| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 302/2025/0132/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/147 |
| Огноо | 2025-05-26 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Я.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 2025/ШЦТ/147
| 2025/ШЦТ/147 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д,
Шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жб овогт Хийн Бэд холбогдох эрүүгийн 2513000000107 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1997 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Баян- Өлгий аймгийн Өлгий сумын ... дүгээр /Хөх хад/ багийн 32 дугаар гудамжны 07 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Ж Бал ургийн овогтой Хийн Б, регистрийн дугаар: ....
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Б нь 2025 оны 02 дугаар сарын 27-ны орой Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр /Хөх хад/ багийн нутаг дэвсгэрт согтуурсан үедээ 82-37 БӨҮ улсын дугаартай “Тоуота Ist” загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ...12.3, 3.7-а дахь заалтуудыг зөрчсөний улмаас хохирогч М.Аын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсгүүдэд хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
Нэг: Гэм буруугийн талаар:
1.1. Шүүгдэгч Х.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “Би том оврын тээврийн хэрэгслээр хот хооронд тээвэр хийдэг. Тухайн өдөр машины засвар хийж байхад манай нагац ах К.Е намайг дуудаж, “Бид нар архи уучихлаа, чи машин жолоодоод намайг хүргэж өгөөч” гэсэн. Тэгээд очиход хохирогч М.А надад нэг аяга пиво хийж өгөөд уучих гэхээр нь би уусан. Тэр хоёрыг хүргэж өгөх гэж явж байгаад энэ осол болсон. Гэхдээ би гэм буруу дээрээ маргахгүй байгаа. Би урьд шөнө нь найзынхаа хуриманд очоод өглөө 05 цагт гэртээ ирсэн. Тэгээд ойр зуурын юм хийж байгаад К.Е ахыг дуудахаар нь явж очиж, нэг аяга пиво уусан тул дунд зэргийн согтолттой гарсан байх. Би хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт хохирол төлөхөд бэлэн байгаа боловч тэд надаас хохирол нэхэмжлэхгүй гэсэн” гэв.
1.2. Улсын яллагч Я.Дина шүүхийн хэлэлцүүлэгт: “Шүүгдэгч Х.Б нь 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 3.7а дахь заалтуудыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гарган, хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын дүрэм зөрчих гэмт хэрэгт холбогдсон. Шүүгдэгч Х.Б нь тухайн гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, прокурорын яллах дүгнэлтэд иш татагдсан яллах талын нотлох баримтууд болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдалтай холбоотой гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл тухайн үед шүүгдэгч нь дунд зэргийн согтолттой байсан. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байгаа. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан согтуурсан, мансуурсан үедээ Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомжийг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж гаргаж байна”гэв.
2.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/,
2.2. Осол гарсан замын байдал, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хавтаст хэргийн 03-06 дахь тал/,
2.3. Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хавтаст хэргийн 07 дахь тал/,
2.4. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 08-12 дахь тал/,
2.5. Хохирогч Н.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр би гэртээ байсан, тэгээд өдөр 12 цагийн орчимд байсан байх манай найз Е над руу утсаар залгаад гэрийн чинь гадна байгаа, гараад ир гэж хэлсэн. Тэгээд Е нь ганцаараа жижиг машинтай ирсэн бөгөөд бид хоёр тухайн машин дотор суугаад 2 литрийн савалгаатай, 2 сав шар айраг уусан бөгөөд тухайн үедээ бид хоёр нэлээд согтсон. Тэгж байтал Е өөрийнхөө дүү Х.Бийг дуудсан, Б ирсний дараа бид дахин 2 литрийн савлагаатай шар айраг аваад тухайн шар айрагнаас Е бид хоёр уусан, тухайн үед Е бид хоёр тээврийн хэрэгслийн урд сууж байсан, харин Х.Б арын суудалд сууж байсан. Тэгээд Б ахиад дэлгүүр ороод тамхи, шар айраг авахдаа хажуудаа жижиг 1 шилтэй архи бас аваад орж ирсэн. Цаг оройтож байсан тул шар айраг ууж дуусаад Х.Б машин жолоодоод хөдөлж байсан, би нэлээн согтсон болохоор тэр үед тасраад унтаад өгсөн. Нэг сэрээд харахад бид нар эмнэлэг дээр ирсэн байсан, миний толгой маш ихээр өвдөж байсан юм. ...миний зүгээс Х.Бэд ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 61-62 дахь тал/,
2.6. Гэрч К.Еын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай найз болох А нь том тэрэг барьдаг бөгөөд 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр машиндаа засвар үйлчилгээ хиймээр байна, ирээд туслаад өгөөч гэж хэлэхээр нь би өдрийн 12 цагийн үед байсан байх, найз Аын гэрт ирээд түүний том машинд засвар хийлцэж өгсөн бөгөөд энэ хооронд А бид хоёр 2 литрийн савалгаатай шар айрагнаас 2 савыг авч уусан юм. Тэгээд би нэлээд согтсон тул машин бариулах гээд дүү Х.Бийг утсаар дуудсан. Удалгүй манай дүү Х.Б хүрч ирээд миний унаж явсан жижиг “Toyota Ist” маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод бид гурав ахиад дэлгүүрт очиж А өөрийнхөө виза картыг өгөөд 2 литрийн савалгаатай шар айрагнаас нэг савыг авсан. Тэгээд тэр хооронд би нэлээд согтоод ухаан мэдрэлээ алдсан тул түүнээс хойших үйл явдлыг сайн санахгүй байсан. Нэг мэдэхэд эмнэлэг дээр ирээд зүүн чихэндээ оёдол хийлгүүлж байх үедээ ухаан орсон. Эмнэлэг дээр манай гэр бүлийн хүмүүс ирсэн байсан бөгөөд тэдний хэлж байгаагаар бид нарын унаж явсан тээврийн хэрэгсэл онхолдож зам тээврийн осол гарч бид нар эмнэлэгт хүргэгдэж ирсэн байсан..” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 23-24 дэх тал/,
2.7. Иргэний нэхэмжпэгч М.Тийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний том охин болох Жийн гэр нь Өлгий сумын 9 дүгээр багт байрладаг бөгөөд охин Т.Ж, хүргэн хүү К.Е нар хүүхдээ цэцэрлэгт зөөх, ажил гэр хооронд явах зорилгоор миний машиныг түр хугацаагаар хэрэглэж байсан юм. Ингэхдээ 8-10 хоног л хэрэглэсэн байх. Би 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Дэлүүн сум руу явсан байсан, намайг ирэх үеэр хүүхдүүд миний машиныг угаалгаад авчирч өгнө гэсэн. Гэтэл тухайн өдөр манай хүргэн К.Е нь миний машиныг унаж яваад тэр өдрөө найзуудтайгаа тааралдаад архи, пиво хэрэглэж, тэдэнтэй хамт явсан Б гэх залуу машин жолоодож яваад аваарт орсон тухай хүүхдүүд надад хэлсэн юм..., ...Миний тээврийн хэрэгслийг манай хүргэн найзуудтайгаа унаж хэрэглэж байгаад өөрсдийн буруугаас болоод зам тээврийн осолд орсон, миний машинд гадна эд анги, болон бусад эд ангиас өөр хэвийн ажиллагаатай эд анги үлдээгүй байх, тиймээс би машинд учирсан эвдрэл гэмтлийг нэхэмжпэхгүй, учир нь Б нь манай хүргэн К.Еын төрсөн эгчийнх нь хүүхэд нь, нөгөө талаар миний худын хүүхэд байгаа юм. Тийм болохоор би тухайн тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтлийг огт нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 98-99 дэх тал/,
2.8. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч К.Хын 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 45 дугаартай “...Иргэн Х.Бийн биеэс авсан гэх цус шинжилгээнд тэнцэнэ. Иргэн Х.Бийн биеэс авсан гэх цусанд 2,5% промиль спирт илрэв. Иргэн Х.Б нь тухайн үед дунд зэргийн согтолттой байжээ...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,
2.9. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Х. ын 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 257 дугаартай “...Иргэн К.Еын биед зүүн чихэнд оёдолтой шархтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 41-42 дахь тал/,
2.10. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Х.Ерболын 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 276 дугаартай “...Иргэн Н.Аын биед зүүн чамархай ясны битүү хугарал, эпидурал цус харвалт (хатуу хальсны дээрх цусан хураа), хамрын ясны хугарал, баруун чамархай, нүүрний зүүн тал, эрүүнд зулгарсан сорвитой гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэмтлүүд байна. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2 буюу 4.1.3-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна...” гэх дүгнэлт /Хавтаст хэргийн 85-86 дахь тал/,
2.11. Мөрдөгчийн 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 25/05 дугаартай “...Тээврийн хэрэгсэл жолоодож явсан Х.Б нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 12.3 "... Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна..", мөн дүрмийн 3.7 "а" заалт буюу" тухайн ангиллын тээврийн хэрэгслийг эсхүл жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно" гэх, заалтуудыг зөрчсөн байна. Жолооч Х.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 3.7 а заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах гол шалтгаан болсон байна...” гэх магадлагаа /хавтаст хэргийн 94-95 дахь тал/,
2.12. Шүүгдэгч Х.Бийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 112-114 дэх тал/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. Үүнд:
-Шүүгдэгч Х.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 89 дэх тал/,
-Шүүгдэгч Х.Бийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 90 дэх тал/
- Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 92 дахь тал),
-Үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа (хавтаст хэргийн 93 дахь тал),
-Жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 91 дэх тал),
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 115 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.
Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Бийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар:
1.Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг шүүх өөр хооронд нь харьцуулан дүгнэж, хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход:
Шүүгдэгч Х.Б нь 2025 оны 02 дугаар сарын 27-ны орой Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр /Хөх хад/ багийн нутаг дэвсгэрт согтуугаар 82-37 БӨҮ улсын дугаартай “Тоуота Ist” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “...Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэх, мөн дүрмийн 3.7 "а" -д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг эсхүл жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно" гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогч М.Аын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт улсын яллагчаас яллах дүгнэлтдээ тусгаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудын хүрээнд эргэлзээгүй нотлогдон тогтоогдож байна.
Хууль зүйн дүгнэлт:
1. Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хор уршиг учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуульд заажээ.
-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д ”Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг Замын хөдөлгөөний дүрмээр тогтооно”, 4.2-д “Замын хөдөлгөөний дүрмийг Засгийн газар батална” гэж тус тус заасан байна.
-Дээрх хуульд заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 239 дугаартай “Дүрэм шинэчлэн батлах тухай” тогтоолын хавсралтаар “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийг хуульд нийцүүлэн шинэчлэн баталсан байх тул Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм нь бүх нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн халдлагын зүйл болно.
-Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан, эсхүл хүний амь насыг хохироосон бол гэмт хэрэгт тооцох ба Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.6-д зааснаар зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг зам тээврийн осол гэж ойлгохоор заажээ.
Шүүгдэгч Х.Б нь тухайн өдөр согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, яваад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байх тул түүнийг “зам тээврийн осол” гаргасан гэж үзнэ.
2. Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” гэж тодорхойлсон бөгөөд мөн зүйлийн 2,3,4 дэх хэсгүүдэд тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжүүдийг хуульчлан тогтоожээ.
Тодруулбал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “согтуурсан, мансуурсан үедээ”, тээврийн хэрэгсэл жолоодож, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, 2.3-т заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” бол уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамаарахаар заажээ.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт "Жолооч" гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг ойлгоно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Х.Б нь 82-37 БӨҮ улсын дугаартай, “Тоёота Ист” маркын автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан тул түүнийг жолооч гэж үзнэ.
3. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-а заалтаар жолоочид тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглосон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт ”Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%0), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%0) илэрснийг ойлгоно” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч Х.Бийг тухайн өдөр тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож, зам тээврийн осол гаргах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг эрх бүхий этгээдээс түүний цусан дахь спиртийн агууламжаар тогтооход тэрээр 2.5 промиль (%0) буюу дунд зэргийн согтолттой байсан нь хавтаст хэргийн 28-29 дэх талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр нотлогдож тул түүнийг “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дээрх хориглосон заалтыг зөрчиж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ буюу цусанд 2.5 промиль (%0) согтолттой байх үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцож яваад зам тээврийн осол гаргасан нь хавтаст хэргийн 28-29 дэх талд авагдсан Шүүх химийн шинжилгээний 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 45 дугаартай шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байх бөгөөд уг шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул шүүгдэгч Х.Бийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д заасан “жолоочид тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэх заалтыг зөрчсөн гэж үзнэ.
Энэ нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Согтуурсан үедээ” гэх хүндрүүлэх шинжийг хангана.
4.Түүнчлэн шүүгдэгч Х.Б нь тухайн өдөр “Тоёота Ист” загварын 82-37 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа согтуурсан буюу дунд хэргийн согтолттой байсан тул хөдөлгөөнд нь аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, самбаачилж, зогсоох арга хэмжээ авч чадаагүй болох нь тогтоогдсон тул шүүгдэгч Х.Бийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг зөрчиж, зам тээврийн осол гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х.Бийн зам тээврийн осол гаргасан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Аын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан хүндрүүлэх шинжийг тус тус хангаж байна.
5. Иймд шүүгдэгч Х.Бийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны орой Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр /Хөх хад/ багийн нутаг дэвсгэрт согтуурсан үедээ 82-37 БӨҮ улсын дугаартай “Тоуота Ist“ загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ...12.3, 3.7/а дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас хохирогч М.Аын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
6. Зам тээврийн осол гарахад шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь нөлөөлсөн гэж шүүх дүгнэлээ.
7. Хэрэгт авагдсан мөрдөгчийн магадлагаа нь хэргийн бодит байдалд нийцсэн байх тул түүнийг нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох нь зүйтэй гэж үзсэн болно.
8. Шүүгдэгч Х.Бийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч М.Аын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, мөн иргэний нэхэмжлэгч М.Тилекбайгийн эд хөрөнгөд хохирол учирсан нь тус тус тогтоогдсон боловч хохирогч М.А, мөн иргэний нэхэмжлэгч М.Тилекбай нар нь шүүгдэгч Х.Бтэй ах дүү, худ ургийн холбоотой тул мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Х.Бээс гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн болон бусад хохирол, сэтгэцэд учирсан хохирол зэргийг нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлсэн байна.
Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х.Бээс гаргуулж, хохирогч М.А, иргэний нэхэмжлэгч нарт мөнгөн хэлбэрээр төлүүлэх хохирол, хор уршиггүй гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч Х.Б нь согтуурсан үедээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь тогтоогдож, шүүхээс гэм буруутайд тооцогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Улсын яллагч шүүх хуралдаанд: ” Эрүүгийн хариуцлагын зорилго, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Х.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил, 6 сарын хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт эдлүүлэх саналыг гаргаж байна.” дүгнэлтийг,
3. Шүүгдэгч Х.Б шүүхийн хэлэлцүүлэгт: ”Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Х.Б урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 115 дахь тал)-аар нотлогдож байх бөгөөд хувийн байдлын хувьд тэрээр 1997 онд төрсөн, 27 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багт амьдардаг, анх удаа гэмт хэрэгт үйлдсэн гэх хувийн байдлууд хэрэгт тогтоогдсон байна.
Шүүгдэгч Х.Б нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг анх удаа үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
5. Иймд шүүгдэгч Х.Бийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хүндрүүлэх нөхцөл байдалгүй, түүний анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа хувийн байдал, хохирогч М.А, иргэний нэхэмжлэгч М.Тилекбай нараас гэмт хэргийн хохирол, хор уршиг нэхэмжлээгүй зэргийг тус тус харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар шүүгдэгч Х.Бэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч Х.Бийг өөрийн оршин суугаа газар болох Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бэд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялыг түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс тоолж эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
6. Шийтгэх тогтоолыг биелүүлэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х.Бээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Х.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж б овогт Хкийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан “Тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Х.Бэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бийг зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суугаа газар болох Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бэд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялыг түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс тоолж эдлүүлэхээр тогтоосугай.
6. Энэ шийтгэх тогтоолыг биелүүлэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
7. Шүүгдэгч Х.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хор уршиггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Б