| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 302/2025/0112/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/141 |
| Огноо | 2025-05-21 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Я.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/141
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.М,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн гишүүн, улсын өмгөөлөгч С.Т,
Шүүгдэгч К.Е нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жовогт Кн Ед холбогдох эрүүгийн 2513000000134 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баян-Өлгий аймгийн Толбо суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Бугат сумын .... дүгээр /Бугын гол/ багт оршин суух хаягтай, урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 6 сарын хугацаагаар хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Жк баян ургийн овогт Кеийн Е, регистрийн дугаар:...
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч К.Е нь 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар /Жана ауыл/ багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар 88-91 БӨҮ улсын дугаартай “Toyota corolla” загварын тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
1. Шүүх хуралдаанд улсын яллагчаас “Шүүгдэгч К.Еы үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай” дүгнэлтийг,
2. Шүүгдэгч К.Е нь “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлгийг,
3. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т:”...Шүүгдэгч К.Е нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа тул хөнгөрүүлж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.
2. Эрүүгийн 2513000000134 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/,
-Жолооч К.Еы согтуурлын хэмжээг шалгасан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хавтаст хэргийн 3, 6 дахь тал/,
- Шүүгдэгч К.Еы урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 26 дахь тал/,
-Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 666 дугаартай шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,
-Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 29-31 дэх тал/,
-Иргэн К.Еы жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 8 дахь тал/,
-Шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн К.Еы ялын тооцоо гэх баримт,
-Яллагдагч К.Еы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/ болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал,үйл баримт:
3.Шүүгдэгч К.Е нь 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар /Жана ауыл/ багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар “Toyota corolla” маркийн 88-91 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх үйл баримт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
3.1. Эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/,
3.2. Жолооч К.Еы согтуурлын хэмжээг шалгасан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хавтаст хэргийн 03, 06 дахь тал/,
3.3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 666 дугаартай шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,
3.4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 29-31 дэх тал/,
3.5. Иргэн К.Еы жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 8 дахь тал/,
3.6. Яллагдагч К.Еы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Бугат сумын 5-р багт байрлах гэрээсээ өөрийн эзэмшлийн 88-91 БӨҮ улсын дугаартай “Тоёота Королла” маркийн тээврийн хэрэгслийг унаад гэрээсээ гарч явсан ба эхнэр болох Б.Рысгүлтэй хамт дэлгүүр орж ойр зуурын хүнсний зүйл цуглуулсан. Тухайн үед 88-91 БӨҮ улсын дугаартай “Тоёота Королла” маркийн тээврийн хэрэгслийн аржатор хагарсан байсан ул Тогай гэх машин завсар ажиллуулдаг хүний гэрт очсон, тухайн засварын газарт очиход Тогай, Арманбек тэдний завсар дотор архи уугаад сууж байсан ба би тэдэнтэй хэсэг ярилцаж сууж байтал Арманбек надад хандаж чи бид хоёрт нэг шил архи задлахгүй юм уу...” гэж хэлэхээр нь би тэднийг дагуулж гэрлүүгээ явсан. Бугат сумын 5-р багт байрлах гэртээ очиж тээврийн хэрэгслээ хашаандаа тавьчихаад гэрийн хажууд байрлах дэлгүүрээс “Arkhi” гэх хаягтай, 0,5 литрийн савлагаатай архинаас 1 шилийг аваад гэртээ очиж Тогай, Арманбек нарын хамт хувааж уугаад сууж байхад Тогай, Арманбек нар нь хоорондоо маргалдаж, Тогай, Арманбекийн майкыг урсан тул тэр хоёрыг гэрээсээ гаргаж явуулсан. Тогай такси дуудаж явсан ба Арманбек машинаа жолоодоод манайхаас гараад явсан. Төд удалгүй 30 орчим минутын дараа Арманбек манай гэрт орж ирээд надад хандаж "... машины руль гацчихлаа, чи намайг цахилгаан шугам сүлжээний хажууд хүргээд өгөөч, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоход асуудал байхгүй, өнөөдөр замын цагдаа Парасат гэж манай дүү гарч байгаа, зүгээр явъя” гэж хэлсэн тул би түүний үгэнд итгэж гэрээсээ 88-91 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Арманбек, Б.Рысгүл нарыг суулгаж цахилгаан шугам сүлжээний дэргэд очиход цагдаа нар намайг зогсоож, Парасат гэх цагдаа намайг цагдаагийн газарт авч ирж үлээлгэсэн юм.
Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би 1984 онд Толбо суманд төрсөн ба айлын бага хүү болон мэндэлсэн. Улмаар Толбо сумын ахлах сургуульд 4-р анги хүртлээ суралцаж аав, ээжийнхээ хажууд мал маллаж амьдарч эхэлсэн. Улмаар 2012 онд иргэн Б.Рысгүлтэй гэр бүл болж улмаар дундаасаа 3 хүүхэдтэй болсон, том хүүхэд маань 12 настай эрэгтэй, бага хүүхэд маань 5 настай...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.
4. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв гэж үнэлэв.
Хууль зүйн дүгнэлт:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол” гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт: “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно.” гэж, “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэж, “Тээврийн хэрэгсэл” гэж механикжсан тээврийн хэрэгслийг ойлгоно” гэж хууль тогтоогчоос тайлбарлажээ.
3.Шүүгдэгч К.Е нь гэмт хэрэгт холбогдох үедээ “Toyota corolla” маркийн 88-91 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан нь тогтоогдсон тул түүнийг “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж үзнэ.
4. Шүүгдэгч К.Е нь урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 666 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх хэсэгт заасан “Жолооч согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх зөрчилд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэлээр шийтгүүлсэн,
Мөн тус шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн болох нь хавтаст хэргийн 27-31 дэх талд авагдсан тус шүүхийн шийтгэврийн хуулбар, шийтгэх тогтоолын хуулбар зэрэг баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч К.Еыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж үзэх үндэслэлтэй байна.
5. Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж заасан бөгөөд шүүгдэгч К.Еыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тандагч багаж /drager/ ашиглан шалгахад түүний амьсгал дахь спиртийн агууламж 1.73 % промиль байсан нь эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлээр нотлогдож байх тул К.Еыг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэж үзнэ.
5. Хэрэгт тогтоогдсон дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэхэд шүүгдэгч Е.Крлан нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 666 дугаартай шийтгэврээр “Жолооч согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон”, мөн зүйлийн 51 дэх хэсэгт заасан “Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан” гэх зөрчилд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 /нэг/ жилийн хугацаагаар хасуулж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл хүлээсний дараа дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт тус шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 2800 нэгж буюу 2.800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялыг эдэлж дуусгавар болоогүй байхдаа дахин 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр согтуугаар буюу 1.73 промиль (%о) согтолттойгоор тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь хангалттай, эргэлзээгүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч К.Е нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ шүүхээр 2 удаа хасуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй гэдгээ мэдэж байсан атлаа дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь тогтоогдсон тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
6.Иймд шүүгдэгч К.Еы дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан... үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
11. Шүүгдэгч К.Еы гэм буруутай үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учраагүй тул түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүх хуралдаанд улсын яллагчаас “Шүүгдэгч К.Ед холбогдох хэргийн хувьд хохирогчоор тогтоогдсон иргэн, хуулийн этгээд байхгүй бөгөөд бусдад ямар нэгэн хохирол, хор уршиг учраагүй тул шүүгдэгчээс гаргуулах хохирол, нөхөн төлбөр байхгүй болно. Шүүгдэгч нь энэхүү гэмт хэргийг үйлдсэнээ мөрдөн байцаалтын шатнаас эхлэн сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлага хүлээхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн. Гэсэн түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн байгаа. Мөн шүүгдэгч нь өмнөх шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, тухайн шийдвэрийн хэрэгжилтэд хариуцлагагүй хандсан нөхцөл байдал нь түүний хувийн байдалд үнэлгээ өгөхөд нөлөөлж байна. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилго болох гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилгод нийцүүлэн шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэж байна. Шүүгдэгчийн урьд гэмт хэрэгт холбогдож байсан байдал, шүүхийн шийдвэрийг үл биелүүлсэн хандлага, түүний удаа дараа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаа үйлдэл нь нийгэмд аюултай байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг үндэслэн К.Еы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, энэхүү ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт эдлүүлэх саналтай байна” гэх дүгнэлтийг,
2. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Тилеуберди шүүхийн хэлэлцүүлэгт: “Шүүгдэгч К.Е нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах прокурорын саналыг багасгаж, нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэхээр тогтоож, уг ялыг Баян-Өлгий аймгийн нутагт эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.
3.Шүүгдэгч К.Е шүүхийн хэлэлцүүлэгт:”...Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй, Би одоо эрүүл мэндийн хувьд асаргаа шаардлагатай ээжийгээ ганцаараа асарч, хамгаалж байгаа. Торгох ял оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан болно.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч К.Еы үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлжээ.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заажээ.
7. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд шүүгдэгч К.Е нь 1.73 промиль (%о) согтолттой үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нөхцөл байдал, түүний удаа дараа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаа үйлдэл нь нийгэмд аюултай нөхцөл байдлыг үүсгэж байгаа зэргийг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй.
8.Шүүгдэгч К.Ед эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй,
9.Шүүгдэгч К.Е нь урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүхээр ял шийтгүүлсний дараа дахин энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон нь тогтоогдож байгааг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэх хүндрүүлэх нөхцөлд тооцох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
10.Шүүгдэгч К.Еы хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч нь 1984 онд төрсөн, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, бага боловсролтой, урьд нэг удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, түүний эх Т.Харшгаш асаргаатай байгаа гэх нөхцөл байдлууд тогтоогдож байна.
11. Иймд шүүхээс шүүгдэгч К.Ед эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, шударга ёсны, хууль ёсны, гэм буруугийн зарчмуудыг тус тус баримтлан К.Еы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн хор аюулын хэр хэмжээ буюу түүний удаа дараа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож байгаа хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн гэх хүндрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Ед тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 10 сарын хугацаагаар хорих ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж, 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч К.Е нь урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2.800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялыг эдэлж дуусгавар болоогүй байхдаа дахин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна.
Шүүгдэгч К.Е нь өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жолоодох эрхийг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялаас энэ шийтгэх тогтоол гарах үед 2 /хоёр/ сар, 08 /найм/ хоногийг эдэлсэн, одоо 1 /нэг/ жил, 3 /гурав/ сар, 22 /хорин хоёр/ хоног тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын үлдэгдэлтэй, мөн өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй болох нь шийдвэр гүйцэтгэгч А.Зердегээс ирүүлсэн К.Еы ялын тооцоо гэх баримтаар нотлогдож байна.
Иймд шүүхээс шүүгдэгч К.Еы гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй хувийн байдлыг харгалзан, түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Ед урьд тус шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 төгрөгөөр торгох ялаас эдлээгүй үлдсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил, 3 /гурав/ сар, 22 /хорин хоёр/ хоногийн хугацаагаар хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.0000 төгрөгөөр торгох ял,
Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч К.Ед Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 10 /арав/ сарын хугацаагаар хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ед оногдуулсан 10 /арав/ сар хорих ялыг эдэлж дууссаны дараа түүнд урьд тус шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялаас эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил, 3 /гурав/ сар, 22 /хорин хоёр/ хоног тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг эдлүүлж, үргэлжлүүлэн энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг тус тус эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 10 /арав/ сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
9. Шүүгдэгч К.Е нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, түүнд хорих ял оногдуулж, биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч К.Ед урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, өнөөдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.
10. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргавал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овогт Кйн Еыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Ед тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 10 /арав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч К.Ед оногдуулсан 10 /арав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Ед урьд тус шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 төгрөгөөр торгох ялаас эдлээгүй үлдсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил, 3 /гурав/ сар, 22 /хорин хоёр/ хоногийн хугацаагаар хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.0000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял,
Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч К.Ед Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 10 /арав/ сарын хугацаагаар хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ед энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 10 /арав/ сар хорих ялыг эдэлж дууссаны дараа түүнд урьд тус шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялаас эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил, 3 /гурав/ сар, 22 /хорин хоёр/ хоног тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг эдлүүлж, үргэлжлүүлэн энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг эдлүүлэхээр тус тус тогтоосугай.
6. Шүүгдэгч К.Е нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Ед урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, өнөөдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7.Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах гэмт хэргийн хохирол, хор уршиггүй, гаргавал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Б