Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2022/03494

 

 

   2022        08           11

            101/ШШ2022/03494

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                       

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Т.М

 

Хариуцагч: Х.Э

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Т.M,

Хариуцагч Х.Э, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Мшүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т.М би 2007 онд Х.Э-тай танилцаж, улмаар хамт амьдарч байгаад 2008 онд гэрлэлтээ батлуулсан. Биднийг хамт амьдрах хугацаанд 2008 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүү М.Ж төрсөн. Бид 2010 онд зан харилцаа таарч тохирохгүйн улмаас тусдаа амьдрах болсон. Одоо тус тусын амьдралтай, нэгэнт цаашид хамт амьдрах боломжгүй учир шүүхэд хандаж, гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Хүү М.Ж нь эхийн асрамжид байдаг бөгөөд хүүхдийн асрамж, тэтгэлэг, эд хөрөнгийн маргаан байхгүй болно.

Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүү М.Ж эхийн асрамжид үлдээж өгнө үү гэв.

 

Хариуцагч Х.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2007 онд Т.М танилцаж, 2008 онд хүү М.Ж  төрж, мөн ондоо гэрлэлтээ батлуулсан. Бид 2010 онд зан харилцаа таарахгүйн улмаас салж тус тусдаа өнөөдрийг хүртэл амьдарч, хүү М.Ж миний асрамжид амьдарч байна.

Иймд гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. Эд хөрөнгө болон хүүхдийн тэтгэлгийн хувьд маргаан байхгүй, хүү М.Ж-ийг өөрийн асрамжидаа авна гэв.

 

Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Т.М-ын байнга оршин суугаа хаягийн болон иргэний үнэмлэхний лавлагаа, мөн өдрийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа, тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 404 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагааг нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн, хариуцагч хариу тайлбараа ирүүлж, өөр бичгийн баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.  

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.М нь эхнэр Х.Э-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. 

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Т.М, хариуцагч Х.Э нар нь 2008 оны 6 дугаар сарын 27-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн, тэдний дундаас 2008 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүү М.Ж төрсөн болох нь Төрийн мэдээллийн сангаас лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягтын 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн “Гэрлэсний бүртгэлийн лавлагаа”, 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн “Төрсний бүртгэлийн лавлагаа”, зохигчдын тайлбар зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 404 дугаартай “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл”-ээр гэрлэгчдийг эвлэрүүлэх ажиллагааг Эвлэрүүлэн зуучлах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4-т зааснаар дуусгавар болгосон.

 

Зохигчдын хэн хэн нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байх бөгөөд 2010 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа, гэр бүлийн хамтын амьдралыг үргэлжлүүлэх талаар гэрлэгчид тодорхой арга хэмжээ аваагүй, хоорондын зан харилцаа таарамжгүй болсон зэрэг нөхцөл байдал зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул шүүхийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4-т заасан эвлэрүүлэх арга хэмжээг урьдчилан авах шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Иймд дээрх нөхцөл байдал нь гэр бүлийн хамтын амьдралыг үргэлжлүүлэх боломжгүй, хэн хэн нь гэрлэлт цуцлахыг хүлээн зөвшөөрч байх тул гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

 

Хүү М.Ж нь насанд хүрээгүй хүүхэд ба одоо эх Х.Э-ын асрамжид эрүүл бойжиж байгаа болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримт зэргээр тогтоогдож байх бөгөөд хүүхдийн асрамжийн хувьд эцэг Т.М маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүүхдийг эхийн асрамжид үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Зохигчид хүүхдийн асрамж дээр маргахгүй, хүүхдийн санал авхуулахгүй гэх тайлбар, хүсэлтийг гаргасан тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д зааснаар хүүхдийн санал авах шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу эцэг Т.М нь хүү М.Ж-ийг эх Х.Э-ын асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурдах нь зүйтэй юм.

 

Мөн эх Х.Э нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д “Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно” гэж зааснаар эцэг Т.М хүүхэдтэйгээ уулзах зэрэг өөрийн хүлээсэн эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байх нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.М /регистрийн дугаар ХХ000000/, хариуцагч Х.Э /регистрийн дугаар АА000000/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2008 оны 6 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү М.Ж-ийг төрсөн эх Х.Э-ын асрамжид үлдээсүгэй.

 

3. Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.М олгосугай.   

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үргэлжлэхийг дурдсугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ЭНХЖАРГАЛ