Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 2025/ШЦТ/148

 

 

 

 

 

 

 

 

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Б даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ба,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч Х.Т,

Шүүгдэгч Х.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Х овогт Ханы Жад холбогдох 2513000000113 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Баян-Өлгий аймгийн Сагсай суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Баян- Өлгий аймгийн Сагсай сумын ..... дугаар /./ багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Хургийн овогтой Х Ж, регистрийн дугаар:...

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Х.Ж нь 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 5 дугаар /Уужим/ багийн нутаг хохирогч А.Аыг “зээлээр авсан адуу, дааганы мөнгийг нэхсэн...” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралт, хаван, зүүн доод зовхинд шарх, зүүн хацарт хавдар, дугуй хэлбэрийн хөх ягаан туяатай цус хуралт, хамрын нурууны мурийлт, хавдар, хэвлийн баруун талд шарх гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Ж мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

1.2. Улсын яллагч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Х.Ж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтат хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Хохирол бүрэн төлөгдсөн” гэв.

1.3 Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Т шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: ”Шүүгдэгч Х.Ж нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа тул гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй. Хохирогч А.Ад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулснаар хохирогч гомдолгүй гэдгээ илэрхийлсэн тул хөнгөрүүлж өгнө үү” гэв.

 

2. Эрүүгийн 2513000000113 дугаартай хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Зөрчлийн талаарх амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээлэл хүлээж авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,

2.2. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч цолтой К.Хайратын гаргасан 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 285 дугаартай “Иргэн А.Аын биед зүүн нүдний доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, хавантай, зүүн доод зовхинд шархтай, зүүн хацарт хавдартай, дугуй хэлбэрийн хөх ягаан туяатай цус хуралттай, хамрын нурууны мурийлттай, хавдартай, хэвлийн баруун талд шархтай гэмтлүүд тогтоогдлоо. Иргэн А.Аын биед үүссэн дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1-10 хоногт үүссэн шинэ гэмтлүүд. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй болно. Иргэн А.Аын биед үүссэн гэмтлүүд нь эрүүл мэндийг түр сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар, хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,

2.3. Хохирогч А.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн  “...2025 оны 02 сарын дундуур Сагсай сумын иргэн Х.Ж гэдэг залууд даагатай гүү зарсан. Би Х.Жыг нэг сумын иргэний хувьд сайн таньдаг. Харин мөнгийг нь 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдөр өгнө гэж хэлж тохирсон. Тэгээд 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдөр болж миний Жаас мөнгөө авах өдөр болсон тул би түүний 99819556 дугаарын утас руу залгахад тэр утсаа авахгүй байсан. Тэгээд би түүний эхнэрийн 99424219 дугаартай утас руу нь залгахад эхнэр нь утсаа авсан. Би түүнээс мөнгө асуухад эхнэр нь "бид нарт мөнгө байхгүй, эхний ээлжид 300,000 төгрөг өгнө" гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр хүнд хандан "Би та нарт бараг нэг сарын хугацаа өглөө, би мөнгөө авна, эсвэл очиж адуугаа авъя гэж хэлсэн. Тэд нар мөнгөө өгөхгүй байсан тул би аймгийн төвөөс Болатбек гэдэг Портер машины жолоочийн машиныг нь хөлсөлж 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Сагсай Сумын төвд очсон. Х.Жын гэрт очиж хашаанд ороход Жын хүүхэд нь гараад ирсэн. Би түүнд хандан аавыгаа дууд гэж хэлсэн. Тэгээд Х.Ж гарч ирсэн. Би түүнд хандан "би мөнгөө авъя, эсвэл адуугаа ачиж явна" гэж хэлсэн. Х.Ж надад "тэр сэгээ авч яв" гэж миний гүүг харуулсан. Би түүнээс гүүний даага яасан талаар асуухад Ж надад "даага нь үхсэн" гэж хэлсэн. Би түүнд хандан “тэгвэл би гүүгээ ачаад явна, чи харин даагаа төлөөд өгчих" гэж хэлсэн. Х.Ж нь надад "тэгвэл дааганы оронд би 300,000 төгрөг өгнө" гэж хэлсэн. Би түүнд "одоо цагт 300,000 төгрөгийн үнэтэй даага байхгүй" гэж хэлсэн. Тэрнээс болж бид хоёрын дунд маргаан гараад нэг нэгнийхээ захаас барьж заамдалцаад байж байхад түүний эхнэр ирж салгасан. Эхнэр нь салгаж байхад Х.Ж гартаа барьсан чулуугаар зүүн талын нүд рүү цохисон. Тэгээд би нүдээ дараад сууж байхад баруун талын хавирган тус газар хэд хэдэн удаа өшиглөсөн. Мөн Х.Ж танай машины шилийг хагална гэхээр нь Болатбек бид хоёр тэр хашаанаас зугтаж гараад цагдаад очиж мэдэгдсэн. ...Х.Ж гартаа чулуу барьж аваад миний зүүн талын нүд рүү цохисон. Би нүдээ бариад доошоо суухад миний баруун талын хавирган тус хэсэг хэд хэдэн удаа өшиглөсөн. Би Х.Жад гар хүргээгүй. Тэр бид хоёр маргалдаж нэг нэгнийхээ захаас барьж заамдалцаж авсан. Өөрөөр бол гар хүргээгүй. Эхлээд Ж нь ирж намайг захаас барьсан байсан. Би эмнэлгийн тусламж аваагүй. Толгой өвдөөд байхаар нь бариачид бариулсан....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46-47 дахь тал/,

- Хохирогч А.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн “...би Х.Жтай хоорондоо тохирч хохирлын маргаангүй болсон тул түүнээс одоо нэмж нэхэмжлэх зүйл байхгүй болно. Сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49 дэх тал/,

2.4. Яллагдагч Х.Жын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. А.А нь 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдөр манай хашаанд ирж, намайг гэртээ байхад дуудсан. Би хашаанд гараад очиход А намайг "чи муу элэнцэг, хужаа пизда" гэж хэл амаар доромжилсон. Би түүнд "чи гүүгээ надад хээлтэй гэж худлаа хэлээд өгсөн байна, мөн даага нь үхчихсэн, чи гүүгээ ачаад яв" гэж хэлсэн. Тэгэхэд А.А нь надад "би чи байтугай Монголчуудтай наймаа хийгээд явж байгаа шүү" гэж хэлээд гараа өргөөд далайгаад, мөн миний захнаас бариад гараараа хэд хэдэн удаа ам руу нухсан. Тэгэхэд би түүний гарыг буулгаж байгаад нүдэн тус газар нэг удаа гараараа цохисон. Тэр үед тэр намайг ч гэсэн нэг удаа цохисон. Тэгээд бид нарыг тэнд байсан манай эхнэр салгаж авсан. Би түүнд мөнгө бол өгөхгүй гэж хэлээгүй. Хээлтэй гэж надад худлаа хэлж гүүгээ зарсан явдалд нь гомдсон. Даага нь яахав үхчихсэн. Гэхдээ би түүнд даагатай гүүний 1.600.000 төгрөгийг өгнө” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52 дахь тал/,

-  Яллагдагч Х.Жын мөрдөн шалгах ажиллагааны үед дахин мэдүүлсэн “...энэ асуудлын улмаас А.Ад хохирол учирсан байна. Түүнийг нь би А.Атай тохирч төлж барагдуулсан байгаа. А.А бид хоёрын  хооронд одоо хохирлын маргаан байхгүй. Бид хоёр өөр хоорондоо тохиролцсон юм. Тэр намайг уучилж, бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Одоо нэхэмжлэх зүйлгүй гэдгээ надад хэлсэн. Хэрүүл маргааны улмаас уурлаж түүнийг зодсон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж, алдаагаа ухамсарлаж байна. Цаашид ийм төрлийн гэмт хэрэг үйлдэхгүй болно” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54 дэх тал/ зэрэг нотлох баримтууд болно.

2.5. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. Үүнд:

-Иргэний үнэмлэхийн болон байнгын оршин суугаа хаягийн, гэрлэсний бүртгэлийн лавлагаанууд  (хавтаст хэргийн 60-61 дэх тал),

-Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 62 дахь тал),

-Үндэсний энгийн гадаад паспортын бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 63-64 дэх тал),

-Жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 66 дахь тал),

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 58 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.

2.6. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Жыг  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар

3.1. Улсын яллагчаас шүүх хуралдаанд “шүүгдэгч Х.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Х.Жаас гэм буруугийн талаар маргахгүй байгаа” гэдгээ илэрхийлж, улсын яллагчтай мэтгэлцээгүй болно.

3.2. Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоохын тулд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт цугларсан хохирогч А.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47, 49 дахь тал), шинжээчийн 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 285 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 14-15 дахь тал), шүүгдэгч Х.Жын яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлэхэд шүүгдэгч Х.Ж нь 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдөр  Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч А.Аыг зодож, эрүүл мэндэд зүүн нүдний доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралт, хаван, зүүн доод зовхинд шарх, зүүн хацарт хавдар, дугуй хэлбэрийн хөх ягаан туяатай цус хуралт, хамрын нурууны мурийлт, хавдар, хэвлийн баруун талд шарх гэмтлүүд бүхий хөнгөн зэрэгт хамаарах гэмтлийг учруулсан үйл баримт тогтоогджээ. 

3.3. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

4. Хууль зүйн дүгнэлт

4.1. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Өөрөөр хэлбэл гэмт этгээд нь хохирогчийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулснаар дээрх гэмт хэргийн шинжийг хангана.

4.2.Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч Х.Ж нь хохирогч А.Аын эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, түүний эрүүл мэндэд нь зүүн нүдний доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралт, хаван, зүүн доод зовхинд шарх, зүүн хацарт хавдар, дугуй хэлбэрийн хөх ягаан туяатай цус хуралт, хамрын нурууны мурийлт, хавдар, хэвлийн баруун талд шарх гэмтлүүд бүхий  хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдсон бөгөөд түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч Х.Ж нь өөрийн үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгч Х.Ж гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

4.3. Иймд шүүгдэгч Х.Жын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол, яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч Х.Жыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч Х.Ж, А.А нарын хооронд даагатай гүү худалдах, худалдан авах харилцаанаас  үүссэн таарамжгүй харьцаа шууд нөлөөлсөн байна гэж шүүх үзэв.

5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

5.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж заасныг үндэслэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоож, гэм буруутайд тооцогдсон шүүгдэгчээс гаргуулах нь зөрчигдсөн эрхийг сэргээх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ.

5.2. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч А.Аын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдсон бөгөөд мөрдөн байцаалтын шатанд “хохирогч А.А би Х.Жтай хоорондоо тохирч хохирлын маргаангүй болсон тул түүнээс одоо нэмж нэхэмжлэх зүйл байхгүй болно. Сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжлэхгүй” гэж мэдүүлсэн тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х.Жаас гаргуулж, хохирогч А.Ад төлүүлэх хохирол, төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр:Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар

2.1. Шүүгдэгч Х.Жыг шүүхээс “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2.2. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Ж нь хувийн байдлын хувьд урьд гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй нөхцөл байдал тогтоогдож байна.

2.3.  Улсын яллагчаас шүүх хуралдаанд “шүүгдэгч Х.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 600 нэгж буюу 600.000 төгрөгийн торгох ял оногдуулах саналтай” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ти эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч Х.Жад тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээ болох  450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг тус тус гаргасан бөгөөд шүүгдэгч Х.Ж нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” хүсэлтийг гаргав.

2.4. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн хор уршгийг арилгасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Жад 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэж,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ж нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногт сайн дураараа биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж шийдвэрлэв.

2.5. Энэ хэрэгт шүүгдэгч Х.Ж нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус мэдэгдэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ховогт Хуны Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Жад 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ж нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногт сайн дураараа биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ж нь торгох ялыг хуульд заасан 90 хоногийн дотор сайн дураараа биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ шийтгэх тогтоолыг биелүүлэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч Х.Ж нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч Х.Жад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл  мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.Б