| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 2003005150467 |
| Дугаар | 2021/ДШМ/340 |
| Огноо | 2021-04-01 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Д.Агар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 2021/ДШМ/340
Д.Д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Агар,
нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ШЗ/387 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.Агарын бичсэн 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 07 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Д.Д холбогдох эрүүгийн 2003005150467 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
... тоотод оршин суух хаягтай,
Улаанбаатар хот Октябрийн районы Ардын шүүхийн 1980 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 151 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн Б-д зааснаар нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 5 жил хорих ял,
Улаанбаатар хот Октябрийн районы Ардын шүүхийн 1983 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 59 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн Б-д зааснаар нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 5 жил хорих ял,
Зүүнбаян гарнизоны тусгай шүүхийн 1987 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 64 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 197 дугаар зүйлийн В-д зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар, Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар тус тус хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 30 дугаар зүйлд заасныг баримтлан хөнгөн ялыг хүндэд нь багтааж, нийт эдлэх ялыг 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосон,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 442 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 3 сарын хугацаагаар хасаж, 220000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж байсан,
Шүүгдэгч Д.Д 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 18 цаг 10 минутын орчим Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Механик инженерийн сургуулийн зүүн хойд замд "Атибус" ХХК-ийн эзэмшпийн "Zhongtong" маркийн LCK6103 загварын 67-74 УНҮ улсын дугаартай бүрэн бус тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т "Жолооч дараах үүргийг хүлээнэ: а. Энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах" гэж, мөн дүрмийн 23.4-т "Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэт зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй" гэж заасныг зөрчиж, зорчигчийг бүрэн буугаагүй байхад хөдөлгөөнөө эхэлсний улмаас зорчигч И.Б унаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Д.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн улмаас ...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулахаар заасан бөгөөд Д.Д нь гэмт хэрэг гарах үед "Атибус" ХХК-д жолоочоор ажиллаж байсан гэдэг баримтууд хэрэгт авагдсан байхад "Атибус" ХХК-ийг таталгүй, Б.Б-г татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь хуулийн дээрх заалтыг ноцтой зөрчсөн байна. Б.Б-д итгэмжлэл олгосон Э.Дөлгөөн тухайн компанийг үүсгэн байгуулагч, захирал ажилтай бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд "Атибус" ХХК-ийг иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар тогтоосны дараа Б.Б-г тухайн байгууллагыг төлөөлүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хуулийн зохицуулалттай.
Шүүгдэгч Д.Д тухайн компанид жолоочоор ажилладаг, хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг гэх компанийн тодорхойлолт хэрэгт авагдсан боловч бусдаар нотолсон баримт хэрэгт авагдаагүй, хөдөлмөрийн гэрээ, бусад баримтыг эх хувиар нь хэрэгт хавсаргах шаардлагатай.
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, Сонгинохайрхан дүүргийн Техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлтээр "Zhongtong" маркийн LCK6103 загварын 67-74 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна, уг тээврийн хэрэгсэл нь АВS хийн дамжуулгат тоормосны системтэй, тоормосны ажиллагаа бүрэн бус стандарт шаардлага хангахгүй, уг тээврийн хэрэгслийн урд хоёр их гэрэл ойрын тусгал ажиллахгүй стандартын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гаргаснаас дүгнэхэд тухайн тээврийн хэрэгсэл нь 2020 онд авто техникийн үзлэг оношилгоонд орсон эсэх ажиллагааг хийж, энэ талаарх баримтыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж, хэрэгт хавсаргах нь зүйтэй. Тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байгаа тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд хэний ямар шийдвэрээр оролцуулсан болохыг нэг мөр шалгах шаардлагатай гээд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор Д.Агар бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...иргэний хариуцагчаар татах тогтоол аж ахуйн нэгжийн нэрийг бус түүний нэрийг бичсэн нь улсын яллагчийн зүгээс мөрдөгч зөрчил гаргасныг хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч үүнийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэдэгтэй санал нийлэхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "иргэний хариуцагчаар татахдаа мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана" гэж хуульчилсан байх ба дээрх зөрчлийг шүүх өөрөө эрх хэмжээний хүрээн захирамж гаргаад шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод гэмт хэргийг шуурхай илрүүлэх зорилт байх бөгөөд дээрх зөрчлөөр хэрэгт дахин ажиллагаа хийлгэх нь хэргийг шуурхай шийдвэрлэх зорилттой нийцэхгүйгээс гадна хэрэгт авагдсан баримтаар гэмт хэрэг хаана, хэзээ гарсан, гэмт хэргийг хэн үйлдсэн, хэргийн сэдэлт санаа зорилго, гэм буруугийн хэлбэр нь нотлогдон тогтоогдсон, хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно.
Хэрэгт авагдсан Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, Сонгинохайрхан дүүргийн Техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлтээр "Zhongtong" маркийн LCK6103 загварын 67-74 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна, уг тээврийн хэрэгсэл нь АВS хийн дамжуулгат тоормосны системтэй, тоормосны ажиллагаа бүрэн бус стандарт шаардлага хангахгүй, уг тээврийн хэрэгслийн урд хоёр их гэрэл ойрын тусгал ажиллахгүй стандартын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гаргасан байх ба осол хэрэг гарсан шалтгаан нөхцөл нь техникийн бүрэн бүтэн байдалд нөлөөлөөгүй бөгөөд зөвхөн жолоочийн анхаарал болгоомжгүй, зорчигчийг бүрэн буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлүүлээгүйгээс дээрх осол гарсан болох нь хавтас хэрэг авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна.
Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ШЗ/387 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж хэргийг дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.
Прокуророос Д.Д-гг “...2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 18 цаг 10 минутын орчим Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Механик инженерийн сургуулийн зүүн хойд замд "Атибус" ХХК-ийн эзэмшлийн "Zhongtong" маркийн LCK6103 загварын 67-74 УНҮ улсын дугаартай бүрэн бус тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т "Жолооч дараах үүргийг хүлээнэ: а. Энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах" гэж, мөн дүрмийн 23.4-т "Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэт зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй" гэж заасныг зөрчиж, зорчигчийг бүрэн буугаагүй байхад хөдөлгөөнөө эхэлсний улмаас зорчигч И.Б унаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн...” гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Анхан шатны шүүхийн:
"Атибус" ХХК-ийг иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчаар тогтоох гэсэн нь гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулахаар заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт,
шүүгдэгч Д.Д-ийн “Атибус”ХХК-д хөдөлмөрийн гэрээ, бусад хувийн байдалтай холбоотой баримтыг хэрэгт хийх гэсэн нь Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг нотолно гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасанд тус тус нийцсэн байна.
Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх нь төрийн үүрэг бөгөөд төрийн тус үүргийн хүрээнд хууль хэрэглэх байгууллагууд нь хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн аливаа үйлдлийг тогтоож, хүний эрхийг хамгаалж, дахин зөрчсөн үйлдэл гаргуулахгүй байхад чиглэсэн үйл ажиллагааг явуулдаг.
Тус хавтас хэрэгт бэхжүүлэгдсэн баримтаар “Атибус” ХХК нь нийтэд үйлчилдэг тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулдаг бөгөөд Д.Д-ийн жолоодож нийтийг тээвэрлэж явсан “Zhongtong" маркийн LCK6103 загварын 67-74 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдалд тавигдах шаардлага хангахгүй байсан болох нь Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, Сонгинохайрхан дүүргийн Техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн “..."Zhongtong" маркийн LCK6103 загварын 67-74 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна, уг тээврийн хэрэгсэл нь АВS хийн дамжуулгат тоормосны системтэй, тоормосны ажиллагаа бүрэн бус стандарт шаардлага хангахгүй байна. ...Уг тээврийн хэрэгслийн урд хоёр их гэрэл ойрын тусгал ажиллахгүй стандартын шаардлага хангахгүй байна...” гэсэн дүгнэлт /хх 57-58/ гарсан байхад зохих ажиллагааг мөрдөн шалгах ажиллагаанд хийгээгүй нь үндэслэлгүй төдийгүй нийтийн эрх ашгийг хамгаалах ажиллагааг мөрдөн шалгах ажиллагаанд хийх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Мөн тус шинжээчийн дүгнэлтэд “...Урд хоёр их гэрэл ойрын тусгал ажиллахгүй, спидометрийн заалт ажиллахгүй гэх эвдрэл гэмтлүүд нь уг осолд нөлөөлж болзошгүй гэмтлүүд юм. ...” гэсэн байгааг анхаарах нь зүйтэй.
Иймд тээврийн хэрэгсэл нь авто техникийн үзлэг оношилгоонд орсон эсэх, энэ талаарх баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, хэрэгт бэхжүүлэх, техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байгаа тээврийн хэрэгслийг хэний, ямар шийдвэрээр замын хөдөлгөөнд оролцуулсан болохыг шалга гэсэн анхан шатны дүгнэлт үндэслэлтэй.
Иймд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр 2003005150467 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцаасан шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнээд хэвээр үлдээж, проукрорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 9-ний өдрийн 2021/ШЗ/387 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Д.Агарын бичсэн 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 07 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ