Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2022/03551

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Н.Б нэхэмжлэлтэй

Хариуцагч: О.С холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Б-, хариуцагч О.С-, гэрч Ц.Саранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. Ууганжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Б- хариуцагч О.С-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 600,000 төгрөг гаргуулах шаардлагыг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон.

Миний бие 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр өөрийн эзэмшлийн ******* данснаас танилын дансруу 600,000 төгрөгийг шилжүүлэхээр бэлнээр авсан.Ингээд надад бэлэн 600,000 төгрөг байсан тул 1 хоногийн хугацаатай хариуцагчид зээлсэн.Удалгүй миний зүгээс хариуцагчид өөрийн өгсөн 600,000 төгрөгийг буцаан авъя гэхэд хариуцагч нэг бол чи надаа мөнгө өгөөгүй нэг бол 380,000 төгрөгийг өгсөн гэх болж одоог хүртэл миний мөнгийг буцаан өгөөгүй болно. Уг мөнгө өгөх үед бид хоёрыг Ц.С хамт байсан. Иймд хариуцагчаас 600,000 төгрөгийг гаргуулж өгөн үү гэв.

 Хариуцагч О.С- шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:Миний бие Н.Б-гаас 600,000 төгрөг зээлээгүй. Тухайн өдөр хүүхдийн баяр байсан.Бид ажлаа тараад харих гэж байсан. Н.Б- нар пиво уугаад ....Багануур явна чи хамт яв гэхэд би ээж дээрээ очно гээд яваагүй. Н.Б- надад 600,000 төгрөгийг миний дансанд хийчих гээд өгөх гээд байхад ...би карт байхгүй, чи өөрөө замаараа АТМ-д хий, миний мөнгөтэй холилдоно гэж хэлээд аваагүй. Би 1 хоногийн хугацаатай яах гэж Б мөнгө зээлэх шаардлагагүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 Шүүх: нэхэмжлэгчийн хүсэлтээр Ц.С гэрчийн мэдүүлэг авсан болно.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Б- нь хариуцагч О.С-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэгчээс мөнгө аваагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж хуульчилсан.

Нэхэмжлэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт Би Багануур явах гэж байсан тул өөрт байсан бэлэн мөнгийг өгсөн. .....ажил тарсны дараа 1 хоногийн хугацаатай Соёлмаад зээлсэн. Маргааш нь би нөхрөө эмнэлэгт сахиад аваагүй 6 дугаар сарын 03-ны өдрөөс шаардахад өгөөгүй өнөөдрийг хүрсэн. Намайг мөнгө өгч байхыг Ц.С харсан гэж шаардлагаа тодорхойлдог.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ц.С .. миний машинд Н.Б- суусан, О.С- хаалга онгойлгоод зогсож байсан. Н.Б- О.С-д мөнгө өгнө гээд резинээр боосон 20-тын боодол мөнгө байсан. Би мөнгө тоол, найдвартай нь дээр гэж хэлээд, машинаасаа буугаад явсан. Үүнээс цааш энэ хоёрын хооронд юу болсонг мэдэхгүй гэж мэдүүлснээс үзэхэд гэрч нь тухайн үйл явдал, үйл баримтын талаар үнэн зөв мэдүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг  тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ., 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага  ба татгалзлыг үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө цуглуулж гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан.

Иргэний хуульд зааснаар зээлийн гэрээ нь зээлдүүлэгчээс мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн харилцаа үүсэж, гэрээний үүрэг зээлдэгчид шилжсэн эсэх нь гэрээний хэлбэрээс шалтгаалахгүй, харин гэрээний зүйл зээлдэгчийн өмчлөлд шилжсэн эсэхээс хамаарах учиртай.

Нэхэмжлэгч нь 600,000 төгрөгийг хариуцагчид зээлдүүлсэн гэж тайлбарласан боловч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно.  

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй болно.

Иймд зохигчдын хооронд 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний дагуу үүрэг үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Н.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд  заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасныг баримтлан хариуцагч О.С-д холбогдох 600,000 төгрөг гаргуулах тухай Н.Б-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 18,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.