдөлгөөн зохицуулах чиглэлээр албан үүргээ гүйцэтгэсэн. Тэгээд 19 цаг 30 минутын үед Өлгий сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт буюу гүүрийн аман дээр хөдөлгөөнд оролцож байсан ... Б... улсын дугаартай “Toyota prius 30” загварын тээврийн хэрэгслийн жолооч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй эсэхийг шалгах зорилгоор тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад жолооч БЮ.... регистрийн дугаартай Б.З-ийн жолоодох эрхийн үнэмлэхийн хүчинтэй хугацаа нь 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдөр дуусгавар болсон байсан бөгөөд мөн Б.З-ийн нэр дээр төлөгдөөгүй нийт 430,000 төгрөгийн 19 торгууль байсан.

Би жолооч Б.З-т гаргасан зөрчлийн талаар тайлбарлан өгч, хөдөлгөөнд оролцож явсан тээврийн хэрэгслийг Цагдаагийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3 дахь заалтад заасны дагуу “жолоодох эрхгүй, ангилал тохирохгүй үнэмлэхтэй хүн жолоодож яваа” гэх үндэслэлээр түр саатуулах тухай хэлсэн боловч Б.З нь надад “нэг удаа сануулаад явуулчих аа, би үнэмлэхийн хугацаа дууссаныг мэдээгүй, үнэмлэхээ хугалчихсан байна” гэж хэлсэн.

Мөн түүний эхнэр гэх хүн “тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг, яахаараа журамладаг юм бэ, би журамлуулахгүй ээ, толгой өвдөөд бариач дээр очиж бариулаад явж байна, хойно хүүхдүүд байна” гэхээр нь би “хүүхдүүдийг гэрт чинь хүргээд өгч болно, тээврийн хэрэгслийг түр саатуулна” гэж хэлсэн боловч удаа дараа тээврийн хэрэгслээ журамлуулахгүй гээд миний үгийг хүлээж авахгүй байсан ба нөхөр гэх жолооч Б.З шууд надтай хэрүүл үүсгэж “чи яах гээд байгаа юм бэ” гэж хэлээд миний зүүн талын гар луу нэг удаа цохисон.

Би түүнд “яагаад цагдаагийн алба хаагчийн шаардлага эсэргүүцээд байгаа юм бэ” гэхэд уурлаад над руу дайраад, надтай зуралдаад хувцаснаас татаад байхаар нь замын эсрэг талд үүрэг гүйцэтгэж байсан олон нийтийн цагдаа Ж.А ирж жолоочийг надаас салгаж авсан бөгөөд уг жолооч үйлдлээ зогсоохгүй Ж.А-ийн цээж рүү нь бас хэд хэдэн удаа цохисон.

Мөн Ж.А нь жолооч Б.З-ийг надаас салгаж холдуулах үед энгэрийн камер луу бас цохиж, намайг “чи яах гээд байгаа юм, пизда минь” гэх зэргээр хэл амаар доромжилж, намайг албан үүргээ биелүүлэхтэй минь холбогдуулж, хүч хэрэглэж эсэргүүцсэн учраас би гомдол гаргаж байна.

...Тухайн гэмт хэргийн улмаас миний эрүүл мэндэд учирсан хохирол байхгүй. Надад хохиролтой холбоотой нэхэмжлэх зүйл гаргаж өгөх баримт байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15, 60 дахь тал/,

6.6. Хохирогч Ж.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2025 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр томилгооны дагуу Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан. Үүрэг гүйцэтгэх хугацаанд Өлгий сумын 1 дүгээр баг, гүүрийн аман дээр цагдаа-зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч О.Э нь аймгийн төвөөс гүүр чиглэлд хөдөлгөөнд оролцож явсан ... Б... улсын дугаартай “Toyota prius -30” загварын тээврийн хэрэгслийг зогсоож шалгасан.

Би замын эсрэг талд нь зогсож байсан. Тэгээд чанга чанга орилоод, хэрэлдэж байгаа чимээ сонсогдохоор нь би О.Эгийн шалгаж байсан тээврийн хэрэгсэл дээр очих үед жолооч Б.З гэгч нь О.Э-г заамдаж авсан байдалтай зогсож байсан ба Б.З-ийн эхнэр нь гэх эмэгтэй машины жолооч талын суудалд ирж суусан бөгөөд О.Э нь Б.З-ийн гаргасан зөрчлийг тайлбарлан өгч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр саатуулах талаар хэлсэн боловч Б.З болон түүний эхнэр нь шаардлага хүлээж авахгүй, машинаа түр саатуулахгүй гэж хэрүүл маргаан үүсгэсэн.

Б.З нь О.Э-г “яах гээд байгаа пизда вэ” гэж хэлээд цохиж хүч хэрэглэж эсэргүүцсэн. Тэр үед би дундуур нь орж Б.З-ийн үйлдлийг зогсоож салгаж авах гэсэн боловч над руу бас дайраад намайг түлхсэн. Тэгэхээр нь О.Э бид хоёр Б.З-ийг цагдаагийн албаны тээврийн хэрэгсэлд суулгах гэж байхад эхнэр нь машиныг унаад яваад өгсөн.

Б.З нь бид нарын тавьсан шаардлагыг хүлээж авахгүй, машинд суухгүй зууралдаад явж байх явцдаа зогсоол дээр байсан “Toyota corolla” загварын тээврийн хэрэгслийн толийг хагалсан.

...Би гомдолтой байна. Цагдаагийн албан хаагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулж хүч хэрэглэж эсэргүүцсэн үйлдлийг хуулийн дагуу шалгаж өгнө үү.” гэх  мэдүүлэг /хавтаст хэргийн 58 дахь тал/,

6.7. Иргэний нэхэмжлэгч Ж.Х мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2025 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 19 цагийн үед санагдаж байна, Өлгий сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Оргил” супермаркетаас худалдан авалт хийх зорилгоор өөрийн эзэмшлийн .... Б.... улсын дугаартай саарал өнгийн “Toyota corolla” загварын тээврийн хэрэгсэлтэй очсон бөгөөд сул зогсоол байхгүй байсан учраас би тээврийн хэрэгслээ замын эсрэг талд буюу ертөнцийн зүгээр зүүн талд зам дагуу байх зогсоол дээр байрлуулж дотогшоо орсон.

Тэгээд худалдан авалт хийгээд гарч ирээд машин дээрээ ирж байхад миний машины хажуу талд нэг залуу цагдаа нартай ноцолдож байсан бөгөөд тэр залуу цагдаа нартай ноцолдох явцдаа болгоомжгүйгээр миний тээврийн хэрэгслийн зүүн талын толийг хугалсан учраас би гомдол гаргаж байна. Миний тээврийн хэрэгслийн зүүн талын толь сууриараа хугарч эвдрэл үүссэн.

Би хугарсан толио нэхэмжилж байна. Үнэ ханшийг судлаад үзсэн чин 150,000 төгрөгийн үнэтэй байна. Надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,

6.8. Шинжээч “Ашид билгүүн” ХХК-ний 2025 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн БӨА-24-0005 дугаартай “...2025 оны 1 дүгээр сарын байдлаар мөрдөгчийн тогтоолд дурдагдсан 2004 оны “Toyota corolla” загварын тээврийн хэрэгслийн зүүн талын толь 100,000 төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлов” гэх үнэлгээний дүгнэлт / хавтаст хэргийн 29-33 дахь тал/,

6.9. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч ажилтай, цагдаагийн ахлах дэслэгч Х.Е-н 2025 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 214 дугаартай “...1. Ж.-Аийн биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 63-64 дэх тал/,

6.10. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч ажилтай, цагдаагийн хошууч К.Х-ын 2025 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 202 дугаартай “...1.2.3.4.5. Иргэн О.Э-гийн биед гэмтэл тогтоогдсонгүй.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 69-70 дахь тал/,

6.11. Яллагдагч Б.З-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 85 дахь тал/  зэрэг нотлох баримтууд болно.

7. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Б.З-ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул түүнийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай” дүгнэлтийг, шүүгдэгч Б.З нь “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбарыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч Б.-Зийн гэм буруугийн талаар маргаантай асуудал байхгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.     

8. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв гэж үнэлэв.

Эрх зүйн дүгнэлт.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн тайлбарт: “-Энэ хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, авлигатай тэмцэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно.” гэж, Цагдаагийн албаны тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1. “Нутгийн өөрөө удирдах байгууллага нь оршин суугч иргэд, цагдаагийн байгууллагын санал, хүсэлтийг үндэслэн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах ажилд олон нийтийн цагдаа ажиллуулж болно.”, 63.3. “Цагдаагийн байгууллага аймаг, нийслэлийн Засаг даргаас ирүүлсэн саналыг үндэслэн 20 нас хүрсэн иргэнийг сайн дурын үндсэн дээр, олон нийтийн цагдаагаар томилох шийдвэр гаргаж, гэрээ байгуулна. Гэрээнд хариуцах ажил, талуудын харилцан хүлээх үүрэг, урамшил, гэрээ цуцлах үндэслэлийг заана.”, 23 дугаар зүйлийн 23.1. “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно” гэж тус тус заасан байна.

10. Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/80, Б/82 дугаартай тушаалаар тус тус 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн О.Э-г “тус газрын Замын цагдаагийн тасагт цагдаа зохицуулагч”-аар, Ж.А-ийг “тус газрын олон нийтийн цагдаа”-гаар тус тус томилон ажиллуулснаар “хууль сахиулагч” гэж үзнэ.  

11. Шүүгдэгч Б.З нь 2025 оны 1 дүгээр сарын 05-ны орой 19 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан хууль сахиулагч буюу Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа-зохицуулагч О.Э, тус газрын олон нийтийн цагдаа ажилтай Ж.А нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийн шинжийг агуулж байна.

12. Иймд улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.З-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.  

13. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Б.З-ийн зүй бус харилцаа, хуулийн хариуцлагаас зугтаах санаа зорилго нь шууд нөлөөлсөн гэж үзлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

14. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

15. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 505 дугаар зүйлийн 505.1. “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.”, 510 дугаар зүйлийн  510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан байна.

16. Хохирогч О.Э, Ж.А нар нь мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүх хуралдаанд “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн, иргэний нэхэмжлэгч Ж.-аас мөрдөн шалгах ажиллагааны үед тээврийн хэрэгслийн толийн үнэ 150,000 төгрөгийг нэхэмжилсэн байх ба шүүгдэгч Б.З нь шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгч Ж.Х-д уг 150,000 төгрөгийг сайн дураараа төлж өгөхөө илэрхийлсэн тул шүүгдэгч Ж.Х-аас тээврийн хэрэгслийн толины үнэ 150,000 төгрөг гаргуулан хохирогч Ж.Х-д олгохоор шийдвэрлэв. байгаагаа илэрхийлжээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

17. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Б.З-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлтийг,

18. Хохирогч О.Э, Ж.А нараас “...эрүүгийн хариуцлагын талаар хэлэх зүйл байхгүй” гэх тайлбарыг,

19. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгч Б.З нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нараас уучлал гуйсан, иргэний нэхэмжлэгчид 150,000 төгрөгийг сайн дураараа төлж өгөхөө илэрхийлсэн тул торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулах” дүгнэлтийг тус тус гаргасан болно.     

20. Шүүхээс шүүгдэгч Б.З-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.  

21. Шүүгдэгч Б.З-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

22. Хувийн байдлын хувьд шүүгдэгч Б.З энхэр хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

23. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1. “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлжээ.

24. Шүүгдэгч Б.З нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэгт тус тус нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, шүүгдэгч Б.З-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан ялын төрлөөс торгох ялыг сонгож, түүнд 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.  

25. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4. “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно.” зааснаар шүүгдэгч Б.З-т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.  

26. Энэ хэрэгт шүүгдэгч Б.З нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй,  шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.    

27. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 1 ширхэг СД-ийг эрүүгийн 2513000000055 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалах нь зүйтэй.

28. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.З-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Б З-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З-ийг 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З-т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.З-ээс 150,000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Ж.Х-д олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,2 дахь заалтад зааснаар хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн СД 1 ширхгийг эрүүгийн 2513000000055 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалсугай.

7. Энэ хэрэгт шүүгдэгч Б.З нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.З-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.З-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.        

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.ТАЛГАТ