2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1518

 

 

 

 

 

 

 

 

 

  2025           6            06                                   2025/ШЦТ/1518

 

 

             

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам хөтлөн

улсын яллагч Б.Бат-Эрдэнэ

шүүгдэгч ***

хохирогч ***

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай, 1 хавтас хэргийг 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: ***

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч *** нь 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд үйл ажиллагаа явуулах “***”-ийн манаачийн байрнаас хохирогч ***ын эзэмшлийн гар утас, ХААН банкны виза карт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 670.550 төгрөгийн хохирол учруулсан “хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би цагдаад мэдүүлгээ өгч, бүгдийг үнэн зөвөөр ярьсан. Цагаан сарын өмнө байх, 2 дугаар сарын 20-дын үеэр хохирогчтой нэг удаа уулзсан. Хохирлыг нь ажил хийж байгаад төлөх болно. Хохирогчийн гар утсыг нэг эмэгтэйд өгсөн. Тэр эмэгтэйгээ олохгүй байгаа юм. Миний хувьд “Жинст” нэртэй эмийн санд эм найруулагчаар ажилладаг байсан боловч хувийн эмийн сангуудад эм найруулахыг зөвшөөрөхгүй гэснээс болж ажилгүй болсон. Гэр бүлийн хувьд би нөхрөөсөө салаад удаж байна. Би 16-23 насны хоёр хүүхэдтэй, хүүхдүүд маань аав дээрээ байгаа гэв.

Хохирогч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би гарч ажлаа хийж байгаад эргэж орж иртэл миний гар утас алга болсон байсан. Тэгээд камер шүүж үзтэл миний виза картнаас архи, хүнсний зүйл авч байгаа нь камерт бичигдсэн байсан. Гомдол санал гэвэл мөрдөн байцаагч намайг “гомдолгүй гээд бичээд өгчих, би зохицуулна, хохирлыг чинь гаргуулна” гээд байсан. Тэгээд энэ хүүхэнтэй нэг удаа уулзсан. Гэвч миний хохирлыг барагдуулаагүй. Нийт 670.550 төгрөг нэхэмжилнэ. Гар утасны төлбөр 650.000 төгрөг, виза картаар гүйлгээ хийсэн мөнгө 20.550 төгрөг болж байгаа юм гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч *** “... би 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “***” гэх нэртэй аж ахуй нэгж дотор сантехникийн ажил хийж гүйцэтгэж байсан бөгөөд ажил хийж байсан учраас өөрийн өмсөж байсан хүрэмний дотор халаасанд гар утсаа хийгээд манаачийн байран дотор байх буйдан дээр тавьсан юм. Тэгээд би барилга дотор сантехникийн ажил хийж байгаад гарч ирээд манаачийн байр руу ороход үл таних хоёр эрэгтэй мөн манаач байсан. Тэгээд хүрмээ аваад гар утсаа үзэхэд миний гар утас алга болсон байсан учраас цагдаагийн байгууллагад хандах болсон. Мөн тухайн “***” аж ахуйн нэгжийн хяналтын камерыг шалгахад манаачийн байрнаас үл таних хоёр эмэгтэй бас бага насны хүүхэд дагуулан гарч байсан ба тухайн үл таних хоёр эмэгтэйг миний гар утсыг хулгайлсан гэж бодож байна” /хх-н 11-12/ гэж мэдүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч

шүүгдэгч *** “... 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг “***” дээр очсон ба өмнөх өдөр нь найз Отгоо болон дэлгүүрийн манаачтай хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээд салсан. Тэгсэн найз Отгоо маань бас архи уучихсан сууж байсан ба би тэр хоёртой цуг сууж байгаад харуулын амбаарын орон дээр хувцас байхаар нь куртикийг нь аваарай гээд өргөөд холдуулаад тавьсан юм. Тэгсэн чинь нэг гар утас орон дээр унахаар нь хүнд хэлэлгүйгээр аваад куртикнийхээ баруун талын халаасанд хийгээд, хэсэг сууж байгаад удалгүй найз Отгоог аваад гарсан. Тэгээд би тухайн гар утсыг авч яваад ломбардад барьцаанд тавьсан, яг хэдэн төгрөгөөр барьцаанд тавьсан талаар одоо санахгүй байна” /хх-н 70/ гэж мэдүүлсэн байна.

 

Түүнчлэн ХААН банкны *** дугаартай ***ын эзэмшлийн дансны хуулга /хх-н 7/, “Хас үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2142 дугаартай хөрөнгийн үнийн магадалгаа /хх-н 32-35/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.

 

“хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хуул бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүйгээр эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдэл бөгөөд энэ үеэс төгссөнд тооцдог хэмээн Улсын дээд шүүх тайлбарлажээ. Хэргийн үйл баримт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч *** хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байна.

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн гэж шүүх дүгнээд

шүүгдэгч *** овогт ***ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэв.

 

Шүүхээс шүүгдэгч ***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчмыг баримтлахын зэрэгцээ шүүгдэгчийн хувийн байдлыг /үүнд: гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа буюу шүүхийн өмнө өөрийгөө илэрхийлж байгааг/ харгалзав.

 

Тодруулбал, Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших боловч шүүгдэгч *** тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, ажил төрөл эрхлээгүй шалтгаан, амьдралын талаар шүүхэд дэлгэрэнгүй өгүүлж, цаашид өөртөө “боломж олгох”-ыг шүүхээс хүсэж байгаа нь эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх үндэслэл мөн.

 

Иймд шүүгдэгч ***д 328 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Дээрх 328 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас шүүгдэгч ***ын цагдан хоригдсон 11 хоногийг хасаж тооцон, түүний эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацааг 240 цагийн хугацаагаар тогтоов.

 

Шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотой:

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 46/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 55/, Оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-н 49/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Шүүгдэгч ***оос нийт 670.550 төгрөг гаргуулж хохирогч ***т олгох нь зүйтэй.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад хамаарна.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

        1. *** овог ***ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг 328 /гурван зуун хорин найм/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч ***ын цагдан хоригдсон 11 /арван нэг/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, эдлэх ялаас хасаж, түүний эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацааг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Шүүгдэгч *** шүүхээс оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч ***д авагдсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн түүнд “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***оос 670.550 төгрөг гаргуулж хохирогч ***т олгосугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  О.ЖАНЧИВНЯМБУУ