Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2025 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/137

 

 

 

 

 

 

 

 2025           05           20                                       2025/ШЦТ/137                                                          

 

 

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Т даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б, 

улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А,

шүүгдэгч Ж.У-ын өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Х.Б, А.Б, Б.М,

шүүгдэгч М.Б-ы өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Х.З, 

шүүгдэгч Ж.У, М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, 

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А-ээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц г овогт Ж У, Ж б овогт М Б нарт холбогдох эрүүгийн 2313002060101 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, Ц г овогт Ж У, 19... оны ... дугаар сарын ..-ны өдөр Завхан аймгийн У... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Нийслэлийн Х... дүүргийн ... дугаар хороо С... о... М... Г.... гудамж .... дүгээр байр ... тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баян-Өлгий аймгийн Ө... сумын ... дугаар баг, Гаалийн орон сууцны ... тоотод түр оршин суудаг, дээд боловсролтой, төрийн удирдлага мэргэжилтэй, Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газарт Гаалийн хяналт шалгалт, бүрдүүлэлт, хорио цээр хариуцсан албаны дарга ажилтай, урьд нь Баянгол дүүргийн шүүхийн 1998 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 415 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 224 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх, РД:УХ.....

2. Монгол Улсын иргэн, Ж б овогт М Б, 19.... оны ... дугаар сарын ...-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ө.... суманд төрсөн, .... настай, эрэгтэй, ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Ө.. сумын ... дугааp  багийн .... дүгээр гудамж ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газарт гаалийн улсын ахлах байцаагч ажилтай, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, РД:БЮ.....

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

1.  Шүүгдэгч Ж.У нь Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газарт Гаалийн хяналт шалгалт, бүрдүүлэлт, хорио цээр хариуцсан албаны дарга албан тушаалд ажиллахдаа тус Гаалийн газарт хяналт шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч М.Б-тай бүлэглэж, Монгол Улсын хил болох Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд байрлах Цагааннуур боомтоор “Ж...” ХХК-ны захиалгаар оруулж ирж буй 12,360 ширхэг “М..” гэх нэртэй хийжүүлсэн ундаанаас хүүхдийн хөдөлгөөнд харшлах бодис бүхий найрлага илэрч улмаар тухайн ундаанаас 14 ширхэг ундааг шинжилгээнд зориулж дээж авч шинжилгээний хариу гараагүй байхад “Ж” ХХК-ний захирал Т.Е-ий “...шинжилгээний хариу иртэл ундааг хилийн бүсээс гарган Өлгий суманд байрлах өөрийн эзэмшлийн контейнерт битүүмжилж өгнө үү” гэх амаар гаргасан албан бус хүсэлтийг холбогдох журмын дагуу хүлээн авч шийдвэрлэлгүй 12,346 ширхэг ундааг ачсан “Scania” загварын Оросын холбооны улсын Т616АВ/142 дугаар бүхий тээврийн хэрэгслийг гаалийн хяналтын бүсээс гарган “Ж” ХХК-ны эзэмшлийн Өлгий суманд байрлах контейнерт шилжүүлэх үүргийг 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд гаалийн ажилтан Х.Ж, Т.А, Ө.С нарт өгсний улмаас 5,566 ширхэг ундаа худалдан борлуулах давуу байдлыг “Ж” ХХК-нд бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт,      

2. Шүүгдэгч М.Б нь Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газарт гаалийн хяналт шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчийн албан тушаалд ажиллахдаа тус Гаалийн газрын Гаалийн хяналт шалгалт, бүрдүүлэлт, хорио цээр хариуцсан албаны дарга Ж.У-тай бүлэглэж, Монгол Улсын хил болох Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд байрлах Цагааннуур боомтоор “Ж” ХХК-ны захиалгаар оруулж ирж буй 12,360 ширхэг “М” гэх нэртэй хийжүүлсэн ундаанаас хүүхдийн хөдөлгөөнд харшлах бодис бүхий найрлага илэрч улмаар тухайн ундаанаас 14 ширхэг ундааг шинжилгээнд зориулж дээж авч, шинжилгээний хариу гараагүй байхад “Ж” ХХК-ны захирал Т.Е-ий “...шинжилгээний хариу иртэл ундааг хилийн бүсээс гарган Өлгий суманд байрлах өөрийн эзэмшлийн контейнерт битүүмжилж өгнө үү” гэх амаар гаргасан албан бус хүсэлтийг холбогдох журмын дагуу хүлээн авч шийдүүлээгүй 12,346 ширхэг ундааг ачсан Scania загварын Оросын холбооны улсын Т616АВ/142 дугаар бүхий тээврийн хэрэгслийг хяналтын бүсээс гарган “Ж” ХХК-ны эзэмшлийн Өлгий суманд байрлах контейнерт шилжүүлэх үүргийг 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд гаалийн ажилтан Х.Ж, Т.А, Ө.С нарт өгсний улмаас 5,566 ширхэг ундаа худалдан борлуулах давуу байдлыг “Ж” ХХК-нд бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас гаргасан мэдүүлэг.

1. Шүүгдэгч Ж.У мэдүүлэхдээ: “...мэдүүлэг өгнө. Миний бие Баян-Өлгий аймгийн Гаалийн газрын гаалийн хяналт, шалгалт, бүрдүүлэлт хариуцсан албаны даргаар ажиллаж байгаа. Гаалийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.12-т заасан гаалийн бүрдүүлэлттэй холбоотой асуудал яригдаж байна. Гаалийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.12-т “гаалийн бүрдүүлэлт гэж гаалийн хилээр нэвтрүүлэх барааг гаалийн байгууллагад мэдүүлсэн үеэс гаалийн бичиг баримтыг, шаардлагатай тохиолдолд барааг шалгах, ногдуулсан татварыг төлсний дараа барааг олгох, эсхүл гаалийн хилээр гаргахыг зөвшөөрөх хүртэлх цогц үйл ажиллагааг” ойлгохоор гэж заасан. Үүний дагуу ажиллаж байгаа. “Цагааннуур” хилийн боомтод гаалийн ямар процесс болсон талаар тайлбар хэлье. Гаалийн ерөнхий газрын даргын А/275 дугаар тушаалын 1.5-т “Бараа, тээврийн хэрэгслийн шалгалтыг гаалийн хяналтын бүсэд хийнэ. Түргэн муудах, аюултай, хагарч гэмтэх, ачилт, хадгалалт, тээвэрлэлтийн тусгай нөхцөл шаардагдах, улсын нууцын зэрэглэлд орох, түүнчлэн түүх соёлын дурсгалт зүйлс, валют, валютын үнэт зүйлс, химийн бодис зэрэг барааны шалгалтыг мэдүүлэгчээс бичгээр гаргасан хүсэлтийн дагуу өөр газарт, мэдүүлэгчийн зардлаар хийж болно” гэж заасан. Хил дээр гааль мэдүүлсэн үеэс татвар төлсөн үе хүртэл явагдсан. Гаалийн үе шатыг яривал татвар төлсөн төлөлтийн дараа гаалийн улсын тусгай чиг үүргийн байцаагч, эрүүл ахуй хариуцсан гаалийн улсын байлдагч Ж, гаалийн улсын ахлах байцаагч М.Б хоёр шийдвэр гаргасан. Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журмын 5.28-т “Бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн лабораторийн болон мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулах, шинжилгээ хийлгэх, мэргэжлийн байгууллагаас мэдээлэл, лавлагаа авах, холбогдох байгууллага, албан тушаалтныг гаалийн шалгалтад оролцуулах шаардлагатай бол бараа, тээврийн хэрэгслийг саатуулна. Саатуулсан бараа, тээврийн хэрэгслийг “Бараа, тээврийн хэрэгслийг саатуулах журам”-ын дагуу шийдвэрлэнэ” гэж заасан зохицуулалт хангагдаж ажиллаж байгаа. Уг гаргасан шийдвэрийн дагуу надтай ажил төрлийн холбоотой ярьсан. Надтай ярихдаа Ж лабораторид дээж явуулж дүгнэлтээ гаргасан. Уг дүгнэлтийн дагуу мөн Бараа, тээврийн хэрэгсэл саатуулах журмын дагуу ажиллагаа явагдсан. Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журмын 5.28-т заасан нь цаашаагаа Бараа, тээврийн хэрэгслийг саатуулах журмын дагуу ажиллаж байгаа. Миний бие энэ битүүмжлэх үйл ажиллагааг зохион байгуулж өгсөн нь үнэн. Гаалийн үйл ажиллагааг битүүмжилж, битүүмжлэх үйл ажиллагаанд хоёр байцаагч томилъё гэх шийдвэр гаргаж, хоёр байцаагчаар итгэмжлэх үйл ажиллагааг зохион байгуулж ажилласан. Гаальд мэдүүлсэн үеэс эхэлж гааль зөвшөөрөл өгөх хүртэл гаалийн цогц үйл ажиллагаа явагддаг.

Улсын яллагчийг гаалийн үйл ажиллагаа, үе шатыг сайн ойлгоогүй юм болов уу гэж бодож байна. Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг  журмын 1.5-т заасныг прокурор ярьж байгааг бид хүлээн зөвшөөрч байгаа. Гаальд татвар төлсөн нь юугаар дуусаж байгаа юм бэ гэвэл татвар төлөөд гаалийн байцаагч, тусгай чиг үүргийн байцаагч хоёрын шийдвэр лабораторид явуулахаар гарч байгаа. Энэ нь болохоор Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журмын 5.28-т заасан зохицуулалт орж ирж байгаа. Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг 5.28-т “Бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн лабораторийн болон мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулах, шинжилгээ хийлгэх, мэргэжлийн байгууллагаас мэдээлэл, лавлагаа авах, холбогдох байгууллага, албан тушаалтныг гаалийн шалгалтад оролцуулах шаардлагатай бол бараа, тээврийн хэрэгслийг саатуулна. Саатуулсан бараа, тээврийн хэрэгслийг “Бараа, тээврийн хэрэгслийг саатуулах журам”-ын дагуу шийдвэрлэнэ” гэж заасан. Үүний дагуу дараагийн үе шат руу орсон байгаа. Бараа, тээврийн хэрэгсэл саатуулсны дараа дараагийн үе шат нь лабораторид явуулна. Хэрэв лабораторид явуулбал бусад үлдсэн тээврийн хэрэгслийг яах юм бэ. 19 хоногийн дараа Гаалийн төв лабораториос дүн шинжилгээ ирсэн. Бид тээврийн хэрэгслийг буулгаж өгөх ёстой. Мөн тэнд хоновол зөндөө олон хохирол гарчих гээд байсан тул Гаалийн тухай хуулийн 239 дүгээр зүйлийн 239.1-т заасныг баримталж шийдвэр гаргаж байгаа. Мөн Гаалийн тухай хуулийн 43 дугаар зүйлд заасныг баримталж ажилласан. Үүгээр Бараа, тээврийн хэрэгсэл саатуулах журмын 2.4-т заасныг баримталж ажилладаг байгаа. Уг хуулийнхаа дагуу журмыг баримталж ажиллаж байгаа. Бараа, тээврийн хэрэгсэл саатуулах журмын 2.4-т “Зарим нэрийн онцлог /хадгалалтын тусгай нөхцөл шаардагдах, амархан муудаж гэмтэх, аюултай бараа гэх мэт/ бараа, тээврийн хэрэгслийг зориулалтын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон түр агуулахад хадгалах бөгөөд боломжгүй бол эзэмшигчийн агуулах, байр, саванд хадгалуулж болно. Гаалийн байгууллага энэ тохиолдолд тухайн агуулах, байр, сав, бараа, тээврийн хэрэгслийг битүүмжилнэ” гэж заасан. Тоноглогдсон түр агуулах манай гаалийн байгууллагад байхгүй байгаа. Бид Бараа, тээврийн хэрэгсэл саатуулах журмын 2.4-т заасныг баримталж битүүмжлэх үйл ажиллагааг зохион байгуулсан байгаа. Бараа, тээврийн хэрэгсэл саатуулах журмын 2.4-т заасан нь Гаалийн тухай хуулийн 43 дугаар зүйлтэй нягт уялдаж байх тул уг хууль, журмынхаа дагуу гаргасан. Хяналтын бүсэд юу болсон талаар М.Б тайлбарлах байх” гэв.

2. Шүүгдэгч М.Б мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгнө. Яллах дүгнэлтэд Гаалийн Ерөнхий газрын 2019 оны 275 дугаар тушаалын Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналт тавих нийтлэг журмын 1.5-т заасан үйл ажиллагаагаа хэрэгжүүлээгүй гэж яллаад байгаа. Тиймээс тухайн зүйлийг тайлбарлаж өгмөөр байна. Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналт тавих нийтлэг журмын 1.5-т “Бараа, тээврийн хэрэгслийн шалгалтыг гаалийн хяналтын бүсэд хийнэ. Түргэн муудах, аюултай, хагарч гэмтэх, ачилт, хадгалалт, тээвэрлэлтийн тусгай нөхцөл шаардагдах, улсын нууцын зэрэглэлд орох, түүнчлэн түүх соёлын дурсгалт зүйлс, валют, валютын үнэт зүйлс, химийн бодис зэрэг барааны шалгалтыг мэдүүлэгчээс бичгээр гаргасан хүсэлтийн дагуу өөр газарт, мэдүүлэгчийн зардлаар хийж болно” гэж заасан. Жишээлбэл алим орж ирсэн тохиолдолд үүнийг Цагааннуурын боомтын задгай талбай дээр хүйтний улиралд буулгаад шалгаад буцаад ачих тохиолдол гарвал энэ нь барааны чанарын хадгалалтад өөрчлөлт ордог. Энэ нөхцөл байдал үүсвэл тухайн аж ахуйн нэгж Гаалийн газар луу хүсэлтээ гаргана “миний бараа түргэн гэмтэх, муудах бараа байгаа. Тиймээс Цагааннуурын боомтын задгай талбай дээр буулгавал миний бараа хөлдөнө” гээд уг үндэслэлээр аж ахуйн нэгж хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг нь гаалийн байгууллага зөвшөөрвөл гаалийн хяналтын бүсээс гаргаж, тухайн аж ахуйн нэгж байгууллагын агуулах саванд ирэнгүүтээ тэндээс гаалийн хяналт, шалгалт хийх үйл ажиллагаа явагдах ёстой. Уг үйл ажиллагааг Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналт тавих нийтлэг журмын 1.5-т заасан. Харин бид нарын үйл ажиллагаа юу вэ гэвэл бид бараа, тээврийн хэрэгслийг шалгаж, тухайн барааны шошго дээр “хүүхдийн хөдөлгөөнд харшилж болзошгүй” гэж бичсэн анхааруулга байсан. Энэ нь 21 нас хүрээгүй хүүхэд архи ууж болохгүй. Тамхины гадна “хорт хавдар үүсгэнэ. Жирэмсэн эхчүүд уухыг хориглоно” гэж бичсэнтэй адилхан заалт байгаа. Уг заалтыг гаалийн хяналт, шалгалтын явцад 25-ны өдөр Ж, Ж гэх байцаагч нар давхар хяналт шалгалтаа хийж байгаа. Тухайн өдөр уг аж ахуйн нэгж процессын дагуу улсын хилээр орж ирж, мэдээллээ оруулсан. Дараа нь бичиг баримтын шалгалт хийгдсэн. Үүний дараа аж ахуйн нэгж байгууллага татвараа төлсөн. Татвараа төлсний дараа Ж, Ж нар очиж гаалийн хяналт шалгалт хийж байгаа.

Гаалийн хяналт, шалгалтыг хийсний дараа Ж байцаагч ундааны гадна талд байгаа шошгыг үзсэн. Энэ талаараа надад мэдэгдсэн. Юу вэ гэвэл “ундааны гадна талд иймэрхүү хаяг шошгын зөрчилтэй юм байна. Энэ ундааг ер нь лабораторийн шинжилгээнд хамруулбал яасан юм бэ” гэсэн. Тэгээд би ч гэсэн “ер нь энэ ундааг шинжилгээнд хамруулъя. Яагаад гэвэл тухайн барааны хэрэглэгч нар нь хүүхдүүд байдаг юм” гэх зүйлийг 25-ны өдөр Ж бид хоёр хамтраад гаргасан. Маргааш буюу 26-ны өдрийн өглөө Ж байцаагч тухайн бараанаас дээж авч, магадлан шинжилгээ хийлгэх шийдвэр гаргасан. Нэг ёсондоо тухайн ундааг лабораторийн шинжилгээнд хамруулъя гэж бидний баримталсан гаалийн хяналт шалгалтын үйл ажиллагаа юм. Юу вэ гэвэл Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журмын 5.28-т заасанд орж байгаа. Яагаад гэвэл бид гаалийн хяналт шалгалт хийсэн байгаа. Тиймээс Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг  журмын 1.5-т заасан журмаар бид нарыг буруутгах заалт болохгүй. Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журмын 5.28-т “Бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн лабораторийн болон мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулах, шинжилгээ хийлгэх, мэргэжлийн байгууллагаас мэдээлэл, лавлагаа авах, холбогдох байгууллага, албан тушаалтныг гаалийн шалгалтад оролцуулах шаардлагатай бол бараа, тээврийн хэрэгслийг саатуулна. Саатуулсан бараа, тээврийн хэрэгслийг “Бараа, тээврийн хэрэгслийг саатуулах журам”-ын дагуу шийдвэрлэнэ” гэж заасан. Тиймээс Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журмын 5.28 болон 1.5 нь хоёр өөр ойлголт байгаа. Бараа, тээврийн хэрэгсэл саатуулах журмын дагуу бид үйл ажиллагаагаа цааш нь үргэлжлүүлэх ёстой. Магадлан шинжилгээ хийлгэх шийдвэр гаргахын тулд бид Гаалийн ерөнхий газрын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 226 дугаар тушаалаар батлагдсан Барааны сорьц, дээж, загвар авах, магадлан шинжилгээ хийх, дүгнэлт гаргах журмын дагуу ажиллах ёстой. Бараанаас сорьц, дээж, загвар авах, магадлан шинжилгээ хийх, дүгнэлт гаргах журмын 2.3-т “мэдүүлсэн бараа нь гаалийн хяналт бүрдүүлэлтийн явцад нарийн мэргэжлийн тусгай мэдлэг, ур чадвар шаардах тохиолдолд магадлан шинжилгээ хийлгэх шийдвэрийг гаалийн улсын байцаагч гаргана” гэж заасан байгаа. Нэг ёсондоо магадлан шинжилгээ хийлгэх шийдвэрээ Ж байцаагч гаргаж байгаа гэсэн үг юм. Үүний дагуу гаалийн улсын байцаагч нь магадлан шинжилгээ хийлгэх тухай шийдвэр гаргасан талаар мэдүүлэгчид танилцуулна гэсэн байгаа. Жишээлбэл тухайн “Ж” компанийн эзэн Ед бид танилцуулах үүрэг маань энэ журмаараа нотлогдоод байгаа. Бараанаас сорьц, дээж, загвар авах, магадлан шинжилгээ хийх, дүгнэлт гаргах журмын 2.4-т “Гаалийн улсын байцаагч мэдүүлэгчийг байлцуулан олон улсын болон Монгол Улсын холбогдох стандартын дагуу бараанаа сорьц, дээж, загварыг авч, битүүмжлэн CAIS программд “Магадлан шинжилгээ хийлгэх тухай шийдвэр”-ийг бичнэ. “Маягт бичих талбар”-т шинжилгээ хийх лаборатори (Гаалийн төв болон салбар лаборатори)-ийг сонгож, мэдүүлгийн дугаар, сорьц, дээж, загвартай холбоотой мэдээлэл, шаардлагатай бол фото зургийг авч хавсарган хяналтын бүс хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчид хянуулахаар цахимаар илгээнэ” гэж заасан. Энэ нь надад буюу гаалийн улсын ахлах байцаагчид илгээж байгаа гэсэн үг юм. Бараанаас сорьц, дээж, загвар авах, магадлан шинжилгээ хийх, дүгнэлт гаргах журмын 2.5-т “Гаалийн хяналтын бүс хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч шинжилгээнд хамрагдах барааны мэдээллийг хянаж баталгаажуулснаар сорьц, дээж, загварын бүртгэлийн дугаар CAIS программд автоматаар үүсэж, гаалийн лабораторид цахимаар илгээгдсэн үеэс лабораторийн дүгнэлт гарах хүртэлх хугацаанд гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаа түр зогсоно” гэж заасан. Бараанаас сорьц, дээж, загвар авах, магадлан шинжилгээ хийх, дүгнэлт гаргах журмын 2.7-т “Сорьц, дээж, загвар авсан гаалийн улсын байцаагч CAIS программд баталгаажсан “Магадлан шинжилгээ хийлгэх тухай шийдвэр”-ийг хэвлэж, хяналтын бүс хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчийн хамтаар гарын үсэг зурж, хувийн тэмдгээр баталгаажуулан, мэдүүлэгчээр гарын үсэг зуруулж, дагалдах бичиг баримт болон битүүмжилсэн сорьц, дээж, загварын хамт лабораторид шуудангаар эсвэл бие төлөөлөгчөөр хүргүүлнэ” гэж заасан. Ийнхүү бид гаалийн хяналт шалгалтаа хийгээд магадлан хийлгэх шийдвэрийг Ж байцаагч бид хоёр хамтарч гаргаж байгаа. Үүнийг зөвшөөрсөн гаалийн улсын байцаагч М.Б, сорьц, дээж авсан Ж гээд үүнд магадлан шинжилгээ хийлгэх 0723Л0037 дугаартай шийдвэр гаргасан байгаа. Нэгэнт магадлан шинжилгээ хийлгэх тухай шийдвэр гарсан тохиолдолд бараа, тээврийн хэрэгслийг саатуулах журмын дагуу шийдвэрлэнэ гэж байгаа.

Одоо бидний баримтлах хамгийн гол журам маань Бараа, тээврийн хэрэгслийг саатуулах журам болчихоод байгаа. Бараа, тээврийн хэрэгслийг саатуулах журам маань Гаалийн ерөнхий газрын 2008 оны 506 дугаар тушаалаар батлагдсан байдаг. Бараа, тээврийн хэрэгслийг саатуулах журмын зорилго нь гаалийн хилээр нэвтрэх бараа, тээврийн хэрэгсэлд мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулах, шинжилгээ хийх мэргэжлийн байгууллагаас мэдээлэл лавлагаа авах, холбогдох байгууллага албан тушаалтныг гаалийн шалгалтад оролцуулах зорилгоор гаалийн байгууллага, албан тушаалтан нь бараа тээврийн хэрэгслийг саатуулахтай холбоотой харилцааг зохицуулахад энэ журмын зорилт оршино гэж байгаа. Бараа, тээврийн хэрэгслийг саатуулах журмын 1.2-т “Бараа, тээврийн хэрэгслийг саатуулахад Гаалийн тухай хуулийн 239.1-д заасан зарчмыг баримталж ажиллана” гэж заасан. Нэгэнт Ж байцаагч бид хоёр бараа, тээврийн хэрэгслийг саатуулна. Магадлан шинжилгээ хийнэ гэх шийдвэрээ гаргачихсан учраас энэ Бараа, тээврийн хэрэгслийн саатуулах журмын дагуу бид үйл ажиллагаагаа явуулах ёстой. Гаалийн тухай хуулийн 239 дүгээр зүйлийн 239.1-т заасан хуулийн зарчим нь хохирол учруулахаас сэргийлэх ёстой. Гаалийн тухай хуулийн 239 дүгээр зүйлийн 239.1-т “Гаалийн байгууллага, албан тушаалтан нь хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэхдээ бараа, тээврийн хэрэгсэлд хохирол учруулах аливаа үйлдэл, эс үйлдэхүй гаргаж үл болно”, мөн хуулийн 239.2-т “Гаалийн байгууллага, албан тушаалтны хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад учруулсан хохирлыг гаалийн байгууллага барагдуулна”, мөн хуулийн 239.3-т “Бусдад хохирол учруулсан гаалийн албан тушаалтанд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ”, мөн хуулийн 239.4-т “Гаалийн байгууллага энэ хуулийн 239.2-т зааснаар барагдуулсан хохирлыг буруутай гаалийн албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасан.

Ийнхүү бид Гаалийн тухай хуулийн 239 дүгээр зүйлд заасан зарчмыг баримталж ажиллах ёстой. Түрүүний хэлсэн бараа хөлдөх, тээврийн зардлын асуудал энэ дээр яригдах ёстой. Гаалийн хяналтын бүсэд 15 хоног тухайн тээврийн хэрэгслийг хонуулбал нэгд бараа нь хөлдөх эрсдэлтэй байсан. Хоёрдугаарт тухайн тээврийн хэрэгсэл дээр илүү зардал, тээвэрлэлтийн сул зогсолтын зардал илүү гарахаар болоод байна гэдгийг “Ж” компанийн захирал Еээс тухайн үед Ж байцаагч, бид хоёрт мэдэгдсэн байсан. Нэгд бид үүнээс урьдчилан сэргийлж байгаа. Үүний дагуу бид ямар үйл ажиллагаа явуулсан бэ гэхээр саатуулсан бараа, тээврийн хэрэгслийг гаалийн түр агуулахад оруулна. Нэгэнт бид магадлан шинжилгээ хийлгэе гэсэн шийдвэрээ гаргачихсан учраас шууд тухайн саатуулсан бараа, тээврийн хэрэгслийг түр агуулах руу шилжүүлэх эрх зүйн үндэс нь үүсчихээд байгаа. Бараа, тээврийн хэрэгслийг саатуулах журмын 2.3-т “Саатуулсан бараа, тээврийн хэрэгслийг гаалийн түр агуулахад оруулах бөгөөд бараа, тээврийн хэрэгслийг гаалийн түр агуулахад хадгалах хугацаа саатуулсан бараанд хамаарахгүй”, мөн журмын 2.4-т “Зарим нэрийн онцлог /хадгалалтын тусгай нөхцөл шаардагдах, амархан муудаж гэмтэх, аюултай бараа гэх мэт/ бараа, тээврийн хэрэгслийг зориулалтын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон түр агуулахад хадгалах бөгөөд боломжгүй бол эзэмшигчийн агуулах, байр, саванд хадгалуулж болно. Гаалийн байгууллага энэ тохиолдолд тухайн агуулах, байр, сав, бараа, тээврийн хэрэгслийг битүүмжилнэ”, мөн журмын 2.5-т “Бараа, тээврийн хэрэгслийг саатуулсан гаалийн улсын байцаагч нь мэргэжлийн байгууллагын дүгнэлт, мэдээлэл, лавлагаа гаргуулах, холбогдох байгууллага, албан тушаалтныг гаалийн шалгалтад оролцуулах зэрэг ажиллагааг нэн даруй эхлүүлнэ”, мөн журмын 2.6-т “Бараа, тээврийн хэрэгслийг саатуулсан гаалийн улсын байцаагч саатуулсан үндэслэл, шийдвэрээ гаалийн хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч болон гаалийн газар, хорооны удирдлагад ажлын өдөрт багтаан мэдэгдэнэ”, мөн журмын 2.7-т “Гаалийн улсын байцаагч нь саатуулсан бараа, тээврийн хэрэгслийн талаар мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлт, мэдээллийн талаар гаалийн хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчид болон мэдүүлэгчид танилцуулна” гэж заасан. Тиймээс Ж байцаагч үүргээ зөв гүйцэтгэсэн гэж үзэж байгаа юм. Бараа, тээврийн хэрэгслийг саатуулж, шинжилгээний 21 ширхэг ундааг авчихсан. Үүнийг шуудайнд хийгээд битүүмжилсэн. Үүний дараа Гаалийн тухай хуулийн 239 дүгээр зүйлд заасан зарчмыг баримталж ажиллахгүй бол тухайн ундаа нь хөлдөж, 15 хоногийн дараа буцаад бид хоёр буруудах байсан. Яагаад гэвэл ундаа хөлдөх эрсдэлтэй байсан.

Мөн Цагааннуурын боомтод ямар нэгэн байдлаар хадгалах зориулалтын дагуу тоноглосон түр агуулах байхгүй. Тэгэхээр Ж.У даргаас үүнийг яах ёстой вэ гэх шийдвэрийг бид хоёр утасдаж асуусан. Үүний дараа Ж.У даргаас Ж байцаагч бид хоёрт чиглэл өгсөн. Ямар чиглэл өгсөн бэ гэвэл тухайн ундааг Гаалийн тухай хуулийн 239 дүгээр зүйлд заасан зарчмын болон Бараа, тээврийн хэрэгслийг саатуулах журмын дагуу түр агуулахад шилжүүлэх ёстой. Цагааннуур боомтод зориулалтын дагуу тоноглогдсон түр агуулах байхгүй учраас өөрийн эзэмшлийн агуулахад хадгалуулъя гэсэн чиглэл гаргаад ирсэн. Үүний дагуу бид шинжилгээний хариугаа авчихлаа гэдэг талаар Ж.У даргад мөн адил утсаар мэдэгдсэн. Ингэнгүүтээ Ж.У дарга бидэнд “би эндээсээ 2 байцаагч томилуулан ажиллуулна. Та нар наад ундаагаа битүүмжлээд шинжилгээний дээжээ аваад наашаа гаргаад явуул” гэсэн. Ингээд бид тодорхой нэг чиглэл авсан. Үүний дагуу бид тухайн Ж байцаагчид “та тээврийн хэрэгслээ лацд” гэх үүргийг би өгсөн. Ж байцаагч тухайн үед тээврийн хэрэгслийг лацдаж, битүүмжилсэн зургийг надад авч ирж үзүүлсэн. Тэгээд Ж байцаагч бид хоёр гар утасныхаа спикер дээр нь тавьж байгаад Ж.У даргын утас руу нь залгаж “битүүмжилсэн бараагаа явууллаа” гэдгээ мэдэгдсэн байгаа. Тэгээд наашаа гаргаад явуул гэдгээр нь бидний хяналтын үйл ажиллагаа тэнд дуусаж байгаа.

Тухайн үед бид ундаанаас 21 ширхэг ундаа л авсан болохоос биш ямар нэгэн байдлаар тэнд хяналт шалгалтын явцад ундаа дутсан асуудал гараагүй. Яллах дүгнэлтэд дурдсанаар намайг С, А нарт үүрэг, чиглэл өгсөн гээд байгаа. Би Цагааннуурын хяналтын бүсэд байсны хувьд тэд нартай ямар нэгэн байдлаар утсаар холбогдоогүй, ямар нэгэн байдлаар тэдгээр хүмүүст үүрэг, чиглэл өгөөгүй. Яагаад гэвэл би Цагааннуур дахь хилийн хяналтын бүсийн л байцаагч нарыг үүрэг чиглэлээр хангахаас биш, өөр хяналтын бүсийн үйл ажиллагаа явуулж байгаа С, А гэх мэтчилэн байцаагч нарын үйл ажиллагаанд би хөндлөнгөөр оролцох ямар нэгэн боломж байхгүй.

Мөн намайг Ж.У даргатай бүлэглэсэн гэж байгаа. Би Ж.У даргатай зөвхөн албаны шугамаар л ярьсан. Бараа, тээврийн хэрэгслийг бид саатуулах шийдвэр гаргаж байна. 25-ны өдөр татвараа төлсний дараа хяналт шалгалтын байцаагч баталгаажуулаад, хорио цээрийн байцаагч шалгалтынхаа үр дүнгээр баталгаажуулсны дараа гаалийн улсын ахлах байцаагч би зөвшөөрснөөр Монголын гааль зөвшөөрөл бараа эзэнд нь олгогдох ёстой байсан. Бид гаалийн хяналт шалгалт явцын дараа бараа, тээврийн хэрэгслийг саатуулах шийдвэрээ гаргачихад байгаа. Тэгээд Бараа, тээврийн хэрэгслийг саатуулах нийтлэг журмын 5.28-т бараа тээврийн хэрэгслийг саатуулахаар байсан бол уг журмын дагуу шийдвэрлэнэ гэдэг журам руу орж байгаа гэсэн үг юм. Үнэхээрийн тэнд зориулалтын дагуу тоноглогдсон агуулах байсан бол бид бол тэр машиныг гаргаж явуулах шаардлагагүй байсан. Тухайн аж ахуйн нэгжид өөрт нь хадгалуулахаас өөр бид нарт ямар нэгэн бололцоо байгаагүй. Хэрэв Ж.У дарга надад тухайн журам болон хуульд харшлахаар үүрэг, чиглэл өгсөн байвал би үүнийг биелүүлэхгүй байх үүрэгтэй байсан. Нэгэнт бараа, тээврийн хэрэгслийг саатуулсан л юм чинь заавал аж ахуйн нэгж байгууллагын санаачилгаар хийгдэх ёстой ажил биш. Яагаад гэвэл бараа тээврийн хэрэгслийг саатуулсных нь дараа тухайн барааг хадгалах, хамгаалах, зориулалтын дагуу хадгалах нь гаалийн байгууллагын үүрэг болчихоод байгаа юм. Тэгэхээр энд мэдүүлэгчийн оролцоо байх шаардлага байхгүй. Бараа, тээврийн хэрэгслийг саатуулах нийтлэг журамд зааснаараа бараа, тээврийн хэрэгслийг гаалийн түр агуулахад оруулна гэсэн байгаа. Гаалийн түр агуулахад оруулахын тулд аж ахуйн нэгж байгууллагаас заавал хүсэлт биечлэн гаргаад байх шаардлага байхгүй. Яагаад гэвэл тухайн барааг гаалийн байгууллагын шийдвэрээр саатуулчихаж байгаа. Энэ тохиолдолд тухайн бараанд эзэн болох хадгалалт, хамгаалалтын асуудлыг гаалийн байгууллагын үүрэг болчихоод байгаа юм. Гаалийн байгууллага тухайн барааг хадгалах үүрэгтэй болчихоод байгаа юм.

Тухайн аж ахуйн нэгж байгууллага хүсэлт гаргаж болно. Аж ахуйн нэгж миний барааг лабораторийн дүгнэлтэд хамруулж өгөөч гэвэл харин аж ахуйн нэгж, байгууллага хүсэлт гаргаж болно. Гаалийн байгууллагаас санаачлаад бараа, тээврийн хэрэгслийг саатуулсан тохиолдолд аж ахуйн нэгж, байгууллагаас заавал хүсэлт гаргуулаад байх шаардлага байхгүй. Яагаад гэвэл энэ нь мэдүүлэгчийн санаачилсан санаачилгаар хийгдэх ажил, үйл ажиллагаа биш. Яагаад гэвэл бараа, тээврийн хэрэгслийг саатуулсан л бол зориулалтын тоноглогдсон түр агуулахад хадгалах нь гаалийн байгууллагын үүрэг болчихоод байгаа юм. Тиймээс тухайн аж ахуйн нэгжээс “чи заавал бичгээр хүсэлт гаргаж ир, чиний хүсэлтийг харгалзаж бид түр агуулах руу шилжүүлнэ” гэсэн ойлголт байхгүй. Гаалийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т “Гаалийн хяналтад байгаа хадгалалтын тусгай нөхцөл шаардах барааг гаалийн байгууллагын зөвшөөрснөөр мэдүүлэгчид хадгалуулж болох бөгөөд энэ тохиолдолд уг бараа түр агуулахад байгаад тооцогдоно” гэж заасан. Манай тохиолдолд тухайн “Ж” компанийн ундаа нь гаалийн хяналтад байгаа бараа юм. Гаалийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Энэ хуулийн 47.1-д заасан барааг гуравдагч этгээдэд шилжүүлэхийг хориглоно”, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-т “Барааг энэ хуулийн 47.1-д заасны дагуу хадгалуулах зөвшөөрөл олгохдоо гаалийн байгууллага нь Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн дагуу гаалийн болон бусад татвар төлөх баталгаа гаргуулна” гэж заасан. Манай тохиолдолд аж ахуйн нэгж татвараа 100 хувь төлсөн байгаа. Тиймээс бид Гаалийн тухай хуулийн 47 дугаар зүйлийг баримталж ажилласан байгаа. Гаалийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т “Барааг ачааны манифест болон түүнийг дагалдах бичиг баримтыг үндэслэн түр агуулахад оруулна” гэж заасан. Үүнд аж ахуйн нэгжийн хүсэлтийг нь үндэслэн түр агуулахад оруулна гэх зүйл байхгүй.  Мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т “Энэ хуулийн 43.1-д заасан бичиг баримтыг мэдээллийн сүлжээгээр ирүүлж болно” гэж заасан. Тэгэхээр “Ж” компани гаалийн бүрдүүлэлтийг хийлгэхдээ тухайн гадаад худалдааны худалдах худалдан авах гэрээ, тухайн барааны нэхэмжлэхийн войс, баглаа боодлын жагсаалт, импортын мэдэгдэл зэрэг бүх бичиг баримтуудыг тухайн мэдүүлэгтээ хавсаргаад илгээж байгаа. Уг бичиг баримтын шалгалт бүрэн гүйцэт гэдгийг баталгаажуулаад бичиг баримтын байцаагч бичиг баримтын шалгалтаа хийчихсэн. Эхлээд гаалийн байгууллагад мэдүүлнэ. Дараа нь бичиг баримтын шалгалт явагдах ёстой. Бичиг баримтын шалгалт бүрэн болоод ирсний дараа бичиг баримтын шалгалт дууссан төлөвт ордог. Бичиг баримтын шалгалт дууссан төлөвийн дараа тухайн аж ахуйн нэгж, байгууллага гаалийн татвараа төлөх үе шат руу ордог. Гаалийн татвараа төлсний дараа гаалийн мэдүүлгийн төлөв нь гаалийн татвар төлсөн гэж харагдана. Гаалийн татвар төлсний дараа аж ахуйн нэгж байгууллагад томилогдсон хяналт шалгалтын байцаагч тухайн бараанд гаалийн мэдүүлэгтээ дагалдаж ирсэн бичиг баримтуудтайгаа тулгаж биет үзлэг хийх процесс явагддаг. Биет үзлэг хийх процесс явагдаж дууссаны нь дараа хорио цээрийн байцаагч юм уу, хяналт шалгалтын байцаагч зөвшөөрснөөр мөн гаалийн улсын ахлах байцаагч зөвшөөрснөөр барааг эзэнд нь олгох үе шат явагдах ёстой.

Бидний үйл ажиллагаа юу вэ гэвэл гаалийн хяналт шалгалт дуусчихсан. Бид магадлан шинжилгээ хийлгэхээр шийдвэрээ гаргасан. Үүний дараа Бараа, тээврийн хэрэгслийг саатуулах журмын дагуу зохицуулагдана. Бараа, тээврийн хэрэгслийг саатуулах журам дээр бараа, тээврийн хэрэгслийг саатуулсан “та нар түр агуулах руу шилжүүл” гэх зориулалтын дагуу түр агуулах руу шилжүүлэх үүрэг нь гаалийн байгууллагын үүрэг болчихоод байгаа юм.

Цагааннуурын боомтын гаалийн хяналтын бүс дээр үнэхээрийн зориулалтын дагуу тоноглогдсон түр агуулах байж бид “Ж” компанид хадгалуулсан бол бид давуу байдал үзүүлж байгаа тод жишээ болох байх. Би үнэхээр “Ж” компанид давуу байдал үүсгэе гэсэн бодолтой байсан бол Ж байцаагчид “лабораторийн шинжилгээнд хамруулах шаардлагагүй, наадхаа больё” гээд явуулах чиглэл өгөөд тухайн тээврийн хэрэгслийг гаргаад явчихсан бол өнөөдөр ингэж яллагдагчаар татагдаад суугаад байх ч юм уу үгүй ч юм уу. Энэ бас эргэлзээтэй асуудал байгаа.

Бид нарын хамгийн гол зорилго юу байсан бэ гэвэл ямар ч гэсэн энэ ундааг шинжилгээнд хамруулъя. Яагаад гэвэл хэрэглэгч нь хүүхдүүд гэх үндэслэлээр бид шинжилгээнд хамруулаад 18 тонн ундааны 10 тонн ундаанаас Монгол Улсын стандартад заасан хэмжээнээс илүү тиймэрхүү бодис байсан. Харин 8 тонн ундаанд нь ямар нэгэн байдлаар ийм бодис илрээгүй. Энэ төрлийн ундаа зөвхөн Оросын холбооны улсын нэр бүхий компаниас 2022 онд 4 удаагийн гаалийн бүрдүүлэлтээр нийт 75,000 литр ойролцоогоор орж ирсэн байдаг. 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр “Нур-Астана” компани оруулсан байдаг. Ингээд 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр “Ж” компани импортолж орж ирсэн. Тэр бараанд нь бид шинжилгээ хийгээд энэ ер нь ямар ч л гэсэн Монгол Улсын стандартад заасан шаардлага хангахгүй ундаа юм байна гэдгийг тогтоосон. Үүний дараа өнөөдрийн байдлаар тус компанийн ийм нэр төрлийн 1,5 литрээр савлагдсан ундаа улсын хилээр орж ирээгүй. Ж байцаагч бид хоёрын хамтарч гаргасан шийдвэрийн эцсийн үр дүн энэ гэсэн үг юм. Яагаад гэвэл бид таслан сэргийлэх арга хэмжээ авч чадсан.

Ж.У-тай бүлэглэж, үгсэж тохиролцсон гэх зүйл ерөөсөө байхгүй. Бид нарын зүгээс аж ахуйн нэгж, байгууллагад давуу байдал бий болгоё гэх зүйл байхгүй. Харин шинжилгээний хариу ирсний дараа аж ахуйн нэгж, байгууллагаас хүнсний стандартын шаардлага хангахгүй ундаануудыг хураагаад, аж ахуйн нэгж байгууллагыг 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Тиймээс бид нарын зүгээс ямар нэгэн байдлаар санаатай юм уу, санамсаргүй байдлаар давуу байдлыг олгоё гэсэн санаа агуулагдаагүй юм гэдгийг хэлмээр байна” гэв.

3. Эрүүгийн 2313002060101 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Баян-Өлгий аймгийн Гаалийн газрын 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 01/146 дугаартай Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт хаягласан албан бичиг, хавсаргасан материалууд /1 дэх хавтаст хэргийн 09-23 дахь тал/, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогчийн 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 01/1070 дугаартай “харьяалал тогтоолгох тухай” тогтоол /1 дэх хавтаст хэргийн 27-28 дахь тал/, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурорын 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 4/1134 дугаартай “мөрдөн шалгах ажиллагаа явуулах харьяалал өөрчлөн тогтоох” тухай тогтоол /1 дэх хавтаст хэргийн 29-30 дахь тал/, гэрч Г.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 35-37 дугаар хуудас/, гэрч Х.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 40-41 дэх тал/, гэрч Т.Е-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 44-45 дахь тал/, гэрч М.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 47-48 дахь тал/, гэрч Ө.С-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 50-51 дэх тал/, гэрч Т.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 53-54 дэх тал/, гэрч Б.Е-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 57-58 дахь тал/, гэрч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 61 дэх тал/, гэрч Т.Е-ий мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 63-64 дэх тал/, гэрч Т.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 66-67 дахь тал/, гэрч Ж.У-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 69-70 дахь тал/, гэрч М.К-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 77 дахь тал/, Баян-Өлгий аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн Мэдээлэл үйлчилгээний хэлтсийн цаг агаарын тойм мэдээ /1 дэх хавтаст хэргийн 78 дахь тал/, гэрч Ш.Ч-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 80-81 дэх тал/, гэрч К.С-ы  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 83-84 дэх тал/, гэрч Т.Б-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 86-87 дахь тал/, гэрч Х.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 89-90 дэх тал/, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 81-82 дахь тал/, Бараа, тээврийн хэрэгслийг хураах тухай 0001406 дугаартай хуудас /1 дэх хавтаст хэргийн 83 дахь тал/, Бараанаас дээж авч шинжилгээнд хамруулах тухай 0723L00037 дугаартай гаалийн байцаагч нарын тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 84 дэх тал/, гэрч М.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 96-97 дахь тал/, гэрч Г.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 102-105 дахь тал/, гэрч Т.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 108 дахь тал/, гэрч Т.Е-ий мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 110-111 дэх тал/, гэрч Ч.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 114-115 дахь тал/, гэрч Ж.У-ын мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 119-120 дахь тал/, гэрч Б.О-ээс гаргаж өгсөн “Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нарын 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн ажлын хуваарь /1 дэх хавтаст хэргийн 122 дахь тал/, Авлигатай тэмцэх газрын 2023 оны 11 дүгээр 17-ны өдрийн 06/18668 дугаартай албан бичиг /1 дэх хавтаст хэргийн 123 дахь тал/, Гаалийн ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр 29-ний өдрийн 01-2/4326 дугаартай албан бичиг /1 дэх хавтаст хэргийн 124 дэх тал/, Гаалийн ерөнхий газрын Хяналт, бүрдүүлэлтийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 425 дугаартай албан бичиг /1 дэх хавтаст хэргийн 125 дахь тал/, Гаалийн ерөнхий газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/676 дугаартай “М.Б-д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал”-ын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 126 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 20 дахь тал/, Гаалийн ерөнхий газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/675 дугаартай “Ж.У-т сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал”-ын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 127 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 21 дэх тал/, Гаалийн ерөнхий газрын сахилгын хорооны 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн хурлын тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 128-142 дахь тал/, Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын дэд даргын 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 30/414 дугаартай албан бичиг /1 дэх хавтаст хэргийн 145 дахь тал/, Гаалийн ерөнхий газрын Баян-Өлгий аймгийн гаалийн газрын 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 01/159 дугаартай албан бичиг, хавсаргасан материалууд /1 дэх хавтаст хэргийн 146-150 дахь тал/, Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 30/4504 дугаартай албан бичиг /1 дэх хавтаст хэргийн 151 дэх тал/, Баян-Өлгий аймгийн Гаалийн газрын 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 01/185 дугаартай албан бичиг, түүнд хавсаргасан материал /1 дэх хавтаст хэргийн 152-153 дахь тал/, Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 30/3786 дугаартай албан бичиг /1 дэх хавтаст хэргийн 154 дэх тал/, Мобиком Корпораци ХХК-ний 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 4/5050 дугаартай албан бичиг, түүнд хавсаргасан утасны дугаарын жагсаалтууд /1 дэх хавтаст хэргийн 155-161 дэх тал/, Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 30/3787 дугаартай албан бичиг /1 дэх хавтаст хэргийн 162 дахь тал/, мөрдөгчөөс “Scania” загварын Т616АВ142 RUS толгойн дугаартай, АА346004 RUS чиргүүлийн дугаартай цагаан өнгийн толгойтой, цэнхэр өнгийн чиргүүлтэй тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 163-169 дахь тал/, мөрдөгчөөс Баян-Өлгий аймгийн Цагдаагийн  газрын хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, СД бичлэг /1 дэх хавтаст хэргийн 171-173 дахь тал/, мөрдөгчөөс “Ж ХХК-ны нэхэмжлэлтэй, гаалийн улсын байцаагчид холбогдох 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 0093030 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох тухай захиргааны хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 181-182 дахь тал/, зөрчлийн 2313000327 дугаартай хэрэгт үзлэг хийж, тус эрүүгийн хэрэгт ач холбогдол бүхий баримтыг хуулбарлан авсан баримтууд /1 дэх хавтаст хэргийн 183-210 дахь тал/, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 110/ШШ2023/0060 дугаартай шийдвэрийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 211-221 дэх тал/, гэрч Х.Ж-ээс гаргаж өгсөн лацны зураг бүхий баримт /1 дэх хавтаст хэргийн 223 дахь тал/, яллагдагч Ж.У, М.Б нарын ажилд томилогдсон тушаал болон ажлын байрны тодорхойлолтууд /1 дэх хавтаст хэргийн 227-250 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 17 дахь тал/, яллагдагч Ж.У, М.Б нарын ажилд томилогдсон тушаал болон ажлын байрны тодорхойлолт /1 дэх хавтаст хэргийн 227-250, 2 дахь хавтаст хэргийн 1-17 дахь тал/, Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/275 дугаартай тушаалаар батлагдсан “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”  /2 дахь хавтаст хэргийн 68-74 дэх тал/, Шинжээч “Ашид билгүүн” ХХК-ны 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн БӨА-23-0301 дугаартай “М нэртэй 1,5 литрийн ундааны 1 ширхгийн үнэ 1,600 төгрөг байх боломжтойг тодорхойлов” гэх үнэлгээний дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 88-91 дэх тал/, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 2313002060101 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” тогтоол /2 дахь хавтаст хэргийн 187-198 дахь тал, 205-216 дахь тал/, яллагдагч Ө.С-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 74-75 дахь тал/,  яллагдагч Т.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 77-78 дахь тал/, яллагдагч Х.Жийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 80-81 дэх тал/, яллагдагч М.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 83-84 дэх тал/, яллагдагч Ж.У-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 86 дахь тал/, гэрч Ж.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 133-134 дэх тал/, гэрч Г.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 136-137 дахь тал/, гэрч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 198 дахь тал/, гэрч Д.С-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 203 дахь тал/, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 65 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоолын хуулбар /4 дэх хавтаст хэргийн 10-12 дахь тал/, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 22 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд нэмэлт оруулах тухай” тогтоол /4 дэх хавтаст хэргийн 35-40 дэх тал/, шүүх хуралдаанд шүүгдэгч нараас гаргаж өгсөн “Ж” ХХК-ны 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр гаалийн татварт 1,745,186.26 төгрөг төлсөн тухай” баримт, шүүгдэгч Ж.У, М.Б нарын хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг тус тус яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судлав.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч, өмгөөлөгч нараас гаргасан дүгнэлт.

4. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас: “...Хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтууд байгаа. Үүнд гэрч Д-ын мэдүүлэг байгаа. Түүний мэдүүлгээр хориотой ундаа орж ирсэн. Ундаанаас 5,566 ширхэг дутсан. Үүнийг Е авсан гэж бодож байна. Еий зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан. Гол шалтгаан нь 1 сарын дараа хяналтын камер бичлэг устсаны дараа холбогдох бараа, бүтээгдэхүүнийг тавьж гаргаж өгсөн гэдэг асуудлыг ярьдаг. Үүнтэй холбогдуулж Баян-Өлгий аймгийн Гаалийн газрын 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн А/146 дугаартай албан бичгээр анх энэ хэрэг шалгагдаж эхэлсэн байгаа. Өөрөөр хэлбэл гаалийн байгууллага нь өөрөө энэ дутсан асуудлыг шалгаж байх явцад энэ нь албан тушаалын байдалтай холбоотой асуудал байна гэж үзэж, улмаар Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн. Ингээд шилжүүлээд шалгаж байх явцад тухайн “Ж” компанийн захирал Е нь мэдүүлэг өгсөн байдаг. Тэрээр би ямар нэгэн бичгээр хүсэлт гаргаагүй. Гэхдээ би Ж.У даргатай уулзахад гэрт хүрээд ир гэж дуудсан. Тэгээд үүний дагуу би гэрт нь орж энэ хүсэлтийг амаар тавихад надад миний хүсэлтийг хүлээн авч зөвшөөрч, маргааш нь тухайн ундаа ачсан тээврийн хэрэгслийг гаалийн хяналтын бүсээс гаргасан гэдгийг мэдүүлдэг. Гэрч С хувьд ч гэсэн процессын талаар мэдүүлдэг. Тэрээр тухайн үед ахлах байцаагчаар ажиллаж байсан хүн байгаа. Энд болохоор ер нь амаар бичиг авахгүй. Албан ёсоор энэ хүсэлт тавьж, хүсэлтийн дагуу хяналтын бүсээс гаргах ёстой байсан гэж мэдүүлдэг. Мөн гэрч Б ч гэсэн дээрх мэдүүлгийг өгдөг.

Үүнээс гадна Гаалийн ерөнхий газрын сахилгын хорооны 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн хурлын тэмдэглэл байгаа. Энэ хурлын тэмдэглэлээр Гаалийн ерөнхий газрын удирдах албан тушаалтан буюу бодлого тодорхойлдог эрх бүхий албан тушаалтнууд оролцсон байгаа. Энд оролцоод ямар асуудлын талаар ярьсан бэ гэхээр өнөөдрийн шүүгдэгч нарын хувьд гаалийн хяналт шалгалтыг, мөн албан үүргээ хэрэгжүүлэхдээ хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, заавар, журам зэргийг мөрдөж ажиллаагүй байна. Тэр тусмаа хамгийн гол асуудал нь өөрийнхөө үйл ажиллагааг ямар нэгэн байдлаар баримт мэдээллээр бэхжүүлж аваагүй байна. Ингэснээр бусдад давуу байдал бий болгосон үйлдэл байна гэж хэн аль нь бүгд дүгнэж үзсэн байдаг. Энэ хуралдааны тэмдэглэл дээр мөн ялгаагүй өнөөдрийн шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нар нь ч гэсэн тодорхой тайлбар, мэдүүлгийг өгсөн. Энэ тайлбар, мэдүүлэг нь өнөөдрийн өгсөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өгсөн мэдүүлгээс мөн ялгаагүй эрс зөрүүтэй мэдүүлгийг өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл шүүгдэгч, яллагдагч нарын мэдүүлэг нь бусад байдлаар тогтоогдохгүй байна гэж үзэж байгаа.

Мөн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөн хяналтын камер үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгслийн үзлэг болон Зөрчлийн тухай хуулиас хуулбарлаж авсан баримтууд байгаа. Энэ баримтуудаар ч гэсэн тухайн оруулж ирсэн ундаа нь хүүхдийн хөгжилд нөлөөлөхүйц хортой бодис орсон байна гэдэг нь тогтоогдсоноос гадна тухайн 5,566 ширхэг ундааг Е авсан байж болзошгүй нөхцөл байдал мөн ялгаагүй тогтоогдож байгаа. Үүгээрээ бусад хориотой бараа бүтээгдэхүүнийг Монгол Улсын хилээр хяналтын бүсээс гаргаж, түүнийг тухайн эд зүйлийг худалдан борлуулах эзэмшигч нь бусад худалдан борлуулах боломжийг олгож байна гэж үзэж байгаа.

Дээрх нөхцөл нотлох баримтад үндэслэж хууль зүйн хувьд дараах дүгнэлтийг улсын яллагчийн хувьд хийж байгаа. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар сэргээн дүрслэх юм бол Ж нь Монгол Улсын хил болох Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтод эрүүл ахуйн стандартын хяналт хариуцсан гаалийн улсын байцаагчаар албаны үүрэг гүйцэтгэх явцдаа “Ж” компанийн захиалгаар 7 нэр төрлийн 2,600 сагс бүхий 13,600 ширхэг “М” гэх нэртэй хийжүүлсэн ундааг хилээр нэвтрүүлэх явцад тухайн ундааны шошго дахь ундааны найрлагад хүүхдийн хөдөлгөөнд харшлах бодис бүхий найрлага бичээстэй байсан тул шинжилгээнд зориулж дээж авч улмаар тухайн ундааг шинжилгээний хариу гартал гаалийн хяналтад бүсэд байлгах талаар “Ж” компанийн захирал Е-д мэдэгдсэн. Уг нь гаалийн хяналтын бүсэд гарах боломжгүй байсан. Гэтэл “Ж” компанийн захирал Е нь яасан бэ гэхээр Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газрын хяналт шалгалт, бүрдүүлэлт хорио цээр хариуцсан албаны дарга Ж.У-ын гэрт нь очиж “миний энэ ундааг миний хувийн агуулахад хадгалах боломжийг бүрдүүлж өгөөч. Яагаад гэвэл гаалийн хяналтын бүсэд машин байх юм бол өдөрт би 300,000-400,000 төгрөгийн төлбөр төлөх юм байна” гэх амаар гаргасан хүсэлтийг Ж.У хүлээн авч, Маргааш нь тухайн ундааг яасан бэ гэхээр гаалийн хяналтын бүсээс гаргаж явуулсан байгаа.

Гаалийн байцаагч Ж нь удирдлагаас өгсөн чиглэлийн дагуу яасан бэ гэхээр 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 12 цаг 20 минутын орчимд дээрх ундааг лацдаж тээврийн хэрэгслийг битүүмжлэн гаалийн хяналтын бүсээс гарган явуулахад тухайн тээврийн хэрэгсэл нь 14 цаг 26 минутад Баян-Өлгий аймгийн Өлгий сум руу нэвтэрсэн. Улмаар 8 минутын дараа нөгөө очих ёстой газар буюу ундаа буулгасан Е-ий эзэмшлийн контейнерт очсон байдаг. Үүнээс юу гэж үзэж байгаа вэ гэвэл ундаа нь замдаа алдагдах боломжгүй байсан. Шууд гараад Е дээр очсон. Тээврийн хэрэгслийн явсан зам, туулсан цаг хугацааг тооцоолох юм бол тухайн ундааг замаасаа алдах боломжгүй байсан гэж үзэж байгаа. Улмаар 1 цагийн дараа буюу 16 цагийн үед Е нь ундаа ачсан тээврийн хэрэгсэл ирсэн талаар гаалийн байцаагч С-д мэдэгдсэн. Ундаа очсон даруйд нь Е мэдэгдээгүй. 1 цаг орчмын дараа мэдэгдсэн байдаг. Тэгээд гаалийн байцаагч С, А нарын хувьд тухайн тээврийн хэрэгсэлд байгаа ундааг контейнерт шилжүүлэх ажиллагаанд хяналт тавьж оролцсон улмаар лацдсан байдаг. Дээрх тогтоогдсон нөхцөл байдлаас юу гэж дүгнэсэн бэ гэхээр “Ж” компанийн ундааг тээвэрлэсэн тээврийн хэрэгсэл нь Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтоос Е-ий эзэмшлийн контейнерт ирэх хүртлээ туулсан зам, зарцуулсан хугацааг тооцоолоход тухайн тээврийн хэрэгсэл нь замдаа саатаж зогсоогүй. Харин ундааг буулгах газарт ирснээс хойш 2 цагийн дараа гаалийн ажилтнууд нь очсон байна. Үүнтэй холбогдуулж тухайн ундааг ирсэн даруйдаа 5,566 ширхэг ундааг Е тухайн тээврийн хэрэгслийн лацыг хөндөхгүйгээр хажуу талаас нь авч түүнийг хувьдаа борлуулсан үйл баримт тогтоогдож байна. Иймд шүүгдэгч нарыг Е-ий эзэмшлийн тээврийн хэрэгсэлд ачсан хүүхдийн хөдөлгөөнд харшлах бодис бүхий найрлага илэрсэн 12,360 ширхэг “М” гэх ундааг шинжилгээний хариу гараагүй байхад Е-ий амаар гаргасан хүсэлтийн дагуу тухайн ундааг хилийн хяналтын бүсээс гаргаж явуулах зөвшөөрлийг ажил үүрэг гүйцэтгэж буй доод албан тушаалтнууд болох хүмүүст өгснөөр Е-ийг 5,566 ширхэг хүүхдийн хөгжилд нөлөөлөхүйц хортой бодистой ундааг худалдан борлуулах боломжийг түүнд олгосноор албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна.

Учир нь энэ төрлийн гэмт хэргийн субъект нь нийтийн албан тушаалтан байдаг. Харин Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газрын гаалийн хяналт шалгалт, бүрдүүлэлт, хорио цээр хариуцсан албаны дарга болон гаалийн ахлах байцаагч нарын хувьд нийтийн албан тушаалд хамаарч байгаа.

Гаалийн тухай хуулийн 232 дугаар зүйлийн 232.2-т “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журмыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батлах бөгөөд зарим бараа, тээврийн хэрэгслийн төрөл, онцлогийг харгалзан тусгай журам тогтоож болно” гэж заасан. Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т “Гаалийн хилээр нэвтрүүлэх зарим бараа, тээврийн хэрэгслийн төрөл, онцлогийг харгалзан гаалийн бүрдүүлэлтийн журмыг энэ хуульд нийцүүлэн гаалийн удирдах төв байгууллагын дарга тусгайлан баталж болно” гэж заасан. Мөн хуулийн 233 дугаар зүйлийн 233.1-т “Гаалийн хяналтыг гагцхүү хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлнэ” гэж заасан. Мөн хуулийн 274 дүгээр зүйлийн 274.2.2-т “гаалийн хяналт, бүрдүүлэлтийг хийхдээ төр, байгууллага, хувь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүй, албан тушаалаа урвуулан ашиглахгүй, хэтрүүлэхгүй байх” гэж заасан. Мөн хуулийн 275 дугаар зүйлийн 275.1.3-т “энэ хуульд зааснаас бусад мэдээлэл шаардах, иргэдэд чирэгдэл учруулах, бусдад давуу байдал олгох зэргээр ялгаварлах” гэж заасан.

Түүнчлэн Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А275 дугаартай тушаалаар батлагдсан Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам байгаа. Уг журмын 1.5-т “Бараа, тээврийн хэрэгслийн шалгалтыг гаалийн хяналтын бүсэд хийнэ. Түргэн муудах, аюултай, хагарч гэмтэх, ачилт, хадгалалт, тээвэрлэлтийн тусгай нөхцөл шаардагдах, улсын нууцын зэрэглэлд орох, түүнчлэн түүх соёлын дурсгалт зүйлс, валют, валютын үнэт зүйлс, химийн бодис зэрэг барааны шалгалтыг мэдүүлэгчээс бичгээр гаргасан хүсэлтийн дагуу өөр газарт, мэдүүлэгчийн зардлаар хийж болно” гэж заасан. Мөн журмын 5.28-т “Бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн лабораторийн болон мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулах, шинжилгээ хийлгэх, мэргэжлийн байгууллагаас мэдээлэл, лавлагаа авах, холбогдох байгууллага, албан тушаалтныг гаалийн шалгалтад оролцуулах шаардлагатай бол бараа, тээврийн хэрэгслийг саатуулна. Саатуулсан бараа, тээврийн хэрэгслийг “Бараа, тээврийн хэрэгслийг саатуулах журам”-ын дагуу шийдвэрлэнэ” гэж заасан.

Энэ хууль, журам өөр хоорондоо хүчин чадлын хувьд уялдаа холбоо, дараалалтай байгаа. Шүүгдэгч нарын дээр дурдсан хууль болон түүнд нийцүүлэн гарсан журмыг зөрчсөн гэж үзэж байгаа.

Энэ гэмт хэргийн хувьд хохирол, хор уршгийг бол шаарддаггүй. Гол асуудал нь “Ж” компани Монгол Улсын хилээр оруулж ирж байгаа “М” гэх нэртэй хийжүүлсэн ундаанаас хүүхдийн хөдөлгөөнд харшлах бодис бүхий найрлага илэрсэн байхад шүүгдэгч нар нь зөвшөөрөлгүйгээр тухайн ундааг хилээр гаргаж явуулснаар тухайн ундааг Монгол Улсын ард иргэд хэрэглэх, улмаар цаашлаад хүүхдүүдэд хэрэглэх боломжийг бүрдүүлж байгаа юм. Ингэснээр хохирол, хор уршиг хэдийгээр байхгүй боловч тухайн 5,566 ширхэг ундааг тухайн хүүхдүүд хэрэглэснээр тодорхой хэмжээнд хор учир учирсан гэдгийг үгүйсгэж бас болохгүй. Иймд шүүгдэгч нарын хувьд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусад давуу байдал бий болгосон хэмээн тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргаж байна.

Гэм буруугийн дүгнэлттэй холбогдуулж хохирол, хор уршгийн асуудал яригдана. Хохирол, хор уршгийн хувьд мэдээжийн хэрэг бодитоор хохирол, хор уршиг учраагүй боловч энэ үйлдэл маань өөрөө нийгэмд аюултай үр дагавар үүсэх боломжтойгоос гадна нөгөө талаараа бусдад шударга бус үйлдлийнх нь төлөө бусдад давуу байдал бий болгож байгаа хор уршиг учирснаар ард иргэдийг төрд итгэх итгэл нь тэр хэмжээгээр үгүйсгэгдэж байгаа гэж үзэж байгаа. Е ундааг бусад хүмүүс оруулж ирсэн. Гэтэл яагаад миний ундааг оруулахыг хориглож байгаа юм бэ гэх зүйлийг ярьдаг. Шүүгдэгч М.Б-ы хэлж байгаагаар өмнө нь ч гэсэн орж ирж байсан гэх асуудлыг ярьдаг. Үүгээр иргэн хүний хувьд энэ гаалийн байгууллагын ажилтнууд бусдад ямар нэгэн байдлаар үйл ажиллагаагаа явуулахдаа ялгаварлан гадуурхах нөхцөл байдлыг төрүүлж байна гэж үзэж байгаа.” гэх дүгнэлтийг,

5. Шүүгдэгч Ж.У-ын өмгөөлөгч Б.Мөнхзаяагаас: “…Шүүгдэгч Ж.У-ын хувьд аймгийн Гаалийн газарт гаалийн хяналт шалгалт бүрдүүлэлт, хорио цээр хариуцсан албаны даргаар ажилладаг. Улсын яллагч анх тогтоолдоо шүүгдэгч Ж.У-ыг Гаалийн ерөнхий газрын даргын 2011 оны 679 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтад батлагдсан Эрх зүйн актын эмхэтгэлийн 5-т заасныг хэрэгжүүлээгүй байна гээд үзсэн байдаг. Гэтэл прокурорын тогтоолын үндэслэл болсон энэхүү Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/239 дугаартай тогтоолоор хүчингүй болсон тушаалыг анх үндэслээд яллах дүгнэлт бичсэн байдаг. Дээрх хүчингүй болсон тушаалыг үндэслэн яллагдагчаар татсан нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг нэг талаараа бас дордуулж үзсэн нөхцөл байдал байна. Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-т “гаалийн хяналт гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт гаалийн хууль тогтоомжийг мөрдүүлж, биелэлтийг нь хангуулах зорилгоор гаалийн байгууллагаас хэрэгжүүлэх цогц арга хэмжээг” ойлгохоор заасан байдаг. Гаалийн хяналт шалгалт буюу цогц арга хэмжээ нь үргэлжилж явагдаж байсан. Гэтэл үүнийг улсын яллагч тайлбарлахдаа гаалийн хяналтын үйл ажиллагаа дуусаад “Ж” компанид тэр ундааг нь шилжүүлээд өгсөн мэтээр улсын яллагч дүгнэлт гаргаад яваад байдаг. Гэтэл гаалийн хяналтын үйл ажиллагаа нь үргэлжилж явагдаж байгаа үйл ажиллагаа юм. Энэ хугацаанд гаалийн байгууллага хуулийн хүрээнд Гаалийн тухай хууль, байгууллагын холбогдох журмын дагуу энэхүү бүх үйл ажиллагаанууд явагдаж байгаа. Гэтэл улсын яллагч яллах дүгнэлтдээ Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журмын 1.5-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж байгаа. Гэтэл Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журмын 1.5-т заасан ажиллагаа явагдаж, шинжилгээ хийх шаардлагатай гээд шинжилгээнд хамруулахаар дээжийг нь явуулсан. Тэр хугацаанд шинжилгээний хариу гарах хүртэлх хугацаанд үлдсэн бараа бүтээгдэхүүнийг хаана хадгалах вэ гэдэг гаалийн байгууллагын үйл ажиллагаа үргэлжилж байгаа байхгүй юу. Гэтэл ундааг зориулалтын дагуу хадгалах сав байхгүй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Энэ нь Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журмын 1.5-т заасан үйл ажиллагаа биш. Нэг ёсондоо гаалийн байгууллагын санаачилгаар хийгдэж байгаа үйл ажиллагаа байгаа. Үүнд аж ахуйн нэгжээс хүсэлт авах ямар ч шаардлага байхгүй. Дээж авах шаардлагатай гэх тохиолдолд Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журмын 5.28-т “Бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн лабораторийн болон мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулах, шинжилгээ хийлгэх, мэргэжлийн байгууллагаас мэдээлэл, лавлагаа авах, холбогдох байгууллага, албан тушаалтныг гаалийн шалгалтад оролцуулах, шаардлагатай бол бараа, тээврийн хэрэгслийг саатуулна. Саатуулсан бараа, тээврийн хэрэгслийг “Бараа, тээврийн хэрэгслийг саатуулах журам”-ын дагуу шийдвэрлэнэ” гэж заасан. Тэгэхээр гаалийн байгууллагаас Гаалийн тухай хууль болон холбогдох журамд заасны дагуу гаалийн хяналтын үйл ажиллагаа явагдаж байгаа бөгөөд дээрх журамд заасны дагуу лабораторийн мэргэжлийн шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулах тухайн ажиллагаа явагдаад Бараа, тээврийн хэрэгслийг саатуулах журам руу энэхүү үйл ажиллагаа маань орж байгаа. Бараа, тээврийн хэрэгслийг саатуулах журмын 1.2-т “Бараа, тээврийн хэрэгслийг саатуулахад Гаалийн тухай хуулийн 239.1-д заасан зарчмыг баримталж ажиллана” гэж заасан. Гаалийн тухай хуулийн 239 дүгээр зүйлийн 239.1-т “Гаалийн байгууллага, албан тушаалтан нь хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэхдээ бараа, тээврийн хэрэгсэлд хохирол учруулах аливаа үйлдэл, эс үйлдэхүй гаргаж үл болно” гэж заасан. Хуулийн уг зохицуулалтад зааснаар чиг үүргээ хэрэгжүүлж явж байгаа. Бараа, тээврийн хэрэгслийг саатуулах журмын 2.4-т “Зарим нэрийн онцлог /хадгалалтын тусгай нөхцөл шаардагдах, амархан муудаж гэмтэх, аюултай бараа гэх мэт/ бараа, тээврийн хэрэгслийг зориулалтын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон түр агуулахад хадгалах бөгөөд боломжгүй бол эзэмшигчийн агуулах, байр, саванд хадгалуулж болно. Гаалийн байгууллага энэ тохиолдолд тухайн агуулах, байр, сав, бараа, тээврийн хэрэгслийг битүүмжлэх” ёстой” гэх дүгнэлтийг,

6. Шүүгдэгч Ж.У-ын өмгөөлөгч А.Б-ээс: “...Онолын тайлбар хэлэх шаардлагатай болж байна. Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн тайлбарт урвуулан ашиглах, давуу байдал бий болгох гэдэг хоёр зохицуулалт бий. Урвуулан ашиглах гэж албан үүрэг, албан тушаалын байдал, эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгод ашиглаж, хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно. Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “давуу байдал гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд бий болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” гэж заасан. Энэ тодорхойлолтуудаас юу гээд үзэх юм бэ гэхээр тухайн үйлдэл хийсний үндсэн дээр хэн нэгэн этгээд ашигтай байдал бий болоод эдийн болон эдийн бус ашгийг бий болгочихсон байх ёстой. Энэ үйлдлийг шүүгдэгч нарын хувьд гэм буруугийн хувьд шууд санаатай байдлаар үйлдэх ёстой. Гэтэл энэ байдлыг прокурорын хувьд тогтоогоогүй. Улсын яллагчийн зүгээс төрийн нэрийн өмнөөс шүүх хуралдаанд оролцоод хэрэгт хяналт тавиад яллах болон цагаатгах ямар нөхцөл байдлууд байна гэдгийг нь тогтоох ёстой. Өнөөдрийн нөхцөл байдлыг харахаар яллах чиг үүрэгтэй холбоотой нотлох баримтуудаа түлхүү цуглуулсан юм шиг харагдаад байгаа.

Яагаад гэвэл мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөн байцаагч нар гэрчүүдээс мэдүүлэг авсан байдаг. Гэрчүүдээс мэдүүлэг авахдаа загварын дагуу авсан юм шиг энэ асуултыг асууна. Энэ хариултыг хариулна гэдэг бүгдийг нь хараад үзэхээр тийм байгаа. Гэрч нарын овог нэр, регистрийн дугаарыг өөрчилсөн нөхцөл байдал харагддаг. Тэгээд тухайн гэм буруутай гэж үзэж байгаа талуудын хийсэн үйлдэлтэй холбоотой гэм буруугийн нөхцөл байдлыг тогтоох ёстой. Яллах дүгнэлтдээ гэрчийн мэдүүлэг ийм нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэх ёстой. Гэтэл тийм юм байдаггүй. Зөвхөн хэдэн гэрчийн мэдүүлгийг л үндэслэдэг. Тэгээд тухайн гэрчийн мэдүүлгүүдийг үзэхээр тухайн гэрч нар гээд байгаа хүмүүс нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол нөхцөл байдлыг мэддэг юм уу, үгүй юм уу тэр нь тодорхойгүй. Тухайн нөхцөл байдал дээр үүнийг заавал бичгээр гаргах ёстой. Байцаагч нь энэ бичгээр гаргадаг юм уу гэвэл бичгээр гаргах ёстой гэдэг байдлаар тэндээ хөтлөгдөөд мэдүүлэг өгчихсөн. Энэ нөхцөл байдлууд нь хэд хэдэн гэрчийн мэдүүлэг дээр тодорхой харагддаг. Жишээлбэл хавтаст хэргийн 80-81 дүгээр талд Ч гэдэг хүний мэдүүлгийг уншаад үзэхээр яллах дүгнэлтэд бичсэнээс зөрүүтэй. Яллах дүгнэлтэд “гаалийн хяналтын бүсийн 1.7-т гаалийн хяналт шалгалтыг гаалийн бүсэд хийнэ. Шаардлагатай тохиолдолд бараа тээврийн хэрэгслийн шалгалтыг өөр газар мэдүүлэг шалгалтыг өөр газар мэдүүлгийн зардлаар хийж болно” гэх заалтыг хангахын тулд манайд “Ж” компаниас ямар нэгэн байдлаар бичгээр хүсэлт гаргаагүй гээд бичсэн. Хавтаст хэргийн 81 дүгээр талд авагдсан гэрч С-ы мэдүүлэг байгаа. Тухайн барааг өөрийнхөө зардлаар өөрийн агуулах байр, саванд хадгалах хүсэлтийг бичгээр гаргахаар тухайн өдрийн ахлах байцаагч эсхүл манай удирдлагууд болох дэд дарга, дарга, газрын даргад бичгээр гаргаж болно гээд ерөөсөө л энэ нөхцөл байдлуудаар л бүх гэрчийн мэдүүлгүүд нь адилхан, тийм байхад зөвхөн гэрчийн мэдүүлгийн үндсэн дээр л энэ хүмүүсийг гэм буруутай гэдэг байдлыг нь тогтоож байна гээд байгаа нь өөрөө үндэслэлгүй.

Яагаад гэвэл Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн үндсэн дээр хэрэгт цугларсан баримт нь хөдөлшгүй тогтоогдох ёстой. Гэрчийн мэдүүлэг, бусад нотлох баримтаар тогтоогдох ёстой. Тэгэхгүйгээр гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэж шүүгдэгч нарыг гэм буруутай гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Авлигын эсрэг Нэгдсэн Үндэсний Байгууллагын конвенцын 19 дүгээр зүйлд нийтийн албан тушаалтан өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэх явцдаа өөртөө эсвэл өөр этгээд байгууллагад зүй бус давуу байдал олгохдоо албан тушаалаа урвуулан ашиглах санаа сэдэлтийг агуулж байсныг нотлох нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндсэн нөхцөл болохыг заасан. Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 8 дугаар зүйлд албаны эсрэг Нэгдсэн Үндэсний Байгууллагын конвенцоор тодорхойлсон нийтийн албан тушаалтан албаны чиг үүргээ урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг илүү өргөн утгаар, өргөн агуулгаар буюу нийтийн албан тушаалтан албаны чиг үүрэг бүрэн эрхэд хамаарах буюу хуулиар зөвшөөрөгдсөн үйлдлийг хийсэн түүнчлэн хийгээгүйн төлөө өөртөө болон бусдад ямар нэгэн давуу байдлыг бий болгохыг хүссэн санаатай үйлдлийг гэмт хэрэгт тооцохыг тусгасан байгаа. Яллах дүгнэлт, яллагдагчаар татсан тогтоолд тухайн нөхцөл байдлуудыг тогтоогоогүй. Хоёр, гуравхан асуудлыг ярьдаг. Энэ дээр юу гэвэл яллах дүгнэлт нэгд шинжилгээний хариу гартал битүүмжлүүлж өгнө үү гэх амаар гаргасан албан бус хүсэлтийг холбогдох журмын дагуу хүлээн авч шийдвэрлээгүй. Хоёрт “Ж” компанийн агуулахад битүүмжлэх үүргийг Ж, А, С нарт өгсөн. Гуравд 5,566 ширхэг ундаа худалдан борлуулах давуу байдлыг бий болгосон гэж яллах дүгнэлт дээр дурдаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд зааснаар зүйлчилж байгаа. Шүүгдэгч нарын зүгээс тайлбарласан, хүсэлт гаргах зохицуулалт байхгүй. Гаалийн хяналт дуусаагүй. Шинжилгээ хийлгэж байсан гэдгийг ойлгомоор байна. Ийм ийм зохицуулалт журам байдаг юм шүү”  гэх дүгнэлтийг,

7. Шүүгдэгч Ж.У-ын өмгөөлөгч Х.Б-ээс: “…хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхээр “Ж” компанийн оруулж ирсэн ундаанаас 5,566 ширхэг ундаа дутсан нөхцөл байдал байгаа. Гэхдээ 5,566 ширхэг ундаа хэзээ, хэрхэн, яаж алга болсон бэ, энэ нь хэний буруутай үйл ажиллагаанаас болсон бэ гэдгийг шалгаж тогтоосон нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Прокурор энэ талаар яллах дүгнэлтдээ ийм дүгнэлт хийсэн байгаа. Үүнд тогтоогдсон нөхцөл байдлаас дүгнэхэд “Ж” компанийн ундааг тээвэрлэсэн тээврийн хэрэгсэл нь Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтоос гарч, Өлгий сумын 13 дугаар багт байрлах Е-ий эзэмшлийн контейнерт ирэх хүртэлх туулсан замд зарцуулсан хугацааг тооцоолоход тухайн хэрэгсэл замдаа саатаж зогсоогүй. Харин ундааг буулгах газар ирснээс хойш 2 цагийн дараа гаалийн ажилтнууд ирсэн тул ирэх хугацаанд ирэх нь тухайн тээврийн хэрэгслийг лацыг хөндөхгүйгээр хоёр хажуу талаас 5,566 ширхэг ундааг авсан байна гээд үзэхээр байна гээд таамаглал дэвшүүлээд байгаа.

 Яллах дүгнэлт дээр ингэж таамаглал дэвшүүлээгүй. Нэг бол албан ёсоор нотлох баримтаар шалгаад үнэхээр тэр Е авсан юм уу гэдгийг шалгаж тогтоох ёстой. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар энэ талаар ямар ч нотлох баримт байхгүй байгаа. 5,566 ширхэг ундаа яагаад алга болсон бэ, үүнд хэн буруутай юм бэ, тухайн машинд лац тавихдаа хоёр талд лац тавиагүй хүний буруутай үйл ажиллагаа юм уу, үүнийг шалгаж тогтоосон байх ёстой. Үүнд таамаг төдий дүгнэлт хийгээд шүүхэд шилжүүлж байгаа нь үндэслэлгүй байна.

Яллах дүгнэлтэд 5,566 ширхэг ундааг одоо худалдан борлуулах давуу байдлыг “Ж” компанид олгосон. Шүүгдэгч нар ямар хуулийг зөрчиж, үүнээс болж бусдад давуу байдал бий болгож байгаа гэдгийг тогтоосон нотлох баримтууд байхгүй. Хамгийн гол асуудал нь шүүгдэгч нар тээврийн хэрэгслийг тухайн хилийн боомтоос гаргаад гаалийн хяналтын бүсээс Е-ий агуулахад буулгах шийдвэр гаргалаа гэхэд ийм ийм журмыг зөрчсөн байна. Тийм зүйлээс болж ундаа алга болсон байна гэдгийг албан ёсоор шалгаж тогтоосон байх ёстой юм. Өөрөөр хэлбэл 5,566 ширхэг ундаа алга болсон үйлдэл энэ хүмүүсийн гаалиас тэр машиныг гаргаж явуулсан буруутай үйлдэл энэ хоёр чинь шалтгаант холбоотой байж энэ хүмүүсийн буруутай үйл ажиллагааг ярихаас биш зүгээр нэг таамаг байдлаар дүгнэлт хийгээд явж байгаа нь угаасаа үндэслэл муутай байна гэж үзээд байгаа.

Мөн С гэх хүний гэрчийн мэдүүлэг байгаа. Тэр хүн ундаа авсан байж болно. Тал хэсгийг нь буцаагаад Е-д өгсөн байгаа. Тэр үнэхээр машинаас буулгаж, хулгайлж авсан юм уу, үүнийг шалгаж тогтоосон нотлох баримт байхгүй байна.

Прокуророос Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам болон Бараа, тээврийн хэрэгслийг саатуулах журмыг ялгаж салгахгүй байгаа. Машин орж ирээд гаалийн хяналт шалгалт хийгдсэн. Тэр бүх ажиллагааг хийгдээд явц дунд тухайн бараануудаас дээж авах шаардлага гараад тэгээд саатуулах ажиллагаа хийгдсэн байгаа байхгүй юу. Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 275 дугаар тушаалаар баталсан журмын 1.5-т заасныг зөрчиж байна. Шүүгдэгч нар бичгээр хүсэлт аваагүй байна гээд байгаа. Бичгээр хүсэлт авахаар энэ ундаа нь алга болох гээд машиндаа байж байдаг юм уу, ямар байдлаар ойлгож байгаа нь учир дутагдалтай байна. Баталгаат агуулах байхгүй. Тиймээс Е-ий агуулахад буулгахаас өөр аргагүй байсан. Тухайн ундаа нь хадгалалтын тусгай горим шаарддаг байгаа. Тэр талаарх холбогдох нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан. Тухайн үеийн цаг уурын нөхцөл байдлыг бас шинжлэн судлуулсан. Тэр үед 0 хүртэл градус хүйтэн байсан нөхцөл байдал тогтоогдож байгаа. Хадгалалтын тусгай горимтой ундааг тухайн үед саатуулснаас болж, ундаа хөлдсөн бол дараагийн асуудал үүсэх байсан. Энэ талаар шүүгдэгч М.Б тодорхой мэдүүлэг өгсөн байгаа. Тиймээс шүүгдэгч нарыг буруутгаж байгаа прокурорын үндэслэл нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэгдээгүй, таамаглал төдий дүгнэлт байна. Тиймээс шүүгдэгч Ж.Ут холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэх дүгнэлтийг,

8. Шүүгдэгч М.Б-ы өмгөөлөгч Х.З-аас: “…шүүгдэгч нарын үйлдэл холбогдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй учир цагаатгах байр сууринаас оролцож, өөрийнхөө дүгнэлтийг гаргах болно. Миний үйлчлүүлэгчийг дараах байдлаар яллаж байгаа. Шүүгдэгч М.Б нь Баян-Өлгий аймгийн Гаалийн газрын гаалийн хяналт шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчийн албан тушаалд ажиллаж байхад шүүгдэгч Ж.Утай хамтран бүлэглэн оролцож, Монгол Улсын хил болох Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд байрлах Цагааннуур боомтоор “Ж” компанийн захиалгаар оруулж ирсэн 12,360 ширхэг “М” гэх нэртэй хийжүүлсэн ундаанаас хүүхдийн хөдөлгөөнд харшлах бодис бүхий найрлага илэрч, улмаар 14 ширхэг ундааг шинжилгээнд зориулан дээж аван шинжилгээний хариу гараагүй байхад “Ж” компанийн захирал Е-ий амаар гаргасан хүсэлтийн дагуу албан бус хүсэлтийг үндэслэж тухайн тээврийн хэрэгслийг хяналтын бүсээс гарган “Ж” компанийн эзэмшлийн Өлгий сум дахь байрлах контейнерт шилжүүлэх үүргийг 2023 оны 4 дүгээр сарын 25-26-ны өдрийн хооронд гаалийн ажилтан Ж, А, С нарт өгсний улмаас тухайн ундааг 5,566 ширхэг ундаа худалдан борлуулах давуу байдлыг “Ж” компанид бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг, мөний хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар бүлэглэн үйлдсэн гэж үзэж гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдсэн байдаг.

Гэтэл шүүгдэгч нарын үйлдэлд холбогдолтой Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг бүлэглэж, хамтран үйлдсэн талаарх нотлох баримт хавтаст хэрэгт цуглуулсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байгаа. Шүүгдэгч нарын үйлдэл холбогдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан албан тушаалын байдлыг урвуулан ашиглах үйлдэл холбогдол хавтаст хэрэгт байгаа нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүйгээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих нөхцөл байдлууд буюу тухайн гэмт хэргийн өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго гэм буруугийн хэлбэр мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокуророос үйлдсэн яллах дүгнэлтийн хүрээнд авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байгаа.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлсийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүхэлдээ агуулахгүй байгааг дурдах нь зүйтэй байна. Яллах дүгнэлтэд Гаалийн ерөнхий газрын 2019 оны 275 тоот тушаалын хавсралтаар баталсан Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд хэрэгслийн хяналт тавих нийтлэг журмын холбогдох заалтуудыг зөрчсөн, холбогдох заалт буюу уг журмын 1.5 дахь заалтыг зөрчиж бичгээр хүсэлт гаргаагүй байхад гаалийн хяналтын бүсээс гаргаж түр агуулах байранд шилжүүлсэн үйлдэл холбогдлыг тухайн заалтыг зөрчсөнөөрөө давуу байдал бий болгосон гээд тооцож байгаа. Гэтэл Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журмын 1.1 дэх заалтад уг нийтлэг журмын зорилгыг тодорхойлсон байгаа. Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журмын 1.1 дэх заалтад “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих, гаалийн бүрдүүлэлт, шалгалт хийх үйл ажиллагааны дэс дараалал тогтооход энэ журмын зорилго оршино” гэж заасан. “Ж” компанийн оруулж ирж байгаа хүнсний бараа, бүтээгдэхүүн буюу хийжүүлсэн ундаанууд 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Монгол Улсын хилээр орж ирсэн. Тухайн өдөр гаалийн хяналт шалгалт буюу Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 275 дугаар тушаалын хавсралтаар баталсан Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журмын холбогдох хэсгүүдэд заасан хяналт шалгалт тухайн 25-ны өдөр хийгдээд дуусах мөчид тухайн бараанаас сэжиг бүхий нөхцөл байдал илэрсэн учир тухайн журмын 5.28 дахь заалтад заасан үндэслэл бий болсон учраас лабораторийн шинжилгээ хийж дүгнэлт гаргах шаардлага гарсан. Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журмын 5.28 дахь заалтад “Бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн лабораторийн болон мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулах, шинжилгээ хийлгэх, мэргэжлийн байгууллагаас мэдээлэл, лавлагаа авах, холбогдох байгууллага, албан тушаалтныг гаалийн шалгалтад оролцуулах шаардлагатай бол бараа, тээврийн хэрэгслийг саатуулна. Саатуулсан бараа, тээврийн хэрэгслийг “Бараа, тээврийн хэрэгслийг саатуулах журам”-ын дагуу шийдвэрлэнэ” гэж заасан. Үүний үндсэн дээр дээж авч, шийдвэр гарган улсын байцаагч болон улсын ахлах байцаагчийн хамтран гаргасан шийдвэрээр магадлан шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаад энэ шийдвэр гаргаснаараа хүнсний бараа бүтээгдэхүүнийг “Ж” компанийн мэдэлд биш, харин бараа тээврийн хэрэгслийг саатуулах үйл ажиллагаа буюу дээр дурдсан нийтлэг журмын 5.28 дахь заалтад заасан үндэслэлээр Бараа, тээвэрлэх хэрэгслийг саатуулах журмын дагуу шийдвэрлэнэ гэсэн заалтын дагуу Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 536 дугаар тушаалын хавсралтаар баталсан Бараа, тээврийн хэрэгслийг саатуулах журамд зааснаар саатуулах үйл ажиллагаа хийгдсэн. Энэ саатуулах үйл ажиллагаа нь тухайн Бараа, тээврийн хэрэгслийг саатуулах журмын 2.4 дэх заалтад зааснаар битүүмжлэх үйл ажиллагаа явагдсан. Энэ үйл ажиллагаа явагдахад мөн адилхан гаалийн байгууллагад хяналт тавих үүргээ хэрэгжүүлж А болон С гэх улсын байцаагч нарыг явуулж энэ үйл ажиллагааг хууль, журмын дагуу хийгдсэн байгаа.

Иймд “Ж” компанид ямар нэгэн байдлаар гаалийн байгууллагын зүгээс давуу байдал бий болгосон үйлдэл холбогдол гаргаагүй болох нь шүүгдэгч нарын үйлдэл болон тухайн үйлдлийг гардан гүйцэтгэсэн улсын байцаагч Ж, битүүмжилсэн улсын байцаагч А, улсын байцаагч С нарын үйлдэл холбогдлоор нотлогдож тогтоогдож байгаа. Улсын яллагчийн зүгээс “Ж” компанид давуу байдал бий болгосон гээд буруу дүгнэлт хийсэн гэж үзэж байгаа. Яагаад гэвэл энэ битүүмжилж байгаа үйл ажиллагаа нь өөрөө “Ж” компанийн эрх мэдэлд худалдан борлуулах боломж олгож байгаа асуудал биш. Энэ нь дүгнэлт гаргуулахаар битүүмжилж, битүүмжилсэн хугацаанд хадгалж байх үүрэг нь тухайн түр агуулахын эзэмшигч буюу “Ж” компанийн үүрэг бүхий этгээд Е-ий мэдэлд шилжүүлээд өгсөн байгаа юм. Энэ нь өөрөө Гаалийн тухай хуулийн холбогдох заалтуудаар нотлогдоно тогтоогдоно.  

Гаалийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т “Хадгалалтын тусгай нөхцөл шаардах барааг зориулалтын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон түр агуулахад хадгална” гэж заасан. Гаалийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т “Барааг ачааны манифест болон түүнийг дагалдах бичиг баримтыг үндэслэн түр агуулахад оруулна” гэж заасан. Барааг түр агуулахад оруулахад шаардагдах бичиг баримт гэдэгт тухайн этгээдийн тусгай зөвшөөрлийн талаар ямар нэгэн бичиг баримт шаардаагүй. Өөрөөр хэлбэл гаалиар орж ирсэн барааны мэдээллийг авснаараа хангагдаж байгаа. Гаалийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т “Гаалийн хяналтад байгаа хадгалалтын тусгай нөхцөл шаардах барааг гаалийн байгууллагын зөвшөөрснөөр мэдүүлэгчид хадгалуулж болох бөгөөд энэ тохиолдолд уг бараа түр агуулахад байгаад тооцогдоно” гэж заасан. Үүгээрээ гаалийн байгууллагын зөвшөөрснөөр мэдүүлэгч гээд байгаа “Ж” компанийн захирал Е-ий мэдэлд хадгалуулж болох бөгөөд энэ тохиолдолд уг бараа түр агуулахад тооцогдоно.

Гаалийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Энэ хуулийн 47.1-д заасан барааг гуравдагч этгээдэд шилжүүлэхийг хориглоно” гэж заасан. Гаалийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Түр агуулахыг гаалийн хяналтын бүсэд тооцно” гэж заасан. Тиймээс “Ж” компанийн түр агуулахад хадгалагдаж байгаа бараа нь өөрөө Гаалийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар гаалийн хяналтын бүтцэд тооцогддог учраас үүнийг “Ж” компанийн эрх мэдэлд олгочихсон, тэнд худалдан борлуулах боломж олгочихсон гэж үзэх эрх зүйн үндэслэл байхгүй. Энэ талаар улсын яллагчийн зүгээс яллах дүгнэлт үйлдэхдээ энэ салбарын гаалийн байгууллагад мөрдөгдөж байгаа салбарын хууль тогтоомжуудыг судлаагүйгээс болж өнөөдөр яллах дүгнэлт нь буруу, зөрүүтэй дүгнэлт гаргаснаас болж өнөөдөр шүүгдэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дордуулахад хүрч байна. Нэгэнт “Ж” компанийн түр агуулахад хадгалуулж байгаа явдал нь өөрөө Гаалийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтад зааснаар түр агуулахыг гаалийн хяналтын бүсэд тооцно гэснээр энэ бол тэнд хадгалуулж байгаа барааг уг компанид худалдан борлуулах боломж олгосон, давуу байдал бий болсон гэж үзэх үндэслэлийг үгүйсгэж байгаа. Бусад асуудал дээр бусад өмгөөлөгч нартай санал нэг байна.

Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журмын 5.28 дахь заалтад зааснаар барааг түр хадгалах байранд шилжүүлэх үүднээс барааг Бараа, тээврийн хэрэгслийг саатуулах журамд заасны дагуу шилжүүлсэн үйлдэл холбогдол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй тул үүнийг яллах дүгнэлтэд дурдсанчлан шүүгдэгч нарыг холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн, эсхүл “Ж” компанид давуу байдал бий болгосон гэж үзэх үндэслэл байхгүй байна.

“Ж” компани нь тухайн барааг өөрийн агуулахад байх нөхцөлд С гэх хүнд худалдан борлуулсан үйл баримт нь хавтаст хэрэгт байгаа нотлох баримтаар тогтоогдсон. Өөрөөр хэлбэл С-гийн мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон гэв.” гэх дүгнэлтийг тус тус гаргаж, шүүгдэгч М.Б, Ж.У нарын гэм буруугийн талаар мэтгэлцсэн болно.  

9. Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Ж.У-ыг Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газарт Гаалийн хяналт шалгалт, бүрдүүлэлт, хорио цээр хариуцсан албаны дарга албан тушаалд ажиллахдаа тус Гаалийн газарт хяналт шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч М.Б-тай бүлэглэж, Монгол Улсын хил болох Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд байрлах Цагааннуур боомтоор “Ж” ХХК-ны захиалгаар оруулж ирж буй 12,360 ширхэг “М” гэх нэртэй хийжүүлсэн ундаанаас хүүхдийн хөдөлгөөнд харшлах бодис бүхий найрлага илэрч улмаар тухайн ундаанаас 14 ширхэг ундааг шинжилгээнд зориулж дээж авч шинжилгээний хариу гараагүй байхад “Ж” ХХК-ний захирал Т.Е-ий “...шинжилгээний хариу иртэл ундааг хилийн бүсээс гарган Өлгий суманд байрлах өөрийн эзэмшлийн контейнерт битүүмжилж өгнө үү” гэх амаар гаргасан албан бус хүсэлтийг холбогдох журмын дагуу хүлээн авч шийдвэрлэлгүй 12,346 ширхэг ундааг ачсан “Scania” загварын Оросын холбооны улсын Т616АВ/142 дугаар бүхий тээврийн хэрэгслийг гаалийн хяналтын бүсээс гарган “Ж” ХХК-ны эзэмшлийн Өлгий суманд байрлах контейнерт шилжүүлэх үүргийг 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд гаалийн ажилтан Х.Ж, Т.А, Ө.С нарт өгсний улмаас 5,566 ширхэг ундаа худалдан борлуулах давуу байдлыг “Ж” ХХК-нд бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөн шүүгдэгч М.Б-ыг Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газарт гаалийн хяналт шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчийн албан тушаалд ажиллахдаа тус Гаалийн газрын Гаалийн хяналт шалгалт, бүрдүүлэлт, хорио цээр хариуцсан албаны дарга Ж.Утай бүлэглэж, Монгол Улсын хил болох Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд байрлах Цагааннуур боомтоор “Ж” ХХК-ны захиалгаар оруулж ирж буй 12,360 ширхэг “М” гэх нэртэй хийжүүлсэн ундаанаас хүүхдийн хөдөлгөөнд харшлах бодис бүхий найрлага илэрч улмаар тухайн ундаанаас 14 ширхэг ундааг шинжилгээнд зориулж дээж авч, шинжилгээний хариу гараагүй байхад “Ж” ХХК-ны захирал Т.-Еий “...шинжилгээний хариу иртэл ундааг хилийн бүсээс гарган Өлгий суманд байрлах өөрийн эзэмшлийн контейнерт битүүмжилж өгнө үү” гэх амаар гаргасан албан бус хүсэлтийг холбогдох журмын дагуу хүлээн авч шийдүүлээгүй 12,346 ширхэг ундааг ачсан Scania загварын Оросын холбооны улсын Т616АВ/142 дугаар бүхий тээврийн хэрэгслийг хяналтын бүсээс гарган “Ж” ХХК-ны эзэмшлийн Өлгий суманд байрлах контейнерт шилжүүлэх үүргийг 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд гаалийн ажилтан Х.Ж, Т.А, Ө.С нарт өгсний улмаас 5,566 ширхэг ундаа худалдан борлуулах давуу байдлыг “Ж” ХХК-нд бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон хэмээн яллаж, яллах талын нотлох баримтуудаар Баян-Өлгий аймгийн Гаалийн газрын 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 01/146 дугаартай Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт хаягласан албан бичиг, хавсаргасан материалууд, гэрч Г.Д-ын “...миний бие Гаалийн ерөнхий газарт гаалийн улсын байцаагч ажилтай бөгөөд 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 6 дугаар сарын 16-ны өдрийн хооронд Баян-Өлгий аймгийн Гаалийн газарт гаалийн зөрчил хариуцсан байцаагчаар томилолтоор ажиллаж байх хугацаанд 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Орос улсаас хүнсний стандартын шаардлага хангахгүй хийжүүлсэн ундаа импортолсон зөрчил бүртгэгдсэн. Уг зөрчлийг шалгах явцад 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр битүүмжилсэн бараанд 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр очиж үзлэг хийхэд гаалийн хяналтад байсан 1,5 литрийн савлагаатай 12,344 ширхэг хийжүүлсэн ундаанаас 5,566 ширхэг ундаа дутаж, 6,778 ширхэг хийжүүлсэн ундаа үлдсэн байсан.

Уг асуудлыг эхнээс нь эхэлж дурдвал Орос улсаас Баян-Өлгий аймагт үйл ажиллагаа явуулдаг “Ж” ХХК нь худалдах, худалдан авах гэрээгээр нийт 12,360 ширхэг 1,5 литрийн савлагаатай, 8 төрлийн хийжүүлсэн ундааг худалдан авахаар хилээр нэвтрүүлсэн бөгөөд Баян-Өлгий аймгийн Гаалийн газрын эрүүл ахуйн стандарт хариуцсан гаалийн улсын байцаагч Х.Ж нь хяналт шалгалт хийж 8 төрлийн хийжүүлсэн ундаа тус бүрээс 2 ширхэг, нийт 16 ширхэг хийжүүлсэн ундааг дээж болгон авч, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори хүргүүлэх, уг лабораторийн шинжилгээний дүгнэлт гарах хүртэл хилээр нэвтрүүлсэн ундааг “Ж” ХХК-ний эзэмшигч Т.Е-ы хүсэлтийн дагуу Өлгий сумын 13 дугаар багт байрлах Т.Е-ий эзэмшлийн хашааны гадна байрлах KKFU769507-9 дугаартай контейнерт 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр битүүмжилсэн.

Харин 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн 23-2362 дугаартай дүгнэлтээр 8 нэр төрлийн хийжүүлсэн ундааны 4 төрөл нь хүнсний нэмэлт, стандартын шаардлага хангаагүй байсан. Уг асуудлаар 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр зөрчлийн талаарх гомдол мэдээлэлд бүртгэн авч, 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр зөрчлийн 231300327 дугаартай зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр  битүүмжилсэн эд хөрөнгөд үзлэг хийхэд 1,5 литрийн савлагаатай 12,344 ширхэг хийжүүлсэн ундаанаас 5,566 ширхэг ундаа дутаж, 6,778 ширхэг хийжүүлсэн ундаа үлдсэн байсан. Уг хийжүүлсэн ундааг 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 11 цаг 50 минутад цагаан өнгийн, Scania маркийн, Т616АВ142 толгойн дугаартай, АА346004 чиргүүлийн дугаартай /цэнхэр өнгийн/ тээврийн хэрэгсэл хилээр нэвтрүүлсэн бөгөөд уг тээврийн хэрэгсэл 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 10 цаг 50 минутад Монгол Улсын хилээр гарсан бүртгэлтэй байна. Харин гаалийн байцаагч нарын мэдүүлгээр Өлгий суманд 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 16 цагийн үед ирсэн байсан гэх тайлбарыг өгсөн. Анх хилээр орж ирэх үед Баян- Өлгий аймгийн Гаалийн газрын эрүүл ахуйн стандарт хариуцсан гаалийн улсын байцаагч Х.Ж нь RB196213 дугаартай лацаар лацдаж Өлгий сум руу илгээсэн. Харин 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 16 цагийн үед Гаалийн газрын Ургамал хорио цээрийн хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч Т.А, тус газрын хяналт бүрдүүлэлтийн албаны гаалийн улсын байцагч Ө.С нар хүлээн авч, тээврийн хэрэгсэлд байсан барааг “Ж” ХХК-ний эзэмшигч Т.Е-ий эзэмшлийн KKFU769507-9 дугаартай контейнерт шилжүүлж, RB196316 дугаартай лацаар лацдаж үлдээсэн. Уг хүмүүст лац хүлээлцсэн болон лац эвдсэн тэмдэглэл байхгүй. Миний бие уг хэрэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа хүний хүрээнд дараах хоёр таамаглалтыг дэвшүүлж байгаа.

Нэгдүгээрт: Тухайн бараа ачсан тээврийн хэрэгсэл Цагааннуур боомтоос Өлгий сумд ирэх хооронд тухайн барааг авсан байх магадлалтай.

Хоёрдугаарт: Уг бараа нь Өлгий сумын “Ж” ХХК-ны эзэмшигч Т.Е-ий эзэмшлийн KKFU769507-9 дугаартай контейнерт шилжүүлэх үеэр гаалийн улсын байцаагч Т.А, Ө.С нарын оролцоотойгоор, эсхүл хайхрамжгүй хандсаны улмаас бараа алдагдсан байх боломжтой гэж үзэж байна. Харин уг ундааг “Ж” ХХК-ний эзэмшигч Т.Е нь авсан гэдэгт итгэлтэй байна. Учир нь Т.Е нь намайг 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс хойш 2 удаа бараанд үзлэг хийхээр очиход Т.Е нь барааг битүүмжилсэн контейнер үзлэг хийлгэхгүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байсан нь 1 сарын хугацаанд хадгалагдах хяналтын камерын дуу, дүрсний бичлэгийг устахыг хүлээж байсан байж болзошгүй гэж үзэж байна” гэх мэдүүлэг, гэрч Т.Е-ий “...миний бие “Ж” ХХК-ний захирал бөгөөд 2023 оны 4 дүгээр сарын үед Орос улсын “Т” ХХК-тай бараа худалдах, худалдан авах гэрээ байгуулж анх удаагаа буюу 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр гэрээний дагуу Орос улсын “Т” ХХК-аас “Ж” ХХК-нд 12,000 орчим ширхэг “М” нэр төрлийн ундааг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхээр болсон. Уг ундаа нь 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн өглөөний 10 цагийн үед Цагааннуурын хяналтын боомтод ирсэн бөгөөд 15 цагийн үед над руу гаалийн хяналтын улсын байцаагч Х.Ж утсаар холбогдож “гаалийн татвараа төлнө үү, 1,800,000 орчим төгрөг болж байна” гэж хэлээд мессежээр бар код илгээсэн ба би татвараа төлсөн. Харин 18 цагийн үед Х.Ж дахин холбогдсон, би юу болсныг асуухад надад “энэ хориотой ундаа байна. Би энэ ундааг шинжилгээнд хамруулна. Тэгээд энэ ундааг буулгаж хилийн бүсэд битүүмжилнэ” гэж хэлсэн, тэгээд бид тавьсан шаардлагыг биелүүлж “би хориотой ундаа гэдгийг нь мэдэхгүй байсан. Хэрэв шаардлагатай бол шинжилгээнд авч хүргүүл. Наад ундаа чинь Өлгийгээр орж ирсэн ундаа шүү дээ” гэхэд надад “Тэр үед би байхгүй байсан” гэж хариулсан бөгөөд би Баян-Өлгий аймгийн Гаалийн газарт очиж уулзаж, юу болсныг нарийн тодруулахаар очиход Гаалийн газар ажлын цаг дуусаад амарчихсан байсан ба гаалийн орлогч дарга Ж.У гэх хүнтэй утсаар холбогдож гэрт нь очсон. Орлогч дарга Ж.У намайг өөрөө гэртээ дуудсан бөгөөд би гэрт нь очиход Ж.У ганцаараа байсан ба надад “20 тонн хориотой ундаа гаалиар ороод ирсэн байна гэж Х.Ж байцаагч надад хэлсэн. Уг ундааг шинжилгээнд хамруулна. Шинжилгээний хариу иртэл би ундааг хилийн бүсэд гадаа битүүмжилнэ” гэж хариу хэлэхэд тухайн үед цаг агаар хүйтэн байсан тул би “хэрэв ундаа хөлдөж чанар алдвал хэн хариуцах вэ” гэхэд Ж.У дарга надад “Тэгвэл танд Өлгийд битүүмжлэх газар байгаа юм уу” гэхэд би “надад хоосон контейнер байгаа, уг контейнерт битүүмжилж өгнө үү” гэж хүсэлт тавихад орлогч дарга Ж.У зөвшөөрч “өнөөдөр Цагааннуур ажлаас буусан байна. Маргааш Өлгий рүү гаргаж өгье. Гэхдээ ирэхдээ битүүмжилнэ. Өлгий орж ирэх үед нь бид гаалийн байцаагчаар битүүмжлүүлнэ” гэж хэлсэн. Харин маргааш нь буюу 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 14 цагийн үед Орос улсаас хийжүүлсэн ундаа тээвэрлэж ирсэн тээврийн хэрэгслийн жолооч над руу холбогдож “Өлгийд орж ирлээ. Хаанаа аваачиж барааг буулгах вэ” гэж хэлэхэд хаягаа зааж өгөөд У дарга руу холбогдож ундаа орж ирсэн талаар мэдэгдсэн. Би уг ундааг Өлгий сумын 13 дугаар багт байрлах “Арука” нэртэй манай хүнсний дэлгүүрийн үүдний хэсэгт байх улаан өнгийн контейнерт битүүмжлэх болсон бөгөөд 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 14 цагийн үед уг тээврийн хэрэгслийн манай дэлгүүрийн үүдэнд ирж зогссон. Тухайн үед гаалийн байцаагч нар ирээгүй байсан ба би гаалийн байцаагч ирэх хүртэл лац, тээврийн хэрэгсэлд ойртолгүй хүлээсэн бөгөөд 20 орчим минутын дараа гаалийн байцаагч С, А гэх хоёр хүн ирсэн. Уг хүмүүс битүүмжлэх ажиллагааг эхэлж С, А хоёулаа гар утсаа гаргаж, ирсэн тээврийн хэрэгслийн арын лац болон контейнерын дотор талын зургийг авч лацыг хөндөн битүүмжилсэн хийжүүлсэн ундааг контейнер лүү зөөхөөр болсон. Төд удалгүй Ж над руу залгаж “Танай ундаанаас дээж авсан, хийжүүлсэн ундааг шууданд битүүмжилж явуулсан. Уг ундаа Өлгийд очсон байна. Та аваад хурдан хот руу явуулаарай” гэж хэлсэн бөгөөд ундаа зөөх хооронд би уг Жийн явуулсан дээж авсан ундааг хүлээн авч гэртээ ирсэн. Ж нь шуудайнд хийгээд лацадсан ундаа байсан тул би буцаж дэлгүүрт ирж, С, А хоёрт үзүүлж “би энийг хаашаа явуулах юм бэ” гэж асуусан ба С нь “Гаалийн ерөнхий газрын лабораторид явуулна” гэж хэлсэн. Би тодруулахаар Ж рүү залгаж “хаашаа явуулах вэ” гэж асуухад надад мессежээр “ХАБҮЛЛ” буюу Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид хүргүүл гэж хаягийг явуулсан байсан. Тэгээд битүүмжлэх ажиллагаа дуусаад гаалийн байцаагч С, А нар миний контейнерыг лацдаад яваад өгсөн.

Уг явдлаас хойш 17 хоногийн дараа Ж гаалийн байцаагч надад “хариу ирлээ, маргааш 10 цагт гаалийн газарт ир” гэж мессеж явуулсан байсан. Уг мессежийг хараад би хэлсний дагуу 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн өглөө очиход Х.Ж надад “шинжилгээний дүгнэлтийг танилцуулж, энэ хориотой ундаа байна” гэж хэлсэн. Тухайн үед би шууд Гаалийн дарга Ч өрөө рүү орж “04 дүгээр сарын 20-ны өдөр “Нур-Астана” гэх ХХК-аас яг энэ төрлийн ундаа орж ирсэн. Тухайн үед та нар шалгаагүй оруулсан. Харин намайг ундаа оруулж ирэх үед нь та нар шалгасан. Яагаад нэг байгууллагыг шалгаад, нөгөө байгууллагыг шалгахгүй байгаа юм бэ” гэж хэлсэн бөгөөд Ч дарга У болон Ж нарыг өрөөндөө дуудсан. Тэгээд бид гурав хэрэлдэж байх хооронд Ч дарга “УлаанБ хотоос зөрчлийн байцаагч ирсэн. Уг хүн таны гаргасан зөрчлийг шалгана” гэж хэлээд үл таних нэг залууг танилцуулсан. Уг зөрчлийн байцаагч Д гэх залуу байсан бөгөөд зөрчлийн хэрэг нээн шалгаж 2023 оны 5 дугаар сарын 21-ний өдөр манай “Арука” дэлгүүрт очиж “битүүмжилсэн ундааг авахаар ирсэн” талаар надад хэлсэн ба би “Тирлик” захад явж байсан тул очоод контейнерыг онгойлгож үзээд, лац шалгуулсан. Зөрчлийн байцаагч Д лацыг хөдөлгөж ундааг өөр тээврийн хэрэгсэл рүү шилжүүлсэн. Би зөвхөн лац ломбыг хүлээлгэн өгөөд “Үлдэх ундааг үлдээгээд, хураах ундааг аваад яв” гэж хэлээд буцаад зах руу яваад өгсөн бөгөөд зах хаах гэж байтал зөрчлийн байцаагч Д намайг гаалийн газарт дуудахад би очсон бөгөөд надад “битүүмжилсэн ундаа дутаж байна. Чи авсан байна” гэж хэлсэн бөгөөд би хэрэлдээд “Би аваагүй, хамаагүй өгөх газраа өг” гэж хэлээд яваад өгсөн. Уг гэрээ, барааны мэдүүлэг, шинжилгээний хариу зэрэг баримтууд бүгд гаалийн бүрдүүлэлт хийдэг компанид байгаа. Уг компаниас авч болно.

Орос улсын Scania маркийн, Т616 улсын дугаартай цагаан өнгийн толгойтой, цэнхэр өнгийн теньтэй тээврийн хэрэгсэл ундааг оруулж ирсэн. Уг тээврийн хэрэгсэл Өлгийд орж ирээд манай дэлгүүрийн урд ирэх үед нүдээр үзэж харахад ямар нэгэн тень эвдэрсэн эсвэл задарсан зүйл харагдаагүй. Би тухайн үед их бухимдалтай байсан тул хэр хэмжээний ундаа орж ирснийг нүдээр үзэж харж тоолоогүй.

Битүүмжлэх явцад ямар гаалийн байцаагч нар нэгэн тэмдэглэл үйлдсэн зүйл байхгүй. Зөвхөн утсаар зургийг авч байсан. Гаалийн байцаагч нар битүүмжлэх ажиллагааны явцад нүдээ салгахгүй хяналт тавьсан эсэхийг би мэдэхгүй байна. Яагаад гэвэл би бараа зөөх хооронд яваад өгсөн байсан. Би гаалийн байгууллагад өөрийн 13 багт байх контейнерт битүүмжлэх хүсэлтээ У-ын гэрт нь очиж амаар гаргасан. Бичгээр гаргасан зүйл байхгүй. Миний оруулж ирж байсан 12,360 ширхэг ундаанаас 5,582 ширхэг ундаа дутсан ба тэр ундааг цагдаагийн байгууллагаас хайж байна гэж надаас мэдүүлэг авч байсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Алдагдсан 5,582 ширхэг ундааг олуулах гээд байх шаардлага байхгүй. Учир нь тэр ундаануудын хугацаа нь 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдөр дууссан байгаа. Тийм учраас тэр ундааг оллоо гээд иргэдэд зарах боломжгүй” гэх мэдүүлэг, гэрч Ш.Ч-ын “...Цагааннуур боомтын гаалийн бүс дээр тухайн компанийн ундааг битүүмжлэх гэж байтал “Ж” ХХК-ний захирал нь манай Гаалийн газрын хяналт шалгалт, бүрдүүлэлтийн ахлах байцаагчаас амаар гуйж байгаад ундаа бүхий барааг өөрийнхөө агуулах бүхий байранд хадгална гээд аваад явсан байнлээ. Аймгийн хэмжээнд гаалийн түр агуулах “Рысжан” компани дээр байгаа, уг агуулах байрыг Ерөнхий газраас гэрээгээр авдаг байгаа. Гаалийн хяналтын бүсийн журмын 1.7-д “...Гаалийн шалгалтыг гаалийн бүсэд хийнэ. Шаардлагатай тохиолдолд бараа, тээврийн хэрэгслийн шалгалтыг гаалийн хяналтын бүсээс өөр газарт мэдүүлэгчийн зардлаар хийж болох бөгөөд энэ тохиолдолд тухайн албаны болон ахуйн байрыг гаалийн хяналтын бүс гэж тооцно” гэж заасан байдаг. Энэ заалтыг хангахын тулд “Ж” ХХК-аас манай газарт ямар нэгэн байдлаар бичгээр хүсэлт гаргаагүй. Харин гаалийн улсын ахлах байцаагч М.Б-аас гуйж, бараагаа Өлгий сум руу оруулсан байдаг” гэх мэдүүлэг, гэрч К.С-ы “...би таны үзүүлсэн тээврийн хэрэгслийг харлаа. Энэ тээврийн хэрэгсэл нь зориулалтын бус хамгаалалтай тээврийн хэрэгсэл байна. Ундааг ачаа ачих тээврийн хэрэгсэл нь халаагуур болон хөргүүр байх ёстой. Ундаа нь хүнсний төрлийн бараа учир зориулалтын хүнс тээвэрлэх тээврийн хэрэгсэлд тээвэрлэх ёстой. Гэхдээ дулааны улиралд буюу хавраас намрын улиралд таны үзүүлж байгаа шиг тээврийн хэрэгсэлд ундаа тээвэрлэгдэж ирэх тохиолдол байгаа. Таны үзүүлж байгаа ундааны зургуудыг харлаа. Уг ундаануудын хадгалах нөхцөлийг бичсэн байна. 0.С+30.С хэмд, агаарын чийг 85 хувиас багагүй нөхцөлд хадгална. Нарны шууд тусгалаас сэргийлэх гэх мэтээр бичсэн байна. Тэгэхээр тусгай нөхцөл шаардахаар байна. Гаалийн хяналтын улсын байцаагчаас тээврийн хэрэгсэл болон ачаа бараанд чиг үүргийнхээ дагуу хяналт шалгалтыг хийнэ. Гаалийн байцаагчаас тухайн тээврийн хэрэгсэлд ачигдсан бараа /ундаанд/ шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулахаар болсон байна гэж ойлгож байна. Энэ тохиолдолд гаалийн улсын байцаагчаас дээж бүхий ундааг авч, шалгасан талаарх тайлбарыг Cais программд оруулах ёстой. Мөн байцаагч хяналтын хуудас дээр тэмдэг дарах ёстой ба бараанд шинжээчийн дүгнэлт хийх шаардлага үүссэн үед уг хяналтын хуудас дээр тэмдэг дарахгүй. Cais программ дээр тус улсын байцаагчаас хяналт хийсэн талаарх тэмдэглэлийг хийсэн тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийг хүлээлгэх горимд шилжүүлнэ, тухайн барааны дүгнэлт гарах хүртэл гаалийн хяналтын бүсэд барааг лацдаж битүүмжлэн байлгах ёстой. Гаалийн улсын байцаагчаас тухайн тээврийн хэрэгслийн ачсан бараанд хяналт шалгалт хийж, тус бараанаас ундаа бүхий бараанаас шинжилгээний дээж авч, шинжилгээ хийлгэх талаараа дээрх программд тэмдэглэгээ хийснээр улсын байцаагчийг хийх ёстой хяналт шалгалтын ажлыг хийсэн гэж ойлгож болно” гэх мэдүүлэг, гэрч Т.Б “...би таны үзүүлсэн тээврийн хэрэгслийг харлаа. Энэ тээврийн хэрэгсэл нь бардаактай тээврийн хэрэгсэл байна. Тэгэхээр энэ тээврийн хэрэгслийн ачаа ачих хэсэгт халаагуур болон хөргүүр байхгүй гэсэн үг. Ундаа нь хүнсний төрлийн бараа учир зориулалтын хүнс тээвэрлэх тээврийн хэрэгсэлд тээвэрлэх ёстой. Гэхдээ дулааны улиралд буюу хавраас намрын улиралд таны үзүүлж байгаа шиг тээврийн хэрэгсэлд ундаа тээвэрлэгдэж ирэх тохиолдол байгаа. Харин өвлийн улиралд энэ тээврийн хэрэгсэлд хүнс, ундаа тээвэрлэх боломжгүй” гэх мэдүүлэг, гэрч Г.Г “...Гаалийн түр агуулах, баталгаат агуулах Баян-Өлгий аймгийн хэмжээнд зөвхөн нэг байгаа гэсэн лавлагаа мэдээллийг Гаалийн ерөнхий газрын хяналт бүрдүүлэлтийн газраар дотоод зурвасаар ирүүлснийг албажуулж Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн албан бичгийн хариунд явуулсан. Тус агуулах нь нефтийн бүтээгдэхүүн хадгалах зориулалтай агуулах юм. 2023 оны 04, 05 сарын аль нэгэнд байх сар өдрийг сайн санахгүй байна Оросын холбооны улсаас импортлогдсон хүнсний бүтээгдэхүүн болох хийжүүлсэн ундааг цаг уурын нөхцөлөөс шалтгаалж Гаалийн хяналтын бүсэд хөлдөж болзошгүй гэсэн үндэслэлээр гаалийн хяналтын бүсээс гаргаж аж ахуйн нэгжийн агуулах гэх чингэлэгт хийлгэн гаалийн улсын байцаагчдыг томилж лацдуулсан боловч хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлээгүйн улмаас хүнсний бүтээгдэхүүний тоо хэмжээ дутсан асуудлаас болж Гаалийн ерөнхий газрын Сахилгын хорооны 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Ж.У, М.Б болон нэр бүхий хоёр байцаагчийн хамт сахилгын шийтгэл авсан. Гаалийн хяналтын бүс дотор тээврийн хэрэгслээс бараа дутах гэсэн ойлголт, боломж байхгүй. Тухайн аж ахуй нэгж нь импортоор оруулж ирсэн хийжүүлсэн ундааг зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлээгүйн улмаас хийжүүлсэн ундаанаас дээж авч шинжилгээнд явуулж хариу ирэх хүртэл хугацаанд Гаалийн хяналтын бүсэд хөлдөж болзошгүй нөхцөл байдал үүссэн байж болзошгүй байгаа юм. Гаалийн тухай хуулийн 47 дугаар зүйлд барааг түр агуулгад байгааг тооцох. Гаалийн тухай хуулийн 47.1-д Гаалийн хяналтад байгаа хадгалалтын тусгай нөхцөл шаардах барааг Гаалийн байгууллагын зөвшөөрснөөр мэдүүлэгчид хадгалуулж болох бөгөөд энэ тохиолдолд уг барааг түр агуулахад байгаад  тооцно гэж заасан” гэх мэдүүлэг, гэрч Ч.Б “...би таны үзүүлсэн тээврийн хэрэгслийг харлаа. Энэ тээврийн хэрэгсэл нь зориулалтын бус бардаак хамгаалалттай тээврийн хэрэгсэл байна. Таны надад зургийг үзүүлсэн тээврийн хэрэгсэл нь ундаа ачих зориулалтын тээврийн хэрэгсэл биш байна. Хүнсний барааг зориулалтын тээврийн хэрэгсэлд ачих ёстой. Таны хэлж байгаа ундаа бол улаан төлөвт орж ирдэг тул гаалийн хяналтын байцаагч нар нүдээр үзэж шалгалт хийх ёстой. Хэрэв уг ундааг шинжилгээнд хамруулахаар болсон бол ундаанаас нь дээж авч, үлдсэн ундаануудыг манай Гаалийн ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан эрхийн актын эмхэтгэлийн дагуу маягт №6 дугаартай “Үзлэг хийсэн тухай акт”-ын дагуу үзлэг хийж тухайн ундаа бүхий барааг нэг бүрчлэн тоолж тэмдэглэл хөтөлнө. Дээж авснаар гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааг дээжийн хариу иртэл түр зогсооно. Хэрэв гаалийн хяналтын бүсээс дээж авсан ундаа бүхий бараатай тээврийн хэрэгслийг аймгийн төв рүү мэдүүлэгчийн зардлаар явуулахаар бол мэдүүлэгч энэ талаараа гаалийн хяналт бүрдүүлэлтийн албаны даргад бичгээр хүсэлт гаргах ёстой” гэх мэдүүлэг, Гаалийн ерөнхий газрын сахилгын хорооны 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн хурлын тэмдэглэл, Гаалийн ерөнхий газрын Баян-Өлгий аймгийн гаалийн газрын 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 01/159 дугаартай албан бичиг болон түүний хавсралт бүхий баримт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Зөрчлийн 2313000327 дугаартай хэрэгт үзлэг хийж, тус эрүүгийн хэрэгт ач холбогдол бүхий баримтыг хуулбарлан авсан баримтууд, гэрч Х.Ж-ээс гаргаж өгсөн лацны зураг бүхий баримт, яллагдагч Ж.У, М.Б нарын ажилд томилогдсон тушаал болон ажлын байрны тодорхойлолт, Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/275 дугаартай тушаалаар батлагдсан “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”, шинжээч Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ний 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн БӨА-23-0301 дугаартай “М нэртэй 1,5 литрийн ундааны 1 ширхгийн үнэ 1,600 төгрөг” гэх үнэлгээний дүгнэлт гэрч Б.О “...би 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр байгууллагын гаалийн байцаагч нарт лацыг хүлээлгэж өгсөн. Тухайн өдөр манай Хяналт бүрдүүлэлтийн албаны гаалийн улсын байцаагч Ө.С нь надаас RВ198316 дугаартай лацыг авсан. Тэр надаас авсан 1 ширхэг лацыг 2023 оны 4 сард зарцуулсан байна лээ.” гэх мэдүүлэг, гэрч Д.С “Миний эхнэр Алтай суманд хүнсний дэлгүүртэй. 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр эсхүл 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр байх би аймагт Замын цагдаагийн тасгийн зохицуулагчаар ажиллаж байхдаа Алтай сум руу эхнэрийн хамт Портер маркийн тээврийн хэрэгслээр бараа ачиж явж байхад эхнэрийн хамт Т.Е-ий хүнсний дэлгүүр рүү орсон. Тухайн үед Т.Ет-эй мэнд мэдсэн ба би тамхи аваад гарч байтал Т.Е надад хандаад манайд хямдхан ундаа байна, чи авахгүй юм уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би үнийг асуухад тэр надад 800 төгрөг эсхүл 1,000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Би яг үнийг нь санахгүй байна. Гэхдээ маш хямд байсан юм. Би тэгээд мөнгөндөө тааруулж тооцоо хийгээд 3 сагстай 18 ширхэг ундааг Т.Е-ээр машин дээр ачуулсан. Уг ундааны савлагаа нь том байсан, одоо яг хэдэн литрийн ундаа байсныг санахгүй байна. Тэгээд ундааг Алтай сум руу хүргэж эхнэрийн ажиллуулж байгаа хүнсний дэлгүүрт тавьж, зарж борлуулж дуусгасан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон гэж яллажээ.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

10. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ж.У, М.Б нарын холбогдсон хэрэгт гэм буруу, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

Хэргийн үйл баримтын талаар.

11. Хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд Баян-Өлгий аймгийн Өлгий суманд үйл ажиллагаа явуулдаг “Ж” ХХК-ны захирал болох гэрч Т.Е нь 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Монгол Улсын хил болох Баян-Өлгий аймгийн Ногооннуур сум, “Цагааннуур” боомтоор Оросын холбооны улсын “S” загварын, улсын Т616АВ/142 дугаар бүхий тээврийн хэрэгслээр “Т” компаниас 8 нэр төрлийн 1,5 литрээр савлагдсан 12,360 ширхэг хийжүүлсэн ундааг улсын хилээр оруулж, гаалийн татварт мөн өдөр 1,745,186 төгрөг төлсөн байна.

12. Улмаар Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газрын эрүүл ахуй хариуцсан гаалийн улсын байцаагч Х.Ж, Т.Ж нар нь улсын хилээр орж ирсэн дээрх бараанд баримт бичгийн болон биет шалгалтыг хийсэн ба энэхүү шалгалтын явцад зарим хийжүүлсэн ундааны орц найрлагаас “хүүхдийн анхаарал болон хөдөлгөөнд сөргөөр нөлөөлөх будагч бодис” илэрсэн тул шүүгдэгч болох гаалийн улсын ахлах байцаагч М.Б-д энэ тухай мэдэгдэж, 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 14 ширхэг хийжүүлсэн ундааг дээжээр авч, магадлан шинжилгээ хийлгэх тухай шийдвэрээ гаргаж, гарын үсгээ зурж, дээжийг лацдаж, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид явуулжээ.

13. Гэрч болох гаалийн улсын байцаагч Х.Ж нь бараа бүтээгдэхүүнээс дээж авч, магадлан шинжилгээ хийлгэх тухай шийдвэрийг гэрч болох “Ж” ХХК-ны захирал Т.Е-д харилцаа холбооны хэрэгслээр танилцуулснаар гэрч Т.Е нь 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газрын албаны дарга болох шүүгдэгч Ж.Утай уулзаж “...дээжийн хариу ирэх хүртэл 10-15 хоног хүлээх шаардлага гарах юм байна. Оросын холбооны улсын тээврийн хэрэгслийг хонуулсан өдөр бүр 300,000-400,000 төгрөгийн төлбөр төлөх шаардлагатай болдог. Барааг буулгаж авч, тээврийн хэрэгслийг явуулмаар байна. Дээжийн хариу иртэл аймгийн төвд байгаа өөрийнхөө агуулахад буулгаж, лацдах боломжтой” гэснээр зөвшөөрч, “Цагааннуур” боомтоос гаалийн улсын байцаагч Х.Ж нь тээврийн хэрэгслийн хаалгыг лацдаж, “Цагааннуур” боомтоос гаргаж, Баян-Өлгий аймгийн Өлгий сум руу явуулжээ.

14. Гэрч Б Е О жолоодсон “S” загварын, Оросын холбооны улсын Т616АВ/142 дугаар бүхий тээврийн хэрэгсэл нь 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 14-15 цагийн хооронд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын төвд орж ирээд, “Ж” ХХК-ны захирал Т.Е-ий 2 давхар дэлгүүрийн хажууд зогсож, гэрч Т.Е нь тээврийн хэрэгсэл орж ирсэн талаар албаны дарга Ж.У-т мэдэгдсэнээр гаалийн улсын байцаагч Т.А, Ө.С нар очиж, тээврийн хэрэгсэлд тавьсан лацын бүрэн бүтэн байдал, барааг буулгах контейнерийг шалгаснаар лацыг нээж, барааг зөөвөрлөсний дараа контейнерийн хаалгыг хааж, шинээр лацдсан байна.

15. Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газраас 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр “Ж” ХХК-ны улсын хилээр оруулж ирсэн хийжүүлсэн ундаанаас авсан дээжийн хариу 2025 оны 5 дугаар сарын 10-ны өдөр гарч, уг хийжүүлсэн ундааны зарим нь хүнсний эрүүл ахуйн шаардлага, стандартад нийцэхгүй болох нь тогтоогдсон учир Гаалийн ерөнхий газрын Зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газрын гаалийн улсын байцаагч Г.Д нь 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр зөрчлийн талаарх гомдол, мэдээлэлд бүртгэж, 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 231300327 дугаартай зөрчлийн хэрэг нээж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр дээрх битүүмжилсэн бараа буюу хийжүүлсэн ундааг тоолж, үзлэг хийхэд 1,5 литрийн савлагаатай 12,344 ширхэг хийжүүлсэн ундаанаас 5,566 ширхэг ундаа дутаж, 6,778 ширхэг хийжүүлсэн ундаа үлджээ.

16. Эрх бүхий албан тушаалтан Г.Д-аас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 0093030 дугаартай шийтгэлийн хуудсаар “Ж” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.14 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 торгох шийтгэл оногдуулсан байх ба холбогдогч “Ж” ХХК-ны захирал Т.Е уг шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаснаар Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 110/ШШ2023/0060 дугаартай шийдвэрээр холбогдогчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нөхцөл байдал тус тус тогтоогдсон байна.

17. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа, мөн мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Эрх зүйн дүгнэлт.

18. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн үндсэн шинжийг “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон”-оор тодорхойлсон ба мөн зүйлийн Тайлбарт “-Энэ хуульд заасан “нийтийн албан тушаалтан” гэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.4-т заасан албан тушаалтан, байнга болон түр хугацаагаар байгуулагдсан хамтын шийдвэр гаргах чиг үүрэг бүхий хороо, комиссын гишүүн, эдгээртэй адилтгах ажил, үйлчилгээ эрхэлж байгаа этгээдийг ойлгоно,
“албан тушаалын байдал” гэдэгт албаны эрх нөлөө хамаарна, “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно, “давуу байдал” гэж Авлигын эсрэг хуулийн 3.1.4-т заасныг ойлгоно.”, Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4. “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгоно.   

19. Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно: …3.1.11. “гаалийн хяналт” гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт гаалийн хууль тогтоомжийг мөрдүүлж, биелэлтийг нь хангуулах зорилгоор гаалийн байгууллагаас хэрэгжүүлэх цогц арга хэмжээг;”, …3.1.18. “гаалийн хяналтын бүс” гэж бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналт дор ачих, буулгах, шилжүүлэн ачих, хадгалах, тээвэрлэх, гаалийн хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор тусгайлан тогтоосон байр, агуулах, талбайг;”, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. “гаалийн хяналтад байгаа хадгалалтын тусгай нөхцөл шаардах барааг гаалийн байгууллагын зөвшөөрснөөр мэдүүлэгчид хадгалуулж болох бөгөөд энэ тохиолдолд уг бараа түр агуулахад байгаад тооцогдоно.”, 47.2. “Энэ хуулийн 47.1-д заасан барааг гуравдагч этгээдэд шилжүүлэхийг хориглоно.”, Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/275 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэх журам”-ын 1.1. “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих, гаалийн бүрдүүлэлт, шалгалт хийх үйл ажиллагааны дэс дараалал тогтооход энэ журмын зорилго оршино.” гэж тус тус заасан байна.

20. Шүүхээс хэргийн талаар тогтоосон нөхцөл байдлын хүрээнд 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хугацаанд “Ж” ХХК-иас Монгол Улсын хил болох Баян-Өлгий аймгийн Ногооннуур сум, “Цагааннуур” боомтоор Оросын холбооны улсын “Scania” загварын, улсын Т616АВ/142 дугаар бүхий тээврийн хэрэгслээр “Т” компаниас 8 нэр төрлийн 1,5 литрээр савлагдсан 12,360 ширхэг хийжүүлсэн ундааг улсын хилээр нэвтрүүлснээр шүүгдэгч Ж.У, М.Б нар нь Монгол Улсын гаалийн тухай хууль, тогтоомжид заасан чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлсэн байдалд хэргийн үйл баримттай харьцуулан дүгнэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

21. Улсын яллагчаас шүүгдэгч Ж.У, М.Б нарыг “тухайн цаг хугацаанд улсын хилээр нэвтрүүлсэн 12,360 ширхэг хийжүүлсэн ундаанаас 14 ширхэг ундааг шинжилгээнд зориулж дээж авч шинжилгээний хариу гараагүй байхад “Ж” ХХК-ний захирал Т.Е-ий “...шинжилгээний хариу иртэл ундааг хилийн бүсээс гарган Өлгий суманд байрлах өөрийн эзэмшлийн контейнерт битүүмжилж өгнө үү” гэх амаар гаргасан албан бус хүсэлтийг холбогдох журмын дагуу хүлээн авч шийдвэрлээгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байх ба Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/275 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”-ын 1.5-д заасан “Бараа, тээврийн хэрэгслийн шалгалтыг гаалийн хяналтын бүсэд хийнэ. Түргэн муудах, аюултай, хагарч гэмтэх, ачилт, хадгалалт, тээвэрлэлтийн тусгай нөхцөл шаардагдах, улсын нууцын зэрэглэлд орох, түүнчлэн түүх соёлын дурсгалт зүйлс, валют, валютын үнэт зүйлс, химийн бодис зэрэг барааны шалгалтыг мэдүүлэгчээс бичгээр гаргасан хүсэлтийн дагуу өөр газарт, мэдүүлэгчийн зардлаар хийж болно.” гэх заалтыг шүүгдэгч нар зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй ба дээрх журмын зохицуулалт нь гаалийн хяналтын цогц арга хэмжээний нэг төрөлд хамаарч байна. 

22. Гэрч Х.Ж, Т.Ж нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Ж.У, М.Б нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээс үзэхэд 2023 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр “Ж” ХХК-ны улсын хилээр оруулж ирсэн 12,360 ширхэг хийжүүлсэн ундаанд баримт бичгийн болон биет шалгалтыг хийснээр гаалийн хяналт эхэлсэн гэж үзэх үндэслэлтэй.  

23. Мөн улсын яллагчаас “шүүгдэгч Ж.У, М.Б нарыг бүлэглэж, 12,344 ширхэг ундааг ачсан “S” загварын Оросын холбооны улсын Т616АВ/142 дугаар бүхий тээврийн хэрэгслийг гаалийн хяналтын бүсээс гарган “Ж” ХХК-ны эзэмшлийн Өлгий суманд байрлах контейнерт шилжүүлэх үүргийг 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд гаалийн ажилтан Х.Ж, Т.А, Ө.С нарт өгсний улмаас 5,566 ширхэг ундаа худалдан борлуулах давуу байдлыг “Ж” ХХК-нд бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

24. Учир нь, Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/275 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”-ын 5.28. “Бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн лабораторийн болон мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулах, шинжилгээ хийлгэх, мэргэжлийн байгууллагаас мэдээлэл, лавлагаа авах, холбогдох байгууллага, албан тушаалтныг гаалийн шалгалтад оролцуулах шаардлагатай бол бараа, тээврийн хэрэгслийг саатуулна. Саатуулсан бараа, тээврийн хэрэгслийг “Бараа, тээврийн хэрэгслийг саатуулах журам”-ын дагуу шийдвэрлэнэ.” гэж заасан байх ба “Ж” ХХК-ны улсын хилээр оруулж ирсэн хийжүүлсэн ундаанаас гаалийн улсын байцаагч Х.Ж нь дээж авч, магадлан шинжилгээ хийлгэх тухай саналаа гаалийн улсын ахлах байцаагч болох шүүгдэгч М.Б-д танилцуулж, дээрх хийжүүлсэн ундаанаас дээж авч магадлан шинжилгээ хийлгэхээр шийдвэрлэсэн нь мөн гаалийн хяналтын арга хэмжээ мөн байна.

25. “Ж” ХХК-ны захирал болох гэрч Т.Е нь мөрдөн шалгах ажиллагааны үед “...дээжийн хариу ирэх хүртэл 10-15 хоног хүлээх шаардлага гарах юм байна. Оросын холбооны улсын тээврийн хэрэгслийг хонуулсан өдөр бүр 300,000-400,000 төгрөгийн төлбөр төлөх шаардлагатай болдог. Барааг буулгаж авч, тээврийн хэрэгслийг явуулмаар байна. Дээжийн хариу иртэл аймгийн төвд байгаа өөрийнхөө агуулахад буулгаж авах” тухай хүсэлтээ гаалийн улсын ахлах байцаагч М.Б, албаны дарга Ж.У нарт амаар гаргаснаар хүсэлтийг нь шүүгдэгч нар зөвшөөрсөн байдал нь Гаалийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. “гаалийн хяналтад байгаа хадгалалтын тусгай нөхцөл шаардах барааг гаалийн байгууллагын зөвшөөрснөөр мэдүүлэгчид хадгалуулж болох бөгөөд энэ тохиолдолд уг бараа түр агуулахад байгаад тооцогдоно.”, мөн хуулийн 239 дүгээр зүйлийн 1. “Гаалийн байгууллага, албан тушаалтан нь хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэхдээ бараа, тээврийн хэрэгсэлд хохирол учруулах аливаа үйлдэл, эс үйлдэхүй гаргаж үл болно” гэж заасантай нийцжээ.

26. Гэрч “Ж” ХХК-ны захирал Т.Е-ий хүсэлтийн дагуу 12,344 ширхэг хийжүүлсэн ундааг түүний контейнерт хадгалахдаа гаалийн улсын байцаагч Т.А, Ө.С нар нь тээврийн хэрэгсэлд “Цагааннуур” боомтоос гэрч болох Х.Ж-ийн лацдсан лацын бүрэн бүтэн байдлыг шалган хөндөж, барааг контейнерт зөөж оруулсны дараа дахин лацдсан нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх ба уг лацдсан контейнерээс 5,566 ширхэг хийжүүлсэн ундааг гэрч “Ж” ХХК-ны захирал зарж борлуулсан, эсхүл алдагдсан байдалд шүүгдэгч Ж.У, М.Б нарыг буруутгах нөхцөл байдал тогтоогдоогүй байна.  

27. Гаалийн ерөнхий газрын Хяналт, бүрдүүлэлтийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 425 дугаартай “Гаалийн ерөнхий газрын харьяа Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газрын хяналтад үйл ажиллагаа явуулах “Р” ХХК-д нефтийн бүтээгдэхүүн хадгалах зориулалттай, хаалттай гаалийн баталгаат агуулахын зөвшөөрлийг Гаалийн ерөнхий газрын даргын А/151 дугаар тушаалаар 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр олгосон, гаалийн баталгаат агуулахын зөвшөөрөл авах хүсэлт гарган, үйл ажиллагаа эрхэлж байгаа өөр хуулийн этгээд байхгүй болно” гэх албан бичгээс үзэхэд “Цагааннуур” боомт, мөн Баян-Өлгий аймгийн хэмжээнд зориулалтын дагуу бараа, бүтээгдэхүүн хадгалах гаалийн баталгаат агуулах байхгүй болохыг дурдах нь зүйтэй.

28. Дээрх нөхцөл байдлаас дүгнэж үзэхэд шүүгдэгч Ж.У, М.Б нарын үйлдэл нь Гаалийн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”, “Бараа, тээврийн хэрэгслийг саатуулах журам”, “Бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн тэмдэглэгээ хэрэглэх журам”-д тус тус нийцсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгож “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжгүй тул гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын тайлбар, дүгнэлтийг тус тус хүлээн авч шийдвэрлэв.

29. Иймд Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц г овогт Ж У, Ж б овогт М Б нарт холбогдох эрүүгийн 2313002060101 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж.У, М.Б нарыг цагаатгаж шийдвэрлэв.  

30. Цагаатгагдсан этгээд Ж.У, М.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 13 ширхэг дүрс бичлэг бүхий 1,15 GB багтаамжтай 1 ширхэг дискийг эрүүгийн 2313002060101 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалах нь зүйтэй.

31. Шүүгдэгч Ж.У, М.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, мөн “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, цагаатгагдсан этгээд Ж.У, М.Б нар нь хохирлоо нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 5, 6 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.9 дүгээр зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц г овогт Ж У, Ж б овогт М Б нарт холбогдох эрүүгийн 2313002060101 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж.У, М.Б нарыг цагаатгасугай.

2. Цагаатгагдсан этгээд Ж.У, М.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 13 ширхэг дүрс бичлэг бүхий 1,15 GB багтаамжтай 1 ширхэг дискийг эрүүгийн 2313002060101 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалсугай. 

4. Шүүгдэгч Ж.У, М.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, мөн “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.

5. Цагаатгагдсан этгээд Ж.У, М.Б нар нь хохирлоо нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд цагаатгагдсан хүн, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Х.ТАЛГАТ