Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/145

 

 

 

 

 

 

 

 

  

  

    2025        05           23                                         2025/ШЦТ/145                                                            

 

 

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

       

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Т даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б, 

улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А,   

хохирогч А.М,  

шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Т.Б,

шүүгдэгч А.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А-ээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б с овогт А С-д холбогдох эрүүгийн 2513000000074 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:                  

Монгол Улсын иргэн, Б с овогт А С, 20... оны .. дүгээр сарын ...-ны өдөр Баян-Өлгий аймгийн Толбо суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймаг Толбо сумын 1 дүгээр багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагaap тэнссэн, хэрэг хариуцах чадвартай, РД:БЙ....  

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч А.С нь: (1) 2025 оны 2 дугаар сарын 16-ны орой Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Сансар” хүүхдийн дэлгүүрийн гадна талд байрлуулсан хохирогч Б.А-ийн өмчлөлийн ... Б.. улсын дугаартай, “Toyota ist” загварын тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 3,000,000 төгрөгийн хохирол, 

(2) 2025 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч А.М-ийн хашаанд байрлуулсан ... Б... улсын дугаартай, “Porter” загварын тээврийн хэрэгслийн тэвшнээс болон болон амбаараас крышка 1 ширхэг, крышкний таг 1 ширхэг, агаарын шүүр 1 ширхэг, стартор 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 800,000 төгрөгийн хохирол, 

(3) 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар  багийн нутаг дэвсгэрт байрлах 403 дугаартай байрны гадна талын зогсоолд байрлуулсан хохирогч Т.Д-ий өмчлөлийн .... Б... улсын дугаартай “Toyota harrier” загварын тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 4,000,000 төгрөгийн хохирол,

(4) 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар баг, 32-03 тоот хашаанд байрлуулсан хохирогч “Х” ХХК-ны өмчлөлийн ... Б... улсын дугаартай “Hyundai Porter” загварын тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 8,000,000 төгрөгийн хохирол тус тус учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт,   

(5) 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Х.Б-ын өмчлөлийн “Samsung А-15” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 300,000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт, 

(6) 2025 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах тус аймгийн Прокурорын газрын урд талын тээврийн хэрэгслийн зогсоолд байрлуулсан хохирогч Е.Е-ы эзэмшлийн ... Б... улсын дугаартай “Toyota grand mark 2” загварын тээврийн хэрэгсэлд түлхүүр тааруулан онгойлгож, улмаар тухайн тээврийн хэрэгсэл дотор байсан 300,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.С, хохирогч А.М нараас гаргасан мэдүүлэг.  

1.Шүүгдэгч А.С мэдүүлэхдээ “...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Архинаас болж  гэмт хэрэгт орооцолдсон. Гэрлэлтээ цуцлуулснаас болж архинд орсон. Маш их гэмшиж байна. Хуулийн хөнгөлөлт үзүүлнэ үү. 3 сарын хугацаанд цагдан хоригдохдоо бүх зүйлийг ухаарсан. Тиймээс харамсаж байгаа тул хөнгөлөлт үзүүлнэ үү.

...хохирогч М-т 70,000 төгрөгийг хохирогч А-т 100,000 төгрөгийг төлж өгөх болно. А-ийн тээврийн хэрэгсэл куртка байгаагүй.

...Еы тээврийн хэрэгслийн хаалга нь онгорхой байсан” гэв.   

2. Хохирогч А.М мэдүүлэхдээ “...Ажлаасаа ирээд унтаж байхад эхнэр маань нэг хүн ирээд байна гэж хэлсэн. 11 цагийн үед босоход машины тээшинд байсан сэлбэг маань байхгүй байсан. Тэгээд гадаа гараад асуухад хэн ч хараагүй гэсэн. Сэлбэгээ бүрэн хүлээж авсан.

...шүүгдэгчээс 70,000 төгрөгийг төлүүлж авлаа” гэв.    

3. Эрүүгийн 2513000000074 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: иргэн Б.А-ээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 01 дахь тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 04-09 дэх тал/, хохирогч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 12, 14 дэх тал, 2 дахь хавтаст хэргийн 133  дахь тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 15-19 дэх тал/, шинжээч “Ашид Билгүүн” ХХК-ийн 2025 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн БӨА-25-0046 дугаартай үнэлгээний дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 29-33 дахь тал/, шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн криминалистикийн шинжээч ажилтай, цагдаагийн ахлах дэслэгч цолтой С.Р-гийн 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 15 дугаартай мөр судлалын дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 40-45 дэх тал/, яллагдагч А.С-н мөрдөн шалгах ажиллагааны  үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 61 дэх тал/, хохирогч Б.А-т тээврийн хэрэгслийг хүлээлгэж өгсөн тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 135 дахь тал/, иргэн А.М-ээс 2025 оны 2 дугаар сарын 16-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 68 дахь тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 71-74 дэх тал/, иргэн А.С-н биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 76-78 дахь тал/, иргэн К.М-аас эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 79-81 дэх тал/, иргэний нэхэмжлэгч К.Маар яллагдагч А.С-г таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 86-88 дахь тал/, хохирогч А.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд /1 дэх хавтаст хэргийн 91 дэх тал, 2 дахь хавтаст хэргийн 132 дахь тал/, гэрч К.М-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 93 дахь тал/, гэрч С.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 95 дахь тал/, иргэний нэхэмжлэгч К.М-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 98 дахь тал/, 2025 оны 2 дугаар сарын 16-ны өдөр иргэн А.С-н согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 99 дэх тал/, шинжээч “Ашид Билгүүн” ХХК-ийн 2025 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн БӨА-25-0051 дугаартай үнэлгээний дүгнэлт /1 дэх хавтаст 102-106 дахь тал/, яллагдагч А.С-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 117 дахь тал/, хохирогч А.М хулгайд алдсан эд зүйлсийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 136 дахь тал/, иргэн Т.Д-ээс 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 124 дэх тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 126-129 дэх тал/, хохирогч Т.Д-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 132, 134, 177 дахь тал/, гэрч А.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 136 дахь тал/, гэрч С.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 138 дахь тал/, шинжээч “Ашид билгүүн” ХХК-ийн 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн БӨА-25-0057 дугаартай үнэлгээний дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 142-146 дахь тал/,  иргэн А.С-аас тээрийн хэрэгслийг хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 151-152 дахь тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 153-157 дахь тал/, 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдөр иргэн А.С-н согтуурлын хэмжээг шалгасан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 159 дэх тал/, яллагдагч А.С-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 175 дахь тал/, хохирогч Т.Д-д тээврийн хэрэгслийг хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 180 дахь тал/, иргэн Б.Т-ээс 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 186 дахь тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 187-190 дэх тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 191-194 дэх тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д.Тийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд /1 дэх хавтаст хэргийн 202, 232 дахь тал/, гэрч М.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 204 дэх тал/, шинжээч “Ашид билгүүн” ХХК-ийн 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн БӨА-25-0066 дугаартай үнэлгээний дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 208-212 дахь тал/, яллагдагч А.С-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 229 дэх тал/, иргэн Х.Б-аас 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 241 дэх тал/, хохирогч Х.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд /1 дэх хавтаст хэргийн 247-248 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 42 дахь тал/, гэрч А.Х-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 01 дэх тал/, гэрч Т.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 03 дахь тал/, шинжээч “Ашид Билгүүн” ХХК-ийн 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн БӨА-25-0061 дугаартай үнэлгээний дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 07-11 дэх тал/, яллагдагч А.С-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 38-39 дэх тал/, иргэн Б.Е-аас 2025 оны 2 дугаар сарын 17-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 37 дахь тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 38-44 дэх  тал/, Мобиком корпорацийн Баян-Өлгий аймаг дахь салбарын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, СД бичлэг /2 дахь хавтаст хэргийн 45-46 дахь тал/, иргэн А.С-н биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 48-51 дэх тал/, хохирогч Е.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 55, 130 дахь тал/, яллагдагч А.С мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 89-90 дэх тал/, СД бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /2 дахь хавтаст хэргийн 128 дахь тал/, шүүгдэгч А.С-н хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг тус тус яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан болно.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

4. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч А.С-н холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

5. Хэргийн үйл баримтын талаар.    

Шүүгдэгч А.С нь 2025 оны 2 дугаар сарын 16-ны орой Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Сансар” хүүхдийн дэлгүүрийн гадна талд байрлуулсан хохирогч Б.А-ийн өмчлөлийн ... Б... улсын дугаартай, “Toyota ist” загварын тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 3,000,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:  

5.1. Иргэн Б.А-ээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 01 дахь тал/,

5.2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 04-09 дэх тал/,

5.3. Хохирогч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би 2025 оны 2 дугаар сарын 16-ны өдөр 20 цагийн орчимд Өлгий сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “Сансар” хүүхдийн дэлгүүрийн урд байрлах С гэх хүний ачааг буулгахаар болж, уг дэлгүүрийн зогсоолд өөрийн эзэмшлийн .... Б... улсын дугаартай шаргал өнгийн “Ист” загварын тээврийн хэрэгслийг байрлуулсан. Улмаар замын эсрэг талын С гэх хүний хашаанд Б, А, И, Б гэх хүмүүсийн хамт ачаа буулгаад 23 цагийн орчимд дуусгаад гэртээ харихаар машинаа байрлуулсан газарт ирэхэд миний тээврийн хэрэгсэл алга болсон байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн.

...би тээврийн хэрэгслээ хүлээн авсан. Миний тээврийн хэрэгсэлд ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 12, 14 дэх тал, 2 дахь хавтаст хэргийн 133  дахь тал/,

5.4. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 15-19 дэх тал/,

5.5. Шинжээч “Ашид Билгүүн” ХХК-ийн 2025 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн БӨА-25-0046 дугаартай “...2002 онд үйлдвэрлэгдсэн, 2011 оны 1 дүгээр сард импортлогдсон шаргал өнгийн Ист загварын тээврийн хэрэгсэл 3,000,000 төгрөг байх боломжтойг тодорхойлов.” гэх үнэлгээний дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 29-33 дахь тал/,

5.6.Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн криминалистикийн шинжээч ажилтай, цагдаагийн ахлах дэслэгч цолтой С.Р-гийн 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 15 дугаартай мөр судлалын “1.Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлсэн 1 гэж дугаарласан гарын мөр нь шинжилгээнд тэнцэж байна. 2, 3 гэж дугаарласан гарын мөр нь шинжилгээнд тэнцэхгүй байна. 2.4 Тэнцсэн гарын мөрийг гарын хээний нэгдсэн санд байгаа гарын дардас, мөрүүдтэй харьцуулахад А С /БЙ.../-н гарын дардас тохирч байна. 3. Ерөнхий болон хувийн шинж тэмдгээрээ тохирч байна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 40-45 дахь тал/,

5.7. Хохирогч Б.А-т тээврийн хэрэгслийг хүлээлгэж өгсөн тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 135 дахь тал/,

5.8. Яллагдагч А.С-н мөрдөн шалгах ажиллагааны  үед өгсөн: “...2025 оны 2 дугаар сарын 16-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Өлгий сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт Сансар хүүхдийн дэлгүүрийн урд байсан саарал өнгийн “Ист” машины түлхүүр тааруулан онгойлгож жолоодож авч явсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 61 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар;

6. Хэргийн үйл баримтын талаар.

Шүүгдэгч А.С нь 2025 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч А.М-ийн хашаанд байрлуулсан ... Б... улсын дугаартай, “Porter” загварын тээврийн хэрэгслийн тэвшнээс болон болон амбаараас крышка 1 ширхэг, крышкний таг 1 ширхэг, агаарын шүүр 1 ширхэг, стартор 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 800,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

6.1. Иргэн А.М-ээс 2025 оны 2 дугаар сарын 16-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 68 дахь тал/,

6.2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 71-74 дэх тал/,

6.3. иргэн А.С-н биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 76-78 дахь тал/,

6.4. Иргэн К.М-аас эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 79-81 дэх тал/,

6.5. Иргэний нэхэмжлэгч К.М-аар яллагдагч А.С-г таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 86-88 дахь тал/,

6.6. Хохирогч А.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Өлгий сумын 4 дүгээр багт эхнэр, хүүхдүүдийнхээ хамт оршин суудаг. Өөрийн эзэмшлийн ... Б... улсын дугаартай 2003 онд үйлдвэрлэгдсэн “Портер” загварын тээврийн хэрэгсэлтэй бөгөөд тухайн тээврийн хэрэгслийн моторт нь ээлж хийхээр засвар хийж байсан бөгөөд уг тээврийн хэрэгслийн крышка, крыкшкний таг болон агаарын шүүр гэх сэлбэгүүдийг портерын ачаанд тавьж, старторыг гэрийн амбаарын өрөөнд оруулж тавьсан байсан.

...Би өөрөө “Эрчим” ХХК-нд галч хийдэг бөгөөд өнөөдөр өглөө эрт ирээд амарчихсан байсан. Намайг өглөө ирээд харахад крышка болон бусад сэлбэгүүд байсан юм. Тэгээд би 11 цагийн үед сэрээд цайгаа уучихаад уг тээврийн хэрэгслийг засах гээд гарахад өглөө ачаанд байсан крышка, крышкний таг, агаарын шүүр гэх сэлбэгүүд алга болсон байсан, мөн гэрийн амбаарын өрөөнд байсан стартор алга болсон байсан.

...улмаар Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, цагдаа нартай хамт хайгаад явж байхад “Тирлик” зах дотор хуучин юм худалдаж авдаг хүнд зарчихсан байсан. Крышка тагтайгаа хамт 500,000 төгрөг, статор 300,000 төгрөг, агаарын шүүр 40,000 төгрөг болно.

...манай хашаанаас портер загварын тээврийн хэрэгслийн крышка 1 ширхэг, крышкний таг 1 ширхэг, агаарын шүүр 1 ширхэг, стартор 1 ширхэг зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан бөгөөд дээрх алдагдсан эд зүйлсийг цагдаагийн алба хаагч нар олж аваад надад бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн тул надад учирсан хохирол байхгүй” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 91 дэх тал, 2 дахь хавтаст хэргийн 132 дахь тал/,

6.7. Гэрч К.М-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар баг “Тирлик” зах дотор хүний дэлгүүрийн лангууд худалдагчаар ажилладаг юм. Тэгээд өнөөдөр буюу 2025 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн үдээс өмнө 10-11 цагийн үед санагдаж байна, үл таних 25-26 орчим насны улаан өнгийн куртиктэй, саарал өнгийн өмдтэй, урт түрийтэй гуталтай, жоохон архи үнэртүүлсэн эрэгтэй хүн ирж “хөнгөн цагаан авах уу” гэхээр нь би кг нь 3,500 төгрөгөөр авна гэж хэлсэн.

...тэгээд үл таних залуу надад крышка 1 ширхэг, крышкний хаалт 1 ширхэг, стартор 1 ширхэг, коллектор 1 ширхэгийг тус тус худалдан борлуулсан. Би түүнд 42,500 төгрөгийг бэлнээр өгсөн бөгөөд тэр залуу бэлэн мөнгийг аваад яваад өгсөн.

Улмаар 1 цаг орчим цагийн дараа нэг эрэгтэй, эмэгтэй хүн ирж дээрх эд зүйлсийг хайж явж байгаа талаар хэлж, үл таних залуугийн надад зарсан крышка 1 ширхэг, крышкний хаалт 1 ширхэг, стартор 1 ширхэг, коллектор 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайд алдсан эд зүйлс болох талаар хэлэхэд би тэр хүмүүст эд зүйлийг нь хүлээлгэж өгөхийг зөвшөөрсөн.

...Улмаар надад эд зүйлс зарсан үл таних залууг “Тирлик” зах дотор явж байхыг хараад барьж аваад шууд цагдаад дуудлага өгсөн юм.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 93 дахь тал/,

6.8. Гэрч С.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2025 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 10 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт байрлах гэртээ байсан бөгөөд нөхөр маань ээлжийн ажлаас бууж ирээд унтаж байхад манайд үл таних улаан өнгийн куртиктэй, саарал өнгийн өмдтэй, урт түрийтэй хар өнгийн гуталтай эрэгтэй хүн орж ирээд нэг хүний нэрийг хэлж “тэднийх хаана вэ” гэж надаас асуусан бөгөөд би “тийм хүнийг танихгүй юм байна” гэж хариулсан. Улмаар нөгөө үл таних эрэгтэй хүн манайхаас гараад явсан.

...тэр хүнийг явсны дараагаар 11 цаг болж байх үед нөхөр маань босоод машинаа засах гээд сэлбэгүүдээ хайхад манай байшингийн амбаарт байсан 1 ширхэг стартор, хашаанд дотор байсан Портер загварын тээврийн хэрэгслийн тэвшинд байсан крышка 1 ширхэг, крышкний таг 1 ширхэг, агаарын шүүр 1 ширхэг зэрэг нь хулгайд алдсаныг мэдсэн. Дээрх эд зүйлсийг тухайн өдрийн өглөө манайд орж ирсэн үл таних улаан өнгийн куртиктэй, саарал өнгийн өмдтэй, урт түрийтэй хар өнгийн гуталтай эрэгтэй хүн хулгайлж аваад зах дээр очиж зарсан юм байна лээ. Би уг залууг хараад шууд танина.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 95 дахь тал/,

6.9. Иргэний нэхэмжлэгч К.М-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2025 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн үдээс өмнө 10-11 цагийн үед санагдаж байна, үл таних 25-26 орчим насны улаан өнгийн куртиктэй, саарал өнгийн өмдтэй, урт түрийтэй гуталтай, жоохон архи үнэртүүлсэн эрэгтэй хүн ирж “хөнгөн цагаан авах уу” гэхээр нь би кг нь 3,500 төгрөгөө авна гэж хэлсэн.

...тэгээд үл таних залуу надад крышка 1 ширхэг, кришкний хаалт 1 ширхэг, стартор 1 ширхэг, коллектор 1 ширхэг тус тус худалдан борлуулсан. Би түүнд 42,500 төгрөгийг бэлнээр өгсөн бөгөөд тэр залуу бэлэн мөнгийг аваад яваад өгсөн. Улмаар 1 цаг орчмын дараагаар нэг эрэгтэй, эмэгтэй хүн ирж дээрх эд зүйлсийг хайж явж байгаа талаар хэлж үл таних залуугийн надад зарсан крышка 1 ширхэг, крышкний хаалт 1 ширхэг, стартор 1 ширхэг, коллектор 1 ширхэг эд зүйлсийг хулгайд алдсан эд зүйлс болох талаар хэлэхэд би тэр хүмүүст эд зүйлийг нь хүлээлгэж өгөхийг зөвшөөрсөн.

...Улмаар би надад эд зүйлс зарсан үл таних залууг “Тирлик” зах дотор явж байхыг хараад барьж аваад шууд цагдаа болон эд зүйлсийн эзнийг нь дуудаад хүлээлгэж өгсөн юм.

...би тэр залуугаас 42,500 төгрөгөө нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 98 дахь тал/,  

6.10. 2025 оны 02 дугаар сарын 16-ны өдөр иргэн А.С-н согтууруулын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 99 дэх тал/,

6.11. Шинжээч “Ашид Билгүүн” ХХК-ийн 2025 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн БӨА-25-0051 дугаартай “...крышка 1 ширхэг нь 450,000 төгрөг, крышкний таг 1 ширхэг нь 50,000 төгрөг, стартор 1 ширхэг нь 250,000 төгрөг, агаарын шүүр 1 ширхэг нь 50,000 төгрөг байх боломжтойг тодорхойлов” гэх үнэлгээний дүгнэлт /1 дэх хавтаст 102-106 дахь тал/,

6.12. Яллагдагч А.С-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Өлгий сумын 4 дүгээр багт байрлах тэр айлын хашаанаас крышка, крышкний таг, шүүр, стартор зэрэг эд зүйлийг хулгайлан авч, зах дээр очиж, зэс хөнгөн цагаан авдаг хүмүүст зарж 42,500 төгрөгөөр зарсан. Харин тэр өдөр цагдаа нар тухайн эд зүйлийг хурааж авсан юм байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 117 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар;

7. Хэргийн үйл баримтын талаар.

Шүүгдэгч А.С нь 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар  багийн нутаг дэвсгэрт байрлах 403 дугаартай байрны гадна талын зогсоолд байрлуулсан хохирогч Т.Д-ий өмчлөлийн ... Б... улсын дугаартай “Toyota harrier” загварын тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 4,000,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Үүнд: 7.1. Иргэн Т.Д-ээс 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 124 дэх тал/,

7.2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 126-129 дэх тал/,

7.3. Хохирогч Т.Д-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие ... Б... улсын дугаартай “Toyоta Harrier” загварын саарал өнгийн тээврийн хэрэгсэлтэй юм. Уг тээврийн хэрэгслийг би 2024 онд хүний гараас 6,000,000 төгрөгөөр худалдан авч байсан. Тухайн тээврийн хэрэгслийг манай эхнэр А.А нь өнөөдөр ажилдаа явж ирэхдээ унасан ба 16 цагийн үед ажлаасаа ирэхдээ манай одоо оршин сууж байгаа байр буюу Өлгий сумын Засаг даргын тамгын газрын хойд талд байрлах 403 тоот байрны гадна гараажны гадна талын зогсоолд үлдээсэн.

Үүнээс 30 орчим минутын дараа манай эхнэр А.А нь машинаа унахаар очиход машин байгаа газартаа байгаагүй, алдагдсан байсан тул цагдаагийн байгууллагад гомдол гаргах болсон. Өнөөдөр уг тээврийн хэрэгслийг манай эхнэр унаж явсан.

...Би өөрийн алдагдсан тээврийн хэрэгслээ хүлээж авсан. Миний тээврийн хэрэгсэлд ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй байсан. Надад гомдол санал байхгүй.

...Миний тээврийн хэрэгслийг хулгайлсан хүнд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгөхийг хүсэж байна.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 132, 134, 177 дахь тал/,

7.4. Гэрч А.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би тухайн өдөр буюу 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдөр нөхөр болох Т.Д-ы эзэмшлийн ... Б... улсын дугаартай “Toyоta Harrier” загварын тээврийн хэрэгслийг унаад 09 цагийн үед ажилдаа очоод гэртээ 16 цагийн үед ирж тээврийн хэрэгслээ одоо оршин сууж байгаа байр болох 403 дугаар байрны гадна талын зогсоолд үлдээсэн.

...Би гэртээ ороон халуун усанд орж 30-40 минутын дараа гараад буцаад ажил руугаа явах гэтэл миний зогсоолд үлдээсэн тээврийн хэрэгсэл алдагдсан байсан тул шууд нөхөр болох Т.Д-д хэлсэн. Манай тээврийн хэрэгслийн түлхүүр нь эвдэрсэн тул шууд утсыг нь холбож асаадаг.

...Уг нь би тээврийн хэрэгслээ дотор талаас нь түгжээд гадна талаас нь хаах ёстой байсан боловч тухайн өдөр мартаад тээврийн хэрэгслээ түгжээгүй үлдээсэн. Үүнээс болж манай тээврийн хэрэгсэл алдагдсан гэж бодож байна.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 136 дахь тал/, 

7.5. Гэрч С.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие тухайн өдөр буюу 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдөр тус цагдаагийн газарт жижүүрийн жолоочийн үүрэг гүйцэтгэж байсан ба мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Д нь хэргийн газрын үзлэг хийхээр болж би Өлгий сумын 13 дугаар багт хүргэх өгсөн.

...мөрдөгч Б.Д нь үзлэг хийх хооронд манай аймгийн цагдаагийн газрын дотоод группт ... Б... улсын дугаартай саарал өнгийн “Toyota Harrier” загварын тээврийн хэрэгсэл хулгайд алдагдсан талаар мэдээлэл ирснийг анзаарч харсан юм. Тэгээд би гудамжинд гараад явж байхад Өлгий сумын 13 дугаар багт “Цаст сайр” гэх хүнсний дэлгүүрийн гадна уг алдагдсан гэх ... Б... улсын дугаартай саарал өнгийн “Toyota Harrier” загварын тээврийн хэрэгсэл зам дагуу явж байхыг анзаарч хараад очоод зогсоосон юм.

...Намайг “зогс” гэхэд уг тээврийн хэрэгсэл шууд зогсох ба тухайн тээврийн хэрэгслийг шалгахад А.С гэх залуу унаж явж байсан. Тэгээд би шууд цагдаагийн жижүүрт мэдэгдсэн” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 138 дахь тал/,

7.6. Шинжээч “Ашид билгүүн” ХХК-ийн 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн БӨА-25-0057 дугаартай “...1998 онд үйлдвэрлэгдсэн, 2006 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсад импортлогдсон саарал өнгийн “Toyota harrier” загварын тээврийн хэрэгсэл 2025 оны 3 дугаар сарын байдлаар 4,000,000 төгрөгийн үнэтэй байх боломжтой” гэх үнэлгээний дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 142-146 дахь тал/, 

7.7. Иргэн А.С-аас тээврийн хэрэгсэл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 151-152 дахь тал/,

7.8. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 153-157 дахь тал/,

7.9. 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдөр А.С-н согтууруулын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 159 дэх тал/,

7.10. Яллагдагч А.С-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ энэ гэмт хэрэгт холбогдсон байна. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад өөр мэдүүлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 175 дахь тал/,

7.11. хохирогч Т.Д-д тээврийн хэрэгслийг хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 180 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар;

8. Хэргийн үйл баримтын талаар.

Шүүгдэгч А.С нь 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар баг, 32-03 тоот хашаанд байрлуулсан хохирогч “Х” ХХК-ны өмчлөлийн ... Б... улсын дугаартай “Hyundai Porter” загварын тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 8,000,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, эргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

8.1. Иргэн Б.Д.Т-ээс 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 186 дахь тал/,

8.2. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 187-190 дэх тал/,

8.3. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 191-194 дэх тал/,

8.4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний бие Өлгий сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Өнөөдөр буюу 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Өлгий сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ манай байгууллагын нэр дээр байдаг “Супер Портер” хэмээх .... Б... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ирсэн ба гэртээ ороод үдийн цайгаа уугаад сууж байтал гадна байрлах манай байгууллагын машиныг хэн нэгэн асаасан старторын чимээ гаргаж байхыг сонсоод тээврийн хэрэгслийг хэн унаад манай гэрийн хашааны хаалгаар гарч байхыг хараад би араас нь гүйсэн юм.

...машины хойд талын цонхоор харахад эрэгтэй хүн унаад явж байсан ба би машинаа алдчих вий гэж бодоод гудамж дамжиж машиныхаа араас гүйсээр байгаад манай гэрээс ойролцоогоор 2 км орчим зайтай байрлах өсгүүр газарт .... дугаартай тээврийн хэрэгсэл хүч алдаж зогсох үед гүйж очоод жолооч талын хаалгыг нээж машиныхаа түлхүүрийг сугалаад авсан.

Уг хулгайд алдагдсан тээврийн хэрэгсэл дотор 25-30 орчим насны, цэнхэр өнгийн хүрэмтэй согтуу залуу ганцаараа сууж байсан, тухайн үйл явдлыг машин зогссон газрын хажууд байх айлын 50-60 орчим насны ах хүү харж байсан ба нөгөө согтуу залууг тээврийн хэрэгслээс буулгахад тусалсан юм. Би .... дугаартай тээврийн хэрэгслийг цагдаа нар ирэхээс өмнө хөдөлгөж гэрийнхээ хажууд аваачиж тавьсан. Улмаар би цагдаагийн байгууллагад дуудлага өгч, цагдаа нар тухайн машин хулгайлсан С гэх залуу болон намайг цагдаад дагуулж ирсэн.

...тээврийн хэрэгсэлд хохирол учраагүй тул гаргаж өгөх баримт байхгүй. Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 202, 232 дахь тал/,

8.5. Гэрч М.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн өдөр би гадуур ажил хөөцөлдөж яваад гэртээ 15 цаг өнгөрөөд ирсэн байх ба гэртээ цай ууж байгаад гэрийнхээ цонхоор хартал цагаан өнгийн портер загварын машиныг цэнхэр өнгийн куртиктэй залуу унаж манай гэрээс 10 метр орчим зайтай ирээд хүч алдуулан унтараасан ба араас нь хар өнгийн куртиктэй залуу гүйж ирээд уг жолоочийг суудлаас нь татаж буулгаж тэр хоёр тухайн газарт маргалдаж байсан тул би нөхцөл байдлыг тодруулахаар гэрээс гарч очтол цэнхэр өнгийн куртиктэй залуу согтуу зогсож байсан ба түүний хажууд зогсох хар өнгийн куртиктэй залуу надад хандаж “энэ залуу миний машиныг авч зугтаасан ба хойноос нь гүйж ирээд барьж авлаа” гэж надад хэлсэн.

...Авч зугтаасан тээврийн хэрэгсэл нь цагаан өнгийн портер загварын тээврийн хэрэгсэл байсан, улсын дугаарыг нь сайн санахгүй байна. Цэнхэр өнгийн куртиктэй согтуу залуу нь өөрийгөө Толбо сумынх, С гэдэг нэртэй гэж өөрийгөө танилцуулж байсан юм.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 204 дэх тал/,  

8.6. Шинжээч “Ашид билгүүн” ХХК-ийн 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн БӨА-25-0066 дугаартай “...2002 онд үйлдвэрлэгдсэн, 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсад импортлогдсон “Хьюндей портер” загварын тээврийн хэрэгсэл 2025 оны 3 дугаар сарын байдлаар 8,000,000 төгрөгийн үнэтэй байх боломжтой” гэх үнэлгээний дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 208-212 дахь тал/,

8.7. Яллагдагч А.С-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан бөгөөд тухайн өдөр болсон үйл явдлын талаар сайн мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 229 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар;

9. Хэргийн үйл баримтын талаар.

Шүүгдэгч А.С нь 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Х.Б-ын өмчлөлийн “Samsung А-15” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 300,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:    

9.1. Иргэн Х.Б-аас 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 241 дэх тал/,

9.2. Хохирогч Х.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2025 оны 3 дугаар сарын 13-ны өдөр би хажуудаа Б гэдэг залуутай хамт нэг айлын нүүрсийг хагалж өгөөд хэдэн төгрөгөө аваад манай гэрийн хажууд байсан. Тэгж байхад нэг залуу хүрээд ирсэн. Урьд өмнө харж байгаагүй залуу байсан. Тэр залуу тухайн үед согтуу байсан. Тэгээд тэр залуутай танилцахад өөрийгөө “намайг С гэдэг, би том ачааны машинтай, тэр машинаараа нүүрс зөөдөг, та хэд надад нүүрс буулгахад тусалж мөнгө авч болно шүү, би та нарт нүүрс өгье” гэж хэлсэн.

...тэгээд танилцаад манай гэрт орж сууцгаасан. Тэp залуу нэг шил архи авч ирээд хийсэн бөгөөд манай гэрт бас хэдэн залуусын хамт архи уусан. Тухайн үед 4 шил архийг бүгдийг нь тэр залуу авч ирсэн. Бид нар бүгдээрээ уг архинаас уусан бөгөөд бүгдээрээ тэр өдөр унтацгаасан. Нөгөө заnyy ч гэсэн манай гэрт хоносон. Тэгээд өглөө болоод босоод би цайгаа чанаж байхад нөгөө залуу манай гэрийн гадна талд Б гэдэг залуугийн хамт зогсож байсан.

...тэгээд орж ирээд манай гэрт ус ууж байгаад надад “та утсаа өгч байгаач, би нэг утсаар ярих хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэгээд би юм бодолгүй өгөөд явуулсан. Тэгэхэд тэр залуу утсаар яриад манай гэрээс гарсан бөгөөд тэр чигтээ яваад өгсөн. Хэсэг хугацааны дараа нөгөө залуу хүрч ирсэн. Ирэхдээ “Хараа” нэртэй 0,75 литрийн нэг шил архи авч ирсэн. Түүнийг манай гэрт Х, Х нарын хамт уусан. Тухайн үед Х, Х нар тэр залуугаас нүүрс авахаар тохиролцож, бараг нүүрсний мөнгөө өгөх дөхсөн.

...бид нар бүгдээрээ тэр залуугаас нүүрс авахаар болсон юм. Тэгээд тэр архийг уугаад сууж байхад би тэр залуугаас утсаа асуухад нөгөө залуу надад “одоо портер машинаар нүүрс ирж байгаа, би таны утсыг тэр портер машины дотор цэнэглэж тавьсан байгаа” гэж хэлсэн. Бид нар түүний үгэнд итгээд “нүүрс авна” гэж бодоод архи уугаад сууж байсан. Тэгтэл портер ч ирээгүй, миний утас ч байхгүй болсон. Нөгөө залуу өөрөө согтчихсон. Тэгээд би тэр залуу надад худлаа хэлж утас авсан талаар мэдсэн.

...тэгэхэд манай хөрш болох Х нь “цагдаад хэлье, энэ арай биш ээ” гэж хэлээд цагдаад дуудлага өгсөн юм. Цагдаад ирсний дараагаар л түүний нэрийг С гэдэг, Толбо сумын залуу болохыг мэдсэн. Түүнд том ачааны машин ч байхгүй, нүүрс зардаг ч хүн биш болж гарсан. Болсон асуудал энэ.

...надад сэтгэцэд учирсан хохирол гээд байх юм байхгүй. Би гарсан хохирол болох 300,000 төгрөгөө авчихвал болно. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 247-248 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 42 дахь тал/,

9.3. Гэрч А.Х-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...архи ууж сууж байхад Б нь тэр залуугаас “ярьчихаад өгье гэж авсан миний гар утас хаана байгаа юм бэ” гэж асуухад нөгөө өөрийгөө С гэж танилцуулсан залуу портерын дотор цэнэглэсэн байгаа, одоо нүүрс авч ирж буулгана тэр үед авна” гэж хэлсэн.

...бид нар архи ууж дуусгаад би яваад өгсөн ба бусад нь Б гэрт үлдсэн юм. Тэрний дараагаар юу болсон талаа мэдэхгүй байна. Миний ойлгосноор бол тэр С гэдэг залуу өөрийгөө нүүрсэнд явна гэж хэлээд өмнөх өдөр нь Б гэрт хонож гарсан юм байна. Тэгээд өглөө нь Б гар утсыг аваад явсан байна. Ирэхдээ гар утасгүй ирсэн. Түүнээс Б өөрийн гар утсаа нэхэж асуухад “нүүрс авч ирж байгаа портерын дотор байгаа” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 01 дэх тал/,   

9.4. Гэрч Т.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн өдөр буюу 2025 оны 03 дугаар сарын 14-ний өглөө 10 цагийн орчимд манай хөрш болох Б гэдэг залуу өөрөө манай гэрт ирж “өчигдөр манай гэрт нэг залуу хоносон, тэр залуу өглөө миний гар утсыг нэг хүнтэй ярьчихаад өгье гэж хэлээд авсан, одоо хүртэл авчирч өгөөгүй, чи миний дугаар луу залгаад үзээч” гэж хэлсэн.

...тэгэхэд би түүний 95423934 дугаар луу нь залгахад “холбогдох боломжгүй” байсан. Тэгээд би Б хамт түүний гэрт очоод сууж байхад гадаа Х гэдэг залуу орж ирсэн. Тэгээд бид гурав гараад засмал зам дээр очиж тэр залууг хайж байхад тэр залуу “Шар кран” талаас гүйгээд ирсэн. Тухайн үед тэр залуугийн гарт нэг шил “Хараа” нэртэй архи байсан. Тэр архийг бид дөрөв хувааж уусан.  

...тэр залуугаас Б гар утсаа асуухад тэр залуу өөрийгөө “С” гэж хэлээд Дэлүүн сумын иргэн гэж танилцуулсан. Ѳөөрийгөө том ачааны машинтай нүүрсэнд явдаг, би энэ хашааг нүүрсээр дүүргэх болно гэж ярьж байсан. Би түүнээс нүүрсний үнэ асуухад портер машинаар хүргэж өгөхөд 1 тонн нүүрс 120,000 төгрөг гэж хэлсэн. Би түүнд хандаж бусад нүүрсний жолооч нар хүргэж өгөхөд 1 тонныг нь 160.000 гэж байгаа шүү дээ, чинийх тийм хямд юм бол би нэг тонн нүүрс авна гэж хэлсэн байсан.

...тэгээд сууж байхад Х яваад өгсөн. Дараа нь нөгөө залуу дахиад “Хараа” нэгтэй 0,75 литрийн архи авч ирсэн. Бид нар тэр архийг уусан. Б утсаа тэр залуугаас дахин дахин асуусан боловч “Портер одоо ирнэ” гэж хэлээд сууж байсан. Тэгэхээр нь би Б “та битгий ингэж суугаарай, цагдаа дуудаад наадахаа өгөөд явуул” гэж хэлээд өөрийн утсаар би цагдаагийн газарт холбож өгсөн юм.” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 03 дахь тал/,

9.5. Шинжээч “Ашид Билгүүн” ХХК-ийн 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн БӨА-25-0061 дугаартай “...Samsung A15 загварын гар утас 300,000 төгрөг байх боломжтой” гэх үнэлгээний дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 07-11 дэх тал/,

9.6. Яллагдагч А.С-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би тухайн үед тэр хүмүүстэй хамт архи уусан болохоос биш гар утсыг аваагүй. Гар утасны талаар мэдэхгүй” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 38-39 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар;

10. Хэргийн үйл баримтын талаар.

Шүүгдэгч А.С нь 2025 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах тус аймгийн Прокурорын газрын урд талын тээврийн хэрэгслийн зогсоолд байрлуулсан хохирогч Е.Е-ы эзэмшлийн .... Б... улсын дугаартай “Toyota grand mark 2” загварын тээврийн хэрэгсэлд түлхүүр тааруулан онгойлгож, улмаар тухайн тээврийн хэрэгсэл дотор байсан 300,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Үүнд: 10.1. Иргэн Б.Е 2025 оны 2 дугаар сарын 17-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 37 дахь тал/,

10.2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 38-44 дэх  тал/,

10.3. Мобиком корпорацийн Баян-Өлгий аймаг дахь салбарын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, СД бичлэг /2 дахь хавтаст хэргийн 45-46 дахь тал/,

10.4. Хохирогч Е.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах үйл ажиллагаа явуулдаг “Эрчим баян” ХХК-ийн дулаан дамжуулах төвд ээлжийн слесариар ажил үүрэг гүйцэтгэдэг бөгөөд 2025 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 08 цагаас 2025 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 08 цагийн хооронд 24 цагаар үүрэг гүйцэтгэсэн юм.

...тэгээд орой 20 цаг өнгөрч байх үеэр хоол хийж идэх зорилгоор гэрээс авчирсан буузаа авах гэж машин дээрээ иртэл машины маань 4 талын цонх нь онгорхой, мөн доторх эд зүйлс ухсан, эмх замбараагүй байдалтай байхаар нь би гайхаад урд талын хайрцгаа нээгээд үзсэн чинь уг хайрцаг дотор байсан эхнэртээ бэлэг авах гэж хадгалж, цуглуулсан бэлэн 300,000 төгрөг маань алга болсон байсан.

...улмаар би Мобиком руу орж харуултай уулзаж гадна талын камерыг үзсэн бөгөөд камерын бичлэг дээр аймгийн цагдаагийн газар чиглэлээс улаан өнгийн куртиктэй үл таних залуу ирж миний машинд түлхүүр тааруулж нэлээд оролдож байсны эцэст машины жолооч талын хаалгыг онгойлгож дотогшоо орж суугаад ойролцоогоор 10-15 орчим сууж байгаад доторх бүх эд зүйлсийг ухаж үзээд урд талын хайрцагт байсан бэлэн 300,000 төгрөгийг хулгайлж авч явсан байна. Бэлэн мөнгөнөөс өөр зүйл байгаагүй.

...надад учруулсан хохирлыг нөхөн төлж өгөөгүй байна. Би 300,000 төгрөгийг нэхэмжилж байна.

...тухайн үед би тээврийн хэрэгслийн хаалгыг бүрэн түгжиж цоожилсон. Хулгай хийсэн хүн нэлээн удаж байгаад түлхүүр тааруулж онгойлгосон байна” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 55, 130 дахь тал/,

10.5. СД бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /2 дахь хавтаст хэргийн 128 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон байна.

11. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа, мөн мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв нотлох баримтууд гэж үнэлэв.   

12. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “...прокурорын яллах дүгнэлтэд дурдаж, шүүхийн хэлэлцүүлгээр судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.С-н нарын үйлдсэн гэмт хэрэг нь тус тус тогтоогдсон тул шүүгдэгчийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай” дүгнэлтийг, шүүгдэгч А.С “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбарыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийлгэсэн, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, Хохирогч Б гар утсыг авсан хэргийн зүйлчлэлийг анхаарч өгнө үү, гэхдээ үйлдэл дээр маргахгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.     

Эрх зүйн дүгнэлт.  

13. “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан”-аар, хүндрүүлэх шинжийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1. “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрсэн;”-ээр тодорхойлжээ.  

14. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.

15. Хүн амьдрах орон байр, хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй, эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх ба хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан гэмт хэргийн энэхүү шинжээр хүндрүүлэн зүйлчлэхээр тогтоожээ.

16. Мөн эзэмшигч, өмчлөгч нь тухайн эд хөрөнгөө бусдын хууль бус халдлагаас сэргийлэн тээврийн хэрэгслийн хаалгыг түгжиж, цонхыг хааж битүүмжлэн орхиж явснаас үзэхэд өөрийн тээврийн хэрэгслийг тухайн цаг хугацаанд эд зүйлээ хадгалах агуулах савны зориулалтаар түр ашигласан гэж үзэх ба тээврийн хэрэгсэл нь хүн болон ачаа тээвэрлэх үндсэн зориулалттай боловч тэрхүү тээврийн хэрэгслийг эд зүйл хадгалах агуулах савны зориулалтаар түр ашиглаж байгаа бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “...тусгайлан хамгаалсан агуулах” гэж ойлгоно.

17. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дээрэмдэх” гэмт хэргийн үндсэн шинжийг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авснаар тодорхойлсон байх ба бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч явсан, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломжийг өөртөө бүрдүүлсэн идэвхтэй үйлдэл байна.

18. Шүүгдэгч А.С-н (1) 2025 оны 2 дугаар сарын 16-ны орой Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Сансар” хүүхдийн дэлгүүрийн гадна талд байрлуулсан хохирогч Б.А-ийн өмчлөлийн .... Б... улсын дугаартай, “Toyota ist” загварын тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 3,000,000 төгрөгийн хохирол,  (2) 2025 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч А.М-ийн хашаанд байрлуулсан .... Б... улсын дугаартай, “Porter” загварын тээврийн хэрэгслийн тэвшнээс болон болон амбаараас крышка 1 ширхэг, крышкний таг 1 ширхэг, агаарын шүүр 1 ширхэг, стартор 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 800,000 төгрөгийн хохирол,  (3) 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар  багийн нутаг дэвсгэрт байрлах 403 дугаартай байрны гадна талын зогсоолд байрлуулсан хохирогч Т.Д-ий өмчлөлийн .... Б.... улсын дугаартай “Toyota harrier” загварын тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 4,000,000 төгрөгийн хохирол, (4) 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар баг, 32-03 тоот хашаанд байрлуулсан хохирогч “Х” ХХК-ны өмчлөлийн .... Б.... улсын дугаартай “Hyundai Porter” загварын тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 8,000,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулж байна.

19. Шүүгдэгч А.С нь хохирогч Б.А-ийн тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахдаа хохирогчийн хүрмийг хамт хулгайлсан гэх нөхцөл байдал эрүүгийн хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй.

20. Шүүгдэгч А.С нь хохирогч А.М-ийн орон байранд нэвтрэхдээ тухайн цаг хугацаанд байшингийн хаалга нь нээлттэй, нэвтрэхийг хориглосон орон зай бус байх ба шүүгдэгч А.С нь хохирогч А.М-ийн байшинд айл асуухаар ороод буцаж гарахдаа үүдний амбаараас тээврийн хэрэгслийн старторыг сэм хулгайлж авсан нь хохирогч А.М, гэрч С.А нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч А.С-н дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдэх гэмт хэргийн шинжгүй байна.

21. Шүүгдэгч А.С нь 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Х.Б-ын өмчлөлийн “Samsung А-15” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 300,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Х.Б, гэрч А.Х, Т.Х нарын өгсөн мэдүүлгээр бүрэн тогтоогдсон, эдгээр нотлох баримтуудаас дүгнэж үзэхэд тухайн цаг хугацаанд шүүгдэгч А.С нь хохирогч Х.Б-ын “Samsung A15” загварын гар утсыг “хүнтэй ярьчихаад өгнө” гэж авчихаад утсаар ярих, эсхүл бусадтай ярих боломжгүй нөхцөлд хохирогчид тэр даруй буцааж өгөөгүй, дур мэдэж гадаа авч явсан, улмаар шүүгдэгч А.С нь буцаж ирэхэд нь хохирогч Х.Б-аас “гар утсаа буцааж өг” гэж шаардахад уг гар утсыг сайн дураараа буцааж өгөөгүй ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч “Дээрэмдэх” гэмт хэргийн шинжийг агуулж байна.

22. Мөн шүүгдэгч А.С нь 2025 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах тус аймгийн Прокурорын газрын урд талын тээврийн хэрэгслийн зогсоолд байрлуулсан хохирогч Е.Е-ы эзэмшлийн .... Б... улсын дугаартай “Toyota grand mark 2” загварын тээврийн хэрэгсэлд түлхүүр тааруулан онгойлгож, улмаар тухайн тээврийн хэрэгсэл дотор байсан 300,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдэх гэмт хэргийн шинжийг агуулжээ.

23. Учир нь, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хохирогч Е.Е нь 2025 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, тус аймгийн Прокурорын газрын урд талд байрлах тээврийн хэрэгслийн зогсоолд өөрийн эзэмшлийн ... Б... улсын дугаартай “Toyota grand mark 2” загварын тээврийн хэрэгслийг байрлуулж, дотор талын хайрцаганд 300,000 төгрөгийг түр хадгалах зориулалтаар үлдээж, бусдын хууль бус халдлагаас сэргийлж тээврийн хэрэгслийн  хаалгыг түгжиж, цонхыг хааж битүүмжлэн орхиж явснаас дүгнэхэд хохирогч нь өөрийн тээврийн хэрэгслийг тухайн үед эд зүйлээ хадгалах агуулах савны зориулалтаар түр ашигласан гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгсэл нь хүн болон ачаа тээвэрлэх үндсэн зориулалттай боловч тэрхүү тээврийн хэрэгслийг эд зүйл хадгалах агуулах савны зориулалтаар түр ашиглаж байгаа болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Мобиком корпорацийн Баян-Өлгий аймаг дахь салбарын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, СД бичлэг, СД бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.

24. Шүүгдэгч А.С-н дээрх үйлдлүүд нь идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал шунахайн сэдлээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан, үйлдэл тус бүр нь төгссөн, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

25. Иймд улсын яллагчийн гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй тул хүлээн авч, шүүгдэгч А.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,  мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч “Дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.   

26. Харин улсын яллагчаас шүүгдэгч А.С-н хохирогч Е.Е-ы тээврийн хэрэгслээс 300,000 төгрөгийг хулгайлсан үйлдлийг зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3. “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байх ба шүүгдэгч А.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүндрүүлэх шинжтэй “Хулгайлах” гэмт хэргийг үйлдэхдээ нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

27. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн согтуурсан байдал, амар хялбар аргаар хөрөнгөтэй болох гэсэн зорилго, гэм буруугийн санаатай хэлбэр, шунахайн сэдэлт нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

28. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 5. “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно.” гэж хуульчилжээ.  

29. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 510 дугаар зүйлийн  510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан байна.

30. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.С-н үйлдсэн “Хулгайлах”, “Дээрэмдэх” гэмт хэргийн улмаас хохирогч Б.А 3,000,000 төгрөгийн хохирол, 100,000 төгрөгийн хор уршиг, хохирогч А.М-т 800,000 төгрөгийн хохирол, 70,000 төгрөгийн хор уршиг, иргэний нэхэмжлэгч К.М-д 42,500 төгрөгийн хор уршиг, хохирогч Т.Д-д 4,000,000 төгрөгийн, хохирогч “Х” ХХК-нд 8,000,000 төгрөгийн, хохирогч Е.Е-д 300,000 төгрөгийн, хохирогч Х.Б 300,000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч нараас гаргасан мэдүүлэг, тайлбар, эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогджээ.

31. Харин шүүгдэгч А.С нь хохирогч Б.А-ийн хүрмийг хулгайлсан гэх нөхцөл байдал тогтогдоогүй, мөн хохирогч Б.А-ээс шатахууны мөнгийг нэхэмжилсэн боловч нотлох баримтаа мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд гаргаж өгөөгүй байна. 

32. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн хохирол болох хохирогч Б.А-ийн 3,000,000 төгрөг, хохирогч Т.Д-ы 4,000,000 төгрөг, хохирогч “Х” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Т-ийн 8,000,000 төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгслүүд, хохирогч А.М-ийн эзэмшлийн 800,000 төгрөгийн үнэлгээтэй эд зүйлсийг тус тус биет байдлаар шүүгдэгч А.С, иргэний нэхэмжлэгч К.М нараас хураан авч, хүлээлгэж өгсөн, шүүхийн шатанд шүүгдэгч А.С нь хохирогч Е.Е-д 300,000 төгрөгийг, хохирогч Х.Б-ад 300,000 төгрөгийг, хохирогч А.М-т 70,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч К.М-д 42,500 төгрөгийг тус тус төлж өгсөн нь эдгээр хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын шүүхийн шатанд гаргаж өгсөн гарын баримт, тэмдэглэлээр тус тус нотлогджээ.

33. Хохирогч Б.А нь гадаад улс руу явж гар утас нь холбогдохгүй байгаа тул шүүгдэгч А.С-аас гэмт хэргийн хор уршиг болох бэлнээр авчирсан 100,000 төгрөгийг хохирогч Б.Ат өгөх боломжгүй болсон тул шүүхэд бэлнээр гаргаж өгсөн. Шүүхээс шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц уг 100,000 төгрөгийг хохирогч Б.А-т бэлнээр олгох, эсхүл гүйцэтгэх хуудас бичиж шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар хохирогч Б.А-т олгох нь зүйтэй гэж үзлээ.

34. Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч А.С нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.

35. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гэмт хэргийн хор уршигт шүүгдэгч А.С-аас нэхэмжлэх зүйл байгаа гэж үзвэл тус тус нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар дахин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

36. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “...шүүгдэгч А.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял,  мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, өмнөх шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр тэнссэнийг хүчингүй болгож, шүүгдэгч А.С-н эдлэх хорих ялыг 3 жил 8 сарын хугацаагаар тогтоох” дүгнэлтийг,

37. Хохирогч А.М-ээс “эрүүгийн хариуцлагын талаар хэлэх зүйл байхгүй” гэх тайлбарыг,

38. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгч А.С-н үйлдсэн гэмт хэргийн хохирол нь бага, учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлаж, хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулах” дүгнэлтийг,

39. Шүүгдэгч А.С-аас “...хөнгөн ял оногдуулах” тайлбарыг тус тус  гаргасан болно.

40. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1. “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч А.С-н үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.  

41. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг гэж заасныг тус тус удирдлага болгов.

42. Шүүгдэгч А.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2. “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

43. Шүүгдэгч А.С-н хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч нь 2000 онд төрсөн, ам бүл 3, эцэг эхийн хамт амьдардаг, урьд нь хулгайлах гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байсан нь тогтоогджээ.  

44. Шүүгдэгч А.С нь “Хулгайлах” гэмт хэргийг хэдийгээр өөр өөр цаг хугацаанд үйлдсэн бүрдэл төгсгөлтэй, өөр өөр цаг хугацаа, орон зайд үйлдсэн боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг зүйл, хэсэгт заасан, халдлагын объект, зүйл нэгтэй нэг төрлийн буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн ердийн бүрэлдэхүүнтэй үйлдсэн 4 удаагийн үйлдлийг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, нэг л удаа эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь эрүүгийн эрх зүйн хууль ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэж, түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.       

45. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно: ...1.3. “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах;”” гэж заасан байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хуулийн зохицуулалтыг хэрэглэх эсэх нь шүүхийн бүрэн эрхэд хамаарах бөгөөд  шүүх шударга ёсны зарчимд нийцүүлэн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан үзэж хуулийн дээрх хэм хэмжээг хэрэглэх эсэхээ шийдвэрлэнэ.

46. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 4. “Ял оногдуулахыг тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд шүүхээс даалгасан үүргийг биелүүлээгүй хүнд ял оногдуулахад энэ бүлэгт заасан журмыг хэрэглэхгүй.” гэж заасныг дурдах нь зүйтэй.

47. Шүүгдэгч А.С-н үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг тус тус харгалзаж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг шүүгдэгч А.С-ад ял оногдуулахад хэрэглэх боломжгүй гэж үзлээ.  

48. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

49. Шүүхээс шүүгдэгч А.С-г дээр дурдсанчлан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлыг төлсөн байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалтай зэрэг нөхцөл байдал тус бүрд нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, шүүгдэгч А.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэв.   

50. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1. “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.”, 2. “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно: …2.4.хорих ялын нэг хоногийг.”, 3. “Хэд хэдэн гэмт хэрэгт оногдуулсан нэг төрлийн ялыг нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ нь тухайн бүлэгт заасан хамгийн хүнд ялтай гэмт хэргийн хорих ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй.” гэж заасныг журамлан шүүгдэгч А.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жил 2 сарын хорих ялд нэмж нэгтгэж, шүүгдэгч А.С-н эдлэх хорих ялыг 2 жил 8 сарын хугацаагаар тогтоох нь зүйтэй. 

51. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5. “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.” гэж заасныг журамлан Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/42 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч А.С-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэнийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С-г 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэв.

52. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1. “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.”, 3. “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй.”, 4. “Нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн хэмжээнээс их байна.” гэж зааснаар шүүгдэгч А.С-д өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 8 сарын хорих ялд нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх хорих ялыг 3 жил 2 сарын хугацаагаар тогтоов.

53. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж заасан байх ба шүүхээс шүүгдэгч А.С-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлыг төлсөн байдал, хувийн байдалд хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан дүгнэлт өгсний үндсэн шүүгдэгч А.С-д оногдуулсан 3 жил 2 сарын хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.   

54. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1. “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно.”, 2. “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар, зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор, хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна.” гэж заасныг үндэслэн шүүгдэгч А.С-н цагдан хоригдсон 72 хоногийг эдлэх хорих ялаас хасаж тооцов.

55. Шүүгдэгч А.С-аас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,2 дахь заалтад заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн СД 1 ширхэг ширхэгийг эрүүгийн 2513000000074 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалж шийдвэрлэв.

56. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч А.С-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь үлдээж, шүүгдэгчийн эдлэх хорих ялыг 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б с овогт А С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд,

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч “Дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч А.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял,

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жил 2 сарын хорих ялд нэмж нэгтгэж, шүүгдэгч А.С-н эдлэх хорих ялыг 2 жил 8 сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/42 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч А.С-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэнийг хүчингүй болгосугай.

5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С-г 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.С-д өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 8 сарын хорих ялд нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх хорих ялыг 3 жил 2 сарын хугацаагаар тогтоосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С-д оногдуулсан 3 жил 2 сарын хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.С-н цагдан хоригдсон 72 хоногийг эдлэх хорих ялаас хасаж тооцсугай.

9. Шүүгдэгч А.С нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч нар нь гэмт хэргийн хор уршигт шүүгдэгч А.С-аас нэхэмжлэх зүйл байгаа гэж үзвэл тус тус нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар дахин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй. 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн СД 1 ширхэгийг эрүүгийн 2513000000074 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалсугай.

12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч А.С-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь үлдээж, шүүгдэгчийн эдлэх хорих ялыг 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт гомдол эрхтэйг дурдсугай.

14. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл хугацаанд шүүгдэгч А.С-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

                         

 

         

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.ТАЛГАТ