2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1551

 

 

 

 

 

 

 

 

 

   2025           06           12                                    2025/ШЦТ/1551

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Л.Онцгойгэрэл хөтлөн

улсын яллагч Б.Ундрах

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Л.Батжав

хохирогч ***, түүний өмгөөлөгч С.Ариунцацрал

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай, 2 хавтас хэргийг 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: ***

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч *** үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс мөн оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд фейсбүүк цахим орчинд Солонгос улсаас “портер”, “бонго” маркийн тээврийн хэрэгсэл оруулж ирж зарна гэсэн зар байршуулж, зарын дагуу холбогдсон иргэн ***гийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 10.168.000 төгрөгийг, иргэн ***ын шилжүүлсэн 10.912.000 төгрөгийг, иргэн ***ийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 9.548.800 төгрөгийг, мөн иргэн ***ын шилжүүлсэн 10.936.000 төгрөгийг тус тус өөрийн болон бусдын дансаар шилжүүлэн авч буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдад нийт 41.562.800 төгрөгийн хохирол учруулсан “залилах” гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би нийт 4 хүнээс мөнгө авсан нь үнэн. Миний хувьд 2023 оны 5 дугаар сарын 15-нд “Вива сити” хотхон байсан орон сууцаа 50 сая төгрөгөөр зараад мөнгийг нь БНСУ руу солонгос хүн рүү Одгэрэл гэх хүний дансаар шилжүүлсэн. Гэтэл миний мөнгөө шилжүүлсэн солонгос, Пакистан иргэд намайг хуурч олдохоо больсон. Ингээд манай аав, ээж хоёр Солонгос улсад байхдаа эдгээр солонгос, Пакистан хүмүүсийг олж уулзахаар болж, зарим хүмүүстэй нь уулзсан байна лээ. Харин Пакистан хүмүүс нь олдохгүй байгаа юм. Би эдгээр хүмүүстэй машины наймаа хийнэ гэж мөнгө төгрөгөө өгсөн юм.

Эдгээр 4 хохирогчтой холбогдох болсон шалтгаан нь энэ. Би хохирогч нараас авсан 41 сая төгрөгийг хувийн хэрэгцээндээ зарцуулсан. Гэхдээ 2024 оны 4 дүгээр сараас эхлэн Солонгос улсаас машин орж ирсэн нь үнэн болохоор би фейсбүүк дээрээ зар тавьсан. Одхүү хохирогчоос бусад хохирогч нарын мөнгийг буцаагаад өгчихсөн. Энэ хүмүүсийг машин авах уу гэсэн боловч авахгүй, мөнгөө авна гэхээр нь буцааж өгсөн.

Хохирогч Одхүүгийн мөнгийг дансаараа дамжуулж авсан Гэндэнсүрэн нь надтай адилхан машин зардаг юм. Тухайн үед миний гар утас болохгүй байсан учир Гэндэнсүрэнгийн дансыг ашигласан.

Өнөөдөр хохирогч Одхүүд 2.900.000 төгрөг өгч байна. Түүний 10.168.000 төгрөгөөс үлдэгдэл 7.268.000 төгрөгийг нь даруй, ажлын 5 хоногт багтааж өгье. Эсхүл хүсвэл надаас хохиролдоо тооцож жижиг оврын машин авч болно.

Би өөрийн үйлдсэн хэргийн гэм буруугийн талаар маргахгүй, хүлээн зөвшөөрч байна. Надад хорихоос өөр төрлийн хөнгөн ял оногдуулж өгнө үү. Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна гэв.

 

Хохирогч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би өөрийн фейсбүүк-ээс “Баттулга Батсүрэн” гэсэн хаягийн овгийг нь хараад миний таньдаг хүний хүүхдийн хаяг байна гэж ойлгосон. Ингээд холбогдож асуухад “асуудал байхгүй ахаа, та мөнгөө шилжүүлчих” гэж хэлэхээр нь 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 10.168.000 төгрөг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлснээс 2 хоногийн дараа машин ирэх ёстой байсан боловч ирээгүй. Ачилтын газраас нь над руу залгаад таны машин ирэхгүй байна, бид нар контейнероо захиалчхаад байхад та нар төвөг удлаа гэх зүйл ярьсан. Тэгээд би Батсүрэнтэй холбогдох гэхээр утсаа авахгүй, мессеж бичихээр хариу өгөхгүй байсан. Тэгэхээр нь би мөнгө шилжүүлсэн баримтаа хартал “Гэндэнсүрэн” гэсэн хүний нэртэй данс байсан. Би Солонгост байдаг хүмүүсээс асууж сураглатал “наад хүмүүс чинь ингэж нийлээд яваад байгаа юм, “Баттулга Батсүрэн” биш Гэндэнсүрэн гэж хүн байдаг” гээд над руу утасны дугаар зургийг нь явуулсан.

Би залилуулсан байна гэдгээ мэдээд харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт гомдол гаргасан. Гэтэл цагдаагийн газраас Гэндэнсүрэн гэж хүн олдохгүй байна, хаяг дээрээ байхгүй байна гэж явсаар байгаад 2024 оны 9 сард цагдаагаас над руу холбогдоод Гэндэнсүрэн ирж мэдүүлэг өгсөн, таны хохирлыг барагдуулна гэж хэлээд явсан гээд дахиад чимээгүй болчихсон. Намайг мөрдөгчтэй уулзахад юу болж байгаа талаар надад хэлэхгүй байсан тул Баянзүрх дүүргийн прокурорт би 2 удаа гомдол гаргасан. Асуудлыг шийдэж байна гэж явсаар байгаад 2025 оны 1 сард Баянзүрх дүүргийн прокуророос залгаж намайг дуудаад очиход таны хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаа руу шилжүүлсэн гэхээр нь би гайхаад асуухад Хосбаяр гэх хүнтэй холбоотой залилангийн хэрэг байгаа, таны хэргийг нэгтгэсэн гэж хэлсэн. Би Сонгинохайрхан дүүргийн хэн гэдэг мөрдөгчтэй очиж уулзах ёстой вэ гэхэд прокурор нь надад тайлбарлаж хэлж өгөөгүй. Таныг цагдаагаас дуудах байх, тэр үед нь яваад очоорой л гэж хэлсэн. Ингээд би Цагаан сараас хойш Сонгинохайрхан дүүргийн цагдаа дээр очоод Баянзүрх дүүрэг дээр Гэндэнсүрэн гэх хүнд холбогдуулж гомдол гаргасан, би одоо хэнтэй уулзаж яах вэ гэхэд манай дээр Гэндэнсүрэн гэх хүнтэй холбоотой хэрэг байхгүй гээд буцаагаад байсан. Гэтэл 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхээс Хосбаяртай холбоотой хэрэг дээр ярьж байна гэхэд нь би мэдээд 6 дугаар сарын 02-ны өдөр өмгөөлөгч авч, шүүх хуралд ирээд байна. Түүнээс өмнө цагдаа, прокуророос хэн ч надад ямар нэгэн зүйл хэлээгүй.

Гомдолтой байна, өнөөдөр хохирлоосоо 2.900.000 төгрөг хүлээж авлаа. Үлдэгдэл хохирол 7.268.000 төгрөг болон өмгөөлөгчид төлсөн 3.000.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

нэг: хохирогч ***гийн “... би 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр фейсбүүк зар харж байтал “Баттулга Батсүрэн” гэх фейсбүүк хаягаас Солонгос улсаас машин зарна гэх зарыг над руу хувь чатаар явуулсан. Тухайн залуу 10.168.000 төгрөгөөр Kia bongo загварын машин Солонгос улсаас оруулж ирнэ гэж хэлсэн ба одоо мөнгөө хийвэл 2 хоногийн дараа шууд ачуулна гэж хэлсэн. Тэгэхээр нь би найзынхаа ХААН банкны *** тоот данснаас тэр залуугийн надад өгсөн ХААН банкны *** тоот данс руу мөнгө шилжүүлсэн. Тэгээд 2 хоногийн дараа чатаар асуутал машиныг чинь явуулна гэж хэлсэн ба дахиж залгахад огт утсаа авахгүй одоог хүртэл холбогдох боломжгүй алга болсон. Ингээд би өөрийн мөнгө шилжүүлсэн дансаа хартал Гэндэнсүрэн гэж хүний нэртэй данс гарч ирсэн болохоор цагдаагийн байгууллагад хандсан” /1-р хх-н 179/ гэсэн мэдүүлэг,

гэрч ***гийн “... би 2019 оноос хойш Хосбаяраас 10 гаруй удаа захиалга өгч тээврийн хэрэгсэл худалдан авч байсан. Хосбаяр “миний гар утас ерөөсөө болохгүй байна, би чиний гар утсаар ороод зар байрлуулчихъя” гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд Хосбаяр нь миний “Battulga Batsuren” гэх фейсбүүк хаягаар орж Бонго зарна гэж зар байршуулаад улмаар нэг хүн авахаар боллоо гэж хэлээд миний утас болохгүй болохоор дансаа ашиглаж болохгүй байна, чиний дансаар авчихъя гэхээр нь би зөвшөөрсөн бөгөөд миний *** тоот ХААН банкны данс руу 10.168.000 төгрөг “Одхүү 99193942” гэх утгатай орж ирсэн. Хосбаяр нь Солонгос улсаас захиалах машин монгол мөнгөөр 9.500.000 төгрөгийн үнэтэй, надад ирэх ашиг нь 500.000 төгрөг болж байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би 10.168.000 төгрөгийг вонн болгож солиулахаар өртөг нь үнэтэй байдаг, миний төрсөн дүү Батдэлгэрийн Алтангэрэл нь Солонгос улс руу 2024 оны 3 дугаар сард явсан бөгөөд явахдаа надаас хэрэглээний мөнгө гэж 20.000.000 төгрөг авч явсан. Ингээд би дүү рүүгээ яриад Солонгосоос Хосоо машин захиалсан юм байна, мөнгө нь миний данс руу орчихсон байна, эндээс вонн болгож явуулах гэхээр ямар ч ашиггүй байна, чи надад өгөх ёстой мөнгөнөөсөө 3.900.000 вонн /монгол мөнгөөр 9.500.000 төгрөг/-г машин зардаг хүн рүү нь шилжүүлчих гэж хэлээд Хосбаярын надад өгсөн Солонгос улсын ченжийн дансыг би дүү рүүгээ явуулаад манай дүү 3.900.000 вонн буюу монгол мөнгөөр 9.500.000 төгрөгийг ченжийн данс руу нь шилжүүлсэн” /2-р хх-н 128-129/ гэсэн мэдүүлэг,

 

***гээс цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-н 172/, Б.Гэндэнсүрэнгийн эзэмшлийн ХААН банкны мөнгөн шилжүүлгийн мэдээлэл /1-р хх-н 180/ гэсэн бичгийн баримтууд,

 

хоёр: хохирогч ***ын “... 2024 оны 7 дугаар сарын 13-ны өдөр би Солонгос улсаас Монгол улс руу машин ачуул авна гэх зарыг өөрийн “***” гэх фейсбүүк хаягаас зар оруулсан. Үүний дараа 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдөр “Хосбаяр Даваахүү” гэх нэртэй цахим хаягаас мессенжер чатаар цагаан өнгийн Хьюндай портер 2 загварын автомашины зураг явуулж надад таалагдсан тул авахаар тохиролцож, ХААН банкны *** дугаарын данс руу нэг удаагийн гүйлгээгээр 10.912.000 төгрөг шилжүүлсэн. Надад хэлэхдээ машиныг маань 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр ачуулж контейнерын дугаар номерыг явуулна, 14-20 хоногт очно гэж *** дугаарын утсаар ярьсан. Гэвч энэ өдрөөс хойш надад ямар ч хариу өгөлгүй, утсаар удахгүй ачуулна гэж мессеж бичсэн, утсаар огт ярихгүй байгаа. Би хохирсон 10.912.000 төгрөгөө эргүүлж авмаар байна, залилуулсандаа гомдолтой байна” /1-р хх-н 228-229/ гэсэн мэдүүлэг,

 

хохирогч ***ын цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-н 223/, ***ын эзэмшлийн ХААН банкны дансны хуулга, ***ын эзэмшлийн ХААН банкны дансны хуулга /2-р хх-н 5/ гэсэн бичгийн баримтууд,

 

гурав: хохирогч ***ийн “... 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр “Хосбаяр Даваахүү” гэх нэртэй фейсбүүк хаягтаа Вонго 3 маркийн цагаан өнгөтэй 2010 онд үйлдвэрлэгдсэн машин зарна гэсэн пост хийсэн байхаар нь би фейсбүүк рүү нь чат бичсэн. Тэгээд над руу чатаар ХААН банкны *** данс явуулсан ба вонны ханш 2,56 төгрөг байна гэж бичсэн байсан. Хосбаярын зар оруулсан байсан Вонго 3 машиныг худалдан авах зардал нь 3.730.000 вонн гэсэн ба би уг мөнгийг 2,56 төгрөгөөр бодоод монгол мөнгөөр нийт 9.548.800 төгрөгийг өөрийн ХАС банкны *** тоот данснаас Даваахүү Хосбаяр эзэмшигчтэй ХААН банкны данс руу нэг удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн. Би мөнгө шилжүүлсэн баримтаа Хосбаяр руу чатаар явуулсан чинь лайк дарчхаад хариу бичээгүй ба *** дугаарын утас руу нь залгахаар холбогдох боломжгүй болчихсон. Тэгэхээр нь би Хосбаярын фейсбүүкийг ухаад өмнө нь оруулж байсан пост зарыг харж байхад *** гэсэн дугаар байхаар нь Даваахүү Хосбаяртай ярья гэсэн чинь би Даваахүү байна, Хосбаяр ойрд залилан хийгээд байгаа, цагдаад хандаарай гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж байна. Би мөнгөө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошуу 32 дугаар гудамж 63 А тоот гэртээ байхдаа шилжүүлсэн. Би мөнгөө огт буцааж аваагүй байгаа, гомдолтой байна, өөрийн мөнгийг буцааж авмаар байна” /2-р хх-н 48/ гэсэн мэдүүлэг,

 

ХААН банкны 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 29-112724 дугаартай албан бичиг, хавсралтаар ирүүлсэн 1 ширхэг компакт дискт үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-н 57-59/ гэсэн бичгийн баримтууд,

 

дөрөв: хохирогч ***ын “... миний бие Портер машин худалдаж авахаар өмнө нь фейсбүүкээр танилцаж байсан Лхамсүрэнтэй холбогдож Солонгос улсаас Портер маркийн тээврийн хэрэгсэл авах гэсэн юм, таньдаг хүн байна уу? гэж асуухад манай найз Солонгосоос машин оруулж ирж Монголд зардаг, би найздаа хэлж өгье гэж хэлээд удалгүй найздаа хэлчихлээ, чиний фейсбүүкийг өгчихлөө гэж хэлсэн. Ингээд 14-20 хоногт очно гэж *** дугаарын утсаар над руу ярьсан. Гэвч энэ өдрөөс хойш надад ямар ч хариу өгөлгүй, утсаар удахгүй ачуулна гэж мессеж бичсэн, утсаар огт ярихгүй байгаа. Би хохирсон 10.912.000 төгрөгөө эргүүлж авмаар байна, залилуулсандаа гомдолтой байна” /1-р хх-н 11-12/ гэсэн мэдүүлэг,

гэрч ***гийн “... Чойням нь 2024 оны 10 дугаар сарын 3-аас 5-ны хооронд надтай чатаар харьцаж Портер машин зарах хүн байна уу? гэж асуухаар нь би тухайн үед Хосбаяртай холбогдож Солонгост машин зардаг таньж мэддэг хүн байна уу? манай найз танил дүү Чойнямтай холбогдоод өгөөч гэж хэлээд Чойнямын фейсбүүкийг өгсөн. Тэгээд тэр хоёр хоорондоо холбогдож Чойнямд Портер машин зарахаар болж 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр мөнгө төгрөгөө шилжүүлсэн байсан. Тэгээд Чойням 2024 оны 10 дугаар сарын 10-дын үеэр над руу залгаад Хосбаяр утсаа авахгүй залилаад алга болчихлоо гэж хэлсэн” /1-р хх-н 16/ гэсэн мэдүүлэг,

 

***аас цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /1-р хх-н 2/, ХААН банкны 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 29-13724 дугаартай албан бичиг, хавсралт /1-р хх-н 50-52/ гэсэн бичгийн баримтууд тус тус хавтаст хэрэгт авагджээ.

 

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч

шүүгдэгч *** “... миний бие Солонгос улсаас машин захиалж өгнө гэж хэлээд ***, ***, ***, *** нараас мөнгө шилжүүлж авсан. Дээрх мөнгөөр би ямар нэгэн машин захиалаагүй бөгөөд хувийн хэрэгцээндээ зарцуулаад дууссан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байна. Миний бие ***д 10.936.000 төгрөг, ***т 10.912.000 төгрөг, ***т 9.548.800 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Одоо Одхүүгийн мөнгийг өгөөгүй байгаа. Энэ мөнгийг нь удахгүй төлж барагдуулна” /2-р хх-н 117-118/ гэж мэдүүлсэн байна.

 

“Залилах” гэмт хэрэг нь өмчлөгч, эзэмшигчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шууд өөрийн мэдэлд авах үйлдлээс гадна ирээдүйд өөрийн мэдэлдээ оруулах, буцааж өгөхгүйгээр ашиглах, захиран зарцуулах эрхийг олж авдгаараа өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэргээс ялгагддаг бөгөөд шүүгдэгч ***т холбогдох хэргийн үйл баримт болох дээр дурдсан нэр бүхий хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд, бичгийн нотлох баримтууд нь уг гэмт хэргийн объектив талын шинжид бүрэн нийцэж байна.

Тодруулбал, шүүгдэгч *** нь БНСУ-аас тээврийн хэрэгсэл оруулж ирнэ гэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан нэр бүхий 4 хохирогчоос мөнгийг нь авчээ.

 

Харин прокурорын яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт шүүгдэгч ***ыг “залилах” гэмт хэргийг үйлдэхдээ “цахим хэрэгсэл ашиглаж” гэсэн шинжийг орхигдуулсан байх тул шүүх тухайн гэмт хэргийн энэ шинжийг нь нэмж оруулав. Ингэснээр хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх хуульд заасан үндэслэл болохгүйгээс гадна шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй.

 

Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч *** овогт ***ыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдыг төөрөгдөлд оруулж “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч ***т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал /үүнд: анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа, нэр бүхий хохирогч нарын хохирлыг нөхөн төлсөн, хохирогч ***гийн хохирлын үлдэгдэл 7.268.000 төгрөгийг ажлын 5 хоногийн дотор төлж барагдуулахаа илэрхийлж байгаа/, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршгийн хэр хэмжээ зэргийг харгалзав.

 

Шүүгдэгч ***т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ холбоотойгоор улсын яллагчаас түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг, хохирогчийн өмгөөлөгчөөс хорих ял оногдуулах тухай саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгөх хүсэлтийг тус тус шүүхэд гаргав.

 

Гэм буруутайд тооцогдсон шүүгдэгчид ямар төрлийн ял оногдуулах, уг ялын хэмжээ, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх эсэх нь шүүхийн эрх хэмжээ бөгөөд шүүх шүүгдэгч ***т нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зохимжтой гэж үзсэнээс гадна ялын хугацааг хуульд заасан хамгийн багаар буюу 240 цагийн хугацаагаар тогтоов.

Шүүгдэгч *** анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийнхаа талаар маргахгүй байгаа, хохирлыг нөхөн төлсөн, үлдэгдэл хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, бага насны 4 хүүхдийн хамт ам бүл зургуулаа амьдардаг зэрэг нь түүнд ял шийтгэл оногдуулахад дээр дурдсан харгалзан үзэх үндэслэл болно.

 

Нөгөөтээгүүр эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших боловч тухайн хүнийг дахин гэмт хэрэг үйлдэхгүй байхыг ухамсарлуулж, ял завшуулахгүйгээр түүнд боломж олгох нь чухал юм.

 

Шүүх шүүгдэгч ***т холбогдох энэ хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хэмжээ хязгаарт хэлэлцсэнийг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотой:

Иргэний үнэмлэхийн лавлагаа /2-р хх-н 69/, Оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /2-р хх-н 71/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-н 70/, Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /2-р хх-н 73/ гэсэн бичгийн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Шүүгдэгч *** мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ***т 10.912.000 төгрөг, хохирогч ***т 9.548.800 төгрөг, хохирогч ***д 10.936.000 төгрөг тус тус төлж барагдуулсан байна.

 

Хохирогч ***д учруулсан 10.168.000 төгрөгийн хохирлоос шүүгдэгч *** 2.900.000 төгрөгийг шүүх хуралдааны явцад төлж, үлдэгдэл 7.268.000 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн болно.

 

Харин хохирогч *** хууль зүйн туслалцаа авсан буюу өмгөөллийн хөлс гэж 3.000.000 төгрөг нэхэмжилснийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй. Учир нь, өмгөөллийн хөлсийг гэм буруутай этгээдээс заавал гаргуулахаар хуульчлаагүйгээс гадна өмгөөллийн хөлс нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй.

 

Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээв.

 

Шүүхийн шийдвэр бодитойгоор биелэгдэх, ял хариуцлага гарцаагүй байх үүднээс шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил биелэгдэх болон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч ***т урьд авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “хязгаарлалт тогтоох”[1] таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа бүрэн хэрэгжиж биелсний дараагаас шүүгдэгч ***т авагдсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөхийг дурдъя.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                  

 

                            ТОГТООХ нь:

 

1. *** овогт ***ыг үргэлжилсэн үйлдлээр хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдыг төөрөгдөлд оруулж “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч *** шүүхээс оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч *** хохирогч ***ын хохиролд 10.912.000 төгрөг, хохирогч ***ийн хохиролд 9.548.800 төгрөг, хохирогч ***ын хохиролд 10.936.000 төгрөг, хохирогч ***д 2.900.000 төгрөг тус тус төлсөн болохыг дурдаж,

шүүгдэгч ***аас 7.268.000 төгрөг гаргуулж хохирогч ***д олгосугай.

 

5. Шүүгдэгч ***цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болохыг дурдсугай.

6. Эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг CD-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***т урьд авагдсан “хувийн баталгаа гаргах” болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  О.ЖАНЧИВНЯМБУУ

 

 

 

 

[1] 2-р хх-н 122-123-р хуудас: Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 266 дугаартай захирамж